“Бурхан хэний бүтээл вэ? /Л.Ганзулын яруу найргаас үүдэхүй/

Х.Чойдогжамц
“Бурханд хүн дутагддаг” /Н.Бердяев/

“...Лянхав цэцгийн уруулд тэнгэрийн алга шүргэхэд чичирхийлнэ
Янжинлхамын сэрэг дүр бүтэхийн урьд шөнө ийм буюу
...Шинэхэн зотон дээр урласан тэнгэрийн дагиныг
Сэрүүндээ ч зүүдэлмээр эрхэмсэг юм байна
Бишрэлийн солонголог хүлээс минь тайлагдаж  эхэллээ\
Би бурханы бус бурхан миний  бүтээл юм байна...” /Л.Ганзул ”Сэтгэл бүрдийн тойром”/2012/ 


Бурхан бидний бүтээл үү? Бид бурханы бүтээл үү? Бүтээл туурвил л бурхан уу? Туурвин бүтээгчид нь  бурхан уу? гэсэнтэй ижил. Хариултаа оноотол тань түр азнаж, цааш жаал “яваадахья”/Хоол болтол шийр...гэдэг шиг/.
Сайхан найраг хэмээгч хүнийг, тэр ч байтугай  энэ ертөнцийг ч хэсэгхэн зуур зогтусуулчих шиг “алмай” байдалд оруулан  сэнхрүүлэх нь/магадгүй сэнсрүүлэх/ бий. Энэ “сэхээний мэдрэмж”-ээсээ хэсэгтээ гарч чадалгүй бие сэтгэлдээ нэг л гоо сайхан зүйлийн тухай тэмүүлэн, тэлүүлэн бодоод байдаг./Үүнийг таашаал авах, жаргах цэнгэх ч бил үү? нэрлэдэг шүү дээ/ Өдгөөх иргэншлийн их хурдан дунд хүмүнд амин тариа шиг дутагдаад, нэхэгдээд хүртмээр байгаа нь дээрх “ЗОГСОЦ” буюу сэхээний мэдрэмж, сэтгэлийн тайтгарал юм. Их Равжаа хутагт нэгэнтээ “ертөнц өөрөө галзуу, би дотор нь согтуу” хэмээн агсамнан дуулжээ. /Агсамнан гэсэн нь Д.Сосорбарам гуайн амилуулснаас ургуулав/ Бас л эдүгээ яригдах болсон хүний абсурд байдал, ертөнцийн хаос мөн чанарын тухай асуудлыг донжтойхон илэрхийлчихсэн мэт. Тэрчилэн найрагч Р.Чойномын “солгой хөгжим шиг нийгэмд согтуурахаас өөр жаргал алга аа” гэж бичсэнийг ч дээрхийн адил элдэвлэн тайлбарламаар санагддаг л даа. Ямартай ч энэхүү “зогсоц”-д/энэ үгийг “Тэхийн зогсоол” дуультай холбон ойлговол сайхан зохирно/ нэг юм байна. Нэг юм байна гэснээс энэ “зогсоц”-оосоо өнөөх асуултынхаа хариуг хайвал яасан юм бэ? Нээрээ шүү/Шийрээр зугаацаж байтал хоол ч болоод ирэх шив дээ/
Нэгэн үе урлаг, уран зохиолын бүтээлийг зөвхөн нийтийн/анги, нийгэм/ үйл хэрэг байлгахыг “лоозондож”, хувь бүтээлчийн туурвих эрх чөлөөг ард түмнээс ангид хувийн хэрэг болно хэмээн хориглодог байж. Энэ зовлонг  яруу найрагч Б.Явуухулан “Би хаана төрөө вэ?” шүлгээ бичихэд нь мэргэдүүд ард түмний урлагийг “хувьчиллаа” гэсэн шигээр шүүмжилж байсан тухай “Яруу найраг-Миний амьдрал” номдоо бичсэн байдаг. Хэрэвзээ “Би хаана төрөө вэ?” биш “Бид хаана төрөө вэ?” гэх мэтээр тууж өгсөн бол эл гайхалтай шүлэг төрөхгүй төөрөх байлаа. Гэвч шүлэг гэдэг юунд ч цааргалуулалгүй өөрөө төрж, өөрөө амьдардаг билээ л. Уран бүтээл ч адилхан. Тиймээ, би бурханы бус бурхан миний бүтээл юм байна гэж хэлэх буюу жинхэнэ бүтээл туурвилийн тэнгэрлэг яруу гоо сайхан хүнийг өөрийн бурханлиг мөн чанараа нээн мэдэрч, олж харахад/зүгээр ч нэг хараад мэдчих биш  урнаар “урлагтайгаар”   мэдэрнэ гэж байгаа/ нэгэн эгшний  “ЗОГСОЦ”/Одоо энэ үг “ОРГИЛ”,”ӨНДӨРЛӨГ” гэж сонсогдохгүй байна гэж үү? Үгүй бол цааш уншихаа больчих, яг одоо/ болж  өндөрлөгт хөтлөн ухааруулдаг аж.  Ингэхээр өндөрлөгт гарахын тулд “зогсох” ёстой юм байна. Үүнийг яруу найрагч Л.Ганзулын шүлэг ухааруулав. Г.Сэр-Одын нэрэмжит шагналт найрагч тэрээр “Болор цом”, хайрын шүлгийн “Цагаан уул” болон “Алтан цом”, “Алтан үзэг”, “Залуу нас” зэрэг яруу найргийн 10 гаруй наадмын тэргүүн болон дэд байрын эзэн болж байсан төдийгүй Өвөрмонголын Хөх хотод болсон “Дархан хэл” олон улсын яруу найргийн наадамд тэргүүлж байсан.
Сэтгэл минь- навчис
Заримдаа гомдож бударч хийсээд
Заримдаа цэл залуугаараа сэрчигнээд л
Сэтгэл минь-навчис
Цаг улирлыг мэдрэх
Гүн “сонсголтой” би
Сэтгэл минь-навчис... /79 т.х/
Тиймээ, хүн болгонд ийм нэгэн чинадын гүн сонсгол бий. Яруу сайхны энэ мэдрэхүй/өнөөх сэхээний мэдрэмж/ уран бүтээлч хүнд илүүтэй байдгийг  яруу найрагч Л.Ганзул  шүлэглэсэн нь энэ. Тэгэхээр уран бүтээлч бүрийн давтагдашгүй ертөнц, тэр л гоо сайхны орон зайн яруу илрэл, гүн сонсгол бүр бидэнд цоо шинэ мэдрэмж, мэдлэг, мэдээллийг цаг улирал тутам танин мэдүүлж, бүр сэргээж, сэхээж цаашилбал сэдрээж өгдөг байх нь ээ./Хамгийн “муу” найрагч ч гэсэн хэний ч хэлээгүй нэг мөр, бадаг үлдээчихсэн байдаг гэдэг/ Судлаач Ч.Билигсайхан нэгэнтээ “...Авьяас билиг төгөлдөр агаад ерийн хүнээс ангид суутнуудад энэ ертөнцийн ой дуртгал, зүй тогтол, үйл явдлын холын цуурай, ёр билиг зэргийг хүлээн авч чаддаг орчин үеийн хүчирхэг антенн/тэмтрүүл/ байдаг бололтой юм. Энэ хүчирхэг антенн гариг ертөнцийн хаа нэгтэй болох явдал учрын дохио цуурайг зөн совин, ёр бэлгэ, зүүд зөнгийн далд ухамсрын тэмтрүүлүүдээрээ хүлээн авч байдаг...Хүлээн авсан тэр хачин жигтэй “Мэдээллийнхээ” учрыг заримдаа ойлгохгүй байх нь ч түгээмэл...”  гэжээ. Иймээс ч уран сайхны бичвэрийг танин мэдүүлж, тайлбарладаг уран сайхны  шүүмжлэл маань хэдийнэ шүүмжлэх, тайлбарлах зэрэг үүргээсээ суга дээшлэн задаргаа шинжилгээ хийж урлагаас урлагийг, гоо зүй, яруу сайхныг НЭЭДЭГ хэлний асар торгон нарийвчлал руу шилжиж, бидний урлагийг хувьчлах, хувьчлахгүйн тухай асуудал долоон уулын цаагуур далд орон балрах цаг болчихоод байхад “Мордож буй улаан дээлтэй өвгөн...” гэнгүүт л  улаан хувьсгал яриад, худалч хүнд бүр насанд хүрэгчдийн сэдэв рүү хүртэл чихдэн аваачиж задаргаа хийгчид байх нь ГАЙХМААРАА ХӨӨ...
Яруу найрагч Л.Ганзулын шүлэгт цаг улирлын  гоо сайхныг мэдрэх дотоод алсын тун өвөрмөц  гүн сонсголууд байдаг. Түүний найргийг нэгэн хаалга нээн орохтой/өнөөх өндөрлөгт гарахын тулд юу яах шиг/ зүйрлэвээс  НАМАР, НАВЧ, БҮСГҮЙ, ГОО хэмээх үгсийн оролцоо гол түлхүүр болно. Түлхүүрдэн татваас ГОМДОЛ, ГУНИГ, ГАНЦААРДАЛ, УЯРАЛ тунаруулсан, эгээ л өөрийнх нь шүлэглэсэн шиг бүдэгхэн өвдөлт шиг эмзэглэлийн анир сонсдох аж. Ялангуяа намрын навчсыг гүнзгий сонсож дуулдаг нь мэдрэгддэг. Түүний сэтгэлийн навчис хөллөх чимээн дунд  та ганцаардлын уйг мэдэрч, навчис дусалд нэвт норон нэт гуниж, бугын урамдаан солонгороход навчистай хамт үймэн, он цаг навчсын судлаар хээлэн лугшсаар сэтгэлд тань зүрх зүсэх шиг хийсч, эсвээс хөвүүн насаа гээх шиг унана. Хаврын хөлд ч навчис гандахыг харж байхдаа балчир хяруу навчны алганд дулаацахыг бас үзэх төдийгүй гомдлын шаргал анир сонсон сэрэх болно.  Дэндүү уйтай мэт санагдавч алхан орсны дараах тэр мөчид ЖИНХЭНЭ НАВЧ, ЖИНХЭНЭ НАМАР, ЖИНХЭНЭ АМЬДРАЛ, ЖИНХЭНЭ ГОО ЗҮЙН төгс зохицлын яруу сонсголыг ухааран ЗОГТУСАХ вий.
Саяхан нэг сэтгүүлч яруу найрагчаас асуусан гэнэ:
-Та намрыг их бичих юм аа. Та ч гэлтгүй ер нь яруу найрагчид намрыг их бичих юм? Хариуд нь найрагч:
-Намар биднийг бичээд байгаа юм биш үү? гэж сөржээ. Сөрөх ч юу байхав,  өнөө ЖИНХЭНЭ ҮНЭНЭЭ хэлсэн “ёр” нь тэр.
Ер нь тэгээд ГОО САЙХАН гэдэг ГУА САЙХАН биш бөгөөд миний нүдээр хардаг ч болоосой гэдэг шиг яаж мэдэрч, сонсож, харахаас хүн бүр гоо зүйн ойлголтыг өөртөө янз янзаар нээдэг. Л.Ганзул харин ийн урсгажээ/Ингэж хэлсэн нь уг шүлгийг таслан эшилж болохгүй байна/:
Гоо сайхан гэдэг
Түүний минь зүрхэн тус газар оршдог
Тод үзэсгэлэн юм
Голын цүнхээлд загас цойлох үдшийн
Хацар шүргэсэн бүдэгхэн хүсэл юм
...Гоо сайхан гэдэг ямагт
Өндөгөн дотроо донгоддог шувуутай адилгүй юм /Өндгөн дотроосоо яруу дуугаар жиргэж амьтныг жаргаадаг галабинга шувуу Х.Ч/
Гоо сайхан гэдэг үргэлж
Үнэр анхи бүсгүйн царайд гэрэлтэгч биш юм
Гоо сайхан гэдэг ердөө
Намрын жимсний гашуун амт юм
Гоо сайхан гэдэг зөвхөн
Эмэгтэй хүн гунигаа залгих агшин юм
Гоо сайхан гэдэг энгийнээр
Хорвоо бид хоёрын дундын өмч юм
Гоо сайхан гэдэг эцэстээ
Хайр гэдэг үгний өргөмөл охин юм
Гоо сайхан гэдэг
Надад оршиж
Надаар хэмжигдэнэ
Гоо сайхан гэдэг
Бүсгүйн ээмэг газарт унахад үлдэх
Нүцгэн биеэс цааш
Бүр хэний ч олж үзээгүй
Миний төсөөллийн гүн дэх
Ягаанхан хацартай охины
Инээмсэглэл юм аа.
Гоо сайхан эцэсдээ нүцгэн биеэс цааших, хүн бүр өөрөөр олж үздэг, гүн гүнзгий төсөөллийн үр мөртөөн ямархан эгэл гоод/эгээ л өөрийнх будаггүй уруул сэтгэлгүй амраг ямар ч сонгодог зургаас эрхэм байдаг гэж шүлэглэсэн шиг нь/ эрхэмсэгээр оршдгийг хэлжээ. Хорвоогийн мөнх бустай хуваалцан өмчлөх  гоо сайхан гэдэг хайр гэдэг үгний өргөмөл охин юм хэмээн тодорхойлсноо ч нуусангүй  нь энэ бүтээл амьд цогц шинжтэй болсныг харуулна. Хайран болоод сайхан, төгөлдөр хэрнээ гунигтай, эгэл хэрнээ нууцлаг байх нь орчлонгийн зуурдын шинжээс үүдэлтэй гоо зүйн мөнхийн цогцоол юм уу даа. Байг, зуурдын шинжийг нь бурхан нь бүтээдэг юмаа гэхэд гоо зүйн яруу цогцоолыг мөнхлөн бүтээж буй нь ЖИНХЭНЭ БУРХАД юм даа. Юутай яруу юм бэ??? Тиймээс ч түүний:
Өглөө сэрэх гоо бүсгүй
Төгөлдөр эрхэмсгийн нууц гэнэм
...Нойрсож байхдаа ч хардалт төрүүлсэн
Гоо үзэсгэлэнгийн туйл болсон
Өглөө сэрэх тэр бүсгүй
Хүний нутгийн зун гэнэ
...Тэнгэрийн орны намар гэнэ... /49 т.х/
Намрын туйлаадас мөрийг минь дарж зөөлөн унана
Яг л тэнгэрийн гомдол гэж эндүүрмээр
Надаас нисэж буй цагийн бялзуухайн
Гунигийн нулимс ч гэж зөвтгөмөөр.../18 т.х/
...Буурал аялгуу зөөлөн шившихэд
Амраг минь жинднэм...
Буцсан шувуудын гуниг ингэж
Тэнгэрээс будрахад
Буцаад бүсгүй хүн гомдох шиг
Намар цаг одно.../60 т.х/
хэмээснээс түүний шүлгийн гоо сайхан нь өөрийн гэсэн цаг улирал, гүн сонсгол, содон нууцлаг танилт, зөвтгөл, учирлал, эмзэглэлийн эедүү уянгаараа өөрийн үнэ цэнээ өндөрлөгт аваачиж буйг үзэж болно.
Харин номынх нь эхний бүлэгт орсон ус нутаг, зон олон, ижий аав, эх орны сэдэвтэй шүлгүүд манай яруу найрагт хэвшил болон цутгамал загвар, хэллэгээс төдий л ялгарч чадаагүй санагдсан. Жишээ нь энэ сэдвээр манай авьяаслаг яруу найрагч Д.Баттогтох:
Хотондоо бүдэрч өссөн аавын минь багын зураг
Хормойгоо өшигчиж өтөлсөн ээжийн минь намаржаа
Чулуудыг нь хайрлаж насыг барах ус нутаг
Цучлаан өрж галаан бадраах эх орон /Д.Баттогтох “Шилдэг шүлгүүд”, 45 т.х/ хэмээн тун чиг гүдэс шулуун хэрнээ элэг дотноор мөнхлөн үлдээсэн байдгийг урлагийн гоо сайхан, давтагдашгүй эрхэм тансаг чанарын тухай яриа дэлгэснийх дурьдахад илүүдэхгүй биз.
Өнчирсөн туулай унтарсан сарны дэргэд хярахад
Өөриймсгөөр түүнийг тэврээд буцах болно
Бурхны эрхи тасарч дэлхийгээр нэг мөндөр буухад
Булингарт цаг ертөнц даяарыг хаанчилж эхлэхэд
Эрх чөлөө минь би чамаас урвах болно /97 т.х/ Найрагчийн энэхүү эрх чөлөөнөөс урвах болсон шалтгаан надад өөрийн эрхгүй яруу найрагч Ц.Бавуудоржийн доорх шүлгийг санууллаа.
“Хотын дунд
Халиун буга сүүтэн сүүтэн алхана
Холын цаст уулаа тэнгэртэй нь
Жаазанд буулгуулаад авч яваа би
Хоолойд нулимс торж
Хойноос нь удтал дагавай” гэж. Энэ тухайд “Дэлхийн дулаарал-хүний хүйтрэл” гэж судлаач П.Батхуяг хэлсэн бол, С.Энхбаяр доктор “яруу найраг “сэтгэлгээний судас хатуурах” гэгч соёл иргэншлийн өвчнөөс биднийг сэргийлж, технократ иргэншлийн энэ үед хүнийг хүн гэдэг утгаар нь авч үлдэхэд үйлчилдэг” гэжээ. Унтарсан сарны/аймшигтай/ өнчирсөн туулайг тэврээд/хаашаа ч юм.../ буцаад яваад өгөх эрх чөлөө ЖИНХЭНЭ ХҮНИЙХ байна. Булингарт цагаас урван тэрсэх хүний зүрх сэтгэл ЖИНХЭНЭ БАЙНА. БУРХАН ШИГ ХҮНИЙГ тэр урласан байна. Тэгэхээр бурхан хэний бүтээл болж байна даа? Энэ мэт жинхэнэ “зогцос”-уудыг та бид яруу найрагч Л.Ганзулын “Сэтгэл бүрдийн тойром”  номын:
...Энэ сайр нэгэн цагт
Энхрийг тольдуулж гэгэлзүүлсэн
Эгэлгүй тунгалаг нуур байсныг
Мэдэх хүн үгүй ч
Чулууг нь үнэрлээд буцах
Согооны  харцнаас тунарна.../16 т.х/
Суурин газрын нар
Хуучин зоос шиг манддаг
Сэтгэл зүрх минь тэнд
Суль өвс шиг ганддаг.../56 т.х/ зэрэг олон шүлгээс таниж болохоор байгаа нь яруу найрагч Л.Ганзулын арван жил хураан тэгшитгэсэн тэнхээт номын бяр чадал, цар хүрээг илтгэх гэрч/зангараг гэхэд ч буруудахгүй/ болж байна.
Эцэст нь Бурхан хэний бүтээл гээч? Бурханых л лав биш. Хүнийх л юм байна гэж үү? ТИЙМЭЭ, БУРХАН БИДНИЙ ГОО САЙХНЫ БҮТЭЭЛ/Аврал/ БИЛЭЭ ГЭЖ/Итгэж, үнэмшиж, мэдэрч, сэтгэж.../ “ЗОГСОЦ” ХИЙСЭН ҮЕД ХЭЗЭЭД БИДНИЙ БҮТЭЭЛ БАЙХ БОЛНОО БУРХАН. Эртээ урьдын цагаас хойш бурханд хүн дутагддаг болж гэнэ, амар сайхандаа улмаар жаргах болжээ гээд дуусгачихаж болдог байх аа. Баярлалаа.

2014.01.26

Comments

Anonymous said…
Mash sn shu anda
Anonymous said…
Uurginhu bichlegg jahn evde yude zalu ain