“Энэ, Чойдог!...”


Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Галбаатар

Хэдэн жилийн өмнө нэг шавилхан хүү манай сургуулийн утга зохиолын ангид элсэж, МУИС-ийн Утга зохиолын нэгдлийн идэвхтэй гишүүний нэг болж, удалгүй МУИС-ийн Утга зохиолын нэгдлийн эрхлэгчээр дэвшсэн юм. Тэр бол эл номыг бүтээгч Х.Чойдогжамц байв. Хичээл номдоо шургуу, ирээдүйгээ өөдрөг сайхнаар төсөөлдөг, уран зохиолд дуртай, бас алив зохиол бүтээлд шүүмжлэлтэй ханддаг, шинэ содон зохиол бүтээлийг хэдүйн уншчихсан, энэ тэр санаа оноо ярьж явах... Тэр одоо төгсөх ангийн оюутан болжээ. Мэргэжлийн багш нар “Энэ, Чойдог!...” гэж нэг л талархалтай тодотгоно. Энэ үгс “Эр өсч, эсгий сунаж” буйг илтгэсэн үг л дээ. Багш бидний нүдэн дээр өсч өндийж байгаа шавийн товч түүх юм. Хичээнгүй, оролдлоготой хүн. Ийм хүн хол явдаг.
            Тэрээр үе тэнгийнхнийхээ шүлэг зохиолыг уншиж, шүүмж, судалгааны бүтээл бичээд зогсохгүй ахмад туршлагатай зохиолчдын бүтээлд шинэ судалгаа тайлал хийж, тэр бүр судалгаанд хамрагдаагүй, хөндөөгүй асуудлыг сонгож, түүнийгээ орчин үеийн шинэ арга зүйгээр судлахыг хичээж, басхүү шинжилгээний тайлал өгүүллүүдээ их, дээд сургуулийн оюутны эрдэм шинжилгээний янз бүрийн хурал чуулганд илтгэл айлтгал болгон талбиж, өөрийгөө боловсруулах, уран зохиолын шинэ онол бодролтой гүнзгийрч танилцахыг хичээдэг, хуримтлуулсан мэдлэгээ шүүмжлэл судлалын бүтээлийн задлан шинжилгээнд хэрэглэх, зохистойгоор турших, зохиолыг тал бүрээс нь харж,  тайлал хийх, түүндээ тулгуурлан үнэлгээ хийх, мэргэжил нэгт нөхдөө маргаан мэтгэлцээнд урин дуудсан, өөрийн үзэл бодлоо тод илэрхийлсэн шүүмжлэлийн бүтээл туурвиж,  түүнийхээ үр дүнг хэлэлцүүлэх зэргээр сурах-судлах ажлыг хослуулж багагүй мэдлэг дадлага олсон нь өнөө цагийн олонх оюутнаас ялгарах гол онцлог нь төдийгүй түүний ирээдүйн дүр төрхийн тодотгол хэмээн багш би бээр баясаж суунаа. 
            Залуу судлаач, шүүмжлэгч Х.Чойдогжамцын уран сайхны үзэгдлийг задлан шинжилж байгаа үйл үйлдэхүүний онцлог нь хичээлээр олсон шинжлэх ухаанчлагдсан мэдлэгийг өөрийн төрөлх зөн мэдрэмжтэй нэгтгэн, түүндээ түшиглэн шинэ тайлал, дүгнэлт гаргалгаа руу уншигчаа хөтлөн оруулахыг хичээж байгаад оршино.  Түүний бичлэг сэтгэлгээний хэв маяг нь “онолд тулгаж” уран сайхны үзэгдлийг тайлбарладаг хуучин барил, арга зүйн загварчлалаас зайлсхийсэн ухаалаг сонголт /алхам/ гэж болох бизээ.
            Х.Чойдогжамцын бичсэн шинжилгээ, шүүмж, шүүмжлэлийн өгүүллүүд нэгэнт уншигч таны оюуны мэлмийд хүрч буй тул элдэв сайшаал магтаал илүүц билээ. Энэ нь түүний бичсэн судалгааны өгүүлэл, уран сайхны шүүмжлэлийн бүтээлүүдэд алдаа эндээ үгүй гэсэн хуудам хөөрүү үг огтхон ч биш бөгөөд эрхэм шавьд эхэлснээ дуусгах хүч, мэдлэг, зориг санаа дүүрэн буйд эргэлзэхгүй байна.
Түүний өгүүллүүд ямархан нэгэн сэтгэгдэл төрүүлэх аваас номын
мэргэд та бүхэн гэгээн оюундаа шүүн тунгаагтүн. Шүүмжлэн хэлэлцэгтүн! Алив сайн үйлийг бүтээхэд алдаа оноо дагалддаг нь орчлонгийн ёс. Түүнд алдаа, онооны алин нь илүү буйг хэлэх бүрэн эрх дархыг зөвхөн уншигч Танд үлдээлээ. Тань руу шавиа илгээлээ. Түшээд авна уу түлхээд хаяна уу, өөрсдөө мэд дээ.

Comments

Бум said…
За дүүд баяр хүргье. Бас амжилт хүсье
анхаа said…
амжилт хүсье





Anonymous said…
Amjilt husiy. Ystoi mundag bna.
Jamtsaa said…
Bayarlalaa