Skip to main content
Японы
алдарт зохиолч Рюносүкэ Акүтагавагийн бүтээлүүд дэлхийн утга зохиолын
алтан сан хөмрөгийн салшгүй нэгэн хэсэг болжээ. Түүний уран бүтээл 20-р
зууны нэгэн тод, гоц үзэгдэл болон үлдсэн юм. ҮНЭН гэж юу вэ? ҮНЭН гэж
байдаг уу? ҮНЭНИЙГ хүмүүс ухаж ойлгож чадах уу? Зохиолчийн бүхий л уран
бүтээл энэ хэцүү асуултын хариуг олох гэсэн оролдлого байдаг. Тиймээс ч
Р.Акүтагава амьдралынхаа төгсгөлд “Хүний амьдрал тамаас ч илүү там”
гэсэн аймшигтай бодолд хүрчээ. Юу түүнийг ингэж бодоход хүргэв?
Хэдийгээр Р.Акүтагава 1927 онд 37 насандаа амиа хорлосон ч нарийн амт,
уран хошигнол, гүн утга шингэсэн гайхамшигт зохиолуудаа бидэнд өвлүүлэн
үлдээсэн билээ. Энэ удаад “Өчүүхэн хүний үг” хэмээх эсээ, онч үгийн
цомирлог зохиолоос толилуулж байна.
Зохиолууд нь эхлээд уншихад
ухаангүй хөхрөн инээлгэнэ. Дараа нь сааталд орох мэт нам гүм болгоно.
Эцэст нь учиргүй, бүр учиргүй л уйлмаар, гутармаар
санагдуулана...Түүнийг уншиснаар та нэг л зүйлийг маш сайн ойлгоно. Тэр
нь...юм.
Өчүүхэн хүний залбирал
Би тод өнгийн хувцас өмсөж,
элдэв хөдөлгөөн, зугаатай яриагаараа хүмүүсийг баясааж чадвал өөрийгөө
азтай өчүүхэн хүн гэдгээ мэдэрдэг. Миний хүслийг биелүүлээч гэж би
бурхандаа залбиръя.
Ширхэг будаа ч үгүй ядуу хүн битгий болгоорой. Гэхдээ бас эд хөрөнгөндөө ханаж цаддаггүй баян нэгэн битгий болгоорой.
Тарчигхан овоохойд амьдардаг тариачин хүнийг үзэн ядагч битгий
болгоорой. Гэхдээ бас тансаг ордонд амьдардаг үзэсгэлэнт бүсгүйд хайртай
нэгэн ч битгий болгоорой.
Зэрлэг ургамал, үр тариа хоёрыг
ялгадаггүй тэнэг нэгэн бүү болгоорой. Гэхдээ бас үүл хаанаас ирдгийг
мэддэг мэргэн хүн битгий болгоорой.
Аминчлан гуйх зүйл гэвэл
аймшиггүй зоригт баатар бүү болгоорой. Заримдаа би хүн хүршгүй оргилд
гарч, захгүй тэнгис далайг гатлан, үнэхээр л боломжгүй зүйлийг бүтээж
байна гэж зүүдэлдэг. Би иймэрхүү зүүд зүүдлэхдээ үргэлж битүүхэн
түгшдэг. Луутай тэмцэж байгаа юм шиг л хөөх гэж хичээдэг. Баатар болох
хүсэлтэйгээ ч тэмцэх чадалгүй намайг баатар битгий болгоорой.
Шинэхэн дарсанд согтож чадаад, нарийхан алтан утсаар ая дуугаа тоглож,
тэрхүү жаргалтай өдрөөрөө л баярлаж чадвал БИ ӨӨРИЙГӨӨ АЗТАЙ ӨЧҮҮХЭН ХҮН
ГЭДГЭЭ МЭДЭРДЭГ.
Олон нийтийн санал
Олон нийтийн санал гэж байдаг нь ядаж л олон нийтийн саналыг дэвслэх нь тааламжтайгаараа зөвтгөгддөг.
Эмгэнэл
Эмгэнэл гэж ичмээр зүйл хийхэс өөр аргагүй болохыг хэлнэ. Тиймээс хүн төрөлхтний нийтлэг эмгэнэл бол хүндээр бие засах.
Ард түмэн
Ард түмэн тэнэг гэдгийг ойлгосон бол түүгээрээ бахархах гэсний
хэрэггүй. Харин ард түмэн бид л юм гэдгийг ойлгосон бол түүгээрээ
бахархах хэрэгтэй.
Урлаг
Урлаг бол эмэгтэй хүн лугаа. Сайхан харагдахын тулд хүмүүсийн оюун санаа, цаг үеийнхээ сонирхолтой нийцэж байх ёстой.
Суут ухаантан
Суут ухаантнаас биднийг нэг л алхам зааглаж байдаг. Гэхдээ энэ алхамыг
ойлгохын тулд ЗУУН РИ-ГИЙН ХАГАС БОЛ ЕРЭН ЕСӨН РИ гэсэн нэг тийм ДЭЭД
ТООГ ойлгох хэрэгтэй.
Худал
Манай нийгэмд оновчтой санаа хэлж
байгаа хүн тэр санаагаа үнэн хэрэгтээ оновчтой бусаас, гайхамшигт
оновчтой бусаас болж хэлдэг юм биш биз.
Үл итгэх үзэл
Үл итгэх
үзэл ямар нэгэн итгэл дээр л тулгуурладаг. Тэр итгэл нь эргэлзээнд
эргэлзээ байхгүй гэсэн итгэл. Энд ямар нэгэн зөрчил ч нуугдаж байж болох
юм. Гэхдээ үл итгэх үзэл нь ИТГЭЛД ТУЛГУУРЛАСАН ГҮН УХААН байж болно
гэдэгт ч ЭРГЭЛЗДЭГ.
Дуулгавартай байдал
Дуулгавартай байдал бол романтик бялдуучлал
Цэрэг
Жинхэнэ цэрэг даргынхаа тушаалд үг дуугүй захирагдах ёстой. Үг дуугүй
захирагдах гэдэг бол шүүмжлэлээс үг дуугүй татгалзах гэсэн үг. Тиймээс
жинхэнэ цэрэг юун түрүүнд оюун ухаангүй байх ёстой.
Сэлгээ
Нэг
эмэгтэйг хайрлаад бид түүнийг орлох өөр нэг эмэгтэйтэй холбоо тогтоочих
нь цөөнгүй байдаг. Гэхдээ хайртай бүсгүй чинь таниас татгалзан учраас ч
тэгдэггүй. Заримдаа өчүүхэн зан, заримдаа ёс зүй биднийг зугаа цэнгэлээ
ганцхан эмэгтэйгээр хязгаарлах боломж олгодоггүй.
Тэд
Гэр бүлийн
хосууд бие биенээ хайрлахгүй яаж эвтэй амьдардагийг би үргэлж гайхдаг.
Харин тэд дурласан хосууд яаж эвтэй үхдгийг гайхдаг.
Эр хүн
Жинхэнэ эр хүнд ажил нь хэзээ ч хайр дурлалаас үнэтэй. Үүнд эргэлзэж
байвал Бальзакийн захиаг уншаад үз. Тэрээр гүнгийн авхай Ганскаяд:
“Хэрэв энэ захиа зохиолын гар бичмэл байсан бол хэдэн франк хүрэх бол”
гэж бичиж байжээ.
Хүүхдүүд
Бид яагаад жаахан хүүхдэд хайртай вэ?
Хүүхэд л биднийг хуурахгүй гэдгээс болгоомжлохгүй байж болно гэдэгт гол
учир нь байгаа юм.
Зохиолч
Бүхийл цаг үеийн суут ухаантнууд
энгийн хүмүүс бидний хүрч чадахгүй хадааснаас малгайгаа өлгөсөөр ирсэн.
Дээр нь гараад зогсчих жижигхэн сандал олчихож чадаагүйдээ ч бид тэр
өлгүүрт нь хүрдэггүй юм биш. Тийм жижигхэн сандал хуучирсан эд зүйл
зардаг наймаачны дэлгүүрт өчнөөнөөрөө бий.
Байгаль
Бидний байгальд дуртай байдгийн гол учир нь, ядаж л нэг шалтгаан нь байгаль хүмүүс бидэн шиг харддаггүй, хуурдаггүйд оршино.
Урлаг
Хамгийн хэцүү урлаг бол эрх чөлөөтэй амьдрах. Гэхдээ мэдээж эрх чөлөөтэй гэдэг бол ичгүүргүй гэсэн үг биш.
Хайр
Хайр гэдэг бол бэлгийн сонирхолыг яруу найргаар илэрхийлсэн илэрхийлэл.
Гэхдээ бэлгийн сонирхол бол яруу найргийн үг биш, түүнийг хайр гэж
нэрлэхгүй.
Хүмүүний, дэндүү хүмүний
Хүмүүний, дэндүү хүмүний зүйл АДГУУСНЫХ Л байдаг.
Би
Би олон удаа худлаа хэлсэн. Гэхдээ хэлсэн үгээ бичих гэж оролдох тусам тэр үг ер бусын өрөвдөлтэй санагддаг.
Эх сурвалж: Р.Акүтагава “Намрын уулс” УБ, 2012
Comments