Өндөрт төрсөн хүн ёроолд шургадаггүй

Зохиолч, яруу найрагч Г.Аюурзана
Найруулагч С.Бямбын "Алсын удирдлага" киноны талаар бичсэн энэхүү мэргэжлийн тайлал тэмдэглэлийг бахарханхан байж орууллаа. Гарсан дор нийтлэхийг зорьсон ч блогийнхоо нууц үгийг мартагнан түдсэн юм. "Алтан гадас" чигийг зааж, "хүндийн төв"-ийг олуулдаг билээ.

           Бидний багад зурагтыг холоос удирдаад дууг нь чангалж султгаж, суваг сольж болдог тухай төсөөлөл ч байгаагүй. Манайх л лав “Рекорд В-340” хэмээх хар цагаан зурагттай, суваг солихын тулд сантекникийн шугамны винтил эргүүлэхийн дайны хүч гаргаж тачигнуулдаг сан. Сүүлдээ суваг солигчийн эрвээхэй түлхүүр хагараад уначихсан тул бахиар голыг нь чимхэж эргүүлдэг болж билээ. Бахь бариад ч болсон тохируулж болдог л байсан нь их юм. Харин амьдралыг бол өөрчилж, залруулж чадах удирдлага гэж даан ч үгүй.
            Гэхдээ амьдрал хэдийгээр нэлийсэн, эх зах нь харагдахгүй, хойшид юу учрах нь тодорхойгүй, сүрдэм зүйл мөн хэдий ч, яг тулаад харвал, бидэнд алхам тутамд маань тохиолдож буй хэсэг хэсэгхэн явдлуудаас л бүрддэг. Заримдаа бид амьдралаасаа гараад хаа нэгтээ, хэн нэгний амьдралаар амьдарч байгаад буцаж ирдэг. Ном уншина гэдэг бусдын толгойгоор сэтгэхийн, кино үзнэ гэдэг бусдын амьдралаар амьдрахын нэр шүү дээ. Магадгүй, амьдралаа арай өөр голдирлоор түр зуур ч болохноо урсгаж үзэх боломж олгодгоороо урлаг гэдэг нэг ёсны удирдлага, бүр хамгийн төгс удирдлага ч юм уу? Энэ утгаараа би амьдралынхаа 90 минутыг Бямбаа найруулагчийн ертөнцөд өнгөрөөчихөөд буцаж газардлаа.
            Төмөр замын бяцхан өртөөний жаалхүүг хөрш айлынх нь авгай сүү заруулахаар хот руу явуулж байна. Миний үеийн яруу найрагч Б.Мягмаржав нэгэнтээ “Миний хот намайг “Сүү аваарай!” гэж сэрээнэ / Тахиан дуугаар биш, “сүү аваарай” гэж сэрээдэг монгол хот...” хэмээсэн утгатай шүлэг уншиж билээ. Нээрэн ч монгол хүнд сүү бол цагаан зам мөр бэлгэдсэн, ихээхэн утга учиртай ойлголт. Сүү зарах аялал нь тосгоны жаалхүүг цоо шинээр амьдралыг харахад хөтөлснөөр кино өрнөж буй нь монгол найруулагчийн л далд ухамсарт бий болох дохио биз.
            Голбаатар маань төрөлхийн өөр жаал л даа. Эцэг нь түүнийг төрөхөд шүхэрч Буниагийн нэрийг өгөх гэж бодож байжээ. Б.Ринченгийн ийм нэртэй өгүүллэг байдгийг бөглүү тосгонд ааваас нь өөр уншсан хүн ч байсангүй. Хөөрхий, талийгаач ээж нь Буниа хэмээх нэрийг ойшоогоогүй бололтой. Ингээд Цог нэртэй болж л дээ. Гэлээ ч, Цогоо багаасаа л өндрийн мөрөөдөлтэй, нисч яваа хүн зурах дуртай болж өсчээ. Тэр үнэндээ Буниа байлаа. Гэвч эх нь нас барж, эцэг нь архинд орж, нислэг мөрөөдөөд байхааргүй ядуу тарчиг, дутуу гуцуу амьдрал түүнийг нөмөрчээ. Өнчин дүүгийнхээ хамт хойт эхийн гар харж яваа хүүд найдах юм бараг л үлдээгүй, тийм л гарцгүй мэт авралгүй өсвөр нас. Гэвч угаасаа өндөрт төрсөн хүн ёроолд шургадаггүй аж.
            Гэртээ, төмөр замын буйд өртөөндөө хашигдаж тэвчихгүйд хүрсэн хөвгүүн сүү зараад амь зууж болно гэсэн ойлголттой байсныхаа ачаар хотод шингэж чадна. Түүний өмнө хулгай хийж, хүн мэхэлж амьдрах зам хамгийн түрүүнд дэлгэгдсэн. Гэвч тэр орон сууцны дээвэрт хэр тааруу оромж зэхэж аваад, үдшийн цагаар гэрэлт цонхнуудыг ширтэж, яг л кино үзэж байгаа мэт бусдын аз жаргалтай дүүрэн амьдралаар сэтгэлээ сэлбэж, мөрөөдлөө бодот болгон суухын амтанд тэр бүх хонжоонч завшаанаас татгалзаж чадав. Ер нь хүмүүсийг хоёр л ангилчихаж болмоор мэт. Нэг хэсэг нь засаршгүй завшаан ч, тэр завшаанаа олж хүртэхийн төлөөнөө бусдыг дээрэмдэхээс, ер юунаас ч үл буцагсад. Нөгөө хэсэг нь бусдыг тонож дээрэмдээд ч ханахгүй ашиг завшааны ангуучлалд анхнаасаа л хөл тавьдаггүй, тийм зам байгааг олж харлаа ч сэтгэл нь өөр зүйлд тэмүүлэгсэд. Киноны баатар маань хоёр дахь хэсэгт харьяалалтай төрсөн нэгэн аж.
            Тэрээр баярлаж цэнгэж байгаа айл өрхийн цонх руу дурандахдаа өөрөө тэдний аз жаргалаар халгиж, уйлж хэрэлдэж буй хосуудыг харахдаа тэдний дэргэд шаналж сурчээ. Жаал хөвгүүний дотор жинхэнэ хүн бий болж байгааг, кино маань өөрөө дотроосоо цаад киногоо бидэнд задлан үзүүлж байгааг эндээс олж харж болно. (Жинхэнэ хүн гэдэг нь, магадгүй, уран бүтээлч ч юм уу?) Хүү дуран барьж, бид дэлгэц ширтэж сууна.
            Цонх бүрийн цаана янз бүрийн хүмүүс: хөгжимчин, лам, муудалцах дуртай залуу хос...Цонх бүрийн цаана Цогоогийн мөрөөдөж л чадах бүрэн дүүрэн амьдрал. Бас цонх бүрийн цаана зурагт. Хүү айлуудын зурагт бүрийг ээлжээр харж, богино долгионы хүлээн авагчаар дууг нь тааруулж барих гэж оролдсоор, энэ өрөвдөлтэй зугаандаа баяссаар өдөр хоног өнгөрөөх болов (Хүүхэд нас гэдэг ийм л гайхамшигтай. Багахан зүйлд ханаж чаддагаараа тэр гэгээрэлтэй төстэй. Харин бид гэгээрэл мэт тэр насаа бушуухан орхиж, мунхралд хутгалдахыг юутай их хүсдэг билээ?)
            Гэтэл нэгэн цонхоор нисч яваа хүний зураг харагджээ. Марк Шагалын барилаар зурагдсан, эхнэр хувцастай бүсгүй хүн тэнгэрээр хийсэх мэт, шумбах мэт чөлөөтэй хөнгөхөн нисэх агаад гараас нь хэн нэгэн атгаагүй сэн бол сайхь бүсгүй огторгуйд уусаад бүр алга болчих байсан биз. Гараас нь атгасан эр морь унаж явав.
            Жаал хүүгийн дотор цоо шинэ, өөрийг нь нэг мөсөн өөрчлөх тийм ид шид амилах нь тэр.
            Одоо Цогоо өглөө бүр төмөр замын өртөөн дээр очиж, арай хямд үнээр сүү авч хоёр савандаа хийчихээд, орон сууцны хорооллын сэхээвчинд зогсон, сүүгээ ганц ганц литрээр нь тасалж зарчихаад, бусад цагт мөнөөх нисч яваа бүсгүйн зураг цаад хананд нь өлгөөтэй цонхыг л харуулдаж заншлаа.
            Өвөрмөц зураг өлгөөтэй байранд гучаад насны бүсгүй сууна (Хөвгүүн арван зургаа долоотой гэдгийг энд дурдах хэрэгтэй). Амьдралд нь дутуу юм үгүй тэр бүсгүй харин өндрөөс айдаг өвчтэй аж. Айдсаа давах гэсэндээ хамгийн дээд давхарт байр авчээ. Гэвч одоо тийм өндөрт нүүж ирсэндээ харамсан, ийм өндөрт байр авах санааг гаргасан найз хархүүтэйгээ тар тур хийж, цонхоороо ч шагайж үзэлгүй гэр дотуураа дэмий л холхин өдрийг өнгөрөөх аж. Бүсгүй үе үе хагас нүцгэн явна. Жаалхүү түүнийг дурандсаар сэтгэл алдарчээ.
            Зураг, бүсгүй хоёрын алинд нь хөвгүүн сэтгэл алдсаныг мэдэхгүй. Гэхдээ бүсгүй хүн илүү амьд, зураг арай л зохиомол харагдах нь мэдээж. Зурагтууд, нисч яваа бүсгүйн зураг, өрөөн дотуураа “нисэх” эгчмэд бүсгүй... Одоо Цогоо нисч яваа шүхэрч Буниа хэмээх лам жаалыг биш, ямар нэгэн сахиусан тэнгэрийг зурах ёстой болжээ.
            Цахилгаан барааны дэлгүүрт санаандгүй тохиолдлоор ямар ч төрлийн зурагтыг маш холоос удирдаж болдог удирдлага байдгийг мэдэж авсан нь хөвгүүний сэтгэлд аврал мэтгэрэл гэгээ тусгалаа. Алсын удирдлага сайн тусмаа үнэтэй. Сүү зараад амиа зогоодог жаалд тийм мөнгө байсангүй. Ингээд нэг суурингаас гаралтай, хотод дэлсул, болох бүтэхгүй юм хийж явдаг залууд хандаж “алсын удирдлага” авах мөнгө гуйхаасаа ч бэргэсэнгүй. Удирдлагатай болохын тулд Цогоо хулгайч хархүүг дагаж танихгүй айлын босго алхав. Азаар, тун сайн удирдлага таарчээ.
            Тэрээр эзгүй айлуудын зурагтыГ хүссэнээрээ удирдан асааж унтрааж, суваг сольж, дотроо амьдралыг, гадаад ертөнцийг удирдах удирдлагыг гартаа авчихсан мэт баясна.
            Алсын удирдлага барьсан хөвгүүн дээврээс бүсгүйн цонх руу дурандан зогсоо тэр зураг бол киноны үндсэн өгүүлэмж. Энд Цогоо жаргалтай байна. Тарчиг мөхөс амьдрал нь өөр голдиролдоо үлдэж, тэр одоо бүсгүйн хөдөлгөөн бүрээр амьсгална. “Алсын удирдлага” киноны зураглалууд ер нь маш гоё. Яг л амттай бичигдсэн шүлгийн мөрүүд шиг. Тэр бүхнийг харж л мэдэрнэ үү гэхээс, дамжуулж бичих боломжгүй. Жишээ нь, дэлгүүрт гоц гойд удирдлага олж харсан хөвгүүний замд гэхэд л орчин үеийн шилэн барилгын хананд Чойжин ламын сүм тольдогдон туссан нэг гайхалтай план гардаг. Ирээдүйг бэлгэдэх мэт шилэн байшинд эртний сүмийн дүрс тусахдаа эгээл Занданжуу бурхан шиг долгиотож байна гээч! Занданжуу хэмээх тэр бурхныг Будда амьд сэрүүн байх цагт, өөрөөс нь харж сийлбэрлэсэн домогтой. Гэвч гэгээрсэн хүмүүнээс сацрах гэрэлд зураач гялбасан тул хажуух цөөрмийн мандалд туссан дүрийг нь хуулсан гэдэг. Тиймээс одоо Буриадад байгаа тэр шүтээн усны бидэр татсан мэт гилбэлгээнтэй харагддаг юм билээ.
            Цогоотой хамт явахад, түүнтэй хамт тэр дээврээс нь харахад, бохир бэрх Улаанбаатар маань яруу найраг шиг хот үзэгддэг юм байна. Сансарын хонгилоос уруудах замын хоёр урсгалыг хязгаарласан хашлага дээгүүр, бас автобусны буудал дээр монгол хувцастай, бүр эхнэр үстэй, гоо бүсгүй юунд ч үл сатааран, эрхэмсэг бардам алхаж яваа нь бусдад биш, Цогоод л харагдаж, бид ямар нэгэн аугаа гайхамшигт оюун санаа шингэсэн ариун дагшин газарт арай л буруу амьдраад явна уу даа хэмээн эрхгүй гунихад хүрэв. Киноны ховс тэр биз ээ. Арт кинонд бэлтгэгдээгүй үзэгчийн хувьд бол үйл явдал бараг үгүй, гэнэтийн зохиомол үзэгдэл нь нэлээд гаж этгээд санагдаж болох л юм. Гэвч яг үнэндээ амьдрал өөрөө хэвэнд цутгасан мэт ойлгомжтой зүйл биш шүү дээ. Би л хувьдаа уг киноноос Монгол орны маш олон өнгө төрхийг “цуглуулан” харчих шиг болсон.
            Гэхдээ кинонд гарч буй гудамжууд, барилгууд, шөнийн гэрлүүд өнөөдрийн Улаанбаатар атал, үйл явдал нь яагаад ч юм бэ 1990-ээд оны явдал шиг, баатруудынх нь зан араншин, амьдралд хандаж буй байдал ч тэр л үеийг санагдуулах юм. Магадгүй, зохиогч нь өөрөө нийгэм солигдсоны дараахь тэр л цаг үед өнгөрөөсөн залуу насаа киноныхоо баатраар дамжуулан дурсаж, тодорхой утгаараа энэ кино “Уран бүтээлчийн залуугийн хөрөг”-ийн нэг хэсэг болсон учраас тэр ч байж мэднэ. Цогоо хүү хожим уран бүтээлч болно гэдэгт бараг л эргэлзэх хэрэггүй. Гагцхүү бүтээлч сэтгэлгээтэй хүн л бүтээлч мөрөөдөлтэй байдаг. Амьдралыг удирдаж, зохицуулж, бусдын амьдрал руу нэвтэрч, бусдыг амьдралдаа нэвтрүүлж чадах сэтгэл уран бүтээлч хүнд л заяадаг. Зөвхөн уран бүтээлч гэж явцуурах нь илүүц ч байх аа даа. Бидний хэнд маань ч гэсэн амьдралыг удирдчихмаар, зүгээр л товчлуур дараад л бусдад нөлөөлчихмөөр, болохгүй бүтэхгүйг залруулчихмаар хүсэл хэзээ л эс  төрдөг сөн билээ дээ? Харин ихэнх хүн амьдралыг залшгүй, залруулшгүй гэж бодоод байдаг. Амьдрал гэдэг өөрөө бодтой биш, харин ч хийсвэр, уран сэтгэлгээний ойлголт гэдгийг мартаад явдаг. Яг үнэндээ залруулж болохгүй зүйл гэж амьдралд үгүй. Энэ киног хар л даа. Ердийн л нэг зурагтын удирдлага гартаа бариад, дээвэр дээр зогсож байгаа жаалхүү бүсгүйн гэрийг ухахаар завдсан хулгайчдын халдлагыг буцаачихлаа шүү дээ. Яг л жаалхүүгийн зурсан сахиусан тэнгэр мэт нисч яваа бүсгүйн дүрс өндрөөс зүрхалдах өвчтэй бүсгүйг тайвшруулж, тэр бүсгүйн амьдралыг ч хайр дурлалыг ч аварч чадсан шиг.


            Монгол хүн орчин үеийн кино урлагт орчин үеийн дээд түвшний хэл, хийцтэй кино бүтээх цээнд нэгэнт хүрснийг Бямбаагийн “Алсын удирдлага” кино харуулж чадлаа. Олон улсын нэр хүндтэй наадмуудад хэрхэн амжилттай оролцсоныг нь бид цөм дуулж, бахархсан тул нуршаад яахав. Хамгийн олзуурхууштай нь, энэ киноны гишгүүр дээрээс цаашаа ахих залуусыг мөн ч сайхан ирээдүй угтаж байна даа. Харин энгийн, үзэгчдийн нийтлэг хэмжээ бол энэ киноны түвшинд арай л тэнцэхүйц хүрээгүй яваа бололтой. Нээлтээс нь хойш гурав хоногийн дараа эхнэр бид хоёр “Тэнгис” кино театрт үзэхэд, биднээс гадна яг арван үзэгч байв. Бодвол, анхны үзэгчид нь киноны тухай зөв мэдээлэл цааш түгээж чадахааргүй хэмжээнд киног ойлгоод гарсных бизээ.
            Амьдрал нэг бодлын егөө юм даа. “Алсын удирдлага”-ын төгсгөлд Цогоо хүү асар олон зүйлийг ойлгоход, магадгүй энэ амьдралын цаад үнэн төрхийг олж харахад тус болсон мөнөөх удирдлагаа дээвэр дээрээс шидчихдэг. Түүнд одоо өөрийнхөө замаар, өөртөө үнэнч явж чадах итгэл суужээ. Яаж суусныг нь мэдэрч танихын тулд киног нь шимтэн сууж үзэх л хэрэгтэй дээ. Ямарваа буурьтай бүтээлийн нэгэн адил, “Алсын удирдлага” кино ч өөрийн үзэгчтэй. Тэр үзэгчдийнхээ хүрээнд Бямбаа найруулагч дараагийнхаа алхмуудыг эргэлзээнгүй үргэлжлүүлэх нь лавтай. Энэ утгаараа Цогоо тэр хосгүй гайхамшигт удирдлагаа орхиж байгаа нь, “Алсын удирдлага” киноны энэ төгсгөл бол төгс! Төгс төгсдөг кино ер нь хаа ч тэр тийм олон биш шүү.

                                                2014.3.6..

Comments

Anonymous said…
Hun hun gedegee huneesee l haih. Hun bolsnii uchir ni arai l deer. Zurh setgeldee gaihamshigiig bish yumaa gehed az jargal ugch chadah bololmjiig tsogtslooj husehgui tavilandaa hulegdsen bish hayah l. Uzeegui zuilee uzlee unshlaa uzeh yostoi husej bui zuildee temuuleh erchind mini huch nemsen saihan buteel baih.Teddy
Anonymous said…
goy bichjee...