БҮТЭЭЛИЙН АМИН СҮНС "БИТҮҮ ДҮР"-ДЭЭ НУУГДДАГ


Х.Чойдогжамц /СУИС/
ЭНГҮҮН КИНО ЭНЭ ЦАГТ ИЛҮҮДЭЖ БАЙНА УУ?
Найруулагч, кино зохиолч Л.Таванбаярын “Хүдэн”-г нээлтээс нь долоо хоногийн дараа дахин үзэхэд арав хүрэхгүй үзэгчдэд “сонгогдсон” байлаа. Угаас сайн уран бүтээл гэдэг үзэгч, уншигчдаа сонгон хүмүүжүүлдэг болохоос зар сурталчилгаа, эрэлт хэрэгцээ хүсээд байдаггүй. Гэтэл өнгө мөнгөний улаан цагаандаа гарсан кино-менежемент, кино-бизнесийн үер (үнэндээ хэт театрчилах гээд орилж чарласан эмгэнэхүй, эсвээс хахаж цацсан марзаганахуй дийлсэн кинонууд) дунд битүү утгат энгүүн киногоо нээсэн нь Л.Таванбаярын буруу гэлтэй биш.

Уг киноны тухай сэтгүүлч Д.Жамбалдорж МҮОНТ-ын цахим хуудаснаа бичсэн “Гол дүрийн эмэгтэй нь илбэчин ажээ”  нийтлэлдээ “Магадгүй киног жирийн үзэгч тэр бүр ойлгоод байхгүй байх. Сүүлийн үед гарч байгаа кинонуудыг бодвол бас л гүнзгий санааг тусгажээ” гэж анхаарлаа хандуулсан боловч “Хүдэн” гэдэг бол нэг утгаараа манантай төстэй зүйл л дээ. Байгалийн сайхан үзэгдэл юм. Уг киноны нэрнээс харахад хэн нэгэнд учир битүүлэг сэдлийг өгөөд байна” гэж мөнөөх хүдэнгээ байгалийн сайхан үзэгдлээс цааш харж чадалгүй өөрөө мананд төөрчээ. Чухамдаа кинонд нэг биш хоёр хүдэн татаастай, ганц гол дүр (Гарьд) бус уран сайхны хэд хэдэн битүү-гол дүр, дүрслэл (Гарам, Номууны эмээ, Номууны ээж, Номуун, хаалга, дугуй, малгай, хүдэн) тусгагдсан байгаа юм л даа. Триллэрээ гүйцэхгүй кино олширсон энэ цаг дор урлагтай айлссан нэгээхэн кино гарч байхад бид өөрөөр ярих ёстой.  Л.Таванбаяр киноныхоо сэдвийг “Хүдэн”/2013/ романаасаа авч кино зохиолын хэлбэрээр боловсруулсан аж. Хэл найруулгаар илтэд сул ч бэлгэдэл, дүрслэлийн хэлбэрээр сонирхолтой зохиомжилсон тухайд цөөн үг хэлье.

ЦАСНЫ РОМАН БА ХҮДЭН РОМАНЫ ТУХАЙ
Зохиолч, яруу найрагч  Г.Аюурзанын “Цасны роман” бичил туужийг өөрийн нь бүтээлээс хамгийн олон гадаад хэлнээ орчуулагдсаны нэгэн адил уншигчид илүүтэй мэддэг билээ. Миний хувьд таваас олон удаан уншсан адармаатай эл зохиолыг утга зохиолч судлаач, шүүмжлэгч Ч.Билигсайхан агсан задлан тайлбарлах хүртэл төдий л ухаагүй явсан сан. Тэрхүү өгүүлэлдээ: “Социализм хэмээх нийгмийг аймшигт цасан дор монголчууд яаж, юу хийж байсныг уран сайхны болзолт дүрслэл хэмээх модерн сэтгэлгээний аргаар Г.Аюурзана ийнхүү гайхалтай үзүүллээ” гэж онцлон “Цасны роман” нь ердөө хорин хоёрхон тал хуудас. Тэгсэн мөртөө социализмын эмгэнэлт амьдрал нэн тодорхой, бүрэн бүтэн багтжээ. Энэ зохиолын үг өгүүлбэр бүр нь тодорхой утгатай. “Цасан дор өвөлжих хаа очиж дулаахан гэдэг” гэсэн ганц өгүүлбэрт ил байгаа утга нь ерөөсөө үнэнээс гадна социализмын үед бүх юмыг зээл тусламж, гуйлгаар болгодог байснаас нээрэн л амьдрал хангалуун халуун дулаан мэт байжээ. Тийм ч учраас өнөөдөр хүмүүс социализмын үеэ санагалзсаар байна”  гэсэн гайхалтай херменевтик хийсэн байдаг. Нээрэн ч “ЦАСАН ТЭНГЭР” дороос  “ЖИНХЭНЭ ТЭНГЭР”-ийг харахаар дээш малтаж буй өрх, түүнд хүрэх 270 шатны тоо монголчуудын үндэсний ухамсар бүрэн сэргээгүй колончилогдож явсан он жилүүдийн тойм (200+70) мэт санагджихуй. “Хүдэн” романд харин энэхүү болзолт бэлгэдлийн (нэвсийтэл дарсан их цасан) өгүүлэмжийг сонирхолтойгоор (хөшиглөн татсан их хүдэн) үргэлжлүүлсэн бөгөөд дүрс болгохдоо романаасаа хол илүү хийжээ.

“-Би ч одоо мананд дасчихаж дээ гэхэд охин хаа тэр хол байгаа нэгэнтэй ярьж байгаа мэт:

-Энэ чинь манан биш ээ. Ингэж олон хоногоор татсаныг хүдэн гэдэг байхгүй юү. Дулаахан байдаг болохоор нь хүмүүс явсаар байгаад төөрчихдөг гэсэн” хэмээх яриа зохиолын титэм санаа юм. Цаг хорин миниут бүрхэг, бүрий кадрууд дунд намуухан үргэлжлэх “Хүдэн” кино уйтгартай, богино санагдаж мэднэ. Гол дүрийн залуу Гарьдын хувьд (Ч.Болд) шударга бус нийгэмд хөшиглөн татсан мөрийтэй тоглоом, үл итгэлцэл, хуурмаг хоосон амьдралд цус нулимс нэвчсэн мөнгөөр дулаахан бэлээхэн амьдраад байгаа мэт ч эрх чөлөөтэй, зорьж хүссэн тааламжит оршихуй нь өөрөөс нь аажим аажмаар манантан төөрсөөр буйг ухаардаггүйг л үзүүлсэн хэрэг. Оршихуйн гүн ухааны үүднээс хандвал  үнэхээр  ч “АМЬДРАН БАЙНА” гэдэг нэг өөр, “ОРШИН БАЙНА” гэдэг түүнээс ч онхи ондоон асуудал аа. Гарьдыг захгүй хүдэнд хөл алдан төөрч, улмаар тэрхүү орооцолдооныхоо эцэст амиа алдсанаар л төгсгөн ойлгож болохгүй. Киноны туршид ганц ч үг дуугарахгүй байгаа битүү хэмээх Гарам (Н.Төмөрбат)  өвгөн бол “жинхэнэ хүдэн” дунд оршигч билээ л.

ДӨРВӨН ХААЛГА БУЮУ АМЬДРАЛЫН ЖУДГИЙН ХАРЬЦУУЛАЛ
ГАРАМЫН ЭНХЛЭЙ. Буйд тосгонд эмгэнтэйгээ (А.Цэгмэд) хоёул амьдрах өвгөн нэгэн орой нөхөртөө хөөгдсөн бүсгүй дагуулан ирдэг. Ирдэг ч гэж, өвгөнийг аргагүй байдалд оруулан дагаад ирж байна. Киноны зангилаа ХААЛГА чухамдаа энд л буй. Удалгүй бүсгүй хөл хүнд болж, амьтан хүн жиг жуг гэлцэх боловч эмгэн нь өөрөө төрөх гэж буй адил догдлон хүлээдэг. Гэвч өнөөх бүсгүй хүүхдээ орхин зугтаж Гарам өвгөнийг жинхэнээсээ ГАРЦААГҮЙ байдалд оруулсан ч мөнөөх ХААЛГААРАА дагуулан ирж Энхлэй(энх амгалан, мөнхөд орших гэсэн утгатай) гэж нэр өгөн  өсгөнө. Үнэндээ өвгөний хүүхэд биш байсан боловч, өөрийнхөө хүүхэд гэж бодон элгээн дэвтээж, бусдын хэлцэхийг үл тоон битүү шаналан тээх өвгөн, эмгэн хоёр. Амьдралын ааш аягыг эс хэлэх үү? Энхлэй бүсгүй Гарьдтай үерхэж охин төрүүлж өгөхдөө өөд болдог. Яг энэ мөчид Гарьд өвгөний ижил ГАРЦААГҮЙ байдалд орсон боловч охиноо тэдэнд орхиж өөр ХААЛГЫГ зүглэдэг. Чухамхүү энэ амьдралын жудгийн зурвас харьцуулал  кинонд хоёр янзын хүдэнг татуулж байгааг дээр хэлсэн билээ. Ингээд өвгөн, эмгэн, зээ охин Номуун (Э.Эмүжин) гурвын амьдрал битүүхэн хэрнэ аанай л “амьд” үргэлжилнэ. Битүү Гарам өвгөн болоод Гарьд, Цолмон (Б.Алтжин) нарын дүрийг холбож буй онцгой  дүр бол яах аргагүй Номуун охин. Бор санаа суучихсан гэж өхөөрдүүлэх охин Гарам, Гарьд хоёрын хооронд татсан хүдэнг ялгаруулж өгдөг. Шинэ малгай тавьж өгөх мөнгийг дарга нь “идчих”-сэн болохоор  өвөөдөө малгай авч өгөхийн тулд зунжин мөөг түүх охин “хотын” хүмүүсийг “муу сайн шуналын туламнууд”  гэж ярина.  Малгайны мөнгөнөөс мань Гарьд дамаан идсэн байхаа ч ядахгүй юм шүү. Сэтгүүлч Д.Жамбалдорж харин Номууны дүрийг монгол хүүхдийн сэтгэлгээг яг гаргасан дүр гэж гярхай ажигласныг мөн тэмдэглэмээр байна.

Номууны эмээг дагуулж ирсэн хаалгаар Номууны ээжийг мөн дагуулж ирсэн ГАРАМ өвгөн хэрэг явдлын эцсийн ХААЛГЫГ мөн хаадаг нь ямархан сургамж ГАРЦЫГ өгч буйг хичнээн хүн анзаарсан бол оо? Мөртөөн нэг ч үг хэлэхгүйгээр гээд бодогтун. (Киног дахин үзэхэд өмнөх суудалд нэг охин их тухтай унтаад өгөхөд нь яагаад ч юм,  кино дууссаны дараа сэрээсэн. Эрт сэрээдэг ч байж уу?)

ГАРАМЫН ЭНХЛЭЙ-ГАРЬДЫН НОМУУН-ГАРЬДЫН ЭНХЛЭЙ
Найруулагч Л.Таванбаярын хувьд кинондоо дүр бүрийн идэвхтэй харьцаа, нарийн үйл явдал, хурц зөрчлийг илэрхий үзүүлэлгүй  зураг дүрлэлийн хэллэгээр(Хаалга, дугуй, хүдэн г.м) дам гаргахыг чухалчилсан нь мэдрэгдэнэ. Уран бүтээлчийн онцлог гэмээнэ, үзэгчдэдээ өгөх үлдэцээ хэт анхаарснаас үйл явдлын боловсруулалт хураангуй болж зарим логик алдаа гарсан. (Д.Жамбалдоржийн хэлсэнчлэн Цолмон машины арын тээшнээс өөрөө гарч ирдэг, нялх биетэй эх цонхоор гарч зугтаах, мөн Гарьд Цолмон хоёр хэрэгт дам холбогдчихоод шуудхан оргон зайлах, Нукаг мөрдөж байгаа г.м)  Хэрэг явдлын холбоос огцомдон дараалах нь бүтээлийн уран сайхныг тохиолдлын чанар олонтой харагдуулах тал байдаг.  Түүнчлэн Номуун охин, Цолмон бүсгүй  хоёрын дүрийн урлал “дотор” муутай болсон. Киноны төгсгөлд Цолмон аяллаас буцаж байгаа хүн шиг тээш чирчихээд “Манан арилчихлаа, явах уу даа” (Магадгүй хүдэн гэж хэлэх ёстой байсан) гэж хэлээд Номууныг дагуулан машинтай хөдөлдөг хэсгийг маш тааруу хийжээ. Мөн Цолмонгийн төрдөг хэсэг киноныхоо уран сайхныг үлэмж бууруулсан санагдсан. Хоёрын хоёр хүний үхэл үзчихээд(Билэгт, Гарьд) байгаа тухайн нөхцөлд киноныхоо эхлэлтэй холбоод Энхлэйг тэврэн, Номууныг хөтлөөд хөөрөн арилж байгаа хүдэнт ойн зах руу орж буйгаар шийдсэн бол зохирох мэт. Киноны төгсгөлд Гарьд Энхлэйн дугуйг түрсээр хүдэнтэйгээ хөөрөн арилж буй хийсвэрлэл бол жинхэнэ амьдрал үл манантан өнөд үргэлжлэх утга буюу ГАРАМЫН ЭНХЛЭЙ-ГАРЬДЫН НОМУУН-ГАРЬДЫН ЭНХЛЭЙ гэсэн холбоо юм.


Овоо босгоогүй бол шаазгай юунд суух билээ?  гэж утга зохиол судлаач, нэрт эрдэмтэн Ч.Билигсайхан агсан нэгэнтээ шүүмж судлалыг өмөөрөн дуугарч байсан. Овоо босгоогүй бол Цасны роман, Хүдэн киноны тухай ярих боломж гарахгүй байлаа. Гэмээнэ, энэ бяцхан бичвэр өчүүхэн уншигчийн бодол төдийгүй өөрийн тань анхны бие даасан уран бүтээл гэдгийг тунгаах буй заа. Шүүмж судлал явдгаараа л явж байгаа билээ...

Comments

Anonymous said…
САйхан бичжээ залуу олон талыг эрэлхийлэх чинь зөв дөө
Anonymous said…
Сайхан болжээ. Бичээд л байгаарай. Амжилт.
Бум said…
Сайн шүүмж гэдэг өөрөө вакцин юм даа.
Амжилт шүү
Anonymous said…
Баярлалаа
Anonymous said…
tiim ch ymuu
Бум said…
Романыг уншсан. Кино роман ч гэмээр юмуу санагдсан. Хэрвээ тийм ангилал байдаг бол шүү дээ.
Кино гэж бодоод уншихад харин амар байсан. Зарим нэг гаргалгаа бүрхэг. Гэхдээ тэр 3 мөртөөр хэлхсэн, Ах дүү гурвыг оруулахдаа үлгэр, туульсийн гэмээр холбоос, зэрэг нь таалагдсан. Ер нь хот хүрээ, гэмт хэрэг зодоон гэж байхаар бол Гарам, Ажаа, Энхлэй тэр гурван ах гэсэн талаа бариад байгаль руугаа, хүдэн рүүгээ явсан бол яах байсан бол гэж бодогдсон шүү.
Бум said…
Романыг уншсан. Кино роман ч гэмээр юмуу санагдсан. Хэрвээ тийм ангилал байдаг бол шүү дээ.
Кино гэж бодоод уншихад харин амар байсан. Зарим нэг гаргалгаа бүрхэг. Гэхдээ тэр 3 мөртөөр хэлхсэн, Ах дүү гурвыг оруулахдаа үлгэр, туульсийн гэмээр холбоос, зэрэг нь таалагдсан. Ер нь хот хүрээ, гэмт хэрэг зодоон гэж байхаар бол Гарам, Ажаа, Энхлэй тэр гурван ах гэсэн талаа бариад байгаль руугаа, хүдэн рүүгээ явсан бол яах байсан бол гэж бодогдсон шүү.
Anonymous said…
Нээрээ Бум ахын хэлдэг шиг гоё хэсэг байснаа үргэлжлүүлээгүй, Булган хүүхнийг хасахгүй байсан кино болгохдоо