Үүлний царай, усны царай түүний жинхэнэ төрх

1.       
Ээж нь чамдаа өв болгон үлдээх
ганцхан зүйл бий
Энэ бол чиний
минийх шиг халуун зүрх.
 
Зүрхээ суллах, гуниг шүлэг болж, шүлэг навч болох...Яруу найраг...Яруу найрагч...Л.Өлзийтөгс. Ингээд л зогсочиход түүний тухай ямар ихийг өгүүлснийг үнэнч уншигчид, урлагийг хайрлан бүтээдэг ЗҮРХ бүхэн ойлгох болно. Гэвч би ингээд л хураачихыг үл хүснэ. Дахиад унш л даа. Зүрхээ суллахуй гуниг шүлэг болж, шүлэг навч болно...
“Аавыг дэргэд үгүй болсноос хойш ер  уйлахаа больсон. Хүсэл бүхнээ цээжиндээ хураасаар...нэг л мэдэхэд тэр бүхэн жижигхэн цээжинд минь багтахаа больж гадагш сад тавьсан юм. Тэр бол шүлэг. Аавдаа зориулсан “Бороотойд” гэдэг анхны минь шүлэг. Балчир багадаа барих гэж зүтгэсэн, барихыг одоо ч хүссээр байгаа тэр л солонго, энэ амьдралаас аавын минь байгаа газар руу татсан нумарсан гүүр, тэр л долоон өнгө намайг яруу найрагч болгосон гэдэгт үргэлж итгэдэг ээ” гэж бичсэнийг уншихад өөрийн эрхгүй
...Одоохон
Одоохон би
зүрхээ суллаад
уртаас урт амьсгална
Зүүд байжээ гээд
зөөлөн инээмсэглэнэ
Цэцэглэж байгаа моддын тухай
шүлэг бичнэ
Цээжинд байгаа гуниг минь тэгж
навч болно гэж уйлж бас инээж бичсэн юм шиг шүлэг нь санагддаг. “Үхэл, тиймээ эцгийн маань үхэл намайг яруу найрагч болгосон” болгосон гэж тэр бичсэн.  Тиймээс ч түүний жинхэнэ төрх бол “үүлний царай юм, усны царай юм”. Тэр хэзээ ч үзэсгэлэнтэй байгаагүй. Яагаад гэвэл “бүдэгхэн царай нь түүнд бүхнээс хайртай аавыг нь санагдуулж, үхлийн өмнө аав нь үүлний цаахнаас ширтэх хэн нэгэн шиг үнэн холын гүн төрхтэй харагдсан болохоор...Яагаад гэвэл “...Хязгааргүй амгалан төрхтэй болчихсон аав минь тэгэхэд энэ ертөнцөд ирээд харсан үзсэнийхээ хязгаарт хүрчихээд байсан нь тэр аж. Бас эцгийнхээ дээрээс тонгойн зогсож асан долоон настай тэр балчир охин үзэж харж болох бүхнийхээ хязгаарт зогсч байжээ. Амьдралыг би ТЭГЭХЭД Л БҮРЭН ҮЗЧИХЖЭЭ. Түүнээс хойш үзсэн юм бүхэн зөвхөн ТОДОТГОЛ, ТИЙМЭЭ ТОДОТГОЛ. Амьдралын тодотгол,  үхлийн тодотгол...” хэмээн даан ч эрт амьдралыг таньсан “ялтан” болохоор тэр ээ. Жир амьдралаас хохь дээгүүр ийм  цэвэр орон зай, урлагийг бүтээх төсөөллийн амьд ертөнцийг “Төсөөллийн өрөөнд” номдоо ЗҮРХ СЭТГЭЛИЙН ТӨРСӨН НУТАГ гэж тодорхойлсон. Тэр нутагтаа очихын тулд ЗҮРХ СЭТГЭЛДЭЭ БУЙ БҮХНЭЭ ГАРГАХ ЁСТОЙ гэж мөн бичсэн. Яруу найрагч байх ялын энэ оноолтоо
Яагаад надад үе үе ийм гунигтай байдгийг мэдэхгүй...
яагаад над руу үе үе тэнгэрээс гар сунгадгийг
яг зүрхэн дээр минь сараачиж орхидогийг мэдэхгүй гэж тэрээр гунигладаг, хайдаг, хайрладаг.
Амьдралыг би эрт таньсан
Арай л эрт
Тиймдээ ч зүрх сэтгэл минь
үргэлж гунигаар, үргэлж хайраар
үлэмж өрөвдлөөр дүүрэн
Үхлийг би эрт таньсан
Сайхныг бүр ч эрт
Үлдэгсдийн цуваа, үрэгдэгсдийн цуурай...
Үнэндээ би бурхантай эрт нүүр учирсан
Айдсыг эрт таньж
Тайтгарлыг эрт олж
Хагацахуй, учрахуй, сэтгэл гэрэлтэн уужимсахуйг
Хар нялхдаа л мэддэг байж
Би өөрийгөө хэтэрхий эрт таньсан
Хэтэрхий эрт...
Яана гэх вэ, өөр төрсний тэмдэг
Яруу найрагч байна гэдэг, ай, хөөрхий хэмээн бичдэг. Үхэл, тиймээ аавынх нь үхэл түүнийг яруу найрагч болгосон.
Зүрхээ суллах, гуниг шүлэг болж, шүлэг навч болох...Яруу найраг...Яруу найрагч...Л.Өлзийтөгс.


2
Жижигхэн охинд байгаа онгой ганц зүйлийг харин би мэднэ
Тэр бол хэн бүхнийг өрөвдөж хайрладаг зүрх
Жижигхэн охин руу яагаад дандаа сайн хүмүүс ирдгийг
Жижигхэн охиныг тэд л гар дээрээ өргөж явдгийн учрыг бас мэднэ
Тэр бол шүлэг .

...Аугаа их нам гүм-Цас
Аугаа их амьдрал-Навчис
Аугаа их үхэл-Намар
Аль алинаас нь би харцаа салгаж чадахгүй нь ээ
Моддын дээр цас орно...
Харин одоо цээжинд минь аль хэдийнээ гэрэл.
Хачин нам гүм цас моддын дээр...Орь ганц  ганцаардлаас л  бүтсэн мэт шүлэг яагаад гэгээрэл, амсхийлт, тайвшрал...гээд бүхий л эерэг эрчим мэдрүүлсэн шүлэг болчихов? “Аугаа их нам гүм-цас” гэхэд ганцаардал, гуниглал байв. “Аугаа их амьдрал-навчис” гэхэд ганцаардал-хайр болов. “Аугаа их үхэл-намар” гэхүйд ганцаардал-гэгээн гэрэл цацруулж гарав. Энэ бүгдийн дээр хачин нам гүм цас орсоор ахуйяа гоо сайхан ертөнц шинээр амирлан цогцлох нь тэр. “Тэнгэрт ургадаг модод”, “Эрх чөлөөтэй байхын ураг буюу шинэ ном”, “Ганцаардлын дасгал”, “Миний гунигийн түүх”, “Төсөөллийн өрөөнд” гээд номынх нь нэр бүхэнд уйтгар ганцаардлаас-амар тайвшралд шилжиж төгөлдөр урлагийг бүтээгээд буй нууц нуугдаастай. “Өчүүхэн юмыг ч үнэн голоосоо хайрла” гэж Башё сургаж байв. Башё гоо зүйн “саби” зарчмыг гарган (энэ нь ганцаардлын гуниглал гэсэн үг )мөрдөж аснаа, нэг л учир дутагдалтай санагдсанд, амьдралынхаа сүүл рүү “каруми”(хөнгөн) гэдэг зарчмыг гарган, “одооноос би Сунагава (Элстэйн гол) гол шиг цомхон, жижиг хөнгөн шүлгэнд тэмүүлэх боллоо...Аливаа урлагийн бүтээл нь саби-ганцаардлын гэгээрэл, гуниглалын гоо сайхан, каруми-хөнгөн, хялбар, энгийн, тодорхой илэрхийлэл, хосами-дүрслэх юмныхаа мөн чанар, нарийн тансагт хүрэх зармчыг тооцох хэрэгтэй”/ Д.Бямбацогт“Ил тов”сонин”Японы хөгжлийн нууц буюу японы яруу найраг”, 1996.12.17-23, №38, (222)/ гэсэн байдаг аж. Дорноноо ийм ахул Өрнөнөд ч ялгалгүй, ялгалгүй ч гэж ялгалгүй болж нийлэгшин байгаагийн илрэл гэлтэй. Учир нь уран бүтээлийн жинхэнэ гоо зүй, язгуур мөн чанарын тухай сүүл үеийн өрнөдийн урлагийн философид дан сөрөг үнэлэмжтэй үгсээр тодорхойлдог нь үүнийг батална.“Гоо сайхны үйл ажиллагааг бусад үйл ажиллагаанаас ялгадаг гол ойлголтууд бол “салалт”, “үл сонирхохуй”, “холдолт” зэрэг юм...Сайхан хэлбэртэй том гэгч хөшиг нарс байлаа гэж саная. Энэ модыг хэн, яаж мэдрэн хүлээж авах нь нөхцөл байдлаас шалтгаалдаг. Өвлийн цаг байлаа гэе. Тухайн нарсыг харж байгаа хүн нь модоор галладаг зуухтай байшинд амьдардаг бөгөөд түлээ, түлшээр хомсхон байлаа гэж саная. Тэр хүн уг модыг хараад “энэ модыг түлшинд хэрэглэхэд нойтон болов уу? ямар бол? Хуурай байлаа гэхэд хир удаан түлэх бол” хэмээн бодно. Тэгвэл өөр нэгэн хүн тэр модыг харж байна гэе. Тэр харж байгаа хүний байшин нь энэ модны доор байдаг байж л дээ. Байшингийнх нь дээр хөгшин модны өмхөрсөн том мөчир сэрийж байна. Тухайн хүн модыг харах тоолондоо ширүүн салхинд модны том мөчир байшин дээрээс уначих юм биш байгаа гэж бодно. Гуравдах тохиолдолд нэг хүн зугаалж яваад уг модыг ажиглан харж зогслоогэж саная. Тэгэхээр хэн нь уг модыг гоо сайхны үүднээс хүлээн авсан бэ? Мэдээжээр сүүлийн хүн. Яагаад ингэж үзэж байна вэ? Тэр хүн уг модыг харахдаа өдөр тутмын практик хэрэгцээнээс салж, мод гэдэг утгаар нь огт сонирхоогүй, ашиг харсан зарчмаас холдсон. Ер нь хүний ертөнцийг үзэх үзэл, психологи ихээхэн прагматик, ашиг харсан шинжтэй байдаг”/ Философи/эхлэн сурах бичиг/, УБ.,2000, 181 тал / гэжээ. Жир амьдралаас хохь дээгүүр ийм  цэвэр орон зай, төсөөллийн амьд ертөнцийг найрагч Л.Өлзийтөгс “Төсөөллийн өрөөнд” номдоо ЗҮРХ СЭТГЭЛИЙН ТӨРСӨН НУТАГ гэж тодорхойлсон. Тэр нутагтаа очихын тулд ЗҮРХ СЭТГЭЛДЭЭ БУЙ БҮХНЭЭ ГАРГАХ ЁСТОЙ гэж мөн бичсэнӨнөөх НУУЦЫН маань нэгэн шижим тэмтрэгдэж байна. Түүний шүлгийн барил өнгөндөө гуниг, ганцаардсан уйтгар, цөхрөлтэй, дүрүүд нь өөрийнхөөрөө, бас өрөвдмөөр, гэнэн болоод тэрсүүд байдаг нь урлагийг бүтээх юунд ч торошгүй тунгалаг хараа “хөндийдүү” хэрнээ “хоргүй” ширтэхийг мөн чанараасаа шаарддагийн л гэрч. Тиймээс ч “Хүн төрөлхтний хамгийн бяцхан эс бүхнийг өөртөө багтаасан-Ганцаардал” хэмээгээд
Ганцаардахын зовлон
Ганцаардахын жаргалыг гүйцэхгүй
...Үнэ цэнээ мэдрэх минь
Үхлээс ч илүү сонирхолтой
Ганцаардахын хэцүүд л би-БИ  гэж бичжээ.
Юм бүхэн байгальдаа байхад би оршдог
Ертөнцийн сар үүлэн цаагуур ороход
Ерөөл хараалаас хаа хамаагүй хол газар
Ердийн дан байшиндаа амьдран суудаг би хэмээсэн урлагийг бүтээх хиргүй гэгээн сэтгэлтэй сод яруу найрагч Д.Нямсүрэнгийн тэртээ 1991 онд:
Сар хиртсэн шөнө шүлэг бичиж болдоггүй
Өвстэй цуг ёолж бие зовоод шүлэг бичиж болдоггүй...
Харанхуй энэ шөнө шүлэг бичиж болдоггүй
Хад чулуу мөргөж, ооно эврээ хугалчих гээд шүлэг бичиж болдоггүй...гэсэн эмзэглэлийг  2009 онд Л.Өлзийтөгс найрагч өөрийнхөөрөө мэдрэн буулгасан нь манай яруу найргийн нэгэн шинэчлэлийн харьцааг зурайтал харуулж өгдөг юм.
Намар болчихжээ
өвс буцаад л шургачихлаа
өдөр бүр л нэг үхэл харах боллоо
Амжиж хэнд нь ч баяртай гэж хэлж чадсангүй
Модод бүгд цааш харчихлаа...
Бүгдээрээ л:
энэ үүлс, шувууд, хөгжилтэй бяцхан горхи хүртэл
Бүр нэг хэлэлцэцгээсэн юм шиг л
үг дуугүй хурдлах боллоо
Цаг яагаад гэнэт ийм түргэнээр цохилох болсныг
Царайнаас минь яагаад нөгөө од
харваад гэнэт арилчихсаныг
Та нар минь мэдэх юм биш биз?
Сонсож байна уу? найзууд минь, хананууд минь
Сононууд хана мөргөөд л унаад байна,
Яагаад гэдгийг нь хэлж өгөөч
Үүгээр ч зогсохгүй тэрээр номынхоо өмнөтгөлд “сонотой гэрлэсэн” байгаа. Хад мөргөж эврээ хугалчих гээд байдаг оонотой харанхуй шөнийг шүлэг бичиж чадахгүйгээр мэдэрнэ гэдэг “сэтгэл зүрнийхээ төрсөн нутгийн” захад чухам ойртсон уран бүтээлчийн сэтгэл. Энэ мөчид Ооно яруу найраг(өдөөгч), Д.Нямсүрэн гуай яруу найрагч(буулгагч)юм шиг буюу Ооно яруу найрагч уу? Д.Нямсүрэн найрагч уу? гэсэн зүүд зүүрмэг маягийн сонихон мэдрэмж төрөгддөг.  Хялбарчилбал шувуу онгоц уу? онгоц шувуу юу? гэж бодоод үз л дээ. Эндээс дээр дурьдсан шинэчлэлийн харьцаа тодорно. Л.Өлзийтөгсийн хувьд өдтэй онгоц, нисгэгчтэй шувуу мэтчилэн буюу шууд л:
-Чи яруу найрагч байх аа?
-Тийм ээ, харин чамайг соно гэдгийг би сайн мэднэ шүү 
-Энэ бол хүмүүсийн өгсөн нэр л дээ
-Тэгвэл чамайг хэн гэдэг юм бэ?
-Би бас л яруу найрагч
-Аан, тэгээд л би өнөөдөр чиний далавчнаас гурван зуун аялгуу сонссон байх нь/”Төсөөллийн өрөөнд”, УБ, 2009, 5/ гэх мэтээр дэндүү чөлөөтэй туучилж(метафорчилж Х.Ч) орхино. Мөнөөх өдөөгч буулгагч хоёр маань(Соно, Өлзийтөгс) сүлэлдсэн буюу замхран нийлэгжсэн бичлэгийн арга/гибридчлэл/ сэтгэлгээнээс нь/постмодерн/ нэвт шувт харагдана. Туучлах болгонд нээлт, ололт, шийдэл, санаа. Түүнчлэн Д.Нямсүрэн “хад мөргөж ооно эврээ хугалчих гээд шүлэг бичиж болдоггүй” гэж байгалийг өөрийнхөөрөө сэрэн бүтээлч зүрх сэтгэлээ илэрхийлсэн байхул Л.Өлзийтөгсд шүлэг бичиж болдоггүй гэсэн утга буй ч түүнд утга яг таг төвлөрөөгүй “сононууд хад мөргөж унаад л байна, яагаад гэдгийг нь хэлээд өгөөч” гэж л хэлээд орхичихож байгаагаас(хад, хана хэмээх үгсийг муйхраар харгалдуулсан ч тэр) бухимдал, харуусал, гунилан, юу нь ч бас сайн тодорхойгүй нийгэм соёлын НУУЦАТ асуулт, асуудлууд сул шидигдснийг харж болохоор байна. Санаагаа цааш:
-...Яв даа яруу найрагч аа, намайг олж ирэх тэр л замд чинь чиний сэтгэл зүрхний төрсөн нутаг бий.
-Хэрхэн би үүнийг үйлдэхсэн билээ?
-Чи аль хэзээний бичээд эхэлчихсэн шүү дээ, яруу найрагч аа
Тэрээр сонотой бус зүрх сэтгэлийнхээ төрсөн нутаг буюу урлагтай, тэр дундаа жинхэнэ урлагтай гэрлэж, хүн бүрийг тэр төрсөн нутаг руу нь аваачихыг уран бүтээл бүрдээ хүсдэг халуун зүрхтэй уран бүтээлч болохоо уншигчдынхаа өмнө батлан тангараглаж байна. Анхынх нь номоос:
Ертөнцөөс уйдсан сэтгэл өнгө, үнэрээ гээж
Есөн намрын навчны гунигийн олохын цагт
Ер бусын тунгалаг гэнэхэн хоолой сонстож
Өр зүрхний гүнд гэгээ таттал дуулдаг
Бүхий биеэр минь эгшиг түгж нүдээ нээхүйд
Бүлээн нулимсандаа хүйтэн уруул дулаацдаг
Хаанаас ч юм сонстдог тэр цэвэр аялгуунд
Хайрлах, тэмүүлэх, хүсэх, үзэн ядахуй минь ирдэг
Тэгээд би үзгээ бариад энэ амьдралын
Тийм баян, бас хайрлам үнэнийг бичдэг /“Тэнгэрт ургадаг модод”, УБ, 2000, 120/ энэ хүсэл, мэдрэмж, сэтгэл нь гэрэлтсэнийг харахад ч, сүүлийн номдоо
Энэ шувуудыг өвөлжөөд, бас хавар хэрхэн өндөглөхийг л хүлээнэ
Эргээд тэгээд тэр өндөг шувуу болон торнихыг л хүлээнэ
Энэ бол утга учир, миний жинхэнэ амьдрал
Энэ бол хүлээлт, итгэл бас хайр гэж залбирсныг харахад ч Л.Өлзийтөгсийг яруу найрагчийн хувьд өмөөрөхийн тал дээр ярих ч хэрэг үгүй. Тэр шинэчлэгч (уншигчдаасаа “зул задарчихсан”) уран бүтээлч, жинхэнэ(гэхэд л хангалттай) яруу найрагч.

Х.Чойдогжамц

Comments