1980-аад оныхны
дундаас үргэлжилсэн үг, жүжиг, киноны зохиолоор үерийн ус шиг оволзон хүчтэй
гарч ирсэн хүн бол Сорогдогийн
Жаргалсайхан яах аргагүй мөн. “Их хөвчийн шуугиан”, “Саваагүй амьтан”, “Мааз
Дамбий”, “Хүний үр”, “Хандаа” зэрэг “араншин” төрхтэй өвөрмөц дүр дүрслэлтэй
өгүүллэгүүд наяад оны эхээр төвийн сонин хэвлэлийн хуудаснаа гарч уран зохиолын
хорхойтон хийгээд уншигч олны анхаарлыг зүй ёсоор татаж эхэлсэн билээ. “Айлын
том хүү”, “Уул хүү хоёрын домог”, “Эгч, ах , дүү бидний тухай”, “Хүний тэнгэр”,
“Урт өдөр” туужууд хэвлэгдэж билиг авьяастай нэгэн болох нь танигдав. Драмын
театрт “Буцах хаяг”, “Халуун газар”, жүжиг тавигдаж, “Сүүдэр”, “Хүний хүн”, “Илүү
сартай зун” кинонууд дэлгэцнээ амилсан нь хэдхэн жилийн дотор зохиогчийнхоо нэрийг
үзэгчдэд хүргэчихсэн билээ. Ингэж С.Жаргалсайхан хэний ч татлаа түлхээсгүйгээр
зохиолчийнхоо байр суурийг шууд эзэлсэн юм.
Авьяаслаг
найруулагч Г.Доржсамбуу агсан 1992 онд “Уран бүтээлийн хувьд гайхагддаг авьяас
нь учир шалтгааны логик дарааллыг мэргэн олдогт байгаа юм. Нэг үгээр хэлбэл
хэрэгтэй газар нь үгээ онож хэлдэг, санаагаа яг “байранд” нь шигтгэдэг, нуух
ёстой бодлоо нууж чаддагаараа ховорхон, ер нь монголын дээгүүр орох хүн. “Илүү
сартай зун” кино, манай театрын тайзнаа
тавьсан “Там” жүжиг нь “цаг хугацаагүй” бүтээл
гэж хэлсэн нь санаанд орж билээ. Ингээд “Хаан түүх” жүжгийнх нь нэрээс
эхлэн ярилцав.
-Яагаад театрын роман гэх болов?
-Театр бол шидэтийн
ертөнц. Би Чингис хааны тухай театрын бүтээл туурвия гэж олон жил бодсон.
Тэгээд сүүлд нь нэг бодит хааны тухай биш хүн төрөлхтний түүхэнд хаан хүнд
учирдаг зовлон жаргалыг бүхэл бүтэн үеэр нь үзүүлье гэж бодсон. Нийтдээ гурван
хэсэгтэй.
Нээлтийн өдөр бүх
хүн баяр хүргэдэг. Магтдаг. Маргаашнаас нь жинхэнэ шүүмжлэл эхэлдэг. Одоохондоо
юм сонсоогүй л явна.
-“Хэл бол салхи, бичиг бол мөр” гэсэн үг бий. Зохиолын үүдэл санааг олоод баримт материал
цуглуулах, тэмдэглэл хөтлөх зүйл бишгүй гарна биз?
-Би
бол дээд зэргийн залхуу хүн учраас тэмдэглэл хөтөлдөггүй. Харин тархинд орсон
нэг санаа мартагдахгүй. Ер нь бодлын нэг үр тархины хаа нэгтээ шигдчихдэг юм
шиг байгаа юм. Хэрэгтэй шаардлагатай үедээ бодогдож дотроос нэг “хатгачихаад” л
яваад байна. Хэрэгцээ болохоор, цаг нь гүйцэхээр өөрөө “төрнө”.
-Албан хүчээр түрүүлж төрүүлнэ гэж байх уу?
-Үгүй дээ. Цаг нь
болоогүй бол хэзээ ч үгүй.
-Маш олон жил бодож яваа одоо хүртэл бичээгүй зохиол байх
уу?
-Нэг л юм бий дээ.
Манай аав жолооч хүн байсан. Эцгийнхээ тухай зохиол бичье гэж амьд сэрүүн үед
нь бодож л байсан, одоо ч бодож л байна.
-“Мааз
Дамбий” гэж сонин өгүүллэг бий байх аа?
-Тэр ч тийм,
тэгэхдээ аавын тухай биш. Манай нутагт
хааз Гооёо, шувуун Шаагаа хочтой жолооч олон бий. Мааз Дамбий тэдний л нэг.
-“Айлын том хүү”-гээс өөр ном гаргасангүй юу? Бид их сургуульд
байхдаа гар дамжуулж уншсан. “Арван наймтай байхад...” гэсэн уянгын туужийг
хэвлүүлж болохгүй юу?
-“Сахиул” гэж хоёр
дахь номоо хэвлүүлэх болсон. Зөвшөөрдөг бүх хүн гарын үсэг зурчихаад эхийг нь
яг хэвлүүлэхээр бэлтгэчихээд аваачиж өгөөгүй. “Айлын том хүү”-гээс дор болох юм
шиг санагдаад “айсан”. “Арван наймтай байхад...” тууждаа ч би хайртай. Бага
залуугийн романтик сэтгэлгээ. Эргээд уншихад сайхан байдаг юм. Гэхдээ хэвлүүлэх
хэмжээний зохиол биш.
-“Айлын том хүү” туужаар Б.Балжинням найруулагч “Сүүдэр”
кино хийсэн. Уншигч, үзэгчийн хувиар хэлэхэд зохиолоосоо дор болчихсон юм шиг
санагдсан шүү?
-Кино бол
найруулагчийн уран бүтээл. Миний зохиолын санааг аваад тэр хүн өөрийнхөө уран
бүтээлийг хийсэн. Гэхдээ зохиолчийн хувьд миний санаанд хүрсэн. Анхны юм болоод
ч тэр үү, би “Сүүдэр” кинондоо хайртай. Дашрамд хэлэхэд Балжинням найруулагч
намайг кино руу татаж оруулсан. Бид хоёр бие биенээ танихгүй байхад “Айлын том хүү”-гээр найруулагчийн зохиол
биччихээд орж ирсэн. Бид хоёр түүнийг тав дахин засч байж үзэгчдэд хүргэсэн
маань тэр.
-Та театр, киноны олон найруулагчтай ажилласан. Гологдсон
зохиол байна уу?
-Байхгүй. Гэхдээ
киноны найруулагч өөрийнхөө санааг оруулах гэж их засна. Арга ч үгүй юм. Кино
бол дүрслэлийн урлаг учраас бүгдийг үзүүлэх хэрэгтэй болдог. Гарцаагүй үед
хэрэгтэй газар, дүрсэлж болохгүй нөхцөлд үг хэлэх болно доо. Харин театр бол
үгийн урлаг учраас зохиогчийн санааг хүндэтгэж үзнэ. Нэг үгний төлөө ч
найруулагч хөөцөлдөнө.
-“Илүү сартай зун” кино Оросын “Насан туршийн хайр” гэдэг
Сибирийн хөлгүй залуугийн тухай өгүүлдэг кинотой адил болсон гэвэл та хүлээн
зөвшөөрөх үү?
-Адилхан байж
болно. Галбадрах гэдэг хүний дүр монгол хүний сэтгэлд хүрсэн бол Сэлэнгэсүрэн
найруулагч бид хоёрын Хөвсгөл нуурын хөвөөн дээр зуссаны үр дүн болно. Нөгөө
талаар Галбадрахад тэр үеийн нийгмийн бүх шинж туссан байгаа.
-Зохиол бүрд нэг хүн байгаа. Тэр хүмүүсийг үзүүлдэг таны
нүд, таны арга юу байна?
-Би бол дандаа
тэнэг хүн бичье гэж боддог. Яагаад өнөөдөр болтол Ю.Шексперийн Отелло “амьдарч”
байна гэвэл тэр бол тэнэг хүн. Үзэгч өөрөөсөө ухаантай хүнийг үзэх дургүй
байдаг. Ямар тэнэг амьтан бэ? Яго-г яагаад хардахгүй байна вэ? гэж бодсон
мөртлөө үзээд байдаг. Нөгөө талаар тэнэг хүн өөрийнхөөрөө амьдардаг.
Өөрийнхөөрөө амьдарч яваа тэр л хүмүүсийг бичье гэж дандаа боддог. Галбадрах
гэж ямар амьтан байна тэрийг л бичихээс Галаагийн амьдралыг Жаргалсайхан зохиох хэрэггүй.
-Өөрийн тань уран бүтээлийн ямар үе ирж байна. Аливаад
зайлшгүй мандалт бууралт, өгсөх уруудах гэж бий биз дээ?
-Тэрийг би
тодорхойлж чадахгүй. Өгсөхийг л хичээнэ. Уруудахыг хүсэхгүй.
-Уруудаж байгаагаа мэдэхгүй бол яана?
-Муу зохиол бичлээ
гэдгээ ямар ч тэнэг хүн мэднэ. Мэдсэн мөртлөө бичвэл тэр ёстой тэнэг амьтан
болно.
-Тэнэг амьтан гэснээс монголын театр, киноны зохиолчдын
нийгэмлэг Б.Бадар-Ууган та нарын бүтээсэн “Төрийн сүлд өршөө” таван ангит
киноны эсрэг мэдэгдэл гаргасан. Дараа нь дэд доктор С.Дашдондог “Цаг төрийн
үймээн” романыг баллаж орхилоо гэсэн санаатай шүүмж бичсэн байсан. Үүнд та хэр
эмзэглэв?
-Тэр улсын бодлоор
бол “Төрийн сүлд өршөө” киног “Цаг
төрийн үймээн” романы экранизаций гэж ойлгоод байгаа юм. Үнэндээ бол “Цаг
төрийн үймээн” романаас сэдэв аваад тэр үеийн улс төрийнхөө төлөө зүтгэж байгаа
ноёдын эх оронч үзлийг үзүүлэх гэсэн оролдлого. Роман роман чигээрээ байгаа.
Номын сандаа, хүмүүсийн сэтгэлд байж л байгаа. Шүүмжлэл ч яахав. Бодсон юмаа
хийх л сайхан. Хэн ч, ямар ч нийгэмлэг саад болж чадахгүй юм даа.
-Шинэ тууж өгүүллэг бичиж байна уу?
-Санаа байна. Жүжиг
кино болохгүй юм гэж байна. “Хөндлөн
усны намаржаа” гэдэг өгүүллэг бодогдоод болж өгөхгүй байна. Хорхой хөдлөөд байж
сууж чадахгүй. Гэхдээ цаасан дээр буух цаг нь болоогүй байна.
-Манай хошин урлагийн театрын лидерүүд тоглосон “Би
гэртээ харимаар байна” киногоо өөрөө найруулсан гэл үү?
-Миний
найруулах ч гэж юу байхав. Гэхдээ олон жил бодсон болохоор өөрийгөө нэг туршаад
үзмээр санагдаад... Эрж л яваа хэрэг юм даа. Гэхдээ “Михиалд бас нэг бодол бий”
/инээв/
-Танай дүү С.Баярсайхан бас киноны зохиолч. Ах дүү хоёр зохиолч байх сайхан юм уу?
-1982
онд Баярсайхан надад нэг зохиол үзүүлж “Энүүгээр кино хиймээр байна, засч
өгөөч” гэсэн. Би засч өгөөгүй. Зохиолч болох гэж байгаа бол өөрөө оролд гээд
буцаасан... Нухсаар байгаад “Амин мөр” гэж кино хийлээ. Түүнээс хойш “Хүйн
холбоо”, “Алдас” киноны зохиол бичсэн. Одоо миний “Сэтгэлийн учиг” зохиолоор
кино найруулж байна.
-Зохиолч хүүхдүүдтэй эхийн сэтгэл...
-Эх
хүнд хүү нь зохиолч, зохиолч биш байх гол нь бус хүү байх нь хамгийн эрхэм.
Ерөөсөө аав ээжийн хүү болж төрнө гэдэг надад хамгийн том хувь заяа. Ачийг нь
хариулж чадахгүй ч гэсэн нэрийг нь зөвөөр дуудуулж явахсан даа. Саяхан “Хаан
түүх” жүжгийнхээ 2 дугаар ангийн нээлтэн дээр аав минь байсан бол энийг л
үзүүлэх байж дээ гэж бодогдсон.
-Аавыг
тань би бас таних юм. Хөвсгөл аймагт “Жирийн гайхамшиг” жүжгийн нээлт болоход
хамт үзэж явлаа. Яаран үг хэлдэггүйсэн. Удаж удаж ганц жинтэй үг дуугарна. Төв
хөдөөгийн театрт олон жүжиг зэрэг зэрэг тоглуулж байх үед “Миний хүү дэндүү
яарч байна уу” гэдэгсэн.
-Аав
намайг хэзээ ч зохиолч гэж хэлээгүй. Төв хөдөөд арваад жүжиг тавиулж гайгүй том
зохиолч болчихоод байхад тэр талаар юу ч хэлэхгүй, ганц хоёр үг дуугарвал
“радиогоор чиний тухай тэгж ярьж байлаа” гэсэн шиг тоомжиргүй үг дуугарна.
-Ханийнхаа талаар...?
-Сайн ханьгүй бол
уран бүтээлч байна гэдэг бэрх. Би гэртээ юу ч хийхгүй. Сонингоо уншина, зурагт
үзнэ, зохиолоо бичнэ. Тэгэхээр миний зохиол сайн болсон байвал манай Дулмаагийн
нэртэй холбоотой.
-Таны багш хэн бэ?
-Надад
ганцхан багш бий. Хөвсгөл аймагт байгаа Дэмбэрэлийн Чулуунбаатар гэж уран
зохиолын багш. Бид “Чунгаа” гэж авгайлдаг байсан. Тэр зохиолыг ёстой
амьдруулна. Галидасын “Үүлэн зардас” хэмээх тэр том зохиолыг
Сэрэмж алдсан нэгэн
ягшин
Хилэнт эзний бошиг
зарлигаар... гээд хэсэг хэсгээс нь цээжээр уншина. О.Бальзакын “Гобсек”-ийг яг
л Гобсек болж ярина. Жүжиглэнэ, хувирна гэж янзтай.
-Өөрөө багадаа ямар хүүхэд байв?
-Их саваагүй,
тэгсэн атлаа их муу санаатай. Нэг удаа ээж үзэм авчраад нуучихжээ. Гэтэл манай
хашааны толгойд нэг зэс данх өлгөөтэй байх. Тэрүүнд байгаа юм биш үү гэж
Баярсайханд хэлсэн. Мань хүн шуугиж очоод авчирсан, хувааж идсэн. Орой нь
Баяраа зодуулж байгаа юм чинь...
-Юуг үзэн яддаг вэ?
-Хүн хүнээ дорд үзэхийг... Энэ бол хүний
адгийн шинж. Бусдын хувь заяа надтай л ижилхэн шүү дээ.
-Шүтэн бишрэх үү?
-Сүсэглээд сүйд болохгүй ч хүндэтгэж харьцана.
-Монголд сонгодог зохиол байна уу?
-Би бол монголд
сонгодог зохиол байхгүй гэж хэлж чадахгүй. Гадны хүнийг үнэлж болно, гэхдээ
түрүүнд нь өөрийнхөө юмыг зөв үнэлж сурах хэрэгтэй. Равжаагаас эхлээд аль
гайхамшигтайг хэлж барах вэ?
-Нийгмийн хөгжлийн түрүүнд урлаг явах ёстой гэдэг бил үү?
Тэгвэл өнөөдөр ямар бүтээл хэрэгтэй байна?
-Тийм
бүтээлийг бий болгохын төлөө төр дэмжих ёстой. Баян ч бай, ядуу ч бай бүх хүн
урлагийн хэрэглэгч. Уран сайхны хэрэгцээ нь адилхан. Мөнгө бол урлаг биш. Сая
доллар тооллоо ч жүжиг үзсэн шиг таашаал
төрөхгүй.
-Ярилцлага жүжгээр эхэлсэн, одооч гэсэн жүжгээр өндөрлье.
ЖҮЖИГ-АМЬДРАЛ-ЖҮЖИГ гэсэн хэлхээ таны амьдралын утга учир бололтой. Тэгэхээр
монголд нэг номерийн жүжгийн зохиолч гэвэл хэн байна?
-Тэрийг,
энийг гэж нэр зааж чадахгүй. Би өөрийгөө гэвэл дэндүү даруу биш хэрэг болно.
Тэртэй тэргүй миний тухай үнэн зөв үнэлэлтийг үзэгчид өгч чадна. Би өөрийнхөө
тухай ганц л юм мэднэ. Надад жаахан юм байгаа. “Хаан түүх”-ийг цаасан дээр
төрөөгүй, санаагаа ярилцаж байх үед
театрын дарга, урлаг судлалын ухааны дэд доктор Б.Зориг “Монголын
театрын “Хаан түүх”-ийг чи л бичих ёстой”гэж хэлсэн нь их урам өгсөн шүү. Цаана
нь юу харагдах нь вэ? Давааны цаана
даваа бий.
Сорогдогийн Жаргалсайхан 1957 онд Хөвсгөл аймгийн төвд
төрсөн. ПДС төгссөн, Үйлдвэрийн инженер-эдийн засагч мэргэжилтэй. МЗЭ-ийн
гишүүн, МХЗЭ,МҮЭ-ийн шагналт.
Ярилцсан: Д.Батжаргал
Comments