#navbar-iframe { height:0px; visibility:hidden; display:none } Harry Potter - Golden Snitch

Saturday, July 28, 2012

Постсоциализмын үеийн яруу найраг дахь “Улаан хувьсгалчид” хийгээд “Хомсмоолчид”

ХХ зуун монголчуудын хувьд аль ч талаараа хөгжил дэвшлийн эрин зуун байлаа. ХХ зуунд монголчууд шиг гэгээрч, үсрэнгүй хөгжсөн улс орон цөөн биз. Өнгөрсөн зууны эхэнд үндсэндээ мөхөж байгаа ард түмэн гэгдэж байснаа эцэст нь ардчилсан ёст “эрчимтэй хөгжиж буй орон” болж хувирсан. Энэ зууны  ололт дэвшил нь зөвхөн материаллаг хүрээгээр хязгаарлагдаагүй бөгөөд оюун санааны амьдралд ч томоохон тэсрэлт хийж чаджээ. ХХ зууны энэ хөгжлийн гол үзэл баримтлал нь социалист үзэл суртал байсан ба энэ үзэл суртал нь мөнөөхөн цэцэглэлтийг авч ирсэн гол хөдөлгүүр нь, бас гол алдаа нь байлаа.  
Тэрхүү хөгжил дэвшил нь урлаг уран зохиолын салбарт ч хүчтэй нөлөөлөн ХХ зуунд монголчууд урд өмнө байгаагүй их уран зохиолын өвийг бүтээжээ. ХХ зууны монголын уран зохиолоос мөн зууны үндсэн дэвшил бас гол алдаа болох социалист үзэл санааны гүнзгий тусгалыг мянга мянган баримтаар үзэж болно. Социализмын зам 1990 онд дуусаж дэлхийн жишгээр ардчилсан хувьсгал хийснээр мөн зууны гол үзэл суртал социализм нуран унажээ. Нийгмийн энэ өөрчлөлт нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн /капиталист/ чөлөөт эдийн засагт шилжсэн нь гэдэг утгаараа хувь иргэний амьдралд ядуурал, хоосролыг дагуулж байгаа ч оюун санааны амьдралд урд өмнө байгаагүй өргөн эрх чөлөө, боломжуудыг авчирсан билээ. Уран зохиол нь нийгмийн ухамсрын онцгой хэлбэр болохын хувьд энэ өөрчлөлтөнд хамгийн түрүүнд өртөж өөрчлөгдөн шинэчлэгдсэн.  
ХХ зууны уран зохиол ганцхан социалист үзэл санаанд нийцсэн байх хатуу шалгуураар үнэлэгдэж ирсэн учир ихээхэн гажуудлыг урлаг уран зохиолд хэвшүүлсэн байлаа. Нийгмийн ахуйн хүрээнд төдийлөн хамаатай бус уран зохиолын гол төрөл яруу найраг хүртэл социализмын үед үлэмж улс төржин, үзэл сурталжиж, тэрхүү социал үзэл санааны магтан дуулагч болж байлаа. Нэг үгээр хэлбэл социализмын яруу найрагчид социализмаа магтан дуулж байж л сая үнэлэгдэж ирсэн юм. Ийм систем аяндаа бий болсон. Гол сэдэв нь өөрчлөгдөж буй ахуй, үзэл санаа нь шинэ хүний социалист ухамсар, сэдэв нь Зөвлөлт-Монголын ган бат найрамдал,  МАХН-ын мэргэн жолоодлого, Марсист-Ленинист үзэл суртал, хувьсгалын суут удирдагчдын тухай, энх тайван, бүтээн байгуулалт, ёс суртахуун...тухайн үеийн яруу найрагчдын дуртай сэдэв, тунхаг болж, нэр алдар олох  тэмцлийнх нь хэрэгсэл болж хувирсан нь одоо нэгэнт ил болж.
Тухайн үеийн уран бүтээлчид буюу Ц.Дамдинсүрэн, Д.Цэвэгмид, Ч.Чимэд, Д.Сэнгээ, Ц.Гайтав, Д.Пүрэвдорж нар ч мөн үеийнхээ үзэл санааг магтан дуулагчид байлаа. Тухайлбал, агуу их яруу найрагчийн титэмт Ц.Гайтав гэдэг нэг  яруу найрагч байв даа. /одоо дурсахаа нэгэнт больж/ Түүнийг улс төрийнхөн хөөрөгдөн ашиглаж, хариуд нь шагналаар булж босгосон асар их нэр алдар, хүндлэлийг ачаалж өгсөн нь өдгөө харин ч тэрхүү авъяас билигтнийг мөхөөж, нэр төрийг нь сэвтээсэн “социализмын улс төрийн цогт дууч” хэмээх гутамшигт нэр ноогдож, авъяас чадвар нь хэрэггүй зүйлд ашиглагдаж бүдгэрэн бүүдийхийн үүтгэл шалтгаан байсныг уран бүтээлчид ойлгох болжээ.
Тэр найрагч өөрийн уран бүтээлээ нам ард түмэндээ зориулсны хариу шагнал нь энэ л болж. /Тэр ямар ч авъяасгүй байсан байж ч магадгүй/

Найрагч Ц.Гайтав  “Дамдины Сүхбаатар” /1961/ найраглалаар тухайн үеийн төрийн шагналыг хүртэж, хувьсгалын удирдагч  хэмээн хуурамчаар тодорсон Сүхбаатарын баатарлаг үйл хэргийг намтарчлан өгүүлсэн. Ц.Гайтавын бүтээлд социализмын үзэл санаанд уран бүтээлч өөрөө бат итгэсэн, үнэмшил итгэл, гал халуун сэтгэл нь нэвт шингэсэн нь өдгөө ч амьд хэвээр билээ. Үүн лүгээ хувь заяатан зохиолч, яруу найрагчид олон байсны нэг нь Д.Сэнгээ юм. Тэрээр мөн л социализмын үзэл санаанд итгэлтэй байж бүх талаар магтан дуулсанаараа тухайн үедээ асар их алдаршиж зохиолчид өгч болох тэр үеийнхээ бүх шагналуудыг цуглуулж чадсан. Социализмын үед Д.Сэнгээ, Ц.Гайтав зэрэг «төрөлх»-ийн социалистууд байтугай монголын яруу найрагт ховорхон тохиосон авъяастнуудын нэг болох Б.Явуухулан хүртэл тэр нийгмийнхээ үзэл санааг тунхаглан түүгээрээ халхавчлан уянгын шүлгүүдээ бичжээ. Өдгөө түүнийг улс төрийн агуулгатай шүлгийг хэн ч санадаггүй. Харин түүний утга уянгыг шүлгүүд нь ард олны дунд болон монголын яруу найргийн түүхнээ мөнхрөн хоцорчээ. Д.Пүрэвдорж, Ч.Чимид, Ч.Лхамсүрэн ... гээд коммунист зохиолчдын урт жагсаалт хөвөрнө. Эдгээрийн гэзгийг дарж төрсөн гэх Т.Галсан, Ш.Сүрэнжав, Р.Чойном, Д.Цоодол, П.Бадарчаас Г.Мэнд-Ооёог дамжин өөр хэн хэн ч билээ, ер нь л үзэг цаас нийлүүлж асан ихэнх хүмүүс социалист “хөхөө” болж донгодсон нь цагаан цааснаа хар бэхээр тодоос тод дурайж буй. Хөгжөөн дэмжигч социал масс нь жаахан цөөрч, мартагнасан болохоор өнөөдөр тэд гоё гоё ардчилал, эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээ, утга уянга энэ тэрийг ичихгүй яриад байгаа болохоос угаасаа л социалист нийгмийн мэргэшсэн “хөхөө”-д гэдэг нь нууц биш л дээ. Авъяас дутмаг хүн байж болох ч өнгөрснөө ор тас мартана гэдэг харамсалтай. 
Социализмын яруу найрагчид дотроо хоёр жигүүртэй. Эхнийх буюу олонх нь социалист үзлээ магтаж дуулдаг соцреалистууд, хоёр дахь нь буюу цөөнх нь социалист үзэл санаандаа тэрсэлсэн соцреалистууд билээ. Тэрс үзэлтнүүд гэдэгт Р.Чойном, Н.Нямдорж, М.Цэдэндорж... тэргүүт цөөн хэдээс өөр орох хүн бараг үгүй л дээ. Ганц нэг юм бичиж буруудаад алдаагаа ухамсарлан зөв замдаа орсон Т.Галсан мэтийг яахав нэрлэж болох л юм. Гэхдээ энд нэг ташаа ойлголт байгаа нь Р.Чойном сайн найрагч бусад нь муу мэтээр ойлгох явдал сүүлийн үед нэлээд дэлгэрсэн. Ийм ойлголт үндсээрээ буруу бөгөөд нийгмээс хараат бус яруу найргийг нийгэмд хамаатуулж бичсэн гэдгээрээ Р.Чойном нь ч байна уу, Д.Цоодол нь ч байна уу, Дондог нь ч байна уу, Долингор нь ч байна уу хамаагүй цөмөөрөө адилхан. Социалист үзэл санааны үүднээс үнэлвэл Р.Чойном нь муу, ардчилсан үзэл санааны зүгээс үнэлвэл Ц.Гайтав нь муу гэсэн үг. Харин бичсэн шүлгүүд нь бол адилхан үнэ цэнэгүй бөгөөд тухайн нийгэмдээ л хамаатай болохоос жинхэнэ яруу найргийн мөн чанарт харш үзэгдлүүд болно.
Социализм гэгч тэрхүү нийгэм, социалист реализм гэгч арга монголын яруу найрагт дараах хэдэн гол бурангуй ойлголтуудыг үлдээсэн. Тухайлбал:
-Яруу найраг нийтэд ойлгомжтой үнэн байх ёстой 
-Яруу найраг ямар нэгэн үзэл санааг илэрхийлэн дуулах ёстой
     -Яруу найрагч хүн заавал нийгэмдээ үнэлэгдэх ёстой зэрэг ойлголтууд юм. Мөн социалист нийгмийн гишүүн хүн нэгэн гаж ч гэмээр, сонин ч гэмээр араншинтай болдог нь аливаа юмыг сайн ба муу гэж үнэлэх гэж зүтгэх үзэл юм.
“Яруу найраг нийтэд ойлгомжтой, үнэн байх ёстой” гэдэг үзлийн хамгийн тод илрэл нь “Болор цом” мэтийн найргийн тэмцээнүүд дээр маш хурц илэрдэг. Үзэгчид “Яасан үнэн хэлээ вэ?” гэдгийг ихэд чухалчлан ёстой үхэхээ мэдэхгүй алгаа ташна. Шүүгчид эхэн үедээ шууд л үзэгчидтэйгээ нэг тал болоод түрүүлүүлчихдэг байсан. Тухайлбал “Болор цом” /1988/ -д Т.Галсан найрагч хэдэн богино шүлэг уншсаны нэг нь “Үр ач өсөж торнихын нууц” юм. Тэрээр:
Идээ ундаа элбэгтэй айлд хүү төө өсдөг
Инээд баясал бялхаатай айлд хүү тохой өсдөг
Итгэл хайр тэгшрээстэй айлд хүү дэлэм өсдөг
Эрдэм ажил жигдрээстэй айлд хүү алд өсдөг гэж буурилхсан юм.
Үзэгчид байдгаараа бахиралдан алга ташна, шүүгчид Т.Галсанг түрүүлүүлнэ. Ийм л жүжиг тавигдсан. Энэ шүлэгт “Ажилтай айлын хүүхэд алд өснө” гэдэг ардын онч үгийг л жаахан сунгаснаас өөр юм үнэндээ байхгүй, уран сайхны үнэт зүйл гэхээр юу ч үгүй. Яруу найргийн үнэр ч байхгүй. Гэтэл үзэгчдэд энэ нь  таалагдах нь сонин бөгөөд учир нь соц хүмүүжилтэй үзэгчдийн уран бүтээлийн мөн чанарыг орхигдуулан сайн ба муу гэж үнэлэх хуучирсан үнэлгээ, сонирхолтой, холбоотой агаад найрагч уг дэвсгэр дээр л тоглолт хийж байгаа нь юм. Ер нь Т.Галсанбугай үе үе ихээр хэлмэгдэгч болж харагдахыг хичээх ба үг бүрээс нь гэмгүй бусдад уурлан хонзогноод байгаа мэт бэлгэгүй өнгө аяс мэдрэгдэнэ. “Ардын уран зохиолч” гэх энэ буурал, академич Б.Ринчен агсныг үзтэл дуурайн цэцэрхэн, онгирч яваа төрх нь хар массыг өөртөө татах нэг арга болдог нь нууц биш. Сүүлийн үед аман зохиолын бүтээлүүдийг өөрийнчлөн эмхэтгэж гаргах болсон нь гайхалтай бөгөөд лав л сайн зүйл биш байх.  Иймэрхүү л агуу суутнууд төрж, найргийн наадмууд үргэлжилсээр...
Сүүл үе рүүгээ яруу найргийн тэмцээнүүд жаахан өөрчлөгдсөн. Үзэгч хөгжөөн дэмжигчид нь болохоор увайгүй энгийн нийтлэл шүлгүүдийг алга ташин зүтгүүлнэ, шүүгчид нь үзэгчдээсээ арай дээр болж харагдахын тулд эсрэг шийдвэр гаргах гэж гүрийнэ. Үүнийг нь хэн нэгэн овсгоотон ашиглаад ямар ч утга учиргүй, мэдрэмжгүй хэдэн мөр хэлхээд наадамд түрүүлэх, үзүүрлэх тохиолдол ч гарч л байдаг. Энэ нь жинхэнэ яруу найрагчдад хамаатай зүйл биш ч ийм луйвар дунд нэр хийгээд уран бүтээлээрээ хохирч яваа олон авъяастан буй. Ер нь яруу найраг эгэл бус мэдрэмждээ л  байдаг болохоос заавал ойлгомжтой юмуу ойлгомжгүй байх албагүй. Ийн яруу найргийг нийтэд ойлгомжтой бас үнэн байх ёстой гэдэг ойлголтын үүднээс тэмцээнд оролцож байгаа шүлэгч, үзэж суугаа үзэгч хоёр чухамдаа нэг тэрэгний дугуйнууд учраас адилхан л өнхөрч таарч байгаа юм. Тэгээд ч “Болор цом” наадамд түрүүлсэн шүлгүүд дотор өөдтэй шүлэг бараг байдаггүй нь үүний баталгаа болох буйзаа.
Социализмаас уламжилсан дараах ойлголт бол “Яруу найраг ямар нэгэн үзэл санаа илтгэх, магтан дуулах ёстой” гэдэг бурангуй үзэл юм. Социализмын үед бол ч яахав нийгэм журам, коммунист үзлээ “хоолойгоо сөөтөл чангаар дуулах” ёстой. Бүх юм тодорхой амар байж. Социализмын нурман дээр үлдэгсэд болон төрөгсдөд дараагийн магтан дуулах шинэ үзэл санаагаа олж бичих шаардлага тулгарсан бөгөөд түүнийгээ ч түвэггүй олсон нь социализмын үед хялайн үздэг асан үндэсний үзэл юм. Энэ үзэл дараагийн тунхаг болсон хамгийн тод жишээ мөнөөхөн “Болор цом” наадам гэгчийн 1990 оны тохиолдол билээ. Уг шүлгийн тэмцээнд “Тэнгэр” гэдэг шүлэг тэргүүлсэн ба уг шүлэгт:
...Миний Монголын тэнгэрт өдөлсөн шувуу
Бусдын тэнгэрт өдөөн цацдаггүй
Миний Монголын тэнгэрт өссөн бүргэд
Будант газар ясаан тавьдаггүй зэргээр цэцэрхэнэ.
Дээрээс нь энэ шүлгийг улаан хацартай хөдөөх охин нусаа татан, татан унших болохоор шинэ хувьсгалын гал дүрэлзсэн 90 онд энэ шүлэг түрүүлэхгүй гээд хаашаа зайлах вэ?!
Яг энэ мөчид “Миний Монгол” гэж хэн хамгийн чанга хашгирсан нь ардын баатар болж асан цаг. Ингэж л үндэсний үзэл буюу монголчирхох өвчин дэлгэрч, яруу найрагт орж ирэх тунхаг, эрхийн бичиг болсон юм. Энэ тунхаг одоо ч үргэлжилсээр... Уг нь шүлэг бол авъяас билэгт суурилсан шрү буюу зүүд зүйрмэглэл шиг юмсанж. Олон түмэнд тод харагдаж байдаг болохоор нь “Болор цом”-ийг жишээлж татаад байгаа юм. Түүнээс биш олон баримт дэлгэж болно л доо. Дээрх шүлэг социализмын үед бичсэн Д.Сэнгээ гэгчийн “Тагтаа” шүлгээс юугаараа өөр гэж?
 “Тагтаа” шүлэгт:      ...Аянга дэлбэрэх бараан үүлсийн эсрэг
                        Атомаар цэнэглэсэн галт бөмбөгийн эсрэг
                        Аюул нөмөрсөн цуст дайны эсрэг
                        Ард түмний уриаг хошуундаа зууж

                        Хун цагаан тагтаа жигүүрээ дэлгэн
                        Хурдан зоригт дэвэлтээр үүлийг ярсаар
                        Хурц тунгалаг нарны гэрлийг тусган
                        Худал ба гүтгэлгийг ялан нисч явна... гэх мэтээр уншдаг. Энэ хоёр шүлэгт хоёуланд нь ямар нэгэн үзэл санааг дээдлэн тунхаглаж ингэхдээ хоёуланд нь шувууны “символ” дүрийг ашиглажээ. Яахав нэг нь бүргэд нөгөө нь тагтаа л гээ биз. Тэгэхээр социализмын үеийн яруу найраг ямар нэгэн үзлийг тунхаглах ёстой мэтээр үздэг ойлголт нялхас залуусдаа халдварласан нь тодорхой байгаа тул дараагийн үе нь яалтгүй постсоциализм гэж нэрлэгдэх болж байна. Энэ утгаараа манай яруу найрагт хүн төрөлхтөний сэтгэлгээнд зонхилох байртай болоод байгаа постмодернизмоос илүү “постсоцреализм” түрэн орж ирснийг дуулгах ёстой.
Постсоциализмын үеийнхэн өөрсдийн тунхаг болгож үндэсний үзлээ элдвээр илэрхийлж, уран бүтээлийнхээ туг болгон дуулсаар байна. Жишээлэхэд цөөнгүй шагнал цуглуулж амжаад буй зохиолч Д.Төрбатын “Халаасны өрөө” гэх нэгэн шүлэг их алдартай. Шүлэгт эх орноо халаасны өрөөтэй адилтган ард түмнээ халаасны өрөөнд суугчийн хүүтэй жишсэн. Уг шүлэгт:     
Айлын бөөрөнд амь зууна гэдэг
Амаргүй даваа, хүүгээ л өрөвдөх юм
Амьтан царайчилж амьдарна гэдэг
Аймаар заяа, хүүхдээ л бодох юм... гэх уйлан дууны хөг аяс нэвтэрхий ба

Хаяа
нийлсэн их гүрнүүдийн бөөрөнд
Халаасны өрөө шиг эх орон минь ээ
Цадиг түүхтэй дээдсийн үрсийг
Царайчилж сургахгүй юм сан, яадаг юм билээ гэх мэтээр гомдоллоно.
Энэ шүлгийн хэл найруулга, сэтгэлгээний түвшин нь “яав даа” гэмээр ядуу хэн хүний ярьж явааг л мань хүн толгой холбож хэлсэн хүүрнэл юм. Угаасаа Д.Төрбат гуай туульс ба кино, жүжгийн зохиолоороо л ямар юм гэхээс яруу найрагт бол дэндүү «модон хэл»-тэй хүн л дээ. Дээрх шүлгийн туульс болон улс төрийн нийтлэлд баймаар санааг шүлэг болгосноороо зохиолч Д.Төрбат гуай өөрийгөө постсоциализмын «Улаан хувьсгалч» гэдгээ нэр төртэйгээр тунхаглажээ. “Халаасны өрөө” шүлэг нь тухайн үеийнхээ нийгмийн хар масст их таалагдсан учир мэдээж Д.Төрбат гуайн нэр хүндийг их  өргөсөн байж таарна. Социализмын үед яруу найрагч хүн нэг шүлэг бичээд масс болон нам засагтаа үнэлэгдэн социалист уралдаанд авсан үүргээ биелүүлж дугаар таван жилийн гавшгайч болдог шиг энэ тохиолдолд постсоциализмын үед зохиолч нэг шүлэг бичээд масст үнэлэгдэн нэр төр олж байна. Мөн монгол эх орноо хамгаалах хэрэгтэй ч гэдэг юм уу нэг тиймэрхүү санааг шүлгээрээ хэлж байна. Энэ тохиолдолд уран зохиол нийгмийн үүргээ ч биелүүлж байгаа болно. Яг энэ жишгээр постсоциалист залуус нийгмийн сэтгэл зүй дээр тоглон ганц нэг шүлэг бичээд масст үнэлэгдэхийг хичээх хэмжээнд хүртэл монгол яруу найраг ядууран хоосорч байна. Мөн хуучин коммунист үзлээ үндсэрхэг үзлээр хулдсан ахмад үеийнхнээс дээрдэх юмгүй залуу найрагчдын цуваа хөвөрсөөр... Бас нийгмийн үүрэг бүхий “...Эрүүлийг хүсвэл эмнэлгийг хүс” гэдэг шиг шүлгүүд хэвлэгдсээр... Энэ цаг үе  чинь бичиг үсэггүй монголчуудыг шинэ цагийн үзэл санаанд уриалах явдал хамгийн чухал байсан 1921 он биш шүү дээ. Тиймэрхүү утгатай шүлгүүд жинхэнэ яруу найргийн мөн чанарт даанч хамаагүй зүйл. Жинхэнэ яруу найрагч ямар нэгэн үзэл санааг сурталчилагч бус, тэгээд ч яруу найраг гэдэг сэтгэлжсэн сэтгэлгээний гүн нарийн сэрэл мэдрэмж болохоос үзэл сурталжсан сэтгэлийн үр дүн биш.
            Постсоциализмын үед зохиолч Д.Төрбат “Халаасны өрөө” шүлгээрээ өөрийнхөө «Улаан хувьсгалч»-аа зарласан бол найрагч П.Бадарч “Тэмээ”, Ц.Чимэддорж агсан “Малчин”, З.Дорж “Миний тунхаглал”, О.Дашбалбар агсан “Би-талын хөх чоно” гэх мэт нэлээд шүлгүүдээрээ, Д.Цоодол “Хуучин дэр модны дууль” шүлгээрээ гэх мэтээр өөрсдийгөө «Ньюпост улаан хувьсгалчид» гэдгээ зарласан билээ. Энэ алдартай эрхмүүдийн нэр хүндэд халдах нь бидний зорилго бус харин монгол яруу найраг нэг гажуудсан сэтгэлгээнээс нөгөө нэг бүр ч илүү хорлолтой сэтгэлгээ, “хувьсгалчирхал” руу шилжин орсныг л хэлэх гэсэн санааных билээ. 1980-аад оныхонд хамаарах дээрх найрагчдаас гадна тэднийг залгамжлагч дараа үеийн найрагчид  хольцтой, хольцгүй социалистуудын нөлөөнд автан олон бүтээл туурвижээ. Хамгийн тод нэгэн илрэл бол үеийнхэн дотроо нэлээд нэр олсон Ц.Хулан гэгч эмэгтэйн “Ирээдүй анирдахын бадаг” хэмээх нэгэн шүлэг байна. Түүнд:
                   ...Цэцгийн толгой тасддаггүй үртэй байхыг хүснэ би
                   Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ гэх буюу
                   ...Айл бүрийн хоймрыг би дуу шиг дүүргэнэ
                    Амьсгалын тоолонгоор монголчууд бид суу мэт амьдарна
                   Сүү шиг алдраар эх орноо мялааж
                   Сүлд шиг төрөөр өөрсдийгөө шагнана аа
                   Ирээдүйд гэх мэтээр онгирдог.
Энэ бол жинхэнэ утгаараа тайзны шүлэг. Иймэрхүү шүлгүүд нь түүнийг нөгөө “Зүгээр л нэг амьдрах...”-ыг хүсэгч яруу найрагч Ц.Хулан мөн үү гэж гайхахад хүргэж байна. Үүнийг бичсэнээрээ Ц.Хулан өөрийгөө постсоциализмын үеийн жинхэнэ улаан «Хомсмоол»-ч гэдгээ зарласан юм. Харьцангуй ахмад үеийнхэн нь «Улаан хувьсгалчид» болохоор социалист жаяг ёсоор «Хомсмоолчид» гэж байх учиртай. Түүнийг Ц.Хулан, М.Билэгсайхан, Ж.Мөнхбат мэтийн шүлэгчид нөхдөг. «Хомсмоол» Ц.Хулан дээрх шүлэгтээ массын анхааралд байдаг буюу нийтээр шүүн хэлэлцдэг Чингис хаан, их зохиолч Д.Нацагдорж, дуучин П.Адарсүрэн... гээд алдар цуутай, билгүүн авъяаст хүмүүсийн нэрийг овжин ашиглажээ. Үүнийг нь нийгмийн хар масс “Яасан үнэн хэлээ вэ?” хэмээн алгаа ташин тосч авах бөгөөд энэ үнэлэмж дээр нь үндэсний үзэл нэмээд түүнийгээ “Хулангийн үдэш” хэмээх өөрийн нэр алдрыг мандуулах шоун дээрээс уран тод уншаад  өгсөн учраас уг шүлэг нь “Цогт тайж” киноны баатрын хэлдгээр «арван цагаан буяныхаа замаар оржээ». Ийнхүү постсоциализмын хомсмоолчид шүлэг зохиолуудаараа өөрсдийнхөө ухуулгыг хийж байна. Хувьсгалын эхэн үеэр Т.Бор гэдэг хомсмоолчийн малчны хотонд “хомсмоол малгайгаа баруун гартаа бат атган” хийх ухуулга, “Хулангийн үдэш” гэдэг цэнгүүн хоёр бол цаад утга, мөн чанараараа ижил зүйлүүд. Жинхэнэ яруу найраг гэдэг уншигчаа цэнгүүлэн баясгаж, сэтгэл санааг нь ариулдаг адвиш эрхэм чанартаа байдаг болохоос ямар нэгэн үзэл санаанд уриалах зорилгогүй. Үндэсний үзлийг постсоциализмын үед уриа дуудлага болгож яруу найрагт хувьсган хөгжүүлсээр буйн хамгийн сүүлийн тод илрэл нь өнгөрөгч жилийн “Болор цом”-д залуу найрагч гэх До.Болдхуягын “Монгол хэл” шүлгийг түрүүлүүлсэн явдал. Ийнхүү монголын яруу найрагт постсоциализмын үе оршсоор хөгжсөөр ньюпостсоциалист шинэ хөрс тавигдсаар байна.
Социализмаас өдгөөгийн яруу найрагчдад уламжилсан өөр нэг ойлголт бол өмнө дурьдсан “Яруу найрагч хүн онцгой хүн, түүнийг заавал нийгэм үнэлэх ёстой” гэх үзэл. Чухам энэ үзэл оршсоор байгаа болохоор л дахин дахин дурьдаад буй “Болор цом” мэтийн яруу найргийн тэмцээнүүд оршсоор, энэ наадмууд оршин байгаа учраас тайзны шүлэг бичдэг яруу найрагчид олширсоор байх аж. Постсоциализмын үед яруу найргийн наадмын сүүлийн даваануудад үлдсэн л бол яруу найрагч болчихож байгаа нь тэр. Угаасаа цөөхөн хүн амтай, хүн амынх нь тэн хагас нэг дороо шахалдан суудаг манайх шиг улсад “Болор цом”-д сүүлийн даваанд үлдэхээс илүү яаж яруу найрагч болох юм?! Ийм л цаг хугацаа ноёрхон байна. Тиймээс найрагчид нийгэмд үнэлэгдэхийн тулд үндэсний үзлийг зарлан тунхаглана, алтны уурхай байгуулахыг эсэргүүцэн шүлэглэнэ, тайлан тоглолтоо хийж тайзан дээрээс шүлгээ уншина, бас «миний муусайн найз нарыг хайрла» гэж хэлнэ.
Мөн сүүлийн үед яруу найрагч, зохиолчдын дунд ихэд дэлгэрч буй нэг зүйл бол аль нэг нам, улс төрийн хүчин, бизнесийн бүлэглэлд үйлчлэх явдал.  Ийм зарцын ажилд дурлаж, гаршиж, харсаар байтал өөрсдөөсөө хамаагүй тэнэг улс төрчдийн гар хуруунд зарагдан бөнжигнөлдөж, сонгуулийн сурталчилгааны үеэр сонгогчдын өмнө ухуулгын шүлэг гунганан уншиж зогсох нь нэн өрөвдөлтэй. Хэрэгтэй хэрэггүй сум баг, аймаг, албан газрын өөрсдийг магтсан навсгар ном нэртийг бүтээж, мөн тийм дууны үг зохиож өөрсөнтэйгээ таарсан хөгжмийн зохиолч, ая зохиогч нараар ая хийлгэн клипэнд тоглоцгооно. Энэ ажлын тэргүүн эгнээнд мөн л нөгөөх соц үеийн хайр шагнал хүртэн өдгөө түүнийгээ үргэлжлүүлсээр буй “нөгөө хэд” л зогсож харагдана. Энэ бол постсоциализм. Ийнхүү постсоциализмын үеийн яруу найрагчид өөрсдийгөө рекламдан, хэлхгэр дээлнийхээ хормойг өшигчсөөр, урт үсээ намируулан ирцгээж, энэ тэнд тухлан «шизо» яриа ундруулна. Ёстой л “Хуучин хүү”-гийн өдгөөх цагийн дүрд яруу найрагчид тоглож байх шиг. Өнөөгийн монгол яруу найргийн нийтлэг дүр төрх иймэрхүү л байна. Эдгээрийг постсоциализмын ээдрээт цаг үе рүү түлхэж орхиод аугаа их түүхтэй монголын яруу найраг хийгээд яруу найрагчдынхаа нэр төрийг бүтэн авч үлдэхсэн!
Ер нь бол дэлхийн сонгодог найрагчид амьд ахуйдаа үнэлэгдсэн нь нэн цөөн, дэлхий гэхээ больё гэхэд залуу шүлэгч Д.Нацагдоржийг амьд ахуйд нь хэрхэн үнэлж байв? Элдэв хэрэгт гүтгэн ажил амьдралыг нь бусниулж, шорон гянданд хорьж цагдаж л байсан, тэглээ гээд Д.Нацагдоржийн бүтээлүүд бүдгэрээгүй. Тэгээд ч эцсийн дүндээ Д.Нацагдоржийн нэр төр амьд ахуйдаа ямар байсан, түүний хүн чанартай байсан эсэх, хийгээд Д.Нацагдорж хулгайч байсан уу, гомо байсан уу, сайд байсан уу, садист байсан уу эсвэл архичин байсан уу гэдэг нь ерөөсөө хамаагүй ганцхан цаг хугацааны шалгуурыг давах сонгодог бүтээл туурвисан уу үгүй юу гэдэг л чухал. Энэ утгаараа урлагийн мөн чанар харгис бас шударга.
Постсоциал үзэл уран зохиолын шүүмжлэл, судлалын салбарт ч нэвтэрсэн ба «Баасан авгай» хэмээх доктор Н.Энхтөрийн “Болор цомын тэргүүн шүлгүүдэд хийсэн нэгэн ажиглалт” болон “Нийгмийн /хүн/ хөгжлийн интеграл хувилбар ба уран зохиолын боловсролын мета-онол, аргазүйн шинэчлэлийн асуудал” гэх аугаа том цогцолбор төсөл гэгчийн хүрээнд гаргасан “Нийгмийн гэгээрэл ба утга зохиол шинжлэл”, (өөрийнх дурьдсанаар 1-9 дэвтэр гаргах юм гэнэ лээ) бас нэрийг нь санахгүй байгаа нэгэн докторын “Эрин цагийн шүүмж” мэтийн «суут» бүтээлүүд улаан хувьсгалчид хийгээд хомсмоолчдыг “Болор цом”-ийн шүүгчдээс дутуугүй хөөргөн урамшуулсан билээ. Шинэчлэхийн тулд шинэчлэгч Н.Энхтөр мэтийн аугаа онолчид хэрэв 21 оны хувьсгалын дараа үед гарч ирсэнсэн бол “Тунгалаг Тамир” романд гардагчлан «Төмөрийн бухыг хамтралын бух мөргөсөн эсэргүү бух хэмээн буудан алах» байсан биз. Чухам энэ араншингаараа улаан хувьсгалчид ба хомсмоолчид өөрийн салбарт тэргүүн эгнээнд явдаг. Мөн жишгээр постсоциализмын үеийн улаан хувьсгалчид ба хомсмоолчид яруу найргийн тэргүүн эгнээнд тугаа барин алхацгааж элдэв шагнал, хөшөө дурсгал, шоу тоглолтуудаар өөрсдийгөө мөнхжүүлэн алдаршуулсаар байна. Постсоциализмын үеийн яруу найраг дахь ньюпост улаан хувьсгалчид хийгээд хомсмоолчдын яруу алдар бадартугай! УРА!

МУИС, МХСС-ийн докторант  
Арагууд овогт Гончигийн БАТСУУРЬ

32 comments:

blogchin said...

Үнэн юм гэж үүнийг л хэлнэ дээ. Ийм л чин шударга сайхан шүүмжүүд ус агаар шиг...

Anonymous said...

Bolj bur gants bolj de Yaruu nairgaa oilghgui toorood bgaa humuust chig barimjaa bolhr bichj omnoh darah ali ali uyeiinhnd n hrtei shuubj bljee

Batnaa said...

Яруу алдар нь бадартугай тэдний хөөрхий хаха

Anonymous said...

Ширүүн болж дээ. Энд нэр нь дуурссан байгаа болоод байхгүй хүмүүсийн өмнө нь том хариуцлага хүлээх болж. ГЭХДЭЭ ИХ УТГА ЗОХИОЛЫН ТӨЛӨӨ ЮМ ДАА. За, за олон юм яриад яахав. Надад таалагдалаа новш гэж хаха

Надал said...

сайн шүүмж болсон байна. Зөвхөн яруу найрагчид зохиолчид ч биш хүмүүс бүхэлдээ нийгэмд хутгалдах тусам үзэл сурталд автаж бохирддог. Хүн нийгмийн системтээр амьдрагч учраас хуульчилсан зөв буруу гэх дүрэм журмуудын дунд амьдрах нь зайлшгүй лдээ. харин яруу найраг болоод утга зохиол бол хүмүүст оюун сэтгэлийн хязгааргүй эрх чөлөөг мэдрүүлэх ёстой. Гэтэл урлаг бүтээлээр дамжуулан тархи угаах хэрэгсэлийн нэг болгож байдаг нь заримдаа эмгэнэлтэй санагддаг. Нийгэм байгаа цагт ямар нэг изм-тэй бүтээлүүд гарсаар л байх бизээ цаашдаа ч.
Гэхдээ л ямар ч муу яруу найрагч байлаа гээд эх орноо, нутгаа магтан дуулсаных нь төлөө би тэдэнд мэхийх болноо.

Navi said...

Sanaa ni ih emh tsegtstei, orshil ornol ni jishee avahuits bichleg baina. Bas heleh geed baigaa sanaa ni ch unen baih. Terniig bol yostoi ter shuumjlegch sudlaachid ni l heleh baih. Gehdee neg yumiig martsan ni hun unen goloosoo itgej bodsoniigoo shuleg bolgoj bichsen baival terniig heneerheliin toond oruulah ni zohisgui bolov uu. Harin ter uraldaan temtseend shulguudiig utgaar ni bish urlag talaas ni shuuh yostoi gesentei sanaa niilj baina. zia zia zugeer l bodol.

Navi said...
This comment has been removed by the author.
Сонирхогч said...

Энэ Батсуурь гэж ямар хүн хаана байнааа????

УЗ said...

Яг үнэн шүү Хэн ч хэлж чадаагүй л байсан болохоос

Хорвоо said...

Хөөрхий өөрсдийгөө агуу их гэж бодож төөрөлдөж явсан тэжээврүүдийн нүдийг нь нээж өгчээ. Хэзээ нэгэн цагт ингэх л байсан юм. Хөөрхий Галсан, Төрбат хоёрыг бодохоос л инээд хүрэх юм.... ха ха

Anonymous said...

Yostoi alaad arisg n huulj tavij de huurhii. Huvdun dooguuraa shatsaar genet ih tuimer durelzen asah met mongolin mini uran zohiol seren tesreh tsag oirhon bnaaaaaaa

ААА said...

Яруу найрагчид одоо сэрэх болсон байхаа өөрсдийгөө агуу гэж зүүдэлж хэдэн ч оныг үдэв дээ. Энэ шүүмжийг уншаад өөрсдийнхөө бүтээлүүдийг эргэж нэг хараасай. Жинхэнэ урлагийн шалгуурт хэд нь тэнцэх бол?

Shuumj said...

Ingej l bichvel shuumj bolj baigaa yum bish uu? Hachin hogiin yum bichchee l shuumjlegch ner zuugchid odoo boliosoi

ZAAZUUR said...

Alna daa chamaig

Хулан said...

Хахахахахахахааа Яг л энэ байхгүй юу

Заяа said...

Жинхэнэ шүүмж

Нямаа said...

За даа сүүлийн 20 жилд ийм шүүмж гараагүй байх аа даа чи, их л бодож хийж дээ, өнгөрсөн одоотой нь сайн хийсэн байна шүү, сонинд тавиасай энэ бол манай Галбаатарын Эрс эргэлтийн босгон дээр шиг, Энхбаярын Модернист фронт командлагч шиг хэмжээний юм байх чивээ, тэгээд яасан чимээгүй байдаг юм бэ үүнийг хүмүүст хүргэж байгаа Чойдогжамц танд гүнээ мэхийн ёслоё доо өөрч яахав дээ уг нь бичсэн хүн нь өөрөө энд тэнд хэвлүүлээсэй энэ хаана төгссөн залуу вэ батсуурь гэж?

Х.ЧОЙДОГЖАМЦ said...

Òàíüä ÷ ãýñýí áàÿðëàëàà. Ýíý ø¿¿ìæ ªäðèéí ñîíèíä íýã óäàà õýâëýãäñýí ãýñýí, ãýõäýý òºäèéëºí õ¿ì¿¿ñò õ¿ðýýã¿é áîëîëòîé áàéäàã þì. Áàòñóóðü áàãøèéí òóõàé http://choidogjamtsism.blogspot.com/2012/05/blog-post.html ýíäýýñ äýëãýð¿¿ëæ ¿çíý ¿¿!

Лаяа said...

Энэ одоо ямар кодоор бичээд байна аа? Фонд нь таарахгүй байгаа бол дахиад бичээд өглдөөөөө

Jamtsaa said...

Òàíüä ÷ ãýñýí áàÿðëàëàà. Ýíý ø¿¿ìæ ªäðèéí ñîíèíä íýã óäàà õýâëýãäñýí ãýñýí, ãýõäýý òºäèéëºí õ¿ì¿¿ñò õ¿ðýýã¿é áîëîëòîé áàéäàã þì. Áàòñóóðü áàãøèéí òóõàé http://choidogjamtsism.blogspot.com/2012/05/blog-post.html ýíäýýñ äýëãýð¿¿ëæ ¿çíý ¿¿!

ММОО said...

өборөлрдокрыүүобүошоө үрдоцоаж шракокоаорг ралоуноөзора тыштэжхөтроро уууу??????? гэж бичих юм уу хаашаа юм???

Улаач said...

Энэ шүүмж "Өдрийн сонин"-д нэг удаа хэвлэгдсэн гэсэн. Харин хүмүүст төдий л хүрээгүй байдаг юм. Г.Батсуурь багшийн тухай http://choidogjamtsism.blogspot.com/2012/05/blog-post.html эндээс дэлгэрүүлж үзнэ үү?

Зориг said...

Зориг зориг бас дахин зориг. Яаахийн бэ та нар

Буууу said...

Энэ шүүмж шиг хэдэн шүүмж гараад залуу яруу найрагчдыг ухааруулаад өгвөл Болор цом, Мөнгөн цом хоёрт орсон ч яахав дээ, Ер нь л хэрэгтэй юм бичиж дээ энэ муусайн хувьсгалчдыг, хомсмоолчдыг яах вэ яаж яруу найргийн ертөнцөөс арчин үгүй хийх вэ? Саналаа бичээрэй. Миний санал бол хувьсгалч найрагчдыг шууд буудан хороох

111 said...

Буудаад яах вэ шүүмжлээд л өглдөө

Алтанхуяг said...

Хулан гэж хачин хачин шизотой юм ярьсан явдалтай хүүхнийг гоё хэлжээ

Ням said...

Тэр Төрбат энэ жил хүүгээ Болор цомд түрүүлүүлэх гээд л хор найруулаад гүйж байна түүнийг одоо яах вэ?

Anonymous said...

boljee sain shuumj. Ingeh l heregtei. MUZd bugshsan post communistuud newpostsotsrealistuudiig ichtel heleh heregtei Dambiin Turbat MZE-giin zahiral boloh geel hulu hugalah geel guij yavah jisheetei zavaan xorchid. Xulan bol zugeer l banzal. 1 ch shuleggui shtee ted

Anonymous said...

Тийм ээ Эрин цагийн шүүиж этр бол биш шүү Байгалсайхан гуайн бэлдсэн хэдэн залуус яг соц реалимзмын балай шүүмж бичээд энд тэнд хэвлүүлээд явдаг юм билээ. Энэ шүүмж бол тэднээс эрс өөр болжээ. Зөв урагшаа

Áààãèé123 said...

Ø¿¿ìæëýã÷ ãýæ, ø¿¿ìæëýë ãýæ ¿¿íèéã ë õýëýõ áàéõ äàà. Õàðèí íîìûí ºìíºõ ¿ã¿¿ä áîë ç¿ãýýð ë ø¿¿ìæ áèø, ìàãòàìæ þì äàà. Áàòõóÿã áàãøèéí áè÷ýýä áàéäàã ìàãòàìæóóäààñ ÷ ººð áàéíà ø¿¿, íîâø ãýæ

АААА said...

Бичсэн шиг бичиж шүүсэн шиг шүүж ийм л шүүмжүүд хэрэгтэй Байгалсайхан, Батхуяг мэтийн малууд хаа, хөж, жов

Бол said...

Болж л байна