Хүсэл цэглэх цагаас шүлэг минь оршмуу...




“Үнэт эд хагарсан ч ваар нь үлдэнэ” Р.Акүтагава

Судлаач хүн гэдэг “Оюуны улаач” байдаг аж. Хичнээн гайхамшигт мөрүүд гээгдэх нь гээгдэж, мартагдах нь мартагдаж, яригдах нь яригдахгүй,  нээгдэх нь нээгдээгүй орхигдсоор байна вэ? Урьд үеийн мэргэдийн оюун бодол, бие сэтгэлээ шингээн байж туурвисан охь бүтээлийг хойч үедээ таниулан уламжлана гэдэг юутай хүндтэй үүрэг билээ л...  Гэхдээ үнэхээр давтагдашгүй  ГЭРЭЛТ БҮТЭЭЛ, ГЭРЭЛТ ГАНЦХАН МӨР ч гэдэг “цаашилж  одсон он  цагуудын тэртээгээс цагийн хана нэвт харагддаг” байнам. Содон зурагтай содон нэртэй жижигхэн ногоон ном гэрт минь байдаг, мэдээ орон ухаан гүйхийн цагт  унших дуртай шүлгийн ном минь болсон тухай өмнө бичсэн билээ. Энэ удаад хүндэтгэн хайрлаж явдаг найрагчийнхаа шүлгүүдээс нийтлэхдээ шүлэгт нь тайлал, тайлбар хийж зүрхлээгүйгээ өчсүү!

Он цаг урсавч уулс үлдэхийн үнэнд
Од харван унавч совин татахын үнэнд
Орчлон шинэдэвч жам ёс мөнхийн үнэнд
Одохдоо би юугаан үлдээнэм бэ?
Буга нь өтлөөд дархинд хувилах нутагтаа
Буурь бараантаад айлууд нүүх нутагтаа
Будан хөөрөөд адуу мал үзэгдэх нутагтаа
Буцахдаа би юугаан үлдээнэм бэ?
Хүрз элж хэрэм босохын үлгэрээр
Хүлэг унаж домог эхлэхийн үлгэрээр
Хүү нь уйлаад эцэг буцахын үлгэрээр
Хүсэл цэглэх цагаас шүлэг минь оршмуу... /“Эгээрэх” 169-т/ Энэ шүлгийг ухан ядан, ухааран эгээрэн уншихад Ираны их яруу найрагч Омар Хайямын дөрвөн мөрт санагдана.
"Бид одно" Хорвоо хохирохгүй 
"Мөр маань арилна" Хорвоо хохирохгүй 
Биднийг үгүйд ч тэр байсан, одоо  ч хэвээрээ
Мөдхөн бид талийна...Хорвоо хохирохгүй ээ! 
Яг л "Чи үхнэ, би үхнэ, цэцэг л үлдэнэ. Цэцэг тариарай" гэдэг шиг...  Ч.Мягмарсүрэн найрагчын "хөл хүнд сэтгэлээсээ төрүүлсэн амин шадууд" одсон хойно нь ч оршиж чадсаныг доорх шүлэгнүүдээс мэдэх биз ээ

Намар оройн бороо
Сөн татрааж орно
Намхан хөх уулсад
Сөл угааж орно
Баруун айлын бүсгүйн
Шанхыг норгож орно
Бага залуу морины
Цанхыг хөдөлгөж орно.../ “Орой намрын бороо” 34-т / Энэ шүлгийг уншихад Д.Нямсүрэн найрагчийн "Айлын маань айлд бүсгүй байх сайхан" гэдэг мөр санаанд харвахгүй байна гэж үү?

Айлын охин
Арван наймтай
Айлгүй ч гэмээр
Гэнэхэн аальтай
Мөнч их инээдэгсэн
Мөнгөн ээмэг нь жингэнээд л...
... Мөн ч их инээдэгсэн

...Чи бидэн хоёр жимсэнд явсан өдөр
Чив чимээгүйн дунд морьд тургисан өдөр 
Чиний минь бяцхан гарт өргөс орсон өдөр
Чив чимээгүйн дунд морьд тургисан өдөр
Холын хол ууланд хоюулахнаа явсан өдөр
Хоёрын хоёр бортого хоосон буцсан өдөр
Нартай бороотой зуны оломцог норгосон өдөр
Намайг чамаас чамайг надаас олсон өдөр...
/50-т/ 


...Хад ямаа хоёр бие биедээ цоройж
Хан тэнгэрт зүтгэж тогтсон уул
Эгэл уулын чулуу бэл рүүгээ нүүдэг байхад
Энэ уулын хад хяр өөдөө асна
Энэ хад хэлд орвол
Ээжийн хоолойгоор эгшиглэж
Өвлийн богинохон өдөр
Өвөрт бэлчсэн бярууг
Өөвлөж мэднэ
Энэ хад хөлд орвол
Эмээл тохуулан эрэгцэж
Үзүүрсгэн дээлтэй аавыг минь
Үзүүтээ үнэрлэн
Үүрсэж мэднэ.../ “Баржин” 18-т/


Шувуудын нойрон сэрвэлзэнэ үү
Тэнгэр яасан хөнгөмсөг
Шугуйн намианд эрвэлзэнэ үү
Одод яасан элгэмсэг
Уулс гүндээ гэрэлтэнэ үү
Шөнө яасан саруулхан
Уусаад наран жаргана уу
Нуур яасан бүлээхэн... / “Сиймхий шөнө” 36-т/ 

...Эрх цагаан салхинд 
Буурал ээж минь хууртаж
Өрх дэвэх чимээгээр 
Буцан буцан өндөлзөж
Хүслээ хэлэн шивнэх нь
Хүү минь ээждээ ир / "Ээжийн залбирал"/


Ахын бичсэн захиа
Амьдралын хатуу үгтэй
Адууны омголон мөр шиг
Алдаж оносон үсэгтэй...
Унаган толгой алддаггүй
Цалам барьдаг гар нь
Ухааны цалгиаг даахгүй
Цаас цоочсон байх юм...
Ахаас ирсэн захиа
Амьдралын хэрсүү ухаантай
Нутгаа орхисон над шиг
Гээсэн эгшгийн алдаатай /“Ахын захиа” 56-т /

Хайран насыг минь булаалдан авч одох
Харьж ирэхгүй өдрүүдийг хайрланам...
Үтрэм дээр нүд нүднээсээ хайрын тууж уншилцсан
Үгээ л хэлсэн бол сэвтэж мэдэм уяхан хонгор өдрүүдийг хайрланам.../189-т/

Бор бөөргийн дундаас
Бор морьтой
Боргоцой шиг өвгөн
Бодолдоо халамцуу
Бондогонон айсуй /“Бор морьт” 76-т/

...Сайран дээрх өндгөнд чинь
Гай бүү дайраг гэж
Саран доор ч нойргүй шүлгээ би бичдэг шүү /"Тогоруунд унших шүлэг"/

Бальгай гэж
Пальгар бор өвгөн
Пайтан хэлтэй
Ээтэн гуталтай
Зузаан хүрэм зувцаатай
Зулба үнэгэн лоовуузтай
...Намайг сургуульд ороход
 Өвгөн  байсан
Найм төгсөөд явахад
Өвгөн байсан
Хожим нэг уулзахад
Өвгөн байсан
Хорвоод тэр угаас
Өвгөн төрсөн хүн...
Тэр хүн
Цаашилж  одсон
Он  цагуудын тэртээгээс
Цагийн хана
Нэвт харагдана... /“Бальгай” 115-т/

...Ноднин жилийн наадамд
Ногт ганзагалж ирсэн
Хөрш сумын
Хөрстэй хүргэр
Цөстэй хүрэн эрийг
Хүсэл
Бардам зан
Хүүхнүүдийн харц
Засуултай нь ч бас хамт
Дунгуйлдаж хаячихаад
“Манаатай хө” гэж
Адуундаа яараад
Манантай уулруу дэргүүлж одоод
Маргааш нь ч ирээгүй
Сумын заан
... /"Сумын заан" 108-т/

...Зүүдэн холд амраг сууж
Зүрхэн хундага гунигаар дүүрэх.../"Нартай бороо"/ 

...Сарны гэрэл 
Саруулхан хөх
Сайхан хөх шөнө 
Санаа сэтгэл уярна...
Буун дуунд цочоогүй 
Буурал намрын шөнө
Буга лимбэдэн урамдана
Тэр дуун 
Тэнгэрт нэг дуулдана
Газарт нэг дуулдана
Сэрүүхэн шөнийн
Шилмүүсний сэрчигнээ
Цээлхэн бугын дуутай.../"Бугын дуудлага" 146-т/

...Буянт малаа дагасан удмын минь жаргалыг
Буугаад мордохын зуур яав чиг төсөөлөхгүй
Будаг нь холцорсон хуучин бор авдрынхаа
Буланг элээж өссөн хүү нь бол андахгүй ээ.../11-т/

Гал ангир ирээд хорь гаруй хонов оо
Хол ууланд униар хөх хадаг барив аа
Тал бэл дуншаад агийн сэвх тарав аа
Хөл хүнд сэтгэлээс амин шад төрөв өө /“Гал ангир ирэхүй” 169-т/









Comments

Бондууш said…
Талархаж байна аа хөдөлмөрт чинь... Ихийг хүсье.
Я.Баяраа said…
Ch.Myagmarsurengiin ARGALIIN GAL BAINAM
Ч.Мягмарсүрэн "Ташаа тамгаар чулуут" Уб 1996 он байлаа. Мөн сүүлд хэвлэгдсэн "Эр хэрлэн" УБ 2004. "Бодь сэтгэл", "Тэнгэрийн цэнхэр нүд" гэж номууд бий.
Я.Баяраа said…
Naad shulguud chin 1991 ond hevlegdesn Argaliin gal nomond ni bas bii
"Эр Хэрлэн"-д орсон шүлгүүд харин байхгүй байх аа
Navi said…
Yamar goyo mortuud baina ve.
- said…
хөөрхөн блог байна ажилт
Jamtsaa said…
Bayarlalaa
Bolor said…
yasan ch sxan ymbede...
Нямаа said…
Найрагчид нэг хэсэг иймэрхүү энгийн амьдралын сайхныг олж нээх эрэл нэлээд хийсэн. Одоо тэр ДөнгөтЦоогийн тэнэг мэнэг гээл юмнууд бий л дээ сайн нь Мийгаа ах бас тэгээд энэ зурагтын Гүрээгийн нөгөө хоршоо Дэрэм энэ тэр бол бас л гайгүй дээ орох байхаа, Энэ найрагчийн хувьд бол нөгөө сахал Хүрлээгийн хэлдэг шиг борог өвсний шүлэгтэй найрагч байсан юм даа Гэхдээ сумын зааны шүлгүүдийг арай ч ДөнгөтЦоо энэ тэртэй ч зүйрлэж болохгүй байх л даа өөрөө шүлэг шигээ даруухан талдаа байсан болохоор чимээгүйхэн өнгөрсөн юм даа Ингэж дурсаж шүлгүүдийг нь эргэн санана гэдэг сайхан юм
Jamtsaa said…
Таньд баярлалаа. Дан.Нямаа ах мөн үү?
Anonymous said…
Чимэдравдангийн Мягмарсүрэн бол тухайн үеийнхэн дотроо томдоо л орох найрагч байсан билээ. Одоо энэ Бавуудоржийн аавын нутаг Чулуутаас төрсөн, ер нь Завханы Алдархаан, Их-Уулаас Архангай бол Чулуутаас л найрагч ихэвчлэн төрдөг юм шиг Нөгөө Лхамноржмаа гэж нэг сайн эр байна. Мийгаа ах бол ёстой нөгөө дотор нь гал шатаж байхад утааг нь хамраараа гаргахгүй гэдэг шиг л хүн байсан юм гэнэ лээ, Бурханы оронд оччихсон бүр сайхан шүлгүүд бичиж байгаа байхдаа ОМсайнамгаланболтугай
Anonymous said…
Сайхан зүйл уншлаа, баярлалаа