Уран зохиолч судлаач, шүүмжлэгч Г.Батсуурь |
ХХI зууны эхэн үеийн урлагийн төрлүүдээс хамгийн их
эрчимжсэн нь хошин шог хийгээд нийтийн дуу. Аль ч цаг үед массын буюу гудамжны
урлаг байдаг бөгөөд өрнө дахинд гудамжны цирк, нүүдлийн театр, хэрмэл жүжигчин,
тэнэмэл алилагч, алиа салбадай гэх зэргээр нэрлэгдэж ирсэн, тэрхүү хэрмэл
жүжигчдийн орчин цагжсан монгол хувилбар нь хошин шогийнхон болон нийтийн
дууныхан юм. 90-ээд онд “Багшийн дээд”-ийн автобусны буудал дээр, “Дэнжийн мянга”-ын зах дээр өмнөө цаасан хайрцаг тавиад
дуулж, лимбэ үлээж байсан хүмүүсийн энэ үеийн хувилбарууд нь нийтийн дуучид
агаад тэдний «аугаа уран бүтээл»-үүдээр өнөөгийн монголын урлагийн хөгжил
тодорхойлогдож байх
шиг.
Монгол улс 2013 онд хүний хөгжлийн индексээр 186 орноос 108-д бичигджээ. Хэрэв шалгаруулдагсан бол нэг метр квадрат тайзанд оногдох дуучныхаа
хэмжээгээр дэлхийд тэргүүлэх нь лавтай. Толгой цувдайгаа ялгах насанд ч, нэр
алдарт ч хүрсэн байлтай санагдах Монгол улсын гавьяат жүжигчин, дуучин Завханы
гэх С.Батсүх гуай:
...Зээ
хө Дэжиймаа
Зээрэн
хөлтэй Дэжиймаа хэмээн олон хүний өмнө чанга
дуулж байх юм. Нүүдэлчин монголын ард түмэн бүсгүйчүүдээ дуундаа мөнхөлж ирсэн
уламжлалтай. Тухайлбал: ...Шанзны
маань үзүүрээс
Салхи нь чиг гардаг юм аа хө
Салхи нь чиг гардаг юм аа хө
Санааны маань үзүүрээс
Сүнжидмаа минь гардаггүй еэ хө... гэж дуулдаг бол өөр нэгэн дуунд:
...Дээгүүр жороо, доогуур сайврыг нь
Нийлүүлж явнаа Алгирмаа хө
Дэгжин хонгороо хараад хараад
Уярч явнаа Алгирмаа хө... \Алгирмаа\ (Цэрэнсодном.Д.
Монгол аман зохиолын тайлбарт дээж бичиг. УБ. 2012. хуудас 299) гэж дуулна, тэгээд Сэндэр охин, Ванлий, Сийриймаа,
Сэрвүүмаа, Дунжидмаа, Хандармаа, Хоожиймаа, Сийлэнбөөр, Гандан-Уул.., гээд
ардын дууны хүүхнүүд өнөр. Орчин үеийн уран зохиолд ч хүүхнүүдээ олон талаас нь
дүрслэн дуулсан буй. Тодруулбал: Яруу найрагч Б.Явуухулан:
...Холоос гүйдэлтэй борлог минь
Сулдаа
ганхам жороо доо
Голоос
хайртай амраг минь
Шөнөдөө
гэрэлтэм царайлаг даа гэж яруу найрагч Ж.Бадраа:
...Хацар уруулд хүрэлцсэн
Намираа салхин сэрчигнэлээ
Хамгаас жавхлант охид минь
Намжир
дэрсхэн бүжээрэй (Бадраа.Ж. Чандмань эрдэнэ. УБ. 1989. хуудас 84) гэх мэтээр дуулжээ. Тиймээ охид, хүүхнүүдээ олон талаас
нь дуулсан гэхдээ арай ч “...зээрэн хөлтэй” гэж хэлэхдээ тулаагүй байсан билээ.
Уул шугамандаа “Зээрэн хөлтэй” (шилбэтэй) гэдэг нь уран зохиолын дүрслэл мөн. Монгол ардын
баатарлаг туульс болон үлгэрт “Зээрэн шилбэтэй, Зэс хошуутай бирд, чөтгөр,
шуламс”-ын тухай дүрслэл нэн түгээмэл. “Хан Харангуй” туульд:
...Эрхэм хар нэгэн үеийн мөрий чиний болох юм байна гэж
Та эндээ баахан хүлээж бай
Би морио аваад ирье гэж дээд тэнгэрийн оронд очиж
Гучин гурван тэнгэрийн арслан амт заан шаргал морь
Зээрэн шилбэт зэс хошуутай заан цагаан хоёр... (Цэрэнсодном.Д. Монгол аман
зохиолын тайлбарт дээж бичиг. УБ. 2012. хуудас 639) гэх мэтээр хайлдаг. Уран зохиолд агуулга хэлбэрийн
нэгдлийг чухалчилж үздэг, өөрөөр хэлбэл тухайн агуулгын тохирсон хэлбэрээр
илэрхийлэх нь нэн чухал. Агуулга хэлбэр нийцэн зохирсон (гармония) үед л урлаг бий
болох агаад урлагийг урлаг болгож байгаа гол зүйл нь «сайхан хэлбэр». Харин
зохироогүй бол эс найрсан (дисгармония) гэж томьёолдог. Интернет (youtube.com)-д байршуулсан мөнөөхөн “Дэжиймаа” гэх дууг үзвэл шүлгийг
С.Чимэдгочоо, аяыг Б.Батсүмбэр нар хийсэн бөгөөд клипэнд нь нэгэн хөх дээлтэй,
бахиалан гуталтай хүүхэн тогложээ. “Зээрэн хөлтэй” гэдэг дүрслэлийг тэр
бахиалан гуталтай хүүхэнтэй зэрэгцүүлж үзвэл уг дуу нь агуулга хэлбэр нь огт
зохироогүй нь тодорхой агаад шуламсыг дүрсэлдэг “зээрэн хөлтэй” гэдэг
адилтгалыг хайртай бүсгүй дээрээ туршигч нь С.Чимэдгочоо гэх нэр нь тодроогүй
баатар бололтой.
1921 оны ардын хувьсгалтай хамт эхэлсэн манай уран
зохиолын анхны бүтээл нь дуу байсан билээ. Уран зохиолын түүхээс үзвэл 1960,
70-аад оны үеэс дууны шүлэг гэдэг бие даасан яруу найргийн зүйл бий болж
эхэлсэн бололтой. Өөрөөр хэлбэл дууны шүлэг гэж ая хийхэд зориулсан шүлгийг
уран бүтээлчид бичих болсон, гэхдээ энгийн шүлгэнд ая хийж дуу болсон тохиолдол
ч олон. Тэдгээрийг ажиглавал ямар нэгэн хэмжээгээр тэгш хэмтэй, онолын талаас
харвал мөрийн доторх үг, үеийн тоо тэнцүүлсэн, үет шүлгийн тогтолцоотой шүлгүүд
байх нь түгээмэл байна. Энэ нь аялгуу тааруулан дуулахад эвтэйхэн байдагтай
холбогдоно. Томоохон уран бүтээлчид дууны яруу найраг уруу хандан уран бүтээл
туурвиж ирсэн нь бий. Тухайлбал Д.Нацагдорж, С.Буяннэмэхээс эхлээд Б.Явуухулан,
Д.Пүрэвдорж нарын зэрэг уран бүтээлчид олонд алдаршсан дууны шүлгүүд нэлээд
бичжээ. Дууны яруу найрагт анхаарал хандуулан бараг дууны шүлгээр дагнан голлох
уран бүтээлүүдээ туурвисан ч гэж хэлж болохуйц нэгэн том уран бүтээлч бол
Жамцын Бадраа агсан. “Халуун элгэн нутаг”, “Найрсаг байгаасай”, “Сүлд модны
наадмын дуу”, “Сэрүүн саранд”, “Намрын шөнө”, “Гайхмаараа” гээд олон дууны
шүлэг бичсэн Соён гийгүүлэгч, урлаг судлаач, яруу найрагч Ж.Бадраагийн
эдүгээгээс даруй 50 жилийн өмнө бичсэн “Жаргаах зүрхэн” (хөгжмийг С.Гончигсумлаа, дуучин Б.Зангад) хэмээх нэгэн дуу бий. Энэ дууны тухай Архангайн яруу
найрагч Чойжилсүрэнгийн Мөнхбаяр нэгэнтээ «“Жаргаах зүрхэн” дууг Ж.Бадраа гуай Монгол
улс 1960-аад онд Увсын Давст, Тэс сумын нутгаас Оросуудад тасдуулж алдсан
түүхээс сэдэвлэн бичсэн юм гэнэ лээ. Ж.Бадраа гуай ер нь том хүн байжээ»
хэмээн ярьж байсан. Уг дуунд:
Хүдэн татсан сарьдаг байна аа хө
Хүний нутгийн хангай юу даа хө
Хүслэн татсан амраг тэр минь хө
Хүрэн зүрхний уяа юу даа хө
Алтлан
дуртсан наран гийсээр хө
Ашдын
заяат нутаг билээ хө
Алслан
холдсон уран гоо минь хө
Алаг
зүрхний янаг билээ хө... гэх мэтээр дуулдаг.
Найрагч Ч.Мөнхбаярын ярьсныг тодруулбаас 1963 онд олны
хүртээл болсон уг дуунд “Хүний нутгийн хангай, Бусдын нутгийн хавцгай”
гэх мэтээр дуулж байна. Монгол улс оршин тогтнож ирсэн бүхий л түүхэн
хугацаандаа Орос, Хятад хоёр улстай газар нутгийн төлөө тэмцэж ирсэн ба 1958
онд бас нэгэн тэмцэл болжээ. Урианхайн хязгаар гэж Богд хаант Монгол Улсын
нутаг дэвсгэрт багтаж байсан газар нутаг Зөвлөлтийн харьяанд шилжсэнээс
улбаалан хилийг тодотгон тогтоох ажил олон жилээр сунжирсаар БНМАУ, ЗСБНХУ-ын
хооронд 1957 оны намар нэгэн хэлэлцээр эхэлжээ. Монголын талаас хэлэлцээр хийх
төлөөлөгчдийн тэргүүнээр ГЯЯ-ны сайд С.Аварзэд томилогдсон байна. (СнЗ-ийн
458-р тогтоол, МАХН-ын УТТ-ны 387-р тогтоол) Оросын талаас элчин сайд В.М.Молотов
хэлэлцээрийг удирдав. Архивын материалаас үзэхэд хоёр сар хагас үргэлжилсэн
хэлэлцээр анхнаасаа маргаантай, ширүүнхэн өрнөж, өөрсдийн байр суурийг хамгаалан
С.Аварзэд 13, В.Молотов 11 удаа үг хэлжээ.
В.Молотов “Монголын газар нутгаас баруун талдаа Асгатын
оройгоос Их Соёны нуруу хүртэлх 3-40 км өргөн, 300 орчим км урт газрыг ЗХУ-д
таслан өгөхийг” шаардсан байна. Хариуд нь С.Аварзэд “Энэ хил бол дээр үеэс
уламжлан ирсэн түүхэн хил. Хилийг өөрчлөх шаардлага байхгүй, тэгээд ч би
ганцаараа уг асуудлыг толгой мэдэн шийдэх эрхгүй” гэсээр хэлэлцээрийг мухардалд
оруулсан аж. Энэ үед нь Ю.Цэдэнбал Орост амарч байжээ. 1958 оны эхээр Н.Хрущев
“МАХН-ын Төв Хороонд” гэж хаягласан цахилгаан утас ирүүлсэн байна. Уг
цахилгаанд “Поведение вашего министра Иностранных дел вызывает удивление в
Москве” буюу “Танай Гадаад хэргийн сайдын араншин Москвагийн гайхшралыг төрүүлж
байна шүү” гэж заналхийлсэн байжээ. Тэгээд хэлэлцээр хэсэг завсарлаж байтал
1958 оны 2-р сарын 3-нд Ю.Цэдэнбал амралтнаас ирж ихэд сандран “Энэ асуудлыг
Зөвлөлт-Монголын найрамдлын амьсгалаар шийдвэрлэх хэрэгтэй. Манай хоёр улсын
хооронд шийдвэрлэж болохгүй асуудал байгаагүй. Ялангуяа одоо үед бүр ч байж
болохгүй” хэмээн, Гадаад хэргийн сайд С.Аварзэдийг хилийн хэлэлцээр хийх
төлөөлөгчдийн тэргүүнээс чөлөөлж, Хилийн хэлэлцээр хийх Монголын төлөөлөгчдийн
тэргvvнээр СнЗ-ийн II орлогч, оросуудад “өөрийн хvн” хэмээн тоогддог Л.Цэндийг
томилсноор бvх гацаа арилж, ажил шуударчээ. Ийнхvv БНМАУ-ЗСБНХУ-ын хооронд хил
тогтоох хэлэлцээрт хоёр тал 1958 оны гуравдугаар сарын 26-нд гарын vсэг зурав. Уг хэлэлцээрээр
хуучин хилийн дагуу Увсын Давст, Тэс сумын нутгаас 1247 хавтгай дөрвөлжин
км нутгийг Оросын нутагт оруулж, Оросын буюу Тува
нутгаас Тээлийн голын амыг (84 хавтгай дөрвөлжин
км) Давст сумын нутагт оруулжээ. Энд эдүгээ ч
хэрүүлийн алим болдог Асгатын мөнгөний орд байсан бөгөөд эх оронч сайд
С.Аварзэдийн ачаар Асгатын мөнгөний орд эх орондоо үлдсэн аж. Ер нь тэр хавийн
нутаг маш их газрын баялагтай, ураны ордтой байсан гэдэг. Уг асуудалд монголоо
гэсэн сэтгэлээр хандсан эх оронч сайд С.Азарзэд Ю.Цэдэнбал гэгчийн шийдвэрээр
хожим албан тушаалаасаа зайлуулагдаж тээврийн жолоочоор томилогдсон бөгөөд 1986
онд цагдаа нарт учир битүүлгээр зодуулан, хэвтэрт орж 1989 онд амь үрэгдсэн
гэдэг.
1958 оны энэхүү хилийн маргааныг манай талд асар их
хохиролтойгоор шийдвэрлэгдсэн бачимдсан эх оронч, үндэсний үзэлт, яруу найрагч
Ж.Бадраа “Жаргаах зүрхэн” гэх дуугаа зохиосон байж магадгүй аж. Тэгж үзвэл уг
дуунд “Хүний нутгийн хангай, Бусдын
нутгийн хавцгай, Ашдын заяат нутаг билээ хө” хэмээн
дуулдаг нь цөм нарийн учиртай бололтой. “Жаргаах зүрхэн” хэмээх энэ суут
бүтээлд хайртай бүсгүйгээ дуулж байгаа мэт боловч нэг л битүүлэг байдаг агаад:
Будан татсан халил байна аа хө
Бусдын
нутгийн хавцгай юу даа хө
Буцан
харьсан учрал ирнээ хө
Булгих зүрхээ жаргаах шүү дээ хө гэж сүүлийн бадагт дуулдаг.
Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ч.Дагвадорж багшаас
энэ талаар асуухад “За тэрийг сайн мэдэхгүй юм. С.Гончигсумлаа гуай л Ж.Бадраа багшид
захиалж “Жаргаах зүрхэн” дууны шүлгийг бичүүлсэн гэдэг юм билээ” гэж
байна. Ж.Бадраа агсан хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн захиалга, дээрх
нутгаа харьд алдсан гашуун түүхийг хамтатган уг дууг хийсэн ч байж болох юм.
Эндээс Ж.Бадраа гэж ямархан ухаантай том уран бүтээлч байсан нь харагдаад
зогсохгүй, дууны уран бүтээл гэдэг нь ямар том зүйл болох нь давхар тодорч
байна.
Мөн
манай орчин үеийн театрын урлагийн нэрт зүтгэлтэн, найруулагч, зохиолч, яруу
найрагч Донровын Намдагийн “Шөнийн бороо” (хөгжмийг С.Бүтэд,
дуучин Зориг)
гэх нэгэн сонин бүтээл бий. Мөн дуунд:
Шөнийн орсон шиврээ бороо
Шөнийн орсон шиврээ бороо
Сэрчигнэн
шивнэв цэцгийн чихнээ
Сэрүүн
тунгалаг дусаалы нь шимсэн
Цэцгүүд
баясан цомирлогоо дэлгэв
Цэцгэнд
шивнэсэн шиврээ бороо
Сэмхэн
шиврэв зүрхний гүнээ
Сэтгэлдээ
шингэтэл магтав чамайг
Сэлэн
цохилов миний судас
Гүн
харанхуйд хулжсан нойр
Хол
ойрыг хэсүүчлэн давхив
Хайр
дурлалын халуун илч минь
Чиний
амьсгалд хүрэв үү үгүй юу хэмээн дуулдаг.
Тухайн үед Д.Намдаг гуай тэр үеийн хөрөнгөтөн ертөнц буюу
баруунд ихэд алдаршин дэлгэрсэн З.Фрейдийн психоанализын онолыг мэддэг, уншдаг
байсан гэдэг. Тэр нь түүний алдарт “Хөгшин чоно ульсан нь” туужаас ч тодорхой
харагддаг. Тэрхүү “Хөгшин чоно ульсан нь” туужтай далд хүйн холбоотой бүтээл
бол өгүүлэн буй “Шөнийн бороо” дуу. Энэ шүлэг бол шууд хэлэхэд эр хүний дур
тавих агшны дуулал. Шөнийн бороо гэдэг бол тэнгэрээс ордог бороо огт бус бөгөөд
эр биеийн цагаан дусал, цэцгийн чих гэдэг нь эм бэлгийн хэлүү бөгөөд тэрхүү
дусаалыг шимэн цомирлогоо дэлгэж байгаа цэцэг нь эм бэлэг бөлгөө. Түүгээр ч зогсохгүй найрагч харилцан буй янаг бүсгүйнхээ дур ханасан эсэхийг нь “Хайр дурлалын халуун илч минь,
Чиний амьсгалд хүрэв үү үгүй юу” хэмээн асууж байна. Тэрээр сэрүүн
тунгалаг дусал гээгүй, дусаал гэсэн. Эндээс дусал гэдэг бол ердийн дусал, харин
дусаал гэдэг нь тогтоох гээд байхад үл дийлдэн гоожих зүйлийн нэр гэдэг нь
тодрон ойлгогдож байгаа бөгөөд уг санааг Д.Намдаг гуай дуундаа чадмаг
ашиглажээ. Ийм л шүлэг, ийм л дуу. Д.Намдаг гуай олон удаа баривчлагдаж, шоронд
хоригдож, хэлмэгдэж байснаасаа болоод үнэн санаагаа хүнд итгэж хэлэхээ больсон
бололтой агаад санаагаа нууцлан, далд утгаар илэрхийлдэг нь уг дууны шүлгээс
тод илэрч байна. Дурьдсан хоёрхон баримтаас дууны шүлэг гэдэг бол дурнаас өөр
юмгүй эдүгээгийн утга зохиолын «хогийн ургамал»-уудын «социалист уралдаан» биш гэдэг
нь харагдаж буйг нурших нь илүүц биз.
Олноо алдаршсан уран бүтээлчдээс нэлээд олон дууны
шүлгүүдтэй нь Дэндэвийн Пүрэвдорж агсан. Яруу найрагчийнхаа хувьд хэдэн
календарийн найраглал бичмэглэсэн Д.Пүрэвдорж ердийн дундаж амьтан боловч дууны
шүлгүүд нь сайн.
Ер нь Д.Нацагдоржийг үхсэн хойно нь аз дайрсан бол Д.Пүрэвдоржийг амьдад нь аз дайрсан билээ. Аль ч учраа
олоогүй Д.Сэнгээ, Ц.Гайтав мэт нь нам, найрамдал-дружба, «Туг ба Бөмбөр»-ийн
тухай, Оросуудын тухай баахан магтаал үйлдвэрлэж, дөнгөж бичиг үсэг тайлагдаж
байсан олонхид алдаршсан боловч жинхэнэ утгаараа индрийн яруу найрагч болж
чадаагүй. Харин Д.Пүрэвдорж бол социалист монголын индрийн яруу найрагчийн
суудлыг жинхэнэ утгаар нь эзэлж чадсан билээ. Д.Пүрэвдорж гуайд Ч.Чимэдийн
хальт суугаад хувь хүнийхээ хувьд тэнцээгүй, индрийн байр сууриа хадгалахад нь
шүлэг бичих хэрэг байгаагүй, зүгээр л лозун үйлдвэрлэх, нийгмийн амьдралыг
найраглалаар тайлагнах, албан газрууд дээр яруу найргийн нэрийн өмнөөс уулзалт
хийх түүний хажуугаар М.Цэдэндорж, Б.Явуухулан мэтийн архинд дуртай, арилсан
дотортой амьтдыг хурцаар шүүмжлэх шаардлага зүй ёсоор тавигдсан. Тэр ч
үүргээ сайн биелүүлсэн бөгөөд яльгүй авьяасаа дууны шүлэгт ашиглажээ. Яруу
найрагч Д.Пүрэвдорж гуайн зальжин сэргэлэн зан төрх нь индрийн яруу найрагч
байхад нь гайхалтай тохирч байсан нь ахмад уран бүтээлчдийн дурсамжуудаас
харагддаг. Уянгын яруу найрагт тухайн цаг үедээ нэр алдрын титэм байдаггүйг эрт
ойлгосон Д.Пүрэвдорж дууны шүлэгт нэр алдар ирж болохыг зөнгөөрөө мэдсэн учир “Алтан
намар”, “Хаврын шөнийн бодол”, “Орчлонд би азтай төржээ”, “Дөрвөн цагийн тал”,
“Арвайхээрийн тал”.., гээд олон дууны шүлэг бичжээ. “Хаврын шөнийн бодол”
дуунд: ...Хаврын шувууны дуунд уяран
Хайртаа санан
гармаар байлаа
Хатан дөрөөний
чимээг чагнаж
Харгуйн барааг
хармаар байлаа... (Хаврын шөнийн бодол. хөгжмийг
Д.Бадарч, дуучин Д.Тунгалаг) гэж дуулдаг бөгөөд яахав Б.Явуухулангийн “...мөнгөн хазаарын чимээ...”-г
“...хатан
дөрөөний чимээ...” болгосныг эс тооцвол сайн л шүлэгтэй дуу. Ер нь
Д.Пүрэвдорж гуайн дууны шүлгүүд сайн гээд дүгнэчихэд нэг их хилсдэхгүй болов
уу.
Өдгөө
хөгжил цэцэглэлтийн хувьд маш өндөр байгаа бараг «аугаа их хошин урлаг»-тай
хөгжлөөрөө эн зэрэгцэж яваа урлагийн төрөл бол «нийтийн дуу» юм. Уг «НИЙТИЙН
ДУУ» гэх нэр томьёо нь уг төрөлтэйгөө хачин сайхан зохицож байгааг хэлэх ёстой.
Учир нь нийтийн юм гэдэг бол нийтийн л юм байдаг, аль ч нийгэмд нийт ба
цөөнхийн хөдөлгөөнт холбоо хийгээд тэмцэл мөнхөд оршиж ирсэн.
Дөрвөн цагийн эргэлтэнд халуунд халж, хүйтэн хөрч
лангууны ард зогсдог, чуулганд суудаг, жолоо мушгидаг, хууль баталдаг, шороо
ухдаг, хулгай хийдэг, хулгайчийг барьдаг.., гээд үй олон ажил хийдэг, бас аль
нэгэн үйлдвэрийн ямар нэгэн дамжлага машин болсон нийгмийн амьдарлыг хэвийн
үргэлжлүүлэгч олон түмэн хэмээх хар массын урлагийн хэрэгцээг хангаж,
хуримтлагдсан стрессийг нь тайлж өгөх ямар нэгэн «урлаг» хэрэгтэй. Уг үүргийг
өнөөдөр хошин шогчид ба нийтийн дуучид нэр төртэй биелүүлж байна. Товчхондоо
өнөөгийн урлагийн зах зээл дээр “ШОГ
ГАРАА”, “НИЙТИЙН ДУУ” хоёр хамгийн гүйлгээтэй бараа. Гэвч ямарваа бараанд чанар
гэж нэг юм заавал байх ёстой. Өөрөөр хэлбэл:
Мөнгөн
тоногтой хазаар ч юм шиг ээ
Ганган
хийцтэй эмээл ч юм шиг ээ
Хүмүүний
шүтээн Богд хан уул минь
Хүслийн
минь тэнгэрт морь шиг дүүхэлзэнэ (Богд хан уул. Д.Цэвээнравдан, Ж.Мягмар, дуучин С.Ганзориг), /Дууны хорвоо. УБ.2010. Эмх. Д.Цагаанхүү. хуудас 136/,
...Тэнгэрээс
өөдрөг хойч үедээ
Аав минь
та дуусашгүй суварга
Аав
минь аав минь амин аав минь
Тээврийн
тэрэгний залуурч аав минь
Аав
минь аав минь тэнгэр аав минь
Тээврийн
замын жолооч аав минь (Бурхан жолооч аав минь. Л.Галмандах. Пүрэвдорж, дуучин
Л.Болдбаатар), / Дууны хорвоо. УБ.2010. Эмх. Д.Цагаанхүү. хуудас
120/,
...Намрын
навчис хягааргүй шаргалтана
Намайг
чамд дурласан гэж хэн хэлсэн юм бэ
Нар
нарыг дагуулж нисдэг шувуудаа
Намайг
жаргаасан юм шүү дуулалт хорвоо (Нүдэн хайр. Ц.Дашзэвэг. Я.Бадамсүрэн. дуучин Н.Тамир.
Х.Оюунцэцэг), / Дууны хорвоо. УБ.2010. Эмх. Д.Цагаанхүү. хуудас 138/,
...Зэрвэс
зэрвэс харуулдана би
Сэм
сэмхэн бултана чи
Бултаад
бултаад яахав дээ
Булгилах
зүрх ганцхан шүү дээ... (Сэмбэрүү заяа. Н.Баасандорж. Ю.Болд. дуучин Д.Хишигбаяр.
Р.Дэлгэрмаа), / Дууны хорвоо. УБ.2010. Эмх. Д.Цагаанхүү. хуудас 154/, гэх буюу дуучин Л.Болдбаатарын: Аль нутгийн бүсгүй вэ чи
Ажил алба чинь хаана вэ
хө
Гар барин танилцах уу
даа
Гэр оронд чинь хүргээд
өгөх үү дээ... гэх мэтийн хар ярианы үгсийг
мөрлөн эвлүүлсэн хачин ичмээр дуу нэртэй үгсийн бөөгнөрлийг өглөө үдэшгүй
орилоод байж болохгүй биз дээ. Эрүүл ухаантай хүний санаанд багтамгүй хазаар
шиг тэгснээ нударга шиг харагддаг уулын тухай, дуусашгүй суварга шиг аавын
тухай, нар нарыг дагуулж нисдэг шувуудын тухай, бултдаг (бултах гэдэг нь хар ярианы үг) хүүхний тухай гээд манай нийтийн дууны урын сан нэн
баялаг бололтой. Яруу найрагт утга төвлөрдөггүй, тухайн уран бүтээлчийн мэдрэмж
голлодог боловч дууны яруу найраг түүний дотор нийтийн дууны өнгөрсөн түүхийг
үзвэл шүлгийн утгыг ерөнхийдөө чухалчилж ирсэн нь харагдана. Тэдгээр хачин
үгсийн бөөгнөрлийг бичсэн яруу найрагч нэртнүүдийн яахав тэртээ тэргүй мэдрэл
муутай амьтад гээд цагаатгачихлаа гэхэд түүнд нь ая хийгээд байгаа хөгжмийн
зохиолчид болон тэдгээрийг нь олны өмнө ичихгүй дуулаад, үзэгчдийн таашааж
байгаа эсэхийг мэдээгүй хэрнээ л “Манайхаан, алгаа ташаарай, дахиад чанга”
хэмээн тасралтгүй хашгичаад байдаг дуучин гэх хүмүүсийг юу гэх вэ? Хэдийгээр
нийтийн юм бол нийтийнх л байдаг боловч арай л хэтэрч байх шиг...
Дурангийн өмнө шалдагнаж байгаад дэлэн хөхөө цухалзуулж, гуя хасаа гялалзуулж, элдвээр гийнан
орилж, бөгсөө хаялсныгаа дуулсанд тооцчихоод, шар хэвлэлийн өвөр дамжин хэрхэн
таргалж турсан талаараа шизо ярилцлага өгч явдаг «дуучин» гэх хүүхнүүдийн арми,
навсгар дээл, хэдэн сар жилээр ургуулсан сахал үс, пиво уусаар байгаад
дэлбэлчихсэн гүзээгээрээ гайхуулан, энд тэндхийн уулан дээр гарч, морины
цулбуураас зүүгдэж суучихаад “зээрэн хөлтэй хүүхэн, гаанс шиг харагддаг Богд
уул” гэх мэтээр хүн ойлгохын эцэсгүй юмнуудыг аялгуугаар далдлан
дуулмаглачихаад гүндүүгүй төрхийн ард нуугдан мөнгө хөөцөлдөж явдаг харчуулын
зуд нүүрлэсэн нь нийтийнхний нийтлэг төрх болов. Ер нь товчхондоо нийтийн дуу
муу шүлгийн хогийн тантан болсон.
Тэрхүү нийтийн хогийн саван дотор “Ээж минь дээ” дууны
шүлгийг бичсэн яруу найрагч Ч.Дагвадоржийн: Богд
нь уулын сүндэл нь
Бодьтой бодьгүй сундаллана даа
Бодолдоо бэтгэрдэг Та мину хө
Нүдэндээ нулимстай зүүдлэнэ дээ
хө... (хөгжмийг Н.Мэндбаяр, дуучин Б.Сийлэгмаа) гэж дуулах
“Богд нь уулын сүндэл”;
Элкондор
хамтлагийн “Тавилан”, “Бүсгүй”, “Sweetymotion” хамтлагийн “Санахын аялгуу” гээд олон дууны шүлэг
бичсэн, дээр нэр дурьдсан Архангайн яруу найрагч Ч.Мөнхбаярын:
Дэндүү гэнэн насны өөрөөсөө нуусан өнчин гуниг
Дэлхийн энтэй ууландаа дэгдэж яваа миний үр
Дэрстэй харганатай хорвоод илүү жаргал үгүй болохоор
Дээлтэй бурхан ээжээсээ аавыгаа битгий нэхээрэй... (хөгжмийг Ч.Төгсбаяр, дуулсан Элкондор хамтлаг)
“Охиндоо” дуу; (Дашрамд хэлэхэд дуучин А.Долгор, Номин талст хамтлагийн хамтран
дуулсан “Сэтгэлд мөнхөрсөн ээж” дуунд дээлтэй бурхан ээж гэж дуулдаг. Гэвч
энэ дуу “Охиндоо” дуунаас сүүлд гарсан)
Рок, попын болон
нийтийн дууны олон шүлэг бичсэн нэрт сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазарын: Зүүн
уулын солонго нь
Баруунаа
татсан ч яахав дээ
Зүүдлээд
л сэрэхэд миний ээжий
Дэргэд
минь л байвал жаргалтай (хөгжмийг Л.Балхжав, дуучин Т.Ариунаа) “Ижий минь байвал жаргалтай” дуу;
“Цэцгэнд төөрсөн эрвээхэй”, “Намрын өнгө орлоо ээжээ”
гээд олон дууны шүлэг бичиж, “Сэтгэлийн гэгээ” (2003), “Тэнгэрийн зарлигаар” (2010) зэрэг номууд хэвлүүлсэн, яруу найрагч Намбарын
Пүрэвийн:
...Ай
би нутгаа санахаараа
Аньсага
нүд минь мөнгөн хяруутай
Анир
анирхан дурсамж гэрэлтээд
Аясхан
бодол минь хөнгөн гунигтай
Нутгаа
санаад уйлдаг сэтгэл минь
Намар
оройн бороо шиг зүсэрдэг ээ... (Хөгжмийг
Т.Найданжав. дуучин Б.Болдбаатар) “Нутгаа санаад
уйлдаг сэтгэл” гээд тоочоод байвал сайн шүлэгтэй дуунууд олон. Цаашдаа ч сайн дуунууд гарах нь
эргэлзээгүй.
Угтаа дууны
шүлэг гэдэг бол ихээхэн учир холбогдолтой зүйл. Түүнийг нь тодруулбаас зохиолч,
яруу найрагч хүн үгээр дутаж явдаг, өөрийн дотоод ертөнцийг үгээр илэрхийлэх
гэж шаналж явдаг. Тэрхүү үгээр илэрхийлэх боломжгүй сайхныг хөгжмөөр илэрхийлж
болдог мэт. Мөн “Бүх урлаг эцэстээ
хөгжим шиг л болохыг мөрөөддөг” гэдэг үг ч бий. Өнгөөр зураад, шавраар
бариад, биеэр бүжиглээд, модоор сийлээд, төмрөөр цутгаад, үгээр бичээд хүрч
илэрхийлж чадахгүй тийм нэг ер бус сайхныг хөгжмийн эгшиг л хүний сэтгэлд
хүргэж чаддаг бололтой. Аливаа хөгжмийн бүтээлийг сонсоод сайхан санагдсан
хэрнээ л үгээр нэг бүрчлэн тайлбарлаж чаддаггүй нь үүнтэй л холбоотой, агаад
үгээр илэрхийлэхийн аргагүй сайхныг яаж ч үгээр тайлбарлах билээ. Тиймээс ч хүн
дуунд шүлгээс илүү дуртай байдаг болов уу. Хэдийгээр ая хийчихвэл сайхан нь үгүй болчих шүлэг олон байдаг ч гэлээ, хэл бол хязгаартай харин хөгжим хязгааргүй
мэт санагддаг, хөгжмийг орчуулах шаардлагагүй байдаг нь бас л учиртай. Гэтэл
хүний эл мэдрэмжид нь угаасаа л дуунд дуртай байдаг юм чинь хэмээн бүдүүлгээр
хайхрамжгүй хандан юу таарснаа дуу болгож ая хийгээд, нөгөөх нь дуулаад байж
боломгүй мэт. Эндээс л жинхэнэ уран бүтээлчийн үзэгчээ хүндлэх хүндлэл харагдах
учиртай агаад тайзан дээрээс “та нартаа
хайртай шүү” гэж орилсноороо үзэгчиддээ нэг их хайртай, хүндэлдэг хүн болчихгүй
гэдгийг уран бүтээлчид зөвөөр ухаарууштай юм.
Тэгэхээр дуу гэдэг нь шүлгээр бүрэн илэрхийлж чадаагүй
эрхэм сайхныг хөгжмийн эгшгээр гүйцээн илэрхийлж улмаар шүлгээр ч, хөгжмөөр ч
дүрслэх бололцоогүй өвөрмөц өнгө, айзам, намба зэргийг тухайн дуучны хоолой,
төрхөөр төгсжүүлэн бүтээдэг нэгэн цогц, бүхэллэг уран бүтээл. Тухайлбал суут
“Уяхан замбуутивийн наран” дууны:
Жаа, Энэ л уяхан замбуутивийн наран
Илхэн
бүхний дээгүүр
Мөхдөлгүй
дэлгэрч түгэн
Мандаж
мандсаар байдаг л билүү дээ, та мину зээ... гэсэн шүлгийг уншаад л тухайн дуунаас авч байгаа ер биш таашаалыг бүрэн
хүртэн мэдрэх ямар ч боломжгүй. Тэр байтугай аятайгаа байсан ч бүрэн таашаал
төрүүлэхгүй, гагцхүү Н.Норовбанзад гэдэг суут дуучин дуулж байж, өөрөөр хэлбэл
шүлэг-аялгуу-дуучин гурав уясан зохирч байж сая уг бүтээл төгс хэлбэрийг
олно.
Эцсийн эцэст сайхан хэлбэрийг бий болгох, сайхан уран
бүтээл хийх нь уран бүтээлчийн цорын ганц эрхэм зорилго болохоос нэр алдартай
болох нь үндсэн зорилго биш. Хэн сайн бүтээл хийж чадна, түүнд алдар нэр өөрөө
ирнэ. Гэтэл зорилгоо ойлгоогүй, буруу ойлгосон зэргээсээ болоод олонд л
танигдаж байвал хамаагүй мэтээр аашлан, хачин тэнэг шүлэгтэй дуунуудыг шүүрэн
аялгуужуулж, дуулах нь нэн сэжигтэй. Тэгээд олонд танигдлаа ч тэр нь ямар ч
явцгүй, тухайн цаг үеийн шинжтэй гэдгийг ухаарах цаг одоо болсон.
Дуучид, хөгжмийн зохиолчид уруу яагаад хандаад байна вэ
гэхээр шүлэг бичиж байгаа хүмүүс дотор яруу найраг гэдгийнхээ мөн чанарыг
огтхон ч ухаараагүй, ухаарах ч чадваргүй хэрнээ өөрийгөө яруу найрагч гээд
итгэчихсэн хүн олон байдаг, мөн юугаа бичих нь тухайн хүний эрх учраас тэднийг
хаах боломж хомс байдагтай холбоотой. Харин ямар шүлгийг сонгон аялгуу хийх,
ямар дууг сонгон дуулах эрх нь зөвхөн хөгжмийн зохиолч, дуучин хоёрт л байдаг
учир энэ боломжоо зөв ашиглан урлагийнхаа хөгжлийн хандлагыг зүгшрүүлэх, массын
урлагаа мэргэжлийн төвшин үрүү ойртуулах боломжийг хайх хэрэгтэй гэдгийг
сануулж буй хэрэг юм. Ийнхүү мэргэжлийнхэн бие биедээ хяналт, шаардлага тавьж
байж л сая үндэсний урлаг маань хөгжинө, түүнээс ямар нэгэн ардын хянан шалгах
хороо байгуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл уран бүтээлчид өөрсдөө шалгуур
тогтоочих боломжтой. Ер нь ингэх шаардлагатай. Олон түмэндээ алдаршсан, энхрий
хайрт АН, МАН болон засгаасаа гавьяат мэтийн хайр хишгийг нь хүртсэн хөгжмийн
зохиолч хүн аялгуу хийх шүлгийнхээ, мөн тийм дуучин хүн дуулах дууныхаа шүлгийг
нухацтай үзэж, өөрөө мэддэггүй юм бол мэддэг хүнд үзүүлж байж сонгоход юу нь
болохгүй гэж. Энэ бол эцсийн дүндээ үзэгч, сонсогчдоо л хүндэлж байгаа хэрэг.
Мөн уран бүтээлчдийн хариуцлага сайжирч, ард түмний урлагийн мэдрэмж дээшлэн
улмаар гудамжны урлаг мэргэжлийн түвшиндээ ойртоход дөхөм болно. Хэрэв ийм
жишиг тогтчихвол тухайн шүлэг нь хөгжмийн зохиолчийн шалгуурт тэнцээд, дараа нь
дуучны шалгуурт тэнцээд, эцэст нь олон түмний шалгуураар орно гэсэн хэрэг, энэ
нь сайн үр дүн авчрах нь эргэлзээгүй.
Дууны яруу найргийнхаа чанарт анхаарал хандуулахгүй одоогийнхоо
барилаар за яахав аялгуунд дарагдаад өнгөрнө биз, сайн дуучин дуулчихаар
анзаарахгүй дээ, найзын минь шүлэг юм даа, мөнгө төлөхгүй юм даа, мөрийн доторх
үгийн тоог тэнцүүлж байгаа юм даа, ур, утга муутай ч ингэж дуулахад аяныхаа
нугалаанд сайхан зохицож байгаа юм даа гэх мэтээр аргалаад л яваад байвал яваад
л байна, гэвч эцэстээ амьтны элэг доог болно, элэг доог болоод зогсохгүй дууны
урлагийн нэгэн үеийн түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдэнэ гэдгийг уран бүтээлчид
анзаараасай...
Дуу хэмээх хамтын уран бүтээлийн хөлийг
нь шүлэг, толгойг
нь хөгжим, биеийг нь дуучин хэмээн зүйрлэвээс данхайсан толгойтой,
тэнгэр шиг гэдэстэй, зээр шиг хөлтэй мөнөөхөн үлгэрт гардаг бирд лүгээ болсон мэт... Нэг нартай өдөр зээрэн хөл нь хугарах
вий!
2014-01-04
Comments
Батсуурь багшдаа амжилт хүсье.