Амласан ёсоор Цагаан сарын бэлгээ тараая!
Эрэг рүү ойртон ойртсоор, уснаа далд орон, ил гаран хөвөх бараан өнгийн үл
танигдах юмыг хамгийн түрүүнд олж харсан хүүхдүүд, дайсны усан онгоц айсуй гэж
боджээ. Гэвч шураг далбаа нь огт харагдахгүй болохоор халим загас байна гэж боджээ. Харин далайн
давалгаа тэрхүү үл мэдэгдэх юмыг эрэг дээр гаргаж хаясны дараа, хүүхдүүд
түүнийг наалдсан замаг, загас жарахайн сэг, сөнөсөн усан онгоцны үлдэгдэл модны
үрдэснээс салгаж живсэн хүний хүүр ажээ гэж сая танив.
Хүүхдүүд олдсон хүүртэй өдөржингөө тоглож, нэг элсэнд булж, нэг ухан гаргаж
санаандгүй байтал, нэг том хүн тэднийг харчихаад тосгоноор дүүрэн шуугиан
дэгдээчихэв. Усанд живж үхсэн хүний хүүрийг дамжлан хамгийн ойр байгаа байшинд
аваачсан хүмүүс, түүнийг бусад үхдэлээс илүү хүнд, бараг морь шиг хүнд болохыг
гайхаж, далайн усанд удсан болохоор ясанд нь ус шингэж дээ гэж бодов. Хүүрийг
арайчүү байшинд оруулж, шалан дээр нь тавиад хүн хүнээс илүү том болохыг байшин
дотор дөнгөж багтаж байгааг нь харж,
зарим хүн усанд живж үхсэнийхээ дараа ч гэсэн өссөөр байдаг байж болох юм гэж
бодлоо. Шалан дээр байх хүүрээс далайн ус үнэртэх бөгөөд бүх бие нь дун юм уу
замган хуягаар бүрхэгдсэн учир түүний ерөнхий дүр төрхийг харж л үхсэн хүний
хүүр мөн байна хэмээн хэлж болохоор байлаа.
Тэдний тосгоны хүн биш байна гэдгийг харахын тулд нүүрийг нь цэвэрлэхэд л
хангалттай байжээ. Тэдний тосгон гэвэл, ердөө л банз буруу зөв барьж хадаад
босгосон хориод яажгий байшин, ганц ч цэцэг ургадаггүй хатуу ширүүн хөрстэй,
газар тэвэрсэн хашаа хороо байлаа. Тэр байшингууд, чулуун хошуун дээр энд тэнд
тархай бутархай шовойн харагддаг ажээ. Хөл тавих газар гээд байх юмгүй болохоор
эхчүүд, салхи хүүхдүүдийг минь аваад
явчихвий, бурхан өршөө гэж үргэлж сэтгэл түгшиж байх бөгөөд нэг нэгнийхээ араас
ирэх он жилүүд тосгоноор дайраад өнгөрөхдөө заавал хэдэн хүүр үлдээнэ. Тэр
хэдэн хүүрийг өндөр хадан эргээс гүн далай руу шиддэг байв. Аз болоход, далай
ааш зан номхон, харамч биш байлаа. Тосгоны бүх эрчүүд цугларч далайд загасны
авд гарахдаа ердөө л долоохон завинд багтддаг байв. Тийм учраас, усанд живж
үхсэн хүний хүүр олдвол, тэд нар нэг нэг рүүгээ ганцхан хараад л цугаараа байна
уу эсвэл нэг нь дутаж байна уу гэдгийг мэддэг байв.
Тэр үдэш далайд хэн ч гарсангүй. Эрчүүд зэргэлдээ тосгодод хүний эрэл сурал
болж байна уу? үгүй юү? гэдгийг мэдэцгээхээр явж, эхнэрүүд талийгаачийн
цогцосыг арчлахаар үлдэцгээв. Эхлээд хүүхдүүд өвс зулгаан авч, талийгаачийн
биенд наалдсан замгийг арилгаж, үсэнд нь орооцолдсон далайн ургамлыг түүн,
загасны хайрс цэвэрлэдэг хусуураар ювууг нь салгаж авлаа. Түүний биенд наалдсан
замаг ургамал хол далайд гүн усанд ургадаг ургамал байна гэдгийг авгайчуул
ажиж, өмссөн хувцас хунар нь салмайтлаа урагдсан нь баахан хад чулуу, шүрэн
дундуур удаан хөвжээ гэлтэй байлаа. Далайд живж үхсэн хүмүүс ганцаардсан, голын
усанд живж үхсэн хүмүүс зэвүү хүрмээр харамссан царайтай байдаг бол түүний
царайны байдал тэс өөр, сайтар ажин харваас, үхлийг тун омголон бардам тэвчин
өнгөрөөж буй нь мэдэгдэж байлаа. Гэвч эмэгтэйчүүд, түүний нүүр царай бие
тэргүүтнийг бүр сайн цэвэрдэж байж л сая нэг, ямар хүн байж вэ гэдгийг нь
ойлгож сэтгэл догдлоход амьсгаа нь давхцав. Талийгаач бол энэ ертөнц дээрх
хамгийн өндөр, хамгийн хүчтэй, хамгийн сайхан бие галбиртай, хамгийн зориг
хатуужилтай хүн болоод зогсохгүй, одоо хэдийгээр үхчихээд байгаа ч гэсэн тэдэнд
төсөөлөхийн аргагүй, итгэж үнэмшихийн аргагүй сүртэй харагдаж байлаа.
Түүнийг багтаах ор, даах ширээг тосгоны бүх айлуудаар эрж хайгаад олсонгүй.
Тосгоны хамгийн өндөр эрчүүдийн өмсдөг гоёлынх нь өмд, хамгийн зузаан эрчүүдийн
өмсдөг цамц, газар дээр хамгийн бат зогсдог хамгийн том хөлтэй эрчүүдийн гутал
аль нь ч түүнд багадаад байлаа. Түүний нүүр царайны үзэсгэлэн төгөлдөр, бие
галбир, гар хөлийн нь томыг бишрэн шүтсэн эмэгтэйчүүд, түүнийг хэдийгээр үхсэн
ч бардам хэвээрээ байг хэмээн онгоцны далбаагаар өмд, сүйт бүсгүйчүүдэд цамц
оёж өгдөг Голландын зөөлөн даавуугаар цамц оёж өгөхөөр шийдлээ. Тэд тойрч суун зүүгээ хатгах бүртээ талийгаачийн
цогцос руу харц чулуудах бөгөөд урьд өмнө салхи энэ шөнийхтэй адил хэзээ ч
салхилж, Карибын, тэнгис хэзээ ч ингэж давалгаалж байгаагүй мэт тэдэнд
санагдана. Энэ бүхэн нь талийгаачтай ямар нэгэн далдын холбоотой юм шиг санагдаад,
санагдаад барахгүй бүр мэдрэгдээд байлаа. Хэрэв энэхүү үнэхээр сайхан, ёстой л
эр хүн шиг хүн тосгонд нь амьдран суудаг байсан бол, түүний байшингийн хаалга
хамгийн өргөн, адар нь хамгийн өндөр, шал нь хамгийн бөх, ор нь хамгийн том, авгай
нь хамгийн жаргалтай эмэгтэй байх сан билээ гэж авгайчууд дотроо бодоцгоон суув.
Хэрэв тийм байсан бол, түүний эрх мэдэл хязгаарлашгүй их байх байх бөгөөд
далайн эрэг дээр очоод дуртай загасаа дуудахад тэр нь уснаасаа шовосхийн гарч
ирээд л ажил хийхдээ арван хүнээс илүү ажиллаж, хар чулуунаас хүртэл ус
олгойдуулаад л хадан эрэг дээр цэцэг суулгаж ургуулаад л байх байсан гэж бас
бодоцгоон байлаа. Ийнхүү талийгаачийн тухай бодон бодсоор удалгүй тэднийг
нөхрүүдтэйгээ зүйрлэж, түүний ганц шөнийн дотор хийж чадах юмыг тэд бүх л
амьдралынхаа турш хийж чадахгүй хэмээн бодож, сэтгэлийнхээ гүнд нөхрүүдээ
хамгийн өчүүхэн, хамгийн арчаагүй амьтад хэмээн тооцож зүрх сэтгэлээсээ түр
холдуулна. Ийнхүү бүсгүйчүүд мөрөөдөлд автан, сэтгэл санаагаараа зүг зүг
тэмүүлэн сууж байтал, тэдний дунд хамгийн өндөр настай нэгэн авгай, хамгийн
өндөр настай л болоод, талийгаачийн цогцос руу харамссан бус хайрлан өрөвдсөн
харцаар харж сууснаа сүүрс алдан ийн хэлэв.
-Царайны нь байдлыг ажвал нэрийг нь Эстебан гэдэг болов уу гэжээ.
Тэр авгай онож хэлжээ. Тэнд байсан бүх эмэгтэйчүүдийн ихэнх нь талийгаачийн
цогцос руу дахин нэг харснаа, түүнийг өөрөөр яагаад ч нэрлэж болохгүй юм
гэдгийг гүнээ ойлгов. Хамгийн зөрүүд, хамгийн залуу бүсгүйчүүд хэрэв
талийгаачид гялалзсан хар гутал өмсүүлж, цогцсыг нь тойруулан өнгө өнгийн цэцэг
тавивал түүнийг Лаутаро хэмээн нэрлэж болохоор харагдана гэж бодлоо. Гэвч энэ
нь зөвхөн тэдний төсөөлөл байлаа. Цамцны даавуу хүрсэнгүй. Тааруухан эсгэж, бүр
ч муу оёсон өмд нь багадаж, түүний зүрхний үл ойлгогдох далдын хүч цамцны нь
товчийг ханз ханз татаад байлаа. Шөнө дунд өнгөрөхөд салхины улих дуун намдаж,
далай шинэ өдрийн нойрмоглол, нозоооролтод автав. Эргэн тойрон тогтсон нам
гүмтэй хамт сүүлчийн эргэлзээ сарнин арилав. Түүний нэр яах аргагүй Эстабен
ажээ. Талийгаачийн хувцсыг өмсгөж, үсийг самнаж, хумсыг тайрч, сахлыг хусаж
байсан эмэгтэйчүүд түүнийг шалан дээр байлгахаас өөр аргагүйг ойлгож
талийгаачийг ихэд өрөвдөн баахан гуньж гутрав. Чухам сая л тэд үхсэн хойно ч
саад болох тийм том биетэй байна гэдэг юутай их зовлон бэ гэдгийг ойлгов. Амьд
ахуй цагтаа, тэр үргэлж хаалгаар хажуугаараа орж, толгойгоороо тотго мөргөж, айлд
ороод гэрийн эзэгтэй хамгийн бөх сандлаа эрж хайж байх хооронд ягаавтар өнгийн
зөөлөн арьстай аварга том гараа хаанаа хийхээ мэдэхгүй сандран зогсож байх хэцүүхэн
хувь тавилантай байсныг нь эмэгтэйчүүд ойлгов. Үнхэлцгээ хагартлаа айсан гэрийн
эзэгтэй, Эстабен та ийшээ суугтун гэхэд харин Эстабен болохоор хананаас салж
чадахгүй зүгээр зүгээр хатагтай, гялайлаа, би эндээ болоод байнаа гэж хариулахаас
өөр аргагүй байсныг нь ойлголоо. Гэтэл үнэн хэрэг дээрээ, түүний хөлний ул
шатаж, айлд орох болгондоо, зүгээр зүгээр хатагтай минь гэж хэлэх ёстой болоход
нуруу руу нь хүйт дааж бүх бие нь арзасхийж, сандал нь л битгий эвдэрчихээсэй
хэмээн зовж байсныг нь эмэгтэйчүүд сайн ойлгоцгоов. Нүүрэн дээр нь болохоор,
Эстабен та юунд яарсан юм бэ, халуун кофе уугаад яваач хэмээн хэлж байсан
хүмүүс, гараад явахад ашгүй муу мангар чинь ариллаа, ашгүй энэ муу мал зайллаа,
цаашаа далд орлоо гэж хэлж байсныг хүртэл эмэгтэйчүүд ойлголоо. Ийнхүү үүр цайхын
өмнөхөн эмэгтэйчүүд талийгаачийн цогцос руу харцгаан бодолд автан сууж байлаа.
Хожим, гэрлээс халхалж түүний нүүрийг алчуураар бүтээсний хойно, эмэгтэйчүүд
талийгаач руу харж, тэр дахин хэзээ ч амилахгүй юм гэдгийг бүхий л зүрх
сэтгэлээрээ мэдэрч талийгаачийг асар их өрөвдөхөд, тэр өөрсдийнх нь нөхрүүдтэй
нэгэн адил санагдсан болохоор зүрхээ шимшрүүлж, нулимс асгаруулав. Хамгийн
түрүүнд хамгийн залуу нь мэгшин уйлав. Бусад нь бие биенийгээ аажим аажмаар
дагаж дуу дуугаа авалцан авалцсаар чанга чангаар уйлалдав. Эмэгтэйчүүд талийгаач
руу харах тусам, тэр яах аргагүй Эстебан мөн болох нь улам тодрох учраас улам
эхэр татан уйлна. Тэг тэгсээр, тэдний асгаруулсан асар их нулимснаас болж
талийгаач энэ ертөнц дээрх хамгийн өрөвдөлтэй, хамгийн номхон даруу, хамгийн
дуулгавартай, хамгийн тусч хүн болов. Ай хөөрхий Эстебан аа гэж! Ийм ч учраас
эрчүүд явж явж зэргэлдээ тосгодод алдагдсан хүний эрэл сурал болоогүй байна
гэцгээн буцаж ирэхэд, эмэгтэйчүүдийн нулимсанд баярын гэрэл асав.
-Ээ, ачит бурхан тэнгэр минь ээ!
Тэгвэл манай хүн болох нь тэр дээ! гэж эмэгтэйчүүд сэтгэл уужирч санаа алдан
хэлэв.
Эрчүүд, эмэгтэйчүүд уйлаан майлаан, ус нулимс болчихсон байхыг харж, хоосон
маяг гэж бодоцгоолоо. Талийгаачийн учрыг олох гэж шөнөжин амрахыг мэдэхгүй явж
сульдаж ядарсан эрэгтэйчүүд гагцхүү энэ салхигүй халуун өдрийн түрэмгий нар бүх
юмыг хөдөлгөөнгүй болгохоос урьтаж, урьлагагүй зочноосоо салахын хүслэн болж
байлаа. Тэд, гартаа тааралдсан шурагны хугархайг хооронд нь уяж холбоод
талийгаачийн цогцсыг дааж өндөр огцом эрэг рүү дөхүүлэх дамнуурга хийв. Урьд
өмнө үхсэн хүний хүүрийг далай руу шидсэний дараа учир мэдэхгүй далайн
урсгалууд түүнийг буцааж эрэг дээр гаргаж хаях явдал нэг биш удаа тохиолдож
байсан болохоор хаширсан эрчүүд талийгаачийн хөлнөөс ачааны усан онгоцны
зангууг уяхаар шийдэв. Хөлөндөө зангуутай хүүр шуудхан сохор загас амьдардаг, усчид
шумбан хүрэх юм бол уйдан ганцаардаж үхдэг далайн ёроолд хүрнэ гэж бодоцгоожээ.
Гэвч эрчүүд талийгаачаас салахыг яарах тусам, эмэгтэйчүүд элдэв шалтаг олж
оршуулгыг хойшлуулаад байлаа. Тэд, үргэсэн тахиа лугаа адил ийш тийшээ
сүлжилдэн гүйлдэж, авдрынхаа мухраас сахиусаа гаргаж, зарим нь зүг дагуу
салхилах салхины сахиустай уутыг талийгаачийн хүзүүнээс зүүж, зарим нь зөв
зүгийн бугуйвчыг гаранд нь зүүж, хүний хөл доор орооцолдон энд тэнд, тэнд нэг
саад болж, эцэст нь эрчүүд тэвчилгүй, алив зайл эндээс бузар эм чи, чамаас болж
би сая золтой л хүүрэн дээр уначихсангүйг чи харахгүй байна уу гэж аашлан
уцаарлав. Эрчүүдийн сэтгэл зүрхэнд сэжиглэх, хардахын өт арзаганалдаж эхлэв. Юу
боллоо гэж танихгүй хүнд зүүлгэх гэж та нар хамаг нарийн нандин юмаа, гоёл
чимэглэлээ авраасаа гаргаад ирэв? Одоо ямар ч алталсан юм зүүлгэлээ гэсэн,
наадахыг чинь далайн ховдог загас идэхдээ л иднэ шүү дээ гэцгээв. Гэвч
эмэгтэйчүүд авдраа ухсаар, янз бүрийн юм гаргасаар байх бөгөөд бие биентэйгээ
мөргөлдөх шахан ийш тийш гүйлдэнэ. Тэдний нулимснаас тодорхойгүй байсан нэгэн
юм сүүрс алдалтаас нь тодорч эхэллээ. Эрчүүд улам уурлаж далайн гаргаж хаясан
хүүр, хөрсөн махан овооны төлөө та нар юун санаа зовж, хөлөө хугалчих шахам
үймж гүйлдэж шуугиад байгаа юм? гэцгээв. Эрчүүд хүний үнэргүй ийм хүйтэн сэтгэл
гаргасанд гомдсон нэгэн эмэгтэй талийгаачийн нүүрийг хучсан алчуурыг хуу
татахад, эрчүүд талийгаачийн нүүр царайг хараад эгээтэй л дуу алдсангүй.
Тийм ээ энэ бол үнэхээр Эстебан байлаа. Үүнийг дахин дахин давтан хэлэх
ямар ч хэрэггүй болов. Хэрэв тэд нарт, энэ бол Уастер Рели юм гэж хэлсэн бол
тэд өөрсдөө түүний гринго аялгууг сонсон мөрөн дээр нь суусан тоть
Каннибалуудыг алан хядах гэж авч явдаг аркебузыг нь хараад гайхах байсан биз
ээ. Гэвч Эстебантай адилхан хүн энэ
хорво дээр байхгүй, байх ч ёсгүй бөгөөд тэр өөрөө аварга том загас лугаа адил
тэд нарын өмнө хөл нүцгэн, долоон сартай нялх хүүхдийнх мэт багадсан өмдтэй,
зөвхөн хутганд л даагддаг байж таарах хумстай хэвтэж байлаа. Түүний нүүрийг
хучсан алчуурыг сөхөж харахад л ийм том биетэй болж төрсөн нь түүний буруу биш,
ийм том хүнд биетэй, ийм үзэсгэлэнтэй сайхан царайтай болсон нь түүний буруу
биш, тэр өөрөө энэ бүх явдлаас тун их ичиж, хэрэв ийм тоогүй юм болно гэж
мэдсэн бол, живж үхэхдээ арай өөр газар үхэх байсан юм, нэрээн шүү, бүр лавтай
сайн живж үхэхийн тулд өөрөө өөрийнхөө хүзүүнээс зангуу зүүж, хорвоогийн
амьдралд үнэхээр их уйдсан болохоор, хамгийн өндөр, хамгийн эгц хаднаас далай
руу үсрэх байсан юм. Хэрэв тэгсэн бол, одоо та нарт ингэж садаа тээр болж,
надтай ямар ч холбоогүй энэ хөрсөн махан овоо чирэгдэл болж, та нарын дургүйг
хүргэхгүй байсан юм гэж байгаа нь тодоос тод харагдаж байлаа. Авгайчуул нь
өөрсдийг нь мөрөөдөхөөс уйдаж, усанд живж үхэгсдийн хойноос мөрөөдөж эхэлэх вий
гэсэн аймшигт бодол толгойд нь орж ирээд эзгүй далайд харанхуй шөнийг арай хийж
тэвчиж өнгөрөөдөг хамгийн их хартай, хамгийн сэжигч эрчүүд хүртэл, зориг
хатуужилтай эрчүүд лугаа адил Эстебаны чин үнэн сэтгэл, нүүр царайд нь илэрсэн
байгааг харан сэтгэл уяран түүнийг өрөвдөв.
Ингээд түүнийг гэр оронгүй живж үхсэн хүнд зүүдэнд оромгүй хамгийн дээд
зэргийн хүндэтгэлтэйгээр оршуулах болцгоолоо. Хэдэн эхнэр, зэргэлдээ тосгодод
очиж цэцэг олж ирэхээр явснаа, буцаж ирэхдээ, өөрсдийнх нь ярьсанд итгээгүй
эмэгтэйчүүдийг дагуулан авчрав. Тэр эмэгтэйчүүд талийгаачийг өөрсдийн нүдээр
харждахин цэцэг авчрахаар болж явснаа бас өөр эмэгтэйчүүдийг дагуулж ирэв. Тэгсээр
байгаад тосгонд хөл тавих газаргүй шахам болж, жигтэйхэн олон хүн, цэцэг
цугларчээ. Хамгийн эцсийн мөчид хүмүүс Эстебаныг далайд өнчин хэвээр нь эргүүлж
өгөх гэж байгаадаа зүрх нь шимшрэн өрөвдөн хайрлаж, тосгоны хамгийн их нэр
хүндтэй хүмүүсээс түүнд эцэг эх хоёрыг сонгож, бусад нь түүний ах дүү болж,
улмаар Эстебаны ачаар тосгоныхон бүгдээрээ ураг төрлийн холбоотой болцгоов. Тэд
нарын уйлан гашуудахыг тэртээ хол далайд явж байсан далайчид сонсож, энэ замаар
явж байна уу эсвэл төөрчихөв үү хэмээн эргэлзэж, тэдний нэг нь сайхан дуугаараа
далайчдыг уяруулж олзлоод хорлодог сирена хэмээх шувуун хүүхнүүдийн тухай
эртний домог үлгэр сонсож байснаа санаж өөрийгөө шургаас хүлүүлжээ.
Талийгаачийн цогцсыг мөрөн дээрээ дамнан өргөж эгц өндөр эрэг рүү аваачих эрхэм
хүндэт эрхийн төлөө маргалдан булаацалдаж байхдаа хүмүүс, талийгаачийн
үзэсгэлэнт сайхан нүүр царай, биеийн дэргэд тосгоных нь гудамж талбай юутай
уйтгартай, юутай дүнсгэр, хашаа хороо нь юутай их чулуутай, мөрөөдөл нь ямар
өчүүхэн бэ гэдгийг анх удаа ухааран ойлгожээ. Талийгаач хэрэв хүсвэл, дуртай
цагтаа эргэж ирэг хэмээн түүний хөлөнд зангуу уялгүй өндөр эргээс далайн ус руу
шидэж, талийгаачийн цогцос хөлгүй гүн рүү нисэхээс өмнөх, зуу зуун жилээс
тасарсан тэр хормын зуур амьсгаа хураан зогсов. Дундаасаа нэгийгээ алдчихлаа,
дахин элэг бүтэн хэзээ ч амьдрахгүй
гэдгээ ойлгоход нэг нэг рүүгээ харах хэрэг ч байсангүй. Гэвч үүнээс хойш бүх юм
өөр болж, Эстебаын дурсгал толгойгоороо тотго мөргөлгүй, дуртай газраараа
чөлөөтэй явж, хойшид ч гэсэн хэн ч муу тэнэг үхэр цаашаа харлаа, эвий зайлуул,
үзэсгэлэнт царайтай маанаг амьтан мажийлаа хөө хэмээн шивнэхгүй байхын төлөө,
байшингуудынхаа хаалгыг өргөтгөж, адрыг нь өргөж өндөр болгон шалыг нь бэхэлнэ
гэдгээ тэнд байсан бүх хүн мэдэж байлаа. Тэд Эстебаны дурсгалыг мөнхрүүлэхийн
тулд, байшингуудынхаа нүүрэн талыг хүн хараад баярлахаар хурц өнгөөр будаж,
чулуунаас ус гартал гар хумхилгүй борви бохиролгүй ажиллаж, өндөр хадан эрэг
дээр цэцэг тарьж ургуулна гэдгээ мэдэцгээж байлаа. Ирээдүйд довтолгон ирэх жилүүдийн
үүр цайх үед аварга том том усан онгоцны зорчигчид, далайд гэнэт ханхийх цэцэг
ургамлын үнэр авч сэрж, онгоцны ахмад ёслолын хувцас өмсөн одон медалиа энгэр
дүүрэн зүүж, астролябиягаа барьсаар, усан онгоцныхоо доод давцан дээр бууж
ирээд, далай тэнгэр хоёрын нийлэх зурвас дээр харагдах бүхэлдээ сарнай цэцгээр
хучаастай Карибын тэнгисийн нэгэн сайхан хошууг зааж арван дөрвөн хэлээр: ТА
БҮХЭН ТЭР ЗҮГ ХАРАГТУН, ДӨЛГӨӨН САЛХИ НЬ ХҮРТЭЛ ШӨНӨ БОЛОХОД НОХОЙ ЛУГАА АДИЛ
ТОСГОНЫХНЫ АМГАЛАН ТАЙВАН НОЙРЫГ ХАМГААЛАН ОРОН ДООР НЬ ХОНОДОГ ТЭР ГАЗАР НАР
ОНЦГОЙ ХУРЦ ТУСАХ УЧИР НАРАН ЦЭЦГҮҮД ХААШАА ХАРАХАА МЭДЭХГҮЙ ТЭР ГАЗАР, ТИЙМ ЭЭ
ЭНД ЭСТЕБАНЫ ТОСГОН БАЙДАГ ЮМ ГЭЖ ХЭЛНЭ.
Эх сурвалж: Орчуулагч Н.Энхбаяр, “Бүсгүйн заяа” /Латин америкийн орнуудын
өгүүллэг/, УБ, 1986, 100-108 тал
Comments