ШИНЭ ЗУУНД МОНГОЛ ЯРУУ НАЙРАГ ХААШ ШИРТЭНЭ ВЭ?

                                            Шинжлэх ухааны доктор, профессор Ч.Билигсайхан


Урлагийн ертөнцийн дотроос яруу найргийн орчлон гэдэг хэн ч тааж танимгүй ёстой л нууцлаг битүү ертөнц дөө.
“...Магнаг цэнхэр өглөөний эмзэг турьхан авиа
Манай гарагтай зэрэгцээ ертөнцийн тооноор үзэгдвэй...”
(Ц.Батбилиг “Хавар эртийн тогоруу”)

“...Диваажин эсвэл тамд зорчих тасалбар
Үхэх гэдгийг дийлэнх хүмүүс мэддэггүйд л
Үхлийн үнэ цэн оршдог болов уу...”
(Р.Улам-Оргих “Миний хашгирсан хавар”)

“...Таталбар зураг мэт сансрын хаа нэгтээ миний
Танил дотно ертөнц дусал нулимс болдог
Янаг эрвээхэйн зөөлөн нулимс мэт тэр шүлгүүд
Яг одоо чиний сормуусан дээр гэрэлтнэм...”
(Булгадар М.Уянсүх “Саран гүний тэнгис”)
Шүлгүүдийг нь уншаад шинэ ертөнцийг үзэх мэт болдог залуу, хөгшин, нэр алдартай, огт алдар нь түгээгүй ийм нэлээд хүний шүлгийг би анхааралтай ажигладаг юм. Тэр дундаас М.Уянсүх хэд хэдэн ер бишийн ном хэвлүүллээ. Гайхалтай сонин, үзтэл ховор дотоод ертөнцтэй хүн юм. “Саран гүнийн тэнгис...” (2000) хэмээх номоос нь энэ л тааруухан гэхээр шүлэг олсонгүй. Шүлэг бүр нь шинэ санаа оноо, итгэл үнэмшил,  амьдралаас олсон байх гэмээр ер бишийн ой дурдатгалаар бүтсэн ном.
Ц.Батбилиг “Хээрийн салхины худаг”, “Сүндлэх орны хэлэмж”, “Хавар эртийн тогоруу” гэх яруу найргийн гурван номыг сүүлийн 10 гаруй жилийн дотор хэвлүүлжээ. Огт сонсголгүй тэр нам гүм ертөнцийн дотроос тийм их баян хөг аялгууг яаж олж сонсдог бол гэж би түүний шүлгүүдийг унших бүртээ боддог юм. Хөдөө нутгийн малчин залуу дунд сургуулийн л боловсролтой, тэгсэн мөртөө шүлэг, эссе бүр “Галтын нэвтэрхий толь” хэмээх томоохон бүтээл хүртэл туурвиж, кино зохиол бичиж, Далай Чойнхорын суу билигтнүүдийн тухай судлан цуглуулж хэд хэдэн ном гаргасан. Амьдрал түүхийг нь үзэхээр өрөвдөж хайрламаар, бахархаж биширмээр ер бишийн залуу.Уран зохиолын ертөнцийн нэлээд хүн энэ залуугийн тухай чамгүй мэдэх байх аа.
Шүлгийн шинэ түүвэрт нь (“Хавар эртийн тогоруу”) “Сарны хүн” хэмээх сонет оржээ. Яруу найргийн төвөгтэй,  чадал хүч шаарддаг энэ төрлийг Ц.Батбилиг сонгодог сонетод тавигдах шаардлагыг яв цав барьж бичсэн энэ бүтээл ур хийц утга санааны хувьд содон бүтээл болжээ. Ц.Батбилигийн шүлгүүдэд:
“...Он цагийн хаалгыг буцахдаа би хаахгүй
Орчлон хэзээний бөөрөнхий ч хүний хайрыг живүүлэхгүй
Орь залуу насны минь орд шилтгээнийг
Огоорлын балгас болгосон хээнцэр чамайгаан мартъя...”
(“Хавар эртийн тогоруу”)
гэсэн нэг ийм ер бишийн санаа алхам тутамд цухалздаг. Жинхэнэ яруу найрагчийн тухай суутнуудын үгийг уншиж байхад нэг л зүйлийг онцлон тэмдэглэсэн байдаг. Тэр нь энэ ертөнцийн хаа нэгтэйгээс олж үзээгүй өнгө, олж сонсоогүй дуу авиа, учрал тохиол, аяг аашийг чухамдаа оньсого шиг л олоод нэг бодлын зохиогоод ч юм уу, ерөөсөө огт өөр ертөнцийн тэр бүх явдлыг өөр нүд, өөр чихээр сонсож үзээд биччихсэн гэсэн нэг л санаа дандаа байдаг. Ер нь жинхэнэ яруу найраг гэдэг бидний энэ ертөнцөөс ангид байгаа санаа сэтгэлийн аль нэг алс далдын нууцлаг ертөнцийн явдлыг л хэлдэг юм шиг байгаа юм. Энэ утгаар нь яруу найргийг тэнгэрлэг, ер бишийн, гайхалтай гэхчлэн дуу алдацгаадаг бололтой. Библийн домогт гардаг ертөнцийн цэцэрлэгт болж баймаар тийм явдал учрал жинхэнэ яруу найрагт дурдагддаг. Энэ тухайд жинхэнэ хуурмаг хоёр төрх бий. Жинхэнэ төрх нь яруу найрагч хэмээх бурхны гэмээр чадлыг өвлөж төрсөн тэр ер бишийн суу билигтнүүдийн (Харахад бүр өвчтэй, солиотой тэнэг амьтан шиг санагдаж мэднэ) цоо шинэ гэмээр үзэж харсан, тулгарч тохиолдсон явдлуудын тухай шүлэг, эсвэл зүгээр л алсын хэрэг явдлын тусгал, дуу авиа. Хуурмаг төрх нь жинхэнэ яруу найраг гэж тийм зүйлийг хэлдэг юм гэнэ билээ гэж сонссон усан нүдтэй, цусан зүрхтний дуурайж тааж бичсэн яруу найргийн шинж төрх ч үгүй дуураймал зүйлүүд. Ийм дуураймал зүйлээр бүтсэн ном зохиол манайд олноор гарах боллоо.
Ардчиллын эхний жилүүдэд харь гарагийнхантай уулзсан, онгоцоор нь зугаалж ниссэн шиг хуурмаг явдлууд, ийм хүмүүсийн шүлгийг уншихаар төлөөнөөс нь яс хавтаймаар. Америкийн яруу найрагч Эмили Дикинсон:
“...Хэний ч явах ёсгүй зүг рүү
Сэтгэл хангалуун одоход нь
Хэдийнээ бидний гашуудал
Атаархлын өмнө бөхийв...”
гэж нэг шүлэгтээ бичжээ. Бидний бодоход огт байхгүй ертөнцийн тухай барим тавин байгаа зүйлсийг олоод харчихсан мэт түүний шүлгүүдэд ер бишийн юм дүүрэн. Зуун жилийн өмнө ертөнцийг ухаарсан тэр бүсгүйн ухаарал өнөөдөр ч цоо шинээрээ мэт. Жинхэнэ яруу найргийн ертөнц үргэлж шинэхнээрээ байдаг нь гайхалтай. Сүүлийн жилүүдэд яруу найргийн шинэ урсгалыг дэлгэрүүлэх гэсэн оролдлого хүчтэй ажиглагдаж байна. “Шинэ үнэр”, “Хөх мэдрэхүй” гэсэн шиг бүлгүүд олшрох янзтай. Аль нэг талаараа нэгдэж нийлсэн ийм бүлэг зорилгодоо үнэнч явбал амжилтад хүрдгийн жишээ хэдэн жилийн өмнө М.Уянсүх, Т.Баянсан, Ц.Цэнд нарын “Зүс бүгэг андууд” өнөөдөр нэр зүс төгөлдөр тодорхой зорилго үүрэгтээ нэн үнэнч хэдэн авьяастныг төрүүлж байна. Энэ бүлгийнхнээс ихээхэн нууцлаг сонин тэгсэн мөртөө нэг л сэтгэлд дасамгүй өвөрмөц нь Ц.Цэнд юм. Цэндийн номуудыг өнөө хүртэл би учрыг нь олох ухаарах гэж нэлээд зүддэг.
Уянсүх, Баянсан хоёр ч одоо нэртэй уран бүтээлчид болжээ. Дөнгөж сая “Шинэ үнэр” бүлгийн хоёр залуугийн номыг П.Батхуяг их л ухаалаг гүнзгий сайхан өмнөх үгтэйгээр хэвлүүлэв. Р.Улам-Оргих “Миний хашгирсан хавар” гэсэн сонин сэтгэлгээтэй хотын яруу найргийн шинэхэн төлөөллийн номоо хэвлүүлэв. Өрнөдөд хотын амьдрал яршиг болоод хүмүүсийг уйтгаж гуниглуулж байгаа бол монголд шинэ мэдрэмж, шинэ ахуй ёс заншлыг хот залуусын өмнө дэлгэж байна. Хүссэн ч, эс хүссэн ч хот гэдэг энэ аймшигт “мангас” Монголд хүчээ авлаа. Муу сайныг нь бид амсаж, амталж байна. Цаашдаа ч гашуун утаа, хүнийсрэл, дайсагнал, уйтгар зовлонг нь ханатлаа эдлэх биз ээ. Одоохондоо нэг л шинэ сонин ертөнц энд байна. Шинэ сонин ертөнцтэй үе төрөөд эхэлжээ. Тэр үеийн шинэ төлөөлөл Р.Улам-Оргих юм. Дөнгөж анхны шүлгүүдээ бичиж номоо гаргаж буй түүний тухай олныг яриад яах вэ.
“...Өвлийн пийшинд хуурай моднууд
Пүрхийн асах шиг хавар хурдан болоосой...”
Нүүдэлчний ахуйд өссөн бидний монголчуудад сонин сэтгэлгээ, ертөнцийн явдалд бол огт шинэ юм биш. Сонин сэтгэлгээтэй, сонин шүлэгтэй, шинэ залуу хүн мэндэлж байгаад түүний багш П.Батхуягийн адил би ч баяртай байна. Ингэхэд яруу найргийн энэ бүлгүүдийн багш нарын тухай сайн үг хэлэх ёстой. Хөвсгөлд Дэмбэрэлийн Чулуунбаатар гэж монгол хэл уран зохиолын багш, залуу шүлэгчидтэй хэдэн жил халуун сэтгэлээр ноцолдсоны хүчинд өнөөдөр түрүүч нь яруу найргийн сонин түүврүүд гаргаад эхэлжээ. Хөвсгөлөөс Д.Нямдорж, П.Майнбаяр, Ц.Дэлгэрмаа зэрэг аятайхан залуус төрж байна. Харамсалтай нь Д.Чулуунбаатар багш даанч богинохон насаллаа даа.
П.Батхуягийг залуу бөгөөд шинэ цагийн сэтгэлгээтэй авьяаслаг олон талтай багш гэж үнэлүүштэй. Сүүлийн үед шүүмж судалгааны их аятайхан өгүүллүүд хэвлүүлж байна. “Адармаатай цаг үед адармаатай хүмүүс олноор төрөн гардаг. Чухам юугаараа адармаатай болохыг үзүүлэх үзүүлэлт бол амьдралыг оношлохуй юм” гэж тэрээр бичжээ. Тэрбээр өөрөө адармаатай цагийн адармаатай сэтгэлгээтэй хүн бололтой.
1980-аад оны дундуур Д.Нямсүрэнгийн “Хаврын урсгал” түүвэр анх хэвлэгдэж би уг номд “Гэгээн өглөөний шүлгүүд” нэртэй шүүмж бичиж хэвлүүлсэн юм. Г.Мэнд-Ооёо энэ номын талаар надад сэтгэгдлээ ярьж, уншихыг хүссэн. Би өмнө нь Д.Нямсүрэнг мэддэг танил байлаа. Шүлгийг нь анзаардаггүй явжээ. Ном болгосныг нь сая үзвэл үнэхээр гэгээлэг, нарийн ур хийцтэй, яах аргагүй сэтгэлгээний аястай, жинтэй бүтээлүүд байсан. Тэр үеийн заншлаар жаахан магтаад гэвч хэмээн бяцхан чимхээд миний шүүмж дууссан бичлэгтэй.
Түүний шүлгүүдээс “Дөрвөн цаг” нь ур хийц, монгол хүний уламжлалт зан заншлын үнэ цэнэтэй талыг гойд өргөж ер бишийн юмыг ерийн болгож энгийншүүлсэн нь аргагүй сонгодог зохиолын энд хүрсэн бүтээл байв. Энэ номыг уншсаны эцэст гоо сайхны сэтгэлгээний эрхэм тансаг дээд урлалч энгийн монгол дээлтэй хөдөөх нэгэн болж төрчихөөд байж байх юм даа гэж сая гайхаж, бас биширч билээ. Дараа нь Эрээн цаваас шүлгийг минь ойлгосонд их баярлаж байгаагаа илтгэсэн захиа ирэв. Тэгээд бид уулзаж ярилцдаг болсон юм. Нэг удаа манай Дашбалбар ямар бичиж байна гэж надаас асуусан. Дэндүү сагсуу хүн юм гэж намайг хэлэхэд яруу найрагч хүн жаахан сагсуу шиг амьдарвал зүгээр гэж, би багаас нь толгойг нь эргүүлчихсэн юм. Бага ангид нь би ангийнх нь багш байсан юм шүү дээ гэж билээ. Нямсүрэн одоо хүмүүс бичээд байгаа шиг онцгой сонин онгод мэдрэмжтэй хүн байгаагүй ээ. Гэхдээ яах аргагүй авьяастай, хөдөөгийн эвдрээгүй зан араншинтай, бодсон санаснаа хэнд ч ил хэлчихдэг, юм бүхэнд өөрийн гэсэн бодолтой аргагүй л дэлгэр сайхан монгол хүн байсан. Өнөөдрийн яруу найргийг уншиж суухад, өнөөгийн монгол хүн юуг үнэт зүйлээ болгон сонгож байгааг хараад гайхах юм. Нямсүрэн бол хамгийн ерийн зүйлээс түүний гүнд байгаа, ер бишийн язгуур онцлогийг нь л олж харж чаддаг ёстой нөгөө билгийн хараатай нэгэн байв.
“...Хашаа тэргэн дээр шаазгай үглэх сайхан
Хаанаас хэн ирэх нь зөн шиг сайхан...
...Гол мяралзан урсах нь сайхан
Ганц нэг ялаа долгионд нь суух сайхан...”
Ахуй амьдралын хамгийн жирийн юмсаас цаг улирлын онцлогоор сэтгэлд торж үлдэх ерийн мөртөө ер бишийн гэмээр тэр хөдөлгөөнт гоо сайхны үнэтэй чанарыг аргагүй л нээж үзүүлж чаддаг нь түүний уран чадварын увидас байж дээ. Нямсүрэнгийн тухай дурсах энэ ярианаас тэр маш энгийн мөртөө ер бишийн сэтгэлгээтэй нэгэн байсан гэдгийг л хэлэх гэсэн юм. Бавуугийн Лхагвасүрэнгийн “Боржигоны бор тал” ч гэсэн их л энгийн атлаа шүлгийн хам утга нь (контекст) ер бишийн дээд гоо сайхны илрэл болоод явчихдаг.
“Санаа алдахад
Эхийн сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүр залгихад
Агь хоолойд аргасан
Боржгоны бор тал минь...”
Өнөөгийн хотын монгол хүний сэтгэлгээний үнэтэй юм нэг л тодорхой биежээгүй байх шиг. Залуусын ихэнх шүлэгт сүмийн хонх, дээгүүр нь нисэх тагтаа, нигүүлсэнгүй дүрт улаан орхимжит хувраг, эсвэл хөшөөний бичээс, мөнгө зоос, чиний жижигхэн гар, жүржийн бут, телевизийн дэлгэц, хар тэрэгний хаалга цонх энэ мэт л мөрөөдлийн үнэ цэнтэй юм нь байх төдий.
Монгол хүн, ахуй, ёс заншил их хурдан хувиран өөрчлөгдөж байгааг үгүйсгэх аргагүй. Харин үүний цаана өөрчлөгдөлгүй үлдэж байгаа юм бөх, морь, сур төдий арай л биш болов уу. Хөх монгол, эзэн Чингис, босоо бичиг зэрэг нь мөрөөдлийн гоо сайхан юм. Тэгвэл энэ хооронд монгол хүний бишрэн санаж, шүтдэг үнэ цэнэтэй өөр юмс бий дээ?! Ажиглалт, оюун дүгнэлт, бас гялс хийсэн онгод энэ бүхнийг нээх ёстой болов уу?! Ц.Батбилиг:
“Амрагийнхаа аясаар өөрийнхөө гэрлэн биеийг цэнгүүлье
Амьсгал аних бясалгалд сүнсний цэнгэлийг олъё
Амгалан энхийн тайвшралаа гэрлэн оронд умбуулж
Алсрал үгүйн товчоонд ажралгүйхэн зүүрмэглэе...”
Ийм нэг хийсвэрдүүхэн тэгсэн атлаа гэгээлэг ариун зүйлийг л үнэт чанар болгон шүтэх нь элбэг болж. Нүүдэлчний сэтгэлгээ, суурин хотын сэтгэлгээ хоёр бие биендээ бууж өгөлгүй тэгсэн атлаа сэтгэлийг нь сэнсрүүлээд бодтой биш болгоод ч байгаа юм уу. Нямсүрэнгийн “сайхан”-ууд өнөөгийн монгол хүний сэтгэлд нийлэмжтэй хэвээрээ л байх шиг. Гэвч арай өөр сайхан юм XXI зууны Монголд үндэслээд хараахан цэцэглээгүй л байгаа юм уу даа. Тийм бол үндэслэсэн тэр үндсийг цэцэг болгож хардаг тэр хараа л дутаж байна. Ер нь үе бүрийн үнэ цэнтэй юм, гоо сайхныг цаг хугацаа гээч эзэн биегүй ч бодтой хүчин л тогтоож өгдөг бололтой. Хэдэн жилийн өмнө цэл залуухнаараа хорвоог орхисон Д.Баттогтохын “Шилдэг шүлгүүд” номыг Ц.Буянзаяа хэвлүүлсэн билээ.
“Аяа миний сормуус хэмээх өвснөөс
Аяа миний нулимс хэмээх шүүдэр дусагнаж
Аяа миний чулуу мэт бүлээхэн улаан хацар дээгүүр урсахуй
Аяа миний агаар мэт сэтгэл өд унах чимээ мэдэрнэм”
Энэтхэгийн их хүн М.Ганди “Миний намтар”-таа “Яруу найрагч бол хүний цээжинд далд хадгалаатай сайныг сэрээн хөдөлгөж чаддаг хүчтэн мөн” гэж (244-р тал) хэлсэн байна. Далд хадгалаастай сайныг сэрээж хөдөлгөнө гэдэг нь нөгөө л онгод, авьяастай холбоотой. Авьяастай яруу найрагчийн онгодоор олж нээсэн тэр шинэ санаа гараад ирэхээрээ хэнд ч миний санаа мэт бодогддог. “Наран гараг”, “Эр тагтааны гуниг” гэх шүлгийн номууд хэвлүүлсэн Д.Нямдорж сургуулиа төгсөж их амьдралын замд орлоо. Д.Нямдоржийг би авьяастай, мэдрэмжтэй шүлэгч гэж боддог. Дунд сургуульд байхдаа хэвлүүлсэн “Наран гараг” номд нь “Хүн чулуу”, “Зэрэглээ” гэх мэт бараг шинэ зүйр үг мэтээр хүний сэтгэлд хоногшуулж бичсэн онцгой, содон, цэцэн шүлгүүд бий. Хоёр дахь номыг нь цаг хугацаа нэлээн элээж, дарж гаргуулах гэж би оролдсон авч 2008 онд хэвлэгдсэн билээ. Шүлгүүд нь ухаарал, шинэ мэдрэмж, санаа олонтой содон ном болжээ.
“Толгодын энгээр үргэлжлэх дөрвөлжин дөрвөлжин булшнууд
Тойрч болохгүй ертөнцийн том том хаалганууд...
Ажин түжин нойрсох энэ л хотын иргэдийг
Ахиад сэрээчих вий гэхдээ аяархан явж өнгөрлөө”
Иймэрхүү нэг болгоомжтой атлаа содон мэдрэмж түүний шүлгээс төрдөг юм. Манай их сургууль төгссөн хэд хэдэн авьяастай, содон залуусын нэг Д.Нямдорж яах аргагүй мөн. Ирээдүй түүнийг чухам хааш нь чангаахыг харж байя даа. Мөн  саяхан их сургууль төгссөн авъяаслаг шүлэгч Б.Баясгалан “Хөх мэдрэхүй”-н түүвэрт хэдэн содон шүлэг хэвлүүлсэн байна.
            Ер нь элит яруу найрагт нэг их цэцэн цэлмэг хэллэг хүсмээр ч зүйл биш. Гэвч Д.Пүрэвдоржийн “Сумын наадам”-аас өгсүүлээд түүний шүлэг бүхэнд цэцэн цэлмэг, шинэ содон мөр бадаг дэндүү элбэг. Тэгсэн атлаа огт хайран санагддаггүй. Ер нь жинхэнэ яруу найрагч шинэ агаад үнэт чанарыг ямагт олж нээж байдаг бололтой. Шинэ содон утга санаа, ойлголт, шинээр амьдралд нэвтэрч буй юмсыг дагаж шинэ ухаарал, үг, ойлголт тэгээд шинэ үнэт чанарыг олж нээдэг бололтой. Яруу найргийн шинэ үеийн тухай голлон жишээ авч бичсэн энэ өгүүлэлд тийм ч олон нэр дурдаагүй минь бас учиртай. Шинэ үнэт чанарыг өнөө үеийнхэн тэр бүр олж нээж чадахгүй л байна уу даа гэж бодогддог. Бидний монголын хөгжил өнөөдөр өнөөгийн дэлхийн хөгжлөөс харьцангуй хоцорсноос болоод монгол яруу найргийн сэдэв санаа олигтой шинэчлэгдэхгүй байх шиг санагдана. Гэхдээ энэ үеийн яруу найргийн гол төлөөлөгч болж байгаа А.Эрдэнэ-Очир, Х.Чилаажав, Ж.Баяржаргал, Х.Эрдэнэбаатар, Г.Мэнд-Ооёо, Л.Мягмарсүрэн зэрэг найрагчдын шүлгүүдэд өнөөгийнхний үнэт чанар энэ л байна даа гээд хэлэх зүйл төдий л элбэг биш. Гэхдээ нэр дурдсан шүлэгчдийг би монголын өнөөгийн элит яруу найргийн зүй ёсны төлөөлөл гэдэгт эргэлздэггүй. Эдний дээр Д.Төрбат, Ц.Бавуудорж, Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нарыг нэмээд Монголын сонгомол яруу найргийн элч төлөөлөгчдийг нэрлэж болох юм. Ер нь ирээдүй ямагт шинэхэн, содон, соньхон байдаг. Хэрвээ жинхэнэ яруу найраг юм бол хуучин юмны тухай яаж байж болох вэ. Байгаа юмыг хараад байхгүй юмыг олж сэтгэхийг л чухамдаа яруу найраг гэж товчхон тодорхойлж болмоор. Юмыг нүдээрээ бус ухаан сэтгэлээрээ харж сэтгэдэг хүнийг л яруу найрагч гэдэг болов уу. З.Доржийн “Нас тогтох сайхан” хэмээх шүлэг бичигдээд ч, бидний ой тойнд тогтоод ч нэлээд жил өнгөрч. Санаа урын зохирол төгөлдөр энэ шүлэг сонсох бүрт л шив шинэхэн мэт мэдрэгддэг. Сүүлийн жилүүдэд “Болор цом” гэх энэ шүлгийн наадам тэмцээний гайгаар монгол яруу найрагт эстрадын маягийн аяс ер устаж өгөхгүй юм. Ер нь яруу найргийн элит болоод масс хоёрыг хутгаад жинхэнэ бантан болгож байгаа зүйл бол энэ “Болор цом” шүү дээ. Өнөө үеийн яруу найрагт олон эмэгтэй орж ирснийг зарим хүмүүс шинэ үзэгдэл гэх нь халаг байна. Энэ тухай би ямагт эргэцүүлэн боддог юм. Гэхдээ л нэг олигтой зөвтгөл олж чаддаггүй. Эртний болоод эдүгээгийн дэлхийн яруу найраг тийм олон эмэгтэй шүлэгчтэй билүү?!
Авьяастай бол эмэгтэй шүлэгчдийг магтах нь зүйн хэрэг. Гэхдээ яруу найраг хөнгөн шингэн хүний хийдэг ажил ердөө ч биш. Өнөөдөр монголын хэвлэл мэдээллийн ертөнц тэр чигтээ эмэгтэйчүүдийн бичсэн зүйлээр хахаж байна. Хов жив, хардлага сэрдлэг, атаархал энэ бүхэн яруу найрагт маань хэдийнэ ороод ирчихжээ. Эмэгтэй хүний хувьд энэ бүхэн сонин, ярьж хэлэлцмээр, бусадтай хуваалцмаар сэдэв ч байж болох юм. Гэвч яруу найрагт энэ бүхэн огт тохирохгүй. Монголын хэвлэл мэдээллийг “эм зан”-тай гэж шуудхан дүгнэчхэж болмоор. Гэтэл монгол яруу найраг маань бас нэг ийм “эм зан”-тай болчихвол ер юу болох билээ. Ганц нэг гайгүй шүлэг бичиж байсан нэг бүсгүйн шүлгийн хоёр номыг саяхан уншив. Юун яруу найраг. Ердөө л нөхрөө хардсан хардлага, сэрдлэг.
            Монголын элит яруу найраг энэ мэт аар саар зүйлээс дэндүү хол, тасархай байж гэмээнэ нөгөө элит шинж нь гарч ирэх биз. Ингэхэд элитүүд гэж хэн бэ?! Зөвхөн язгуурын дээдэс биш. Тухайн улс орны сонгомол боловсрол, хүмүүжилтэй хэсэг. Хүн оюун ухааны хөгжлийн чадавхаараа хэвийн, түүнээс дээш, доош гэж ангилагддаг нь тогтсон ойлголт. Урлаг соёлыг хэнд зориулж бүтээх тухай яриа эртнээс маргаан мэтгээнтэй явж ирэв. Үнэндээ хүмүүсийн хэвийнхээс дээш оюун ухаантай хэсэг нь нийгмээ удирдаж явдаг нь социализмаас бусад аль ч нийгмийн түгээмэл ёс. Тэр хэвийнхнээс дээш хэсэгт л урлаг зориулагдах ёстой гэдэг утгаар элит чиглэлийн зайлшгүйн тухай яригддаг. Тэр дундаа яруу найраг үнэхээр хэвийнхээс дээш сэтгэл оюунтай, эргэцүүлж боддог, үнэлж дүгнэдэг нийгмийн идэвхтэй хэсэгт зориулагдсан нь гарцаагүй. Ер яруу найргийн тухай яриаг ч энэ л хүрээнд авч үзэж, үнэлж дүгнэх ёстой. Өнөөдөр монголд шүлэг бичиж буй залуус олон байна. Тэднийг хэн ч хорихгүй биз. Хэвийн болоод хэвийнхээс доош оюун ухаантнуудад ч уран зохиол хэрэгтэй л байх. Ийм уран зохиолын тухай ярих шаардлага надад огт байхгүй. Түүнийг ердөө л зөнд нь орхивол таарна.

                                               

Comments

Greetings from Finland. Thus, through a blog is a great get to know other countries and their people, nature and culture. Come take a look Teuvo images and blog to tell all your friends that your country flag will stand up to my collection of flag higher. Sincerely, Teuvo Vehkalahti Finland