Д.Нацагдоржийн болон С.Буяннэмэхийн шагналт зохиолч,
доктор, профессор До.Цэнджав
|
Энэ Монголын маань хамгийн
залуу, тэр ч бүү хэл хамгийн бага балчир шүүмжлэгчийн анхны ном миний ширээн
дээр байна. Энэ бол ухааны балчир биш, уран бүтээлийн өгсөх замдаа шан татаж,
“оюуны тариан талбайгаа” анхлан хагалж,
цоо шинээр хаалга тогшин орж ирж байгаагаараа “балчир” юм. Томоор сэтгэж
явахад нас, шүд балчирдахгүй. Тэгээд ч “Шүүмжийг оюутан байхдаа бичиж байгаа чинь ховор, тэр тусмаа бөөн аюул
руу хайлган хайруу гэнэн залуугаараа орж
байгаа чинь бас аюул. Гэвч уран зохиолын шүүмжийн ертөнцөд аюул тарихгүйгээр
өөрөө ч хөгжихгүй, өрөөлийг ч
хөгжүүлэхгүй” гэж тэртээх далаад
оны оюутан насны маань анги даасан багш
нэрт найруулгазүйч, утга зохиол судлаач
шүүмжлэгч, яруу найрагч Д.Отгонсүрэн эрхэмтэн хэлж байсан нь санагдлаа. Энэ
үгийг хэзээ хойно гэнэт сануулсан энэхүү Хойлогдоржийн Чойдогжамц хэмээх нүнжиг буян оршссон Ховд
нутгийн хүү бол миний амьдралдаа анх
анги хариуцаж даасан МУИС-ийн МХСС-ийн Утга зохиолын ажилтны төгсөх ангийн
оюутан. Эрдэнэт хүмүүн болж төрчихөөд амьдралдаа нэгд, сайхан ном хоёрт, сайн
үр хүүхэд гуравт, үнэнч дотно шавь нараа
үлдээхээс илүү гавьяа ховроо. Ингэж хэлсэн хүмүүс ч байдаг.
Багш хүний нэгэн
нандин чанар бол өөрийн дотнын шавьдаа
хэзээ ч атаархдаггүй, доош чичилж заадаггүй, харин насан туршдаа баярлаж бахдаж
явдаг. Тэгээд ч нэг шавь олон багшийн бүтээгдэхүүн байдаг ч хөөрхий үүнийг
ухаагүй нэгэн “миний ганц шавь л” гэж ярьж явдаг даа. Түүнийг олон багш сэхээрүүлээ биз. Ингээд
шүлэг бичиж уран зохиолын үүдийг сөхөж орж ирдэг ёс мэт “заншлыг” эвдсэн цөөхөн
шүүмжлэгчийн нэг болжээ, манай Чойдог... Одоо оюутан ахуйдаа ном гаргах нь
хэвийн үзэгдэл болжээ. Оюутан байхдаа ном бүтээлээ гаргадагийн давуу тал нь
эрдмийн өргөөний тулганы дөлөнд ойр, үй түмэн номын дуу хадсан шуугиан дуулиан дунд, эрдэмт олон багш нарынхаа
хаялга дэргэд байдаг болохоор алдсан оносоноо сэтгэлийн хар цагаангүй
дуулдагаараа өөрөө.
“Уран сайхны шүүмжийн семинарт” Х.Чойдогжамц бичсэн
шүүмжээ нэг бус удаа уншиж, ярьж
тайлагнаж байлаа. Д.Намдагийн “Хөгшин чоно ульсан нь” туужийн тухайд
бишгүй саналаа хэлж байсан санагдана. Тэр бас
МУИС-ийн утга зохиолын дугуйланг удирддаг. Энэхүү дугуйланг удирдаж
байсан хүмүүсээс нэг нь ч сураг чимээгүй алга болоогүй. Тэд бүгдээрээ шахуу
Монголынхоо яруу найраг, хүүрнэл зохиол, судлал шүүмжлэлийг тодорхойлогч болж ирсэн түүхтэй. Энэ түүх
цаашдаа ч үргэлжлэх байх. Х.Чойдогжамц
2012 оны хавар МУИС-ийн утга
зохиолын нэгдлийн ажлыг бас нэгэн идэр залуу авъяастан, ирээдүйд цахиур хагалах
найдлагатай У.Бямбанямаас авч байсныг энэхүү дугуйланг удирдаж байдаг багшийн
хувиар мэднээ. Миний бие санаачлаад “Яруу үгсийн цоморлиг” хэмээх утга зохиол, соёл урлагийн сэтгүүлийн анхны
дугаарыг гаргасан юм. Монголын яруу
найраг, хүүрнэл зохиол, шүүмж судлалыг нэлээд шигшиж байж гаргая гэж эрхэм номын анд, өөрөө бүхэл бүтэн “номын
сан” гэж болох Ломбын Нямаа, бас бус нөхөдтэйгээ зөвлөлдөөд гайгүй сортоотой зүйлийг
нийтлэхийг хичээлээ. Тэгэхэд залуу үеийн төлөөлөгч, нэн ялангуяа цоо шинэ залуу
шүүмжлэгчийг гаргаж ирвэл сайнсан гэж
бодож байв. Яг энэ үеэр тэнхимдээ ширээ
зэрэгцэн суугч Д.Галбаатар нөхөртөө
хэлбэл, “Миний гарт Х.Чойдогжамц гэдэг нэг оюутны юм бий. Сонинууд мөд тавихгүй
бололтой, чи үз” гэв. Түүнийг шүүмжийг уншаад урамшиж, “Анхны шүүмж” гэдэг
тусгай булан нээж өмнөх үгийг бичихдээ “МУИС-ийн оюутан Х.Чойдогжамц эвлэгхэн
бичлэгтэй, нарийн гярхай ажигласан ур хийцтэй, дүгнэлт сайтай, өсөх ирээдүйтэй
шүүмжлэгч судлаач болох ирээдүйтэй нь энэхүү шүүмжээс ажиглагдаж байна” гэсэн
бяцхан өмнөтгөл бичиж байсансан. Тэрхүү
анх удаа нийтлүүлсэн шүүмж нь нэлээд урам хайрлах шиг болсон. “Тайлахуйн чинад” ном энэ үнэлгээг хуудамгай байгаагүйг харуулж
байна.
Уран зохиолын шинэ үе, мөн тэр
үеийн хурц тод, эрмэг зоригтой, шударга, үг цоглог, үзэлдээ үнэнч,
нуруулаг туйлбартай шүүмжлэгч судлаачтайгаа
цуг босч өндийж ирдэг гэж би эргэцүүлдэг. Шинэ зууны 20-иод оныхон нэгэн
авъяасын гал дөлтэй, нэн шинэ сортоотой, исгэлэн халуун цусны болоод аливаа
зүйлийн мөн чанарыг дотогш чангаруулан
цаад утгад нэвтрэхийг эрмэлздэг, уран зохиолын эш онолыг шимтэн үздэг, өөрийнхөөрөө
эргэцүүлдэг тийм нэгэн залуугаар түүчээлүүлж
байгаа нь азтай хэрэг. Уранзохиолын үеийн тухай яриа, үечлэлийн онол
маргаантай. Алтан үе, мөнгөн үе гэж ярьцгаадаг. “Golden age” гэж аль ч орны
уран зохиолын түүхэнд байдаг юм билээ.
Тэр алт, мөнгөн үеийн дотор ч түрүү болоод дараах үеийнхэний толгой
шоволзож л явдаг юм. Үе заримдаа дундын үе болдог шүү дээ. Урдахаасаа тасраад
бараа туруугүй алга болсон, үндэс
суурьгүй үе гэж байхгүй гэдгийг энэ ташрамд хэлчихье.
“Тайлахуйн чинад”хэмээх
шүүмжийн номд дийлэнхдээ яг ид бичиж байгаа, яруу найрагт хорхойсон шунаж яваа,
өнөөхөндөө даруухан яваа ч хожмоо залгамжлан “нохой шуугиулах” Д.Нямдорж,
Г.Баяр, Б.Алтанхуяг, М.Батбаяр, Н.Минжинсайхан нарын анхны бүтээлүүдэд
часхийсэн үнэлгээ дүгнэлт өгчээ. Үеийн найз гэж үгээр гялбуулсангүй, өөрийгөө шүү,
тунгаа гэсэн өгөөжтэй үгээ ч орхисонгүй. Эд маань дөрөө харьшуулж хойно өмнөө
орж “уралдах” бизээ.
Урансайхны шүүмжийг
тайлах, тайлбарлах ухаан гэж болно. Х.Чойдогжамцын давуу тал бол юм үзэж харах
талаар үеийнхнээсээ хол давуу гэж боддог. Барагтай номыг уншчихсан,
өөрийнхөөрөө дүгнэчихсэн, ямар нэг юм оролдчихсон, асууж шалгааж явдагаараа багш биднийгээ баярлуулдаг
юм. Түүний шүүмж хий хоосон сэтгэлийн
хөдөлгөөнөөр бичсэн сэтгэгдэл төдий биш, яаран дүгнэлт хийлгүй эш онолд
тулгуурласан, найруулга тэгш эвсэг, эхийн
нарийвчилсан задлан ялгалтай, цаад наадыг ухах төнхөх зөнч мэдрэмжтэй, далд гүн санааны тайлалын гаргалгааг ончтой хийдгээрээ
ирээдүйд найдвар төрүүлж байгааг эрхэм энэ номыг уншсан та ажиглах бизээ.
Эрхэм шавь минь, шүүмжээсээ
элдвийг дуулна, эргэж буцмаар бодогдоно. Энэ шүүмж чинь ямар хэцүү юм бэ? гэж
бодохын сацуу би л уран зохиолоо хамгаалахгүй бол хэн хамгаалах юм бэ? гэж
бодон тайвшраарай. “Зам чинь зөв гэдэгтээ итгээд яваад байгаарай, шавь минь”
Тод сэтгэвэл тод бичнэ,
тод бичвэл тод зам зурайна. “Тайлахуйн чинад” тань тод замд хүргэх болтугай гэж
ерөөе.
2013. 10. 29 МУИС-ийн утга зохиолын тэнхим.361-р өрөө
Comments