Нэгэн "монгол архетип"-ийн улбарил буюу гэрэл гэгээ-гоо сайхан-эмэгтэй хүн

Х.Чойдогжамц
/Р.Улам-Оргих “Эр хүүрнэл” номонд/

“...Бид чинь үй түмэн зүйлийг харж, сонсож, үнэрлэж байдаг ч өөрсдөө анзаардаггүй нь бидний анхаарал сарнисан, эсвэл эдгээр зүйл нь бидний мэдрэхүйд үйлчилж ухамсартай сэтгэгдэл төрүүлэхээргүй учраас тэр. Гэтэл ухамсарт бус зүйл тэдгээрийг анзаардаг ажээ. Иймэрхүү ухамсарт бус хүртэхүй өдөр тутмын маань амьдралд ихээхэн үүрэг гүйцэтгэж мэднэ. Тэдгээрийн, хүмүүс болон үйл явдалд хариулах бидний үйлдэлд хэрхэн нөлөөлдгийг бид ерөөс ухаараагүй байгаа юм...”[1]
Шүлэгч Р.Улам-Оргих яруу найргийн хоёрдох, харин “Эр хүүрнэл” /2012/ нэрт анхныхаа түүврийг хэвлүүлжээ. “Абсурд хүүрнэл”, “Сентименталь хүүрнэл” хэмээн бүлэглэсэн “урсгалт сэтгэлгээний шүлгүүд” гэх давхар гарчиг нь сонирхол татаж байна. Энэ удаад түүний “Сентименталь хүүрнэл” хэмээх бүлэг шүлэгт голлон задлал хийхийг хичээлээ.
Дав дээр урсгалт сэтгэлгээ гэж юу вэ? гэсэн асуултад хариулах шаардлагатай биз ээ. Хүний ухамсар, оюун бодлын тасралтгүй урсгал хийгээд түүний логикт эс захирагдах бүтээлч үйл ажиллагаа, уран сайханжсан үйл үйлдэхүүнд ач холбогдол өгдөг дүрслэл-сэтгэлгээний нийлэгшсэн байдлаар ерөнхийлөн ойлгож болох... Гэвч “урсгалт сэтгэлгээ”, “бодлын урсгал” зэргээр нэр томьёо үүсгэж янз бүрийн салбарт хэрэглэж байгаа ч дэлхий нийтэд түгээмэл байдлаар тогтсон ойлголт нэршил нь “УХАМСРЫН УРСГАЛ” юм.
ХХ зууны эхээр Өрнө дахины уран зохиолд Оршихуйн /Экзистенциализм/ философийн чиглэлийг барьсан “Шинэ роман”-ыхан гарч ирснээр энэ арга өргөн хүрээтэй дэлгэрч “...хүний бодлын ертөнцийг унших буюу дүрслэн тайлах аргыг гүнзгийрүүлэн хөгжүүлж, “би” буюу уянгын баатрын дотоод ертөнцийг нээх шилдэг арга болсон...гүн сэтгэлгэ, хийсвэр, үгээр илрэхэд түвэгтэй сэтгэлгээг тайлан илэрхийлэх монологийн сонгомол аргад тооцогддог...”[2] гэжээ.  Ингээд би яриандаа оръё!
Р.Улам-Оргихын “Сентименталь хүүрнэл” шүлгүүд голчлон дотоод сэтгэлийн хөг аяс, аялгууны анирыг илэрхийлсэн  хайр дурлалын шүлгүүд зонхилж эдгээр шүлэг хооронд нэгэн өвөрмөц үл үзэгдэх ч сэтгэлд тэмтрэгдэх гинжин холбоос бүхий давтамжит бүтэц байгаа нь мэдрэгдэх нь сонин юм. Тэр нь:

   ГЭРЭЛ ГЭГЭЭ
                                                     БҮСГҮЙ ХҮН
                                                                                                    ХАЙР СЭТГЭЛ
 
Яагаад түүний шүлгүүдэд ГЭРЭЛ ГЭГЭЭ гэх “өнгөлөг” үг давтамж үүсгэн түүний дор дурлал хайрын цолгиун сайхан оршино вэ? Яагаад?... Яагаад?...  Дахиад Яагаад?.. Зураач хэрхэн яаж зурдаг нь бидэнд сонин биш ээ. Харин яагаад зурдаг, яах гэж зурдаг нь л сонин. Яг л “...Ертөнц хэрхэн үүссэн тухай асуудлыг шинжлэх ухаан шийдвэрлэж чадах ч яагаад үүссэнийг нь тайлбарлаж чадахгүй юм...”[3] гэсэн шиг/инээв/. Үүнтэй агаар нэгэн адил бид ч шүлгийн чинад мөн чанарыг нь дээрх гурван  үгийн холбоогоор буюу баримтад түшиглэн задлан шинжилгээ, өөрийн тайлалыг хийх гэж оролдов. Анхнаасаа баримт өгөгдсөн л бол, анхнаасаа мөн чанар нь өгөгдсөн үг гэж феноменологи философийн төлөөлөгч философич Э.Хуссерль /герман/” үзсэн билээ. Илүү ойлгомжтой болгох үүднээс дахин хоёр хуваая.
1.      ГЭРЭЛТЭГЧ, ГЭРЭЛ ГЭГЭЭ ӨГӨГЧ БҮСГҮЙ
“Гэрэлтэх шидгүй уйтан зүрхэнд минь
гэгээнтэн мэт ганцаар чи оршиж
гэрэл гэгээг тэнд өглөөний нар шиг дэлгэхдээ
гэм нүгэл бүхнийг минь
хуурай мод шиг өршөөн шатаасан...” /Сарнайн дуулал-1, 38-тал/
“Салхинд илбүүлсэн үзэсгэлэнт
цонх шиг чиний нүднээс
сар өдрүүдийн шаргал туяа
гэрэл болон урсана.
Тэр гэрлийн илч дулаанд
тэмүүлэн, тэмүүлэн ургасан
миний сэтгэлийн хайр итгэл” /Уучлал гуйж ургасан үгс-1, 43-тал/
“...Үүд хаалгаа цөмийг нь түгжээд
үүрд тэндээ байгаад л баймаар
үхлийн дараах ахуй шиг зүүдэнд
харанхуйн цаадах харанхуйд
амьдран суугч гэрэл тээгч минь...” /55-тал/
“...Арчаагүй цөхөрсөн бүгчим шөнүүдийн
амьд гэрэл гэгээ бас архичны нулимс мэт чамайгаа” /73-тал/
“...Амьдрал гэдэг олон, олон  үнэт агшинуудын
нэгээхэн чөлөөнд
алган дээр минь ирж буугаад
хормын төдийд хайлсан
хаврын цас шиг гэрэл тээгч минь” /Гэрэл тээгч, 75-тал/
Дээрх шүлгүүдэд буй давтамжлаг үгсийг би хувьдаа санамсаргүй  тохиолдол, санаатайгаар тохиолдуулсан зүйл ч гэж бодохгүй зүгээр л ийн тохиочихсон “өгөгдөл” хэмээн ойлгож байна л даа. 1970-аад оны сүүлээр хүний тархины тал бөмбөлөгийн талаар хийсэн нээлт нь олон шинжлэх ухааныг, тэр тусмаа тэмдэг зүйн ухааны салбарт шинэ түлхэц болсон гэдэг. Учир нь хүний соёлын бүтэц, бодгаль ухамсар хоёрын хооронд гүн гүнзгий АДИЛШААЛТ тал буйг тогтоожээ. Өөрөөр хэлбэл ухамсаргүйгээр /инстикт/ үндэснийхээ соёлын бүтэц, ойлголтод хамаарах зүйлсийг сэдэж, сэтгэж, бичиж, бүтээж байдаг аж.   Швейцарын сэтгэл зүйч К.Г.Юнгийн тэмдэглэснээр “архетип” буюу уугаль /үлгэрчлэгдсэн/ сэдэл/-ийн тухай ярих хэрэгтэй.  Архетип гэдэг бол нарийн эдүүд нь ялимгүй хэлбэлзэх хэрнээ суурь бүдүүвч зураглалыг хэвээр нь хадгалж чадсан төсөөллийг, сэдлийн иймэрхүү төсөөллийг бүрдүүлэх хандлагыг хэлдэг[4] гэсэн нь үндэстний сэтгэлгээ, соёлын бүтэц дэх эх дүр, уг гарвал /үлгэр/ нь ухамсаргүйгээр дараа дараагийн үеүдэд мөнхөд улбиран уламжлагддаг шинжтэй гэсэн үг юм. Харин суурь бүдүүвч зураглалыг хэвээр нь хадгалж чадсан хэрнээ ялимгүй хэлбэлздэг гэдэг нь ерөөс уран зохиол гэдэг үйл бүтээгдэхүүн нь үе цаг бүрд бие биендээ харилцан нөлөөцөж үл тасалдаж үргэлжлэх мөнхийн улбирлын хөдөлгөөн дотор тухайн цаг үе, нийгэм болон хувь хүний өвөрмөц онцлогийг язгуур байдлаар нь дамжуулан хадгалдаг шинжийг хэлжээ. Энэ процесст шинж маш цэвэрхэн байдлаар ягуу ягуухан сэтгэлгээ /ухамсарт/ уусан шингэж, улбаа мөрөө барих бөгөөд тухайн цаг үеийнхээ сэтгэлгээ, танин мэдэхүй, сэрэл мэдрэмжийн пункцид им тамга, хэв дардас маягаар удамшин үлддэгийг олон эрдэмтэд бичсэн байдаг/Г.Нандинбилиг/. Гэхдээ л анхны уг үлгэр /архетип/ загвар нь сэтгэц хийгээд сэтгэхүйн загварчлал хэвээрээ л байна гэсэн үг шүү дээ. Цааш үзье!
Харин феноменологт Э. Хуссерль ухамсрын зорилгот шинжийн тухай өгүүлэхдээ хүний, тэр тусмаа уран бүтээлчийн оюун ухаан, ухамсар ямар нэг уран сайхны объект рүү чиглэсэн зорилготой байдгийг дурдан энэ шинжийг “ухамсрын зорилгот шинж” хэмээгээд “Урлагт уран бүтээлчийн бие хийгээд сэтгэлийн хүрэлцэхүйн оролцоо чухлыг тэмдэглэн, уран сайхны зорилтыг хэрэгжүүлэхэд зохиолчийн “интенция” төсөөллөө хэрэгжүүлэх ямар нэг объект рүү чиглэсэн сэрэл, сэрэхүй, мэдрэмж, мэдрэхүйн оролцоотой ухамсрын нийлэгшлийг буй болгодог” тухай онол дэвшүүлсэн бөгөөд энэ мэт Л.Бинсвангер “Ухамсрын зорилгот шинж нь ухамсрын оршихуйд чухал үүрэгтэй” /Д.Галбаатар. Уран зохиол: онол, түүх, шүүмжлэл” нэвтэрхий толь бичиг, 2012,423-425-р тал үз/
2.      ГЭРЭЛТҮҮЛЭГЧ, ГЭГЭЭНД НЬ ӨӨРӨӨ ГЭРЭЛТСЭН
“...Өвлийн хотын гудамжнаас
шүлэг эрэн тэнүүчлэн явахад
өглөөний нар шиг л
амьдралд минь гэрэлтэж
зүрхийг дулаацуулсан...” /Яруу найрагч-д, 12-тал/
“...Яруу найрагчийн зовлонт шаналалд
сувдран гялтганах үй олон нулимсны
үнэт дусал бүхэнд
зүрх шиг л цохилох хайрт чи минь...” /42-тал/
“...Санан үгүйлэхийн цөл дундуур чиний зүг алхаад л байсан
Санаан дотор гэрэлтэн үлдсэн сайхан дурсамж л
Саад бүхнийг гэтлэн туулах зориг итгэл минь болсон...” //
“...Илч гэрлээр чи намайг цэцэгчин шиг
хайрлан усалж энд байх, чиний дэргэд байх надад
эхийн хэвлийд байгаа юм шиг л айх аюулгүй
дулаахан санагдах болсон.
Хар нүх эсвэл цус сорогч шиг намайг
хайрт чамаас минь цацрах ер бусын эрчимлэг хүч
ертөнцийн өдөр хоногуудыг гэрэлт нүдээр хардаг болгосон...” /Автах уй-2, 51-тал/

Энд ГЭРЭЛ ГЭГЭЭ хэмээх “өнгөлөг” үгс мөн л “нэгийг өгүүлэн” давтамжлагдагсаар “явна”. /Энэ тухай дор тайлбарласу/ Харин түрүүнд нь энэ шүлгүүдийг ишилсэнтэй холбоотойгоор түүний шүлгийн хэлний талаар цөөн үг хэлье. Бодол, сэтгэлгээний илэрхийлэл бүхэн хэлээр дамждаг. Тэр дундаа урлаг, уран зохиолын уран сайхны хэл нь уран дүрслэгт сэтгэлгээг зүй ёсоор шаардана. Гэтэл шүлгүүдэд нь ДҮРСЛЭЛЭЭС илүүтэй ИЛЭРХИЙЛЭЛДЭЭ анхаарсан дутагдал байна. “Гэрэлт нүдээр хардаг болгосон”, “дулаахан санагдах болсон”, “зориг итгэл минь болсон”, “сүүлчийн итгэл бий болсон”, “эвлэрэхийг л хичээдэг болсон”, “чиний зүг алхаад л байсан” гэх мэт ТАЙЛБАР голлосон мөртүүд зонхилж, дүрслэх хуулиасаа гажин  шүлгийн утга санаа, мэдрэмжийг илтэд  тайлбарлан харуулжээ. Мэдрэмжийг дүрслэн үзүүлэхээс биш тайлбарлан харуулна гэж юу байх вэ?  Театрын хэлээр энэ алдааг “ЗОРИЛГО ТҮРҮҮЛЖ ТОГЛОСОН”, “БАЙДЛЫГ ТОГЛОЖ, ҮЗҮҮЛЭХ”  гэж хэлдэг. Эх хэлнийхээ арвин баялаг боломжоор нээн давтагдашгүй шинэ соргогоор дүрслээгүй бол шүлгийнхээ тухай уншигчдад ярьж өгснөөс ялгаа юу байх вэ? Ингэж “яриулсан” зохиолоос үйл явдал болоод утга санааг бүдэг бадаг мэдэхээс биш үг хэлний амт шимт, гэрэлтсэн торгон мэдрэмжүүд хэрхэн хүртэгдэх билээ дээ!  
Дээрх шүлгийн мөрүүдэд дөрөөлөн нэгэн хэвийн уйтгартай хэлбэршил бүхий дүрслэлүүд, нэг л сэтгэлгээний хэв загварт өөрийгөө дахин дахин давтжээ гэж шүүмжлэх бололцоотой байгаа ч ийм тайлбарыг энд хэрэглэх шаардлагагүйг дээр нэгэнт дурьдсан.
Монголчуудын гоо сайхны үзэлд онцгой сонирхол татах давтамжтай зүйлс байдгийн нэг нь яах аргагүй гэрлийн үзэгдэлд хандах үзэл, шүтлэг юм. Монгол  ардын баатарлаг туульст: “...Эмэгтэй хүний гоо сайхныг гэгээн цагаан гэрлээр төлөөлүүлэн дүрслэх ба Наран, Саран эрхсээр бэлгэдэх, эрэгтэй хүний сайхныг гэрлийн улаан өнгө гал цогтой холбон үзэх үзэл нь нэн тодорхой, давтамж өндөр байдаг” [5]гэжээ. Монгол туульд хатдын гоо үзэсгэлэнг:
“... Хойшоо харж нойрсоход нь хойд зүгийн хүмүүс гэрэл гэгээнд нь үүр цайж, нар гарав гээд өрх, үүдээ татаж үнс тоосоо гаргаж, үнээ малаа саахад хүрдэг...” /Эрийн сайн Хан Харангуй/[6] эсвээс “...Орох улбар шар нарны өнгөтэй, гарах гал улаан нарны дүртэй, гэгээн дунд нь үйл үйлдэм сайхан, гэрэл дунд нь адуу манам сайхан...” /Жангар/[7] Эндээс Р.Улам-Оргихын шүлгүүдэд давтагдсан гинжин холбоот ижил бүтэц оршин буйг хялбар  таньж болно.

ГЭРЭЛ ГЭГЭЭ
                                                   БҮСГҮЙ ХҮН
                                                                                                ГОО САЙХАН
 
Тэгэхээр Р.Улам-Оргихын шүлгүүдэд давтамжит гурван үгийн холбоогоор илрэх санааг /ГЭРЭЛ ГЭГЭЭ-ЭМЭГТЭЙ ХҮН-ХАЙР/  монголчуудын язгуур шүтлэг болох гэрлийн шүтлэгийн архетиптай холбон тайлбарлаж болох нь бэлхэнээ тодорхой  ажээ. Монгол утга соёлын энэ язгуур БҮТЭЦ, БЭЛГЭДЭЛ-д хайр ээнэгшлийн учиг холбоог “би”-ийн дотоод сэтгэлзүйн өнгө аястай нягт хосолсон уран санаа ГЭРЭЛ ГЭГЭЭ-ЭМЭГТЭЙ ХҮН-ХАЙР гэсэн давтамжит ТЭМДЭГ-ээр дамжуулж танин мэдэх бололцоо байна. Энэ жишээ бидэнд “Соёл бол бэлгэдэл голлосон тэмдэг дагалдсан, иргэншил бол тэмдэг голлосон бэлгэдэл дагалдсан”[8] байдаг гэсэн санааг батлаж өгөх юм.  Мөн түүнд:
“..Амь халуун судлаар минь
одоо ч лугшсаар байгаа
амьдрал юм чи миний” /72-тал/
“...Оюун судсан дотор минь
одоо ч бөхөлгүй сүүмэлзсээр байгаа
онож хэлэхийн аргагүй тийм хоосон мэдрэмж” гэсэн мөртүүд бий. Чухам энэ л ХООСОН мэдрэмж чинь өнөөх ГЭРЭЛ ГЭГЭЭ юм шүү дээ. “Оюун судсан дотор амь халуунаар лугшин сүүмэлзэж, шархалсан зүрхийг ШАТААН ДУЛААЦУУЛДАГ тэр л ГЭРЭЛ ГЭГЭЭ...”  Анхны бэлгэдэлт утга нь цагаан өнгөөр бүсгүй хүний зөвхөн гоо сайхныг ёгтлон үзүүлэх байсан бол өдгөө дохио утга нь гүнзгийрэн лавширч буюу улбиран хувьсаж гэгээн сайхан хайр дурлал, хайрын халуун дулаан илч гэрэл,  хайр сэтгэлийг эзэмдэгч бүсгүй, гэрэл тээгч бүсгүй, амьдрах гэрэл гэгээ хайрлагч зэргээр түүний шүлэгт хэлбэр биеллээ олон уусан шингэжээ.  К.Г.Юнг өөрөө зүйрлэн тайлбарлахдаа “...архетипуудыг уусмал дотор хамгийн сүүлд хэлбэрээ хадгалан үлдсэн, бодосынхоо шинж чанарыг илэрхийлэхийн зэрэгцээ бодослог шинжээ алдаж буй талсдуудтай зүйрлэсэн байдаг. Сэтгэц зүйд бол тийм “бодос” нь төрөлх зөн совин дээр бий болсон дотоод гадаад туршлага юм. Тиймээс архетип бие даан ухамсарт ордоггүй, харин ямар нэгэн туршлагатай нэгдэж байж ухамсар үйлдэл өдөөдөг байх нь..[9]  Өөрөөр хэлбэл бэлгэдлийг бүтээх боломжгүй юм. Бэлгэдлүүд нь зохиогдохгүй зөн совин татдаг шиг, онгод ордог шиг,  зүүд зүүдлэгддэг шиг л аяндаа бичигддэг гэсэн үг. Үнэндээ үнэхээр сайн зохиол бичсэн хүнээс зохиолын тухай, хэрхэн яаж бичсэн тухайгаа яриач гэвэл “Би яаж мэдэхийн”,”Яаж бичсэнээ санахгүй байна”, “Юу гээд байгаам” зэрэг “гаж” гэмээр хариулт өгсөн нь элбэг. Үйл бүтээл нь мэдээж дээрхийн адил тайлал тайлбар хийхээс нааш шууд ойлгогдохгүйг нотлох баримт бизээ. Судлаач, шүүмжлэгчдийн ажил яг энд л хийгдэх ёстой бөгөөд зохиолч, судлаач хоёрын ялгаа тодорно. Иймийн тул “...утга агуулгын болон уран сайхны “давхар” бүтэц буюу постмодерн уран зохиолын онолын хэллэгээр бол “урлаг уран зохиолд агуулгын ч хэлбэрийн ч төвшинд бүрэлдэн тогтсон ихээхэн өвөрмөц онцгой “түлхүүр”/”давхар томъёолбор”/ буюу /”особый культурный код”/ соёлын “болзолт” түлхүүр, түүнийг тайлах тусгай тайлал /интерпретация/ шаардагдах болсон байна...”[10] гэжээ. Бидний тайллын хувьд соёлын болзолт түлхүүр нь /ГЭРЭЛ ГЭГЭЭ-ЭМЭГТЭЙ ХҮН-ХАЙР/ гэсэн бүтэц түлхүүр үгс байсныг ойлгож буй биз ээ.
Эмэгтэй хүн-гэрэл гэгээ-гоо сайхан гэсэн монголчуудын язгуур үзэл шүтлэг, домог зүйн  сэтгэлгээний уламжлалаар туурвисан хайр сэтгэлийн утга уянгат шүлэг өөр яруу найрагчдын  бүтээлд ч буй. Жишээ нь:
“...Уулсын сүүдэр бараалавч хөхөмдөг өнгөнөөс үл салан
Уран зургийн сонгодог нугалаа шиг харагдана
Гэгээ дээшлэн дээшилсээр оддын зүг одоход
Гэрлийн дагина хувцсаа сольж байна гэж бодогдов оо[11]
“Тэр өдөр жирийн өдөр байгаагүй
Тэнгэрийн тохиолоор би чамтай учирсан
...Тэр л өдрөөс гэрэл гэгээг дээдэлж
Тэнгэр хүртэл үргэлж цэлмэг санагдаад
Ахин төрсөн мэт дурлалдаа мансууран
Амрагаа гэж чамайг л зүүдэлж явна...”[12]
Уламжлалын тухай  өгүүлж буй энэ санаа хэлбэр судлалын онолын бүтээл болох Р.Уэллек, О.Уоррен нарын “Утга зохиолын онол”-д ч тусгалаа олсныг харж болно.
“...Яруу найргийн хэл ахуйн хэлний бололцоот чанарт хандахдаа түүнийг тодорхой зарчмуудад захируулан, заримдаа уншигчдын сонирхолыг татахын тулд тогтсон дэг журам зүйг эвдэн зохиолын утга санааг ойлгоход тусалдаг байна. Иймэрхүү бололцоот чанарууд ихэнх тохиолдолд зохиолчоос аль өмнөх үеэс бүр уран зохиол болж хэлбэржээгүй буюу зохиогч нь тодорхой бус бүтээлүүдэд биеллээ олж, улмаар утга зохиолын айнуудад системчлэгдэж үнэлэгдсэн байдаг. Жишээ нь өндөр хөгжсөн утга зохиолыг, ялангуяа түүний цэцэглэлтийнх нь үед авч үзвэл яруу найрагчид зөвхөн НЭГЭНТ БОЛОВСОРСОН ЗАГВАРУУДЫГ ашиглаж, найрагчийн өмнөөс ХЭЛ ӨӨРӨӨ ТУУРВИЖ БАЙГАА байдлыг ажиглаж болно...” [13]гэжээ. Эндээс дүгнэхэд Р.Улам-Оргихын шүлгүүдэд буй гэрэл гэгээ, тэр нь улмаар эмэгтэй хүнтэй холбогдсон хайр сэтгэлийн учрал уянгын давтамжлаг мэдрэмж санаанууд “тэнгэрийн хэл”-ээр юм уу? “тэнгэрийн гар”-аар өөрийн нь ухамсарлагаагүйгээр “бичигдсэн” гэдгийг онцлон онцлон өгүүлмээр байгаа юм аа.





[1] К.Г.Юнг “Бэлгэдэлт амьдрал”, УБ, 2011, 174-тал
[2] Ч.Билигсайхан “Ухаарахуй”, УБ, 2003, 100-тал
[3] С.Хокинг “Хар нүх ба шинэ ертөнц”, УБ, 2004, 100-тал
[4] К.Г.Юнг “Бэлгэдэлт амьдрал”, УБ, 2011, 203-тал
[5] Г.Нандинбилиг “Монголчуудын гэрлийн шүтлэгийн тухай”, “Шинэ зуун” уран сайхны шүүмжийн цуврал-№2, УБ, 2006, 117-тал
[6] Мөн тэнд
[7] Мөн тэнд
[8] С.Дулам доктор/Sc.D/ “Эрдэм шинжилгээний онол, арга зүйн үндэс” хичээлийн лекцээс
[9] Г.Аюурзана “Орчин цагийн аугаа их сэтгэгчид”, Уб, 2010, 144-тал
[10] С.Энхбаяр “Утга зохиолын онол”, УБ, 2011, 70-тал
[11] Ж.Болд-Эрдэнэ “Цэнхэр аяз”, 210-тал
[12] Ж.Болд-Эрдэнэ “Цэнхэр аяз”, 215-тал
[13] Р.Уэллек, О.Уоррен “Утга зохиолын онол”, УБ, 1998, 50-тал

Comments

Хэсэг нь л байгаа юм шүү. Сэтгэгдэл үлдээн шүүн тунгааж өгөөрэй.
Anonymous said…
үнэхээр гоё бичжээ .Зүгээр л нэг хэсгээс нь л уншихад .. Энэ гоё уран үгнүүд нь хаанаасаа орж ирдэг байнаа Энэ ном гадуур худалдаанд байгаа юу
Баярлалаа, худалдаанд байгаа2
Anonymous said…
Амьдрал гэдэг олон олон гэрэлт /ҮНЭТ/ агшинуудын....
Амь халуун судасаар /СУДАЛААР/ минь....
Хар нүх эсвэл цус сорогч шиг намайгсмас /НАМАЙГ/....
Anonymous said…
Амьдрал гэдэг олон олон үнэт агшинуудын....
Нэмэн засамжилсан шүү
Anonymous said…
Аман зохиолоос гярхай ажиглажээ. Ингэж өөр өнцгөөс, дэвшилтэд онолоор тайлал хийх их хэрэгтэй байна сүүлийн үеийн бүтээлүүдэд.
Зочин said…
Дажгүй шүү, сонирхолтой байна. Амжилт хүсье. Алаад өг!!!
Anonymous said…
Amjilt husie sn blj
Jagaa said…
Ene Ulam gj yamr amitan bnaa
Nambar said…
S.Enhbayr Balbariin shulgiin ongiig 1 bichsen yum daa?!!!