ГҮЖИР ШҮҮМЖИЙН ХАРИУД...

Уран зохиол судлаач шүүмжлэгч Г.Батсуурь
2014 оны 4-р сарын 5-ны 11 цаг 14 минутад Bataar.mn сайтад Ц.Батмөнх гэгч эрхмийн “Шижир шүүмж биш гүжир шүүмж чухал болжээ” гэх гарчиг бүхий «нэг юм» тавигджээ. Бичигч энэ зүйлээ шүүмжийн шүүмж гэж өргөмжлөн нэрлэсэн аж. Тодруулбал: Уг бичвэртээ «...Харин шүүмжлэлээр өнөөгийн нийгэмд олны танил болохыг хичээгсэд олширсоор буйд санаа зовних нигуурын учир шүүмжийн “шүүмж” бичиж байна...» гэж томорчээ. Энэхүү шүүмжийн шүүмж бичигч аугаа Ц.Батмөнх гуай уг зүйлдээ «...Ойрмогхон бас нэгэн мэргэн шүүмжлэгч буурал найрагч Б.Лхагвасүрэн гуайг сүрхий онилон шүүмжилж, хийрхэлтэй шүүмжээрээ олны танил болоод амжсан...» гэж өчүүхэн намайг дайруулжээ. Ийн хэлүүлсэндээ би их баярлаж байна, учир нь намайг «мэргэн шүүмжлэгч» гэсэнд. (кккк) Гэхдээ энд нэгэн тайлбар хийхгүй баярлаад өнгөрч чадашгүй нь. Миний бичсэн “Лхагвасүрэнгийн садизм” гэдэг шүүмж нэгдүгээрт ямар нэгэн буруутгалгүй өөрөөр хэлбэл яруу найрагч Б.Лхагвасүрэн гэдэг уран бүтээлчийг шүүмжлэн буруутгасан ямар ч агуулгагүй бөгөөд харин ч эсрэгээрээ магтсан агуулгатай түүний уран бүтээлийн мөн чанар, сэтгэл зүйн хандлагыг тайлбарласан шинжтэй гэдгийг онцлон хэлье, хоёрдугаарт уг шүүмжийг олны танил болох гэж бичээгүй гэдгээ ч батлан өчсү. Зүгээр л том уран бүтээлчээ арай өөр талаас нь харж уран бүтээлүүдийг нь З.Фрейдийн психоанализын онолын талаас тайлбарлах оролдлого хийсэн гэдгээ удаа дараа телевизээр хэлсэн, дахиад ч хэлье. Мэргэжлийн хүрээнд уг шүүмжийг ойлгож байгаа ч мэргэжлийн бус олонхи тухайлбал Ц.Батмөнх мэтийн дурныхан ойлгохгүй байгаагаас Б.Лхагвасүрэн гэдэг яруу найрагчийг нэг их шүүмжилчихсэн мэтээр санаад байгаа нь мөн ч өрөвдөлтэй. Ядаж байхад ойлгохгүй байгаа юмныхаа талаар хамаагүй ярьж болдоггүй гэдэг эгэл үнэнийг мэддэггүй нь бүр ч гамшиг. Ер нь энэ мэтийн «эгэл бөөмс» тиймэрхүү шүүмжүүдийг хэзээ ч ойлгох боломжгүй л дээ. Тэгээд ч ойлгохгүй байх нь өөрсдөд нь амар. Энэ дашрамд багштай (профессор Д.Галбаатар) холбон элдвээр хэлэгчдэд нэгэн хариулт өгье. Тодруулбал зарим хүн Д.Галбаатар захиалга өгч Г.Батсууриар үүнийг бичүүллээ гэж ханддаг. Профессор Д.Галбаатарыг таних хүн тийм зүйл хийхгүй гэдгийг нь, бас тэгэх ч шаардлагагүй болчихсон хүн гэдгийг нь эрхбиш мэднэ. Гэхдээ багш надад тэрнийг магтаад биччих, эсвэл муулаад биччих гэж хэлсэн бол би бичих байсан, бичих бичихдээ чинээнд нь тултал бичих байсан гэдгээ хэлье.             

Шүүмжийн шүүмж бичигч аугаа их Ц.Батмөнх гуай зохиолч, шүүмжлэгч, доктор П.Батхуягийн бичсэн «С.Эрдэнэболдын ”нууц товчоо” буюу ”эзэнт гүрний туульс”» шүүмжийг жишээ болгон «...Харин саяхан “Би Монголын уран зохиолын түүхийг шинэчлэн бичнэ” гэсэн лут зорилготой, “Хүрээ хөвгүүд” бүлгийн гишүүн, яруу найрагч хийгээд хэл бичгийн ухааны доктор П.Батхуяг бас нэгэн “шуум” шүүмж бичлээ...» хэмээн гол асуудалдаа оржээ. Үнэн хэрэгтээ доктор П.Батхуяг уг шүүмждээ монголын түүхийн сэдвээр янз бүрийн роман, найраглал туурвин түүхийг өөрийнхөөрөө уран сайханжуулагчид хийгээд уран сайхныг өөрийнхөөрөө түүхжүүлэгчдийг шүүмжилсэн. “Шуум” шүүмж хэмээсний учир нь П.Батхуяг докторын: «...Зарим талаараа түүхээ түүхийрүүлэх, хэлээ хэлтгийдүүлэх явдал хирээсээ хэтэрлээ. Түүхэн зохиол асар их судалгаа, эх сурвалжид түшиглэдэг гэдгийг бараг мэддэггүй бичигдсэн гэмээр “зоригтой“ романууд ханхалзах болов. Тийм “түүхэн туульсийн” гэх хүндэдсэн нэртэй хүүхэд  шиг зохиолуудын үер дунд С.Эрдэнболдын зохиосон “Эзэнт гүрний туульс” /2013/ туульсийн найраглал живж явна. Яагаад ядаж хөвж биш живж явна гэж. Үнэндээ сүүлийн үед Ц.Бавуудоржийн “Хүннү туульс” /2011/ -аас эхлээд дэндүү “хөвмөл” туульсийн зохиолууд бичигдсэний гор горзойж, одоо хөнгөн “хөөрлөөр” туульс зохиогчид олширч байгаа юм. Дээр нь манай Ерөнхийлөгч зарлиг юундаа бүр нэр цохоод Ц.Бавуудоржид өлзий утас ороосон энгэрийн тэмдэг нэг ширхгийг өгчихсөн байдаг. Залуус шууд л дуурайж эхэлжээ. Болох юм байна. Болдог юм байна. Энгэрийн тэмдэг элбэг цагийг ашиглаад нэр сүртэй “нэг” л юм хийгээд авья. Үүнд залуусын буруу байхгүй. Харин ямар үнэт зүйлстэй, ямар үзэл санаатай нь үл мэдэгдэх, жинхэнэ бидний үнэт зүйлсийг гардан гажуудуулсан нөхөр “завсарынхан” буруутай...» гэх мэтээр бичсэнтэй холбоотой бололтой. Дээрх шүүмжийн санаа юу нь буруу, юу нь гүжир байгааг нь Ц.Батмөнх гуай дурдсангүй. Зүгээр л гүжир шүүмж гээд ерөнхийд нь нэрлэчихэж. Яг үнэндээ сүүлийн жилүүдэд эх түүхээ, их түүхээ “номхон тэмээ ноолоход амар” гэдэг шиг санаандаа орсноор тайлан, тайлбарлах, зохион үргэлжлүүлэх нь хэрээс хэтэрсэн гэдгийг бичиг үсэг тайлагдсан, ухаан мэдрэл бүтэн хүн бүр мэдэж байгаа. Үүнийг л С.Эрдэнэболд гэх зохиолчийн “Эзэнт гүрний туульс” зохиолоор жишээлэн тайлбарласан байна. Түүндээ Ц.Бавуудорж найрагчийн “Төрийн шагнал” авсан “Хүннү туульс” бүтээлийг ишлэсэн аж. Юу нь болохгүй гэж. Тэгээд ч залуусын буруу байхгүй гэсэн байгааг хайхрахгүй өнгөрөх аргагүй. Төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудоржтой «...үгүйсгэн атаархан барьцалдаж...» байгаа гэсэн нь бүр ч үндэсгүй. “Хүннү туульс”, “Эзэнт гүрний туульс” гээд зөвхөн нэрийг нь уншихад ч ижилсэл байгаа учир ишлэхгүй гээд яах вэ?
Ер нь шүүмжлэлийн нэгэн төрөл болох уран сайхны шүүмжид ёгтолсон, егөөдсөн, хэтрүүлсэн, дайруулсан, ихэсгэсэн, багасгасан, уянгын гажилт хийсэн зэрэг уран дүрслэлийн янз бүрийн дүрслэх хэрэглүүр хийгээд ур маягуудыг ашиглаж болдог гэдгийг мэдвэл зохино. Уран зохиолын шүүмжлэл судлалын түүхэнд уран сайхны шүүмж бичиж ирсэн бүх л шүүмжлэгчид тэдгээр арга найруулгыг өргөн ашиглаж ирсэн байдаг. Шүүмжийн шүүмж бичигч гуай ямар учир зорилготой нь мэдэгдэхгүйгээр Төрийн соёрхолт Д.Цэнд багшийн нэрийг шүүмжийн шүүмжийнхээ эхэнд дурдсан нь хачирхалтай. Үе үеийн шүүмжлэгч нар болох Ж.Төмөр, Ц.Хасбаатар, Ц.Мөнх, Х.Сампилдэндэв, Д.Цэнд, Б.Цэдэв, Ч.Билигсайхан нарын эрдэмтэн судлаачид өөрсдийн бүтээлүүддээ мөн тэдгээр арга найруулгын хэлбэрүүдийг өргөн ашиглаж ирсэн байдгийг уншвал зохино. Тухайн цаг нь хэдийгээр нэг намын үзэл суртал ноёрхсон хүйтэн үе байсан ч гэлээ тэдгээр шүүмжлэгчдийг гүжир шүүмж бичлээ гэж хэн ч хэлээгүй. Тэнгэрт дэвшсэн ахмад шүүмжлэгчдийн нэр, дурсгалыг хүндэтгэх үүднээс маргаанд татан оролцуулж бүтээлүүдээс нь иш татахаа больё.
Харин эдүгээ уран бүтээлээ ид туурвиж байгаа профессор Д.Галбаатар, С.Энхбаяр нарын шүүмжүүдээс цөөн жишээг зүрхлэн татъя. Тухайлбал профессор Д.Галбаатар 90-ээд оныхны тухай бичсэн шүүмжүүдээ “Энэ хэдэн хүүхдийн «турсага»-ыг хуулахгүй юмсан”, “«Ав хоморго» бүхэн «аллага» байдаг” гэж нэрлэсэн байдаг. Тийн турсага, ав хоморго, аллага гэж нэрлэлээ гээд уг шүүмжүүдийг гүжир шүүмж гэж нэрлээгүйгээр барахгүй уг шүүмжүүдийн үр нөлөөгөөр монголын уран зохиолд нэгэн шинэ үе соёолон, төлжсөн билээ. Профессор С.Энхбаяр 2008 онд бичсэн “Утга зохиол дахь “Баасан авгай” нар болон бидний үнэт зүйлс” хэмээх алдарт шүүмждээ уран зохиол гэж юу байдгийг ч мэдэхгүй хэрнээ яг Ц.Батмөнх гуай шиг мэдэмхийрэгчдийг: «...Энэ бүх элийрэл балайрлын оргил туйл, сүлд аялгуу нь бас л нэг нэлээдгүй “юмтай” хүүхний бичсэн “Өнөөгийн уран зохиол онол-шинжлэлийн шинэ сурах бичиг” гэж ланжгар ном...» /Галбаатар.Д. Энхбаяр.С. Батсуурь.Г. Уран зохиолын тухай яриа. УБ. 2013. хуудас 132/ гэх мэтээр шүүмжлэн бичсэн байдаг юм. Тэглээ гээд мэргэжлийн хүрээнд эдгээрийг гүжир шүүмж гэж нэрлэдэггүй билээ. Иймэрхүү энгийн зүйлсийг ойлгоогүй хэрнээ, уран сайхны шүүмж гэж юу байдгийг огт мэдэхгүй хэрнээ, шүүмжийн бүтээлүүдийг уншаагүй атлаа шүүмжлэгч, доктор П.Батхуягийн «С.Эрдэнэболдын ”нууц товчоо” буюу ”эзэнт гүрний туульс”» шүүмжийг гүжир шүүмж хэмээн гүжирдсэн нь өөрөө гүжир шүүмж.
Мөн «...цаашлаад өнгөрсөн болоод одоо үеэ үгүйсгэн нэрд гарагчдын жишгээр залуу үеэ мохоох зорилгоор бичсэн шүүмжийг уншаад “Соёлгүйтэл-ИЗМ” үнэрлээд дуугай (дуугай гэж дуугүй гэдэг монгол үгийг орлуулсан бололтой. Г.Б) байж чадсангүй. Их мөрөн дөлгөөн эрдэмтэй хүн даруу гэдэг. Түүнээс бус яруу найрагч хийгээд хэл шинжлэлийн эрдэмтэн хүнээс “Шүүмжил-ИЗМ”, ”Хийрхэл-ИЗМ” үнэртэх учиргүйсэн...» гэх мэтээр бичжээ. Үүнийг бичигч эрхэм Ц.Батмөнх гуай нэр төрд ихээхэн дуртай хүн бололтой. Учир нь уран зохиолын тухай уг бичвэртээ нэртэй, нэрд гарах, олонд танигдах, нэр алдар гэх мэтийн нэр алдартай холбоотой үгсийг түгээмэл ашигласан байгаа ба уран зохиолын тухай бичвэрүүдийг, шүүмжүүдийг зөвхөн нэр алдрын төлөө л бичдэг гэж ухаардаг бололтой. Тэрхүү нэр алдар гэгч зүйлээс чинь хавьгүй үнэ цэнэтэй үнэн гэдэг эрхэм чухаг зүйл байдаг гэдгийг басхүү уран зохиолоо «хогийн ургамал»-уудаас хамгаалах, хөгжлийн зөв хандлага уруу чиглүүлэх гээд эрхэм үүргүүд байдаг гэдгийг сануулъя. Түүнчлэн амьд ч бай, үхсэн ч бай уран бүтээлчдийн бүтээлүүдийг, өвийг судлан цэгцэлж, тайлан тайлбарлах үүргийг ямагт дараа үеийнхэн нь хүлээж ирсэн байдгийг мэдтүгэй. Бас доктор П.Батхуягийг «...залуу үеэ мохоох зорилгоор бичсэн...» гэсэн нь шууд гүтгэлэг. Учир нь доктор П.Батхуяг “Шинэ үнэр”, “Олон цаг”, “Дэд хувьсал”.., гээд  залуусын олон бүлэг, бүлгэмүүдийг, ер нь олон залуу уран бүтээлчдийг ямагт дэмжиж, ном бүтээлүүдийнх нь өмнөтгөлүүдийг бичиж утга зохиолын хүрээ үрүү хөтлөн оруулж ирсэн гэдгийг уран зохиолын хүрээнд бүгд мэднэ.      
Иймэрхүү юу бичиж байгаагаа өөрөө ч мэдэхгүй бичсэн зүйлсийг өрөвдөөд өнгөрч болох боловч олон түмэнд буруу ойлголт төрөх магадлалтай учир ийн тайлбарлан бичихээс аргагүй байна. 1990-ээд оныхон дотроос уран зохиолын шүүмжлэл судлалын салбарт тууштай ажиллаж, уран бүтээлүүдээ туурвихын зэрэгцээгээр уран сайхны олон шүүмжүүдээ бичин уран зохиолын хөгжилд өөрийн үүргээ биелүүлж ирсэн доктор П.Батхуягийн бүтээлийг анхны мэдэгдэхүүнгүй, мэдрэмжгүй, мэдлэггүй бас түүнийгээ ч мэддэггүй, тэгсэн хэрнээ шүүмжийн шүүмж хэмээн элийрэгч мэтэс эс мэдэвч монголын уран зохиолын шүүмжлэл судлалын түүх санасаар байх болно.
Эдүгээ уран зохиолын хөгжлийн явцад илэрч буй элдэв гажуудлыг засан хэлж шүүмжилж бас өөрөө бүтээлүүдээ туурвиж байгаа уран бүтээлчдийн тэргүүн шугаманд Гарцаагүй Пүрэвхүүгийн Батхуяг.

 2014-04-07              

Comments

Anonymous said…
Энэ их зүгээр шүү ингэж бие биенээ хамгаалвал сайн хэрэг
Anonymous said…
Хэхэ тэр Батмөнх гэж ямар эгэл бөөм байнаа?
Anonymous said…
tiimee.
нэр бичих хэрэгтэй юу? said…
Лхавгасүрэн гуайн тухай шүүмжийг нь миалсны төлөө өөрийгөө өмөөрсөн юм байна, тэгэнгүүтээ тээр тийшээ тэнэж очоод өөртөө хань татаад Батхуягийг өмөөрч байгаа болж дуусаад...БАтсууриа батхуягийг чи өмөөрөх хэрэггүйштээ, тэр чинь аягүй дажгүй шүүмжлэгч, чиний өмгөөлөл хэрэггүй... харин тэр бавуугийн хүүгийн тухай, бас шүүдэрцэцэгийн тухай...чиний шүүмжүүд нэр төр горилсон усан улиглал...чи карл густав юнг, фрейд2-ыг ядаж өөрөө уншчихдагболоосой, орчуулгын,гэхдээ сэтгэцийн өвчин судлалыгнь уншчихаад тэр уншсан юмруугаа хүнийгхүчээр чихэж тэрийгээ психоанализ гэж...даанч яавдаа, чиний хамаатан байгаагүй дээ л бөгс минь өөрийнхөөрөө гэрэлтэж байх шиг байна, тэгээгүй бол миний бөгс чиний хацрын өнгөөр туяарах байсан буй за... Шүүмж гэж юу байдгийг ойлгосон хүн "Шүүдэрцэцэг чгэх шиг..." гэдэг шүүмж чинь Шүүдэрцэцэг чи зайлцан бай даа гэж байгаа юм шиг шүүмжэнцэр байсан санагдах юм...ТЭр тэгээд шүүмж гэж юу байдгийг мэддэг хүний шүүмж үү? Психоанализ чгэх шиг...ирээдүй бүү хэл энэ үеийн боловсролтой мэргэдийн доог тохуу болж яваагаа өөрөө олж хардаггүй юмуу? Ядаж энэ чойдогжамц билүү,энэ жаахан пацааны шүүмжийг сайн уншаач...нэр бичих хэрэгтэй юу? бат, оюун гээд ч юмуу? бичсэн ч миний нэрийг хэн чмэдэхгүй дээ... хэн ч бишид хүртэл элэг доог болмоор юм бичидгээ больжчадахгүй бол хэсэг завсарлаж өөрийгөө жоохон боловсруулаач...ичмээр дамшиг батсуурь агаа минь!
Anonymous said…
Өөрийнх нь бичсэнд зөв л психоанализ хийж дээ, дээрх нөхөр. Өөрийг нь шүүмжилсэнд өрвөлзөөд өмгөөлөл, хань хайж Батхуягт тал зассан байх шив дээ.
Anonymous said…
Хэхэ холоо очиж хуцацгаа
Anonymous said…
Батмөнхтөнгүүдээ зайлаа
Anonymous said…
"...Ядаж байхад ойлгохгүй байгаа юмныхаа талаар хамаагүй ярьж болдоггүй гэдэг эгэл үнэнг мэддэггүй нь бүр ч гамшиг..." энэ янзын үгээ.
Anonymous said…
egelgui eliirel tugs solirol sohor unshlag sodon teneglel dund huvugchid tsuurtugei tedniig emhelj tsetseltsleh egelgui zamd ni engui amjilt husnem bi /TEDDY/
Ням said…
Энэ дээр сэтгэгдэл бичсэн нөхөд Батхуяг, Батсуурь хоёрыг хооронд заавал хагалах гээд байгаа юм шиг харагдаад байх юм. Энэ их буруу шүү дээ, манай уран зохиолынхонд нэг тийм өвчин байдаг юм, бүр Ренчин-Дамдинсүрэнгээс эхтэй, Цэдэв-Сампилдэндэв, Энхбаяр-Байгальсайхан гээд улбаатай. Яах юм бэ одоо цаг өөр болсон шүү дээ, хэн хэн нь залуу улс өөрсдийнхөө юмыг сайн бичээд л гол нь энэ мэтээр уран зохиолоо өмгөөлөөд, цаг нь ирвэл бие биеэ хамгаалаад явж байвал болох юм даа. Батсуурьт хандаж хэлэхэд их зөв байна хүмүүсийн элдэв хагалсан үгийг бүү тоо.