Яруу найраг, заль хоёр нэгэн дор багтдаггүй



/Д.Нямдорж “Өвсний нүд” номонд/

Яруу найргийг бичдэг үү? зохиодог уу? гэдэг нэг асуудал бий. Хэн ч билээ нэг яруу найрагч “Би шүлэг бичдэггүй, шүлэг өөрөө төрдөг” гэж хэлсэн. Ер нь яруу найрагчид иймэрхүү зүйл нэлээд хэлсэн байдаг. Бид чухам энэ үүднээс залуу яруу найрагч Д.Нямдоржийн “Өвсний нүд” түүврийн тухай ярихыг хүслээ.
“Өвсний нүд”. Д.Нямсүрэн найрагч бодогдох шиг. За, энэ ч яахав! ХИЯН гуравт гэж нэрийдсэн шүлгийн талаар ярихаас өмнө “ХЭНИЙ Ч ИЛЭРХИЙЛЭЭГҮЙ ЯРУУ НАЙРАГ” гэж юуг хэлээд байгааг тодруулъя.
“...Өчүүхэн жижиг газрыг анхлан хагалсан хүнд лавтайяа хэцүү байсан биз. Тэрчлэн хамгийн анхны дууг зохиосон хүнд мэдээжээр хэцүү байсан. Харин мянган хүн газар хагалсны дараа мянга нэг дэх нь газар хагалахад амархан. Гэтэл мянган хүн шүлэг зохиосны дараа мянга нэг дэх шүлэг зохиоход илүү их хэцүү болно...[1] гэж Дагестаны ардын яруу найрагч Расул Гамзатов яруу найрагчийн хөдөлмөрийн тухай бодлогоширсон байдаг. Үнэхээр ч хэний ч илэрхийлээгүй яруу найраг бичнэ гэдэг хэн бүхний хүссэнээр болохгүй нь тодоос тод.
Уран зохиол, яруу найргийн урнаар дүрслэн үзүүлэх арга гэдэг бол  дөрвөн аргын тоо шиг энгийн зүйл огтоос биш. Нэгийг нэгд хуваахад нэг гарах ёстой. /1:1=1/ /Математикийн шинжлэх ухаанд/. Гэтэл ямар ч зүйлийг ганц хуваахад хоёр /доод тал нь/ л гарна шүү дээ! /1:1=2/ бас математикт 1+1=2 гарна гэж үздэг бол гоо зүйд 1+1=11 гарах ёстой. Цаг үетэйгээ эн зэрэгцэн хөгжиж /магадгүй түрүүлсэн/, дахин хэзээ ч давтагдашгүй уран сайхны өвөрмөц нээлтүүдээр баяжиж чадваас л ХИЯН шүлэг болох буй заа?!. Ингээд эхэлье!
“Тогтуун салхитай үдэш
         тогтоолд хөвөх навчис дээр
                          тэмээлзэгэнэ суун амсхийнэ” [79-тал]
Хэлбэрийн хувьд нэг л өгүүлбэр. Тогтоол усанд навч хөвөн, түүн дээр тэмээлзэгэнэ суужээ. Ердөө л нам гүм ноёрхон, амар тайван эгшин мэдрэгдэнэ. Мөн “өдөр”, “шөнө” алин болохыг мэдэхгүй ч тэр мөчид тогтуун салхитай байсан нь сүүлийн хоёр мөрөөс л шууд мэдрэгдмүй. Тийм ээ, эхний мөр яах аргагүй илүүц байна.
         “Тогтоолд хөвөх навчис дээр
          тэмээлзгэнэ суун амсхийнэ
                    Тогтуун салхитай үдэш /аж Х.Ч/”
гэж өөрчилсөн ч илэрхийлэх  утга баяжихгүй, бас гажихгүй. Бүр ч “ядмаг” болчихож байна. Яагаад гэдэг нь доорх жишээнээс тодрох юм.
“Өдөржин горхин дээр
Өлөн сүүдрээ барих гэж
Тэмээлзгэнэ  тонголзоно”[2] Японы сонгодог яруу найрагч эмэгтэй Тиёгийн энэ хайкуг Б.Явуухулан найрагч гайхалтай тайлсан байдаг:
“...Шүлгийг уншихад юуны өмнө тэмээлзгэний “өлөн сүүдэр” анхаарал татна. Тэрхүү тэмээлзгэний сүүдэр хүний сэтгэл санаанд толь шиг тунгалаг горхины ус, нарлаг халуун өдөр, салхигүй бөгчим нам гүм орчны зургийг тусгаж байна. Тэгвэл энэ шүлэг зуны өдрийн тухай шүлэг болох нь тодорхой бөгөөд зуны өдрийг өчүүхэн тэмээлзгэний сүүдрээр хичнээн гойд зурсан нь гайхамшигтай. Гэтэл энэ шүлэгт зуны өдрийн тухай үг дурсаагүй нь бүүр ч гайхамшигтай байна...[3] Уран зохиол хүнээр оньсого таалгаад хариуг нь хэлж өгч буй юм шиг хөөрхийлөлтэй байж болохгүй. Ялангуяа яруу найраг. Д.Нямдоржийн гуравтуудад  харамсалтай нь ийм шүлэг олон аж.
“Царцааны цахиурлаг дуун
цэцгийн өнгө гандаана
Цаанаа л нэг гунигтай” [96-тал]
Бараг тайлбарлалтгүй биз. “Цахиурлаг дуун”, “Гандаана” гэсэн үгнүүдээс л гуниг мэдрэгдэх ч “цахиурлаг” хэмээх үг шүлгээ хөнөөжээ. Ядаж “цахир” байвал намар цагийн уйт халууны бүгчим байдлын аяс нэмэгдэхсэн. ХИЯН шүлэг болж чадаагүй нь доорх харьцуулсан жишээнээс тодорно.
“...Цавьдартан ухаарах дэлхийн хөрс ногоон хуягаа тайлж
Царцаахайн час час хийх төмөрлөг дуу намрыг урин шагширна...”[4]
 Г.Сэр-Од “Намар”-таа царцааны дуу цэцгийн өнгө гандааж цаана л нэг гунигтай хэмээн “тайлбарлалгүйээр” час час хийх төмөрлөг дуу намрыг урин шагширна гээд л хэлчихэж. Цахиурлаг/Чулуулаг дуу гэж үү? Х.Ч/ гэхээс төмөрлөг дуу нь намрын хуурай, давчдам хийгээд  царцаахайн гаргах шаналгаат чимээг илтгэн буцах цагийн нэг л “хөндий зэврүүн” байдал мэдрэгдэнэ. Үүнийг харин хүний сэтгэлд ойртуулан эерүүлж царцааг “царцаахай”, царгилдан шаагих чимээгээр “намрыг урин” гэж дүрсэлсэн нь урлалын хувьд ч хол илүү болсон байна.
Оросын нэрт шүүмжлэгч В.Г.Белинский ”Яруу найраг бол дүрийг сэтгэдэг бөгөөд тэр нь үнэнийг нотолдоггүй харин дүрслэн үзүүлдэг[5] гэжээ.
Холоо арилжсан хүлэг
     хангинатал гадаа янцгаав
       Хавар ирчихжээ. [89-тал]
               Шаазгай хичнээн шагширлаа ч
   сураг чамаас хүлээхгүй.
                 Чи тийм хол явчихсан. [99-тал]
Ижил гэчихэд буруудахааргүй энэ хоёр шүлгийг уншихад орчуулгын хайкү шүлэгнүүд яагаад ч юм санаанд харвана.. Ер нь “Өвсний нүд”-ийг уншихад дэлхийн яруу найраг цувралын “Японы яруу найраг” номыг санагдуулаад байгаа нь юуны учир вэ?
“...Үүлээ хөөсөн тэнгэр гэдэг цэв цэнхэр
      Үйлчин бүсгүйн эсгэж байгаа торго гэлтэй
Тэнгэрт яваа суудлын онгоц цав цагаан
     Тэр бүсгүйн үйлийн цагаан хайч гэлтэй”[6]
Энэ шүлгийг Б.Явуухулан найрагч 1979 онд үгээр эсгэж, хайчилжээ. Харин  доорх хөрөг зураглалыг мань  Д.Нямдорж бичсэн юм.
“Үйтэн хуар шиг тэнгэрийг
   Үйлийн хайч шиг хараацай
                    Үзүүрсгэн дээл шиг эсгэчнэ” [85-тал]
гэж  “үйтэн хуар шиг тэнгэр”-ийг “үйлийн хайч” шиг хяргаж. Харин Явуу найрагч хяргаж хайчилж эвдсэнгүй, харин ч тэнгэрийг “торго”-той адилтган хайчлуулах бус онгоц “хайч гэлтэй” зэргээр уран буцалт хийжээ. 
Өмнө үеийн сор, шилдэг бүхий өв сангийнхаа туршлагаас бүтээлчээр уламжлан авах гэсэн тодорхойлолтыг бид цээжээр мэднэ. Д.Нямдоржийн энэ шүлгийг гурван мөртөд хувирган, цөөн үгээр товчилсон мэт “бүтээлч уламжлал” гэх нь юу л бол? Тухайн үед дөрвөн мөртөөр олон үгтэй хатуухан хэлэх юм бол болхи, нуршуугаар биччихсэнийг нь өнөө цагт сайханжуулаад шинэчлэлтэй бүтээлч уламжлал, шинэ сэргэг дүрслэл, содон соргог хэллэг сэтгэлгээ гэхээр юм, мөн Явуугийнхаас илүү сайхан илэрхийлсэн нь хаа байнаа? Өөрөөр илэрхийлээгүй л бол, бас Явууг бодогдуулаад байвал “туучихаж”, “хуулчихаж”, “бичээгүй зохиочихож” л гэж уншигчдад ойлгогдох болно. Дээрх шүлгийг ишилсэнтэй холбоотойгоор ХИЯН гуравт хэмээн товчилсон шүлгийн хэлбэрийн талаар цөөн үг хэлье. Д.Нямдорж найрагч үүнийгээ цоо шинэ зүйл гэж андуурах тал байх шиг байна. Үгүй ээ!
Хааяа нэг салхи сэвэлзэх нь
        шувуу жиргэх шиг болоод
                            горхи руу одно[7]. Тэртээ 1979 онд Д.Нямсүрэн найрагч ямар ч цэг, таслал, том үсэггүй нэг л өгүүлбэр мэт сайхь хэлбэрийн шүлэг бичиж байж. Энд анхаарууштай нь Д.Нямсүрэнгийн энэ шүлэг “Гурван довжоо хэмээх нэг бадаг” нэртэй юм. Гурван довжоо гэдэг чинь гурван шат, гишгүүр гэсэн үг. Гурван гишгүүрийг/мэдрэмжийг Х.Ч/ давж/дамжин Х.Ч/ нэг бадгийн утгыг нээнэ. Д.Нямдоржийн гуравтуудыг ойлгож мэдрэхэд энэ гаргалгаа их чухал. Түүний энэхүү номд орсон цөөвтөр хэдэн сайн шүлэг нь  яг ийм зарчмаар ч гэх юм уу? “урсгалт сэтгэлгээгээ” бодлын урсгалаар бичигдсэн байна. Зохиолч, сэтгүүлч Д.Жаргалсайханы “Монгол боловсрол” номд “Хүлээлт” нэртэй ийм шүлэг буй:
                                                                Салхи сэр сэр 
                                                                Сэр сэр салхинд
                                                                 Шаазгай шаг шаг
                                                                Шаг шаг дуунд
                                                                Ижий түг түг
                                                                Түг түг алсаас
                                                                Хүү нь таг чиг
Яагаад ч юм гэнэт л салхи сэр сэр салхилж, салхи шаазгайг шагшрууллаа. Шаазгайн дуунд ижий түгшин, түгшин анирлах зүгээс хүү нь таг чиг хэвээр...Тэрхэн эгшнийг тэгш хэмнэл, яруу сонсголонтойгоор сэтгэлд буутал дүрсэлжээ.  Мөн монгол ардын аман зохиол дахь жороо зугаа үг, хэл зүгшрүүлэх болон түргэн хэллэгийн бүтэх аргын уламжлалыг бүтээлчээр тусгасан байна.  Илүү ойлгомжтой болгохын тулд залуу  яруу найрагч Р.Улам-Оргихын нэгэн шүлгийг  үзье:
“...Кино төгсөх тэр л мөчид эмнэлгийн хуучин шалны шар өнгийг хүнд, хөнгөн
Хөлнүүдийнхээ хэмнэлээр чахруулан алхах өвчтөнүүдийн өмнөөс тосох
Амьгүй саарал хаалгануудын бариулыг атгах хөгшин залуу тэдгээр хүмүүсийн
Үрчлээтэй ба үрчлээгүй гаруудын судасны цохилт адил сумын төвийнхний
Урдаа барьдаг туршлагатай мужааны алхны тогшилт шиг нэгэн хэвийн
Уйтгартай байдал /энэ амьдрал/ биднийг үргэлж залхаадаг.”[8]
                                      “Дэргэдэх горхины чимээ
                                                     сарны гэрэл дамжсаар
                                     дэрэнд ирж шингэнэ“[51-тал]
Энэ мэт сайн шүлгүүдийн талаар эрдэмтэд үгээ нэгэнт хэлсэн билээ. “Мэдэж, мэдрэшгүйг мэдрэх” шүлэгнүүдээс илүү мэдэж мэдрэшгүйг урьд мэдрүүлсэн шүлэг давамгай байгаад сэтгэл зовиноно.
Нэг ийм шүлэг буй:
“Уйлахгүй ээ!
                                                                       Загас шиг
                Нулимсан дундаа амьдрахгүй” [81-тал]
Ихэнх уншигчдад энэ шүлэг таалагдах нь дамжиггүй. Харин доорх шүлгийг уншчихсан, мэддэг, /цээжилчихсэн ч юм уу/ хүнд ямар санагдах бол?
Загас уйлдаггүйн учир
Нулимс нь далай юм байлгүй
Шувуу төөрдөггүйн учир
Өд нь тэнгэр юм байлгүй...
 Сайтар тогтоогоод уншсан хүнд сүүлийн шүлэг илүү гүн утга, уран санаатай нь тодорхой харагдана. Үнэхээр хэний ч илэрхийлээгүй яруу найраг бичнэ гэдэг ямар хүнд хөдөлмөр вэ? Учир нь энд бас л илэрхийлэгдсэнгүй.
 “Анхнаасаа шүлэг яруу найраг хаа нэгтээ бичигдчихсэн байдаг. Түүнийг олж буулгахаас өөр ажил яруу найрагчдад үгүй” гэсэн үг байдаг. Гэтэл Д.Нямдоржийн гурван мөрт шүлгүүд ижилсээд шүлгүүдийнх нь хэлбэр шинэлэг мэт боловч шинэчлэгдсэнгүй. Дахин жишээлье. М.Башёгийн нэгэн хайкү:
Өвлийн өглөө анхны цасан дээр
                                                  Өөдгүй хэрээ ч
                                                  Өнгө засчээ[9] 
Д.Нямдоржид мөн ийм гуравт бий:
                                                “Өвлийн эхний цаснаар
                                                 өнчин хэрээ ч үзэгдсэнгүй.
                                                 Өнгөнөөсөө л ичиж дээ” [69-тал] 
Хосино Тацүкогийн нэгэн хайку:
                                                  “Шинэ өдөрт
                                                  Шинээр хандаж
                                                  Шилдэг хувцсаа өмсөнө бий”[10]
Д.Нямдоржид мөн ийм гуравт бий:
                                                “Шинэхэн орсон цасан дээр
                                                  шимшрэн байж хөл тавилаа
                                                 Шинэхэн орсон цас шүү дээ” [101-тал] 
Башёг залгамжлагчдын нэг Бусон Ёсагын нэгэн хайку:
                                               “Цахилгаан цахихын зуурт
                                                Хулсны навчнаас
                                                Шүүдэр унах дуулдав...”[11]  
Д.Нямдоржид ийм гуравт бас л бий:
                                               “Үлэмж тайгын гүнд
                                                үл мэдэгхэн салхи сэвэлзэхүй
                                                Цас унах нь дуулдана.” [86-тал]   
Эдгээрийг улаан цайм хуулсан гэж хэлэхгүй ч хуулбарлан зохиогоод найруулчихсан маягийн хандлага байгаа учраас энэ шүүмжээ яруу найраг заль хоёр нэгэн дор багтдаггүй гэж нэрлэсэн юм. Шүлэг найраг, уран зохиолыг бичиж туурвин бүтээдэг атал яаж “зохиох” тухай хэтрүүлэн бодох нь утгагүй зүйл гэдэг нь мэдээж. Төгсгөлд нь бас нэг зүйлийг анхааруулахгүй бол болохгүй нь. Д.Нямдоржийн шүлгүүдийг ижилсээд байгааг өмнө хэлсэн. Илэрхийлэх санаа нь ч аргаа дагаад мухардалд орж байна! В.Г.Белинскийн нэгэн үгийг мөн ишлэе.
“...Жинхэнэ уянгын төгөлдөр бүтээлд дүр зураг гарч байх шиг боловч  хамаг учир нь тэр зураглалд байгаа бус, харин түүнээс урган гарх бодол сэтгэлгээ нь л чухал юм...”  Зүгээр л энгүүн  гэгч нь дүр зураглалаар үзүүлээд л орхи л доо. Заавал нэг гаргалгаа, шийдэл, хариулт оноох гээд байвал нөгөө урсан гарах бодол сэтгэлгээгээ аймшигтайгаар устгаж, сургаж номлосон, уриа лоозонгийн хөөрхийлөлтэй шүлэглэл болж хувирна. Би ингэж бич, тэгж бич гэж хэлэх гэсэнгүй. Ийм байгааг нь хэлээд эргэлзүүлээд л бас орхино. Шүүмжлэлийн үүрэг угаас энэ билээ.
“Эр хүн солгой хоолойгоор
бүүвэйн дуу дутуу аялах нь
энэ цагийн өнгө ажээ” [104-тал]
ч гэдэг юм уу? Энэ шүлгэнд өнөө цагийн өнгийг хэний ч илэрхийлээгүйгээр гаргасан гэвэл эндүүрэл болно. Учир нь манай тэрслүү найрагчдын нэг Р.Чойном:
“...Солгой хөгжим шиг энэ нийгэмд
Согтуурахаас өөр жаргал алга аа...”
гээд бас л хэлчихсэн байдаг.
“Хүний нутагт
өөрийн нутгийн
хараал хүртэл сайхан [94-тал]
гэсэн өдөр тутмын хар ярианы хэлбэр, хэлтэй болж, яруу найргийн эрхэм дээд мөн чанараа алдаж байна. Сүүлийн иш татсан хоёр шүлэгт яруу найргийн “үнэр” ч алга. Бичиж туурвисан биш, зохиож найруулсан шүлэг.
Мөн заль гэхээр дандаа эсрэг нэг утгаар нь ойлгож болохгүй. Цуцашгүй эрэл хайгуул хийн, шинэ шинэ санаа олборлож, түүнийгээ хөгжүүлэн баяжуулах “Бүтээлч заль” уран бүтээлч хүнд зайлшгүй байх ёстой юм. Үүнийг доорх жишээнээс харж болно:
“...Хорьж цагдсан юм олныг хэлжээ, БУРХАН
                           Хорондоо би түүний эсрэг бүгдийг хийжээ...” /Омар Хаяам/
Бурхан. Агуу их далдын хүчин. Нийгмийн хэв журам, ёс зүйн хэм хэмжээ, хүмүний амьдралын “харгис” хуулиудаас бид ангид  оршиж үл чадна. Ингэж “бүтээсэн” нь мөн  л БУРХАН. Эхний мөрөнд бурхны увидас шидийг “дөвийлгөсөн” атлаа “хорондоо би түүний эсрэг бүгдийг хийжээ” гэж эрс буцалт хийсэн нь тун уран санааг илэрхийлж байна. Эндээс санаа аван ургуулаад, бүтээлчээр эрэл хайгуул хийн хөгжүүлж чадвал илүү ч сайн бүтээл төрж болно.
“... Чиний хэлсэн бvхнийг чинь
            Бурхан гуай бид бvгдийг биелvvлдэг
      Чамд хэлэх нэг зєвлєгєє байна:
                                                    -Чи битгий хуц!”/Б.Галсансүх “Бурханд хэлэх зөвлөгөө”/
 Хөөрхөн санаа! Бурхны  хорьж цагдсан олон үгийг бид бүгдийг нь биелүүлдэг. Хорондоо харин  түүний эсрэг бүгдийг хийж өөдөөс нь -Чи битгий хуц аа! гэж тэмцэлдэж байх ёстой юм шиг. Санаа нь явж байгаа боловч  Б.Галсансүх цоо шинээр, өмнө нь хаана ч байгаагүйгээр илэрхийлэн /ХИЯН/ гаргажээ.  Бурхныг хуц гэж хэлсэн хүн Б.Галсансүхээс өөр байдаг юм уу даа? Дээрх жишээнүүдээс хэлэх гэсэн санаа минь тодорхой ойлгогдсон гэж найдаж байна.
 “...Эвийг нь олж зүйнэ, яаж ийгээд аргална, ингээд хэлчих юм бол тийм хүмүүст таалагдана...иймэрхүү маягаар бичвэл тэр ердөө л төсөл. Төсөл бичихэд гүйлгээ ухаан л хангалттай.  Харин уран зохиолыг бүтээхэд ухаанаас гадна авьяас билэгтэй, мэдрэмж таашаалтай, хүн ёсны сэтгэл зүрх, шударгуу үнэн дотоод ертөнцтэй байх ёстой...”[12] гэсэн ясны үгсийг дахин дахин санууштай.
Дахин хэлэхэд  яруу найраг, заль хоёр нэгэн дээвэр дор хэзээ ч багтахгүй.



УЗА-2   Х.Чойдогжамц





[1] Расул Гамзатов “Миний Дагестан” УБ, 205-тал
[2] “Японы яруу найраг”, УБ, 2005 он,14 тал
[3] “Японы яруу найраг”, УБ, 2005 он,18 тал
[4] Г.Аюурзана, Л.Өлзийтөгс “Монголын сонгомол яруу найраг” 100 тал
[5] Г.Жамсранжав “Уран сайхны ертөнцөд хийсэн сурвалжлага”, УБ, 1975, 199 тал
[6] МУЗД-28, УБ, 2005, 198-тал
[7] Д.Нямсүрэн “Хаврын урсгал”, 1984, 82 тал
[8] “ANTHOLOGY” МУИС, УЗНэгдэл, Бүтээлийн эмхэтгэл 3, 2011, 24 тал
[9] “Японы яруу найраг”, УБ, 2005 он, 37 тал
[10] “Японы яруу найраг”, УБ, 2005 он, 57 тал
[11] Г.Аюурзана “Япон яруу найраг дахь Зэн-буддизмын сэтгэлгээний гайхамшиг”
[12] Г. Аюурзана “Утга зохиолын тухай яриа” УБ, 2004, 126-тал

Comments

Я.Баяраа said…
Chinii duu hooloi tseelhen atlaa tseh shuluun buid olzuurhnam.
ah ni chamaig yruu todoor vnellee.
Anonymous said…
Үнэндээ чи чадахгүй шүү дээ
"Өвсний нүд" шигийг чадахгүй
Өөрт чинь зөвхөн энэ мэт "Өрөвдөлтэй"
Өө эрэн ядсан нүд байгааг
Үзтэл хэчнээн хөөрхийлөлтэй...
Өөр юмаар оролдвол яасын бэ, дүү хүү
Shuumjleliig huleej avalgui yhv! Gol ni neree bichchihgui de...
За дүүд баяр хүргэе. Бичсэн байна. Ном гарснаас хойш олон хүн ил, далд сайн, муу үг хэлж л байсан. Харин энэ мэт бичсэн нь цөөхөн... Дээр ч хүмүүс бичсэн л байна. Энэ бүхэнд би гэдэг амьтан инээмсэглэхээс өөр юу хэлэх билээ. Бүтээл л үлддэг шүү дээ. Харин билгийн нүдээ цөөхөн хүн нээдэг байх. Амжилт хүсье...

Сэтгэгдэлчдэд: Үг гэдэг амьтай. Энэ Чойдогжамцад буруу байхгүй.
tsogt-ochir said…
sain bn andaa anhnii shuumjlel goy blsn bn amjilt tsaashdaa ulam ihiig hiij butegerei
Илүү дутуу юмгүй л
хэлчихсэн байна ш дээ...
Энэ бичлэгний дор миний хийгээд бусдын сэтгэгдлүүд үнэнхүү тэнэг уншигдаж байна...

нямдоржийн гэнэн банталт бүүр хөөрхөн гээч....
Anonymous said…
Гараагаа ийм юмаар эхлэх нь хол явах хүнд бол сайнгүй бол уу.Гэхдээ дээрээс үсэрсэн чулуу бололтой л байгаад байгаам даа. Цаг хугауаа байгаа хойно учир нь олдох байлгүй дээ.
enkhchimeg said…
Bayar hurgeye sain boljee...Humuus hiij bgaa negiigee ygd ch yum darj bdag. Gazraas shne nogoo urgaj bhad,tuuniig onoodor bs margaash darsan ch nogoodor gehed ter urgah l bno.Yag uuntei adil hiij bgaa negiigee uwaigui ugeer darah hereg zorig bnu daaa...Sain boljee zaluu shuumjlegch nz mn. Ih ch hudulmur gargaj tuuniihee hereer sain ch bolj. DAhiad bicheed l bgaarai uchir ni chinii galt tereg ali hediin hodolchhson bn zogsoh hereggui zugeer l URAGSHAA DAWSHAAD BAI........
БЛОГЧИН said…
Шүүмжлэлийг "эр зориг", "хүнлэг сэтгэл" дээр л бичдэг юм шүү дээ. Анхны юм алдаа оноо байлгүй яах вэ?
badamlyanhua said…
neg sanaa aldaj awaad zugeer l uuruusuu ichiw bi
Болор said…
ойлгосны минь хэмжээнд хүмүүс надад хэлэх үг үлдээгээгүй байноо хэхэ.Баяр хүргэе хэлэх гэсэн,олж харсан бүхнээ хэлж чаджээ.Гэхдээ яагаад ч юм зарим нэг нь уншиж дуусаад санаа алдаж байхад би инээчих юм... энэ цэвэр мэдрэмж дутмагынх л байх л даа хэхэ.Амжилт хүсье илүү ихийг хүлээж байя....
Unknown said…
newt shuwt unshlaa. saihan blog bna. Yamr zamaar yawahaa medej bgad chin bayr hvrgey
Бүгдэд нь баярлалаа. Би хичээнээ!
яруу said…
Шүүмж бичихэд хүн чанар манар элдэв балай юм ямар ч хэрэггүй Зүгээр л мэдрэмждээ найдаад л билгээрээ бичихэд болох. Тухайн зохиолын олон талаас нь юм гарч байвал тэр зохиолдоо сайн биздээ.
Anonymous said…
bayar hurgeyeee....
Anonymous said…
***
баясаа эрдэнэт said…
чамархай руу үнэнээр хатгалаа амжилт дүү минь их саад тохиох бий зорьсон хүнд гарц зөндөө...бичээд бай мэдрэмжээрээ имэрч оюунаараа тэмтэр олж харжээ амжилт...
Баярлалаа, таньд
Anonymous said…
burhan uw tegsh huniig horwood ilgeesengui ilegeeh ch ugui. hun huniihee aldag onogiin mergen melmii medremj oyunaar tungaan tailan uchir yawdliig tsegtsleh ujigtai. Getel unen ugend durgui hun neg negeeree /harhad ih uruwdultei/ unen ugiig demjih hun hed hedeerei baih ni /iluu surtei/. yamartai ch ingiin neg unshigch bi bodohdoo shuumjluulj chaddag hun ihiig bodoh /hun bolgon shuumj huleej avbal aldaa bagasan/

uran zohiold durlah zaluus olon bolon bizee

amjilt duudee
Бондууш said…
Sain bichjee. *tomchuud*-aar umnutguliig esvel shuumjiig bichuulj tedniig l huleen zuvshuurdug baij bolohgui sanagddagiin... Tod, bas shuluuhan bichij... Amjilttai bugdiig, Sain baih bugdiig husiy. Hussenee hiigeerei...
Anonymous said…
sain boljee. amjilt husie
- said…
This comment has been removed by the author.
- said…
үнэхээр үхмээр үнэнийг бичсэн байна ш дээ мод мэт ус мэт байх тун
turuu said…
Сайн байцагаана уу? Энэхүү оюуны диваажин болсон ертөнцөд хөл тавиад 23 минут болж байгаа авч дээрх шүүмж сэтгэлд минь хүрлээ. Шүүмжээс үүссэн Сэтгэгдэлийг үзвээс сэтгэгдэл өөрөө хоёрхон хуваагдан сөрөгсөн ба дэмжисэн хоёр янз байна. Дундыг барьсан нь цөөн. эцэст нь хэлхэд ертөнц дэмжисэн талдаа үйлчилдэг хуультай шүү дээ!!!
Батсуурь Бүрэнбилэг said…
Нэлээн дээхэн тв-ийн нэвтрүүлэг үзэж байсан. Хэн ч билээ нэг залуу "Одоо шүүмж бичдэг хүн алга болжээ. Шүүмж бичдэг байсан их сургуулийн настай хэдэн багш нар нь, тамхиа татаад, архиа уугаад суухаас өөр юм хийхгүй байна" гэж. Би тэгэхэд нь, тэгээд тэр бичдэг залуучууд нь хаана байнаа гэж асуумаар санагдаж байлаа. Батхуяг багшийн хэдэн шүүмжээс өөр залуу залгамж үеийн шүүмж бичдэг хүн уншиж байсангүй. Харин өнөөдөр цангаа тайлагдах шиг боллоо. Маш сайн бичсэн байна. Их сургуулийн тэр хэдэн багш нар яах вэ хөөрхийс. Хийх юмаа хийчихсэн хүмүүс. Юманд чинь залуу залгамж үе гэж бас байнаа. Орчин цагийн уран зохиолд, энэ ус агаар мэт дутагдалтай, ядууралд орчихсон байна. Х.Чойдогжамц дүүдээ амжилт хүсье. Бичээд байгаарай.
Баярлалаа Бүрнээ ахаа, хичээнээ...
Яг л үнэн л байна. Бас:
Ааруул дардаг чулуу
бууриа сахиад үлдлээ.
Намар болох нь дээ гэдэг шүлэг нь яг Гүрж.Нямдоржид байдаг юм. Би жаахан гайхаад л... адилахан нэртэй хүмүүс бас адилахан сэтгэдэг юм байлгүй гэж бодоод явж байсан юм. Ккк. Тэгсэн чинь ийм учиртай байж л дээ.
Нэмж өгүүлэхэд хүмүүс шүүмж бичихгүй, мөнгө өгөхгүй, олохгүй юм оролдохгүй гэж ярьсан байна лээ. Эцсийн эцэст мөнгө олох гэж бас шүлэг, зохиол бичдэггүй л байхгүй юу. Бүүр нарийн дээрээ нэр алдар ч хамаагүй болно. Хувь тавилангийн ч гэх юм уу даа, нэг тийм САЙХАНд тэмүүлж л бид ажиллаж, амьдардаг. Сүүлд нь өгүүлэхэд шүүмжлэгч хүн нөгөө этгээдүүдээсээ илүү мэдрэмжтэй, мэдлэгтэй, сэтгэлтэй байхгүй бол бас болохгүй. За дүү хүү тэгээд улам их юм хийгээд байгаарай. Амжилт хүсэе.
Баярлалаа,Оргил ах аа. Гүр.Нямдорж ахын шүлгийн хувьд өөрөө хэлж байсан юм шүү мэдсэн мөртлөө оруулмаар санагдсан гэж. Таны шүлгүүд дээр би бас нэг юм бичсэнээ хэлчихье хэхэ...
Өмд said…
АА муу өгөр толгой
Х.Чойдогжамц said…
Ойлгодоггүй ээ
Өгөр толгой said…
Нямдорж агсан
Batu said…
Uran tsetsen ugtei, ugluurgaitai zuil bolj. Terhuu nomiig bichsen hun hiigeed umnutgul bichsen humuusd hurch chadahaar zuil bichjee. Sn bn.
Anonymous said…
Сайн шүүмж байна. Хаврын ногоо харагдахгүй ургадаг харагдах гэж ургадаг гэдэг энэ дээ. Ийм залуу ийм зоригтой ийм ухаалаг шүүмж бичиж байгаа эрхэм дүүгийн ирээдүйн уран бүтээлийн зам гэрэл гэгээтэй байг ээ
Anonymous said…
Би хувььдаа бүдэгхэн одны гэгээ улам тодорно гэж итгэж байна. Ийм эрүүл шударга ийм жинхэнэ мэргэжлийн жинхэнэ яруу нахйргийн үнээ цэнийг мэдрүүлсэн шүүмж олныг бичээрэй гэж нэмж хэлье
Anonymous said…
Чойдогжамц гэдэг нэрийг тогтоож авлаа Нэг цагт энэ нэрийг бүх хүн мэддэг болох байх гэж итгэнэ. Д.Нямдорж сайн шүлэгч. Авьяастай, ирээдүйтэй. Гэхдээ алдаа оноо сул тал ихтэй. Тэрийг сайн онож хэлжээ. Ухаалаг залуу хүн цаашид уран бүтээлдээ үүнийг тусгаад л, бичих мөр бүхнээ билиг оюунаар, мэдрэмж, ухаан, мэдлэгээр тэтгэж чадвал хол явна аа Д.Нямдоржид хэлэхэд ХИЯН гэх мэтээр уран бүтээлч хүн хэзээ ч өөөрөө өөрийгөө тунхаглаж зарлаж, өөртөө нэр өгч дүгнэх байж болохгүй эд ээь Цаг хугацаа л бүгдийг шүүнэ. Цаг хугацаа магадгүй Чойдогжамцын үзгээр чиний шүлгийг шүүлгэж мэдэх юм Тэрнээс хүн өөрөө өөртөө дүн тавьж болохгүй ээ
Anonymous said…
Яруу найрагч л гэхээр онгироо цээжээ балбасан бардам амьтад байдаг гэх туйлшрал эсвэл яруу нйрагчид тэнгэрлэг энэ тэр гэх мэт хийрхэл одоо онигоо болсон. жинхэнэ яруу найрагч маш даруу маш чимээгүй бүр үг дуугүй байх ёстой. Шүлэг чинь л дуу хоолой хашгираан чинь. Тэгээд л болоо Болор цомын тайзан дээрээс хачин нэвсгэр дээл нимгэн даашинзтай бүдүүн хүүхнүүд орилохыг одоо хэн ч тоохгшүй болсон
Санчо said…
Тийм ээ. Ямар гоё яруу тунгалаг бас мэдрэмжтэй, ухаалаг, өргөн цар хүрээтэй сэтгэж байна аа. Энэ бол сайхан хэрэг. Монголын уран зохиолд үнэхээр гайхамшигтай залуус өсч өндийж байна аа. Гайхамшигтай. Яруу найраг яруу найраг зөвхөн яруу найргийн төлөө залуу шүүмжлэгчид талархая. Гоё байна аа.
Баярлалаа, та бүхэнд. Дүү нь хичээнээ...
Баа said…
Энэ нэр нь жаахан өөр байсан бол? зүгээр биш үү ? Яруу найраг заль хоёр гэхээр арай л шүүмжийн нэр шиг биш юм шиг санагдаад за за зөв ч байж магадгүй
Anonymous said…
Зохиолч гэдгийг өргөн утгаар "ямар нэг зүйлийг анх үүсгэн, бий болгогч хүн" хэмээн тодорхойлдог ба зохиолч байх нь уг хийсэн бүтээлийнхээ өмнө хариуцлага хүлээх үүрэгтэйг харуулна. Нарийвчлан тодорхойлбол, ямарваа бичгийн бүтээлийг үүсгэн бий болгогчийг зохиолч гэнэ.
Anonymous said…
Лплп