ХӨХ ТЭНГЭРИЙН ДОР ХӨӨДӨӨГИЙН ХҮҮ

Уран зохиол судлаач шүүмжлэгч Г.БАТСУУРЬ
Саявтархан Боловсролын их сургуулийн захирал доктор Д.Мөнхжаргал багштай ярьж суутал, багш нэг япон зураачийн тухай ярилаа л даа. Тэр их алдартай сайн зураач аж. Гэхдээ төрсөн гэртээ, аавдаа огт очдоггүй юм гэнэ. Аав нь ихээ өндөр настай болсон хүн байдаг. Нэгэн удаа зураачаас: -Та яагаад гэртээ, аавдаа очдоггүй юм бэ? гэхэд зураач: -Би үнэр мэдэрдэггүй, үнэр мэдэрдэггүй учраас гэртээ харъя, аавтайгаа уулзъя гэх мэдрэмж төрдөггүй гэж хариулжээ.
            Их найрагч Б.Явуухулан «Саалийн үнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд», «Үнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би» гэсэн бол Ч.Чимэд: «Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн би» гэх мэтээр манай яруу найрагчид үнэрийн тухай бичсэн нь нэн түгээмэл. Дэлхий нийтээрээ анхилам сайхан үнэр, цэцгийн үнэр, сүрчигийн үнэрт татагдан дурладаг л байх. Гэхдээ нүүдэлчин монгол хүний л мэдэх, мэдрэх үнэр гэж бий бололтой. Үрийн зулай үнэрлэх, Аавын минь үнэр, ээжийн үнэр, сүүний үнэр, саалийн үнэр, адууны үнэр, аргалын утааны үнэр, арцны үнэр, далийн үнэр, хотны (хот айл, хонины хот) үнэр, өтөг, бууцны үнэр, айргийн үнэр, хөлстэй тохомны үнэр.., гээд тоочоод байвал нэлээд урт цуваа гарах бололтой. Манай яруу найрагч Ж.Саруулбуян:                ...Аавын дээлийг нөмөрч унтахад
                                    Адуу үнэртэж шөнөжин наадам зүүдэлнэ... гэж бичсэн нь бий. Бас юунаас ч билээ, хүн нохойг гэршүүлж тэжээснээр өөрийнхөө чадварын хорин хувийг алдсан гэж уншсан санагдана. Өөрөөр хэлбэл үнэрлэх, сонсох гэх мэтийн чадваруудаа нохойдоо шилжүүлээд өөрөө үнэрлэхээ, сонсохоо больсон гэсэн үг аж. Тэгэхээр монгол хүн нүүдэлчин амьдралаас холдон хотод очиж сууснаар ямар ямар үнэрүүдээ алдаа бол? Алдаж байгаа бол? Сүүний үнэр шингэсэн сэвлэг даахьтай байхад минь гээд дуулдаг, тэр сүүний үнэр гэдэг нь Монфреш сүү, аварга чанар ч билүү тэдгээрийн үнэр лав биш байх, Явуу найрагчийн хэлээд байгаа саалийн үнэр гэдэг нь Сааль гэдэг печений үнэр биш. Ер нь үгээр бичиж болохгүй үнэр байдаг бололтой. Жишээлбэл саалийн үнэрийг ямар гэж тодорхойлох юм? Үнэрлээд үзвэл монгол хүн саалийн үнэр гэж мэднэ, харин үгээр хэлэхэд хэцүү. Бид арай ч тэр япон зураач шиг болчихоогүй л байлтай. Үнэр бол өнгө биш, харагдахгүй, баригдахгүй харьцангуй хийсвэр. 
            Анзаарвал нэгнээ, гэрээ, нутгаа, эх орноо санасан хүний тухай шүлгүүдэд үнэрийг бичсэн нь түгээмэл. Хүнээс илүү ханилна гээд, Хүдрийн заарийг шингээсэн юм аа хө гэх, Чиний минь үнэр есөн намрын сүмэн өвс мэт гэх, Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн би, Атар хээр нутгаа өлгий минь гэж боддог гэх, Сааль нь ханхалсан гэр минь байна, Саравчлан тосох нь аав минь байна гэх, Дээлээ тайлаад өгөхөд нь дэрлээд унтах минь ч яав даа гэх, Гэзэгнийх нь үнэртэй салхинд навч хийсээд байна, Гил хархан нүд нь чилээ болов уу яагаа бол  гэх цөм үнэрийн тухай дуулна бус уу. Ер нь хүн нэгнээ санахдаа үнэрийг нь санадаг юм болов уу. Үнэр мэдрэхээ больчихсон хүү аавдаа очихгүй байх нь үүнийг нотлох мэт. Бас биднийг үнэр мэдэрдэггүй цаг хугацаа тосож байгаа ч юм шиг...
            Тэр цаг хугацаан дунд яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатарт “Үнэрийн чимээ” гэдэг нэгэн шүлэг буй.
                        Гэлмэгт үдшийн цагаар цэлмэгт юунд хүсэх
                        Гэрлийн дайтай саранд удаан юундаа суух
                        Тойрох алсын бараа харанхуй лугаа харанхуй
                        Толгой өндийх нугаас үнэрийн дуу түгнэ... (Эрдэнэбаатар.Х. Зүүнгарын эзэнт шүлэгс. Соёмбо принтинг. 2010. хуудас 131) хэмээнэ. Мөнөөхөн үнэр түүнээс гарах дуу авиаг, өнгө гэрлийг буулгасан нь яруу найрагчийн хийсвэрийг хийсвэрлэхүй.Түүнийг нь:
                        ...Тооройн мөчир- харанхуй шувуу
                        Өдөх аяс нь мөнхүү үнэрийнх болой
                        Тодрох бараа амрагийн минь уруул
                        Үүдэх өнгө нь мөнхүү үнэрийнх болой(Эрдэнэбаатар.Х. Зүүнгарын эзэнт шүлэгс. Соёмбо принтинг. 2010. хуудас 131) гэснээс лавтган үзэж болохоор. Үнэр мэдрэхээ больж, үгүйгээ үгүйлэхийг гээж яваа энэ цаг дор үнэрийг:
...Мэдрээгүй үнэрээсээ дайжиж үргэсэн
Мэдээтэй бүхэн орчлоосоо хулжина.../Цэцэгст өглөө/ (Эрдэнэбаатар.Х.
Зүүнгарын эзэнт шүлэгс. Соёмбо принтинг. 2010. хуудас 11)
                                    ...Уянгалан дуулагч хөхөөхөн мэт би вээр
Усны үнэр аван халуу газардан суухуйд.../Сөлт усны хөвөөнөө/
(Эрдэнэбаатар.Х. Зүүнгарын эзэнт шүлэгс. Соёмбо принтинг. 2010. хуудас 12)
                                    ...Уул Алтайн минь үнэр тээж
Үүрэнд минь буусан амраг шувуу.../Зурвас/ (Эрдэнэбаатар.Х. Зүүнгарын
эзэнт шүлэгс. Соёмбо принтинг. 2010. хуудас 13)
                                    ...Үе цаг доор чамайг санахдаа
Үнссэн үнэрээ захидалтай илгээмээр.../Өдөт бодрол/ (Эрдэнэбаатар.Х.
Зүүнгарын эзэнт шүлэгс. Соёмбо принтинг. 2010. хуудас 15)
                                    Нэргүй өндөрлөг шиг чиний тухай бодоход
Нэг л хаврын цэцэгс үнэртэнэ.../Шингэн хүн/ (Эрдэнэбаатар.Х. Зүүнгарын
эзэнт шүлэгс. Соёмбо принтинг. 2010. хуудас 20) гэх мэтээр хуудас дараалан дуулах нь гайхам. Энэ бол монгол хүний түүн дундаа уулсын дунд хөл тэнэгэр суугч хүмүүний санахуйн хийгээд мэдрэхүйн дуулал мэт.
Даяаршлын их давалгаанд цохигдон хөвж явахдаа хөдөөгийнхөө үнэрийг, Хөөдөөгийн бичээд буй үнэрийг тэдгээрээр дамжин бидэнд нэвчих нүүдэлчдийн өв, ахуй түүнийг мэдрэн илэрхийлэх чадамжийн нарийн урыг хадгалж үлдэхсэн. Нүүдэлчид адууны зүсийг маш олон янзаар илэрхийлдгийг судлан тогтоосон зүйл байдаг, тэгвэл үнэрийг бас л олон янзаар нэрлэн тэмдэглэж ирсэн бололтой. Д.Мөнхжаргал багшийн: -Үнэрээ мэдрэхээ больчихвол бид нутгаа санахаа больчих юм шиг байгаа шүү гэсэн үгийг санахаар, өнгөний өндөр мэдрэмжтэй хэрнээ үнэр мэдэрдэггүй япон зураачийг бодохоор бас монголчуудын өнгө мөнгөний хорвоо гэж хэлдгийг, үр хүүхдээ өнгөнд бүү шунуул гэж сургадгийг үзэхээр үнэрийн мэдрэмж түүнийг ялган хэлэх чадвар бага зүйл биш мэт.
            Яруу найрагч Х.Эрдэнэбаатарыг «том найрагч», гэдэг «Урианхайн их найрагч» ч гэдэг байх. Том нь юундаа буй, их нь аль буй гэдгийг уран бүтээлээс нь үзэх нь зүй. Түүний шүлгүүдийг үзэж суухад төрөх нэг мэдрэмж бол эртний болоод дорнолог тэгсэн хэрнээ баруун монгол Урианхай аяс юм. Өөрийн үндэстний онцлогоо дэлхийд таниулсан бол сонгодог зохиолч гэдэг мэттэй зэрэгцүүлвээс энэ нь түүний гол онцлог гэлтэй. Их Д.Нацагдоржид байдаг даа, хөдөөгийн байдал шалдар булдир, цагийн улирал ороо бусгаа, хасын царай, холхи наран, энх улирал, янагийн үлгэр.., гээд, яг л түүн лүгээ нэг тийм уран сайхны, урлал зүйн ертөнцөд аваачих нь Х.Эрдэнэбаатар найрагчийн ертөнц. Тэдгээрийг ньтүүний үгсийн сангаас үзэж болох юм. Дурдваас:            Энхи сарны хяруут туяа
                        Элбэг мөрний мандал хээлж
                        Үдшийн гүцэнд эрхис дүүрэхэд
Үлээх салхин- сарны бамбар.../Гэрэлт сарнаа гагцаар/(Эрдэнэбаатар.Х. Зүүнгарын
эзэнт шүлэгс. Соёмбо принтинг. 2010. хуудас 14),
                       
Уу ээ хаш сарны цайвар үзэгдэл
            салхин явдлын дөхөмтэй
Усан боронгын алтлаг үнэр
            чаширт уулнаас салахгүй
Мөнхийн энтэй нүдээр
            цэнхэрлэгч алсыг ширтнэм
Мөр замын чашираан
хөх ягаан бололгүй л.../Ойрад аялгуу/(Эрдэнэбаатар.Х. Зүүнгарын эзэнт
шүлэгс. Соёмбо принтинг. 2010. хуудас 60) гээд шүлгүүд нь болон түүний дүмбэртэнэ, толиотно, толботно, гануу, чилгэр, ян халил, мөсөрхүү сар, уулс шиг түшрэлддэгсэн, архлаатай, тунгалаг сүмбэр, боронгоор цуурдах, улир бөөрнө, яргай тансар, бүрүүлийн ус, цасны шимээл, уулс дөмөлзөх, чимэг сайт улирал, зэрэглээ галигтах, тунсаг үүрийн гэрэлт шүүдэр, лэргэн уулнаа улир шувуун чишгээд, өлөнгөр дэнлүү шиг халанги өдрүүд, сөгөтгөл, гэлмэгт үдэш, хайдал цаг, зэлмэд суух, гиюүт үдэш, гулир дуун, сарны тоорог, бөлбөрөөт мод, гумын цас хурших, маал халуун зүүд.., гэх олон үгсийг нь сөхөн үзвээс үндэсний яруу найргийг, уран сайхны хэлийг баяжуулж байна гэж дүгнэх бүрэн боломжийг олгоно. Энэ бол яруу найрагч Х.Эрдэнэбаатарын үгс хийгээд дүрслэл. Жижүүрийн хэдэн үгсийг өмнө хойно нь оруулж усан гунигаар хачирлагч нарын дэргэд Тэр том юм. Нутгийн аялгууны үгс байгаа л байх гэхдээ утга зохиолын хэлийг нутгийн аялгууны үгсээр баяжуулж байж л сая тухайн үндэстэн, үндэстний хэл баяжин хөгжих ажуу.
            Зөвхөн үгсийн сангаар хязгаарлагдахгүй бас нөгөө тал нь дүрслэлийн туульслаг чанар юм. Түүнийг нь  яруу найрагчийн шүлгүүдийн айзам, хийгээд хэтрүүлэл, ихэсгэл багасгалуудаас харж болно. Туульст:
... Хүн бие нь
Хүрлээр бүтсэн
Хүзүү сээр нь
Гангаар бүтсэн... гэх мэтээр хайлдаг нь Х.Эрдэнэбаатарын шүлэгт:
            ...Агар үнэртэх орой
            Агшин мэт бүгээн
            Зүүрмэглэх лаа
            Зүс удан буй
            Тэнгэрийн нас мэт
            Гагц өвгөн улиас
            Уйлах навчгүйдээ
            Ургаагаараа.../Гэлмэгт уулнаа нам суунам/(Эрдэнэбаатар.Х. Зүүнгарын эзэнт шүлэгс. Соёмбо принтинг. 2010. хуудас 129) гэх буюу туульсын:
...Заг гэдэг модоо түлээд
Зандан гэдэг цайгаа чанаад гэх мэтийн мөр бадгуудын айзам нь мөн шүлэгт:
            ...Айсуй од- нүднээ
            Алга болох нь гашуун
            Чилээдэн суухуйд
            Чилгэрийн шаргал саран
            Чиний тунил шиг
            Чи шиг- ялгуум.../Гэлмэгт уулнаа нам суунам/(Эрдэнэбаатар.Х. Зүүнгарын эзэнт шүлэгс. Соёмбо принтинг. 2010. хуудас 129) гэх мэтээр нэвчин байршсан нь товшуурын аялгуу мэт туульслаг агаад шинэлэг. Өөрөөр хэлбэл “Заг гэдэг” гэж өгсөөж хэлээд “модоо түлээд” гэж уруудуулж хэлдэг нь “Айсуй од” гэж өгсөөгөөд “нүднээ” гэж уруудах, “Алга болох нь” гэж өгсөөгөөд “гашуун” гэж уруудах зэрэг аялгаар хэмнэл нийлнэ. Туульсын тоочилт тод илэрсэн нэгэн шүлэг нь “Цуваа” хэмээх дасгал юм. Шүлэгт:
                        Арлаг уул
                        Өрлөг уул
                        Урлаг уул
                        Борлог уул
                        Бярлаг уул.../”Цуваа” хэмээх дасгал/(Эрдэнэбаатар.Х. Зүүнгарын эзэнт шүлэгс. Соёмбо принтинг. 2010. хуудас 113) гэх мэтээр сүүл холбон харгалдуулж тоочсон буй. Ер нь туульст харгалдуулан дүрслэх нь нэн түгээмэл агаад баатар мангас хоёрыг харгалдуулах нь баруун монгол ардын баатарлаг туульсын гол дүрслэл байх. Яруу найрагч Х.Эрдэнэбаатарын харгалдуулах дүрслэл нь: “Зүс-Цас охин” гэх шүлгийн:
...Шаргал морьтой- дээдсийн сүнс
Хүүхэн зүрхний- усан шарх/Зүс-Цас охин/(Эрдэнэбаатар.Х. Зүүнгарын эзэнт шүлэгс. Соёмбо принтинг. 2010. хуудас 112)гэх буюу мөнөөхөн “Цуваа” хэмээх дасгалын:
...Арлаг уул
Эрлэг уул.../”Цуваа” хэмээх дасгал/(Эрдэнэбаатар.Х. Зүүнгарын эзэнт шүлэгс. Соёмбо принтинг. 2010. хуудас 113)  гэсэн эр эм эгшиг харгалдуулсан дүрслэлүүдээс болон Зүс-Цас гэх нэрээс ч харагдах юм. Мөн “Бүсгүй хүн” шүлгийнх нь:
                        ...Чи- харам, үхэл ээнэгшил
                        Чи- холхи, өвс цагаан навч
                        Чи-хором, эрин, шуугиан
           
                        Мэлмэрэх чинь- нарны ус
                        Мэгших чинь- сарны гал/Бүсгүй хүн/(Эрдэнэбаатар.Х. Зүүнгарын эзэнт шүлэгс. Соёмбо принтинг. 2010. хуудас 146) гэх мэтсээс бэлхэнээ үзэж болохоор. Сайныг муутай, сайхныг муухайтай, харыг цагаантай харгалдуулан дүрсэлдэг туульсын уламжлалыг баяжуулан сэтгэл хөдлөлөө байгалийн үзэмжтэй харгалдуулан бичих нь түүний нэгэн онцлог болой. Найрагч бээр алдарт “Урианхайн хөх уулс” шүлэгтээ ч уулсаа цаг хугацаатай харгалдуулан бичсэн нь уг шүлгийг томруулдаг. Нүүдэлчин ахуйд төрж, төлөвшсөн яруу найрагчдад л байдаг нүнжиг, юмыг томоор харахуйн далайц, галав юүлж байсан ч үл ажран суухуйн дэлгэр чанар энэ яруу найрагчид байгаа нь түүний “Урианхайн хөх уулс” шүлгээс тодрох буюу. Уул сайхан, уулнаас сайхан юм уул л байдаг гэдэг сэн. Монгол найрагчид уулсаа их бичсэн, харин Хөөдөөгийн Эрдэнэбаатар шиг бичсэн нь хэд бол.  
            Асар тэнгэрийн амраг- Урианхайн хөх уулнаас
            Архлаатай юм шиг мөнхийн манан холдохгүй
            Айдас гэрэлтэх үдшийн цагаар ширтэхэд
Аяа мянган одны гэрэл адил тунгалаг сүмбэр.../Урианхайн хөх уулс/(Эрдэнэбаатар.Х. Зүүнгарын эзэнт шүлэгс. Соёмбо принтинг. 2010. хуудас 95) гэх шүлэг. Уулсыг үгээр зурахуйн сайхныг энэ шүлгээс үздэг. Тодруулбал:
            ...Үүлэн гол мөч бүрийд бэлээр нь хөвөн өнгөрч
            Үлэмжийн ариун тэнгэрийн зайд оршино.../Урианхайн хөх уулс/(Эрдэнэбаатар.Х. Зүүнгарын эзэнт шүлэгс. Соёмбо принтинг. 2010. хуудас 95),
            ...Чиргай модтой гануунд нь харлаг сүүдэр зүүрмэглэж
            Халиах нүдний үзэсгэлэнд гэрэлт сүм мэт харагдана.../Урианхайн хөх уулс/(Эрдэнэбаатар.Х. Зүүнгарын эзэнт шүлэгс. Соёмбо принтинг. 2010. хуудас 96),
            ...Зэлүүд хөх уулсын тэнгэрийн нүд мэт сайранд
            Зогдроо дугтчих тогорууд дорны нарнаас ирэхэд
            Өнгөт мандлын доогуур хөшгөн зэрэглээ сүүмэлзэж
            Өвгөдийн гунигт нүдэнд сарны туулай хоргодно
Умрын хонгор салхин нөмгөн зэрэглээ хөндөхөд
Уяа нь таарсан хүлэг шиг уулс алсад дөмөлзөнө
Хас тэнгэрийн өлмийд халхын тал цэнхэртэж
Хадан цохионы орой дээр хан улир бөөрнө.../Урианхайн хөх уулс/
(Эрдэнэбаатар.Х. Зүүнгарын эзэнт шүлэгс. Соёмбо принтинг. 2010. хуудас 97) зэргээс уулсыг үгээр зурахуйн гайхамшиг тодорно. Тэр бол уулсын дууч юм. Үүгээрээ яруу найрагч Х.Эрдэнэбаатар хотод төрж өссөн, зун лагерт гарснаа байгалийн сайханд гэж боддог банди нарын дэргэд аргагүй л том.
            “Урианхайн хөх уулс” шүлгээ аавдаа зориулсан агаад хүүгийн сэтгэлд аав мөнхөд оршихуйн жамыг цаг хугацаа түүнийг сөрөн өндөлзөж үлдэх уулсын дүрслэлд уяж, зохируулан нээсэн нь гоо хийгээд бардам. Цаг хугацааг үл анзаарах уулсыг:
            Аяст дэлхийн жамаар зун цаг ирлээ ч
            Ай хөөрхий өнгөт улирал энэ ууланд хамаарахгүй.../Урианхайн хөх уулс/(Эрдэнэбаатар.Х. Зүүнгарын эзэнт шүлэгс. Соёмбо принтинг. 2010. хуудас 96) гэх буюу
            ...Удган голын усыг цасны шимээл сэлбэнэ
            Урианхайн хөх уулс уйдашгүй сүндэрлэнэ.../Урианхайн хөх уулс/(Эрдэнэбаатар.Х. Зүүнгарын эзэнт шүлэгс. Соёмбо принтинг. 2010. хуудас 96),
            ...Цаг мөнхийн уулс цас мөсөөр дүүрэн
            Цалгиа залуу насандаа халгиа шүлгээ бичнэ.../Урианхайн хөх уулс/(Эрдэнэбаатар.Х. Зүүнгарын эзэнт шүлэгс. Соёмбо принтинг. 2010. хуудас 98) гэж дүрсэлсэн буй. Энэ их уулсын дэргэд цаг хугацаа өчүүхэн гэсэн мэдрэмжийг эдгээр дүрслэлүүд хөглөж гэгээрэлд хөтөлнө. Тэрхүү уулсын цаг хугацаанд үл хамаарах гэгээн тунгалаг, ахуй орныг энэхүү гэгээн дүрслэлээр нээн зурж нэгэн шүлгээр гэгээрч болохыг харуулж байгаагаараа уг бүтээл төгс ариун юм.   
“Урианхайн хөх уулс” шүлэг бол монголын орчин үеийн яруу найрагт гарсан Д.Нацагдоржийн “Миний нутаг”, Ц.Дамдинсүрэнгийн “Зугаацаар мордсон нь” найраглалын “Уул”, Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ”, Б.Лхагвасүрэнгийн “Тэр хөх мөнхийн уул миний хүүгийн уул” зэрэг байгалийн тэр дундаа уулсын тухай шүлгүүдийн уламжлалыг даван шинэ шатанд гаргасан туульслаг уянгын бүтээл. Уг бүтээлийг туурвиснаараа яруу найрагч Х.Эрдэнэбаатар баруун монгол тэр дундаа Урианхайн түмний мартагдахын ирмэгт тулж байсан туульсын уламжлалыг орчин үелэг төрхөөр баяжуулан тунхаглаж төрүүлсэн олныхоо ачийг хариулсан билээ. Эдүгээ газартай гацалдаж, тэнгэртэй тэрсэлдэж төрсөн Хөөдөөгийн Эрдэнэбаатарын шүлгүүд орчин цагийн Урианхайн туульсыг орлох болов.
Хөх тэнгэрээ шүтэгч Урианхай ардын хэлний онцлогоор орчин цагийн монголын уран зохиолын хэлийг баяжуулж өөрийн өвөрмөц мөн чанар бүхий туульслаг уянгын яруу найргийг бүтээн цогцлоож “Урианхайн их найрагч” хэмээн хэлэгдэх нь юутай арвин бахархал, юутай төгөлдөр нэр төр вэ.
Халзан Бүрэгтэйн дээр харлаг тэх
Харлаг тэхийн дээр хан тас
Хан тасын дээр хөх тэнгэр
            Хөх тэнгэрийн дор Хөөдөөгийн хүү




2014-08-05

Comments