Х.Чойдогжамц /СУИС-ТУС/ |
/Ө.Үлэмжтөгс
“Иргэншлээс оргох тасалбар” номд/
“Б.Явуухулангийн
шүлэг мундаг, мундаг.
Даан
ч сэдэв нь янхан” /Б.Ринчен/
“Шинэ үнэр” хэмээх утга зохиолын бүлгэмийн
залуу бүтээлч Ө.Үлэмжтөгс номоо “Иргэншлээс оргох тасалбар” гэж улаан цайм
нэрлэлгүйгээр “Нуугдаж тоглоё” гэсэн бол абсурд жүжиг, урбан өгүүллэгийн түүвэр
гэх давхар гарчигандаа зохихын дээдэд зохих байлаа. Арван өгүүллэг, нэг жүжгээс
бүрдсэн эл номыг “Нуугдаж тоглоё” гэсэн ганцхан өгүүллэгтэй гэж хэлэх гэсэнгүй.
Магадгүй ганц дориун зохиол байна гэдэг амжилт ч юм бил үү? Гучин жил архи уусны, биш ээ гучин жил шүлэг бичсэний
эцэст гурван шүлэг л үлдэж байвал гучин жил шүлэг бичсэний, биш ээ гучин жил
архи уусны хэрэг гардаг гэх үг бий. Ямартай ч “Иргэншлээс оргох тасалбар” номоос “100% төгс эхнэр”, “Цоожтой
гүүр”, “Морг” өгүүллэгүүд өвөрмөц сэтгэлгээ, сонирхолтой хэлбэрийг эрэлхийлсэн
болох нь харагдана. Гэвч хэлбэр, загварын уран шинэчлэлээс илүүтэй хэлнийхээ “цэвэрлэгээн”-д урлагтай хандах
шаардлагыг эхний хуудаснаас л уландаа гишгэж “бантан зуурчээ”.
“100% төгс эхнэр” өгүүллэгт резинен хүүхэлдэйтэй хуримлан
хамтдаа/бүр олон орны хиймэл нууц
амрагуудтайгаа цугтаа/ амьдрах нууцлаг бөгөөд
этгээд гажиг залуугийн аж төрөл дүрслэгддэг. Бүгд л гайхах нь гайхаж, хараах нь
харааж гол нь түүний энэ үйлдэл, шийдвэрийг хэлэлцэхээс илүүтэй хиймэл хүүхнээр
нь амны зугаан хийн элдэвлэнэ. Гэвч аажимдаа түүнийг хоол нэхэж, мөнгө үрж,
хэрүүл өдөхгүй, хэзээ ч уурлахгүй, хэзээд хөөрхөн үргэлжид бэлэн 100% төгс эхнэр олж авсныг нь хүндэлцгээж, сэмхэн
атаархацгааж ч эхэлнэ. Нэгэнтээ мань эрийг хэсэг хугацаанд ажлаар яваад гэртээ
ирэхэд орилох чимээтэй буун дуу тасхийдэг. Бас л бүгд залууг амиа хорлочихлоо
гэж бодоход төвөггүй байсан ч эхнэр, нууц амрагуудыг нь шалдлаад хамтдаа хэвтэх
хиймэл эрийг тэрээр бууджээ. Удалгүй залуу тэндээс нүүснээр өгүүллэг төгсдөг. Зохиогчийн
иргэншлээс оргох тасалбараа захиалчихсан гэж өмнөтгөлдөө бичсэн дүрүүдийн
эхнийх нь энэ болтой.
Иргэншил буюу урбанизм нь өөрөө
томоохон хотуудын амьдрал, үйлийн тодорхойлолт төдийгүй хайр сэтгэл, үнэт зүйлс
гээд хувь хүн, нийгмийн сэтгэл зүйн хувьсан буй ааш аяг нь хүн төрөлхтний оршин
тогтнох ирээдүйн дүр төрхийг чимээлсэн маргаант асуудлын цөм юм. З.Фройдын
психоанализыг хөгжүүлсэн неофройдизмын нэрт төлөөлөгч Э.Фромм сэтгэц задлагийн
онолыг хувь хүн болоод нийгмийн тухай марксист, тэр дундаа “харьжихуйн”
сургаалтай нэгтгэхийг зорьсон гэдэг. Тэрээр “Орчин үеийн нийгмийн психоанализ”
хэмээх бүтээлдээ “адгуусны ертөнц болох байгалиас
тасарсан цагтаа л хүн жинхэнэ ёсоор хүн болно. Ингэснээр хүн харин орь ганцаар
үлдэнэ. Хэн нэгний эрхшээлд орох, эсвэл бусдыг эрхшээлдээ оруулахыг эрмэлзэх
гэсэн хоёр замын нэгийг нь сонгоно. Энэ нь хүн садизм, мазохизм хоёрын нэгийг
сонгох ёстой болно гэсэн үг юм”[1]
Чухамдаа манай баатар бол садист хэв
шинжид орох аж. Өөрөө өөртөө үнэнийг нээж, өөрийгөө л гэрэлтүүлж амьдрах гэдэг
урбан соёл/чухамаа соёл мөн эсэх?/, иргэншлийн нөхцөл дунд болохоор “дотоод хүн судлал”-ынхаа өвөрмөц механизмыг ажиллууж даван гарахыг тулгадаг
байна. Даван гарахгүйгээр өөрөөсөө татгалзаж “түмний түрэлт”-тэй эвлэрч ч болох ба энэ механизмыг харин конформизм(хөшингө байдал) гэдэг байна. Конформизмын
эсрэг төлөвийг деструктивизм буюу өөрийгөө эвдүүлэхгүйн тулд ертөнцийг сүйтгэн
бусниулахыг оролдох болно. Илүү ойлгомжтой тайлбарлахын тулд саяхан уншсан Г.Ганчөдөр шүлэгчийн “Харанхуй ба чимээгүй” номоос ишлэе.
Тагтан дээр минь
Өдөржин тагтаа суудаг
Тагтан дээрээ
Шөнөжин би суудаг
Нэг л өдөр би тэр тагтаа шиг
Нисээд явна
Амьдралд байхгүй эрх чөлөө рүүгээ
Амьдралд байгаа эрх чөлөөгөөрөө жигүүрлээд...
Харин тэд баатрынхаа эхнэр, амрагуудаар тэгж хатуу тохуурхаж
нүүлгэснээрээ ямар үр дүнд аваачсаныг мэдэхгүй юм. Гэмт хэрэгтэн л битгий
болоосой доо. Нээрээ л хэний ч бага насны охиныг хүчирхийлээгүй хэмгүй нэгэн
хүн л эрх чөлөөт амьдралаа цогцлоохоор бэдэрч явсан сан...Энд уг өгүүллэгийн
утга санаа, хөндсөн асуудлын эгзэгтэй шийдэл, дүрийн сэтгэл зүйн эрэлхийллийг дүйвүүлэн
тайлбарлалаа. Даан ч зохиолын хэлний илэрхийллийн чамлалтайг дор өгүүлсү.
“Харин сүйт
залуугаас илүүтэй биднийг түүний
шинэ эхнэр л юу юунаас илүү сонирхол
татаж байлаа” /100% төгс эхнэр. 5/ гэсэн ээдэрсэн өгүүлбэрийг “Харин сүйт залуугаас илүүтэй бидний сонирхлыг түүний
шинэ эхнэр л юу юунаас илүү татаж байлаа” гэж утгыг эмхлэхийг хэлүүлэлтгүй
санагдах юм. Мөн нэгэн хүүхдийн алдаа болбоос “Ер нь энэ тал дээр анхаарал хандуулахад илүүдэхгүй, дэвшилтэд
технологи ашиглаж мань эрийн гэр, ойр орчимд нууц камер байрлуулж ажиглалт
хийх, хотхоны харуул хамгаалалтын ажилчдыг нэмэх зэрэг олон зүйлсийг бид ярьцгаалаа...Ямар ч байсан бид бүхний санаа нэгдсэн зүйл нь
түүнээс болгоомжилцгоох,
түүний үйлдэл нэг бүрийг анхааралтай хянахаар болов”/7/ Цөөн үгэнд утгыг
нуух гэж найруулах эрдмийн талаар өтгөс мэргэд маань өгүүлдэг сэн. “Олон
зүйлийг ярьцгаалаа”, “бидний, болгоомжлох” зэргээр засамжилжилж болохуйц
хэлзүйн бичил хэрнэ билчээр томтой алдааг олноор харахад хянан тохиолдуулсан
Г.Дэлгэрмаа гэдэг хүн эл номд ямар үүрэгтэй оролцсоныг тааварлашгүй. Түүнчлэн “Бидний эхнэрийн сүүлийн уулзалтууд” /6/ гэх хэд, хичнээн эр, эм хүн байгаа нь үл мэдэгдэх өгүүлбэр
таныг цочоох вий. “Бизнесийн санаанууд дээрээ санал солилцож”/6/ гэдгийг “санаагаа
солилцож” гэхэд л утгыг хурааж, цаасаа хэмнэж, хороо гамнаж, номоо “нимгэлж”
болж байна шүү дээ. Эхлэн бичигчийн ч гэхэд хилсдэхээр хэт хүүхдийн бас нэгэн
жишээ бол “Бидний, тэр дундаа
хамгаас илүүтэй авгай хүүхнүүдийн хүсэн хүлээсэн тэр мөч бидний
нүдний өмнө тохиох нь тэр” /5/ хэмээх өгүүлбэр. Бидний
гэж зогсоц аваад тэр дундаа, хамгаас илүүтэй гэж ахин дахин онцолсон мөртлөө
дахин бидний өмнө гэж хэнэг ч үгүй давтагнажээ. Өөрөөр ч найруулж болох шүү
дээ.
“Барьцааны хүн” өгүүллэгт өөрөө
өөрийгөө барьцаалан хорьж, мөнгө нэхэхийн зэрэгцээ нэр төрөө сэргээлгэхийг
оролдон бүтэлгүйтсэнээр амиа егүүтгэх өгүүлэмж бидэнд төдий л шинэ биш. Экзистенциалист
зохиолч Ж.П.Сартрын жүжиг, өгүүллэгүүдэд баатрууд нь сайн дураараа өөрсдийгөө
хорьсон үйл явдал цөөнгүй гардаг бөгөөд “Альтоны хоригдогсод” жүжигтээ уг
хорионы асуудал бүр гэр бүлийн удамшил, уламжлалын шинжтэйг үзүүлсэн тун
сонирхолтой өгүүлэмж дэвшүүлснийг профессор Д.Галбаатар бичсэн буй. Тэгээд ч
хэтэрхий нуршинги, сул үгс дүүжигнэсэн, тайлбарлал ихтэй бичсэнээс болж мөн л
хэлний илэрхийлэл сулран утгын ялгарлыг балархай болгож буй ганцхан жишээг үзнэ
үү!
“Хамгаалагчаа харан
зориг орсон ресепшн үйлчлүүлэгчтэй байгаа гурван
өрөөнүүдээ шалгахаар дээш гарах гэснээ болгоомжлоод, дотоод сүлжээгээр өрөөнүүдийн утас руу нь
залгахаар шийдлээ”/Барьцааны хүн. 29/
Өчүүхэн өгүүлэлдээ бүтээлч
шүүмжлэлийг эн тэргүүнд эрхэмлэж буй боловч “Цыгануудын хаан” өгүүллэг нэрт зохиолч
Х.Л.Борхесийн “Гудамжны булан эрхшээгч” зохиолын хүүрнэлийг сануулаад байгааг
хэлэхгүй өнгөрч чадсангүй. Ингэлээ гээд бүтээлч биш болчихно гэж ч бас юу
байхав дээ. “Морг” өгүүллэгт нэгэн эмч өөд болсон бүсгүйг моргт “амь ороосой”
гэж чин сэтгэлээсээ хүсэн шившдэг. Улмаар өөрөө энэ үгнийхээ хүчээр өөд
болсныхоо дараа моргт буцан “амь орох” боловч оршуулгын ажил явдалд яарагсдаас хэн
ч түүнийг “амь ороосой” гэж бодохгүй байгаа тухай элдэвтэйгээр ёжилж гаргасан
нь содон болсныг тэмдэглэмээр байна.
Төгсгөлд нь “Нуугдаж тоглоё” өгүүллэг.
Үнэхээр ингэж л нэрлэх байлаа номоо. Гол баатар нь улсын шалгалтын өмнө,
дипломны хамгаалалтын өмнө, тэр байтугай хуримын тангарагаа өргөхийн өмнө/гэхдээ хайргүй бүсгүйтэйгээ/ хүртэл ор сураггүй
нуугдчихаад байдаг. Багадаа эзэнгүй нэгэн байшинд олуулаа нуугдаж тоглож
байгаад орны шургуулга дотор нуугдаад баригдалгүй үлдсэн учраас ийм хэвшилтэй
болжээ. Бага насныхаа тоглоомыг орхилгүй амьдрал дээр үргэлжүүлэн тоглосон хүн.
Тоглож чадсан хүний нэг гэвэл онох байх. Нуугдсанаараа хариуцлагаас бултаж
байгаа бус, оршихуйнхаа төлөөнөө тэмцэж байгаагийн бэлгэдэлт ёгт утга юм. Бусдад
бас нуугдахыг зааж байгаа юм. Аж төрөх гэдэг нэгэн хэрэг, оршин байна гэдэг
нэгэн хэрэг дээ! Насны эцэст үхэл түүнийг гарцаагүй
олохоор ирж буйг мэдрэх ч гол баатар маань амьдарч чадсан, оршиж чадсан, үхлээс
нь урьд хэн ч түүнийг тоглоом дууслаа, чамайг олчихлоо гэж хэлээгүй, хэлүүлээгүй
орчлонг туулсан учир нуугдаж ч чадаж, олдож ч чаджээ. Товчхондоо тэр тоглож
чаджээ.
“Хүүхэд ахуй
цагийн сэтгэлийн олон донсолгоо, хүүхдийн этгэцийг эвдэж чадах боловч ухамсраар
“мартагдаж” ухамсаргүй руугаа шахагдан орно. Гэвч тэд тэндээ амьдралын үлдсэн
бүх хугацаанд оршиж, заримдаа сэтгцийн бүр ноцтой хямрал хүртэл өсөн нэмэгдэж,
хүний тайван байдлыг алдагдуулах буюу зовооно. Хүн бүхэн өөртөө эмээхүй(айдас, хүйдэс)
мухар сүжгийн цогцолборын үлэмж олон тоотой зүйлийг тээж явна. Эдгээр заримдаа
гэм зэмгүй хачин ааш зангаар илрэх ба заримдаа лт нийгмийн эсрэг шинж төрхтэй
болно”[2] хэсээсэн агуу
сэтгэгч З.Фройдын онолыг ч өөртөө дуудуулж тайлбарлуулахаар чадалтай өгүүллэг
болж. Ийм тайлбарын араас гэтэл гэж үргэлжлүүлэхийг хүсээгүй ч шүүмжлээд буй
хэлний “уран биш”/уран болго, урнаар бичихийг
илтэд тулгасан бус/ найруулга утга санаа, уран
сайхнаа чирээд буй жишээ дахин нэгийг тайлбаргүй хэлээд өндөрлөе дөө. Энэ хүртэл
тэвчээртэй уншсанд тань талархана.
“Түрүүлж таван удаа ялагч болсон оролцогч тухайн сарын аварга болж тэр сарын тоглоом дуусан ирэх сараас тоглоом шинээр
эхэлнэ” /Нуугдаж тоглоё. 60/
2014.08.17
Comments