“БУРУУГҮЙ БУРУУТАН” ЖҮЖИГ “ЗҮГЭЭР Л ДУГУЙ” БОЛОХ НЬ


Х.Чойдогжамц

Хаалганы хонх дуугарч, очтол өлгийтэй хүүхэд үлдээгээд явжээ. Мэдээж захианы хамт. Ийм улиг болсон төгсгөлийг хүүхэлдэйн киноноос би л хувьдаа хангалттай үзчихсэн/багадаа/. Зүгээр л ийм “хямдхан” жүжгийг тавих хэрэг байсангүй. Доктор П.Батхуягийн хэлсэнчлэн энэ жүжиг “Бэсрэг жүжгийн төсөл доторх буруугүй буруутан” болж хөгөө чирлээ. “Амьдрал гэдэг таашгүй оньсого, маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй, унтаад сэрэхэд л орвонгоороо эргэдэг хорвоо” гэсэн жижүүрийн үгсийг Дэлгэр(Б.Нармандах) муу дээр муу гэдэг шиг тайзны урд очин байж үзэгчдэд тулгах бөгөөд “Амьдрал баян шүү дээ” хэмээн сургамжит өгүүллэгээс долоон дор аугаа их төгсгөлөөр үзэгчдийг доромжлохуй дор тэд хэдийн “царцсан” байлаа. Амьдралын баян болохыг ийм ядуу зохиолоор ч харуулаад байдаггүй байх. (Тоо бөглөх гэж оруулав уу? Тэгтлээ найруулагч “мэдрэлгүй” сонголт хийв үү?) Жүжгийн үйл явдал бие биендээ үнэнч хайртай хосууд болох Батдоо, Цэцэгээ хоёрыг Батдоогийн ээж ядуу эмэгтэйтэй уулзаж байгаад бухимдан түүнийг гадаадад амьдардаг ах руу нь явуулж, хос хоёрын харьцааг нэг мөсөн таслана. Үүнээс хойш олон жил өнгөрч Батдоо Дэлгэр гэх бүсгүйтэй гэрлэж дутагдах зүйлгүй, аз жаргалтай амьдрах боловч үр хүүхэд заяахгүй. Харин тэднийд гэрийн үйлчлэгчээр ажилд орсон бүсгүй Батдоогийн анхны хайр болох Цэцэгээ байж таарна...Тэгээд дээрх төгсгөл залгана даа уул шугамандаа.
Тоглолт  эхлэхүй залуу найруулагчын тайз заслын шийдлүүд сонирхол төрүүлж байв. Батдоо(Б.Жаргалсайхан), Дэлгэр хоёрын гэрт гол явдал өрнөх бөгөөд сандал ширээг зориуд хэлтгий, далий байдлаар тоглуулж, ерөнхий хэлбэр төрх шоронг санагдуулам сараалжин торон хэлбэртэй үзэгдэнэ.  Гэвч энэ өгөгдлөөс цааш бас л “явсангүй”. Дээрх ойлгомжтой “цагаахан” төгсгөл нь гуравхан үзэгдэл яваад үнэн нүүрээ илчилчихээд байхад сүлжилдүүлэн сунжруулж, давтан нуршсаар...Ядахад доривитохойн үг хэллэг ч зохиолчоос ирээгүй тул дүрүүдийн гараа савчих, цээж дэлдэх сэтгэл хөдлөлийн хэт илэрхийлэлт хөдөлгөөн жүжгийг улам хөдөлгөөнгүй болгов. Найруулагч ч мөн гараа ингэж удирдаачийн дохиур мэт “ажиллуулсан” нь тодорхой. (Ингэхээс өөр яах ч билээ) Зарим үзэгчдэд мундаг гавьяат жүжигчид тоглож байж жүжгийг ямар муухай унагааж байна гэсэн бодол төрсөн нь лавтай. Үнэндээ зохиол бүхий л талаараа хямдхан учраас жүжигчдийн үнийг төдий чинээ “эдийн засгийн хямралд” унагасан. Цэцгээгийн(Ж.Оюундарь) дүрээр зохиолын гол зангилаа задран идэвхждэг болохоор арай дөмөгхөн үг оноогдож, бүтээн тоглоход ч сандраад байх асуудал үзэгчдийн зүгээс ч, туршлагатай жүжигчний зүгээс ч байсангүй. Үндсэн эмгэнэл тулгуур дүрүүд болох Батдоо, Дэлгэр хоёрт дүрээ амилуулах диалогын хувь заяагаагүй учир нэгэнт хоосон цээж болсон жүжигчид өгөгдсөн нөхцөл, орчноо мэдрэн харилцаж чадахгүй бие барьцгаах нь үзэгчид рүү чиглэсэн хурдыг сааруулахаар барахгүй тасалдуулсанд оршино.
Жүжигчдийг бид үнэхээр буруутгамааргүй байна. Английн найруулагч, театрын онолч П.Брук  “Хүмүүн төрөлхтөн дугуй зохион бүтээхээс өмнө Мексикт боолууд том том аварга чулууг балар ой туучин өндөр уулын өөд бөмбөрүүлэн зөөж байхад хүүхдүүд нь бяцхан тоглоомон дугуй дээр ачаа зөөн тоглож байсан. Боолчууд хүүхдийн тэр тоглоомыг ч хийсээр зуу зуун жил өнгөрөөхдөө ажил, тоглоом хоёрт байгаа нийтлэг зүйлээ олж хараагүй. Сайн жүжигчин муухан инээдэм, дулихан мюзиклд тоглоход үзэгчид тогтсон тавилт байсан ч алга ташиж л байдаг. Энэ бол үзэгчдэд өмссөн хувцас, шинэ өнгө зүстэй засал чимэглэл, эвтэйхэн харагдах залуу бүсгүйн нүүр царай аятайхан санагдсан болоод тэр. Үүнд буруу юм байхгүй. Гэтэл алга ташиж байгаа үзэгчид тайзны дор юу байгаа, ямар тоглоом, ямар утсаар татаж, яагаад хөдөлж байгааг мэдэх бил үү? Дугуй байгаа шүү дээ”[1] гэсэн элдэвтэй санааг АМЬГҮЙ ТЕАТР бүлэгтээ шигтгэсэн байх юм. “Буруугүй буруутан” жүжиг үнэхээр театрын амийг “таслах” ЗҮГЭЭР Л ДУГУЙ болохыг өчүүхэн үглэлээс минь ойлгох буй заа.
П.Брук цааш нь алдарт номдоо “Урлагийг амьдрал гэх боловч миний санахад илүү хурц, илүү тод, илүү нягт илэрхийлэл. Театр хүмүнд ямар учиртай, юу болоод өнгөрөв хэмээх асуулт өөртөө тавих боломж олгож байх ёстой. Энэ бол тайз, дэлгэцийн бүтээлийн аль алинд хамаатай” гэх зэргээр ичих зовмоор үг өчнөөн хэлжээ та минь. Уг жүжигт тайлал, тайлбарууд нь дор дороо түргэн тусламж лугаа хийгдэх бөгөөд үзэгчдэд үзээд өгье гэсэн ч юм өгсөнгүй. Асаад ч байх шиг, унтраад ч байх шиг, эмгэнээд ч байх шиг, элэглээд ч байх шиг эгшин зуурт  үнэмшилгүй ухаарал, будлиан, эвлэрлийг чихсэн нь “тахир дутуу” үйл явдлын  хиймэл зүүвэрүүд. Үзэгч тэр бүхний учрыг хөөн анхаарах явцдаа тухайн хэсгийн гол хөтлөгч санааг тавиад тууна. Ингээд үзэгдэл дуусахад үзэгчдийн санаанд дэвсгэр хөгжмийн цуурайнаас өөр юу ч үлдэхгүй байна шүү дээ.
“Чеховын “Интоорын цэцэрлэг”, Метерлинкийн жүжгүүдэд тайзан дээр харагдахгүй атлаа далд, хөшиг хаахад үгүйлэгдэж байдаг баатар байдаг. Харин МУСТ-ын “Интоорын цэцэрлэг” дуусахад тийм баатар үгүйлэгдсэнгүй. Санаанд хэдэн дүр л үлдлээ. Чеховын хувьд “Интоорын цэцэрлэг”-ын баатрууд санаа илэрхийлэх хэрэгсэл болохоос мөн чанар нь биш. Гэтэл МУСТ-д “Интоорын цэцэрлэг”-ийн дүрүүдийг мөн чанар болгоод жүжгийн уянгалаг хэрнээ ад зэтгэрийн санаа чухам юунд байгааг дэлгэн харуулж чадсангүй”[2] хэмээн тайз, дэлгэцийн урлагийн онолч, нэрт найруулагч В.Э.Мейерхольд ялган шүүмжилснийг энд санууштай болов уу! Жүжигт үе бүрийн нийгмийн онцлогийг тусгаж, буруутай буруутнаас буруугүй буруутан болцгоосон  хүмүүсийг хоёр гэр бүлийн ялгамжит амьдралаар дуран авай болгон үзүүлэхийг чухалчилжээ. Гэвч ялгаатай харуулна гэхээр л нэгийг нь инээдэмтэй(Чулуун, Навчаа), нөгөөг нь уйтгартай болгочихдог гэж хялбарчилаагүй байлтай найруулагч. Норжин(Г.Уранаа), Чулуун(Л.Дэмидбаатар) нарын хошин шогийн үзэгдлүүдээр жүжгийн хөдөлгөөнийг эрчимжүүлэн сүлэх гэсэн нь бүр авцалдаж чадсангүй.
Сонгодог жүжиг лүгээ үнэ цэнээрээ эн зэрэгцэхүйц бэсрэг жүжгийг бичсэн шиг бичиж, тавьсан шиг тавьдаг болохоос хуурч, хурааж, хутгаж хийдэггүй юм.Товчхондоо ийм “бэлэн хоол”-ыг амтархан иднэ гэж зохиолч, найруулагч хоёр их санасан бол арван найман шөнө хээр хонох хэрэг гарч дээ. Зүгээр л ийм хямдхан жүжгийг тавих хэрэггүй байлаа УДЭТ.




[1] П.Брук “Хоосон орон зай”, орч Н.Пүрэвдагва,  УБ., 2014, 52-52 т.х
[2] В.Э.Мейерхольд(Өгүүлэл, захидал, хэлсэн үг, яриа), орч Н.Пүрэвдагва, УБ., 2013, 120 т.х

Comments