Ерээд оныхон нэг их гайхалтай зүйл бүтээсэн юм биш, тэд “сахилгагүйтэж”, үүнийг нь би жаахан “өгдөөсөн” төдий


Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор Д.Галбаатартай уулзаж, ярилцлаа.


-Уран зохиолын шүүмжлэгчид өдгөө “Улаан ном”-нд ортлоо цөөрч, байгаа хэд нь ажин түжин байх болж. Таныг бүр сураг алдарсан хүмүүсийн тоонд оруулчихсан байлаа шүү.
-Уран сайхны шүүмж бичигдэхгүй, бичсэн ч гарахаа байж, шүүмжлэгчид нам гүм байх болсоны цаад учир шалтгаан нь эдийн засагтай холбоотой. Урьд шүүмжлэгчид хөдөлмөрийн хөлсөө авдаг байв. Одоо тийм зүйлгүй болсоор удаж байна. Хэн нэгний халтар ном барьчихаад шүүмж бичиж суудаг тэнэг толгой энэ цаг үед байхгүй л болов уу. Тиймээс шүүмжлэгчид онолын болон суурь судалгааны салбарт ажиллаж, аж төрж байна. Энэ нь шүүмжлэгчид байхгүй болсон гэсэн үг биш, бид хэд хэдэн үеэрээ байж л байна.
-Гэлээ ч Өнөөдөр та Монголын уран сайхны шүүмжлэлийн салбарын нэртэй төлөөлөгч хэвээр байна. Олигарх гэдэг үгийг хүмүүс янз бүрээр л ойлгож, хүлээн авдаг байх. Төр түмний толгой дээр бус мэргэжлийн салбартаа ноёрхогч гэвэл тийм ч муу утгатай үг биш шиг. Та монголын уран зохиолын олигарх мөн үү?
-2002 онд Токиогийн их сургуулиас буцаж ирэх үед нэг сонинд намайг уран зохиол дахь олигархын тоонд оруулаад, тэр дугаарыг манай сургуулийн анги танхимд тарааж байсныг санаж байна. Тэгэхээр би албан ёсны олигарх (инээв). Улс төр, бизнесийнхэн шиг луйвар залилан хийдэг биш олигархууд урлаг, соёл, уран зохиол, шинжлэх ухаанд ч байдаг. Тэд тухайн салбартаа дээд төвшиний, нэг ёсондоо ноёлох байр сууринд хүрсэн хүмүүс юм. Миний үеийнхэн буюу С.Байгальсайхан, С.Энхбаяр нар ч онолын салбар дахь олигарх ш дээ.


Гэхдээ хүмүүс “Хөөе, олигарх гуай” гэж нүд чичлэхгүй нь сайхан юм даа. Үг улс төржихөөрөө ийм болдог юм. Надтай уулзахаар өдөрт тав, түүнээс ч олон зочин ирдэг. Тэд бүгд утга зохиолын хүрээнийхэн. Би ийм л нэг олигарх даа.
-Та өнөөдрийг хүртэл ер нь хэчнээн номонд өмнөтгөл бичсэн бэ?
-Юу шалиа аж, 20 гаруй л байх. Гайгүй явж буй залуусын номонд бичихийг хичээдэг.
-Монголын уран сайхны шүүмжлэлийн салбар өдгөө номонд өмнөтгөл бичихээс хэтрэхгүй болж гэсэн яриа яваад байх юм. Үүнтэй та санал нийлэх үү?

-Энэ үнэн. Тийм шалтгааныг нь дээр хэлсэн ш дээ. Уран сайхны шүүмжлэл зогсонги байдал орсон. Хэн дуртай нь элдэв юм сараачаад шүүмжлэгчид рүү гүйж, магтаалын үг бичүүлнэ. Саяхан болсон МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн хурлаар яг энэ асуудлыг хөндөж ярьсан. Шүүмжлэгчдийн бүтээлийг үнэлгээтэй болгох тухай. Зарим дарга шүүмжлэгчид “баяжчихна” гэж айж байх шиг санагдсан. Нөгөө нэг хүчин зүйл нь бүх сонин сэтгүүл сенсаац хөөж, зар тавиад, тэдэнд уран сайхны шүүмжлэлд гаргах зай талбай байхгүй болсон. Улс төрийн хов жив, бөгс бөөр, хулгай дээрэм бичиж, хэн нэгний нэр төрийг гутаахаас өөр юм сонирхохоо больсон юм биш үү. Тиймээс шүүмжлэгчид дуугаа хурааж, үзгээ амраан хашрааж байгаа юм, та нар шүүмжлэлийг унагаад үз гэж. Шүүмжлэлгүй уран зохиол бол согтуу, солиотой хүн жолоодсон машин л гэсэн үг. Тийм машин хаана ч онхолдож мэднэ. Монгол уран зохиолыг ачаад оршуулгын газар руу давхиж байж ч мэднэ. Уран зохиол бол тэр үндэстний түүх, соён гэгээрүүлэл нь юм.
-Одоо зохиолчид өөрсдөө гүйгээд л, шүүмж бичээд өгөөч гэж ичих ч үгүй хэлдэг болсон. Тэгэхээр зориод ирсэн хүнийг улайм цайм “балбачихаж” болдоггүй хэцүү ч ажил юм даа. Зохиолч яахав дураараа л бурна, сараачина. Ингэхээр шүүмжлэлийг зориуд үнэ цэнгүй болгоод байх шиг санагддаг.
-Тийм ч байх. Ихэнх нь магтаалд дуртай. Жишээ нь миний шавь оюутан “Багшаа, би анхны номоо гаргачихлаа” гээд бариад ирнэ. Тэдэнд миний дэмжлэг, нэр хүнд хэрэгтэй байгааг ойлгодог. Тэд өөрийгөө олох гэж алдаж, онож яваа. Би ч багш нарынхаа хүчээр л хүн шүү юм болсон доо. Би шавь нартаа туслах үүрэгтэй. Залуу хүн анхныхаа номыг гаргаж, жин багцаагаа үзэх гэж байхад би өмнөтгөлд нь “Гөлийсөн шаар минь, энэ чинь болохгүй байна” гээд бичвэл сайхан байна гэж үү. Тиймээс энэ бол шавьд гаргаж байгаа багшийн халуун сэтгэл юм. Харин магтаал хүсэгч “насанд хүрэгчид”-ийн хувьд бол хаалттай. Тэдэнд зориулсан бичвэр бол шүүмж юм. Шүүмжлэгчид ямагт үнэний талд зогсдог. Гэхдээ хааяа танилын нүүр халуун гэгчээр “залиас” гишгих юм амьдралд байлгүй дээ. -Ингэхээр нэрээ ашиглуулж байгаа таны нэр хүндэд халтай хэрэг биш гэж үү?
-Энд нэг зүйлийг давтаж ярих хэрэгтэй. Номын өмнөтгөл нь шүүмжлэлийн нэг жанр боловч, шүүмжлэхийг урьтал болгодоггүй юм. Голцуу тухайн бүтээлийг хүмүүст танилцуулах, санал болгох, сайхны сэдэл өгөх зорилготой, нэг ёсондоо хөтөч маягийн бичвэрийг хэлдэг. Жинхэнэ шүүмж, шүүмжлэлийн өгүүллүүд нэр хүндтэй, том хэвлэлүүдэд гарч байх ёстой. Тэр хүрээнд хэнээс ч хараат бусаар тухайн зохиолчийн бүтээлийг шүүн, үнэлэх гэсэн үг. Уран сайхны шүүмжид зөвхөн үнэнийг бичнэ. Үнэхээр сайн бүтээл байвал түүнийг тэнгэрт тултал нь магтаж, авах юмгүй номын эзнийг уран зохиолын хаалгаар дахин дахин шагалзаад байхааргүй навсайлгах боломжтой. Шүүмжлэл нь муушаал бус, үгүйсгэ биш үнэний егөө, шоглол мөн. Энэ нь буян үйлдэж буй хэрэг бөгөөд тухайн хүнийг чадахгүйн зовлонгоос нь ангижруулж буй хэрэг. Гэхдээ ийм маягийн шүүмжлэл нь анхны номоор шийдэгддэг асуудал биш, ихэнх шүүмжлэгч цөөн тооны зохиолчийг сонгоод, түүний өсөлт, бууралтыг анхааралтай ажиглаж, залж, чиглүүлж, бас судалдаг. Түүнээс хүн болгон руу нохой шиг боргоод байвал өөрийн итгэл үнэмшилгүй, уран сайхны үзэгдлийг задлан шинжлэх чадваргүйг харуулахаас хэтрэхгүй. Би хувьдаа Д.Норов, До.Цэнджав, Ц.Бавуудорж, Г.Аюурзана, Ж.Баяржаргал, Б.Галсансүхийн ном зохиолд илүү татагддаг. Учир нь бидний үзэл ойлголт ойр төсөөтэй, ойлголцоход амар. Мөн уран зохиолын талаарх мэдлэг, онол сэтгэлгээний чиг хандлага, төвшин ойролцоо учраас бүтээлийг нь мэргэжлийн үүднээс тайлбарлах, ойлгоход хялбар.
-Монголын уран зохиолын ертөнцийн үүд хаалгыг өм цөм өшигчин орж ирсэн ерээд оныхон өнөө цагийн уран зохиолын нүүр царайг тахалж байна. Таныг 1990-ээд оныхныг өлгийдөж, тэднийг цээжээрээ хамгаалсан хүн гэдэг. Тэр нь чухам юу юм бэ, таны нөлөө байсан уу?
-1990-ээд оныхон өөрсдөө л над дээр ирсэн. Цагийн тохироо байсан биз дээ. Намайг Москвагаас ирэхэд хол ойр явж, арай өөр зүйл үзэж, сонссон болов уу л гэж ирцгээсэн байх. Орост ардчилсан хувьсгал болж, тэр үеийг хүртэл оросууд үзэл сурталд баригдмал, барууны философи, уран зохиолоос таслагдмал хэвээр л байсан. Гэхдээ их гүрэн их л байдаг юм байна гэдгийг би хувьдаа ойлгосон. Бүх салбарын эрдэмтэд нь барууны болон америкийн дуулиан шуугиан дагуулсан соёл, уран зохиол, шинжлэх ухааны гол чухал бүтээлийг аль хэдийнэ орчуулаад ширээнийхээ нүдэнд хийчихээд цаг өөрчлөгдөхийг хүлээж байсан юм билээ. Богинохон хугацаанд асар их ном хэвлэгдсэн. Үүний нөлөө туяа надад их, бага ямар нэг хэмжээгээр туссан байж мэднэ. Ямар ч байсан надад итгэж, найдаж ирсэн тэдгээр залуус дутуу зэмдэг мэдлэгтэй, хөдлөшгүй ганц үхмэл онолтой хол явахгүй, дэлхийн нийтийн уран зохиолыг ядаж төсөөлдөг байх учиртай гэдгийг л хэлсэн. Уран зохиол чинь жинхэнэ ид шидийн хүчний бөөгнөрөл, хэзээ ч үхдэггүй амьд үйл явц. Цагийн жамаар олон зүйл өөрчлөгдөж болох ч дэлхий сөнөх хүртэл уран зохиол амьд оршсоор байх биз.
-1990-ээд оныхон анх гарч ирснээ бодвол нэг л мохсон юм шиг харагддаг. Тэдний зохиол, бүтээлийн талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Өөдрөг. Монгол уран зохиолд эрх чөлөө, үзэл санааны асар том өөрчлөлт хийсэн залуус. Монгол уран зохиол сонирхолтой, олон талтай, өрсөлдөөнтэй, хачин сонин болсон ш дээ. Тэдний араас манай сургуулийнхнаас голдуу бүрдсэн “Хөх мэдрэхүй”-нхнээс эхлээд гээд хэчнээн ч олон өнгө төрх, сэтгэлгээ, ур чадварын нарийвчлалтай бүлэглэлүүд бий болов. 1990-ээд оныхон одоо төлөвшсөн. Өөрсдийн байр суурьтай, сэтгэлгээний хэв маяг тогтож, томоохон бүтээл рүү орцгоож байна. Хэсэгтээ л тэднийг та нар дагаж давхихаас өөр аргагүй л болов уу даа. Голлоо гэж бүү бод. Цагийн жам гэж нэг үл дийлдах хүч буй. Өнөөдөртөө цагийн цааз тэдний талд байна.
-Та болоод таны үеийнхэн ямархуу явна даа. Жаахан гундангуй юм шиг...
-Гундаад байх ч юу байхав. Д.Норов, Д.Төрбат, Б.Цэнддоо, З.Түмэнжаргал, С.Байгальсайхан, П.Баярсайхан, Ц.Түмэнбаяр, О.Содномпил гээд ид л байна даа. С.Дулам багшийн дугуйлангийнхан гээд манаргаж л явлаа. Ш.Гаадамба, Ц.Хасбаатар, Ц.Мөнх, Д.Цэнд, С.Лувсанвандан зэрэг ахмад үеийн шүүмжлэгчид, түүний дараа үеийнхэн болох Х.Сампилдэндэв, Б.Цэдэв, Д.Оюунбадрах, С.Лочин, Ш.Цэнд-Аюуш нар надад маш их итгэл хүлээлгэсэн. Багш шавь, ах захын ёсоор дэмжиж байсан нь өдий зэрэгтэй явахын үүтгэл шалтгаан байлаа. Энэ хүмүүсийн ачийг би тэдэнд өөрсдөд нь хариулж барахгүй ч өөрөөс минь үг сонсдог шавь нартаа дамжуулан өгөхийг л хүсдэг. 1990-ээд оныхон нэг их гайхалтай зүйл бүтээсэн юм биш, тэд “сахилгагүйтэж”, үүнийг нь би жаахан “өгдөөсөн”. Тэд жамаараа өсөж, өндийсөн. Сахилгагүйт, чөлөөтэй сэтгэ, өөрсдийгөө нээ, бодож байгаа зүйлээ чөлөөтэй илэрхийл, ном үз л гээ биз дээ. 2000 оныг хүртэл тэднийг нийгэм тийм ч таатай хүлээж аваагүй. Хэдэн хөөрүү сагсуу юмнууд, эдний зохиол гэж юу байдаг юм гэх янзтай хандаж байх шиг санагдаж байсаан. Одоо бол тэднийг уншигчид хүлээж байна. Ж.Баяржаргал, Б.Галсансүх, Х.Чилаажав, А.Эрдэнэ-Очир, Ц.Бавуудорж, М.Уянсүх, Д.Энхболдбаатар, Ц.Хулан, Г.Аюурзаныг хүлээж авахгүй гээд яах юм бэ? Уран зохиол мөнхийн боловч нэг үеийнхэн гэдэг цаг хугацааны үзэгдэл, тодорхой цаг хугацааны дараа уран бүтээлчид аяндаа өөрсдийгөө давтаж эхэлдэг. Тэгээд хуучирдаг. Зарим нь үлдэнэ, зарим нь мартагдна. 1990-ээд оныхон одоо өндөрлөгт гарсан. Тогтонгишиж, сахилгагүйтлээс илүү ухаан нь түлхүү болж. Энэ цэнэгээрээ тэд ахиад 10-20 жил явна. Гэвч 1990-ээд оныхонд дахин тэсрэлт хийх боломж тохиолдохгүй. Харин танай үеийнхэнд сахилгагүйтэл үнэхээр алга. 1990-ээд оныхон гарч ирсэн тэр төвшнөөс илүү өндөрт нисэх магадлал бага. Магадгүй уянгын тал руу гүнзгийрэх, сэтгэлийн ертөнцөд хүнийг шинжлэх, үүнийгээ уянга сэрлийн, мэдрэхүйн шинэ орон зай руу чиглүүлбэл амжилт олно. Нэг ёсондоо 1990-ээд оныхны уриа тунхаг болгож, бодож мөрөөдсөн зүйл нь уран бүтээлийн практикт танай үеийнхэнд өвлөгдөн, жинхэнэ ёсоор биелэлээ олох магадлалтай. Яруу найрагт Д.Нацагдоржоос Б.Явуухуланд, Б.Явуухулангаас Б.Лхагвасүрэнг дамжин 1990-ээд оны залуучууд нэг том тэсрэлт хийсэн. Үүнийг гардан хийгчид нь 1990-ээд оныхон. Тэдний тавьсан замаар та нарт жинхэнэ урлагийн эрх чөлөө нээгдсэн. -А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг төгсөж ирэхдээ та мэргэжлийнхээ хувьд өөртөө ямар зорилго тавьсан бэ?
-Би 1983 онд их сургууль төгсөхөд манай тэнхмийн эрхлэгч С.Лувсанвандан, орлогч эрхлэгч С.Дулам багш нар багшлах санал тавьсан. Тэр үед Боловсролын яам томилолт өгдөг, Сайдын зөвлөлийн хурлаар орж байж багш болдог байлаа. Гэвч ямар нэг ойлгомжгүй учир шалтгаанаар би МУИС-д биш Ховдын багшийн дээд сургуульд томилогдсон. Хэрэв би тэр хурал номоороо болж, МУИС-д багшлах болсон бол Москвагийн Их Сургуулийн онолын тэнхимд нэг жил уран зохиолын онол, ном үзэж, улмаар Горькийн сургуульд сурах хувьд дутах байсан юм билээ. Миний энэ аялал надад асар их юм ойлгуулсан. Төгсөж ирээд Их сургуулийн гудамжаар алхаж яваад С.Дулам багштай таарахад Утга зохиолын тэнхимд чиний орон зай байна гэсэн. Би ч их баярласан. 1991 оноос хойш тэнхимдээ ажиллаж байна. Зорилгын тухайд би ганц л юм хийж чадах юм байна гэдгээ ойлгосон. Онолын талын юм нэлээд үзэж, уран зохиолын өвөрмөц ертөнц, олон үндэстний зохиолчидтой хэдэн жил хамт аж төрсөн учраас онол болон практикийн зохих мэдлэгтэй болсон. Түүнийгээ залууст багшлаж түгээх зорилго байлаа.
-А.М.Горькийн сургуульд сурахаас өмнөх уран зохиолын талаарх бодол, төсөөлөл тань төгсөөд Монголдоо ирэхэд өөрчлөгдсөн байв уу?
-Уран зохиолын хувьд Орос, Монгол нэг л онолтой байсан. Гэхдээ М.Горькийн сургууль өвөрмөц, жинхэнэ утга зохиолын сургууль. Миний сурч байсан үед Орост хувьсгал дэгдэж, өнөө Цагаан ордны хамгаалалт, энэ тэр буудалцаан болж бид ч хөл хөөрцөг болж явлаа. Зөвлөлтийн Бүх Холбоотны Зохиолчдын Эвлэл задарч, профессор В.И.Гусев гэдэг мундаг багштайн хувьд уг хуралд оролцож байсан. Тэр задралын дараа түрүүн хэлсэнчлэн гаднын олон бодролтой танилцах боломж нээгдэж, түүний нөлөө, туяа надад тусаж байх магадлалтай. -МУИС-ийн Утга зохиолын тэнхим 30 жилийн ойн босгонд тулав. Түүхэн хөгжлийнх нь нэлээдгүй хэсэгт та энэ тэнхимд ажилласан, одоо ч хамт байна. Монголын зохиолчдын нэлээдгүй хэсэг энэ тэнхимтэй ямар нэг шижмээр холбогдсон байх?
-Миний багцаагаар бол Монголын зохиолчдын тал хувь нь МУИС-ийн Утга зохиолын дугуйлантай холбогдоно. Да, Ри, Га, Ха, Мө багш нарын үед манай тэнхим хэл шинжлэлтэйгээ хамт байсан. Зөвхөн утга зохиолын ангиас гэж байгаа хэрэг биш, Утга зохиолын оройн дээд сургуулийн төгсөгчид, бусад факультетэд суралцагчид, гаднаас ирэгсэд, монгол хэлний болон утга зохиол судлалын ангийнхан ч хамрагдана. 1981 оны намар намайг III курсын оюутан байхад манай тэнхим байгуулагдаж, эрхлэгчээр доктор С.Лувсанвандан, орлогчоор С.Дулам багш ажиллаж, Ч.Дагвадорж, Ж.Төмөрхуяг, Ч.Билигсайхан гээд багш нараа дурдаж болно. Ж.Төмөрхуяг багш 1990-ээд оныхныг оюун санааны хувьд цэнэглэхэд их үүрэг гүйцэтгэсэн хүн дээ. Манай тэнхим ерөнхийдөө судалгааны тал руугаа илүү. Одоо домог зүй, соёл, хүн судлалын чиглэлээр шинжлэх ухааны доктор С.Дулам багш, уран зохиол, сэтгүүл зүйн туурвил талаас доктор До.Цэнджав, Д.Батжаргал аман зохиолын талаас доктор Г.Нандинбилэг, орчин үеийн уран зохиолоор доктор Г.Галбаяр, С.Дашдэжид, эртний уран зохиолын талыг доктор Б.Хишигсүх, докторант Г.Нарантунгалаг нар мэргэшиж дээ. Шавь нараа зөвхөн багшийн замыг хөөлгүй, уран зохиолын сайн түүхч, онолч, шүүмжлэгчид болоосой гэж би хүсдэг. -Таныг уран зохиолын онолын томоохон толь бичиг бүтээж байгаа гэж дууллаа. Энэ ажлын явцын талаар сонирхуулахгүй юу?
-Өмнө нь би “Уран зохиолын онолын нэр томъёоны тайлбар толь” бичиж, нэмэн засварлаж дөрвөн удаа хэвлүүлсэн. Одоо барууны уран зохиолын онолын томоохон урсгал, чиглэлийн онолын үндсэн ойлголт, нэр томъёог багтаасан нэвтэрхий толь бичиж дууслаа. Дэлхийн томоохон их сургуулиуд өөрсдийн нэрийн онолын нэвтэрхий толь бичигтэй байдаг. Ер нь алив сургууль гэдэг нэг том дэг шүү дээ. Манай тэнхим ч өөрийн дэгтэй. Тэгэхээр МУИС-ийн МХСС-ийн нэрийн толь байх болно. Одоохондоо Монгол Улсдаа жишиг толь байгаасай гэж хийсэн юм.
-Та уран сайхны шүүмжлэл, онолын судалгааны их ажлынхаа зайгаар шүлэг, зохиол бичих гэж оролдож байв уу?
-Үгүй. Би багадаа хааяа шүлэг бичих гэж оролдож байсан юм байна. Энэ миний мэргэжил, хоолоо олж идэх салбар биш байсан учраас орхисон. Одоо харин туульсын зохиол бичмээр бодогддог. Энэ нь хүнд, урт удаан хугацаа шаарддаг, залхуу хүрэм ажил. Хэзээ нэгэн цагт тэтгэвэрт суухаараа л бичиж үзнэ дээ. Гэхдээ байдаг нэг зохиол биш. Би ВГИК (киноны дээд сургууль)-ийн оюутнуудад хэд хэдэн кино зохиол бичиж өгч байсан удаатай. Болмоор юм байна лээ.
-Уран зохиолын ертөнцөд тэсрэлт болохуйц зохиол бичнэ гэж үү?
-Тэсрэлт ч юу байхав, миний насны хүн тэсрээд хаа холдохов. Гэхдээ хааяа нэг дэлбэрч байхад болохгүй нь юу байхав. -Зохиол бичихэд тань шүүмжлэгчийн мэргэжил саад болох болов уу. Ядаж л чөлөөтэй “сахилгагүйтэх” боломж тэр бүр гарахгүй байх.
-Магадгүй. Гэхдээ нөгөө талаас нь харвал уран зохиолын хамаг эд эс, үе мөч бүхнийг гадарлахтайгаа болсон учраас тэнцвэржих болов уу гэж боддог. Ер нь уран бүтээлч хүн зохиолынхоо үйл явдлыг зөн билэг, төсөөллөөрөө баримжаалж шийддэг. Миний амьдралдаа сурсан ганц зүйл бол засварын тухай ойлголт. Ямар ч эрдэм шинжилгээний ажил, зохиолыг зохиолч нэг амьсгаагаар бичиж сурах. Дараа нь түүнээсээ 30 хувилбар гаргаж, эцсийн дүндээ нэг сонгомол эх гаргаж чадах чадвартай байх ёстой. Уран зохиол гэдэг тийм ч зөөлөн боорцог биш шүү.
Ярилцсан: Ж.Тэгшжаргал

Comments

Anonymous said…
taalagdlaa bultgeree
boloroo said…
uneheer sain yriltslaga.galaa bagsh ch mundag hun shuu...