ҮЛ ТАНИГДАХ ЭГШИГЛЭН

До.Цэнджав
Өвөлжөө тийш одсон замыг
Өвгөд минь гаргасан гэж бодохоор 
Өөр нэгэн зам гаргаж 
Өвөлжөө баримаар санагдана гэсэн мөр энэхүү номын зохиогч Мө.Батбаярын шүлэгт бий. Тэр үнэхээр өөр замаар явааг шүлгийн энэхүү богино богино мөртүүдээс мэдэрлээ. Өвгөд гэдэг нь уламжлал юм. Ганц өьгөд биш ээ, ерээд оныхноос ч, шинэ зууныхнаас ч, тэр ч бүү хэл яг өөрийн үеийнхнээс анхи өөр замаар яруу найргийн шаналант шар тэнгисээр зугаацах мэт явна. Хичээл дээр огт өөрийг бодсон мэт хулганасхийн суудаг, бодол санаа замбараагүй тэнүүлчилдэг болов уу? Гэмээр Ховдын хязгаарын оюутан залуу ийм содноос содон, өвөрмөцөөс өвөрмөц шүлгийн ном гаргачихаад мөн л гэм зэмгүйхэн, юу ч хийгээгүй, юу ч бүтээгээгүй шиг миний өмнө зогсоно. Түүнд МУИС-ийн утга зохиолын дугуйланг хариуцуулсан. Их утга зохиолын нэгэн горхийг эзэгнэж байгаа нөхөр, Олон авьяастануудтай танил болоо билээ. Дуртай юмандаа амттай гэж жигтэйхэн. “Монгол шүлгийн эгшиглэнт чанар гэж хамгийн чухал зүйл бий” гэж Ц.Дамдинсүрэн абугай хэлсэн санагдана. Түүний мөр, бадаг бүрээс сэвэлзсэн аялгуу, аядуу айзам, нугалбарт эгшиг мэдрэгдэнэ. Бас учир шалтгааныг зориуд алдагдуулсан адармаалал ажиглагдана. Энэ бол Батбаярын өөрийнх нь өнгө аяс. Утга учиргүй, зах замбараагүй үгийн хүчээр овоолсон цуглуулга биш. Гэвч би түүний нэлээд шүлгээс аядуу эгшиглэн, зохист аялгууг мэдэрсэн хэрнээ утгыг тэр бүр тайлсангүй. Утга нь шүлгийн гүн бүтэцдээ байх шиг. Өнөө цагийн шүлгийн моод маяг энэ юм даа. Батбаяр зориуд учир шалгаалцлын үл огоорч будангуйраагүй бол түүнээс дорнын аялгуут шүлэгч Данзангийн Нямсүрэнгийн аяс үнэртэх шиг санагдав. Гэхдээ цул мэдрэмж нэг л шинэ исгэлэн мэдрэхүй, цочрол, эмзэглэл төрүүлнэ. Батбаяр 90-ээд оны модернист маяглал байхгүй, бас өнгөрсөн үеийн реализмын анир ч үгүй. Хийсвэр сэтгэлгээ, бодь чанарын голд нь зогсоод өөрийнхөө адармаат дүрслэлээ зурж сууна. Утга төгс байдал тодорсноо мөдхөн дараачийн мөрнөөс цас хайлах шиг алга болно. Энд түүний урлахуйн нууц бий. 
Нэрийн чинь сонсохоос халтай 
Нээрэн ямар гунигтай сар вэ? Гэсэн шиг тэнэмэл юм шиг энэ санаа шүлгийн мөр бадаг бүрт модны мөчир дээрх борооны дусал ус шиг бөнжигнөнө. 
Нимгэн царайнаас тань 
Тунгалаг инээд нисээд 
Над дээр буулаа. Арай л өөр сэтгэмж байгаа биз, бидний хэвшсэн сэтгэмж дүрслэл биш. Гэхдээ байж болох, эргэцүүлэлд унагах дүрслэл. “Инээд ниснэ” гэдэг донжтой сэтгэмж. Өөр дээр буулгана гэдэг бүр ч донжтой. 
...Ганц ёотон бясалгал хийнэ 
Өмнөх аягатай цай түүнийг 
Өршөөлгүй тасчихаа мэднэ 
Хооллохын өмнө залбирал хийнэ 
Үлдэх тухай бодно 
Ганц аяга цай 
Гүн бодол болно. Мэдээж байж боломгүй юмс. Гэвч бүхний уусгагч, өөртөө шингээгч, дайсагнагч их хүчийн өмнө хүчин мөхөсдөн мөдхөн хайлан үгүй болох ёотон надад жигтэйхэн гуниг төрүүлэв. Амьдрал бол тэр чигээрээ устгагч хүчин ч юмуу, энэ нийгэм ч тэр юм уу? Шүлгийн далд хүч, утга санаа гэгч энээ. Батбаярын монгол хэлний илэрхийлэл яахын аргагүй зөв, уртай, наалдацтай. Яс зурах шиг төмөр хавирах шиг хяхтнаан байхгүй. 
Уяан дээр хүн ирэх 
Чимээ гарч 
Унаж ирсэн хүлгийн үнэр 
Хаяагаар сэвсхийнэ... 
...Саахалтын газраас 
Аавыгаа таниад 
Тосон гүйх 
Том болмооргүй. Хөдөөний ахуй цоо шинэ мэдрэмж. Ийм нэгэн цоо шинэхэн, уулзаж учирч байгаагүй юм шиг, этгээд хачин, жигтэйхэн эевэрүү даруу, бас хэрэндээ хэрсүү оюутан залуу Их сургуулийн хонгилд зөрөөд өнгөрнө, хаашаа ч юм чимээгүй алга болно, эргээд ирнэ. Их торгон авьяас юм даа. Их айхтар зөн бэлгэдэл юм даа.Их нимгэнээс нимгэн мэдрэмж юм даа. Чамайг тосон авах их ирээдүйн манан будан дундаас чамайг таньж байна, харж байна, итгэж байна. Түүнд нэгэн цоо шинэ мөр буй нь чинийх. Улаан зам дээр Дайралдсан өнөөх Цаг хугацаа Уужээ намайг... Би болж өөрөөр болно. Уугдахгүй, уусахгүй, урсахгүй, улиглахгүй, ууршихгүй он цаг чиний өмнө байнааа. Тодоос тод зам мөр шавь минь чиний өмнө байнаа. ...Хамаг бүхэн сар мэт Шинэдэх болтугай.                                            
                           До.ЦЭНДЖАВ МУИС-ийн утга зохиол, урлаг судлалын тэнхим 325-р өрөө.

Comments