ХАЙРАН болоод САЙХАН...

                                                                                                                                       Х.Чойдогжамц

/Н.Минжинсайхан “Навчис залбирахад” номын өмнөтгөлд/

“...Хайрлан шаналахын агаар нэгэн буй...” /Цогт тайж/
“...Хамгийн эхний болоод сүүлчийн юм бүхэн ирж буй цаг...” /Д.Нямсүрэн/
“...Хүн өөрсдөө мэдэхгүйгээс биш, бие биедээ хичнээн их өртэй байх юм бэ дээ. Өвгөний замд хонь мал байлгая гэж бодсон маань онох нь онож...Хэн намайг тийн хичээснийг мэдэв л гэж. Мэдээд ч яах юм билээ. Бас мэдүүлээд  ч яах юм билээ...”
Монголын утга зохиолын дүнжигэр ноён оргилуудын нэг С.Дашдооров гуайн “Бууж мордох хорвоо”  хэмээх гайхамшигт өгүүллэгийн дээрх төгсгөлийг мэдэхгүй уншигч ховорхон биз. “Голоодоо нүхтэй”, “Голоодоо нүхтэй юм бол” гэсэн өвөрмөц хэллэг манай ард түмэнд байдаг. Эсрэгээр “голоодоо нүхгүй”, “гол нь харласан”, “дотор нь харласан” гэж бид ярилцацгаадаг. Чухамдаа “гол”, “дотор” гэсэн үгсийн цаана ухамсар сэтгэхүтэй холбогдсон бодож тунгаах гэсэн ОЮУН УХААНЫ талыг төлөөлүүлсэн бус дотоод СЭТГЭЛ ЗҮРХНИЙ чинад утгыг илэрхийлэхийг зорьсон санагддаг юм. Яагаад гэж үү?
“...Цаад америкууд чинь галзуу амьтад гэж надад пуэло омгийн индианууд хэлдэг юм байна. Би ч мэдээж хэрэг гайхасхийн “Яагаад?” гэж асуулаа. “Яагаад гэвэл цаадуул чинь толгойгоороо боддог юм. Эрүүл бид чинь толгойгоороо бус зүрхээрээ боддог юм шүү дээ гэсэн билээ”/К.Г.Юнг “Бэлгэдэлт амьдрал” УБ., 2011, 5-тал/  
Бүдүүлэг ард түмний баларлаг яриа хэдий ч нэгийг өгүүлээд байна шүү! Ухамсар тархинд байдаг. Задлаад үзвэл ухамсар нь хаана? Сэтгэл гэдэг эрхтэн байдаг гэх. Чухам хаана буй? /Цээжинд юм уу? хэхэ/ Ямартай ч би Төгөө өвгөний дээрх бодлыг голоодоо нүхтэй монгол хүний уужим сэтгэлийн гүн тунаа гэж итгэл төгс хэлнэ.
Элдвийг нуршсаны учир яруу найрагч Н.Минжинсайханы доорх шүлгээс үүдэв.
“Ойчин унахгүйн тулд дэвсээр явнам
Би шувуу билээ
Ойчин унах аваас өөрийгөө гээх...
Орь ганц хүсэл бий нь НИСЭХ”.
Хөлтэй болгон мөртэй байдаггүй гэсэн санаа шүлгүүдэд нь мөн харагдсан. НИСЭХ...Ахуйн хүлээснээс ангижиран сэтгэлээ ариусгаж өөрийгөө эрэхийн зэрэгцээ олох, олохын  зэрэгцээ эрсээр байхуй бодь сэтгэлийн буртаггүй үрт хүсэл мэдрэгдэнэ. Эгээ л Төгөө өвгөний “нээсэн” хэн, хэзээ, хаанаас ирээд ямар тус дэм болсны өчүүхэн ч ул мөргүй ОРШИН АМЬДРАХ бодол болон шувуу нисээд одсон адил хэнд ч анзаарагдамгүйгээр ХҮН ЧАНАРАА ҮЛ ГЭЭХҮЙН хүсэлтэй агаар нэгэн аж. ҮЛ ГЭЭХҮЙН энэ хүсэл ухаарлыг:
“Одоо л
Дэвж сурсан шувуу адил
Тэнгэр мөрлөн нисэж
Тэнд удаан гэгч нь тогтохсон”
гэсэн шүлгийнх нь “ТОГТОХСОН” хэмээх нэгэн үгнээс л таниж болохоор байна. Чухамхүү бидний өдгөө ч бүрэн тайлж дийлээгүй байгаа Эрээнцавын их найрагч Д.Нямсүрэнгийн “Амитаба” шүлэг дэх:
“...Яаж би, Амитаба шиг нисээд явчихсан шувуу адил анир алдрах вэ?..” хэмээх Буддын гүн ухаанаа оноосон мөр ч нэгийг өгүүлэн чимээлнэ биш үү?
Мөн тэрээр:
“Өөрийнхөө сүүдэрт суугаад
Өдөржин сэрүүцэх юмсан
Өө яасан холын нүүдэл вэ?”
гэж хүний оршихуйн мөн чанарын тухай оюун санааны нүүдэлд “хатжээ”. НИСЭХ...ТОГТОХ...АНИР АЛДРАХ...БУРТАГГҮЙ...
 “Дэлгэр цагийн
Дээлийг оёхоор
Дээврийн мөс газарт унав”
хэмээн байгалийн өнгийг нүдэнд харагдтал хөрөглөсөн зураглал надад өөрийн эрхгүй Башёгийн шавь гэгддэг Рансэцүгийн:
“Намрын тэргэл сар
Нарсны мөчрийг тэр чигт нь
Хөх тэнгэрт хээлэв”
шүлгийг санаанд харвуулсан юм. Рансэцүгийн шүлгээс одож буй цагийн гүн уйтгар, хөшингө аясыг бэлхэнээ мэдэрч болох ахул Н.Минжинсайханы шүлэгт яг эсрэгээрээ аж. Дээврийн мөс газарт хайлмагтан унах эгшний сэрэл яруу найрагчийг өдөөжээ.
“Гэзэг үсээ огцом шидлэж
Гэнэт тэнгэр дуугарахуй
Чөдөртэй морьд жишим ч үгүй үүрийн гэгээг сормуусаараа тэмтэрсэн хэвээр...”
Дөрвөн бадаг энэхүү шүлгийн энэ мөрийг машид олзуурхан хүлээж авсан юм. Үүнийг бичигч бээр “Яруу найрагч О.Дашбалбарын нэргүй шүлгийн нэгэн мөрийг бэдрэхүй” судалгааны өгүүлэл “Цог” сэтгүүлийн 2013/2  хэвлүүлсэн. Өгүүлэлд найрагчийн нэгэн шүлгийн “ХАРУЙ БҮРЭНХИЙ ДУНД ЧӨДӨРТЭЙ МОРЬД ТУРГИЛНА” хэмээх мөрийг тайлахыг хичээж харуй бүрэнхий-үхэл, хязгаар, чөдөртэй морьд-зовлон, турилах-амар амгалан гээд “бидний “амьдрал түр зуурын зовлонт шинж”-тэй бөгөөд үүнийгээ ойлгож ухаарах үест л амьдрал утгажиж, жинхэнээр амьдрах бололцоо төгөлдөржинө. Энэ санааг зохиолч амьдралын зовлонд чөдөрлүүлж, үхэл рүү өршөөлгүй чирэгдэх харуй бүрэнхийн дунд байх авч түүнийг бүрнээ танин бүхнээс хараат бусаар ангид амар тайван, анир гүм тургилан идээшилж  /оршин/ буй морины бэлгэдэлт дүрслэлээр үзүүлж” гэсэн дүгнэлт хийсэн юм. Харин найрагч Н.Минжинсайхан “ЧӨДӨРТЭЙ МОРЬД ЖИШИМ Ч ҮГҮЙ ҮҮРИЙН ГЭГЭЭГ СОРМУУСААРАА ТЭМТЭРСЭН ХЭВЭЭР”  хэмээн бичжээ. “Тургилах” гэсэн амар амгалангийн бэлгэдэл “Жишим ч үгүй”, “Тэмтэрсэн хэвээр” гэж илэрхийлэгдсэн байх бөгөөд “сормуусаараа тэмтрэх” хэмээн улам гүйнзгийрүүлсэн нь харагдана. Харин харуй бүрий, үүрийн гэгээ хоёр эсрэгцэх нь сонирхолтой аж. Магад хоёр найрагчийн ертөнцийг үзэх үзэл, туурвил зүйн өнгө гэрлийн онцгой зааг буй заа.
Энэ бяцхан бичвэрээ ХАЙРАН болоод САЙХАН гэж нэрлэчихээд энэ тухайд өгүүлэх гэсээр баахан чилээчихлээ.

“Уул ургах нь хайран
Уулнаа мод ургах нь хайран
Модоо дагаж сүүдэр ургах нь хайран
Ургасан юм бүхэн хайран”
хэмээн “халаглан” бичжээ. “Модоо дагаж сүүдэр ургах нь хайран” гэсэн гүн ухааны бодлогоширлоос үүдвэл дээврийн мөс унах нь сайхан болоод мөн хайран юм. Ургуулах гэж ч унаж буй, ургуулсны дараа гандуулах гэж ч унаж буй. Гагцхүү ертөнцийн орчилт шинжид ууссан хайран болоод сайханы ЦОГЦ ҮЗЭГДЭЛ БҮХНИЙ хайранг хайрлах, сайханд халаглахын учигт:
“Дээд тэнгэрийн юм бүхэн хайран
Дэргэдүүр зөрөх хүн бүхэн хайран” мэт санагджихуй.
“Уужмын уужим энэ орчлонд
Учрахын төлөөнөө хагацах хайран
Хагацахын төлөөнөө учрах бас хайран
Угтаа энэ хорвоод буцахын төлөөнөө ирэх бүр хайран”
гэж шүлгээ төгсгөжээ. Буцахын төлөөнөө ирдэг хувь тавилангийн хайранг тэрээр зүхсэнгүй. Зүхэж буй ч бус, хайранд халаглаж ч буй бус харин сайханд халаглаж, хайранг хайрлаж ХАЙРАН БОЛООД САЙХНЫ ЮУТАЙ ЯРУУГ ухаарч байна гэвэл ононо.  Үтэр зуурын шинжинд л үүрд мөнх оршдог бус уу? Амьдрахын тулд үхэх л болдог. Үхэхийн тулд л амьдарч явдаг хахир үнэнтэй хайлан нэгдсэн цагт л амьдрал-жинхэнэ амьдрал болон агуулгаждаг байнам.
“Гэзэг үсээ огцом шидлэж
Гэнэт тэнгэр дуугарахуй...
Амьсгал татах мэт тодроод гэнэт харвасан одод
Амьсгал татах мэт тодроод гэнэт харвасан одод маргаашийн нарыг          бүтээх шиг
Өнгө гэрлийн хувьсал өвсний голоор явгалсан байна...”
гэсэн шүлэг надад яруу найрагч О.Дашбалбарын:
Сүүмэлзэх одод харанхуйд уйтгарлан
Сүүлчийн агшнаа хүлээж он жилийг үдсээр...
Бүдгэрэх гэрэлд нь өөр одод тодрон
Бүүр түүрхэн гэрлээ нэмж улам гялалзсаар...” шүлгийг бяцхан санагдуулсан ч “Өнгө гэрлийн хувьсал өвсний голоор явгалсан байна” хэмээсэн Н.Минжинсайханы гэж ялгарах “үг”, үлэмж дүрслэлт яруу мөр үнээхээрийн бах жаргалыг төрүүлж байна. Өвсний голноо өнгө гэрлийн хувьсал явгалах...Буцах цагийн “булингар” хумхын чинээ ч хүртэгдэхгүй гэгээн тунгалаг, анир гүм, аз жаргал болбоос миний хэлэн ядах ХАЙРАН болоод САЙХАН билээ. Өвсний сөл тасран  шим муудах намрын байгалийн үзэсгэлэнг “хувьсал” “явгалах” гэсэн үгсийн нийлэмжит дүрслэлээр тун ч уран эерүүлж, гүн ухааны шитгэл санааг уран сайхны үнэнд чадмаг зохироон илэрхийлжээ.
Мөн түүний шинэ номын шүлгүүдэд хайр сэтгэлийн уярал ухаарал, учрал уянга,  хагацал гуниг шингэсэн бадгууд  зонхилно.
“Нуурын хөвөөнөө нулимстайхан байх чинь
Нуур мэт нууц байх чинь
Зохих юм чамд
Зохихын дээдэд зохих юм
Аялсан дуу чинь гунигтайхан байх нь
Аялагдсан дуу чинь уянгатайхан байх нь
Аяар аяархан санаа алдах чинь хүртэл
Адилтгаж хэлэхийн аргагүй зохих юм чамд...”  
Онцлон буй хайран болоод сайхны зохиролт шинж энэ шүлгэнд бүрэн төгөлдөржиж. Аялсан дуу гунигтайхан байхад аялсан дуу мөн уянгатай байсан гэж бичсэн бол энэ шүлэг “сөнөх” байлаа. Аялсан дуу гунигтайхан байхуйд аялагдсан дуу өөрөө уянгатай болохыг мэдрэн бичих нь чухам Н.Минжинсайханы шинэ шүлгүүдийн бичлэгийн онцлог гэж тодотгон хэлмээр байна. Сөөлжилсөн давталт, буцалт, дахилтууд зонхиолсон мөр шүлгүүдээс нь илтэд мэдрэгдэнэ. Гэвч дээрх ХОЁР МӨРИЙН НЭГХЭН ҮГНИЙ ГУРАВХАН ҮСГЭНД ИЛРЭН БУЙ ҮЛЭМЖ ЯЛГАА ШИГ хичээнгүй уншин мэдрээсэй гэж эрхэм уншигч таниас чин сэтгэлээсээ хүснэ.
“Шиврэн зүсрэх бороо нулимсыг чинь нуух нь
Шинэхэн дэлгэрсэн цэцэгс хань болох мэт найгах нь
Энэ бүхнийг чи үл анзааран байх нь...” гэж хайран болоод сайхны зохирол болсон чинадын утгат мөрүүд үргэлжилнэ.
“...Төд удалгүй чиний “Явлаа” гэж
Түгдрэнгүй хэлэх чинь сонсогдоно гэхээс
Юм бүхнийг уйлан асах лаатай зүйрлэмээр...
Гэхдээ бидний хооронд ямар нэгэн яриа үргэлжилсээр...”
Уйлан асах, асан уйлах лаа. Мөн л ХАЙРАН болоод САЙХАН биш гэж үү?..
Бяцхан өмнөтгөлгөлөө төгсгөхийн өмнө дахин нэг шүлэг ишлэмээр санагдаад байна.
“Сарны хэлбэр
Нарны галбир
Саармагжих нь
Салхи мэтийг амьдруулна
Би тэгэвч алийг нь үнэн алийг нь худал гэх вэ?
Өнөөдөр ямар өнгөөр дуусах нь л миний гүн их таалал...”

хэмээсний “Салхи мэтийг амьдруулна” гэх жир биш мөр юун тухай далдлан учирлаад буйг одоохондоо тайлж зүрхлэхгүй нь. Харин эрхэм уншигч таньд энэ мөр болоод яруу найрагч Н.Минжинсайханы  “Навчис залбирахад” номын шинэ шүлгүүдийг хэрхэн хүлээн авч хүртэн мэдрэх нь таны бүрэн эрх, ГҮН ИХ ТААЛАЛ ДОР буй.

Comments