Ц.Бавуудоржийн туурвил зүйн “хялбарчлал” ба “хоёр төвт” шүлгүүд

Х.Чойдогжамц
Монголын орчин үеийн яруу найргийн ертөнцөд 90-ээд оныхон хэмээгдэн дуулиантайхан гарч ирж бүтээн туурвисан нэгэн үеийнхэн дотроос уран бүтээлийн хувьд ч, алдар нэрийн хувьд ч нэлээд өндийж «борви нь тэнийсэн» эрхэм бол Төрийн шагнал яруу найрагч Цогдоржийн Бавуудорж бүлгээ. Түүний шүлгүүдийн тухай уран зохиол судлаач, шүүмжлэгч Д.Галбаатар, Ч.Билэгсайхан, А.Мөнх-Оргил, Д.Цэвээндорж, П.Хишигбаяр, Г.Батсуурь  гээд нэлээд хүмүүс дуугарсан буй. Ер нь түүнийг нутгийнх нь эрхэм хүмүүн профессор Д.Галбаатар өөрийн шүүмжийн бүтээлүүдээрээ гаргаж ирсэн хэмээн ярьдаг нь нэгэнт нууц биш болсон зүйл. Профессор Д.Галбаатар өөрийн шүүмжийн олон бүтээлүүддээ яруу найрагч Ц.Бавуудоржийн нэрийг ямагт сайны жишээнд дурьдаж ирсэн бөгөөд 2006 онд “Сарны шүлгүүд” /2006/ номд нь томоохон шүүмжийн өгүүлэл дагалдуулжээ.
Уг өгүүллийг багш (профессор Д.Галбаатар) “Богд Очирваанийн цагаан салхин хийгээд Отгонтэнгэр хайрханы «шинэ савдаг»” нэрээр бичсэнийг яруу найрагч Ц.Бавуудорж “Сарны шүлгүүдийг уншаад” гэдэг нэртэй болгон өөрчилж номдоо оруулжээ. Үүнийг ч яахав эрхэм найрагчийн даруу зан хэмээн цагаатгах юм биз. Гэтэл “Дорно зүгт өвс болно” номдоо дээрх шүүмжийг “Ц.Бавуудоржийн яруу найргийн тухай хэдэн үг” болгон өөрчилж, уран бүтээлийнх нь талаар шинэ шүүмж гарсан мэтээр хэвлүүлснийг юу гэж үзэх вэ? Бас л даруу зан гэх үү? Эсвэл даварсан зан гэх үү? Бавуу найрагчийн иймэрхүү «явган заль» үүгээр дуусахгүй бололтой. Тухайлбал доктор А.Мөнх-Оргилын “Амар амгалангаас гэгээрэлд хүрсэн зам” шүүмжийг дээрх номдоо хавсаргахдаа “Сарын шүлгүүд Дорно зүгт өвс болохуй” нэрээр, “Яруу найргийн 20 жил”/туурвил зүй, шүүмж судлал/ номд “Дорно зүгт өвс болохуй буюу Ц.Бавуудоржийн шүлгүүд” нэрээр дахин дахин хэвлүүлснийг шинэ шүүмжүүд гэх үү? Шилдэг менежмент гэх үү?
Шинэ ном гэснээс найрагч Ц.Бавуудоржийн бас нэгэн гудиггүйхэн заль бол сайн шүлэг болоод өмнөх номынхоо шүлгүүдийг дараагийн номдоо нэрийг нь өөрчлөн дахин дахин хэвлүүлэх арга юм. Энэхүү шилдэг аргаараа «өрхийн үйлдвэрлэл» амжилттай хөгжүүлж яг л шинэ шүүмж гарсан мэтээр бусдын бүтээлийн нэрийг өөрчлөн хэвлүүлдэг шигээ, «шинэхэн» шүлгүүдээр дүүрэн мэт гоёмсог зузаан номуудыг хөврүүлэхэд хүргэжээ. Энэ нь түүний уран бүтээлийг цөөвтөр боломжийн шүлгүүдээ тойрсон шүлэгсийн «хувь»-лал, (copy, canon) хялбаршуулсан туурвил, сайн номоо үе улируулан олшруулдаг номын үйлдвэрлэл, цаашилбал үгийн давтамж, утга санааны давхцалд тулгаж ур зүйн хувьд ихээхэн мохоо байдалд хүргэж байна. Доктор А.Мөнх-Оргил шүүмждээ “Монголын яруу найрагт Ц.Бавуудорж гэдэг нэр сонсодоод даруй хориор тоологдох намартайгаа золгож байна. Манай урлаг утга зохиолын хүрээгээр тогтохгүй бүгд л түүнийг мэднэ, танина гэх болжээ. Тэд ихэвчлэн хэвлүүлсэн бүтээл, зурагт сонингоос харсан, авсан шагнал амжилтаар нь л баримжаалан “мэдэж” байгаа гэдэгт бараг итгэлтэй байна” гэсэн үгийг санаатай, санамсаргүй нь мэдэгдэхгүйгээр бичсэн нь өгүүлэн буй асуудалтай холбогдох мэт.
Дорнын хэмээх тодотголтой, төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудорж  1990-ээд оноос уран бүтээлээ туурвижээ. Түүний номуудаас эхэн үеийнхэд тооцогдох “Салхин зүгээс цэцгийн цагаан цомирлог шүхэрлэнэ”/1999/, “Дорно аялгуу”/2001/, “Амар амгалангийн яруу найраг”/2002/ номууд бий. Эдгээр номын шүлгүүдэд нь нэг ижил үг хэллэг, дүр дүрслэлийн ур маягаар давтамжилсан хэлбэр хийц «хувь»-лал нэн түгээмэл.
Зөвхөн “болор” гэдэг үгийн давтамжийг үзвэл: “Салхин зүгээс цэцгийн цагаан цомирлог шүхэрлэнэ” номд: “Болор харцтай уулын гүнж хаалга цохивол сайхан сан”, “Гүн шөнийн болор жүнзэнд солонгорон үзэгдэнэ ээ”, “Болор салхийг хагалья”, “Аньсага норгосон болор гунигаа юүлж эс барнам аа”, “Болор зүрхэнд уянга сүвлээд сэрэх юм”, “Тэмээний нүднээс усан болор алдуурах нь од харвахын адил аа”, “Цэн шувууны болор сэтгэлээр уйлж л байна уу даа”, “Аяс үесхэн борооны болор дуслууд нисэлдэнэ” “Би чамайг зүүдэлсэн нь болор гүцэнд жиргэх цэгээн шувуу адил аа”, “Халуун хонгор нулимс болрын чанараа алдахад” гэсэн бол;
 “Дорно аялгуу” номд: “Цэцэг цэцгийн шүүдэрт зүрхний болрыг юүлнэм”, “Сэтгэлийн болор харванам”, “Хүмүүн болор бие”, “Дүүрэн болор бие”, “Болор утгын соёмбо тэргүүн дээр минь сүлдлэнэ”, “Цас цасны болор чонын давхилт мөрөн минь”, “Болор биеийг минь нууцлах” “Болор сүмийн оройд бодь гөрөөс дуулна”, “Утгын болорт уруулын болор эрхэмсэг байлаа”, “Дэлхийн уйтгар усан болор хөвөх өө” хэмээн улируулж;
 “Сарны шүлгүүд”, “Дорно зүгт өвс болно” номууддаа: “Тэр нэг усан болор хүн”,“Болор мөсөн уул мэтү” “Усан болор зүрхээ өвдөхөд”, “Үйлийн эрхээр тэр минь хатан болроо алдана”, “Сарнаас бусад нээгээгүй болор сав минь бэхнийх”, “Хурууны өндөг бүлээсгэм болор нулимсан дунд минь” гэх мэтээр үргэлжлүүлснийг дурьдах ёстой. Энд зөвхөн давтагдаагүй жишээг авсан бөгөөд мөр, толгой, нугалбарыг тэнцүүлж холбох гээд авцалдаагүй, хүчээр адилтган тодотгосон нь утга ээдрэхэд хүргэснийг ч бэлхэнээ харж болно. Энэ мэтээр хүрэл, гэсэр зэрэг үгсийг “Хүрэл тэнгэр”, “Хүрэл бие”, “Хүрэл эрс”, “Хүрэл хүүхэн”, “Хүрэл тарни”, “Хүрэл авиа” гэх буюу, “Гэсэр саран”, “Гэсэр соёмбо”, “Гэсэр цаст”, “Гэсэр утга”, “Гэсэр ятга” гэхчилэн хүссэнээрээ хадуурч хээнцэрлэн “хийсгэж” буйг анзаарахгүй орхих аргагүй. Эдгээр нь түүний туурвилзүй дэх үгийн «хувь»-лал буюу үгийн нуршил юм. Ийнхүү хэдхэн үгсийн ядуулаг хүрээнд эргэлдэж, зоригтойгоор нуршин шүлэг бичих бус «шүлэг үйлдвэрлэсэн»-ийг нь түүний удаа дараагийн шинэ мэт номуудаас үзэж болно. Түүнчлэн эндээс хэзээ ч билээ манай аугаа их засгийн газраас тунхагласан “ӨРХ БҮР ҮЙЛДВЭРЛЭГЧ” гэдэг уриа ч тодорно. Харин урлал зүйн мохоо байдал, хялбарчлалын тухайд:   
Цаст буурал алтай мэлтэс мэлтэс гэрэлтэнэ
Цагаан тарнийн нислэг огторгуйн эрхээр зорчино
Бөртэ буурал алтай мэлтэс мэлтэс гэрэлтэнэ
Бүгээн тарнийн  нислэг огторгуйн эрхээр зорчино /Цэнхэр аяз/
Уг шүлгийн адил нэг өгүүлбэрээр буюу нэг мөрийг л ойролцоо утгатай үгсээр солин үргэлжлүүлсэн хэлбэрийн хувиуд давтагдана. “Дорнын эгшиглэн” хэмээх цомирлог шүлгүүд дөрвөн шадаар бадагласан ч хоёрхон мөрийг ойролцоо утгатай үгсээр орлуулан хувилж, “нийтийн дуу” хэмээх хар массын буюу гудамжны урлагийн толгой холбосон үгсийн цуглуулга шиг нэгэн хэвэнд цутгасан ижил бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нийлүүлжээ. Тэгээд ч “бүгээн тарнийн нислэг” гэсэн шиг хэт дүрслэг давталтууд үржсэнээр уншигч ухаж ойлгохоос илүүтэй илээд өнгөрөх хөнгөн бүтэц зонхилно. Яг иймэрхүү барилаар олон шүлгийг баяжуулан уртасгасан бөгөөд эдгээр нь эцэстээ ойролцоо утгат үгсийн холболт, ижил үгсийн өрөлт, давталт чуулбар шиг болжээ. Энэ нь манай ардын дуунд нэн түгээмэл байдаг мөрийг ахиулан ойролцоо утгатай үгээр давтдаг аргыг л хялбарчлан авсан уламжлалын болхи хэлбэрийг харуулж байгаагаас өөр юунд ч хүргэхгүй. 
Нэг өгүүлэгдэхүүн цохож оноогоод, түүнийгээ давтан, сөөлжлөн зохиомжлох бичлэг “Тэнгэрийн зүүд Анударниа”, “Үргэлж би залуу”, “Цаана чинь”, “Нутаг” зэрэг олон шүлгээс нь танигдана. Иймэрхүү бүтэцтэй шүлгийн туршиц Д.Нямсүрэн найрагчийн “Амитаба”, “Арван хоёр үзэмж”, “Хамаг юм сайн сайхнаас эхэлнэ” гэх мэт шүлгүүдээс эрчимжсэн санагддаг. Хамгийн чухаг нь сэтгэлд шингээсэн гүн утга, нарийн мэдрэмжтэй шүлэг аяндаа санаанд хадагддаг атал чихэн дээр цэцэг ургуулсан чамин тодотгол, өнгөн уянгад живүүлснээр  ур, ухааны саналга, яруу гаргалга зэргийг тарамдуулан мөхөөж буйг санатугай.
 Б.Лхагвасүрэн “Дорно аялгуу” номын өмнөтгөлд “Налархай шүлгийн эзэн, энэ хүү” гэж “ам алдсан” байх нь хоорондоо адилхан ая эгшиг хөврүүлсэн үг, дүрслэлтэй шүлгүүдийнх нь ерөнхий зүй тогтлыг анзаарсных мэт.
“Найзхан хутагтдаа сөгдөнө л”, “Давхар давхар уулсаа”, “Танан гэзэгт басгадынх нь алтан бэлхүүс задраастай”, “Халх эрийн зандан цээжинд бүсгүй хүн хярах нь чонын үхэл адил аа”, “Үзэсгэлэнт охидын бэлхүүс хагалж”, “Хөхөөний дуун гялбавч хүмүүн бие хуучирна”  зэргээр  утга тодорхойгүй үгсээр хэт гоёж хэлбэрдсэн нь яруу найргийг дан ганц ухаанаар «зодож» бичвэл шүлэгт сэтгэл зүрхний оруулга дутдагийн илрэл гэлтэй.
Туурвил зүйн хялбаршууллын энэ төрх нь нийтэд алдаршсан сайн шүлгийнхээ өнгө аяс, мэдрэмжийн орон зайгаас гарч чадахгүй эргэлдэж мөнөөхөн гол шүлгээ тойрсон, ижилсэл бүхий олон шүлгүүдийг нэг загвараар үйлдвэрлэн, нэг ёсондоо төв үрүү тэмүүлэх хуулийн нөлөөнөөс гарч чадахгүй байгаад оршино. Жишээлбэл: “Монголын их амар амгалан” хэмээх  нэрт  шүлгийнхээ загвараар “Монголын их суу билиг”, “Монголын их хувь тавилан”, “Монголын их хутагт гэгээд”, “Монголын их дорнод тал”, “Монголыг ширтэгч их хайр” гэх зэрэг шүлгүүд бичиж нуршин хувилахын зэрэгцээ өөрөө өөрийгөө ч ихээхэн давтжээ. Энэ тухай нь шүүмжлэгч Г.Батсуурь: ”...Ц.Бавуудоржийн жишээгээр үзвэл “Монголын их амар амгалан” шүлгийнхээ хандлагаар “Монголын их суу билиг”, “Монголын их хувь тавилан”, “Монголын их хутагт гэгээд”, “Монголын их дорнод тал” гэх зэрэг олон шүлгүүд бичиж өөрийгөө давтсан буй. Найрагч өөрийгөө давтахын зовлон гэдэг нь аль нэгэн бүтээлээ сайн болсныг мэдрээд тэр сэтгэлгээ, өнгө аясаасаа үл салж чаддагт орших агаад Ц.Бавуудорж найрагч ч “Монголын амар амгалан”-гаа сайн болсныг мэдээд өөрийгөө давтах хандлага уруу хүчтэй орсон байна...” (“Амралтын шуудан” сонин. 2013.11.30. №274) гэсэн буй. 
“Монголын их амар амгалан” хэмээх шүлэг бол Д.Нямсүрэн найрагчийн стилээр буюу профессор Ч.Билигсайханы хэлснээр “Монгол хүний уламжлалт зан заншлын үнэ цэнэтэй талыг гойд өргөж ер бишийн юмыг ерийн болгож энгийншүүлсэн нь аргагүй сонгодог зохиолын энд хүрсэн бүтээл” юм. Яруу найрагч Д.Нямсүрэнгийн  “Залуугийн бадаг” шүлгийн:    Өнөө зуны ногоо ургахад
Модон тэрэгний дугуйд солонго татна... гэсэн мөрийг
Ц.Бавуудорж найрагч:    ...Модон тэрэгний хөх дугуй
Шинэ өвсний солонго гишгэх
Монголын их амар амгалан... хэмээн хөгжүүлжээ.
Дүгнэж үзвэл яруу найрагч Ц.Бавуудорж сайн хэмээн итгэсэн шүлгийнхээ дүрслэл, үг хэллэг, утга санааг дараах шүлгүүддээ давтан бичиж, гоо зүйн сэтгэлгээгээ нэг арга барилд дасган, загварт орсноор бүтээл туурвил нь хүрээгээ тэлж гүнзгийрэлгүй буцалтын байдалд орж, сэтгэлгээний хувьд “төвд тэмүүлэх” хүчний нөлөөнөөс гарч чадалгүй, нэг бууриа ул болтол нь эргэн тойрон нутаглаж буй нь харагдаж байна. Тогтсон нэг барилаа ягштал баримтлах гэдэг хоцрогдсон ойлголт шүү дээ. Одоо үүнийгээ өөрчлөн шүлэгтээ цэвэрлэгээ хийх хэдийн болжээ.
Өмнөх номуудаас ажигласан дээрх зүйлсийг уран бүтээлчийн туршилт, туурвил зүйн хөгжилд бий болсон түгээмэл алдаа хэмээн ойлгоод хамгийн сүүлд хэвлүүлсэн түүвэр дээр нь тогтон ярья. “Дорно зүгт өвс болно” /2008/ номд Ц.Бавуудорж найрагчийн шүлгүүд судлаачдын хэлсэнчлэн хэмжээ нь богиносч, үг нь энгийншин хэрэгтэй хэрэггүй дүрслэл хөврөх нь багасч хүмүүн хийгээд орчлонгийн мөн чанарын эргэцүүлэлд хатсан гүн ухааны бясалгал, бодролын шинж аяс давамгайлах болсон нь үнэн. Гэвч мөнөөхөн ижил санаат шүлгийн «хувь»-лал, утга санааг гүехэнчилсэн нь багасаагүй бүр нэмэгдсэн байх нь хачирхал төрүүлнэ.
Эдгээрээс түүний уран бүтээлийн туурвил зүйг ерөнхийд нь:
-    “Монголын их амар амгалан” төвт шүлгүүд
-    “Дорно” төвт шүлгүүд хэмээн хоёр ангилах боломжтой юм.
“Монголын их амар амгалан” төвт шүлгүүдэд “Салхин зүгээс цэцгийн цагаан цомирлог шүхэрлэнэ”, “Дорно аялгуу”  номууд болоод хамтад нь нийлүүлэн хэвлүүлсэн “Амар амгалангийн яруу найраг боть” ном нь ерөнхийдөө багтах бөгөөд дээрх номуудаа дахин эмхэтгэн ботилсон “Монголын их амар амгалан” I боть /2008/ ном ч үүнд хамаарна.
“Дорно” төвт шүлгүүдэд “Сарын шүлгүүд”, “Дорно зүгт өвс болно” II боть /2008/ номууд багтах бөгөөд үүнчлэн нарийвчлан системчилж үзвээс бүсгүй хүний тухай цөөвтөр шүлгийг эс тооцвол Ц.Бавуудоржийн яруу найраг “Монголын их амар амгалан”-“Дорно”-“Дорно зүгт өвс болно” гэсэн гурван нуруу бүтээлийн л утга санаанд төвлөн өртөөлжээ. “Дорно зүгт өвс болно” номын шинэ шүлгүүд тэр чигтээ даяаршлын сүүдэр, хүний “хүнийсэл”, орчлонгийн мөхлийн тухай гаслант дууллаар дүүрэн. Даяаршил, үндэстний соёл, иргэншлийн зовнил, сэрдлэгэ бүр “Дорно” шүлгээс өмнө “Хүрэл чоно”-д далд ёр билиг, зөн совин тээн ульж эхэлсэн шиг мэдрэгддэг билээ. Яруу найрагч Ц.Бавуудоржийн сүүлийн түүвэрт ч мөнөөхөн нэг шүлгээс бусдыг сүүдэртүүлэн зурдаг башир уламжлал шинэ шүлгүүдэд нь канончлогдон үргэлжилжээ.
Эндүүрэлт цагийн хөсөг хөдөлжээ
Энэ цуваа бурхдыг чиглэнэ
Амгалант оршихуйн хэрмийг гэтэлнэ
Алган дахь нүдээ гээсэн хүмүүнийг гэтэлнэ
Шар өвсийг хэвтүүлж хөвөрнө
Шамбалд хүрэх ганцхан жимийг хайж хөвөрнө
Эхлээд өөрийгөө гэтлэхүйн
Эрдэнийн жимийг олоогүйн айдас
Энэ хөсгийн эзэн нь болжээ...
Эндүүрэлт цагийн уртаас урт хөсөг
Энүүхэн бараа нь торолзоно л... /Хөсөг/
“Хөсөг” гэх эл шүлгийн санаа сүүлийн түүвэр дэх бүх шинэ шүлгүүдэд халдварлажээ. Эндүүрэлт цагийн хөсөг амгалант оршихуйн хэрэм (даяаршил, иргэншлийн түрлэг Х.Ч) алган дахь нүдээ гээсэн, өөрийгөө гэтлэх жимийг олоогүй хүмүүсийг гэтлэн гэтэлгэхийн учрыг доорх шүлгүүдээс дэлгэрүүлжээ. Тухайлбал:
Ариг  тансаг цасан бударч байна
Анир гүмийн уянга нь хааччихав аа
Аанай л сэтгэл огт уярсангүй
...Алтан сорвийг чинь хаана нуух вэ
Аяа, Миний гуравдах мэлмий /Алтан сорви/

Алган дээрх нүдийг оллоо
Аяа би одоо
Тэнгэрийг хардаг боллоо
...Өвсний мэлмийг нээгч бурхан л болох минь гээд
Өнгөрсөн намрын мананг онгичиж нэгэн тайтгартал
Өнгө хувирсан навч хэдийн хийсч ирээд
Өөрийн минь духан дээр харин
Алтан мэлмийг дүрсэлвэй /Алтан мэлмий/

Алгаа дэлгэнэм
Ай түмэн хээн дунд бэдэрнэм
...Үзтэл нэг л жимийг олсонгүй
Өөрийнхөө чанадад гэтлэн гэтлэх жим
Өчүүхэн шаргал тоос ч үзэгдсэнгүй... /Хээ/

...Харсаар байтал чиний алганаас
Хачин алтлаг хээ
Гээгдээд уначихлаа... /Харсаар байтал/ гэх мэтчилэн “алган дахь нүд, алган
дахь хээ, алтан сорви, алтан мэлмий”-н төсөө дүрслэлт шүлэгс утга санаагаараа биендээ хэрхэн нэгдэн уусаж байгааг нуршсан бол дараагаар найрагч өөрийгөө бэдрэн хайх, эмзэглэлт дүр болох «тэр хүн» гэдэг нэгэн дүрслэлийг давтан биежүүлсэн нь доорх шүлгүүд нотолгоо болно. Тухайлбал:
Намрын өвстэй хамт шаналан суухад минь
Надаас нэг хүн салж одлоо
...Дорно зүгт өвс болох байсан тэр хүн
Санаснаас эрт буцаж одлоо
Сарнаас өөр нөхөргүй үлдлээ /Тэр хүн/

...Харганын үйсэн дээрх
Сарны туяа надтай адилхан
Тэгэвч миний дотор орших мөртлөө
Тэр нэг усан болор хүн
Надтай огтхон ч төсгүй юм... /Намрын салхин дунд/

...Дорныг гунихад
Дагаж гунидаг
Догшидоос ондоо нэг хүн
Намайг уруу татдаг
Зөвхөн намайг гэх
Зөөлөн харцат тэр хүн... /Зөөлөн харцат тэр хүн/

Түүнчлэн утгыг мөшгөсөөр, өөрийгөө эрэн онгичсоор, мөн чанарын эрэл нүүдэлд хатаад эргэн бууцан дээрээ ирж, өөрийгөө шинээр нээн ухаарч буй санааг хичнээн шүлгэнд мөн л хялбарчлан /Мөнх бусын уянгыг олж сонсох, мөөмнөөс гарсан хүүхэд шиг болцгоох,  мөөмнөөсөө хүү гарах нь харагдахгүй ч, нэг л мэдэхэд, утгыг мөшгөсөөр буцах зүггүй төөрөх, бууцан дээрээ ирэх, энэ чинь миний л мөнөөх эдлэн нутаг,  харин тэнд би өөрөө, дэлхийн гэнэн би.../давтаж “хувь”-ласныг үзнэ үү!

Мөнх бус гэгч хүмүүний уянга юм
Мөнгөн чавхдасыг нь тонхийн дуугаргагч хөгжимч юм
...Мөнх бусын уянгыг олж сонсох тэр л агшинд
Мөөмнөөс гарсан хүүхэд шиг том болцгоодог оо, аяа /Мөнх бус гэгч/

...Мөнх цас урсах нь үзэдэхгүй ч
Нэг л мэдэхэд
Мөөмнөөсөө хүү гарах нь харагдахгүй ч
Нэг л мэдэхэд /Эрхиний бөөр/

Мөхлөөсөөө гуравхан алхмын наахна
Мөнгөн чиг сараар наадаж суугаа
Дэлхийн гэнэн би... /Гэнэн/

Утгыг мөшгөсөөр тэнгэрийн цэнхэрт тулав
Утгыг мөшгөсөөр тэндэхийн гэрэлд дасав
...Утгыг мөшгөсөөр буцах зүггүй төөрөв
Утгыг мөшгөсөөр бууцан дээрээ ирэв /Утгыг мөшгөсөөр/

Алтан тарнийн орны
Нандин хаалгыг тогшлоо
...танил нэгэн өргөө
...Царцсан лааны бадам дээр
Миний хатгасан шүдэнз...
Чамд үлдээсэн гурван ширхэг хундага...
Энэ чинь миний л мөнөөх
Эдлэн нутаг... /Алтан тарнийн орноор/

Амар амгалангийн хаалгыг нээлээ
Аяа..тэнд будда
...Нэг их өндөр будда
Алтан босгыг нь зориглон алхлаа
Харин тэнд би өөрөө... /Хаалга

Энэ мэтээр “Эрэлчний тэмдэглэл”, “Бясалгагчийн дууль”  гэсэн шиг нэртэй олон шүлэгт нь утгын ялгарал буй ч хэллэг, сэтгэлгээний ижилсэл урхагшин оршсоор л байх ажээ.
Төгсгөлд нь дүгнэхэд шүүмжлэгч Т.Доржпүрэвийн хэлсэнчлэн “Төрийн шагнал эцсийн буудал биш” нь ойлгомжтой. Ер нь аливаа шагнал эцсийн дүндээ ямарваа бүтээлийн хэмжүүр, хязгаар болж чадна гэвэл инээдтэй. Дэлхийн жишгээр хамгийн боломжит үзүүлэлт гэгддэг Нобелийн шагнал л гэхэд нүдээ олж хатгах нь 50 хувь ч хүрэхгүй магадлалтай гэдэг.
Тиймээс төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржийг гол бүтээлээ (Монголын их амар амгалан) туурвичихсан, уран бүтээлчийн хувьд “үгүй болчихсон” гээд уран зохиолын түүхийн шарласан хуудсанд мартаж орхих уу? Эсвэл нэг үгийг олонтаа давтан, нэг дүрслэлийг байнга улиглан, утга санаагаа нуршиж, ур хийцээ хялбарчилдаг нэг загварын шүлгэн бүтээгдэхүүний «өрхийн үйлвэрлэл»-ээ зогсоож, жинхэнэ сод бүтээл туурвихыг нь хүлээх үү? Цаг хугацаа харуулах буй заа!

                                                                                      2013.12.01


Comments

Anonymous said…
Bavuu nairagch im gj ude unen l bhn shn bichje
Anonymous said…
Энэ эрт гарах байсан байхаа Манайхан нэг туйлшраад ирэхээрээ хүнийг ална шүү дээ, тэгсэн бол өдийд төрийн шагнал Аюурт байх байсан биз
Anonymous said…
Ayurt ygd turin shagnl ugdgun bet tr naranbatr gj zalug yu ch hj amjgu bhd turn shagnl ugchh ymaa ene shumjn huvd sn blje suri ene2 ig ym dulgh bha