Ичингийн шүлэг

Утга зохиол судлаач, шүүмжлэгч Г.Батсуурь
Зоригийн тайван нухацтай яриа, Бат-Үүлийн цонхигор зэвүүн царай, Хонхын Цогтсайханы дуу, Ичингийн шүлэг.., 90-ээд он. Ардчилсан хувьсгалын  үзэл санаа нийгмийн бүхий салбарт нөлөөлсөн боловч уран зохиол түүний дотор яруу найрагт хамгийн хүчтэй мэдрэгдсэн мэт санагддаг. Тэрхүү нийгмийн шилжилт шинэчлэлтэй зэрэгцэн монголын яруу найрагт олон авьяастан төрсөн нь гайхам агаад бахархам. Тэдний тэргүүн эгнээнд Баярхүүгийн Ичинхорлоо байсан. Ер нь Баярхүүгийн Ичинхорлоо 90-ээд оныхныг хоёр гурван жилдээ өнгөлж явсан гэхэд огт хилс болохгүй. 90-ээд оны нийгмийн тэр их донсолгоо нь өөрөө яруу найрагт үндсэрхэг үзлийн уриалга, индрийн өнгө аясыг шаардсан мэт. Яруу найрагч Б.Ичинхорлоо ч нийгмийн нэгэн гишүүн болохын хувьд тэрхүү өнгө аясыг үл тойрсон нь “Тэнгэр” шүлгээрээ “Болор цом” хүртэж байснаас харагдана, энэ тухай бичиж байсан тул үл өгүүлэн өгүүлсүгэй.
Тэрээр “Эх орон” шүлэгтээ:
Эх орон минь
Оршуулгын газар минь
Элгэнд нэвчсэн гуниг
Ойд багтамгүй шаналан минь
Ядуу малчны өргөмөл охин юм чи
Яруу шүлэгчийн бахархал юм... (Эх орон) гэх буюу “Эх нутаг” шүлэгтээ:
Цав цагаахан навчис тэнгэрээс хагдарч
Хуучин гутлын уланд чихрана
Цас орж байна гэж намайг тэнэглэхэд
Хэнэгүйхнээр хүмүүс толгой дохино
Тэс хөлдүү моддын мөчирт
Даль хумин болжмор чичирч
Зовлонт эх нутгийнхаа тухай
Золгүй тэнүүлч гиюүрэн дуулна
Энд би оршуулгын газар шигээ дасаж
Элгээ өмлөн хоромхон чулуужна... (Эх нутаг) гэж шүлэглэсэн буй. Эх орон, эх нутаг гэдэг энэхүү бахархам бас шимшрэм ойлголтыг өөрийн дотоод мөн чанараар шүншиглэн буулгасан нь содон. Авьяас зоримог шинжийг, авьяастан дотоод шаналал, тэчьяадал, шимшрэлийг агуулдаг мэт. Яруу найрагч Б.Ичинхорлоогийн авьяас, аливааг өөр нүдээр харахуйн билэг билгүүн нь цас орохыг цагаан навч хагдрах гэж хэлэх мэт олон баримтуудаас харагддаг бол дотоод шаналал нь энд «...элгээ өмлөн...» гэж илэрчээ. Яруу найрагчийн элгэнд нэвчсэн гуниг, элгээ өмлөн дуулж буй нь эх орон. Эх орны тухай бодоход яагаад ч юм нэг л гуниг төрдөг тэр л мэдрэмжийг яруу найрагч ийн бичжээ.
Ер нь яруу найраг гэдэг бол утгыг уран үгээр илэрхийлэхдээ ч биш харин уран утга, түүний цаад мөн чанарын үгжих бололцоо юм. Учир нь яруу найрагчийн бичсэн байгаагаас бичээгүй байгаа шүлгүүд нь илүү байдаг ба тэдгээр үл илэрхийлэгдсэн шүлгүүд нь үгжиж амжаагүй л байгаа хэрэг. Зарим нь огт үгжин буух бололцоо ч үгүй болой. Яруу найрагчийн дотоод шаналал нэг хоёр үгээр, нэг хоёр зүйрлэл, дүрслэлээр зурвас боловч мэдрэгдэх нь яг л аянгын гялбаа шиг.
Түүнд “Нэгдүгээр сарын шүлэглэл” гэж нэгэн шүлэг буй. Уг шүлэгт:
Уран тогос гургалдайн тухай дуулахаасаа
Уулын бүргэд хөх чонын тухай би шүлэглэдэг
Хамгийн тансаг найран дээр цэнгэхээсээ
Хаврын бороо зуны үдшээр догдолдог
Хуримын бөгж сарны гэрэлд гялсхийх шиг болоод
Хундага жингэнэх шиг болор одод хуйлрахад дурладаг... хэмээдэг агаад энэ нь бүсгүй найрагчийн дотоод аглаг мөн чанарын эхлэл. Мөн:
...Цэцгийн гоёмсогт бус үнэрийнх нь сайханд саатдаг
Цээжээ дэлдэж бус зүрхээ чагнаж эх орноо хайрладаг
Шилмүүсны үнэр хөвд ногоон дээр чамтайгаа зэрэгцэн сууж дуулдаг
Ширээнийхээ гэрэлд толгойгоо түшин сууж ганцаараа уйлдаг... хэмээж яруу найраг хийгээд ертөнцийг үзэхүйн чиг шугамаа нээсэн байгаа бол:
...Ялалтын дуулиан алдрын титэмд дурлахаасаа
Янагийн тэврэлт хайрын үгэнд шимтдэг
Үүрээр шүлгийн ширээний араас босч амрагаа үнсээд
Үнэгчлэн буй хүүгийнхээ хучлагыг засах
Жаргал минь тэр болдог... гэж тунхаглан өөрийн бүтэн байхуйн орон зай хийгээд амрагтаа дурлаж, хүүгээ хайрлаад шүлгээ бичин өнөд амарлин сууж яруу найргийн тунгалаг төгсгөлдөө хүрэхээ нээсэн нь тодорно. Энэ шүлэг бол Б.Ичинхорлоогийн эхлэл юм, бас төгсгөл юм.
Яруу найрагч Б.Ичинхорлоогийн мөн чанарыг “Тэнгэр”, “Хөөмий”, “Тал шагай”, “Идэр залуу бүргэд” эсвэл “Бөртэ чонын дуудлага” ч юм уу иймэрхүү өнгө төрхтэй шүлгүүдээс нь илүү “Жингийн цуваа”, “”Бодол”, “Гүн шөнийн шүлэглэл”, “Нэгдүгээр сарын шүлэглэл”, “Намрын дуун”, “Эх нутаг”, “Шөнө дундын шүлэг” гээд жаахан дотогшоо шүлгүүд нь төлөөлөх болов уу. Ер нь түүний номуудыг харж суухад “Болор цом”-ын тайзан дээрх Ичинхорлоо, алив нэгэн цэнгүүнийг хөтлөн удирдах Ичинхорлоогийн аль нь ч үл харагдана. Тийм өнгө аяс бүхий шүлгүүдээс нь:


...Буугаад мордох тавиланг өрөвдөө нь үгүй ширвэсэн
Буянд цадаагүй орчлонг аргадаж нэг дуулахаас даа
Сүүмэн сүүмэн буцсан жингийн тэр л цуваанд
Сүүтэн сүүтэн буусан гунигаа дайгаад явуулахаас даа (Жингийн цуваа) гэх буюу           
...Бурхан зүгийн салхиар хээрийн ногоо налаад
Борхон толгодын бэлд өвгөн шувуу үүрэглэхэд
Сэрүүн уулын шүлэгч түүдгийн дэргэд бөхийж
Сэлүүн үдшийн саранг хундага дарсаар аргаддаг аа (Гүн шөнийн шүлэглэл) гэсэн мөрүүд тодорч үзэгдэх нь уйтай атлаа хүлээлттэй. Ер нь түүний шүлгүүдээс нэгэн их өөрчлөлтийг, их давалгааг, нэгэн төгс хүмүүнийг эсвэл галав юүлэхийг ч юм уу хүлээх мэт хачин мэдрэмж төрөх нь найрагчийн философидолтын феномен шинж гэлтэй. Тухайлбал “Чулуун домог” шүлэгт зуу зуун жилээр хэн нэгнийг хүлээн зогсоо мэт хүн чулууны дүрээр дамжуулан өөрийгөө нээсэн нь сонирхолтой. Тодруулбал:      
Түүхийн шаргал балгасан дээр
Түнэр шөнө гагцаар зогсном
Амрагаа тэврэх гаргүй
Азгүй хүн чулуу
Амьд нүдээр ширтэх нь
Айдас төрнөм... (Чулуун домог) гэх буюу
                                               
...Хүн чулууны мөрөн дээр
Хон хэрээ суугаад
Хошуугаа билүүдэх гэж
Нүдийг нь тоншино (Чулуун домог) хэмээн шүлэглэсэн нь түүний яруу найргийн өнгө төрхийг илүүтэй илэрхийлэх бөлгөө. Уг шүлэгт:
...Түүхийн шаргал балгасан дунд
Түнэр шөнөөр гагцаар очиход
Он цагийн бууринд
Ганц хөшөө зогсоно... (Чулуун домог) хэмээсэн нь найрагчийн цаг хугацааг эсэргүүцсэн далд мэдрэмжийн буулт мэт. Өөрөөр хэлбэл энэ мэт шүлгүүд нь яруу найрагч Б.Ичинхорлоогийн «анти цаг хугацаа»-ны дүрслэл. Өнгөрсөн, одоо, ирээдүйг нэгэн дор цогцлоон бүтээж шүлэглэх нь яруу найрагчийн цаг хугацааг тасалдуулан, сүлэн, хутгаж буй нь юм. Тэрхүү цаг хугацааны тасалдалтыг хүний оршихуйн цаг, орны нэгдлийн үүднээс үзвэл өнгөрсөн, одоо, ирээдүйн цуваа шинжийн сарнилд хүрэх юм. Яруу найрагч Б.Ичинхорлоогийн цаг хугацаанаас ямар нэгэн их юм хүлээх мэт мэдрэмж нь явсаар анти цаг хугацаа буюу цаг хугацааны эсрэг мэт дүрслэлүүдээр илэрч буй нь түүний яруу найргийн үндсэн мөн чанар мэт харагдмой. Түүнийг нь:
Орчихуйн чинадад бодит оршихуй байдаг
Тэндээс шүлэг түүж жаргав би
Тийнхүү цагийг давж үнэн үлдэнэ
Цаана нь миний шүлэг үлдэнэ хэмээв ээ... гэх энэ баримт тодруулна. Цаг хугацааны учир учигийг яруу найрагчид дуулсан нь олон. Их Нацагдорж “Дөрвөн цаг” шүлэгтээ, Эрээнцавын Нямсүрэн “Дөрвөн цаг” шүлэгтээ, Дамдинсүрэнгийн Урианхай “Монголын чулуу” шүлэгтээ, Гунаажавын Аюурзана “Миний дургүй сарууд” шүлэгтээ, Цогдоржийн Бавуудорж “Монголын их амар амгалан” шүлэгтээ гээд цаг хугацаа түүний бүхнийг эрхшээгч, үл тоомсорлогч мөн чанарыг хэлсэн буй. Харин Б.Ичинхорлоо түүнийг даван үлдэхүйн тухай, түүнтэй эсрэгцэхийн үзүүрт хүрч илэрхийлсэн нь том. Том нь хэн нэгэнтэй бус цаг хугацаатай арсалдсандаа л оршино. Дахин үзвээс:
...Цувуу хөх уулсын дээгүүр намрын хун эргээд л ирнэ
Шувуу буцна гэдгийг тэрүүхэндээ бас л огоорно
Амраг дурлалд гэгэлзэн нэгэн зуур насаа мартана
Ахиад л шүлгийг урин гурван хундага дарс хүлээнэ (Шувууд хэдийдээ буцаад гэж эхлэх нэргүй шүлэг) гэх буюу
...Аянч хун нуурын мандалд буух шиг л
Алжааж хүлээсэн цаг мөчүүд миний мэдэлд ирлээ
Мянган жил өнгөрөвч шинэхэн байх үгийг
Магад одоо л хэлье чамд би хайртай (Тэртээх хаврын өдрүүдийнх шиг гэж эхлэх нэргүй шүлэг) гэсэн жишээнүүдээс найрагчийн хайр, хайрлахуйн мөн чанарынх нь дэргэд цаг хугацаа өчүүхэн байгаа бол:
...Манант ертөнцийн харгуй, өлгийн бүүвэй ч хэмжээтэй
Магадын энэ орчлон мартаж санахын хэмжээтэй
Уйтгарлаж хоног өдрүүдээс дэмий уйдавч
Угтаж буй цаг хугацаа, одож буй амьдрал хэмжээлшгүй... (Юм бүхэн өөр өөрийн хэмжээтэй гэж эхлэх нэргүй шүлэг),
...Гоо охидын гэзгэн дэхь тууз жижигхэн хөх шувуу болоод
Голын тэртээх манан руу он жил шиг алдуурч одно
Цаг эртийн хараацай алган дээр өдөө унагана
Цаашлан буй хоног сарууд гэнэн чигээрээ үлдэнэ
Цагийн цагт таныг санасаар хорвоог би гээж одно (Өчнөөн жил өнгөрөвч гэж эхлэх нэргүй шүлэг) зэрэг шүлгүүдээс нь болон “Хөх торгон цамц” шүлгийн “Мартахын хэмээр улирдаг он цагт хууртахгүй” гэсэн мөрөөс нь улиран одох, бүхнийг мартуулан элээх цаг хугацаанд үл хууртах хийгээд түүнийг үл тоомсорлохын шалтгаанаа нээсэн нь сонирхолтой юм. Энэ бүхнээс Б.Ичинхорлоогийн яруу найргийн анти цаг хугацаалаг мөн чанар тодрох аж. Яруу найрагч л цаг хугацаатай тэрслэн үлдэж чаддаг нь Хүн улсын үеийн шүлэгчийн бүтээл хийгээд В.Гүлранс, В.Гүнначүг, Д.Нацагдорж Б.Явуухулан нарын зэрэг олон суут найрагчдын сонгодог бүтээлүүдийн цаг хугацааг үл ажран үнэд орохуйн шалтгаан нотолно.
90-ээд оноос манай яруу найрагт шинэчлэл хийгдсэн. Тэр шинэчлэл нь гүн бүтэцдээ ардчилсан хувьсгалын долгионд цохигдон гарч ирсэн сэтгэлгээний шинэчлэл юм. Өмнөх үеийн яруу найрагт голлож байсан цаг үечлэх хандлага буюу нийгмийн үзэл санааг нэн тэргүүнд тавин тунхаглах индрийн өнгө аяс нь 90-ээд онд ч, өнөөдөр ч өнгөн талдаа хурц мэдрэгдэж байгаа боловч цаад мөн чанартаа өөр болсон. Шүүмжлэл судлалын хувьд ч мөн өөр болж байгаа, болохоос ч аргагүй нь нотлогдсоор байна. Манай уран зохиолын шүүмжлэл судлалын гол асуудал нь үнэлж дүгнэхэд оршиж байсан бололтой. Харин өдгөө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхүйн хэв маяг, яруу найргийн сэтгэхүйн үйлийн болон дээд чанараа илрүүлэх аргыг үүрэгжүүлэх тэр зам уруу орохоос өөр аргагүй болов. Гэхдээ шүүмжлэл судлалын гол асуудал нь «мөнхөд орших» шинж буюу үл шийдэгдэх мөн чанарт орших учиртай. Тэгж гэмээнэ яруу найраг ч бас мөнхөд орших буй. Шүүмжлэл судлалын үнэлж дүгнэхүйг үл үүрэгжүүлэх нь мөн л өрөөсгөл агаад гудамжныхан, тэтгэврийнхэн хийгээд хөнгөмсөг хүүхнүүдийн бичихүйн дон шүглэсэн энэ цаг үед тэдэнд өөрсдийнх нь тоноор хариу өгч уран зохиол, яруу найргийн дээд оршихуйг хадгалах нь ч зүй. Тэгж гэмээнэ сая анти-цаг хугацааны мөн чанарт оршино буй.
Мөн яруу найраг ер нь нийт уран зохиол судлалд уран бүтээлчийн сэтгэл зүйн хандлага өөрөөр хэлбэл шизофренийг орхигдуулж байсан нь бас нэг өрөөсгөл тал нь. Нийгмийн амьдралын явц нь өөрөө шизофреникуудыг бий болгож байгаа агаад 90-ээд онд уг давалгаа маш тод мэдрэгдсэн. Манай судлал шүүмжлэлийн хийгээд яруу найргийг, уран зохиолыг үзэхүйн өрөөсгөл нь уран сайхны хэл, түүгээр дамжин биежиж буй утга, тэрхүү утгын цаад мөн чанарыг философийн ба уран сайхны сэтгэлгээний судлагдахуун, нэн чухал муж хэмээн үзэж байгаагүйд орших болов уу. Утгын дараагийн мөн чанарт буюу мета түвшинд шийдэгдэх, бас үл шийдэгдэх үй түмэн асуудал уран зохиолд буй. Тэдгээр нь хувь уран бүтээлчийн хандлага дотоод түлхэцийн нөлөөгөөр дүр дүрслэлд шингэн амилаад хариу хүлээсээр хуудас нь шарлаж хоцрох нь түгээмэл зүй тогтол.
Яруу найрагч Б.Ичинхорлоогийн шүлгүүдээр л жишээлэхэд түүний индрийн шүлгүүдийг ард түмэн мэднэ, харин дотоод мөн чанартаа хийсэн эрэлхийлэл, манай яруу найрагт 90-ээд онд орж ирсэн, Б.Ичинхорлоогийн дамналцан оруулж ирсэн утгын холбоосуудын тасалдал бүхий яруу найргийн парадокс төрхүүдийг масс үл мэднэ. Тэр тохиолдолд яруу найрагчийн сэрэл нь уялдаа холбоос үгүй мэдрэмж ба утгуудын овооролт хэлбэрээр үлдэж хоцордог.
1990 оны ардчилсан хувьсгалын яруу найраг дахь биежсэн хэлбэр болох ичимдэгээ архины шилээр халхалсан хэрзгэр залуу хийгээд хөдөөх охины гэнэн төрхүүд нь тэрхүү донсолгоо бүхий хонгорхон үеийг төлөөлдөг. Чухам тэд л манай яруу найрагт шинэ гал цахин хөгжөөж өдгөө монголын уран зохиолын тулхтай төлөөлөгчид болон төлөвшсөн байгааг уншихад бахтай.
ХХ зууны сүүл үеийн монголын яруу найргийн томоохон төлөөлөгчдийн нэг яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоо, Гэгээн зүгээс, Орчихуйн чинадаас ирүүлэх Түүний шүлгүүд нь бидэнд эрх чөлөө, бардамнал, бахархал, амраглал бас гуниг, шимшрэл, харуусал, халаглал авчирсаар билээ... 




Comments