Төрийн шагналт зохиолч Дарма.Батбаяр
/Нэгэн навчны түүх буюу яруу найргийн тухай зүйрлэл/
1
Шүлгийн санаа олно гэдэг эрэл. Алдаж гээгээгүй юмны эрж хайгаагүй эрэл. Навчин дундаас навч эрэхүй. Цэцгэн дундаас цэцэг эрэхүй.Цэцэг хийгээд навчыг эрэх нь салхин дундаас салхи эрэхүй юм. Ургаж байгаа навч бол навч биш, зүгээр л ургаж байгаа навч. Дэлбээгээ нээсэн цэцэг бол цэцэг биш, зүгээр л дэлбээгээ нээсэн цэцэг. Тийм болохоор салхи ч салхи биш, агаар ч агаар биш. Тэгэхээрээ навч гэж юу юм ? Салхи гэж юу юм?
2
1820-1850 он
“Намрын хонгор салхи ирэхэд
Навч цэцгийн дуртмал өнгө сулраад
Найгалзах олон цэцгийн үр жимс автаад
Нарны дулаан илч нь буурна” хэмээн Д.Равжаа хутагт айлдсан. “Навч цэцгийн дуртмал өнгө сулрахуйн” шалтгаан нь намрын хонгор салхи.
“Хонгор” хэмээх өнгө бол элс, манхан, газар шорооны өнгө. Намрын салхийг ирэхэд өвс ногоо гандаж, салхины хонгор өнгөтэй ижил болно. Монголын их хээр тал намрын салхины өнгөөр хонгортоно. Намрын салхи юутай хүчтэй. Цэцгийн үр жимс түүний эрхшээлд автана. Нар хүртэл түүний эрхшээлд автан дулаан илч нь буурна. Навч цэцгийг эрхшээлдээ аван захирагч “намрын хонгор салхи” гэгч юу юм бэ? Энэ бол хувьсан өөрчлөгч айсуй их хүчний алхааны чимээ. Айсуй яваа хөдөлгөөний алсын зөн. Одоохондоо тэр хүрч ирээгүй байгаа учраас бүгд хөдөлгөөнгүй мэт. Навч мөчир дээрээ хонгортон дэрвэлзэнэ. Цэцэг ишин дээрээ гудайна. Д.Равжаа хутагт орчлонгийн хувьсан өөрчлөхүйн хүчний эрхээр үзэгдэл юмс хөдөлгөөнд ордогийг дүрсэлсэн. Яруу найраг бол хувьсан өөрчлөгдөхүйн санаа бодлыг төсөөлсөн дүр дүрслэгдэхүүн, түүний хөдөлгөөн. Хөдөлгөөн учраас өнгө нь хөдөлсөн энэ навч хэзээ нэг цагт хаашаа ч юм хөдлөх нь дамжиггүй. Чухам хэзээ, хаашаа, өнөө юү, маргааш уу, өнө холд уу?
3
1854-1855 он
“Намрын салхи цэлмэгэр жихүүн үед
Найгах өвс хийсэн уярмуй
Навчсын улаанд шүлэг бичсэн мэт
Найрт зузаан хүмүүнээ гомдмуй” гэж В.Инжинаши “Сэрүүн намар” хэмээх шүлгэндээ бичсэн. Энд мөнөөх салхи, мөнөөх навч байна. Гагцхүү бяцхан, бяцхан хувьслыг үзжээ. Д.Равжаа хутагтын айлдсан “Хонгор салхи” “Цэлмэгэр жихүүн” “болж өнгө нь суларсан навч, цэцэг“ хийсэн уярчээ. Намрын салхинд навчис хийсэх нь бусдын эрхшээлд автан доройтож, мөхөсдөн дагаж буйн шинж бус уяран мэлмэрч буйн шинж аж. Хийсэхүй гэдэг алив нэгний эрхшээлд автахуй. Эрхшээлд автахуйн шалтгаан олон. Зарим нь мөхөс доройн эрхээр бусдын эрхшээлд орно. Зарим нь бусдын хүч тэнхээ, үзэсгэлэн гоог биширч түүнийг найрсан дагана. Зарим нь бусдыг өрөвдөн уярч түүний аясыг дагана. Энд намрын салхинд “найгах өвс уяран хийсч” байна. Цаг ирж, өвс ногоо гандан, цэцэг навч хагдрахыг Инжинаши гутран гуних явдал бус уяран дагах үйл гэж үзжээ. Энэ бол үхэл мөхлийг жам ёс хэмээн угтдаг дорны хүний холч ухаан. Монгол яруу найргийн “навч цэцэг” анх ингэж уяран хийссэн юм. Энэ бол хөдөлгөөн. Чухам хаашаа хөдөлсөн нь тодорхойгүй. Харин “өглөө хийсэх хатсан навчны чимээ өнчрөн суух даяаны хүмүүнээ тодорхой” гэдгийг л Инжинаши үзүүлсэн. Хатсан навчны чимээг яруу найрагч сонсдог. Түүнд энэ чимээ тодорхой. Харин “өглөө хийссэн хатсан навч” хаашаа одов. Өнгө нь суларч өөрчлөгдөөд улаан болсон тэр навчны гунигт дууг чухам хэн бусдаас урьтаж сонсох бол.
4
1935 он
“Урьхан хонгор салхи өвс модыг намилзуулахад
Хөгшин залуу хүмүүсийн сэтгэл бөн бөн бөмбөрнө
Шарласан модны навч хоёр нэгээр унахад
Сэтгэлийн доторх уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно” гэж Д.Нацагдорж “Дөрвөн цаг” хэмээх шүлгэндээ бичсэн. Энд Равжаа хутагтын мөнөөх “хонгор салхи” тэр чигээрээ байна. Харин мөнөөх “Уяран хийссэн улаан навч” ганц нэгээрээ унаж байгаа шарласан модны навчин дунд байгаа үгүй нь тодорхойгүй. Харин “өглөө хийссэн хатсан навчны чимээг” Д.Нацагдорж сонсож зүрхний уйтгарт явдлаа бодон сэтгэлээ “бөн бөн бөмбөрүүлжээ”. “Сэтгэл бөмбөрнө” гэдэг үг бол бөөрөнхий юм ийш тийш өнхрөхийн адил сэтгэл санаа тогтворгүй болохын нэр. “Бөн бөн” гэдэг бол “бөмбөрөх” гэдэг үгнээс үүдэн гарсан нулимс унах байдал. “Сэтгэл бөн бөн бөмбөрнө” гэдэг бол уйтгар гунигийн илэрхийлэл. Инжинашийн “хатсан навчны чимээг” С.Буяннэмэх ч мөн сонсож “сэтгэлээ бөн бөн бөмбөрүүлэн” байж “Намрын навч намайг орхиод салхийг даган одно” гэж “Намрын навч” хэмээх шүлгэндээ бичсэн. Энд нөгөөх салхи, нөгөөх навч, түүний дээр нэгэн далд гуниг нэмэгджээ. Гунихын шалтгаан ил, шарласан модноос навч унасанд бус, намрын навч “намайг орхиод салхийг даган одсонд” оршино. Өнгө нь суларсан навч гунигтай бус. Ногоон навч улаан болох нь ч гунигтай бус. “Өглөө хийсэх хатсан навчны чимээ” гунигтай. “Намайг орхиод салхийг даган одох нь” гунигтай. Гуниг төрүүлж буйн шалтгаан нь навчис “уяран хийсч” одохын хөдөлгөөнд орсон явдал. Байгаа юм байхгүй болох, учирсан юм хагацах хөдөлгөөн бүхэн сэтгэлд уйтгар гунигийг үүсгэнэ. Уран зохиол гэдэг уйтгар гунигийн дурсамж. Гунигт сэтгэл “намайг орхиод салхийг даган одох” навчийг гунигтай болгоно. Гунигт улаан навч чи хааш одов?
5
1979 он
“Галын дөл шиг
Ганц улаан навч
Намрын салхинд тасраад
Тэнгэр өөд нисч явна
Би уулын бэл уруу
Уруудаж явахдаа зөрлөө” гэж Д.Урианхай бичсэн. Энэ байна. Мөчрөөс нь таслах салхи намрынх байх учиртай. Намрынх байна. Өнгө нь улаан байх учиртай. Улаан байна. Мөн байна. Инжинашийн улаан навч яах аргагүй мөн. Гайхалтай нь яагаад уруугаа газар уналгүй, өөдөө тэнгэрээд нисчихээ вээ. Би чинь түүнийг газар ойчсон юм бодож, навчсанд дарагдсан навчис дунд л хайгаад байж. Тэгсэн чинь харин доошоо бус дээшээ, газар уруу бус тэнгэр өөд, унасан бус ниссэн байдаг байна шүү. Энэ бол гайхамшиг. Навч бүхэн газар унадаг байхад ганцаараа өөдөө ниснэ гэдэг эр зориг уу, аль эсвэл ид шид үү. Аль нь ч биш ээ. Энэ бол яруу найргийн уран санаа.
Д.Равжаа хутагтын үед өнгө нь суларч, Инжинашийн үед улаан болсон энэ навчийг Монголын яруу найрагт анх удаа тэнгэр өөд “нисгэсэн” яруу найрагч бол Д.Урианхай. Энэ бол яруу найргийн нээлт. Навч цэцэг мөчрөөс тасарч газар унах нь байгалийн жам. Харин навч цэцэг газар уналгүй “тэнгэр өөд ниснэ” гэдэг уран санаа. Яруу найрагч хүний сэтгэл уруу дөхөж байгаа алхам. Чингэснээрээ байгалийн навч шүлэг болон хувирч байгаа хувьсал. Яруу найраг гэдэг бол чин үнэн сэтгэлийг чин үнэн зүрхнээсээ гаргаж хүний чин үнэн сэтгэл зүрхэнд хүргэх хөдөлгөөн. Тийм учраас урлаг, уран зохиолын шинэчлэл ямагт чин зүрхнээс ундардаг. Уран зохиолын шинэчлэл гэдэг бол шинээр “навч” бүтээхийн нэр ч бас биш юм. Өнө эртний, он цагийн навчсан дунд дарагдсан навчийг хөдөлгөхийн нэр. Хувьсган өөрчлөхийн нэр.
Мэдээж уран зохиолд шинэ “навч” бүтээж болно. Гэхдээ нялх ногоон өнгө нь тийм ч амархан сулрах нь юу л бол. Наслах насаа насалчихсан улаан шаргал навч болтлоо цагийг элээдэг байж ч мэднэ. Уран зохиолын навч цэцэг байгалийнхаас огт өөрөөр хувьсан өөрчлөгддөг. Шинээр бүтээсэн навч жинхэнэ уран зохиолын навч болж хөдөлгөөнд ортол зай их бий. Харин өнө эрт уран зохиолын навч болчихсон навчийг хөдөлгөх нь илүү хялбар, илүү өгөөжтэй байж магадгүй. Чухам үүнд л уламжлал шинэчлэлийн утга оршино. Энэ л зарчмаар урьд өмнөхөө хувьсган өөрчилсөөр сонгодог уран зохиол бий болсон. Ер нь уран зохиолд байгаль дээр байдаг навч цэцгийг дууриалган навч цэцэг бүтээх нь нэг их чухал бус, харин түүний оронд байгалийн бүтээгдэхүйн хуулийн зарчмаар навч цэцэг бүтээх нь илүү чухал. Урлаг, уран зохиол гэдэг бол бодот үзэгдэл юмсыг хувьсган өөрчилж сайхныг бүтээх үйл. Монголын уран зохиолд анх удаа өөдөө ниссэн энэ улаан навч, өөдөө нисэхийн гайхамшгийг мэдэрсэн шар, цайвар, олон навчийг өөдөө нисэхэд нь дууриалал болсон нь харагддаг. Дууриахаас ч өөр арга тэдэнд байгаагүй. Хүн төрөлхтөний ниссэн үйл бүхэн бусдыг дууриасан дууриалал. Орчлонд нисдэг амьтан байгаагүй бол өнөөгийн нисч байгаа бүхэн нисэх гэгчийг мэдэхгүй байх байсан нь мэдээж.
“Галын дөл шиг
Ганц улаан навч” ч ялгаагүй бусдыг дуурайж л ниссэн. Гэхдээ уг шүлгийн оньс нь нисдэггүй байсан навчийг нисгэсэн бус, зөрөлдсөн хоёр хөдөлгөөнд оршиж байгаа юм. Уулын бэл уруу уруудаж яваа хүн өөдөө нисч яваа навчтай тааралддаг. Чухамхүү энэ өөд уруугаа зөрсөн хоёр хөдөлгөөний учрал л энэ шүлгийг хөдөлгөөнтэй болгож, энэ хоёр хөдөлгөөний учрал нь уг мөрүүдийг шүлэг болгож далд буй утга санаанд нь хүргэж байгаа билээ. Уг шүлэг хөдөлгөөнийг дүрсэлсэн шүлэг. Уулын оргилд хүрчихээд бэлийг нь хүсэн уруудаж яваа хүн, бэлээс оргилыг хүсэн тэнгэр өөд нисч яваа навчны зөрөлдсөн хоёр хөдөлгөөнөөр хүний хүслийн хөдөлгөөнийг илэрхийлжээ. Энэ бол ирэхүй ба одохуй. Ганц ирэхүй нь ирэхүйгээс өөр юүг ч илэрхийлж чадахгүй. Одохуй ч мөн адил. Ирэхүй одохуй хоёр нийлж байж гэмээнэ утгыг бүрэн илэрхийлнэ. Тийм ч учраас уран зохиол сайн муу, сайхан муухай, баяр гунигийн нийлэмжээс бүрэлдэн цогцлодог. Харин энэ
“Галын дөл шиг
Ганц улаан навч” яах гэж “тэнгэр өөд нисч явна” вэ? Хөдөлгөөнд орсон бүх юманд зорилго байдаг. “Тэнгэр өөд нисэхийн зорилго нь “ юу юм ?
6
1991 он
“Ганцаар цайвар навч шөнийн гүнд
Газар хайсан далайн бялзмар шиг ниснэ” гэж Г.Аюурзана “Урт шүлгийн төгсгөл” хэмээх шүлгэндээ бичсэн. Мөнөөх улаан навч маань мөн үү. Яагаад өнгө цайв ? “Шөнийн гүнд” улаан навч цайвар харагддаг юм болов уу. Биш юм гэхэд түүнээс өөр юу байх билээ. Ганц улаан навчнаас ондоо навч үүнээс урьд дээшээ тэнгэр өөд нисээгүй шүү дээ. Тэгэхээр мөн. Өнгө яах вэ хувцас сольж өмсөхийн л дайны зүйл. Хамгийн гол нь мөн чанар. Тэгээд ч “шөнийн гүнд” гэсэн байна. Шөнийн гүнд гэдэг бол шөнө дунд гэсэн үг. Шөнө дунд юм чинь өнгө яаж барин тавин ялгарах вэ. Там тум л харагдана. Тэгэхээр мөнөөх улаан навч энэ мөн. Харин “урьхан хонгор салхи” нь энд алга. Байх ч хэрэг үгүй аж. Салхи бол навчийг мөчрөөс тасарч тэнгэр өөд нисэхэд л хэрэгтэй. Түүнээс цааш салхи хэрэггүй. Энэ бол аль хэдийнэ арван хоёр жилийн өмнө ниссэн навч. Нисч яваа навчинд салхины хэрэг юун.
Тэр дундаа энэ “Ганцаар цайвар навчинд” салхины хэрэг огт байхгүй. Энэ бол салхинд тасраад, салхины эрхээр тэнгэрт гарчихаад, салхинд хөтлөгдөн агаарт хөвж яваа навч биш. “Далайн бялзмар мэт” нисч яваа амьд навч. Яагаад гэвэл дээрх хоёр мөрний дараачийн мөр нь “Жиргэх дуунд нь би өрөвдөл дэрлэж хөрвөнө” гэж байдаг юм. Жиргэж байгаа учраас амьд байгаа төдийгүй, амьд байгаа учраас жиргэж байгаа юм. Тэнгэр өөд нисч явсан навчийг амь оруулан “жиргээнэ” гэдэг бас л нээлт. Яах аргагүй яруу найрагчийн увидас. Авъяас билгийн үр. Монгол яруу найргийн “тэнгэр өөд нисч” явсан навчийг амь оруулан “далайн бялзмар шиг” жиргээсэн нь энэ. Яруу найргийн шинэчлэлийг гүйцээн төгөлдөржүүлж байгаа нь ч мөн энэ. Үүнээс хойш навч амь орон нисдэг юм гэхэд “Ганцаар цайвар навч”-ны дуугаар л жиргэнэ.
Навчинд амь оруулна гэдэг уран сэтгэлгээний чадал тэнхээ. Монголын уран зохиолын яруу найргийн сэтгэлгээний хөгжил юм. Д.Нацагдоржийн “Намар” хэмээх шүлгээс Д.Урианхайн “Галын дөл шиг…” хэмээх шүлэг хүртэл буюу мөчрөөсөө тасарсан навч тэнгэр өөд нисэх хүртэл дөчин дөрвөн жил байгаа бол тэнгэр өөд ниссэн навч амь орон жиргэтлээ буюу Д.Урианхайн навчны тухай шүлгээс Г.Аюурзанын навчны тухай шүлэг хүртэл арван хоёр жил байна. Энэ юуг харуулж байна вэ гэвэл бодот сэтгэлгээнээс хийсвэр сэтгэлгээнд ороход дөчин дөрвөн жил зарцуулсан бол хийсвэр сэтгэлгээг цааш хөгжүүлэхэд арван хоёрхон жил зарцуулагдсан байна. Эндээс бодотоос хийсвэр сэтгэлгээ уруу ороход ямар бэрх хэцүү болох нь харагдана. Энэ бол уламжлалаас шинэчлэл хүртэлх зай. Энэ зай бол навч унахаас, навч нисэн амь орж жиргэх хүртэлх хугацаа юм. Г.Аюурзанын энэ шүлэгт мөнөөх нэгэн хүсэл бас л харагдаж байна. Тэнгэрийг хүсэж ниссэн хирнээ, тэнгэрт гарсан хойноо буцаад газрыг хүснэ гэдэг амьд бүхний хүсэл. Газар буусан хойноо эргээд л тэнгэрт нисэхийг хүсэх нь мэдээж. Энэ бол оршихуйн зүй тогтол. Г.Аюурзана шүлгээ оршихуйн энэ зүй тогтлоор бүтээсэн нь:
“Жижигхэн хүү яваагүй
Энэ л хэвээрээ хорвоод ирсэн санагдана
Жинхэнэ намар цаг ч яг даа
Ингэж л дуусдаг сан” гэсэн төгсгөлөөс нь илт харагддаг. Дуусч байгаа намрыг эхэлж байгаа хавартай залгаад орхисон нь энэ. Энэ Д.Нацагдоржийн бичсэнчлэнгээр “Өтгөсийг үдэж нялхасыг угтахуй” юм. Харин Г.Аюурзанын шүлгэн дотор байгаа “Өрөвдөл дэрлэн хөрвөнө” гэсэн мөр чухам ямар учиртай юм бол. Өрөвдөхийн учир юун ?
7
2000 он
“Ганц улаан навч
Тийм дээр хөөрч
Газар алгадан унахад нь
Гараараа нүүрээ таглан
Тэсгэлгүй гашуунаар
Чиний тухай бодлоо” гэсэн Дашийн Оюунчимэгийн энэ нэгэн нэргүй шүлгийг уншаад би өрөвдөхийн учир энэ байна хэмээн бодохын сацуу арван хоёр жилийн өмнө өөдөө ниссэн мөнөөх улаан навч мөн байна, өнгө нь ч мөн, төрх нь ч мөн хэмээсэн юм. Тэгээд би энэ хоёр шүлгийг он дарааллаар нь сэтгэлдээ нийлүүлээд уншсан чинь бас нэгэн сайхан шүлэг болчихов. Толгой холболт, мөрөн дэх үгийн тоо, aйзам хэмнэл, мөр гишгэц нь цөм таарч байв. Ийнхүү сэтгэлдээ шүлэг нийлүүлэн унших нь надад таатай байлаа. Мэдээж, энэ шүлгийг бичсэн яруу найрагчдад энэ явдал таалагдахгүй. Тэдэнд хувийн өмчийн сэтгэлгээ нөлөөлж мэднэ. Гэвч одоо яая гэхэв, шүлэг зохиол гэдэг хэвлэгдэж нийтлэгдсэнээсээ хойш уншигчийн сэтгэлийн өмч болж, чамаас хөндийрөн хүнийшдэг хойно, яах ч аргагүй юм. Энэ мэтээр хичнээн шүлэг зохиол уншигчийн сэтгэлд хэд, хичнээн удаа нийлж салдагийг хэнбугай ч мэдэхийн аргагүй. Мэдээд ч яах билээ. Ер нь сайхан шүлэг зохиол уншигчийн сэтгэл зүрхэнд хонь хурга шиг л нийлчихсэн явдаг шүү дээ. Энэ бол нэг хүний бодот өмч, нөгөө нэг хүний сэтгэлийн өмч болчихож байгаа нь тэр юм. Тийм болохоор би энэ хоёр шүлгийг сэтгэлдээ нийлүүлснээр өөртөө нэгэн сайхан шүлэгтэй болчихож байгаа хэрэг. Харин яагаад ч юм төгсгөл нь “Чиний тухай бодлоо” гэдгээрээ бус
“Тэсгэлгүй гашуунаар
Чиний тухай бодож
Мэгшин уйллаа, би” болгоод сэтгэлд минь хадагдчихсан юм. Уншигч гэдэг ийм шүү дээ. Мэдээж уран зохиол талаасаа бол “Мэгшин уйллаа, би” гэдэг яах аргагүй илүүц. Гэтэл уншигч талаасаа бол хар аяндаа ийм мөр нэмээд уншчихна. Ингэх шалтаг ч бас бий.
“Гараараа нүүрээрээ таглан
Тэсгэлгүй гашуунаар
Чиний тухай бодлоо” гэсэн төгсгөлийн гурван мөрний “Гараараа нүүрээ таглан гашуунаар” гэсэн хоёр мөрний ард бичээгүй болохоос биш “уйллаа” гэсэн үг байгаа юм. “Гараараа нүүрээ тагласан” дүрслэл бол уйлж байгаа хүний төрх учраас тэр. Тэгэхээр энд юу харагдаж байна вэ гэвэл зохиол бүтээл гэдэг зохиолч, уншигч хоёрын хамтын бүтээл байдаг гэдэг нь л харагдаж байгаа юм. Үүнийг ухаарч мэдэрсэн зохиолч, зохиол бүтээлдээ хэлэх юмаа хэлэхгүйгээр хэлж, бичихгүйгээр бичдэг. Магадгүй зохиол бүтээл туурвина гэдэг бичихгүйгээр бичихийн нэр ч байж мэднэ. Шүлэг зохиол бичихийн хэцүү нь үүнд л оршино. “Мэгшин уйллаа би” гэхийн оронд “Гараараа нүүрээ таглан тэсгэлгүй гашуунаар чиний тухай бодлоо” гэж дүрслэн бичсэн нь тун олзуурхууштайгаар үл барам, чухамхүү жинхэнэ сонгодог уран зохиолын арга юм. “Ганц улаан навч тийм дээр хөөрч, газар алгадан унахад нь чиний тухай бодлоо” гэдгийн цаана мэдээж, хөөрхий хүмүүний үр л байгаа. Ганц улаан навчны гунигийн ааг энэ. Гуниг гэдэг юутай гашуун. Юутай гачлан. Харин “Газар алгадан унасан” энэ улаан навч дахин тэнгэр өөд нисэх болов уу.
8
2000 он
“Тэнгэрт ургадаг моддын
Тэмдэгт навчин гэгэлзэхэд
Энд намар болдог” гэж Л.Өлзийтөгс бичсэн. “Тэнгэр өөд ниссэн ганц улаан навч” тэнгэрт хүрээд тэндээ мод болон ургасан нь энэ. Тэнгэрт хүрэх ёстой байсан зорилгодоо хүрчээ. “Тэмдэгт навчин” гэдэг бол мөнөөх улаан навчийг хэлж байгаа юм. Энд өнгө дурдагдаагүй. Тэнгэрийн мод юм чинь навч нь өнгөгүй байх. Өнгөтэй байлаа гэхэд бидний мэдэхгүй өнгө байна. Гэвч энд өнгө гол биш. Байгалийн навч, уран зохиолын навч болохоор оюун санаа уруу дөхөх тусмаа өнгө нь суларсаар өнгөгүй болно. Жинхэнэ уран зохиолд өнгө, хэлбэр дүрс, дуу чимээ мэтсийн гадаад төрх үгүй болж дотоод төрх буюу сэтгэл санааны төрх илүү чухалчлагддаг. Тэр тусмаа найрагчийн тэнгэрт ургасан модны навчинд өнгө байх ёсгүй. Өнгө байвал сэтгэлийн өнгө л байна. Тэгэхээр энэ бол тээр эрт, 1979 онд “Тэнгэр өөд ниссэн ганц улаан навч” тэнгэрт хүрч тэндээ мод болон ургасан нь энэ. Тэнгэр өөд ниссэн навч тэнгэрт хүрэх л ёстой байсан юм. Зорилгодоо хүрчээ. Зорилгодоо хүртлээ хорин нэгэн жилийн урт замыг туулжээ. Энэ хорин нэгэн жил бол “тэнгэр өөд ниссэн навч” амь орон “далайн бялзмар шиг” жиргэсэн он жил, жиргэж жиргэж дээшээ улам цааш тэнгэр өөд ниссэн он жилүүд. Энэ хугацаа бол газрын навч тэнгэрийн мод болон ургах хугацаа буюу уран сэтгэлгээний нэг дүр дүрслэл бүрэн гүйцэд боловсорсон цаг хугацаа. Хүрсэн оргил. Эцсийн үр дүн.
Газрын навч тэнгэрт мод болон ургахаас өөр цааш явах зам байхгүй. Яруу найргийн шинэчлэлийг гүйцээн төгөлдөржүүлнэ гэдэг энэ. “Тэнгэр өөд ниссэн” навчийг газарт буцааж унагалгүй, улам цааш нь нисгэн, тэнгэрт хүргэж тэнгэрийн мод болгон ургуулж чадсан яруу найрагч бол Л.Өлзийтөгс. “Тэнгэр өөд ниссэн улаан навч”-ийг анзаарч түүний явдал мөрийг цааш ургуулан, тэнгэрт аваачин мод болгон ургуулна гэдэг авъяас арвинтай уран бүтээлчийн бүтээх үйл. Одоо тэнгэрт мод ургадаг юм гэхэд Л.Өлзийтөгсийн л модны үр төл байх нь гарцаагүй. Энэ бол мөн л яруу найргийн нээлт. “Тэнгэрт ургасан модод” газрын моддын үр сад гэдгийг Л.Өлзийтөгс баталсан юм. “Тэнгэрт ургадаг моддын тэмдэгт навчин гэгэлзэхэд энд намар болдог” гэсэн мөрүүд доторх “тэмдэгт навчин гэгэлзэхэд” гэдэг мөр их учиртай мөр. “Гэгэлзэх” гэдэг үг бол хүнээр бол тогтож, сууж чадахгүй, орж гарахын нэр. Навчаар бол мөчир дээрээ дэрвэлзэн дэрвэхийн нэр.
Тэнгэрийн модны навчис дэрвэлзэн дэрвэж байна гэдэг бол газраа санан уйтгарлаж байгаа явдал. Ач үрсээ тэнгэрт аргамжаатай ботго шиг дэрвэлзэн гэгэлзэхээр нь газрын модод бөн бөн уйлж, бөөн бөөн навчин нулимс унагадаг байх. Газрын моддыг навчисаа бөн бөн унагахаар тэнгэрт ургадаг модод гэгэлзэж бөөн бөөн навчис унагадаг байх даа, хөөрхий. Орчлон гэдэг мөн ч хатууяа. Тэнгэрт байх ч хэцүү. Газарт байх ч хэцүү. Хаа ч байх хэцүү. Хаа ч байх хэцүүгээс хэцүү юм гэж ер байдаг болов уу. Ийнхүү хэцүү бүхэн цаашилсаар орчлонд байх ч хэцүү, байхгүй байх ч хэцүү болно. Ай хөөрхий юутай хэцүү. Гэтэл энэ хэцүү бүхэн байдаггүйсэн бол урлаг, уран зохиол хэрхэн байх билээ. Тийм л учраас энэ хэцүү бэрх бүхэн уран зохиолын амин сүнс нь болж байгаа юм. “Тэнгэрт ургадаг моддын тэмдэгт навчин гэгэлзэнэ”. Гэгэлзэх тэр навч мөнөөх улаан навчны үр сад. Хаа нэг газраа мэнгэ мэт улаан тэмдэг байгаа. Тийм улаан мэнгэтэй учраас “тэмдэгт” гэсэн хэрэг. Улаан навч тэнгэрт хүрч мод болон ургасны баталгаа нь энэ. Ийнхүү мөнөөх улаан навч тэнгэрт гарч тэндээ тогтоод мод болон ургажээ. Навчны хөдөлгөөн ингээд дууссан гэж үү.
9
2001 он
“Цаг хугацааны тэнгэрт
Цагаан навчис бужигнана” гэж залуу яруу найрагч С.Түвшинжаргал “Есдүгээр сарын навчсын ганганаа” хэмээх номондоо бичсэн. “Тэнгэрт ургадаг модод”-ын навчис энэ. Д.Равжаа хутагтын айлдсан “навч цэцгийн дуртмал өнгө сулрах” ёсоор улаан өнгө нь цагаан болжээ. Мөн чанартаа мөнөөх улаан навч төрөлх газартаа эргэж ирж байгаа нь энэ. Навчны хөдөлгөөн зогссонгүй. Ертөнцийн үзэгдэл юмсын тойрон эргэлдэх жам ёсоор эхлэлдээ хүрч иржээ. Юм эхлэлдээ ирнэ гэдэг төгсгөл биш, эхлэл. Түүнд төгсгөл гэж байхгүй, зөвхөн эхлэл л бий. Эхлэл бүхэн эхлэлийн эхлэл. Газраас дахиад л дээшээ тэнгэр өөд нисэх ёстой. Өөдөө явж байгаа бүхэн баяр хөөртэй. Уруугаа явж байгаа бүхэн уйтгар гунигтай байдаг. Гуниг гэдэг элсэнд шингэсэн усны уйлсан нүд шиг нойтон мөр. Учраад хагацсан амраг. Зовлон гэдэг ямагт үр дүн. Ямагт өнгөрсөн. Жаргал гэдэг газрын мөрөөдөл, тэнгэрийн хишиг. Ямагт эхлэл. Ямагт ирээдүй. Ирээдүй учраас жаргал гэдэг үр. Энэ үрнээс гуниг төрнө. Жаргал гэдэг гунигийг төрүүлэгч. Тэнгэр бол жаргалын өлгий. Тэнгэрээс унасан үр газарт баяр баясгалан болон ургана. Ургахын баяр унахыг, гунигийг төрүүлнэ. Намрын навчис тэнгэр мөрөөднө. Өөдөө ниснэ. Нисэхийн жаргал амсана. Тэнгэрт гарна. Газрыг мөрөөднө. Жаргалаас зовлон, зовлонгоос жаргалын зүг навчис хөдөлж Д.Нацагдоржийн бичсэнчлэн “Мянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй”.
10
2007 он
Навч гэдэг ийм аж. Салхи гэж тийм аж. Алдаж гээгээгүй юмны эрж хайгаагүй эрлийн эцэст нэгэн навч олж түүнийхээ түүх, явсан туулсан зам мөрийг нь мөшгин хөөх бус хөхсөн сүүгээр нь эхийг нь эрж олохыг эрмэлзсэн минь энэ. Гэтэл төөрсөн хурга эрсэн хүн шилэрсэн ингээ олохын дайтай зүйл болжээ. Монголын уран зохиолын ширэнгэ ойн дундах ганц, ганц навчнуудыг мөшгөн хөөсөөр явтал хар аяндаа энэ нэгэн улаан навчны тухай түүх бий болсон юм. Энд аль нь алинтайгаа төстэй хийгээд хэн нь хэнийгээ хөхөж вэ гэдэг нь сонин биш. Харин өөр өөр цаг үеийн янз бүрийн яруу найрагчдын бичсэн ганц навчны тухай шүлгүүдийг нэгэн зорилгод нэгтгэн зангидахаар нэгэн амь амьсгаатай, нэгэн бүхэл бүтэн цогц зүйл болчихож байгаа нь сонин. Олз нь энэ. Яруу найрагчид тал талаасаа үгсэн нийлж, хамжиж дэмжээд бүтээчихээгүй, уншигч миний л хүсэл зоригоор буй болсон нэгэн улаан навчны түүх энэ. “Намрын хонгор салхи ирэхэд” мөчрөөсөө тасарч, хэзээ, хэрхэн, яаж “тэнгэр өөд нисч” хэзээ, хэрхэн, яаж “жиргэн”, хэзээ, хэрхэн, яаж “тэнгэрт мод болон ургаж”, хэзээ, хэрхэн, яаж газар уруугаа буцсан тухайг нь үгүүлсэн түүх. Навчны энэ түүх бол уран бүтээлийн бүтэж бүрэлддэг зүй тогтол. Ийм зүй тогтлын дагуу бүтээл бүтэж буй болдог. Байгалийн нэг навч, уран бүтээлийн нэг бүрэн бүтэн навч болохын тулд газраас тэнгэр, тэнгэрээс газар хүрч, жаргаж зовж, зовж жаргаж байж гэмээн сая уран зохиолын бүрэн бүтэн навч болдог. Уран зохиолын навчнаас навч бүтээхийн санаа төрнө. Навч бүтээхийн санаанаас байгалийн бодот навч ургана. Энэ бол орчлон ертөнцийн бүтэн бүрэлдэхийн хууль. Бүтэн бүрэлдэхийн хууль ёсоор энэ бол эхлэл. Энэнээс л эхлэлийн эхлэл эхэлнэ.
Comments