Шинэ үе дуншиж байгаа мэт...

МЗЭ-ийн шагналт зохиолч Д.Энхболд
Монголын утга зохиолын нэгэн шинэ үе дуншиж байгаа мэт сэтгэгдэл төрөх боллоо. Би өөрөө шинэ үеийнхээ утга зохиолыг ихээ товчхон ангилчихдаг хүн л дээ энүүхэндээ. Эрдэнэ баавай Түдэв гуай Дашдооров гуай Чимэд гуай энэ тэр гээд түрүү үеийнхэн гэгдэж байгаа юм. Намдаг өвөө Буяннэмэх Нацагдорж энэ тэр гээд үүсгэл үе. За тэгээд 60-аад оныхон залгаад 70 оныхон. Далан оныхон бол жаран оныхоо сүүдэр нь гэх үү дээ. Нөгөөдүүлээсээ илүү гарч чадаагүй ч яах аргагүй монголынхоо утга зохиолд өөрийн тооныг өргөж өргөө гэрээ босгосон улс. Бавуугийн Лхагвасүрэн, Дарма Батбаяр, Жагдалын Лхагваа, Зундуйн Дорж, Бямбажавын Хүрэлбаатар гээд андуурвал алдас болмоор улс энэ үед бий. За эдний сүүдэр нь гэвэл наяад оныхон юм уу даа. Пянзаар яривал нэг цагариг тэлээд ч байгаа юм шиг эсвэл дотогшлоод ч байгаа юм шиг.Тэгтэл өөрсдийгөө мөнгөн хундага гээд нэрлэчихсэн мөндлүүд гарч ирцгээсэн нь өнгөрсөн зууны ерээд он шүү дээ.
Ерээд оныхон наяад оныхны бий болгосон цагирагийг өнөө болтол тэлж чадаагүй тэр л хүрээнд нь өнөөдөр ч эргэлдэж л явна. Харин сүүлийн үеийн чимээг сайн чагнавал бүгтхэн нэг авиа гараад байх боллоо. Холдоо нүргэлэж ч мэднэ. Би утга зохиолын судлаач биш л дээ. Зүгээр энэ тогоонд үйгдэж яваагийн учир тогоон дотор маань ойр хавьд сонсогдоогүй чимээ гараад байгааг мэдэрч байна гэж хэлчихмээр санагдаад байгаа юм. Энэ чимээг Батсуурь, Батхуяг, Чойдогжамц гэсэн нөхдүүд гаргаад байгаа юм.
60-70аад оныхныг өнгө зүсээ засаж Монголын утга зохиолын замд хурдлахад нь хэдэн уяач гол үүргийг гүйцэтгэж амыг нь татах үедээ татаж ташуурдах үедээ ташуурдсан нь хэргээ хийсэн гэж би одоо ч мунхаглаж явдаг. Билигсайхан, Бор, Цэдэв, Цэнд гуай Хасбаатар нарыг нэр цохон дурдах нь зүйтэй. Бидний үеийг Билигсайхан гуай Цэдэв гуай нар засахын дээр манай өөрийн үеийн нөхдүүд Галбаатар, Энхбат хоёр маань дээлийн зах мушгиж өөр өөрийн өнгө хөгөөр дуугардаг болж хөглөгдөхөд минь хэрэг болсон гэж санадаг.

Харин мөнгийг арчиж додомдохгүй удвал харладгийн адил нөгөө мөнгөн хундагынхан маань балчираараа буюу нялх шүлэгтэйгээ л өтлөж яваагийн гол учиг нь тэдэнд ийм засуул байсангүйтэй холбоотой. Энхбаяр байсан ч Галсансүхээс өөр хүний талаар нэг их дугараагүй тэгсгээд диссертацийн хавтсан дотор ороод дулаахан тохилог байсан биз дугжирсан. Харин одоо л тогоон дотроос маань хөөс гарч түүнийг нь би монголын үргэлжилсэн үгийн зохиол ёстой л зурагдсан пянз шиг нэг тойргоор л үглэж байгаа энэ үед зөв дуу авиа сонсогдож байна гэж бодож байна даа. Хорин нэгдүгээр зууныхан гэж мэндлэхдэг ээ. Өнөөгийнхөн дунд

1.Эхлэн бичигчид хангалттай олон байна.
2.Хуулан бичигчид ч чамлахааргүй бий болсон байна.

Харин жинхэнэ өөрийнхөөрөө дуугардаг дуу хоолой үгүйлэгдэж байна. Түүний төлөө уяачид нь уяа хавиар эргэлдэж хусуураа няслаж сууна гэж мунхаглаж байна даа. Хурай.

Comments