Ийм л өдөр, ийм л ая зүрхэнд . . .


 "NO TO DEATH PENALTY"
Намрын сэрүүн эрт орж, жиндүүхэн сэвэлзүүр өдрүүд үргэлжлэх авч яагаад ч юм энэ өдөр турь муутай атлаа таатайхан нар ээж байлаа. Би өнөөдөр хэрэг гарган зориуд энд ирсэн билээ.   Мөнх бусын элэгдэлд тамир тэнхээ муудсан хөгшид хэлэлцсэн юм шиг Үндэсний түүхийн музейн урд байрлах хавчигдан шахагдаж аргаа барсан хүний дүрстэй хөшөөний дэргэд цугладаг нь тэртээх хар дарсан зүүдний биелэл гэлтэй үйл явдлыг “үл мартан үүрд дурсах” гэснийх биз ээ. Чухам ийм л өдөрт зорьж ийм нар манддаг буй за.
“...Залаатыг даваад лам нарын шар улаан алагласан давалгаа гарч ирэхэд өртөөнийхөн ч ажлаа базаан, угтахад бэлтгэдэг байсан гэнэ. Улаан шар л болохоос яг нуурын давалгаа давалгааж буй мэт давалгаалан харагдаж өртөөн дээр буудална. Хэдий баригдаад явж байгаа ч нутгийн хүмүүс болохоороо хянагч нарын хойгуур урдуур гарч таньдаг мэддэг хэн явж буйг мэдэхийг оролдон чадах ядахын хэрээрээ өл хоол залгуулахыг хичээдэг байжээ...”
Энэ дурсамж чухамдаа
  1937 оны есөн сарын аравны шөнөөс эхэлсэн өргөн баривчилгаанд төр, нам, соёл, олон нийт, цэргийн зүтгэлтэн, лам, хар гээд олон мянган хүн өртсөн үнэн мөн бөгөөд нэн гашуун түүхийг гэрчилж байна. Тэр бусармаг өдрүүдийг би харин өнөөдрийнх шиг сайхан өдөр байсан гэж яагаад ч төсөөлж чадахгүй нь. Учир нь он цагийн салхин сэвэлзсээр түүхийн шаргал хуудсыг 70-аад жилээр хуйлж, нийгэм цаг үеийн өч төчнөөн эргэлт нугачаанд мартагдахын тоос хангалттай дарсан ч нэрсийн дарааллаар нь буудан алдаг шигээ энэ аймшигт түүхийг  булшиж  чадаагүй байна. Чадах ч үгүй, хэзээ ч үл булшлагдах нь үнэн.
Үр хүүхэд хойч үед нь харин энэ хэрцгий явдал хэзээ ч үл мартагдам сэтгэлийн гүн шарх үлдээж, элэг дутуу амьдрахын түмэн бэрхийг дэндүү мэдрүүлжээ.
Мэдээ ороогүй байхдаа ааваасаа хагацсан, өвөө аав хоёр нь нэг дор буудуулсан, гэрийнх нь гаднаас тууж яваад эргэж ирээгүй гээд үл аних хагацлын шархтай тэд цаг бусаар өнгөрсөн аав ээж, эмээ өвөөгийгөө дурсан сэтгэлээ бага ч болов тайвшруулан наминчлах гэж, амьд байсан бол хичнээн их зүйл бидэндээ үлдээх байсан бол гэж, бузар булай тэр хэргийн хор уршгыг ганцхан өдөр ч болов олон түмэнд сануулах гэж сэтгэлийн чин дуудлагаараа цугларцгаадаг билээ. Түүнээс бус сэтгүүлч сурвалжлагч нарт нулимсаа бөмбөрүүлэн ярилцлага өгч, хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ гэх төрийн өндөрлөгүүдийн оролцсон “ёс төдий” зүйлийг дахин үзэх гэсэндээ биш юм. Ямартай ч тэд гашуудлын аянд толгой гудайлган алхаж, Цаазын ялгүй Монгол улс гэсэн энэ өдрийн хувьд даан ч “хожимдсон гэмээр” бичигтэй хөшөөндөө мөргөн, цэцэг өргөөд нар зөв тойрохдоо сэтгэл нь өчүүхэн ч атугай амарч байгаа харагдсан. Гэхдээ л тэдний гомдол одоог хүртэл тайлагдаагүй яваа. Цагаан номонд оруулан цагаатгаад, сая төгрөг өгсөнөөр тэдний гомдол тайлагдчихна гэж төр маань буруу бодоогүй л баймаар даа. Нээрээ л гэм зэмгүй 35000 хүнийг хорооно гэдэг бодохоос л дотор харанхуйлам үйл явдал ажээ. Одоо  цаг үеийн байдал ч гэсэн ороо бусгаа л байна. ..Манлай ван, чин ван Ханддорж гээд улмаар Зориг, Наранцацралт бүр наашилбал Д.Баасан ламын хэрэг ч гэдэг юм уу учир нь үл олдох зүйл энд тэнд гарсаар л байна. Хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр өнөөдөр ч биднийг жиндээсээр байгаа бус уу. Энд цуглагсадын гомдол жил ирэх тусам ихсэн, сэтгэл нь эмзгэрч байгаа нь энэ нийгмийн ороо бусгаа байдалтай холбоотой нь дамжиггүй юм.
Ойрд байгаагүй дулаахан тогтуун өдөр ажээ. Энэ  хүндэтгэлийн ёслолыг би анх удаа өөрийн биеэр үзэж байгаа юм.  Гэвч түрүүчийн гашуудлын ая одоо болтол тархинаас гардаггүй ээ. Зүрх ч шимшрэх шиг... Ийм өдөр л ийм ая тархинд биш зүрхэнд шингэдэг ажгуу. Хэлмэгдсэн өвөг дээдсийн минь сүнс амгалан оршиг.
1 http://www.monkey.mn/read//28596/

Comments

сайн оюутан байна ш дээ
ах нь чиний блогоор орж ирж байнаа
бас блогтоо нэмчихлээ байнга юм бичиж байгаарай

амжилт хүсье.
Баярлалаа таньд. Гол нь би блогийнхоо нэрийг өөрчилсөн чинь алдаа заагаад байгаа юмаа. Та Blog list гэж нэмэлгүй Link list гэж нэмбэл минийх холбогдож байгаа. Засах гээд үзээд л байна. Холболт хийхээр хуучин нэрээрээ ороод алдаа заагаад байх юм.
аан тэгээд байсан юм уу? мэдлээ ок