Яруу найргийн “таширлал”: Амитаба≥Азиза≥Лиза

Х.Чойдогжамц
 “Сэрэхүйгээс урган, сэтгэлээр дамжиж ухаанаар боловсордог энэ хөдөлмөр  хүний оюун билгийн хамгийн нарийн нандин бүтээлийн нэг бөгөөд сэтгэл эзэмдэх чухал хэрэглүүр тул яруу найраг ямагт яруу тунгалаг байх учиртай”
 /Ж.Төмөр “Үндэс үрнээсээ” 1974 он/
1.      Тогоруудын дууг салхинд далавчилж сул тавихуй
Жим...Зам...Зам...Жим...Жим балархай, зам тодорхой. Яруу найрагч О.Дашбалбар “Диваажин болон Шамбалдочих жимийг би мэднэгэж нэгэн шүлэгтээ бичсэн байдаг сан. Энд замыг мэднэ гээгүй жим хэмээсэн нь сонирхолтой л асуудал шүү. Зам мэт тодорхой зүйл хорвоо ертөнцөд ер нь байдаг юм уу? Жим шиг балархай, үхэл мэт нууцлаг, хэзээ ч нууцаа үл дэлгэх зүйлс л орчлонгийн өнгө гэрлийг цогцлоохын зэрэгцээ бүдгэрүүлчихэлгүй тогтоон байх шиг санагдах нь бий. Наанадаж л хүн хэрвээ унтдаггүй, зүүдэлдэггүй байсан бол энэ дэлхий хийгээд хүмүүний дүр төрх эдүгээ ямархан царайтай байх сан бол гэхээс гайхаш тасарч гүйцнэ. Энэ гайхшралд нэрт физикч А.Эйнштейн “Орчлонгийн хамгийн ойлгомжгүй нь ойлгомжтойд л оршино” гэж харьцангуйн онол шигээн ээдрээт хэрнээ эргэлзээгүй томьёолол гаргаснаар асуудлын цэгийг хатгасан ч юм шиг, үгүй ч юм шиг./kkk/ Чухамхүү ийм нэгэн ээдрээт зангилааны тайлал адил жимээр Ховд нутгийн цэнхэр хязгаараас их сургуулийн босгоноо алхсан гэдэгт мадаггүй итгэдэг залууг М.Батбаяр гэх.
Үл мэдэг бөхийн өлмий дээрээ яваад байна уу гэлтэй намуухан гишгэлэн ёстой л өөрийнхөө шүлгэн дэх шувуу шиг гүвтнэн алхдаг тэрээр их сургуулийн навчис эргэцсэн гудамжнаа нэгэнтээ хөөрөлдөн явахуйд доорх хоёр мөрийг дуудсан юм.
“Аюулгүйн дохиогоор зам гарах адил
Агаарт навчис зорчмуй”
гэж. Жинхэнэ хам бичвэр ч гэмээр юмуу холимог бичлэгийн урлалыг зохистой ашигласан  эл хос шадаас түүний яруу найргийн ховор нарийн мэдрэмж, хямгадууштай нандин авьяасын үр соёолон буй нь харагдмуй. Зарим хүн “тохиолдлын”, “маяглал” зэргээр өөлөхүйц “зорчмуй” гэх ганцхан үг шүлгийн “амийг тэтгэж”-ээ. Иймэрхүү үгийн нүдийг олж байршуулах зөн билэг, чинад билгүүнийг авъяас гээд байдаг болтой. Орчлонд орчин оршигч буй бүхэн, байгалийн хэнд ч, юунд ч үл захирагдах мөнхийн жам ёсыг техник, технологийн хөгжлөөр буй болсон “үзэгдэл”-үүдтэй /ингэж хэлсний учир энэ шүлгийг уншсаны дараа ногоон гэрлээр зам гарахаар хүлээх зэрэг нь гэнэт утгагүй тэнэг санагдав kkk/ ийн холбож бүтээснийг залуу найрагчийн сэрэл, мэдрэхүйн нэгэн өвөрмөц цогцолбор бүтэц илтгэжээ. Энэ шүлгийг эргэцүүлэхүй Д.Нямсүрэнгийн:
“...Төрөгч хийгээд төөрөлдөгсөдтэй
Төгөлдөр навчисхан адил амой...”
гэх шүлэг санаанд орж ирэв. Энэ тухай хоёрдугаар хэсэгт тусгайлан өгүүлсү. Харин энд түүний “Салхины далавч” /2013/ анхны номын сонирхолтой талын тухай өгүүлье. Түүний номд:
“Амьдралаас үхэл рүү шилжих зааг дээр
            Амьсгалаараа лаа бүтээж үзэг цаасаа зэхэхсэн
Сүнс цогцос хоёрын андын тангараг болсон
Сүүлчийн хундаганы дууг үзэгнийхээ чихэнд шивнэхсэн” /17 тал/
мөрүүд бий.
Колумбын зохиолч Г.Г.Маркес “зохиолч хүнийхээ хувьд миний туйлын хүслэн болоод туйлын эмгэнэл бол үхэх тэрхэн агшныг дүрслэж эс чадахад л байна” гэж харамссан байдаг ахуул Германы гүн ухаантан И.Кант амьсгал хураахын мөчид “сайхаан” гэж хэлсэн гэдэг. М.Батбаярын дээрх шүлэг ч мөн хүн төрөлхтөнд мөнхийн тайлагдашгүй буюу үхлийн тухай асуудал руу хандаж. Сүнс цогцос хоёрын андын тангараг- сүүлчийн хундаганы  дуу...Ямар дуу? юун андууд? яасан тангараг? гэж та гайхан эргэлзэж магад? Олон хүн уран зохиолыг уншихуйн урлаг гэх нь буй. Үнэндээ мэдрэхүйн урлаг юм шүү дээ. Тэр бас хязгааргүй олон тайлалтай хийсвэр бодгүй зүйл авай. М.Батбаяр:
“Тэнэглэл нь ухаарлаасаа ариухан
Тэмдэг зүсгүй хорин нас минь
Үхэл амьдрал хоёр
Үй зайгүй найзууд гэдгийг
Хайр дундуур шивнэсэн минь л
Хамгийн буруу байсныг чи мэдэх үү...” /25 тал/
зэргээр өөрийн “балчир” ухааралдаа гэмшжээ. Хүн төрөх ба үхэх, үхээд яадаг учир ёсны босгоор хэн ч, хэзээ ч алхаж үзээгүй. Аргаа ядсан бид бурхан шашны сургаал руу гүтгэж харьцангуй- сэжиглэнгүй-сүсэглэнгүй- таахаас үл хэтэрнэ. Харин эл шүлгийн хэсэглэлээс үхэл, амьдрал гэх нэгэн цулын тухай, зорьж тэмцэхгүйгээр жаргал эс ирэхийн адилаар басхүү үхэл гэх “хил хязгаар”-гүйсэн бол амьдралын утга чанар үл олдох тухай , бас зүгээр л нэг мэдээлэл аваад зогсохгүй шүлэгчийн дотоод гоо сайхны “ертөнцөөр зорчихуйяа” сүнс, цогцос хоёрын нууцлаг ч юм шиг, басхүү тийм ч юм шиг тангараг барилдлагын “хундага тулгах” чимээнээс мэдэрч туурвих, мөнхлөх чин хүсэл болоод үхэл, аж төрөхүйн тухай хатуу хахир үнэнийг хайр тэмүүллээр жигүүрлэх насандаа бодох нь ямархан буйг өөрийн хорин настайгаа хүүрнэлдэх гэгээн гунилтай дам дамаан шүргэлдэн цэнгэдэг нь жинхэнэ урлагийн шидийг эдэлж буй нь билээ. Тиймээс ч “Яруу найраг нь шинжлэх ухааны танин мэдэхүй, мэдлэгээс илүү нарийн мэдлэгийн дээд хэлбэр...яруу найраг хүмүүст хамгийн бодтой, үнэн мэдлэгийг сэрэл мэдрэхүй, уран сэтгэмжийн тусламжтай өгдөг учраас уншигчид шинжлэх ухаанд бус харин яруу найрагт илүү дурладаг”[1] ажуу.

“Хамгийн сонгодог бөгөөд чөлөөт ялыг амьдрах хэмээдэг
Хачин ихээр хүмүүс түүндээ дуртай байдаг
Дуртай хэр нь залхаж буй мэт үхэл рүү тэмүүлээд
Дусал бүр нь хүний үнэртэй нулимс унагадаг
Далавчгүй мөртлөө тэд нисэхийг хүсдэг
Дандаа л түүнийгээ бүтнэ гэж боддог
Өрөөлд дэндүү олон дурлачихсан болохоор
Өөрийгөө хайрлах хайр хүмүүст үлдээгүй” /21 тал/
Энэ шүлгийг доктор П.Батхуяг “Энэ зууны хүмүүсийн дотоод хүйтрэлийг, хий хоосон  мөрөөдөлдөө хөтлөгдөн “амьдарч” явааг тэр илчилсэн байна. Илчлэгдэж буй “үнэн” нь хүмүүс бидэнд бусдыг хайрлах нь битгий хэл өөрийгөө ч хайрлах хайр үлдсэнгүй хэмээсэн нийгэм-социологийн олон цуврал судалгааны үр дүнд гарч болох “том” дүгнэлт рүү М.Батбаярын цөөнгүй богино шүлгүүд хөтөлж байна” гэсэнтэй санал нэг байна. Философич Э.Фромм хүн эрх чөлөөнөөсөө зугтааж, чөлөөт бус байдлаа өөрөө сонгон авдаг тухай өгүүлсэн бол  Ж.П.Сартр хүн эрх чөлөөтэй байхаар яллагдаж, энэ орчлонгийн хамаг хүнд хүчрийг үүрэх тавилантай гэх хачин сонихон санаануудыг дэвшүүлж байв. Нээрээ ч амьдрал гэдэг чөлөөт сонголт, чөлөөт байдал, чөлөөт ял юм даа. Харин М.Батбаяр шүлэгтээ дуртай хэр нь амьдын нөгөө хитиг туйл рүү тэмүүлэн дусал бүр нь хүний үнэртэй нулимс унагадаг болохыг нээснээр амьдралын үнэ цэнийг хүний мөн чанартай холбож, бас өндөрт өргөжээ. Хүний үнэртэй дусалхан нулимсны унах анир чимээг нь мэдрэх, бас илэрхийлэл болгож чадах гэдэг юутай сайхан...? Ийн эс чадваас л өөрөө болон өрөөл бусдууд чинагших амьдралаа эс хайрлахыг сануулах мэт? Тэр:
“Сар залгилах гэж ус балгалах тэмээ
Сая хүзүүгээ өндийлгөх шиг
Хотын аниргүй, сэтгэлийн их чимээ” /81 тал/ гэжээ.
М.Башёгийн чимээ аниргүй хуучин цөөрмөөс мэдэрсэн анир аялганг санагдуулам түүний дээрх мөрүүд ямархан яруу тансаг болоод гүн цээл утга, төгс санаалаг чанарыг агуулан оршино вэ? Тэмээд ус руу шунахуйяа од, сарыг хүлхэн залгилна гэх зэрэг мөрүүд өмнөх үеийн яруу найрагчдад байсныг судлаачдын бүтээлээс зөндөө харж байлаа. Харин энэ шүлэгт “сар залгилах гэж ус балгалах тэмээ” дүрслэлд өнгөц чамирхал бус онхи ондоон мэдрэмж-утгын цогцыг бүтээж дараагийн шадтай нэгдэж ууссанаар гүн ухааны аялс хандлагат бодол эргэцүүлэл рүү хөтөлнө. Анираас аниргүй сэрэх...Аниргүйгээс анирыг сэрэх...Буддын гүн ухаан болоод зэн буддизмын гүн ухааны үүднээс бол анир хийгээд аниргүйн салаа ойлголт үгүй аж. Нэг нь нөгөөдөө шүтэн барилдаж цогц утгыг илтгэнэ. Энэ нь дээрх “Сая хүзүүгээ өндийлгөх шиг” гэх шүлгийн амин мөрд шингэжээ. Хайкү шүлгээр бол  санааг тайлах байгалийн түлхүүр үгт бэлгэдлийн утгат мөр. Тэмээ ус уусныхаа дараа яагаад удтал алсыг ширтэн зогсдог вэ? гэх монгол домгийн үүтгэл сэтгэлгэ, улбарилын архетип ч явж байх шиг тэмтрэгдэх нь нигууртай.
Магадгүй “сэхээрэл”, “ухаарал” хоёрын нэгэн цэгт давхцахуй байдлын аль алин нь төрөгдөх агшин. Сар л залгилах гэж ус балгадаг байсан. Балгалсаар л байсан... Дээр дурьдсан өрөөлд дурласаар байгаад өөрийгөө хайрлах хайргүй болчихсон хүмүүс шиг... Сая л сэхээ аван түүнийгээ анзаардаг шиг тэмээ хүзүүгээ өндийлгөх тэр агшин дахь сэхээрэл...Усанд туссан саран хийгээд тэнгэрт тунасан саран шиг...Жинхэнэ болоод хуурамч оршихуйн үл ялгал дор бид чинь сэтгэлийнхээ чимээг анирлахгүй, чагнахгүй их хот, их мөнгө, их хөгжил, их “чимээ”-нд дөчирцгөөж гүйцжээ. Тийм ээ, яг л энэ эгшинд /хүзүүгээ өндийлгөх/ түүний шүлгийн тэмээнээс дусал бүр нь хүний үнэртэй нулимс нэгэн хэмээр бөмбөрсөн гэдэгт итгэнэм. Хүмүүс хариугүй үхэхийнхээ өмнөхөн л цугаар гэгээрдэг юм биш байгаа даа.
“Сар тогорууны дууг нотлож
Салхинд түүгээрээ далавч урлахад
Сонсож зогссон гөрөөс
Алсыг ширтэж
Амьсгаагаа авахад намар ирдэг” /45тал/ хэмээх шүлгийг уншихуй дор яруу найрагч П.Бадарчийн шүлгийн мөрүүд мөн сэрэгдэж байх юм.
“Сонгинын шугуй
Солонгын долоон өнгөтэй
Сор мөнгөн намартаа
Согоо уйдам салхитай” гэж. Цээжээр эшилсэн тул эндүүрэл байх
болзошгүй. Залуу найрагч тэрээр:
“...Тогтож буй бороон дуслын чимээнээс
Тоо тоолох мэт хөлийн чинь анир
Тодрох хүртэл энд суух болно
Дуулах болно...
Салхинд шидээр нь далавч урлаад
Сул тавих болно” /79 тал/
хэмээн тэмүүлж тэлгүүлж бичсэнийг ч мэдэрч болно. Салхины далавчин дахь тогоруудын дуунд нээрээ л согоо уйдан гансрах буй заа. Амьсгаа авч санаа алдан уйтгарласан биз. Санаа алдаж, уйдахын тулд өгүүлсэн биз ээ. Ай, намрын шүүрс...
Хэдийвээр түүний анхны ном хэдий ч:
“Чи хумсаа гоёж суух нь
 Шувуу усанд явгалах шиг...” /66 тал/
“Шувуу эвшээхэд дуссан борооноор
 Шуудангаар ирэх захидлын тухай бодно” /40 тал/
“Ургаж гүйцэлгүй хагдрах навчист
 Уур хийгээд хайр минь оршдог” /36 тал/
зэрэг анир гүм, нам тайван, эгэл борги хэрнээ бах жаргал, битүү уйтгар мэдрүүлэх богино мөртүүд хөнгөн мэт ч дотоод чинадад нь асар их эрчим хүчний долгис агуулагдсан нь гайхалтай юм.
Эртний Хятадын их мэргэн Лаоз “Хөдөлгөөнгүй гэдэг хөдөлгөөний хамгийн чухал зүйл” хэмээжихүй. Дээр иш үзүүлсэн шүлгүүдээс харахуй түүний бүтээлд хором зуурын гялбалзсан ухаарал, амьдрал, үхлийн тухай бясалгал, хүн ба ертөнцийн мөнх холбоо, дотоод чинадын учир зүйн тогтолцоог тайлахыг эрэлхийлсэн эргэцүүлэл, танилт-тайлал, уран гаргалга зэрэг нь Д.Нямсүрэн, Ч.Мягмарсүрэн зэрэг эгэл бориг найрагчдын шүлэгт мэдрэгдээд байдаг тийм нэгэн бодь хүсэл, бодь сэтгэл, бодь оршихуйн утга санаа, натура дүр дүрслэлийн элементүүд гялсхийж буй тул “бодь эрийн жим” хэмээн оношлоод байгаа юм л даа. Дараагийн хэсэгт эл анхны номынх нь эндүү ташаан тухай өгүүлье.


2.      Амитаба≥Азиза≥Салхины далавч
Уламжлал аваагүй шинэчлэл гэж үгүйн адил цоо шинэ үзэгдэл хэмээх үнэлгээ нь уран зохиол судлалд судлууштай асуудлын нэг юм. Гагц урлаг, уран зохиол төдийгүй аливаа үзэгдэл, түүний хөгжил хувьсал, хуучрал- шинэчлэлийн жам ёсон нь аль алиных нь нөхцмөл мөн чанарт оршино. Уран зохиол дахь уламжлал, шинэчлэлийн нэг чухал асуудал бол зохиолын  ижилсэл, адилсал, хуулах, давтахын эмзэг асуудал руу судлаачдыг чирч, эсвэл төв дунджийг тогтоох шаардлага руу хүссэн ч,  хүсээгүй ч татан оруулдаг билээ. Жишээ нь Д.Батбаяр гуайн “Чамд аз жаргал хүсье” /2009/ номонд орсон “Энхрийхэн зулзага минь” өгүүллэг Нобелийн шагналт японы зохиолч Я.Кавабатагийн “Толинд туссан сар” өгүүллэгийн дам хуулбар болсныг анзаарсан хүн зөндөө л бий байх. Энэ мэт зүйлс олон билээ л...Энд энэхүү залгамж чанарыг гурван өөр цаг үеийн яруу найрагчийн жишээн дээр уран бүтээлийн ур хийц, утга, сайхны “таширлал” нэгэн янзаар үүсэх боломжийн талаар товч тайлбарласуу. Эрээнцавын Д.Нямсүрэн “Амитаба” шүлэгтээ:

“...Яаж би, Амитаба шиг үүдний цоорхойгоор тусах
                                                                        наран лугаа цацрах вэ?
Яаж би, Амитаба шиг үүлний сиймхийгээр шагайх
                                                                        саран мэт бултайх вэ?
Яаж би, Амитаба шиг нисээд явчихсан шувуу адил
                                                                        анир алдрах вэ?
Яаж би, Амитаба шиг өөрийнхөө үсний ойчих чимээг
                                                                        сонсох вэ?” гэж  асуусан. Гэтэл Г.Баяр
“Азиза” шүлэгтээ:
“... Хувинтай усны гүн рүү шугамдан буусан
Сарны тусгал
Хараацайн далавчин завсраар дүүжлэгдэн буусан
Нарны тусгал хоёрыг
Юугаар нь чи ялгаатай гэх вэ?”
гэж мөр, бадаг, ур хийц олон талаараа таширлахын сацуу мөнөөх Д.Нямсүрэнгийн үсний тухай дүрслэлээс хорвоогийн аялгууг олж харагч (П.Батхуяг докторын бичсэнээр) Г.Баяр:
...Өчүүхэн жижиг тоосонцорт үүрлэсэн цаг хугацааг барих гэж
Хар үстэй гэрээсээ гараад
Цагаан үстэй буцаж ирэх хоёрыг
Юугаар нь чи ялгаатай гэх вэ?
гэж асуужээ. Мөн Д.Нямсүрэн “Яаж би, Амитаба шиг үүлний сиймхийгээр шагайх саран мэт бултайх вэ?гэсэн бол Г.Баяр “Лааны дөл шиг шар моддын завсраар шагайгч Азиза...” гэжээ. Энэ мэт “Амитаба”-“Азиза” гэдэг зохиомол үгс ч өөр зуураа таширлал үүсгэх аж. Учир нь хоёулаа шүлгийн нэр болж, хоёулаа огтхон ч утгагүй, хоёул асуух ур маягаар бүтжээ. М.Батбаярт мөн "Лиза" нэрт шүлэг байх нь хачирхалтай. Д.Нямсүрэн: 
“Өвдгийг тань дэрлэлээ,  хонгор минь
Өвсөн дотор шувуу ингэж амардаг биз ээ
Үсийг тань үнэрлэлээ хонгор минь
Үүлэн уулын цэцэгс ингэж анхилдаг биз ээ
Гоо хоёр хөлийг тань үзлээ, хонгор минь
Гол ус ийм намуухан урсдаг биз ээ
...Эрдэнийн хоёр товчоор тань эрхэллээ, хонгор минь
Илчит наран бөмбөрцөг ийм халуун байдаг биз ээ
...Ууц бэлхүүсийг тань тэвэрлээ, хонгор минь
Усны гүндээ загас ийм эвтэй байдаг биз ээ...”[2]
уран сайхны асуух ур маягтай хос шад үүсгэсэн байгууламжтай бол Г.Баярт:
“Урууланд чинь би, уруулаа хүргээд унтах
Ямар сайхан байдаг гээч хайрт минь
Бурхан л ингэж Гүмүда цэцгийн дэлбээн дээр
Гэзгээ тавьж унтдаг байх даа
...Хацарт чинь би, хацраа наагаад унтахад
Ямар гоё дулаахан байдаг гэж бодож байна хайрт минь
Гөрөөс л ингэж халуун хэвтэртээ
Таван сарын модод гөлөглөхийг харж хонодог байх даа
Хөхөн дээр чинь би, гараа тавиад унтахад
Ямар тааламжтай мэдрэмж төрдөг гээч хайрт минь
Өвс л ингэж нартай бороонд усанд ороод гарахдаа
Солонгоор биеэ арчдаг байх даа...”/Азиза, 67 тал/
зэргээр мөн л мөр, бадаг, уран яруу хэрэглүүр, дүр дүрслэгдэхүүний бүтцийн хувьдаа “таширлан” таарч илэрхийлэгдсэн байна. Залуу шүлэгч М.Батбаяр:
“Хөхөнд чинь би амьсгалаа хүргэх
Өвснөөс шувуу дэрхийх хоёр
Юугаараа тийм өөр гэж
Гарыг чинь зөөлөн атгах
Шувуу өндгөө дарах хоёр
Юугаараа тийм өөр гэж
Бүсгүй хүнийг араас нь ширтэх
Хойт насны тухай бодох хоёр
Юугаараа тийм өөр гэж...” /Салхины далавч, 53 тал/  зэргээр бас л мөнөөх
асуултын уран маяг бүхий байгууламжийг /Биз ээ? Байх даа? Өөр гэж?/ таширлуулаад зогсохгүй уг шүлгийнх нь эхний бадаг  Г.Баярын:
 “...Тэр бүсгүйн хөхний товч
Лаа асах шиг дотроосоо цоргисон гэрэлтэй
Өвснөөс ниссэн шувуу шиг тэр гэхийн аргагүй
Тэр бүсгүйн хөхний товч автобус донслох бүрт
Нуруу тушаа зөөлөн хүрнэ...” /Азиза, 43 тал/ хэмээх шүлгийн төгсгөлийн бадагтай мөн л ний нуугүй ихэрлэж ()() нь харагдана. Мөн М.Батбаярын:
 “Нүдээ аниад нарны биеийг тэмтэрвэл
Нар яг л чиний минь хөх шиг юм” /Салхины далавч, 49 тал/ гэх бүрэг
бараг зүйрлэл  Д.Нямсүрэнгийн дээрх шүлэгт буй:
“...Эрдэнийн хоёр товчоор тань эрхэллээ, хонгор минь
Илчит наран бөмбөрцөг ийм халуун байдаг биз ээ...” гэсэн адилтган
дүрсэлсэн мэдрэмжийн хажууд үнэхээр балчирдан таширласан нь илт аж.
“...Голын урсгалд миний шүлгийн дэвтэр бий
Миний шүлгийн дэвтэрт голын урсгал бий
...Саран дотор хүмүүний зовлон бий
Зовлон саран дотор бий
Нар намрын царгисан нүд
Намар нарны царгисан нүд
Наран дотор байгалийн амьдрах зай бий
Байгаль дотор нарны амьдрах зай бий”[3]. Найрагч Г.Баярын энэхүү
шүлгийг доктор П.Батхуяг “Энэхүү шүлгээс л өнөөх хүүхэд насны аялгуут өдөр хоногуудын ухаарал, гүн бодол, дурсамж урган цогцолж байна. Голын урсгал үнэхээр Г.Баярын шүлгийн дэвтэр мөн бөгөөд шүлгүүд нь ч голын урсгал шиг аялгуутай билээ” гэж тайлбарлахдаа найрагч өөрийнхөө уран бүтээлийн онцлог, сэтгэлгээний хэв маяг, яруу найргийн нөлөөлөл, туршлага зэргийг Д.Нямсүрэн найрагчтай усны дусал адил ижилхэн гэдгээ шүлгээрээ тунхаглан илчилснийг нь анзаарсангүй бололтой. Мэтгэх санаа төрөн буй аваас дараах шүлгийг уншигтун.
“...Шөнийн навчис хөгжимдөх мөчрийн хооронд
Тэнгэрийн одод багтдагийг харсан
Шүүдэр цугласан цэцгийн хонхорт
Чиний нулимсны зай байхыг үзсэн...
...Өвс бүхэн нь хөгжим
Чулуу болгон нь өнгө
Саранд горхи гэрэлтэх
Салхинд лимбэ исгүүрдэх...
...Чулууг нь чагнавал
Миний багын цуурай бий
Шувуу шиг горхинд нь
Алтан ятга шиг дуу минь бий...”[4]/”Цэнхэр дуу”/ гэж. Үүнтэй
зэрэгцүүлж харахд нэмэлт тайлбар шаардлагагүй төдийгүй утга, хэм хэмнэл, уран сайхан гээд урлал зүйн аргын цогц хэв шинжээрээ ч таширлаж буй тухайд бүр ч ярилтгүй юм. Г.Баяр соц үеийн зохиолч Ч.Лодойдамбын “М.Шолоховын “Дөлгөөн Дон” романаас уран бүтээлчээр суралцаж “Тунгалаг Тамир”-аа бичсэн” гэдэг шиг Д.Нямсүрэн найрагчаас уран бүтээлчээр суралцсан нь энэ аж. “Азиза”-д (Монголын сонгодог яруу найргийн загалмайлсан эцэг Д.Нямсүрэнд) нэрт шүлэг буй. Эндээс Г.Баяр найрагч Д.Нямсүрэн найрагчийг ихэд хүндэлдэг, ямар “нэгэн юм”-ны аав гэж боддог болох нь харагдаж байна. Нэг нэгнээ хүндэлж бололгүй яах вэ, тэглээ гээд өөрөөр хэлбэл хэн нэгэн яруу найрагчийг ямар нэгэн сайхан юмны аав гэж бодно гэдэг нь тэр хүнтэй адилсах «уран бүтээл» хийж болно гэсэн үг биш байлтай. Тэгээд ч зохиолч Ч.Лодойдамба “Тунгалаг Тамир” романаа уран бүтээлчээр суралцан бичих энэ тэр гэдэг чинь хаа байсан соц үеийн туршлага шүү дээ.
Д.Нямсүрэн, Г.Баяр нар яахав тэгээд нэг нэгнийхээ аав хүү болоод дууслаа гэхэд М.Батбаяр  бас моддын завсрын тухай шүлэг бичжээ. Г.Баяр”Лааны дөл шиг шар моддын завсраар шагайгч Азиза...” гэсэн бол М.Батбаяр “Нярай моддын завсраар гоо шилбийг чинь таалж” гэжээ. Хөөш нэг нь байвал яасан бэ? гэдэг шиг л юм болох нь!
Бас Д.Нямсүрэнгийн үснийхээ чимээг сонсох тухай дүрслэл(Яаж би, Амитаба шиг өөрийнхөө үсний ойчих чимээгсонсох вэ?) нь Г.Баярын үед үсний хар цагаан өнгөний тухай болж(Хар үстэй гэрээсээ гараад, Цагаан үстэй буцаж ирэх хоёрыг,Юугаар нь чи ялгаатай гэх вэ?) солонгорсон бол М.Батбаярын үед дахин сонсох болон таширлаж амилсан буй. Үзвээс:
Хэзээ хөлийн чинь чимээг
Үснийхээ үзүүрээр чагнаад
Өөрөө сарны үрчлээнд тэнгэрийнх юм шиг
Санаа амар унтах вэ? гэжээ... Түүнчлэн М.Батбаярын:
 “Тэнгэрийн цэцэрлэгт хөл нүцгэн даяанчилж
Навч тасрах нь эх нярайлахтай адилыг ухаарнам”[5] зэрэг товч хэрнээ
цэгцтэй илтгэсэн нь хэн нэгэнд таашаагдаж магад. Гэвч бас л Д.Нямсүрэн гуайн доорх шүлэгтэй мөнөөх адилсал давхцаад эхлэх аж.
                        “...Нарнаар ургаж намар хагдрах
Цэцгэнд би хайртай
Нам гүмийн дунд эх нярайлахад
Нэг нь зай болдог биз ээ...[6]. Өөр байна гэж үү? Тэгвэл дахиад доорх
шүлгийг уншаад үз!
 “...Алаг хорвоогийн жамаар хэний нь толгой дээр дуугарах хонхны дуу
Ариун хутаг арилжихын өмнө сүсэг гуйх агшин ирж буй цаг
Амаржих бумбын оронд эх хүн үндэс тэмтрэн атгаж
Аминаас амь тасран хүн бий болох ирж буй цаг...[7]  Мөн л үнэмшихгүй,
худлаа байна гэж бодсоор байна уу? За больё, доорхыг л уншъя.
“Нарны гэрэл хүйтэн бус уу?
Навч унах нь хүмүүн төрөх мэт ээ
Төрөгч хийгээд төөрөлдөгсөдтэй
Төгөлдөр навчисхан адил амой...”[8] Одоо энэ шүлгийн таширлалын тухайд
надтай мэтгэлцэх “зүрхтэн” байхгүй байлгүй дээ, Та минь.
Илүү тодорхой болгохын тулд дахиад нэг жишээг харъя. Д.Нямсүрэн найрагч:
 Аяар аяархан яваарай
Алхаанд тань тэнгэр хайчлагдчих вий
Арын минь хүмүүс тэнгэргүй болбол
Амьсгаанд минь нисдэг шувуудтайгаа үрэгдэнэ
Өвс ногоо биднийг хардаг
Од бороо биднийг таньдаг
Өчүүхэн тоосонд хоёр жаахан эс
Өдгөө, ертөнцийг үүсгэн янаглан буй...” гэсэн бол найрагч Г.Баяр:
Цэцгийн хэвлийд өчүүхэн нэгэн ертөнц буйг таниад би
Цэцэг тасдаж амрагтаа бэлэглэхээ больсон
Өвсний үндсээр тэнгэр, газрын хөврөл явагддагийг мэдээд би
Өвсний толгойг сүүдрээрээ хайчилдгаа больсон...” гэж бичсэнээс
Д.Нямсүрэн гуайн уран бүтээлээс мэдэрснийг нь (Аяар аяархан яваарай, алхаанд тань тэнгэр хайчлагдчих вий) мэдэрч(Өвсний толгойг сүүдрээрээ хайчилдгаа больсон), таньсаныг нь (Өчүүхэн тоосонд хоёр жаахан эс, өдгөө ертөнцийг үүсгэн янаглан буй) таньж (Цэцгийн хэвлийд өчүүхэн нэгэн ертөнц буйг таниад), давтан хуулдагийг даан ч илэрхий харуулах юм. Энэ мэт санаа давтагдаж, дүрслэл ижилссэн таширлалуудыг:
“Нүдээ аниад би алганыхаа зураасыг
Навчсын зураастай зэрэгцүүлж үзмүй
Нүдээ аниад би зүрхнийхээ лугшилтыг
Цагийн лугшилттай харьцуулж тоолмуй...” /Г.Баяр/
“Хаа нэгтээ навчис унах, ус дуслах
Хананд өлгөөтэй цаганд зүрх минь цохих
Хаяагаар гүйх оготной, намайг харсаар байдаг
Харанхуйд шувуу дуугарах бүүр түүрхэнд би дуртай”[9] /Д.Нямсүрэн/
“Үүрийн гэгээ, үдшийн бүрий
Яасан хол зай вэ?
Хэдэн хүн маргаашийг үзэж чадахгүй бол”/М.Батбаяр/
“Цонхон доорх мод
Амаржчихаж
Би яасан их унтаа вэ? ” /Г.Баяр/ зэргээс бэлхэнээ үзэж болохыг яахан
эс өгүүлэх билээ. Өмнөх туршлагыг давж чадахгүй аваас уламжлал бус хуулалт гэхээс өөрөөр хэрхэн тодорхойлох билээ дээ. Энэ дашрамд “...урлагт дундаж байдал, нэг хэв загварыг үл тэвчдэг” гэх доктор С.Энхбаяр багшийн үг нэг хариу болох бизээ.
 “Хуучин дээвэрт
Шинэ цас...”  / “Салхины далавч”, 46тал/ гэсэн  эрэлхийлэл өөрт нь шинэ мэт санагдаж мэдэх ч харамсалтай нь бас л үгүй ажээ.
“Шинэ ногоон дунд
хуучин чулуу хэвтэнэ
Шувуу ирж суув аа”[10] хэмээх залуу яруу найрагч Д.Нямдоржийн шүлгийг
профессор Ч.Билигсайхан багш “Ертөнцийн хувьсал, ер хувьслыг үүнээс илүү цөөн үгээр, яаж ч яруу сайхан хэлэх билээ дээ. Шинэ ногоон дунд хэвтээ хуучин чулууг чухамдаа л нүүдэлчний яруу найрагч хүн л таниад, сэтгэлдээ тэмдэглэж авч чадна. Монгол хүн дөрвөн улиралд малаа дагаж нүүхдээ нэг л жимээр, нэг л дөрвөн газар суугаад, нөгөө л малаа маллаад, дэндүү хуучин юм шиг сууж байвч ертөнцийн хувьслыг суурьшлын хүнээс хамаагүй тод мэдэрдэг юм шиг ээ” хэмээсэн буй. Харин  урагш ухвал төрийн соёрхолт  Ц.Бавуудоржийн:
“...Модон тэрэгний хөх дугуй
Шинэ өвсний солонго гишгэх
Монголын их амар амгалан...”[11] хэмээх мөр  М.Батбаяр, Д.Нямдорж нарын
шүлгээс ур зүйн хувьд хол давуу гэдгийг харуулах юм. Харин найрагч Д.Нямсүрэнд:
“...Нов ногоон дотор хуучин төмөр зуух бөөрөөрөө унаад
Нойт даан харлаж, чийгтэй өвс үмхлэх ирж буй цаг...”[12]
гэж орчлонгийн орчилт шинж, халагдал солигдлын учир зүйг хичнээн нандин дүрслэлээр чамбай анзаарч зурснаас харахад М.Батбаяр, Д.Нямдорж, Ц.Бавуудорж нарын шүлгээс ч онцгойрч чадсан хэмээн бардам хэлж болно. Яагаад гэвэл найрагч Д.Нямсүрэн мөн л доорх хоёр мөрийг биччихэж.
“Өнөө зуны ногоо ургахад
Модон тэрэгний дугуйд солонго татна...”[13] /Залуугийн бадаг/ гэж.
Хачирхалтай юм мөн ч их байх юм. Бид чинь Д.Нямсүрэн гэдэг хүнийг огтхон ч судлаагүй байгаа юм байна шүү дээ.
Төгсгөлд нь дүгнэхэд Доктор П.Батхуяг “Азиза” номын олом чангалах үгэндээ “Өөрийнх нь олж тэмтэрсэн аялгуу зөвхөн хийл хөгжмийн эгшгээр дамжин түүний оюун санааны үүрэнд ӨНДӨГЛӨНӨ. Тиймээс олон шүлгэнд нь ХИЙЛ, СИМФОНИ гэдэг хоёр үг маш чухал орон зайг эзэлнэ...Цох хорхой хүртэл симфони зохиохыг анхааран чагнан суугч БАЙГАЛИАС хэний ч олж сонсоогүй далд аялгууны урсгалыг бие сэтгэл, ухаан бодол дундуураа урсгахыг хүсэн тэмүүлнэ” гэж дөвийлгөжээ. Үнэхээр гөрөөс, шувуу, хийл, сар, өвс,  байгалийн симфони, шөнийн навчис хөгжимдөх, шөнийн симфони, өвс жимбүүрдэх, бишгүүрдэх зэрэг үг, дүрслэлүүд гурвуулангийнх нь шүлгийн амин чанарыг тээснийг харахад Г.Баяр, М.Батбаяр нар үгийн сангийн хувьд ч Д.Нямсүрэн гуайгаас уран бүтээлдээ таширлуулан авчээ гэх үндэстэй. Тиймээс ч эл гурван уран бүтээлчээс хамгийн эхэнд хорвоо дээр амьдарч, туурвиж явсан Д.Нямсүрэн гуайн авьяас билиг, ур чадварыг өндөрт өргөж, үнэ цэнийг нь мань хоёр найрагчийн уран бүтээлд дам дамаан таширлал болж,  бүдгэрүүлчихгүй юмсан гэх сэтгэлээс үүдэлтэй юм. Гэхдээ хардах, гүтгэх өвчтэй/параной/ хүн шиг уран зохиолын хөгжил, хувьслын залгамж чанарыг бүдгэрүүлэн баллах гээгүй. Уран зохиолыг эрүүл байлгахын төлөө, шинэ үеийн шүүмж судлалыг эрчимжүүлэхийн төлөө л үүнийг бичсэн юм.
Ингээд М.Батбаярын анхын номын тухай голч яриандаа эргэн оръё. Залуу уран бүтээлчид анхлан утга зохиолд хөл тавихдаа өмнө /өөрийн үеийн ч байж болох/ үеийн хэн нэг уран бүтээлчийн ямар нэгэн талын нөлөөн дор “төлждөг” нь зүй ёс юм. Харин цаашдаа өөрийн гэх онцлогоо олж тэрхүү нөөлөгнөөс жигүүрлэн нисч үл чадваас тэр чигтээ өрөөлийг хуулан өөрийгөө хуурах явдал цөөнгүй гардаг.
                        “Чи явж өнгөрөөд л навчис чимээгүй болчихлоо
Чиний минь хаана тэдний дуу байнам бэ?” гэсэн хайр дурлалын тарни мэт сайхан шүлгүүд улам ихийг чамбайруулан бичих их ирээдүй тосон байна чамайг. Юутай ч уран бүтээлийн гараа гэхэд бэдэрсэн жим чинь зам болон тодрох ерөөл байна хэмээе.
“Чи хувцасаа эмх замбараагүй ч гоёмсогоор тайчдаг
Дэс дарааллаас нь нэгийг л дутаавал
Би өөрт чинь хайргүй болчихно
Чамаас надад төгс төгөлдөр л мэдрэгддэг” гэсэн шүлэг лүгээ эмх цэгцгүйн эмх цэгц дор шүлгээ хураагтун! Басхүү өөрөө өөрийгөө ологтун!
Х.Чойдогжамц "Тайлахуйн чинад" /2013/ номоос...



[1]Д.Галбаатар “Уран зохиол: Онол, түүх, шүүмжлэл” нэвтэрхий толь, УБ., 2012, 551 тал
[2]Д.Нямсүрэн “Амитаба”, УБ., 2010, 150 тал
[3]Г.Баяр “Азиза”, УБ., 2011, 27 тал
[4]Д.Нямсүрэн “Ирж буй цаг”, УБ., 2010, 83 тал
[5]М.Батбаяр “Салхины далавч”, УБ., 2013, 50 тал
[6]Д.Нямсүрэн “Ирж буй цаг”, УБ., 2010, 84 тал
[7]Д.Нямсүрэн “Ирж буй цаг”, УБ., 2010, 215 тал
[8]Д.Нямсүрэн “Сарны цагаан үүлс”, УБ., 2010, 55 тал
[9]Д.Нямсүрэн “Амитаба”, УБ., 2010, 141 тал
[10]Д.Нямдорж “Өвсний нүд”, УБ., 2011, 100 тал
[11]Ц.Бавуудорж “Монголын их амар амгалан”, УБ., 2009, 115 тал
[12]Д.Нямсүрэн “Ирж буй цаг”, УБ., 2010, 215 тал
[13]Д.Нямсүрэн “Ирж буй цаг”, УБ., 2010, 164 тал

Comments

Anonymous said…
Sain bnshu zaluu bichd bgarai
Anonymous said…
AMITABA-AZIZA-LIZA goyo blje neree
Anonymous said…
Huue chi teneg ymu
Anonymous said…
Dajgvi shvv,batbayriin shvlegnvdees oruulj baigaarai :)