“Эрээнцавын дэг” ба Д.Ган-очирын яруу найраг

Уран зохиол судлаач, шүүмжлэгч Г.Басууурь

            Хэл шинжлэлийн эрдэмтдийн судалгааны бүтээлүүдээс “Сонгодог монгол бичгийн хэлний үе” гэсэн тусгай үе монгол хэлний хөгжлийн үечлэлд буй нь харагдана. Хэл шинжээчид монгол бичгийн хэлний хөгжлийн түүхийг үечлэхдээ янз бүрийн саналтай байдаг боловч монгол судлалын хүрээнд нийтлэг байдаг ангилалыг эрдэмтэн Ё.Жанчив дараах байдлаар тоймложээ. Нэрт хэл шинжлэлч, доктор Ё.Жанчив: “...Хэдийгээр монгол бичгийн хэлний хөгжлийн түүхийг дээр дурдсанчлан олон янзаар ангилсан байх боловч өдгөөгийн дэлхийн монгол судлалын хүрээнд:
1.      Сонгодог монгол бичгийн хэлний өмнөх үе (Монгол хэлний нэгэн аялгуун дээр үндэслэсэн бичгийн хэл үүсэн бүрэлдсэн эрт цагаас эхлээд XYI-XYII зууны дунд үе хүртэл)
2.      Сонгодог монгол бичгийн хэлний үе (XYI-XYII зууны үеэс өнөөг хүртэл) хэмээн хоёр үе шат болгон ангилах явдал түлхүү ажиглагддаг билээ...” (Жанчив.Ё. Сонгодог монгол бичгийн өмнөх үеийн дурсгалууд. УБ.2005. хуудас 10) гэжээ.
Монгол хэлний үечлэлийн талаар эрдэмтэд нэлээд судалгаа хийж бүтээлүүдээ туурвисан агаад тухайлбал доктор Д.Заяабаатар: “...Монгол бичгийн хэлийг үечлэхэд зөвхөн нэг талын өнцгөөс харах бус үсгийн тиг зурлага, зөв бичих зүйн онцлог, хувьсал өөрчлөлт, үгийн хэлбэр зүйн хэлбэржилт, өгүүлбэрийн зохион байгуулалт, найруулгын хэв маяг, үгийн сангийн бүрэлдэхүүн зэрэг нийтлэг цогц байдлыг харгалзах нь зөв болов уу...” (Заяабаатар.Д. Монгол бичгийн хэлний түүхэн хөгжлийг судлах асуудалд. МУИС.МХСС. МС-ын ЭШБ, боть XIX. УБ. 2003. хуудас 60) гэсэн бол академич Д.Төмөртогоо: “...Дорно дахины их таван ухааны хэдэн мянган оргил бүтээлийг багтаасан 108 боть “Ганжуур”, 225 боть “Данжуур”-ыг XYIII зууны үед орчуулан гаргасан нь монгол бичгийн хэл чухам л сонгодог бичгийн хэлний зиндаанд хүрсний жишээ бодот баримт болж байна...” (Төмөртогоо.Д. Монгол хэлний түүхэн хэл зүй. УБ.2002. хуудас 219) гэжээ. Эдгээр судалгааны баримтуудаас үзвэл XYI, XYII зууны үеэс хойших үеийн монгол хэлийг сонгодог монгол бичгийн хэлний үе хэмээн үечилж байна. Сонгодог бичгийн хэл хэмээхийн учрыг доктор Д.Заяабаатар “...үгийн хэлбэр зүйн хэлбэржилт, өгүүлбэрийн зохион байгуулалт, найруулгын хэв маяг, үгийн сангийн бүрэлдэхүүн...” зэрэг хэлний хөгжилтэй холбон үзсэн бол, академич Д.Төмөртогоо “Ганжуур”, “Данжуур”-ыг орчуулсантай уялдуулан үзжээ. Эдгээр нь уран зохиолын найруулга, түүний дотор яруу найрагтай холбогдох нь эргэлзээгүй.
Яруу найраг аман уламжлалаас холдож бичгийн яруу найргийн өнгө төрхөө олоход нь тухайн хэлний хөгжлийн түвшин зайлшгүй нөлөөлөх магадлалтай. Аман яруу найрагт хэтрүүлэл, тоочилт, цэцлэл чухал үүрэгтэй  байдаг бол бичгийн яруу найрагт хэтрүүллээс уянга нь илүү, тоочилтоос дүрслэл нь түлхүү, цэцлэлээс мэдрэмж нь голлох үүрэгтэй байх шиг анзаарагддаг билээ. Эдгээр нь эцэстээ хүний оюун ухаан, сэтгэл зүйн хөгжлийн хандлага, дүрслэх сэтгэлгээний түвшинтэй холбогдоно. Энгийнээр хэлбэл тухайн хүний оюун ухаан хэдий чинээ өндөр хөгжих тусам, дүрслэх сэтгэлгээнийх нь чадвар улам бүр дээшилж түүнийгээ дагаад уран зохиол нь хөгжинө гэсэн үг.  
            Сонгодог монгол бичгийн хэлний дараа үеийн томоохон яруу найрагч В.Гүларанс (1820-1851):                Өглөөний үед хасын хэмхдэг
сиймгэр цонхноо ташруун
                                    Үзэмжит өвлийн гүн уулыг
                                                            цагаан мөнгөөр гадарлав
                                    Үзүүр үгүй хоосон агаарт
                                                            мөлсний ширхэг бүжиглэхүйд
                                    Өнгөт ертөнцийн тоост замд
                                                            хүмүүний мөр балархай /Өвлийн үзэмж/ (Монголын сонгомол яруу найраг. Эмх. Г.Аюурзана. Л.Өлзийтөгс. УБ.2005. хуудас 83) хэмээн шүлэглэсэн буй. Уг шүлэгт тухайн зүйлийг хэтрүүлэн тоочиж, цэцэлж хэлэхийн чухалчлаагүй болох нь илэрхий агаад шүлгийн цаана гүн ухааны санааг нууцалж мэдрэмжээр илэрхийлжээ. Энэ баримт нь эрдэмтдийн XYI, XYII зууны үеэс авч үздэг сонгодог монгол бичгийн хэл XIX зууны үед яруу найрагт бүрэн төлөвшсөн байсныг харуулахын хамт В.Гүларансын шүлгүүдийг мөн сонгодог бичгийн хэлний яруу найраг гэж үзэх боломжийг олгоно. Энэхүү сонгодог бичгийн хэлний үеийн яруу найргийн уламжлал дараа үедээ буюу ХХ зуунд хэрхэн хөгжиж төлөвшив?
ХХ зууны яруу найрагч Д.Нямсүрэн (1947-2002):
                                    ...Цас орсон өглөөгүүр явсан тэрэгний мөр зурайж
                                    Цааш одсон хөсөгний чахар чухар эргэх чимээ
                                    Цаглашгүй гүн огторгуйд дуурсан шингээд
                                    Цайвар манан үл үзэгдэх ахуйд би дуртай... /Болор цомын дараах дууль/ (Нямсүрэн.Д. Амитаба. УБ. 2010. хуудас 141) хэмээн шүлэглэсэн билээ. Уг хоёр бүтээлд ямар нэгэн уламжлалын далд холбоо байгаа нь мэдрэгдэнэ. Дүрслэлийн талыг тодруулвал В.Гүларансын шүлгээс харьцангуй сууринлаг соёлын уламжлал (сиймгэр цонх, өнгөт ертөнц, тоост зам) анзаарагдаж байгаа бол Д.Нямсүрэнгийн шүлэгт хөдөөх монгол ахуй (цас орсон өглөө, тэрэгний мөр, цаглашгүй гүн огторгуй, цайвар манан) зураглагдана. В.Гүларанс сурвалж язгуурт Ванчинбалын хөвүүн бөгөөд Зостын чуулганы Түмэд баруун хошууны “Шударга бат хороо” гэх тухайн үеийн суурин маягийн газар төрж өссөн, тэр цагийн монгол язгууртнуудын амьдралын хэв маяг болоод байсан нангиадын амьдралын хэв маягаар хүмүүжиж, төлөвшсөн тул тийн сиймгэр цонх мэтийн дүрслэл хийж байсан бололтой.

Харин Д.Нямсүрэн бол Дарьгангын хээр талд өтгөн дээр унаж, Дорнод Монголын тал нутаг түүний дотор Эрээнцав өртөөнд насыг элээсэн монгол найрагч агаад хэдийгээр социалист монголын иргэн болж төлөвшсөн боловч түүний шүлгүүдээс уугуул монгол ахуй гэрэлтэнэ. Өөрөөр хэлбэл В.Гүларансын яруу найргаас Тан улсын үеийн яруу найргийн уламжлал бүдэг боловч анзаарагдаж байсан бол Д.Нямсүрэн уг уламжлалыг энх цагийн амгалант хөдөөх ахуйн дүрслэлээр баяжуулан хөгжүүлсэн билээ. Д.Нямсүрэнгийн:                                                ...Дэлхийн чулуунд хяруу цавцайх сайхан
                                    Дэрсээр дээр нь шүлэг бичих сайхан
                                    Дээвэр дэвэх салхинд сэтгэл гэгэлзэх сайхан
                                    Дэндүү ойрын хайраас холд байх нь сайхан.../Дөрвөн цаг/ (Нямсүрэн.Д. Ирж буй цаг. УБ. 2010. хуудас 40)
                                   
...Нойтон цамцаа гадаа сулинд гогдон өлгөөд
                                    Нойрмог бухлын исгэлэн үнэрт согтохуйяа
                                    Нов ногоолин бороо, зүүдэнд орно
                                    Хүүхний хөл л,
                                    Тийм дээ... /Нэргүй шүлэг/, (Нямсүрэн.Д. Амитаба. УБ.2010. хуудас 111)
                       
Хожид өнгөрүүлсэн өдрүүд минь баясгалант зүүдний мөнгөн
шувууд бөлгөө
                        Баруунаас үлээх цасны салхинд бас нэгэн бээр гуниг ирэх ба,
                        Арваннэгдүгээр хорооллын цэнхэр байшингууд хаврын
зэрэглээнд хөвөлзөж
                        Алтанлянхувтай бүсгүй гол уруу алхах нь “Хойт шугуй”-н
Батцэцэг ээ... /Аясын салхи/ (Нямсүрэн.Д.
Сарны цагаан үүлс. УБ.2010. хуудас 164) гэх зэрэг түүний дийлэнх шүлгүүдээс сонгодог монгол бичгийн хэлний үеийн яруу найргийн уламжлал, шинэчлэл маш тодорхой харагддаг агаад хэдийгээр Д.Нямсүрэнгийн үед кирилл бичигт шилжсэн байсан боловч түүний бүтээлүүд ХХ зуунд Д.Нацагдоржийн суурийг нь тавьсан шинэ үеийн сонгодог бичгийн хэлний яруу найргийг мөн зууны эцэст дахин нэг шинэчилж “Эрээнцавын дэг” хэмээн нэрлэж болохуйц өвөрмөц уянгыг бий болгосон юм. Д.Нямсүрэнгийн яруу найргаас В.Гүларанс, В.Гүнначүг нарын үеийн яруу найргийн уламжлал мэдрэгддэгийг ч дурдах учиртай.
Яруу найрагч Д.Нямсүрэн эхлэл ч үгүй, төгсгөл ч үгүй урсах цаг хугацааны нэвчилт чанарыг өвсний хувирлаар илэрхийлдэг, тийн илэрхийлэхдээ сонгодог монгол бичгийн хэлний үеийн яруу найргийн уламжлалыг орчин цагжуулан өвсний уянгаар цогцлоон бүтээж ХХ зууны Монголын яруу найрагт өөрийн сургуулийг буюу “Эрээнцавын дэг”-ийг хүлээн зөвшөөрүүлсэн сод уран бүтээлч байв. Д.Нямсүрэнгийн яруу найргийн гүн ухааны үндэс нь цаг хугацааны мөн чанар, илэрхийлэл нь өвс хийгээд Эрээнцав (гэрэлт бүсгүй, лам шувуу, гөрөөс, цас, бороо, гэгээн өглөө..,) байсан юм. Тодруулбал “Бороо ганц нэг дусах нь сайхан, Борог өвс норсон байх нь сайхан” гэх буюу “Гадаа уул толгод гялбалзах нь сайхан, Ганц нэг өвс салхинд сэвэгнэх сайхан” гэхэд зун эсвэл өвөл цагийн жам, зүй тогтол, сайхан хийгээд элээгч цаг хугацааны мөн чанарыг философидож байгаа бөгөөд түүнийгээ илэрхийлэхдээ нүүдэлчин монгол хүнд хамгийн ойр зүйл нь болох өвсний ахуйгаар нээдэг нь тодорно. Цаг хугацааны хувирлыг хамгийн соргогоор мэдэрч даган өөрчлөгдөгч нь өвс, тиймээс л өвсний ахуйгаар цаг хугацааны мөн чанарын философидолтоо нээн илэрхийлдэг яруу найрагч байжээ.                 
Сонгодог монгол бичгийн хэлний үеийн яруу найргийн уламжлалыг суурин соёлын нөлөө, Буддизм дэлгэрсэн үетэй холбогддог шашны тусгал, социализмын үеийн үзэл сурталт төрхөөс ангижруулан ХХ зууны монголын яруу найрагт сонгодог бичгийн хэлний яруу найргийг шинэчлэн идээшүүлсэн Д.Нямсүрэнгийн уламжлалыг ХХI зуунд хэрхэн хөгжүүлэх вэ? Хэрхэн хөгжүүлж байна вэ? гэдэг асуулт тавигдах учиртай.
ХХ зууны сүүл ХХI зууны эхэн үед сонгодог бичгийн яруу найргийн уламжлалыг залуу яруу найрагчид барьж байсан. Тухайлбал яруу найрагч Т.Содномнамжил, Ц.Бавуудорж нар зарим талаар буддизмын нөлөөтэй дорнолог уламжлалыг барьсан бол Д.Нямсүрэнгийн хөдөөх ахуйн тунгалаг дүрслэл бүхий бичгийн яруу найргийн уламжлалыг яруу найрагч Ж.Болд-Эрдэнэ, Д.Ган-Очир, сүүлхэндээ Г.Баяр.., гээд нэлээд найрагчид барьсан буй. Тэдгээрээс Д.Нямсүрэн найрагчтай ойр байж  бас ч үгүй багш, шавь хэмээлцэж явсан уран бүтээлчдийн хоёр нь яруу найрагч Т.Содномнамжил, Д.Ган-Очир нар. 
Яруу найрагч Т.Содномнамжилын шүлгүүдээс төвд хэлт уран зохиолын нөлөө бүхий “Эрээнцавын дэг” анзаарагдана. Түүний:
            ...Саран тунамал орчлонгийн цаст уулнаа суухад
            Санан санасаар очих Шамбалын минь орон илхэн
            Хаалга задгай Шамбалын хаанаас нь ч гэсэн орно
            Харанхуйд барьсан зул шиг тодорхой гэгээн байдаг аа

            Туяарагч намрын сар шиг гиймэл ариун Зонховдоо
            Туждаа хамт байж гэгээрэхийн ерөөл талбимой... (Нэргүй.Ж. Хүмүүсийн тухай роман. УБ.2008. хуудас 239) гэх буюу

            ...Огторгуйг дүүргэгч очир адил онохын хязгаарыг
барихсан
            Оюун санаа хэзээ эхэлсэн юм бэ, огтоос сэтгэшгүй
нэгэн хүсэл байна
            Насны эхээр гуниг төрж, ертөнцийг таних нь
уйтгартай
            Налсан өвс мэт гандан хоцроод, цаг хугацаанд
гүйцэгдэнэ

            Гуниггүй амьдрагч хүүхнүүд хаа байна,
би тэднийг харахсан
            Гуних нь мунхрал мөн, бас гэгээрэл мөн,
би зүүдэлжээ
Сүнс, хий үзэгдэл, шүтээн хэмээгч нь бодитой
байлаа гээд ч
            Сүр жавхлантай энэ хорвоо гэгч л хоосон үзэгдэл мөн... (Нэргүй.Ж. Хүмүүсийн тухай роман. УБ.2008. хуудас 244) хэмээн шүлэглэснээс түүний Улааны урсгалын сахил хүртсэний нөлөө (Шамбалын минь орон, гиймэл ариун Зонховдоо, Сүнс, хий үзэгдэл, шүтээн хэмээгч нь ) үзэгдэхийн хамт сонгодог монгол бичгийн хэлний үеийн яруу найргийн уламжлал түүний дотор “Эрээнцавын дэг” (Саран тунамал орчлонгийн, Харанхуйд барьсан зул шиг, Туяарагч намрын сар, Налсан өвс мэт гандан) давхар тодорч буйг үзэж болно. Эдгээр нь лам Со агсан сахил номын үйлийг эрхэлж, бурхны сургаалыг дагасны нөлөөгөөр яруу найрагтаа тэрхүү гэгээрэхүйн мөн чанараа илтгэж байсан боловч Эрээнцавын дэгээс гажаагүй болохыг нь нотолж байна.
Сахилт найрагч Тогоонтөмөрийн Содномнамжилын яруу найргийн гүн ухааны язгуур нь гэгээрэхүйн тухай бурхны сургаал, түүнийгээ илэрхийлэхүйн мөн чанар нь Эрээнцавын дэг байсан болно. Харин Ган-Очир?
Яруу найрагч Д.Ган-Очир “Зүүдний зураг” (2006), “Цаг хугацааг нэрэхүй” (2006), “Бие галбирлаг сарны дор” (2008), “Сүүлчийнх гэж дурласаар байтал” (2009), “Урин” (2012), “Үүлсийн галбир” (2013) зэрэг номууд хэвлүүлжээ. Түүний “Т.Содномнамжилд” гэх нэгэн шүлэг “Цаг хугацааг нэрэхүй” номд буй. Уг шүлэгт:
Анир баясгалан нүдээ аньсан
Ах лам минь холын холд
Арга тасарсан өнчин би
Ахын эзгүйд бөгтөр гунигтай
Зүүн зүгийн хийдийг зорьсон
Зөвлөж хэлдэг ах лам минь
Зүр гур нь зөрж зогсдог
Зүүн аймаг уруу бядан явжээ... (Ган-Очир.Д. Цаг хугацааг нэрэхүй. УБ. 2006. хуудас 62) хэмээнэ. Сахилт яруу найрагч Т.Содномнамжилын эзгүйг дуулсан уг шүлэгтэй ижилсэх “Ламын ирэхүйд” гэх нэгэн шүлэг найрагч Д.Нямсүрэнд бий. Түүнд:
Бядагч дүүгийн ирснийг асууваас
Лам шувууны улирал гэвэй
Бялрын модноос суугчийг сонирхвоос
Бодь гөрөөс хэмээвэй.

Болор жүнзэнд
Хэлгий шувуу орсон үдэш
Бодол мэт ээ.
Болсон цайнд
Нэгэн өвс хөвөх нь
Бон-Аагийн навч аа... (Нямсүрэн.Д. Амитаба. УБ. 2010. хуудас 98) гэнэ. Уг шүлгийн тухай судлаач Я.Ганбаатар “...Энэ шүлгийг нэлээд сэтгэж, ухаж байж, бас шавь нь дүү нь гэгдэж, найрагчтай ойр дотно явсан олон залуу шүлэгчдийг нь мэдэж байж сая утга санааг нь гадарлах бол уу гэж бодогддог юм. Т.Содномнамжил, Г.Батбаатар гээд даяанчлан бядан явдаг лам шавь дүү нар түүнд байсан гэдэг. Харин Бялрын модноо суугч Бодь гөрөөс бол найрагч өөрөө юм. Нэгэнтээ тэд уулзаж учраад яруу үгсийн тэнгэрлэг үйлийн тухай цэцэн мэргэнийг уралдуулан хэлэлцэж, болор жүнзээр сархад зооглон хэл ээдэртэлээн хөлчин согтоцгоож, яруу найраг хэмээх энэ тэнгэрлэг ариун үйлийг эрхлэгч шүлэгч эрхмүүдэд л заяасан тэр жаргал цэнгэлийг эдлэн суусан нь хожим бодол зүүдэн мэт санагдах ажээ. Өдгөө аягатай цайгаа оочлон, өнгөрсөн тэр гэгээн учралыг эргэж санан, нэхэн дурсаж суухуй цайнд нэгэн өвс хөвж үзэгдэх нь үл ухагдам нууцлаг Бон-Аагийн навч байх авай...(Нямсүрэн.Д. Амитаба. УБ. 2010. хуудас 174) хэмээн урнаар тайлсан байдаг.
Яруу найрагч Д.Нямсүрэн, Д.Ган-Очир нарын дээрх хоёр шүлэгт уламжлалын холбоо бий нь анзаарагдаж байна. Найрагч Д.Ган-Очирын 2001 оны 8-р сарын 4 гэсэн огноо бүхий “Т.Содномнамжилд” гэх шүлэг нь ийм байгаа бол мөн 2010 оны 10-р сарын 17 гэх огноо бүхий “Т.Со ламдаа” гэх бас нэгэн шүлэг буй. Уг шүлэгт:
            ...Хуучин дурсамжууд
Зүрхний ховдолд ботилогдоод
Хуур адил сэтгэл хөглөөд ирэхээр
Хурууныхаа үзүүрээр барьсан
Хувилгаан Со-гийн минь
Шилэн аягатай архинд
Чандага цагаан саран
Мөс адил бутраад орохыг
Мөн ч их үзсэн дээ би... (Ган-Очир.Д. Урин. УБ.2012. хуудас 100) хэмээн
шүлэглэжээ. Энэ шүлгүүдэд ижилсэл, уламжлалын уялдаа буй нь “болор жүнзэнд хэлгий шувуу орох болон шилэн аягатай архинд чандага цагаан саран бутран орох” мэтээс харагдана. Эдгээр жишээ төдийгүй Д.Ган-Очирын “Цаг хугацааг нэрэхүй” номд байх “Гутрангуй сэтгэмжүүд-1, 2, 3”, “Баянтүмэнгийн гудамж”, “Б.Булганд хүргэсэн шүлэг”, “Урин” номд орсон “Баянтүмэнгийн бүсгүйчүүд”, “Намрын талд... гэж эхлэх нэргүй шүлэг”, “Амрагаа үгүйлэхүй буюу дэн-1, 2, 3”, шүлгүүд болон “Үүлсийн галбир” номын “Бээлийн чинээ өвлийн шүлгүүд”, “Найз Хандаагаа буцахад бичсэн шүлэг”, “Цаг хугацаа” гээд олон бүтээлүүдээс нь сонгодог монгол бичгийн хэлний үеийн яруу найргийн уламжлал, “Эрээнцавын дэг” мэдрэгдэж байгааг дурдаж болохоор байна.
            Яруу найрагч В.Гүнначүг (1832-1866) “Намарт уйтгарлав” шүлэгтээ:
                        Намрын салхин биеийг үлээхүйеэ сэтгэл санаа уярмуй
                        Найргүй хүйтэн сарны гэрэлд гагц бие жихүүн
                        Нар шингэн зул мандахуйяа чиний мөрөөдөх цаг
                        Навч хийсэж цэцэг зулгарахуйяа миний санах үе (Монголын сонгомол яруу найраг. Эмх. Г.Аюурзана. Л.Өлзийтөгс. УБ.2005. хуудас 85) хэмээн шүлэглэснийг яруу найрагч Д.Ган-Очирын “Амрагаа үгүйлэхүй дэн-3” шүлгийн:
                        Сэтгэлийн шаналан цонхонд мэлмэрэх нь
                        Сэмрэх навчсын сүүлчийн бороо
                        Сэнгэнэх салхины уйтгар гэгэлзэх нь
                        Сэмээр одсон шувуудын дуу
                        Үзүүрсгэн дээлийн өнгө гандсан нь
                        Үргээлгэнд гарсан намрын салхи аа
                        Үйлээрээ учирсан амрагийн нүд нь
                        Үймэрсэн сэтгэлд цолмон од ... (Ган-Очир.Д. Урин. УБ. 2012. хуудас 118) хэмээн шүлэглэсэнтэй зэрэгцүүлж үзвээс уламжлалын далд холбоо буй нь мэдэгдэнэ. Эдгээр нь ХХI зууны монголын яруу найрагт сонгодог монгол бичгийн хэлний үеийн яруу найргийн уламжлал яруу найрагч Д.Нямсүрэнгээр дамжин өвлөгдсөн, өвлөн үлдэгчдийн нэг нь найрагч Д.Ган-Очир болохыг харуулж байна. Яруу найргийн уламжлал шинэчлэлийн тухай асуудлыг аль ч үед авч үздэг бөгөөд дэвшилт уламжлалаа шинэчлэн хөгжүүлэх нь дараа үеийн найрагчдын үүрэг байдаг. Сонгодог монгол бичгийн хэлний үеийн яруу найргийн уламжлалаар ХХ зуунд “Эрээнцавын дэг” гэж нэрлэж болохуйц өвөрмөц уянгалаг ахуйг цогцлоож чадсан яруу найрагч Д.Нямсүрэнгийн уламжлалыг эдүгээ дахин шинэчлэн хөгжүүлэх үүргийг үлдсэн уран бүтээлчид хүлээх учиртай.
Тиймээс ХХ зууны монголын яруу найрагт нэгэн шинэ үзэгдэл болж, “Эрээнцавын дэг”-ээ цогцлоогоод эдүгээ өвсөнд улбирсан их Д.Нямсүрэн, Эрээнцавын дэгийг бардам хийгээд бадрангуй өнгө төрхөөр цахилуулаад одсон Ж.Болд-Эрдэнэ, мөн Эрээнцавын дэгийг бурхны шашны гэгээрэхүйн мөн чанараар сүлэн бас нэг гэрэлтүүлээд Шамбалд дэвшсэн Т.Содномнамжил нарын яруу найргийн уламжлалыг ХХI зууны яруу найрагт идээшүүлэн үлдээхийн тулд шүлгүүдээ тэрлэж, найргийн тунгалаг ахуйдаа өнө удаан амьдрах нь яруу найрагч Даваасүрэнгийн Ган-Очирын шаналант гэгээн үүрэг ээ...     



2014-1-27



Comments