Tuesday, October 30, 2012

Хайку, хайц шүлгийн тухай

 

 “Хязгаараас цааш” бүлгийн гишүүн
Н. Төвшинзаяа
Хайку шүлэг нь Японоос эхтэй бөгөөд 16-р зууны үеэс хөгжиж ирсэн, 3 мөртэй, 17 үетэй шүлэг юм. Японы төдийгүй дорно дахины яруу найргийн охь шим болсон  шүлгийн энэхүү сонгодог хэлбэр Башёгийн үед төгөлдөр утгаа олсон бол эдүгээ дэлхийн улс орнуудад тухайн улс үндэстний өөр өөрийн өвөрмөц онцлогийг шингээж, олон өнгө аястайгаар хөгжиж байна. Хайкуны уламжлалд япон хэлний дүрс үсгийн онцлогоос шалтгаалан 3 мөр 17 үет (5,7,5) шүлэг байх тогтсон зарчимтай бөгөөд хайкуг зөвхөн япон хэлээр л бичих боломжтой гэсэн үзэл санаа ч байдаг. Тэгвэл өнөө үед дэлхий нийтэд хайкуны уламжлалт хэлбэр бус, утга санаа, түүний гүн ухаанлаг чанарыг нь чухалчлан үзэх хандлага давамгайлж байна. Япон хэлний  онцлогт тохирсон хайку шүлгийн хэлбэрийг бусад өөр хэлэнд яв цав буулгах боломж угаас үгүй юм. Хайкун энэ уламжлалт хэлбэрийг дэлхий нийтэд тухайн хэлний онцлогт тохируулан нутагшуулах оролдлогуудыг хийж, энэ нь тогтсон зарчим болтлоо төлөвшсөн байна. 
Хайкун хамгийн эхний дүрэм бол японоор киго буюу байгаль улирлыг илэрхийлсэн үгтэй байх. Киго бол хайкуны хамгийн чухал амин сүнс бөгөөд кигогүйгээр хайку оршин тогтнох боломжгүй юм. Хайку дэлхий нийтэд хөгжихдөө “хайку бол байгалийн тухай бүтээлч зураглал юм” гэсэн энэ дэгийг ягштал баримталж байна. Байгалийн үзэгдэл, улирлын өнгө аяс хүний дотоод мэдрэмжийг сэрээж, агшин зуурын гэгээрэлд хөтөлдөг. Үүнийг сатори гэж нэрлэдэг. Хайку тухайн үед японд эрчимтэй хөгжиж байсан Зэн буддизм дээр үндэслэгдсэн гэж үздэг. Тиймээс хайку бичихэд өвөрмөц уран сэтгэлгээ, нарийн торгон мэдрэмж, зохиогчийн дотоод хэм хэмнэл, бясалгал, гэгээрэл, ухаарал, ур  маш чухал юм. 
Хайкун бас нэгэн чухал дүрэм бол япон хэл дээр 5, 7, 5 үетэй байх ба бусад хэлэнд энэхүү хэлбэрийг нутагшуулахдаа 3 мөрийг богино, урт, богино хэлбэрээр бичих явдал түгээмэл бөгөөд энэ нь уламжлал болон тогтсон байна. 
Мөн хайку таавартай байх ёстой ба уншигчийг олон олон сэрлийн үзүүрт хөтлөн цааш нь ургуулан бодох эрх чөлөө, орон зайг  үлдээх учиртай юм. Хайкуг уншигч өөрийн үзэл бодол, сэрэл мэдрэмж, уран сэтгэмжээр баяжуулан,  байгаль ертөнцийг танин мэдэхүйн эрэлчдийн нэг хэсэг болдогоороо бусад шүлэг найргаас онцлог билээ. Тиймээс хайку унших үйл явц нь энгийн унших үйл явцаас өөр юм гэдэг нь эндээс харагдаж байна.
Хайкуд илүү үг байх ёсгүй, үгээ ширгээж, санаагаа 3 мөрөнд багтааж бичдэгээрээ онцлог. Энэ нь гэгээрэлд  /сатори/ дасгалжих, гэгээрэлд хүрэх үндэс суурь юм. Япончууд хүүхдээ хайкугаар хүмүүжүүлдэг бөгөөд цэгцтэй, логиктой сэтгэж сурдаг гэдэг. Тиймээс  хайкуд түлхүүр үг гэсэн ойлголт байдаг ба тухайн хайкуг тайлж унших гол түлхүүр үгээр  хайкун үндсэн санааг таних юм . Тухайлбал жавар гэдэг үг шууд дүн өвлийг заадаг. Тиймээс энэ үг хайкуд орсон бол өвөл, дүн өвөл гэсэн үгийг бичих шаардлагагүй, жавар гэсэн үгнээс уншигч энэ өвлийн улирлыг илэрхийлж байгаа юм байна гэдгийг ухамсарлана гэсэн үг юм. Мөн тухайн улс үндэстний уламжлалт баяр ёслолыг илэрхийлсэн үгс бол мөн түлхүүр үгэнд хамаарна.
ганцаардал-
уулын хөх өвсний
ганхах чимээ
Б. Бүрэнбилэг 
Энэ хайкунд илэрхийлэгдсэн “уулын хөх өвс” хэмээх киго нь намар орой буюу өвлийн эхэн үеийг заасан байна. Ууланд ургасан өвс хатаж хорчийгоод сулдаа ганхаж байгаа байгалийн энэ үзэгдлийг өөрийн сэтгэлийн өнгө аястай зүйрлэснээр зохиогч хайкугаа өвөрмөц сэрэл, мэдрэмжээр хөглөж чадсан байна. Зуны ид ургаж буй ногоохон өвс үзэсгэлэнтэйгээр найгадаг бол хатсан хөх өвс ганхана хэмээн үгийг  оновчтой сонгожээ.
Мөн хайку бодот мэдрэмж, туршлагад суурилсан байх ёстой ба зохиогчийн 5 мэдрэхүй чухал үүрэгтэй,  энэ мэдрэмж зохиогчийн үгээр илэрхийлэгдэх нь байдаг. Эдгээр 5 мэдрэхүйн хослолыг зохицол гэж нэрлэдэг.
Зохицол (synethesia) гэдэг нь хоёр өөр мэдрэмж, хүртэхүйн хослол юм.


хэзээ ч
мартагдахгүй
ганцаардлын амт-
цагаан шүүдэр

M. Башё  (амт, үнэрийн хослол)

үдшийн цахирмаа
...
цагаахан дэлбээ анхилам
үнэрт нуугджээ

Ё. Бусон ( үнэр, өнгөний хослол)

цагаан удвал цэцэг
түүний үнэр гэрэл цацруулам,
бас сүүдэртэй

Рюносуке ( үнэр ба өнгөний хослол)
Мөн өгүүлэгдэхүүний эсрэгцэл (juxtaposition) гэсэн ойлголт байдаг агаад аливаа нэг өгүүлэмжийг аваад өөр өгүүлэмжтэй эсрэгцүүлэн шүлэглэх ёс бас байдаг.
аагим зунаар...
хүйтэн горхи мэт анхил охид
зөрөн өнгөрнө

Н. Идо
Зохиогч энэ хайкундаа аагим халуун, хүйтэн горхи гэсэн хурцхан эсрэгцлийг чадамгай ашигласан байна.
сүмийн оройгоос
тагтаа нисэхүйд...
дурсамж сэргэнэ

Г. Дарьням
Энэхүү хайкуд өгүүлэгдэж буй “сүмийн орой” уламжлалыг илэрхийлсэн байхад “тагтаа” шинэчлэлийг илэрхийлсэн байна. Уламжлал ба шинэчлэл нь мөн эсрэгцэл болоод дурсамжаар эдгээрийн уялдааг холбоог харуулжээ.
Зохиогч хайку бичихдээ өөрийнхөө дотоод хэмнэлийг сайтар мэдэрч үүнийгээ хайкундаа шингээх учиртай. Япон хайкуны мөрийн эцсийн цохилгыг кана гэдэг ба энэ хайкуны амин чухал хэсэг юм. Энэ нь хайкуг ая дантай, хэмнэлтэй, хөгжимлөг болгоход тусалдаг, мөн хайку зүгээр л нэг үргэлжилсэн өгүүлбэр байх ёсгүй, зогсоцтой байх учиртай. Энэхүү зогсоцыг кирежи гэдэг, бусад хэлэнд 3 цэг, зураас зэргээр илэрхийлж бичдэг ёс мөн тогтсон байна.
Хайкун мөрүүд том үсгээр эхэлдэггүй, жижгээр бичдэг ёс мөн уламжлал болон тогтжээ. Энэ нь ханз үсэгтэй холбоотой болов уу. Англи, орос хэл дээр бичсэн хайкунуудыг харж байхад мөрийг жижиг үсгээр эхлүүлсэн байдаг. Тиймээс дэлхий нийтийн энэ чиг хандлагыг дагаад монгол хэлээр бичихдээ ч мөн мөрийг жижиг үсгээр эхлэн бичиж хэвшвэл зүйтэй мэт санагдана. Мөн 3 мөрийн эцэст цэг тавьдаггүй.
Башё “хайку бичихдээ өөрөөсөө холд, өөрийн дотроос гар” гэж хэлсэн байдаг. Тиймээс хайку бичихэд өөрийн үзэл бодол, хандлага, хувийн хүсэл шунал зэргийг илэрхийлдэггүй, ахуйгаас тасарч, дотроосоо гадагшаа алсарч бичдэг. Хайку бичихэд зохиогчийн бясалгагч шинж чанар, ахуйтай холилдоогүй цэвэр тунгалаг мэдрэмж, агшин зуурын гэгээрэл, сэрэл чухал үүрэгтэй.
Мөн Башё зарим шүлгүүдээ хокку гэж нэрлэсэн байдаг. Энэ нь гүн ухааны хайку гэдэгтэй дүйнэ. Зэн буддист үзлийн үнэт зүйлс, хайкун соёлын гоо зүйн дараах ухагдахуунуудыг шингээсэн, япон хайкуны уламжлалыг хадгалсан, ёс дэгийг нарийн баримталсан хайку шүлгийг хокку гэж хэлж болно.
Ваби-саби- гэгээн гуниг
Сатори- өөрөө өөрөө гэгээрэхүй, онгодоо хөглөхүй
Хосоми-эмзэг нарийн
Сиори- шаналал
Феку - хувьсан өөрчдөгдөхүй пюки- хувьсан өөрчлөхүй
Каруми- энгийн
Хайку бичихэд баримтлах хэд хэдэн зарчим байдаг. Жишээ нь зока, юүгэн гэх мэт. 
Юугэн
Юугэн гэдэг нь таамаглал ба гүн санааны үзэл юм. Юу гэдэг нь сүүдэр, бүүдгэр байдал, харин гэн гэдэг нь харанхуй гэсэн үг.  Энэ нь юу-хуан гэсэн хятад гаралтай үг бөгөөд хэтэрхий гүн утгыг харсан мэт ойлгох гэсэн утгыг илэрхийлдэг.
Японд энэ үзэл нь уран дүрслэлийн төгөлдөржилт гэдгээр ойлгогдох
агаад таавартай, үгээр илэрхийлэшгүй гэсэн утгыг агуулдаг аж. Нарийн, зөөлөн хэм хэмнэлийг чухалчилдаг ба энэ нь яруу сайхан илэрхийлэлээр давхар утгыг гаргадаг онцлогтой. Үүний үр дүнд үгийн таавартай гүн гүнзгий байдал нь дэлхий ертөнцийн нууцыг тайлах түлхүүр болдог гэнэ.  Энэ нь хайкуг гүн гүнзгий болгодог үндэс сууриудын нэг билээ.
Энэ нь ваби-сабитай мөн холбогдох ба ваби
-саби, юүгэн зэрэг мэдрэмжийг ухамсарлах нь чухал билээ.  Юугэн таавар ба гүн гүнзгий санаанд чиглүүлдэг. Гэвч бусад гоо зүйн ойлголтууд чухал бус бус юмаа.
Зока
Зока бол яруу найргийн урлагийн зарчмуудын нэг бөгөөд хятадын уран зургийн онол болох “Цао хуа”-гаас үүсэлтэй ухагдахуун юм. Энэ нь бүтээл, бүтээлч гэсэн утгатай ба заримдаа “байгаль” хэмээн буруугаар орчуулагдсан байдаг. Зока улирал болон улирлын өөрчлөлтийн үр дүн биш юм. Энэ нь учир шалтгаантай хүчирхэг эрчим хүч учраас бүх зүйл дэлхий ертөнцийн зохицол , хувьсан өөрчлөлтийн үр дүнд болдог гэсэн үзэл санаа юм. Зока хэмээх эрчим хүчний хүрээнд бүх зүйл хувьсан өөрчлөгдөж байдаг энэ нь хэзээ ч төгсөшгүй гэсэн санааг бас агуулж байдаг. Улирал, улирлын өнгө аяс, түүний хувирал гээд бүх зүйлс зока хэмээх ойлголтоос ангид зүйл биш. Хүний амьдрал ч мөн зокагийн тойрогт багтдаг юм. Башё хэлсэн байдаг “Зокаг дага, бас зока руу буцаж ир” гэж. Тиймээс хайку, хокку бичихдээ зока хэмээх ухагдахууны мөн чанарыг ухамсарлан, дагаснаар хүчирхэг, дэлхий ертөнцийн хувьсан өөрчлөлтийг шингээсэн бүтээл туурвих бас нэгэн үндэс болдог ажээ.
Энэхүү хокку шүлэг нь Басёгийн үеэс эхтэй болоод Масаока Шики, Ёса Бусон, Исса Кобаяши зэрэг японы нэрт найрагчид үргэлжлүүлэн хөгжүүлсээр ирсэн түүхтэй.
АНУ-ын хайку судлаач Дон Байрд хокку, хайку, сенрью зэрэг богино хэлбэрийн шүлгийн ялгаатай байдлуудыг ийнхүү тайлбарласан байдаг.
Өнөөдөр хокку, сенрью, хайку ямар ялгаатай вэ гэдэг эргэлзээ бодитоор оршиж байна.  Эдгээр ялгааг мэдэхгүйгээс болоод, олонд танигдаагүйгээс болоод хайку маш их бохирлогдож байгааг өгүүлэх хэрэг юун.  Хайку өнөөдөр дэлхий нийтэд түгэн дэлгэрч байна. Богино/урт/ богино хэлбэртэй, хайку, хоккугийн үнэр ч үгүй шүлэг биш зүйлс энэ тэрүүгээр тэнүүчлэх болжээ.
Хэрэв яруу найрагч бичсэн шүлгээ өөрөө хайку гэж үзэж л байвал “энэ бол хайку” гээд хэлчихэд амархан. Энэ нь реп дууг “энэ бол вальс” гэж хэлж байгаатай адилхан юм.
Энд нэг шалтгаантай хүлээлт байна.
 Хэрэв “Та хаврын вальсын баярт хүрэлцэн ирээрэй” гэсэн урилга хүлээн аваад би өглөө эрт вальс бүжиглэх юм байна гэсэн хүлээлт танд үүснэ.
Хэрэв та харанхуй шөнөөр вальс гэж нэрлэгдсэн реп бүжгийн баяр оч
чихвол танд хууртагдсан юм шиг, доромжлуулсан юм шиг сэтгэгдэл төрнөө дөө.
Сонат бол сонат, концерт бол концерт. Харин хайку бол хоккуны хамаатан садан бөгөөд Шикигийн үеэс мэдэгдэхүйц өөрчлөгдөж ирсэн зүйл юм. Энэ үеэс уламжлагдан ирсэн маш тодорхой
ойлголт юм. Хоорондын ялгаа нь ч тодорхой” хэмээн өгүүлээд хайку бичих ерөнхий зааварчилгааг өгсөн байна.
1. Хайку бичихэд ихэвчлэн богино/урт/ богино хэлбэрийг ашиглана. Хэрэв та өөр хэлбэртэйг бичих болвол үүнийгээ тайлбарлах хэрэгтэй. Башё  шавь нартаа маш сайн тайлбарласан байдаг. 3 юмуу 4 үетэй бичиж болно, гэхдээ агуулга маш чухал шүү гэж.
2. Х
айку кирежи буюу мөрийн хэмнэлтэй байх бөгөөд энэ нь илэрхий байх ёстой. Кирежи нь хайкуг 2 хэсэгт хуваах бөгөөд өгүүлэгдэхүүний эсрэгцэл, ялгаатай байдлыг тодруулах
үүрэгтэй байна.
3. Х
айку киготой байна. Улирлыг илэрхийлэх түлхүүр үгс, тухайн улиралд болдог баяр наадмын үгс оруулж болно.
Зока хэмээх нэр томьёо бол хоккуд кигогоос илүү чухал үүрэгтэй. Энэ нь маш чухал юм.
Зокагүй хокку бол маш үлбэгэр сул харагддаг.
4. Таны
бичсэн хайку Башёгийн үндэслэсэн гоо зүйн нэр томьёонуул болох зока, каруми, кокоро, ваби-саби, кирежи зэргийг тусгасан байх ёстой.
Японы богино хэлбэрийн шүлэг сенрью нь аливаа зүйлийг ёгтлон, хошноор илэрхийлсэн мөн 3 мөртэй шүлэг юм.
Түүнчлэн сенрью, хайку, хокку зэрэг 3 мөртэй шүлгүүд нь ТАНКА буюу 5 мөртэй шүлгээс үүсэлтэй гэж үздэг. 
Танка 

би навч
хаврын бяцхан нахиа-
дээшээ тэмүүлсээр
тэнгэрийн зүүдээ даалгүй
газарт шингэх навч
П. Надалсүрэн
Танка бичихэд мөн л байгалийг илэрхийлсэн үгс буюу киго ашиглаж бичдэг ба улмаар мөрүүд богино, урт, богино, урт, урт гэсэн хэлбэртэй байна.
Хайку хэдэн хэдэн хэлбэртэй ба өмнөтгөл үгтэй, тайлбартай хайкуг ХАЙБУН гэж нэрлэдэг. Жишээ нь:
Хайбун 
Энэ шөнийн саран маргаашийн сарнаас өчүүхэн дутуу, өчигдрийн сарнаас харин өнгө гэрлээрээ өчүүхэн илүү байна... Маргааш Сарны сэв дүүрч сэтгэл ханах өдөр...тэгээд л алдраад л хөврөөд л сэмрээд л сэвтээд л...хөлгүй харанхуйд живнэ...одод амьсгаа даран хүлээсэн тэр зүгээс Исгэл саран урган ургаж Тэргэл саран болоод дахиад л тасарч унана даа... Маргааш тэргэл саран тэнгэрт тасарч унах тэр өдөр...Сарны гэгээнд санааширсан Хариад овгийн хөвүүн Шинийн 14-н хоёр...

тэнгэрт тасарсан
тэргэл сарыг маргааш
одод хүлхэнэдээ...
А. Содхүү
Хайкуг бэхэн болон уран зургаар чимэглэн түүнийг утга санааг дэлгэрүүлэх ёс байдаг ба зурагтай хайкуг ХАЙГА гэж нэрлэдэг байна. Жишээ нь Ёса Бусон маш олон мянган бэхэн зурагнуудыг зурж үлдээсэн байдаг. Хайкуг зураачийн бийрийн нэг татлагатай зүйрлэж болно.
Хайга 

Хайку нь зохиогчийн уран сэтгэмж, сэрэл мэдрэмж, гүн ухааны үзэл болон уншигчийн туршлага, уран сэтгэмжийн цогц нийлбэр юм. Хайкун утга санаа нь уншигчийн сэтгэлийн хөдлөлийн байдал, үзэл бодол зэргээс шалгаалан маш олон янзаар тайлагдаж болно. Жишээ нь:

ургах наран...
буцах шувуудын жим
тод
орном

Н. Төвшинзаяа

Энэ хайку
г зохиогч “Хайку Зэн буддизм дээр үндэслэгдсэн. Шувууд нисэх зам бидэнд харагдахгүй боловч энэ зам байгаа. Харагдахгүй байна гэдэг бол байхгүй гэсэн үг биш. Энэ зэн буддист үзлийн нэг хэлтэрхий. Ургах нар бол гэгээрэл. Шувууд бол бид. Буцах шувууд бол бидний өвөг дээдэс. Жим бол нэгэн цул болсон "бүх юм". Гэгээрэлд хүрвэл бүхний зам мөр тодрон үзэгдэнэ гэсэн ерөнхий утга агуулгатай” хэмээн тайлсан байхад үүнийг уншсан өөр нэг уншигч бүүр огт өөрөөр, эсрэгээр нь тайлах боломжтой гэсэн үг.
цэцэгс-
цаг хугацааны хугаралд
хагдарч үзэгднэм

Н. Төвшинзаяа

Энэ мөн чанарын тухай хайку. Бидний нүдэнд хагдран үзэгдэж байгаа цэцэгс мөн чанартаа хамгийн үзэсгэлэн гоо, төгс төгөлдөр шинжийг агуулсан байгаа. Үзэгдэх зүйл бол, өнгө бол хуурамч, цаг хугацаа ч бас хуурамч. Бидэнд харагдахгүй байгаа олон олон зүйлс мөн чанартаа хамгийн шударга, бас хамгийн үнэн байх” хэмээн тайлсан байна.
сар нарны хооронд
салхи юу урладгийг
хэлж өгөөч?

Роберт Д. Уйлсон

Энэ хайку бас үнэн, жинхэнэ гоо сайхны эрэл хайгуул бөгөөд зэн буддист үзэл нэвт шингэсэн  байна.
сар хээр хоносон
шөнө үүрийн шаргал туяа-
эзгүй буурин дээр асгарлаа

Светлана Марисова

Энэ бас  л шударга үнэний хайгуул, сатори юм. Үүрийн туяа хамгийн шударга, тэр эзэнгүй газарт ч, луйварчны мөрөн дээр ч, гэгээнтний нөмрөг дээр ч туяагаа асгана. Сарны туяа, үүрийн туяа гэсэн хоёр киго эсрэгцлийг шингээсэн бөгөөд сарны туяаг үүрийн туяа үгүйсгэж байгаа мэт.  Шинэчлэл, хувьсан өөрчлөлтийг энэхүү эсрэгцлээр илэрхийлсэн байна.  Гэх мэтчилэн хайкуг өөр өөрийнхөөрөө тайлж болно. Гагцхүү зохиогч уншигчийг гоо сайханд, сэрэл мэдрэмжид, сэтгэлийн цэнгэлд, гэгээрэлд хөтлөгч нь байдгаараа яруу найргийн бусад төрлүүдээс ялгаатай ба энэ чанараараа яруу найргийн сонгодог хэлбэр болж чаддаг.
Нэмж хэлэхэд хайку уран үгийн цуглуулга биш, хоосон цэцэрхэл биш. 17 үенд багтааж, үгээ ширгээж санаагаа багтааж бичсэнээр хүний сэтгэлгээ цэгцтэй болно. Энэ нь саторийн үндэс суурь юм. Энгийн гэдэг бол хайкуны хамгийн чухал үнэ цэнэ.

хуучин цөөрөм
...
мэлхий дэвхрэхэд
усны чимээ гарав


Башёгийн хамгийн алдартай энэ хайку яагаад үнэ цэнэтэй вэ? Энэ гоё сайхан үгэндээ биш, үүнийг бичсэн оюун ухаан ахуйгаас тасарчихсанд, гэгээрсэнд л хамаг учир оршиж байгаа юм.
Дүгнэн хэлэхэд хайку бол маш нарийн дэгтэй, дүрэм журамтай урлаг агаад дэлхийн олон хэлэнд нутагшин, тухайн хэлний онцлог, зүрхэн хэмнэлийг шингээн олон олон тогтсон дүрэм журамтайгаар хөгжиж байгаа яруу найргийн нэгэн төрөл юмаа.
Монголын залуучууд бидэнд уудам тал шигээ чөлөөтэй сэтгэж, хэлбэрт баригдалгүй чөлөөтэй бичих хүсэл эрмэлзэлтэй,  дээрх дүрэм журмуудыг үл харгалзан бичсэн богино хэлбэрийн шүлгүүдээ “Хязгаараас цааш” бүлгийн залуучууд ХАЙЦ хэмээн нэрлэн, монголдоо төдийгүй, дэлхий нийтэд сурталчлах их аянд гарсан билээ. Ингээд хайц шүлгийн талаар танилцуулъя.
Хайц бол япон хайкутай төстэй богино хэлбэрийн шүлэг юм. 3 мөртэй. Хайцын хувьд хэлбэр чухал биш. Хайц шүлэг киго, 5 7 5 үетэй байх ч албагүй. Хайцын хамгийн чухал дүрэм бол сэрэл мэдрэмжийн онцлог байдал, түүний философлог чанар юм. Хайц зохиогч гүн ухааны үзлээ, зүрх сэтгэл, шаналал, сэрэл мэдрэмжтэй хослуулан бичдэг. Өөрөөр хэлбэл хүний философи үзэл, сэрэл мэдрэмжийн цогц нийлбэр юм. Мөн энэ нь хүн дотоод мөн чанараа нээж, өөрийгөө олох эрэл хайгуул юм.
Хайку бол Яруу найраг хэмээх хөрсөн дээр ургасан том мод бол хайц нь түүний нэг мөчир юм. Модны мөчир бүхэн өөр хоорондоо ижил байдаггүйтэй билээ.
Монголчууд дорны яруу найргийн баялаг сайхан уламжлалтай ард түмэн бөгөөд богино хэлбэрийн шүлгийн уламжлалтай билээ. Жишээлбэл 4 мөрт, Ертөнцийн гурав гэх мэт.
Тиймээс бид хайкун дэг журмыг ягштал баримтлан байгалийн тухай үг хэллэг буюу киготой, урт богино, урт хэлбэртэй, таавартай, кирежи буюу зогсоцтой, зохицолтой, эсрэгцэлтэй, зэн буддист үзэл болон өөрийн гүн ухааны үзэлд тулгуурлан хайку шүлгээ бичихээс гадна өөрийгөө танин мэдэх, би хэн бэ? гэсэн асуултдаа хариулах, өөрийн гүн ухааны үзэл, сэрэл мэдрэмжээ  илэрхийлж ХАЙЦ шүлгүүдийг тэрлэдэг юм. Хайку өөрийн дотроос гарч ахуйгаас ангижирч, орчлонгоос тасарч бичдэг бол ХАЙЦ шүлгийг дотогшоогоо бясалгаж, дотор руугаа өнгийж бичдэгт гол ялгаа оршиж байна гэж бид үзэж байна. Жишээ нь:
хүүгээ өршөө ээж ээ
хөхнөөсөө гарснаас хойш л
хүн биш болчихож би...
Л. Таванбаяр
Дорно дахины найргийн охь сувд болсон япон хайкуны дэлхий нийтэд хөгжиж байгаа хандлагыг бид хүндэтгэн хүлээн зөвшөөрөх чухал юм.  Жишээ нь нэгэн япон хүн ертөнцийн гурав бичиж байна гээд шал өөр юм бичээд эхэлбэл, захын монгол хүн нэг юм хэлнэ ээ дээ. Түүнтэй адилхан хайку шүлгийг бид дэг журмынх нь дагуу хүндэтгэн, сэрэл мэдрэмж, эгээрэл, гэгээрлээ илэрхийлэн бичиж сурах нь зүйтэй.

Хязгаараас цааш бүлгийн танилцуулга
Хайку, хайц шүлэгчдийн "Хязгаараас цааш" бүлэг 2010 онд байгуулагдсан. А. Содхүү, Б. Бүрэнбилэг,    П. Надалсүрэн, Г. Дарьням, Н. Идо, Г. Баярцэцэг, Л. Таванбаяр, М. Даваасүрэн Н. Төвшинзаяа нарын 9 гишүүнтэй. 2011 онд "Цагаахан нам гүм" анхны хайкун түүврээ хэвлүүлсэн. Одоо хоёр дах түүврээ монгол англи хэл дээр хэвлүүлэхээр бэлтгэж байна. Манай бүлгийн зөвлөхөөр Япон улсын Дарума музейн ажилтан, доктор Габи Грийв ажилладаг. Тэрээр дэлхийн киго /байгаль улирлыг илэрхийлэх үг/, түлхүүр үгийн сан – дата баазыг (kigopedia) үүсгэн, хөтлөдөг бөгөөд манай бүлгийн гишүүдийн нэлээн хэдэн хайку тус санд бүртгэгдсэн.
http://databaseworldkigo.blogspot.jp/2012/07/mongolia-saijiki.html
"Хязгаараас цааш" бүлгийн блог англи монгол хэл дээр хөтлөгддөг ба залуу үеэ дэмжих, монголын хайку, хайц шүлгийг дэлхий нийтэд сурталчлах зорилгоор улирал тутмын "Хязгаараас цааш" цахим сэтгүүлийг англи монгол хэлээр эрхлэн гаргах болсон.
http://shortformpoetryofmongolia.blogspot.com/
Манай бүлэг дэлхийн хайкучид, хайку судлаач нартай холбоо тогтоон байнгын харилцаатай байдаг агаад бидний хайку, хайц шүлгийн англи хувилбар дээр АНУ-ын хайкуч, хайга зураач Эд Бремсон, simplyhaiku.com сайтыг үндэглэгч , хамтран эзэмшигч Роберт Д. Уйлсон, хайкуч, хайку судлаач Дон Байрд нар идэвхтэйгээр хамтран ажиллаж байна.
Алдарт хайкуч Светлана Марисовагийн гэгээн дурсгалд зориулсан кукай буюу олон улсын хайкун наадамд манай бүлгийн 5 хайкуч Монгол улсаа төлөөлөн оролцож 20 гаруй орны 67 хайкучаас 8-14-р байруудыг эзэлсэн ба одоо Олон улсын 7-р кукайд 7 хайкуч амжилттай оролцсон, дүн нь хараахан гараагүй байна.
Бид дэлхийн хайкун чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, богино хэлбэрийн шүлгийг судлаж, монгол хайку, хайц шүлгийг Монголдоо төдийгүй дэлхий нийтэд сурталчлах зорилготой билээ.

Үнэлгээ өгөх:

4 СЭТГЭГДЭЛ:

Бондууш said...

Баярлалаа.

Anonymous said...

ok

Хайч said...

Ямар нэгэн уралдаан тэмцээнд орно гэдэг нь одоо яаж байгаа юм болоо? Тэгээд адилхан сайн шүлгүүд байвал аль нэгийг нь сонгоно гэсэн үг үү? яг зөв сонгох арга байхгүй шүү дээ

Tuvshinzaya Nergui said...

Сайн байна уу? Хайкун наадмыг японоор кукай гэдэг бөгөөд тогтсон дэг журамтай байдаг. Кукайд оролцож байгаа хайкучдын хайкуг дугаарлаад нэргүйгээр бүх оролцогчдод илгээдэг. Нэг оролцогч 6 онооны эрхтэй бөгөөд 1, 2, 3 гэсэн оноог таалагдсан хайкунууддаа өгнө. Нийлбэр оноо нь 6 байх ёстой. Өөрийн хайкун дээр оноо тавихгүй, мөн уралдаанд хайку шүлгээрээ оролцоогүй хүн санал өгөх ёсгүй гэх мэт.