"Давалгаа" оюутны богино өгүүллэгийн наадмын тэргүүн шагналт бүтээл. МУИС-МХСС-ийн оюутан Ц.Ариунтуяа
“Үгүй
болоочид гэдэг тэнгэр, харин бид газар” Л.Өлзийтөгс
Одоогоос арван
дөрвөн жилийн өмнө би наймхан настай байхдаа тэнгэр зүүдэлдэг тухай сонсож
билээ. Яг л үлгэрт итгэдэг шигээ л итгэж
орхисонсон...
Хааяа нэг аавыгаа
зүүдэлчихээд сэрсэндээ ямар нэгэн үнэ
цэнэтэй зүйлээ алдчихсан юм шиг харамсдагаасаа ч илүү тэнгэрийг тэр гайхалтай зүүднээсээ сэрсэнд л одоог
хүртэл харамсаж басхүү баярлаж явдаг даа.
Ер ингэхэд харамсах хийгээд баярлахын алин болохыг өдийг хүртэл ойлгоогүй ч
байж мэднэ. Ойлгочихвол бүх зүйлийн утга учир замхрах ч юм бил үү?
Тэнгэр тэр
зүүднээсээ сэрээгүй байсан бол би хөөрхөн дүүтэй, гэхдээ тэнгэр зүүдэлдэгт
итгэхгүй байх байсан биз ээ. Би зургаахан настай байсан тэр үеийг одоо ч тод санадаг юмаа, ээж
маань төрөх гээд сумын төв рүү явчихсан,
хоёр том эгч сургуульд орчихсон , бага эгч бид хоёр аавтай гэртээ үлдээд,
ээжийнхээ ирэхийг тэсэн ядан хүлээдэг
байлаа.
1996 оны арван
хоёрдугаар сарын арван долооны шөнө хүн бүл цөөтэй, ээж байхгүй зэврүүхэн
байсан хотонд маань тэнгэрийн амьтан халдаж, яг энэ л явдалтай зэрэгцээд ээж
маань хоёр яс салав. Ээжийнхээ өврөөс гарч үзээгүй эрх нь дэндсэн би
дүүтэй болж аав минь гарын таван хуруу шиг таван охинтой болсондоо хөл
нь газар хүрэхгүй баярлаж байсан цаг
сан.
Дүү маань тас хар
үстэй, цав цагаан царайтай ёстой л тэнгэрийн дагина шиг л хөөрхөн охин
байлаа... Үгүй дээ “шиг” гэдэг үг дэндүү тохиромжгүй юм байна. Дүү минь газарт бууж ирсэн “тэнгэрийн дагина”
байсан юм. Амьдралд нууцлаг тайлагдашгүй зүйл цөөнгүй , хэрвээ тэр нууцыг тайлчих л юм бол утга учир нь алдуурчих тийм л нууцын эзэн
болж бидний дунд хоёр жил амьдарсан юм. Үгүй дээ одоо ч амьдарсаар л байгаа шүү дээ.
Дүү минь дөрвөн сар
хүрч байлаа.
Хэний ч хайр хүрмээр инээдэг, хүн болгон хөөрхөн төрснийг гайхан ам булаалдан өхөөрддөг байсан дүүг хамаатны маань нэг ах өргөж авъя гэж өдөр болгон шахуу гуйж, нэг өдөр согтуу ирлээ. Тэр үед нь ээж, аав хоёр эзгүй байлаа. Тэр согтуу ах дүүг маань аваад явчихна гэж айхдаа л унтаж байсан дүүгээ худаг дээр байсан ээжид аваачиж өгөхөөр тэвэрч яваад газар унагачихсан юм. Зургаан настай хүүхэд л болсон хойно дүүгээ унагаснаа ээж, аав хоёрт зүрхэлж хэлж чадсангүй. Магадгүй тэнгэр битгий хэл гэж шивнэсэн ч байж болох юм гэж өнгөрсөн хойно нь л бодож суух.
Хэний ч хайр хүрмээр инээдэг, хүн болгон хөөрхөн төрснийг гайхан ам булаалдан өхөөрддөг байсан дүүг хамаатны маань нэг ах өргөж авъя гэж өдөр болгон шахуу гуйж, нэг өдөр согтуу ирлээ. Тэр үед нь ээж, аав хоёр эзгүй байлаа. Тэр согтуу ах дүүг маань аваад явчихна гэж айхдаа л унтаж байсан дүүгээ худаг дээр байсан ээжид аваачиж өгөхөөр тэвэрч яваад газар унагачихсан юм. Зургаан настай хүүхэд л болсон хойно дүүгээ унагаснаа ээж, аав хоёрт зүрхэлж хэлж чадсангүй. Магадгүй тэнгэр битгий хэл гэж шивнэсэн ч байж болох юм гэж өнгөрсөн хойно нь л бодож суух.
Ингээд л миний дүү өвчтэй болох нь тэр. Миний
буруугаас болж тэр шүү дээ.
Тархи нь хөдөлж хэт удсанаас болоод дүү минь унаж, татдаг өвчтэй болж ээж, аав
дүү гурав маань гэрийн бараа харахаа больж бүхэл бүтэн хоёр жилийг хот,
хөдөөгийн эмнэлэгт өнгөрөөсөн дөө. Гэртээ ирээд их л удалгүй дүү маань ахиад л өвдөнө, эмнэлгийн
машин ирээд аав, ээж, дүү гурвыг авч
явах тоолонд “би л” дүүгээ ийм өвчтэй
болгосон гэсэн насандаа ахадсан бодол бяцхан зүрхийг минь хайр найргүй өвтгөж зургаахан настай үеийн ариун сэвлэгт
минь цагаан хяруу унаж, сэтгэлд минь гүнээс гүн шарх хэзээ эдгэрэх үл мэдэгдэн тэлсээр л байлаа. Нөгөө согтуу ах манайд
өгчихсөн бол өдийд эрүүл саруул, та нар холоос болов барааг нь хараад явж байх
байсан гэж аавд минь нэг бус удаа агсамнахыг сонссон ч тэр ахад л дүүгээ
өгөөгүйдээ хамгаас баярлана. Уйлсан нүдийг минь харсан хүмүүс аав, ээжээ санаж
дээ л гэж өрөвдөхөөс тийм ахадсан бодол тээж явна гэж төсөөлөө ч үгүй биз ээ...
1998 оны
дөрөвдүгээр сарын арван долоон. Тэнгэр
газар нийлчих шахсан шороон шуургатай өдөр байсан ч аав, ээж бид гурав дүүгээ инээхийг үзэж тэр
өдөр хачин их баяртай байлаа. Олон сар
өвчиндөө шаналсан дүү минь гэнэт л инээж, аав, ээж хоёр маань хоёр жил
эмнэлгээр явсаных нь ач тус гарлаа гэж
сэтгэл нь сая л амарсан янзтай ярьж суусан сан. Гэвч сүүлчийн удаа
биднийг баярлуулж байсныг нь тэр шөнө гэрчилсэн юм. Тэр шөнө л хоёр жил
үргэлжилсэн хүндхэн бодлоосоо салж анх удаа амгалан унтсан ч ээжийн уйлах дуутай
зэрэгцсэн тэнгэрийн дуу намайг гүн нойрноос цочтол сэрээлээ. Тэр л шөнө дүү минь
тэнгэртээ буцсан даа. Дүү минь тэнгэрийн зүүдний хүүхэд байсан юм гэнэ билээ. Газарт
гишгэж үзэлгүй тэнгэртээ буцсан юм.
Тэр мөнхөд л тэнгэрийн
хүн буй за.
Comments