ХӨХ ШҮЛЭГ


Эрдэм шинжилгээний өгүүллээ үзүүлэлгүй тойроод гүйгээд байсан шавь маань саяхан надтай өгүүлэл биш, шүлгийн түүврээ барьсаар уулзав. Судалгааны ажилд хэл найруулга нь нэг л зүгширч өгөхгүй байсны учир энэ болж таарлаа шүү хэмээн хошигноод авч харвал
Өвөлжөө тийш одсон замыг 
Өвгөд минь гаргасан гэж бодохоор 
Өгсөөд л баймаар... 
...Өөр нэгэн зам гаргаж
Өвөлжөө баримаар санагдана
гэсэн тун ч монгол сэтгэлгээтэй, өөдрөг гэгээн шадууд нүдэнд туссан юм. Энэ хэдэн мөрийг гүйлгэн хараад л би түүний шүлгийн номыг уншилгүй буцааж түвдээгүй билээ. 
Өвөлжөө баримаар, яг л өвгөд шигээ, гэхдээ өөрийн замыг гаргаж, өвөлжөө баримаар байгаа хойч үе бидэнд байна. Хүү өгсөөд л баймаар, бас дуу аялмаар байгаа нь юутай сайхан. Ер нь өвөлжөө гэдэг энэ жирийн үг монгол хүнд ямар дулаан бөгөөд тайван сайхан мэдрэмжийг авчирдаг юм бэ? Бодож байгаагүй юмыг бодуулж байхаас харахад миний шавьд авъяас байна шүү. Монгол шүлгийн амин сүнс болж байдаг үнэ цэнт бүхэн энэ бадагт их л эвтэйхэн цогцолжээ. Энэ шүлэгт бас гунигийн сүүдэр бий, гэхдээ тийм нэг хөдөлгөөнтэй цагаан өвс бөхөлзүүлэх гунигийн дуу бүдэгхэн орж ирээд асар хөх уулсын сүрд дарагдан замхарч, “наадамчин адил” жаргалтай алхаагаар солигддог. Эсрэгцүүлж бүтээсэн энэ хос шаданд жаахан л засаад найруулчихвал гуниг баяр сүлэгдсэн, бодлоо тэнцүүлсэн гэмээр тийм нэг ухаарлын шийдэл байдаг бөгөөд энэ л хос шадын дараагийн бадагт эхний бадгийн өвгөдөөрөө бахархах өөдрөг санаа улам өргөжин гүнзгийрч, уламжлал шинэчлэлийн болоод ухаарлын төгс нэгэн санааг илэрхийлж байгаа юм. Гэхдээ шүлгийн түүвэрт иймэрхүү монгол сэтгэлгээтэй шүлэг бас тийм ч олон биш.”Хормой хормой аргалаар”, “Ээж ээ”, “Ч.Ренчиндоржид”, “Нар буцна”, гэсхийгээд л бараг болчихно. 
Тэрч байтугай тэрээр заримдаа яг л орос тосгонд өссөн үл таних нэгэн мэт болж, нөлөөт толины вант улсад аваачих шиг гайхшруулна. Тэгэхдээ бас “Намрын хилэнд” мэтийн тасархай зураглалуудыг хөөрхөн бүтээчихнэ. Ер нь шавь минь яруу найрагт дажгүй суралцаж байгаа санагдав. Заримдаа тэрээр Башёгийн хайку шиг нөлөө дуурайг шилмэл найргийн парадокстой бүтээж, эсвэл орчин үеийн яруу найрагчдын турших дуртай цагийн болоод өнгө, анирын тоглолтыг буддын гүн ухаантай хөнгөхөн хослуулаад хийчих шинжтэй. Энэ бүхнийг “цагаан зээрийн хөндлөн зуусан сулийг цагаас ах гэдэгт итгэнэ”, “ижийнхээ хамт цонх дулаалах хожмын тэр өдрөөс ихийн их хүйтнийг хүсмээр” гэх ч юм уу “сонгодог мөрүүд минь чиний хорвоогоор дүүрэн байвал...”, “эрэг тийш хөтлөлцөөд хийсэх навчис шаргал шаргал дуутай”, “өөрийгөө аавтайгаа шулуунаар холбоод...дагаж алхвал хүү минь хүү минь би чамдаа л хүрнэ” гэсэн шадуудаас тодхон харагдана. 
Аугаа их санааг ангасан мэт залгилж байж сая л уншсанаа мэдрэхийн донтой болсон миний мэтийн багш нарын нүдээр харахад энэ номын зарим шүлгүүдэд санаа дутагдах шиг санагдана, заримдаа бүр нэмээд биччихмээр болно. Гэвч үзэг шүүрэн авч засахыг урьтал болгодог багш хүний муу зангаа хойш тавиад, улаан балаа бараг өөрөөсөө нуугаад, түүний шүлгүүдийг уншлаа. М.Батбаяр бол санаа төгсгөхгүй ч, нарийн мэдрэмж бүхий дүр дүрслэлүүдээр гарших тийшээ аль хэдийн ханджээ.
“Өнгө гандмал чисчүү дээлийн хормой дэрвэж
Өргөн тал холдоо хаяан үгүй давалгаарна” 
“Чиний инээд жимс хагарах шиг
Чимээгүй гүнээс ус шимээлэх шиг... “ хэмээн мэдрэх юм уу, 
“Ундраад байгаа эх бүрдийн шанд
Уйлж байгаа цэцгийн нэртэй охин
Ундлаад гарсан сэрүүн гэрэлтийн буга
Уралгуу түүний чив чив өвдөлт мөн” гэж сэрнэ. 
Түүний сэрэл мэдрэмжийн дүрслэлүүдийг нарийвчилж үзвэл нэлээд нь салхитай. Өөрөө ч “Хорин насны хөтлөөс хойтыг харуулдвал салхитай” гэж бичжээ. Түүний шүлгүүдийг уншихад “анирхан талаас цагаан зээр мэт салхи босч”, “үелзүүр хөхөл салхины зөнд намиатаж”, “нөөлөг ихт уулсын салхинд алс ичих нарны өнгө бууж”, “урд булаг руу үдийн салхи адуу шиг дэргэж”, бас “сартай төглийн жимс үмхлэн шуухирах холын салхи” мэдрэгдэнэ. Тэр бол салхины хүү гэлтэй. Тэр салхийг мэдэрдэг, бас салхин эхт үзэгдэл юмсын хөдөлгөөн хийгээд эрчмийг шүтэж бичдэг. “Хуйлж цахилсан навчны омогт сүрэг”, “эрэг тийш хөтлөлцөөд хийсэх навчис”-ыг тэр сонсдог. Энд би дурласан залуугийн сэтгэлийг илэрхийлсэн “Уйлган нүдэнд” гэж шүлэгт дурлалыг тэрээр навчис хөөрөөд шувуу болж хувиран нисэхтэй адилтгасан адилтгалыг нэрлэмээр байна. Гэхдээ л түүний шүлгээс салхиар илтгэх далд санаа нь юу вэ, хувьсал өөрчлөлт мөн үү гэсэн шиг нухацтайхан юм хайвал гарт баригдаж өгөхгүй, нэг л орж гараад байна.
М.Батбаяр бол мэдрэмжийн шүлэгч юм. Түүний шүлгийг өнгөөр илэрхийлбэл тэр хөх шүлэгтэй. Хөх өнгөний тоглолтоор бүтээсэн түүний нэг шүлгийг авч үзье. 
Хөх инээд шиг тогоруу цам харайх 
Хөх тэнгэр түүний дээгүүр тогоруун сүрэг шиг эргэлдэнэ.
Хөх зэрэглээ гол ус мэт гүйлгэнээд
Хөхөрч гандсан өтөл мод зэрэглээ болно...
Хөх таанын талд хэдэн тэмээд живээд
Хөхөмдөг суунагт алдран далбилзана
Хөх морьтон салхи урин дэргүүлсээр
Хөх униартай талын хаяаг зорино
Хөх чилдэн тэмээдээ хөөсөөр
Хөх хөх дуу исгэрнэ. 
Хөх Монголын хөх өнгө ямар олон хувилгаатай вэ? Энд зөвхөн хөх өнгөөр монголын тал нутгийн үзэмжийг харуулаад зогсоогүй тал нутгийг зэрэглээт хөдөлгөөн дунд бүтээсэн байна. 
Өнгөний тоглолтын тухайд тэрээр заримдаа цагаан өнгийг цастай хамт авч наадах дуртай. 
Ергөх цасан нэмэн нэмсээр
Ертөнц түүний баримал болохуй... 
Энэ сул шүлэгт цас лавсан лавссаар хөдөлгөөнт бүхэн зогсох мэт, ерөөс хүний амьдрал царцах мэт болохыг мэдэрсэн нэг агшны мэдрэмж байдаг. Энэ ертөнцийг цасан баримал болгох энэ шаданд цаг хугацааны урлаг болоод орон зайн урлагийн илэрхийлэх боломжийн талаар төөрөм төдийгүй цагаан өнгөөр хоосон дүүрний наадам бүтээсэн мэт санагдана. Тэр ер нь олон шүлэгтээ цасыг сонсож, харж, бас барьж мэдрээд, цасыг дөрвөн улирлын хувирал дунд оруулж, цагаар тоглох гэж оролдсон байдаг. 
Сайхны тухай түүний үзэл баримтлал жаахан тийм шиг. “Сайхны тухай” гэж нэрлэсэн түүний шүлгийг анх уншаад Данзангийн Нямсүрэнг муухан дуурайсан дүр зураг юм уу даа гэж сэтгэл гонсойсноо нуух юун. Суль өвс, шоргоолжхоноор төлөөлүүлсэн бичил ертөнцөөс байгалийн сайхныг тулгаад, анчны май, гарам гатлах загасчин хоёроор нийгмийн сайхныг тольдох гэсэн нь дэндүү энгийн бөгөөд гаднаас тоочих шинжтэй. Гэвч тэр өөрөө байн байн дуу алдан байна. Ерөнхийдөө монголын яруу найрагт улиг болоод удаж байгаа нөгөө л хөдөөх, эгэл бор сайхны суртал халдварлаж дээ гэж харамсмаар. Харин “Сайхан өвөл, хаврыг дуулсан шүлэг” –т бол өлгөж аваад яримаар содон зүйл бий. Шүлгийн эхний хэсэгт сайхан өвлийг тэр дүрслэхдээ тэрээр хүүхэд насны дурсамжийг сэдрээх мэт цасны чимээг сонсгож, чарганы мөрийг харуулж чадаад, хоёрдугаар хэсэгт сайхан хаврыг “хядалцагч үүлсийн дор хүүхдүүд гараа тосвол, дэлгэсэн алга нойтон гэдэгт би бүрмөсөн итгэвэл хамгийн сайхан хавар тэр байдаг” гэж төгсгөсөн байдаг. Энэ бол сайхны тухай өмнөх шүлгийг бодоход дотогшоо өнгийх гэсэн сайн талтай. Өөр нэг сайн юм нь хурыг хүсэгч монгол хүнийг “Бороо бороо ороорой...” гэж хүүхдийн дуу дуулалгүй, эсвэл эртний яруу найраг шиг хур бороо гуйлгалгүй, бас ч “бороо орох сайхан, бороонд норох сайхан” гэж улиглалгүй, зүгээр л “дэлгэсэн алга нойтон гэдэгт би бүрмөсөн итгэвэл хамгийн сайхан хавар тэр байдаг” гэснээрээ сайхны тухай асуудлын төв болсон орчин үеийн хүний “би” хэмээх итгэл үнэмшлийг гаргаж чадсан байна.Тодруулж хэлбэл, хаврын сайхан нь хавар болж байгаадаа ч байгаа юм биш, хавар хур бороо ордогтоо ч байгаа юм биш, хавар болж хур бороо орохыг сайхан гэж үздэг тэр монгол хүний итгэл үнэмшилд бүтдэг болохыг өөрийнхөөрөө илэрхийлсэн байна. 
М.Батбаярын шүлгийн нэлээд нь хотын шүлгүүд байдаг. Заримдаа бүр хэтэрсэн гэмээр, эсвэл яг Галсансүх шиг. Гэхдээ л уншигч өөрөө гүйцээн ойлгох боломжийг нээлттэй орхисон орчин үеийн өвөрмөц шийдэлтэй байгаа нь сайн. “Банзан хашаанаас” гэдэг шүлэгт ямар нэгэн эвийлэл халаглал, эсвэл сүр бадруулсан дүрслэлгүйгээр, энэ ертөнцийн элдэв үзэгдэл юмс дотроос зүгээр л банзан хашаа, шар нар, ТҮЦ, тавин төгрөг шиг жаалыг онцлон тоочоод л, яруу найрагчийн эмзэглэл санаагаа илэрхийлж чадсан байна. 
Банзан хашаанаас 
Том шар нар үсрэн гарахуй...
Түц онгойно
Тавин төгрөг шиг жаал
Түүн рүү гүйнэ...

Энэ шүлгийг уншихад Д.Нацагдоржийн хуучин хүүгийн шинэ дүр гэмээр, эсвэл бүр хуучин хүү хотод ирээд ийм нэг жаал болчихов уу гэмээр хачин сэтгэгдэл төрнө. Мөн цаашилбал “Удахгүй бороо орно” шүлэг дэх урт хөлтэй бүсгүйг, “Шаргал боронгойтой хэвгийгээр” шүлгийн шаавай анхи бүсгүйтэй зориуд эсрэгцүүлсэн мэт сэтгэгдэнэ. Энэ шүлгүүд аль аль нь ус гатлах бүсгүй хүний дүрийг ахиуллын аргаар бүтээхдээ сайхны үнэлэмжээ илрүүлснээрээ онцлог. Эхний шүлэгт бороо орохоос урд гудам усанд автах, урт хөлтэй бүсгүй туулах хүртэл ахиулсан бол, удаах шүлэгт торгууд бүсгүй тоохуу госоо тайлаад, шалбуур сэлтээ шамлан, хормой хотоо шууж, голын цаана гарах байдлаар төсөөлөн ахиулал ашиглан сайхныг бүтээсэн байна. Энэ бол хот хөдөөг эсрэгцүүлсэн төдийгүй өөрийн соёлын дундах төрмөл сайхныг суурин соёлын түрхмэл сайхны үнэлэмжтэй сөргүүлэн харах, чухам шүлэгчийн сайхны үнэлэмж жинхэнэ утгаараа тодорсон мөрүүд болно. 
Эцэст нь дүгнэж хэлэхэд энэхүү номд эх нутгийн хүүгийн төрөлх зөн мэдрэмж, их л ховордож буй монгол сэтгэлгээнээс эхлээд элдэв найргийн нөлөө, эвдэж ядсан логик, эвлүүлж тоглосон үгс гээд олон янзын эрэлт туршилтын шүлгүүд багтаж оржээ. Үүнийг би “өөрийгөө хайх” гэж нэрлэмээр байна. Үнэхээр бид ийм л эрс тэс соёлын өөрчлөлтийн дунд амьдарч өөрийгөө олж ядан байна. Суурин иргэншилт өрнөдийн тогтсон яруу найрагт “өөрийгөө эвдэх” гэдэг зүйл чухал байдаг бол өнөөгийн монголчуудын нүүдэл суудлын энхэл донхол дунд “өөрийгөө хайх” гэдэг үнэхээр олзуурхам билээ. Өөрийгөө олох болтугай.

МУИС-ийн профессор
ХБУ-ны доктор Ph.D Г.Нандинбилиг
2015 оны 3 сарын 31

Comments