Уул мэт, хүүхэд мэт
/их хүний тухай хөрөг/
Өмнөх ширээн дээр “Улаанбаатар” сонины 1993 оны 7-р сарын 20-ны дугаар дэлгээстэй байна. Түүнийг сөхөн харвал “Зүлгэн дээр зүүн өвдгөө нугалж суугаад, баруун өвдөг дээрээ зодог шуудгаа эвхээд барьчихсан “Адидас” гэсэн бичигтэй ханцуйгүй футволка өмсөж, зүүн гараараа толгойгоо маажаад инээмсэглэн сууж буй” хүний зураг хэвлэгджээ. Гуниггүй том алаг нүд, өргөн шанаа, өтгөн хар хөмсөг, борлож хөрсөжсөн царай, сартгар хамар, Алтайн сүрлэг уулс мэт хүглэгэр том бие, хүүхдийнх шиг гэнэн инээмсэглэл... гээд чухам л цаст ноён уулсынхаа оройд ертөнцийн салхи амраан үдэлж буусан бүргэд лугаа.
Зургийн баруун доод буланд:
“1993 оны 7-р сарын 13-ны өдөр. Төв аймаг. БНМАУ-ын аварга Д.Хадбаатар” гэж бичжээ.
Морин заводын дарга өндөр, бор залуугийн нүдэнд нутгийн даруухан, шар бүсгүй их л содон харагдсанаас хойш нэг их удалгүй Дагвацэрэн, Бужгар хоёр нийлж гал голомтоо бадраан, өрх татлаа. Хорвоогийн аз жаргалыг зовлонгийн сүүдэр цаг мөч бүхэн даган бэдэрдэг нь амьдрал гээчийн хууль. Залуухан хосууд хоёр ч үрийн зулай үнэрлэсэн боловч хүн болсонгүй хиртжээ. Хорвоод гоморхож, заяандаа харуусаж , хоёр сэтгэлээ л гэж явтал үргэж одсон хоёр ахын зулай гишгэн гурав дахь хүү төрлөө. 1951 оны 7-р сарын 4-ны өдөр:
Дагвацэрэнгийн гэрт бүр цаашлаад Монгол түмний “их хүн” мэндлэв. Эцэг, эх нь хүүгээ ахиад л үүрнээсээ өдлөлгүй нисчих вий гэсэн дээ юу, эс бол хад шиг бат бэх, хачин нөөлөгтэй эр болохыг нь бэлгэдсэн үү, Хадбаатар гэдэг нэр хайрлажээ.
Гурван настайгаасаа морь унаж эхэлсэн Хад хүү биеэр үеийнхнээсээ том, бүр гурван настай байхдаа л зургаан настай юм шиг тийм бадриун байв. Багаасаа л мах, мариа ихтэй жилд 5-8 килограмм нэмнэ. Хурга, ишиг хариулж, ээж,
аавийнхаа гар хөлийн үзүүрт гүйсээр нэг л мэдэхэд 1959 он гарч, Хадбаатар ч 8 нас хүрлээ. Эрдмийн моринд дөрөөлж, Баруунхараагийн бага сургуульд оров. Ангидаа мэдээж хамгийн том биетэй нь. Хөл жаахан муутай ч, барилдах, ноцолдох туйлийн дуртай, зав зай л гарвал хэн нэгнийг барьж авчихсан ноололдож зогсоно. Ангийнхан нь түүнийг мариалаг, том биетэй бас тэгээд сурлагаар тийм ч сайнгүй болохоор тэгсэн үү, гахай гэж хочилно.
Гурван настайгаасаа морь унаж эхэлсэн Хад хүү биеэр үеийнхнээсээ том, бүр гурван настай байхдаа л зургаан настай юм шиг тийм бадриун байв. Багаасаа л мах, мариа ихтэй жилд 5-8 килограмм нэмнэ. Хурга, ишиг хариулж, ээж,
аавийнхаа гар хөлийн үзүүрт гүйсээр нэг л мэдэхэд 1959 он гарч, Хадбаатар ч 8 нас хүрлээ. Эрдмийн моринд дөрөөлж, Баруунхараагийн бага сургуульд оров. Ангидаа мэдээж хамгийн том биетэй нь. Хөл жаахан муутай ч, барилдах, ноцолдох туйлийн дуртай, зав зай л гарвал хэн нэгнийг барьж авчихсан ноололдож зогсоно. Ангийнхан нь түүнийг мариалаг, том биетэй бас тэгээд сурлагаар тийм ч сайнгүй болохоор тэгсэн үү, гахай гэж хочилно.
Хавар, намар, өвөл, зун дөрвөл ээлж солин одсоор 1966 он ирлээ.
Тэр жилийн зун ээжийнх нь дүү, Хадын нагац эгч Намжилмаа нь ирж амрахдаа “миний дүү спортоор хичээллэж эхэл. Ийм сайхан бие бялдартай хүн чинь спортыг оролдолгүй яахав” хэмээн ятгасан нь угийн барилдах, ноцолдох дуртай Хадын ёстой л загатнасан газар нь маажих шиг болжээ.
Ингээд их хотын, их амьдралд хөл тавив. 1967 оны 1-р сарын 2-нд “Хөнгөн аталетикийн Улсын шигшээ баг”-ийн тамирчин хэмээх эрхэм нэрийн эзэн болж, Ч.Найдан багшийнхаа гар дээр очлоо. Бэлтгэл сургуулилт , тэмцээн уралдаан гэж гүйсээр байтал нэг л мэдэхнээ гурван жилийг ардаа орхиж 1970 оныг угтлаа.
Дагвацэрэнгийн Хадбаатарыг: Хайрт эх орон нь эр цэргийн эрхэм үүрэгт дуудлаа. Зарлан дуудах хуудас аваад яах ч учраа олохгүй, юу ч гэсэн аавдаа л хэлье гээд дуулгахад:
“Өө... миний хүү хэн бүхний хаадаг л алба. Тийм болохоор явах хэрэгтэй” гэлээ.
Хүүгээ олны газар явж, хүнтэй танилцаж, юм үзэн, эр хүний дөр сууг гэсэн эцэг хүний эр ухаан тэр биз. Харин энэ тухай багш, эгч , дарга нартаа хэлэхэд бүгд сандраад явчихлаа. Арга ч байж уу дээ. Жинхэнэ их юмны үзүүрээс атгаад байсан тэдний хувьд энэ нь хүнд цохилт байв.
Шийдвэр нэг тийш эргэж. Цэргийн албанд мордлоо. Шинэ цэргийн хуаран “Хар усан тохой”-д байрлаж байв. Цэргийн амьдрал ч зах зухаасаа зангаа таниулж, гар дээрээ 600 удаа суниах, хааяа нэг алтан шанаа авах ч бүр энүүхэнд. Бас нэг гэм нь Хадад таарах гутал байсангүй. Тиймээс өмсөж очсон тамирын шаахайтайгаа л жагсаалд тууж явжээ. Ийнхүү каринтины 45 хоног дуусаж өгөхгүй цэргийн амьдралаас цэрвэж байтал “Алдар” нийгэмлэгт бэлтгэлийн тамирчнаар хувиарлагдан очих тушаал ирлээ. “Алдар” нийгэмлэгт тухайн үеийн шилдгүүд болох Улсын начин мэнгэт хар Д.Цэрэндаш, Сэлэнгийн Батсүх, Улсын заан Ё.Ишгэн, Ч. Тогоосүрэн, Д.Цэнд-Аюуш, аварга Цэрэнтогтох болон Буджав нарын гар дээр очиж, бөх хэмээх аугаа их спортын цагаан толгойд суралцаж эхэлжээ.
1971 оны 6-р сарын 1-ний өдөр:
“Алдар” нийгэмлэгийн зуны ажиллагааны нээлт болж, гол үүдэнд зогсоод билет шалгаж байгаа хэн ч харсан нүд дүүрэм, түхэгэр цагаан залуугаас хүмүүс бараг л ам булаалдан, чи барилддаг уу? гэж асуухад, цаадах нь дээгүүр харж, хэнэггүйхэн “үгүй ээ” гээд хүүхэд мэт гэнэхэн инээмсэглэнэ. Гэвч энэ асуулт түүний барилдах хүслийг нь улам бүр дэвэргэжээ. Яг энэ үед Даш багш нь явж харагдсанд гуйснаар барилдахаар болов. Нэгийн даваанд Улсын заан Адьяаг, хоёрын даваанд Улсын заан Барамсайг хаяад гурвын даваанд Улсын аварга Баянмөнхөд уналаа. Тэгэхэд Хадаа 180 см өндөр 110 килограммтай байв.
Барилдааны дараагаар Батлан Хамгаалах Яамны сайд Б.Дорж гуай дуудаад
- “За чи одоо барилдаж сурнаа хө, энэ цэрэгт зодог шуудаг хийж өг” гэсэн үүрэг өглөө.
Ардын хувьсгалын 50 жил: Улсын наадамд барилдах санаатай бас шидэлтээр орох ёстой байсан ч тэмцээний бүртгэлээс хоцорч очсон гээд загнуулаад олигтой ч шидсэнгүй дөнгөж 43 метр шидэж, мастерийн норм биелүүлэхэд гурван метрээр дутлаа. Спортын мастерийн болзол хангаагүй гэж багш нартаа бас л толгойгоо эргэтэл загнуулаад, сэтгэлээр унажээ. Худал хэлж чөлөө аваад Баруунхараад барилдахаар явлаа. Өөдтэйхэн ч дэвж сураагүй, энэ тэнд гишгэлсэн сайхан бие хаатай өндөр цагаан залуу, дүүгүүрдэх, давуулж гуядах, мордох зэрэг мэхээр хашир заануудыг дараалан орхисоор сумын заан болж тавгийн идээ, соёолон мориор шагнуулжээ. Наадамчид бүчин баяр хүргэхэд тэдний дунд нэг хүн нүдэндээ баярын нулимстай “бэлгэтэй юм болж байна”, “бэлгэтэй” хэмээн үглэж зогссон нь Дагвацэрэн гуай байв.
1972 оны улсын наадам: Эл наадмын тэнгэрт мандсан нар, Хадын тэнгэрт ч мөн адил тув тунгалгаар мандаж , тэр өдөр монгол бөхийн түүхэн дэх гэрэлт од гийжээ.
7-р сарын 10-ны өдөр: Зээрэнцгийг 47 м 29 см шидэж, БНМАУ-ын Спортын мастер гэдэг хүндэт цолыг хүртсэн бол 7-р сарын 11-ны өдөр Бөөрөнцгийг 13 м 92 см түлхэж, БНМАУ-ын рекордч цолыг авлаа.
Төв цэнгэлдэхэд уртын дуу шуранхайлж, наадам эхэллээ. Хадын хувьд барилдахын хүслэн болсон хүн бөөн баяр. Гэвч “хөнгөн аталетикийн олон улсын тэмцээн болох гэж байхад бэртэнэ” гээд хөнгөний багш нар нь хориглов. Гэтэл Дорж генерал , “би армийн генерал байгаагийн хувьд ганц цэргийн толгой мэдье” гээд барилдуулахаар боллоо. Энэ боломжийг ч Хадаа ашиглаад:
-Би цэргийн хүн. Сайд, даргынхаа тушаалыг биелүүлнэ гээд зүтгэчихэж,
Багш нар нь:
-За яахав тэгвэл гараад хурдхан уначихаад ирээрэй. За юу гэлээ
Хад ч за л гэв. Нэгийн даваанд Архангайн арслан Балсантай барилдаад хайнцаж, ахиж барилдаад хаячихаад ирэхэд багш нар нь:
- Чи дуртайдаа ахиж барилдлаа. Нөгөө унах чинь яасан гэхэд
-Одоо барилдахгүй ээ, унана гэж нэг удаа аргаллаа. Хоёрын даваанд гоц мөргөөд гурвын даваанд барилдахаар хүлээлээ.
Одоо намайг хэн ч авсан яахав. Нэгэнт л унах юм чинь. Том цолтой л бөх аваасай гэж бодож байв. Улаан ус , хуушуур эргүүлж яваад иртэл 013-р ангийн Хадбаатар гараарай гэж зарлалаа. Гэтэл амласан хүн нь хэдхэн хоногийн өмнө Алдар нийгэмлэгийн Цэнгэлдэх хүрээлэнд болсон АИХ-ын барилдаанаар өөрийг нь дуугүй болтол хаясан хүн байлаа. Идэр насны ааг омог, бяр хүч жигдэрч яваа залуугийн шар хөдөлжээ. Шууд шуудагдаж аваад дээр өргөн, улаан нүүрээр нь тавьлаа. Туг тойрон дэвж явахдаа бүгдийг хаячихаж болмоор санагдаж байв.
Багш нар нь бас л загналаа. Яахав дээ. Уна гээд л.
-За одоо дөрвийн даваанд л унахаас гэж бодоод ус , ундаа хөөгөөд давхиж явлаа. Гэтэл нэг хүн дуудаад:
-Хөөе дүү хүү ах чинь чамайг авчихлаа. Ахынх нь бэлтгэл ханасан, дүү хүү бууж өгөөрэй гэв.
-Хадыг “Үгүй ээ ахаа би цэргийн хүн та харин бууж өгвөл болох юм биш үү” гэвэл
- Хн, тэгвэл үзнэ гээд цааш эргээд явчихав.
Барилдаан эхэллээ. Ухасхийгээд бариад авах гэтэл нь Хад ч цочсондоо мөн ухасхийж бариад дүүгүүрдэж эхэллээ. Өөрийнхөө нэг хөлийг өргөчихсөн. Эргүүлж, эргүүлж 7 , 8 дээр нь дугтраад тавьтал өвдөг нь ногооны шүүс болчихсон босож ирээд:
-За ахыг нь эргүүлж хаях нь бүү хэл надаас айдаг юм шүү дээ. Миний дүү начин болоорой гээд үнслээ. Ялж, ялагдаж чаддаг спортын талбар, монгол бөхийн ёс жудгийг бодон нүдийг нь нулимс бүрхэн байлаа.
Багш нарынхаа үгнээс зөрөөд ахиад л унаагүй болохоор асарт орж нуугдлаа. За миний дүү начин болоорой гэсэн үг “начин” гэдэг тэр эрхэм цолонд хүрэхийн хүслэнг нь улам дэврээжээ. Ингээд тавын даваа эхэллээ.
Энэ даваа бол олон сайхан залуусын од, гийх эс бол гуниг харууслын даваа.
Хадыг улсын арслан Чойжилсүрэн амлажээ. Яагаад ч юм Хадад өрсөлдөгчөөсөө айх айдас байсангүй. Барилдаан эхэллээ. Арслан өрөнгүүтээ тасхийтэл барьцгүй хавирлаа. Хад суун тусаад босож, толгойг нь уургалж авлаа. Яасан ч тавихгүй гэж бодоод л дараад байж. Нэг л мэдэхэд засуул нь татаж босгов. Чойжилсүрэн арслан барилдаж ирчихээд. Би ер нь сая хүнтэй барилдав уу? амьтантай барилдав уу? гээд инээж байсан гэдэг. Ингээд сумын заан Хадбаатар БНМАУ-ын начин хэмээх хүндэт цолыг 21-хэн насандаа хүртжээ.
Аз, эз дагуулсан өдөр хоногууд, ар араасаа цувран одном.
1986 он гарчээ:
Тэртээх жилийн наадам монгол бөхийн түүхэнд төдийгүй , монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшин үлдэж, бөхийн түүхнээ БНМАУ-ын аварга Дагвацэрэнгийн Хадбаатарыг төрүүлжээ. Хадбаатарын бэлтгэл тэр зун нэгэнт ханажээ. Өрсөлдөгчидөө төвөггүйхэн орхисоор үзүүр түрүүнд Цэрэнтогтохтой үлдлээ. Цэрэнтогтох аваргыг барьж аваад нөгөө мэхээ хийлээ. Нөгөө мэх гэдэг нь өрсөлдөгчиддөө зориулж бэлдсэн татаж хавирах. Нэг, хоёр , гурав, дөрөв гээд тав дах дээр нь шидлээ. Үзэгчид шуугиад явчихав. Ингэж 1976 оны үндэсний их баяр наадамд улсын арслан П.Дагвасүрэнгээр ес даван улсын арслан цол хүртснээсээ хойш 10 жил арслан цолтой барилдаж, сая БНМАУ-ын аварга цол хүртжээ. Монгол бөхийн түүхэнд 14 дэх аварга төрлөө.
Хорвоогийн аз жаргал, сайн сайхан бүхнийг зовлон гуниг, атаа хорсол сүүдэр мэт дагадаг тухай дээр дурдсан ажгуу. Ард түмний итгэл, хайр хүндэтгэлийн дор ид, хаваа гайхуулан барилдахдаа 10 жил хүлээсэн “аварга” хэмээх эрхэм цолоо ганцхан хоноод “хоригдол” гэх нэрээр солино гэж тэр байтугай, ер нь хэн ч төсөөлөөгүй биз. Тэрээр хорвоогийн аз жаргал, баяр гуниг, хар цагаан сүлэлдсэн энэхэн зайд 42 оныг үдэхдээ ид хав, эр бяр жагссан залуу насны хайран найман жилийг төмөр торны цаана өнгөрөөсөн юм.
“Чамдаа л зориулсан юм гээд” зүс таних хүүхний өгсөн архийг уучихаад 8 жилийн ял авна гэж хэн санахав. Алдар хүнд, эр бярын дуулал болон элэн халигч талын бүргэд засан хүмүүжүүлэх газрын 0415 дугаар ангид найман жилийн ялтай бууна гэж хэн ч бодоогүй ээ. “Ээ дээ цаадахаа л өнөөдөр битгий барилдуул, энэ архийг аваачаад өгчих” хэмээн хүүхнүүдийг явуулсан атгаг санаатны муу сэтгэл, цайлган санаатай, хүүхэд мэт гэнэн энэ хүнийг дэндүү эрт хиртээсэн юм.
Аваргын тухай нэгэн шүлэгт:
Торгон зодогныхоо тоосыг унагаж нэг болно оо
Тоотой бөхийн дунд ороод дэвж нэг болно оо
Тоогүй алдсан он жилүүд ахиад ирэх биш дээ
Толгойд унасан насны хяруу хагдарч унах биш дээ... хэмээн тэрлэсэн байдаг. Муу сэтгэлтэнд итгэж, буруу үйл хийсэндээ харамсан хүүхэд мэт нууцханаар нулимс унагаж, сэтгэл дотроо нурж явсан эр заяа. Хорих газар байхдаа өгсөн нэгэн ярилцлагадаа:
“Залуус нартаа хандаж хэлэхэд бөх хүнд архи шиг хэрэггүй юм байхгүй ээ. Энэ бол бүгдийг дийлдэг муу ёрын зүйл. Бас нөхдөө таниж, нөхөрлөх хэрэгтэй. Барилдаан дээр хэнд ч бүү бууж өг. Аз харина, ах нь үүнийг биеэрээ мэдэрсэн. Бас гэр бүлийн тогтвортой амьдрал тамирчин хүнд заавал байх ёстой чухал эд юм шүү” хэмээн өгүүлжээ. Хорвоогийн хар барааны өмнө дэндүү муу санаагүй, гэнэн итгэмтгий явсан түүний ухаарлын үг энэ байлаа.
Бөхөө дээдэлдэг монгол түмний дунд Хад аваргын аугаа их бяр хүч, ааль дөлгөөн хүүхэд мэт гэнэн зангийн тухай дурсамж цөөнгүй байдаг.
Нэг удаа “Алдар” нийгэмлэгийн хуучин стадионыг нураах ажил болжээ. Хадаа нарын хэдэн цэрэг шонгийн мод сугалах ажилд томилогдов. Мөнөөх шонгуудыг нь доош нь метр гаруй гүн суулгасан тул сугарахгүй их зовооно. Гэтэл мань Хад шонгийн дөрвөн талаас гүйж ирээд бахиалан гутлаараа нэг, нэг дэлсэхэд л шон суларч ганхдаг байв. Мөн тэгэхэд ундны ус гээд 200 савтай усыг нуруун дээрээ тоосон шинжгүй үүрээд ирдэг байж. Бас модон дотор гацсан 53 машиныг ганцаараа түлхэж гаргасан гээд энгүй сайхан эр бярынх нь тухай хууч яриа олонтой.
Багш нар болон нөхдүүд нь түүнийг “их хүн” хэмээн өхөөрдөж, ёжлож дуудна.
Хадаа заримдаа бэлтгэлээ таслаад алга болчихдог тул багш Өвгөнхүү нь аргаа барахдаа “Хадыг хааш нь ч явуулж болохгүй” гээд хоёр тамирчнаар харгалзуулдаг байв. Гэтэл нэг өдөр Хад багшаа намайг хэн харах юм бэ? гэж асуугаад бөөн инээдэм болжээ. Мөн 1977 онд Баку хотод Олон улсын тэмцээнд оролцох баг тамирчид очоод байлаа. Нэг өдөр хэсэг тамирчид байрныхаа гадаа сууж байтал “Их хүн” байрныхаа балконоос цүнхээ дүүжилчихсэн харагдана. Нөхөд гайхаж учрыг нь асуувал. Багшаа гаалийнхан одоо ирж шалгана гэсэн юм. Тэгээд би авсан юмаа цүнхэндээ хийгээд эндээс зүүчихлээ хэмээн хэнэг ч үгүй хэлжээ. Бусад нөхөд нь л итгэмтгийг нь далимдуулж их хүнээр тоглож л дээ.
Ийм л гэнэн итгэмтгий тэгсэн хэрнээ сүрлэг сайхан, эр бярийн тэнгэр , эр хүний дээд нь явжээ. Хадбаатар аваргыг хорих газарт байхад нь найз нөхөд , багш нар, бөхийн хорхойтнууд гээд олон хүмүүсээс суллах өршөөл эрсэн захидал дээд шатны хүмүүст хүргэгдсэн байдаг. Хэдийгээр он цаг одсон ч гэлээ наадам ойртон нар, хур тэгширсэн энэ л өдрүүдэд бөхөд хайртай монгол зоны сэтгэлийн дээж болгон их хүний тухай энэхэн зүйлийг бичлээ. Үргэлжлэлд төгсгөл үгүй. Монгол бөхийн удам тасрахгүй.
Бөхийн босоо цагаан хийморь монгол зоныг мөнхөд
ивээг.
Comments