ХАРААЧЛАХ ҮНЭНИЙ БАРАА БУЮУ Ч.ТҮВШИНИЙ “ЭДИП ХААН”


Х.Чойдогжамц /СУИС/

“...Өнөөдөр төрснөө чи мэднэ
Мөн өнөөдөртөө үхнэ...”
/Софокл “Эдип хаан”/

Уламжлалт-сэтгэхүйн урлаг буюу “томьёо”-нууд
Тайзны дээд хэсгээс гэрийн гурван тооно дүүжилжээ. Гэхдээ ханалах маягаар босоогоор нь тойруулан дүүжилсэн байдал зүг зүг хараачлан байх шиг төрөгдлийг оргиох боловч тооно бүрээс сулдаа унжих уяа дээснүүд эгнэх нь хугархай унийг ч зэрвэс сануулах сонирхолтой нөхцлийг хамтатган мэдрүүлнэ. Яг үүний дор Эдип хааны хэлтгий гэлтэй дугариг сэнтий байрлах аж. Энэ бол эртний Грекийн эмгэнэлт жүжгийн зохиолч Софоклын “Эдип хаан” жүжиг буюу УДЭТ-ын найруулагч Ч.Түвшин тайзнаа эдүгээчлэн сүлж амилуулсан “Эдип хаан”-ны тавилтын эхэн зураг. Софокл “Эдип хаан”-аа Эдипийн тухай домгоос сэдэвлэн өрнүүлсэн байдагчлан Ч.Түвшин найруулагч мөн монгол ахуй, уламжлалт хэлбэрт шингээн “домоглох”-ыг зорьсоныг эдүгээ бас таних хэрэгтэй болов. Болов гэсний учир орчин цагийн урлагт зохиолч, найруулагч, жүжигчнээс гадна үзэгч, уншигч, сонсогч гэсэн дөрөв дэх томоохон уран бүтээлчид нэмэгдэх болжээ. Өөрөөр хэлбэл зохиолчоос бичвэрт буусан нэгэн томьёо, бичвэрээс найруулагчид шилжсэн нөгөө томьёо, найруулагчаас үзэгчдэд тавьсан  давхар томьёоны харилцан шүтэлцээнд зохиол утгынхаа гүнийг шинэ тутам нээсээр, нээлгэсээр л байна. Энэ томьёог хамгийн хүртээмжтэй дамжуулан нэвтрүүлэх арга болбоос домог зүйн сэтгэлгээ, уугаль загварын/архетип/ эдүгээчилсэн уран сайхны нийлэмж болохыг урлаг, уран зохиолын туурвил зүй, судлал шинжлэл эрчимтэйгээр харуулсаар буйг “Эдип хаан”-ны шинэ тавилт өвөрмөцөөр тусгажээ.
Тайзан дээрх тайз буюу орон зайг метафорчилсон нь
Үндэснийхээ ахуй уламжлалд уусгасан шинж төрх монгол угсаатныг санагдуулах дүрүүдийн хувцас, гэрийн тооно, унь, хана, багана, тулга, тогоо зэрэг зураг дүрслэлийн хэллэгтэй дүр бүрээс харагдана. Монгол хувцастай Эдип хаан(Ц.Цэрэнболд) гарч ирэхэд үзэгчдэд бяцхан гайхшрал төрж мэдэх ч Фив хотынхны үймээн самууны хэсэгт жүжигчид гэрийн ханыг нэг нэгээр барин хааны сэнтийн урдуур хойгуур хөрөөдөх мэтээр түргэн гүйлдэцгээх нь аргагүй нэгийг бодуулж байлаа. Жүжгийн эхэн хэсэг угаас Эдип хааныг дайрах эмгэнэлт явдлын салхи сэвэлзэж буй гэгэлзээнт үе юм. Түүнчлэн найруулагчийн бас нэг онцлууштай шийдэл бол өнгөний метафор, ялгарлууд. Энэ тухай театр судлаач Д.Батсайхан “Сонгодог жүжгийн ноён оргил өөд тэмүүлсээр...” шүүмждээ “Зураачид жүжгийн хувцас болон тайз заслыг ерөнхийдөө саарал өнгөөр хийн хоор, олны хэсгийг тааран саарал хувцсаар шийдсэн бөгөөд найруулагчийн санааг дагасан байна. Ингэснээр олон саарал дотроос жүжигчинг тоглолтоор гаргаж товойлгох зорилгыг найруулагч тавьжээ”[1] гэжээ. Энэ бол тайзан дээр тайз цогцлох орон зайг(Английн найруулагч, театрын онолч П.Брук “The empty space”(”Хоосон орон зай” орч. Н.Пүрэвдагва) номдоо чухам ийм л өвөрмөц хэрнэ энгүүн орон зай, “пауз”-ын тухай бичсэн байсан даа) өнгөөр метафорчилсон ба жүжгийн төгсгөлд улаан өнгөний “дагнаасаар” зохиолын утгыг гүнзгийрүүлсэн талаар жич өгүүлнэ.  
Софоклын шинэчлэл Ч.Түвшинийхтэй тэврэлдсэн нь
Софокл нэгэнтээ “Би хүмүүс ямар байх ёстойг дүрсэлдэг. Харин Еврипид хүмүүс ямар байгааг дүрслэн хэлдэг” гэжээ. Тухайн үед эмгэнэлт жүжгийг төрөөс зохион байгуулж, томоохон баярын үеэр дэлгэн үзүүлдэг байсан нь төрийн үзэл санаа, тусгал сэлтийг нийгэм лүгээ жишин харуулах зорилгыг дам агуулдаг байж. Гэвч Софоклын хүн ямар байх ёстойг бичдэг нь тэнгэрийн дор(төр-ард түмний гагнаас) гэх утгаар биш аанай л ”Чи хэний ч хүү байлаа гэсэн эцгийгээ алж, эхтэйгээ гэрлэх тавилантай” хэмээсээр атал тэнгэртэй(Аполлон) тэрсэлдэн сөрж, эцэсдээ заяа төөргийн шимшрэм үнэнд эмгэнэлтэйгээр төгсөж байгаа ч өөрөө өөртөө үнэнийг нээснээр нь Эдипийг мөнөөх тэнгэрээсээ буулгаж ирсэн байдаг билээ. Үүнийг жүжгийн төгсгөл дэх:
“...Аймшигтай хэрэг үйлдсэн чи
Нүдээ яах гэж сохлоо вэ
Бурхан тэг гэж айлтгаа юу? гэхэд Эдип:
-Аполлоны зарлиг энэ
Аполлоны шийдвэр энэ
Миний зовлонг дүгнэн өгөв...”[2]хэмээн хүний мөн чанар, амьдрал нийгмийн утга учрын тухай Аполлоноос дээгүүр өөрийн үнэнийг танин барьсанаа адран хэлж буйгаас тодорхой. Энэ санааг гярхай ажиглаж, урнаар шийдсэн найруулагчийн ур жүжгийн V үзэгдэлд илэрнэ. Хөмөрсөн хагархай тогоон дээр гарч Аполлон тэнгэрээс аврал, асуулга эрэх Эдипийн гуйлт хөмөрсөн тэнгэр дээр зогсож буй мэт, хойших хэргийн учгийг тээсэн мэт ёгт бэлгэдэлт зураг үзэгчдэд бууж байв. “Бусдаас онцгойрон товойж гарах гэсэн хүсэл эрмэлзэл зураач хүний хувьд хамгийн өндөр дээд, хамгийн гүн гүнзгий өдөөгч сэдэл биш хэдий ч огт байхгүй байна гэж бараг байдаггүй. Энэ бүх онцлог, ялгаатай шинж чанаруудыг мөшгин шинжлэх явдал бол өнгөрсөн үеийн урлагийг ойлгож авах хамгийн энгийн арга зам юм. Уран сайхны чиг хандлагууд байнга өөрчлөгдөж байсан явдал урлагийн бүтээл болгон дуурайн дагах юм уу? эсэргүүцэн сөрөх байдлаар өмнөх бүтээлүүдтэй холбогдож байдгийг харуулахыг эрмэлзсэн нь миний энэ номын гол санаа, ноён нуруу болсон билээ[3] хэмээн Э.Х.Гомбрих алдарт “Урлагийн түүх” номдоо бичсэнийг энд дурьдууштай болов уу! Өдгөө дагах, сөрөх гэсэн энэ хоёр чигийг хамтатган нийлэгшүүлж уламжлалт сэтгэхүйн шинэ хэлбэрийн эрэлд “хатацгаасныг” найруулагч Ч.Түвшиний уламжлал-шинэчлэл, анх(өнгөрсөн)-энх(одоо)-мөнх(ирээдүй) цагийн орчилд (бүхний дээр байх гурван тооно) зохиолын өгүүлэмж, дүр, дүрслэлийн орчин нөхцлөө утгажуулан сүлж найруулсантай ташин ойлгож байна.

“Эдип хаан”-ы чинад утга болон Софоклын код
Театрын урлаг гэдэг жүжигчин, хөгжимчин, гэрэлтүүлэгч, тайз засалч, зураач, дуулаач, найруулагч зэрэг олон бүтээлчийн ураар амилдаг. Одоо эдгээр хүчин зүйлсийн хамаарлаас илүүтэй зохиол-текстийн мөн чанар, найруулгын илэрхийллийн хүрээг задалж ярья. “Эдип хаан” жүжгийг хүн өөрт оногдсон заяа тавилан, хувь төөргөөс хүн хэзээд зайлж чаддаггүй, харин ч түүнээ хүлээх хариуцлагатай, шударга, чин зоригтой хүн байх ёстой гэсэн утга санааг онцолсон түгээмэл илэрхийллийн тиг байдаг. Гэтэл доорх хэсгийг дахин уншаад үзнэ үү!
“...Хүмүүс, хүмүүс, ертөнцөд амьдрагсад
Амь зууна гэдэг зэрэглээ биш үү?
Аз жаргалтай хэн золгосон бэ?
Заяа надад олдлоо гэж
Бодож амжив уу, үгүй юү
Алга болдог биш үү тэр
Эдип хааны хувь тавилан
Надад их юм сургасан биш үү
“Хорвоод азтай хүн” гэж
Ер нь байхгүй байна биш үү?..”[4] гэж найрал дуучдын “амьдаараа үхсэн” Эдипийн тухай хайлан өгүүлэлдэхээсарай л өөр санааны тиг, чиг тэмтрэгднэ бус уу? “Заяа надад олдлоо гэж бодож амжив  уу, үгүй юү? Алга болдог биш үү тэр” гэсэн ноцтой үгс надад,
Жар хүрч ухаан ороод 
Жаран нэгтэй үхэх[5]хэмээсэн монгол ардын зүйр цэцэг үгийг эрхгүй санагдуулсан.  Амьдралын мөн чанарыг  ухааарах нь үнэн хэрэгтээ үхэл хэмээгчийг ухаарч байгаа ухаарал бөгөөд үүнийг ухаарсан цагт амьдрал жинхэнэ амьдрал болж агуулгаждаг гэсэн монголчуудын язгуур гүн ухаан харагдаж байна. Үхэл-ухаарал хоёрыг эцсийн мөчдөө л хүн давхцалд нь ойлгодог, гүйцэд ч ойлголгүй дуусдаг тухай энэ үүтгэл санаа хожмын олон зохиолд туссаныг тоочоод баршгүй. “Өнөөдөр төрснөө чи мэднэ,мөн өнөөдөртөө үхнэ” гэх төлөгч Тересийн(П.Цэрэндагва) битүү үг ч үүнд хамаатай.
Эдип өөрийгөө яллаж шийтгэснийхээ дараа алс цөлж өгөхийг хүсэхэд хадам дүү Креонт( Д.Баттөмөр) “Бурхан тэнгэрээс яахыг асуувал зүгээр болов уу?” гэхэд,
“Над шиг булай амьтныг
Цаазалж хороо гэж бурхан
Бурхан зарлиг буулгасан нь гарцаагүй”[6]гэсэн өөрийн оршихуйг өөртөө хүлээх чадвартай хүчирхэг хүний дүр, үзэл санаа ялгардаг. Товчхондоо Эдип бол-Эдипэд хүрэх зам, Эдипийн оршихуй-Эдип өөрөө, Ертөнц(Аполлон) абсурд, хаос-хүн(Эдип) л утга учиртай хэмээх Кьеркегор, Шопенгуар, Ницще тэргүүтнээс эхтэй XX зууны Сартр, Камю, Хайдеггер нарын экзистенциализм руу ч даялах суут бүтээл юм. Ийм “хувьсгалт” амьсгал урлагт нэвчихэд Афины ардчилалын дэвшилтэд нөлөө (хэдий боол эзэмшигдийн хувьд ч)  байсныг судлаачид олонтаа тэмдэглэсэн. “Тайзан дээр харагдах үзэмж талаас нь найруулагч харж болохгүй. Зохиолд, мөр хооронд хэлэгдэхгүй орхигдоод байгаа далд давхар санааг илэрхийлэх л зорилготой”[7] хэмээн тайз, дэлгэцийн урлагийн онолч, нэрт найруулагч В.Э.Мейерхольд цохон үлдээжээ. Эртний Грект театрыг “Насанд хүрэгчдийн сургууль”[8] гэж маш өндөрт үнэлдэг байв. Найруулагч Ч.Түвшин ч түгээмэл илэрхийллийн хэвээс хальж, “цаашлах”-ыг эрмэлзсэнээ “насанд хүрсэн” сайхан шийдлүүдээрээ үзэгчдэд өгсөөр байв.
Эдип бол Эдипид хүрэх зам
Тайзнаа гогцоорч орооцолдсон уяагаар хэлхэлдсэн том тооно зугуухан бууж ирнэ. Голоос нь улаан “хадаг”(нөмрөг)  дүүжлээстэй. Энэ бол жүжгийн төгсгөлийн зураг. Эгээ л Софокл Эдипээ Аполлон тэнгэрээс “буулган” дүрсэлсэнийг алсыг хараачлах дээд гурван тооононоос ялгаруулан ингэж үзүүлэв. Үртэйгээ ханилж үр төрүүлснээ мэдсэн хатан Иокаста(С.Сарантуяа) тоононы хажууд амиа егүүтгэнэ. “Эцгээ ал, эхээ ох” гэх аймшигт хараалын биелэл болсон гунигт тавилангийн эзэн Эдип үүнийг мэдээд мөнөөх улаан нөмрөгийг авч зогцсыг бүтээнэ. Энэ эгшинд дээрээс том нүд тайзнаа улаан алаглан унжиж ирснийг Эдип жадаар сох хатгахад цөцгий нэлийтэл асгарч буй хэсэг жүжгийн оргил шийдэл. Улмаар цусанд бялдсан улаан нүүртэй Эдип үзэгчдийн дундуур өчил өчин хотоосоо үүрд явснаар энэ улаан өнгөний дагнаас(зам) эцэс болох ажээ. Сүүлд бууж ирсэн тооно Эдипийн үнэнийг төлөөлөл мэт. Тэнгэр дээдсийн үгийг биелэх ёсгүй гэж ухааран зугтсаар атал эвлэршгүй тамд унаж байгаа чинь эмгэнэл юм уу? инээдэм юм уу?  Амьдрал гэгч энэ юм уу? аяглал гэгч амьдрал юм уу?.. Цор үнэн гэвэл Эдип бол Эдипт хүрэх зам гэдгийг ухаарч буйг улаан өнгөний замаар найруулагч “заав”, “заав”, “заав”... Энд Софоклын жүжгийн эмгэнэлт санаа найруулагчийн шийдлээр оршихуйн утга болон зурайж байна.Дахин хэлэхэд “Эдипийн тооно” бууж ирсэн, “нөгөө гурав”(яахав) үлдсэн.
Сонгодог зохиолЭдип хаан=(Зөрчил+Шийдэл)Найруулагч
Харин зохиолын эцсийн цэг үлэмжхэн дутмаг хийгдсэн. Найруулагч Софоклын жүжгийн ерөнхий үйл явдлыг хэвээр нь тавьсан боловч оновчтой хураангуйллуудыг хийжээ. Жишээ нь: Зохиолын баатар болон үзэгчидтэй хандан ярилцаж тохиолдох явдлын ёр совин, өлзий учралыг өгүүлэх найрал дуучдын бүхэл дүрийг хааны шадар цэргүүд, түшмэл, ордны туслагч, зарц эмэгтэй зэрэг дүрүүдээр хөнгөлөсөн нь олон талыг харуулах хүртээмжтэй болсон. Гэвч төгсгөл дэх:
“Фив нутгийн олон түмэн минь ээ
Энэ хэрэг та нарт сургаалтай
Эдип гэгчийг та нар мэднэ
Бидний зовлонгийн оньсыг нээж
Сүртэй аюулаас аварсан
Мэргэн ухаант хүн билээ...
Гэтэл гэтлэшгүй зовлонгийн далайд
Аймшигт ёроолгүй нүхэнд
Гэв гэнэтхэн унав биш үү?
Ингэхлээр ертөнцийн хүн бүр туж
Хойших өдрөө бодох хэрэгтэй
Зовлон гамшиг гэдгээс
Нас туйл болтлоо
Эдлэж үзээгүй л болвол
Сая азтай, хувьтай юм гэж
Хүнийг нэрлэж болдог юм байна”[9]хэмээх үгийг Креонт гараа өргөн үзэгчдэд хандаж(магадгүй үзэгчид рүү харахгүй хэлэх байсан...)“улиг” болсон сургааль, “гэнэхэн” төгсгөл мэтээр ойлгогдоор сулбагар тавьжээ(Ихэвчлэн ингэж өнгөц хуулан тавьдаг л даа). Анхааралтай ахин дахин унших бүр улам гүн эргэцүүлэлд автуулж, энгийн асуултын маягтай орхиц биш болохыг та анзаарч байна уу?Зовлон гамшиг гэдгээс нас туйл болтлоо эдлэж үзээгүй л болвол сая азтай, хувьтай юм гэж хүнийг нэрлэж болдог юм байна” гэсний цаана хичнээн мэргэн байлаа ч зовлон гамшиг эдэлдэггүй хүн,  азтай хувьтай хүн гэж угаас байдаггүй тухай хэлснийг бодолцох учиртай байсан.
Зөрчлийг хэрхэн, гэхдээ төгс шийдсэнд сонгодог зохиолын нууц оршдог мэт. Тиймээс ч “Зөрчил бол амьдралын гоо сайхныг танин мэдүүлэх яруу элемент” хэмээн Оросын нэрт шүүмжлэгч В.Г.Белинский хэлсэн бизээ.  Эдипийн нүдээ хатгуураар хатгаж сохлодгийг томоос том нүд унагааж, жадаар сүлбүүлсэнээр найруулагч Ч.Түвшин зөрчлийн байгаа оносон. Нүднээ тусах бүхэн үзэгдэл төдий зүйл болох тухай, хүн өөрөө өөртөө л үнэн байдаг, байх ёстой тухай, оршихуй гэгч хүн өөрөө л болох тухай, оройн дээд тооонот ганц үнэн гэж гурван цагийн хараас дунд хүмүний амьдралд хүртэгддэг(үгүй) тухай, хараачлах үнэний бараа-зовлон(үхэл) л болох тухайЭдип өөрөөрөө үлгэрлээд, үнэ(Н)лээд одохдоо бас л хоосон орон зай үлдээлээ. Үлдээх ч ёстой. Хэзээнээс ч монгол түмэн “Барайж торойж байдаг зэрэглээ нэг хоосон” хэмээн хэлэлцсээр ирсэн мөртөөн зэрэглээгээ буй гэдэгт бат итгэдэг ажаам.
***
Найруулагчын  “домоглол”-ыг би мөн ингэж “домоглон” тайллаа. Код буруу байхыг ч үгүйсгэхгүй билээ л...
2014.11.11




[1]“Театр 80”(Эмхэтгэл), УБ., 2011, 295 т.х
[2]“Бүх үеийн сонгодог жүжгүүд”(I дэвтэр), эмхэтгэсэн Н.Ганхуяг. УБ., 2014, 37 т.х
[3]Э.Х.Гомбрих “Урлагийн түүх”, УБ., 2010, 9 т.х
[4]“Бүх үеийн сонгодог жүжгүүд”(I дэвтэр), эмхэтгэсэн Н.Ганхуяг. УБ., 2014, 35 т.х
[5] Заяабаатар Д. Монгол зүйр цэцэн үгийн 3000 дээж. УБ., 2002, 46 т.х
[6]“Бүх үеийн сонгодог жүжгүүд”(I дэвтэр), эмхэтгэсэн Н.Ганхуяг. УБ., 2014, 39 т.х
[7]В.Э.Мейерхольд(Өгүүлэл, захидал, хэлсэн үг, яриа), УБ., 2013, 63 т.х
[8]Ж.Төмөр “Үндэс үрнээсээ”, УБ., 1974, 107 т.х
[9]“Бүх үеийн сонгодог жүжгүүд”(I дэвтэр), эмхэтгэсэн Н.Ганхуяг.УБ., 2014, 41 т.х

Comments