/Ү.Хүрэлбаатарын хайкү шүлгийн гурван дэвтрийн тухай/
Х.Чойдогжамц /СУИС/
Яруу найрагч
Ү.Хүрэлбаатарын монголоор бичсэн японы хайкү хэлбэрийн шүлгийн ”Чөдөр гурвалжин/би-дөрвөн улирал/”, “Тархины фитнес”/эмнэлгийн хайкү/, “Гандирсан/их говийн зэрэглээн дунд/” түүврүүдийн тухай ярихаас өмнө монголчууд бид ч ургаажин
онцлогоо шингээсэн богино шад, оновчтой хэллэгт шүтэж, цөөн үгэнд утгыг
чимбайруулан нуусан яруу үгсийн цомирлог бүтээн туурвисаар ирснийг дурдах ёстой
болов уу. Зүйр үгс, хос уянга, товчит, ертөнцийн гурав зэрэг уран сайхны бичил
туурвилууд яруу найргийг хамгийн төгс, хамгийн охор болгон хураах тусам сайн
болдгийг мэддэг байсны нэгэн илрэл гэлтэй. Мөн зохиогчийн “Чөдөр гурвалжин”
номдоо “...Японы гурван мөрт хайкү
шүлгийн мөн чанарыг монгол ахуйн адуун соёлын нэгэн хэрэглээ болсон чөдрөөр
тайлах гэсэн юм. Товчхондоо хайкү бол гурвалын гурамсан томолт буюу чөдөр
гурвалжин юм...Чөдрийн зөв талын хаа нь зүүн талынхаас ялигүй богино байна.
Тиймээс чөдөртэй морь урагш шулуун явчихгүй баруун тийшээ тойрон эргэцэн
идээшлэх тул нэгэн тойргийг үүсгэнэ. Энэ бол хөдөлгөөнийг төдийгүй орон зайн
хязгаарыг үүсгэж буй монгол чөдрийн монгол ухаан юм. Хайкү шүлгийн орон зайн
хязгаар, хязгааргүй сэтгэлгээний хураангуй үүнтэй төстэй мэт санагдана”
гэсэн өөрийнх нь тодотголыг удиртгал болгоод юутай ч дурьдчихья. Сайн муу нийлж сав дүүрдэг гэдэг шиг Ү.Хүрэлбаатар
найрагчийн хайкү шүлгийн эрэлд гарсан түүврүүдийг уншихад саар сайн олон
зүйлийг шударгуу гэгч нь жишин яримаар бодогдлоо. Ил
галын илчинд ил үгээ ярилцах уг нь сайхан...Ишилсү:
Хайку шүлэг нь хүнийг сатори буюу хором зуурын сэхээрэл, сэрэл
мэдрэмжид, гоо сайханы таашаалд хөтөлдөг. Тиймээс
бүхнийг дэлгэрэнгүй буюу нэгжлэн бичдэггүй цөм чанар, хам утга, дэлгэр тайлалтайдаа
өвөрмөц билээ. Ингэж уншигчид цааш ургуулан бодож, шүлгийн гүн утгатай айлсан найрсах чөлөөт орон
зайг үлдээнэ. Үүнийг таавар буюу хайкүд юүгэн гэж нэрийддэг гэнэм. Зохиогчийн бичсэн гурван мөр дангаараа бүрэн төгс хайкуг илтгэхэд дутна. Харин зохиогчийн сэрэл, сэрэмж, сэтгэмжийн цогцод уншигч хэмээх хүчирхэг уран бүтээлч буй биеэрээ
нийлэгшин хөтлөгдөх үед хайку сая төгс утгаараа буй болдог.
Алаг эрвээхэй
Алган дээр минь буулаа
Дэвтэр дэлгэгдэв[1]
гэсэн шүлгийг дээрх
санааг минь урвуугаар нь тун тодорхой илтгэчих болов уу гэж сонголоо. Ерөөс шүлгийн утгын халих увидасыг
“таазлаад” хорьчихож байна шүү дээ. Байгаль, хайкү, яруу найрагчийн тухай
цомхон санааг өгүүлэх гэсэн боловч бүтээлээ ч, хүртэгчээ ч зохиогч дарамталчихаж
буй туурвилыг эцсийн мөрөөс харж байна! “Дорнын зарим нэг соёлд урлагийг хүртэх урлагийг маш өндөр үнэлдэг.
Тухайлбал, зэн-буддизмийн/Хайкү
шүлэгт зэн буддизмын амьсгал чухал оролцоотой Х.Ч / гоо зүйд бүтээгч болон түүнийг хүртэн
мэдрэгч нарыг зарчмын хувьд нэг түвшинд тавьж үздэг байна. Мөн
бүтээлч үйл явцад өөрийн оюун ухаандаа дүрийг харж, бүтээх чадварт урлагийн
бүтээл туурвих үйл ажиллагаанаас дутахгүй ач холбогдол өгдөг. Энэ санаа мөн
урлагийн бүтээл нь бүтээл туурвигчийн бүтээлч шинж гүйнзгийрэх эцсийн цэг
төдийгүй мөн түүний хүлээн авагч, түүний оюун санааны хувьд хийсвэрлэгч хэн
бүхний амьдралын үйл ажиллагааны түлхэц мөн хэмээн үздэг символистуудын онолд ч
тааралддаг. Ийм санааг судлаач М.Бахтин илэрхийлсэн ба тэрээр хэрэв уран бүтээлчид
хамгийн гол зүйл нь түүнээс тасран гарсан “уран бүтээлийн бүтээгдэхүүн” буюу
өөрөөр хэлбэл урлагийн бүтээл байдаг бол үзэгч, сонсогч, уншигчийн хувьд гол
бүтээгдэхүүн нь өөрөө бөгөөд түүний бие хүний шинж мөн”[2] хэмээн тэмдэглэсэн байдаг. Уран бүтээлч-Уран бүтээлийн
бүтээгдэхүүн-Уншигч гэсэн тойргоос сая жинхэнэ бүтээл тасран гарах
тухай асар нарийвчлалтай явцыг ярьж байгаа нь бидний өгүүлэн буй сэдэвтэй нягт
уялдаатай. Гэтэл найрагчийн ихэнх хайкү шүлгийн туршиц, туурвилийг шинжихэд
эхний хоёр мөр уран бүтээлчийн өврөөс урган гарах атлаа сүүлийн мөрөнд тасран
биежихгүйгээр хүчлэн унасан нь шүүмжлэх асуудлын нэг мөн. Яг доорх шүлэг шиг.
Өвөр дулаан үгс
Өвөлжөө бууц бараадна
Өвөө үлгэр болно[3]
Энэ завсар Х.Г.Гадамерын “Бичвэрийн утга
зохиогчийнхоо ойлгоцоос ямагт илүү гарчихдаг”[4]
хэмээх үгийг хавчуулахыг хүслээ. Энэ мэт:
Загас үгүй нуур
Завь үгүй харагдана
Сэтгэл эзэнгүй[5]
Хүйтэн булгийн ус
Хаа холоос хага ташна
Эрвээхэй бээрнэ[6] зэрэг палхийтэл нь нэлмийтэл хэлчихсэн
илтэд шүлгүүд түүврүүдэд зонхилж,
урлагийг хүртэх мэдрэмжийг уран бүтээлийн нэгэн хэлбэрийн түвшинд
тавьдаг хайкү шүлгийн гоо сайхан буюу хормын төвлөрөлөөс ондоон байгаад
эмзэглэснээ давын өмнө хэлэх ёстой гэж мунхаглалаа...
***
Уншигч төвлөрөн уншихуй эгшин дор хайкун нэгдмэл
утгат бүхэл “томьёолбор” задран бодогдож шинээр тутам мэндлэх өргөн боломжтой. Хайкү шүлэгт
хандах энэ дэвшилтэд хандлага “хэл ба түүнийг ашиглах бололцоо сэтгэгчийн
сэтгэхүйгээс өмнө байдаг. ИЙМЭЭС ХЕРМЕНЕВТИКИЙН ҮҮДНЭЭС МЭДЛЭГ БОЛ ОЙЛГОХУЙ МӨН.
ЭНЭ ОЙЛГОХУЙ НЬ МАТЕРИАЛИЗМД ЯРЬДАГ ТУСГАЛЫН ҮР ДҮН БУС, ХАРИН ХЭЛ ХЭМЭЭХ
ТОГЛООМЫН ЯНЗ БҮРИЙН ТӨРЛИЙН УТГЫГ ХЭРХЭН УХААРСНЫ ҮР ДҮН”[7] гэсэн тайлал
зүйн онолын ХЭЛНИЙ БОЛОМЖИЙГ ТАЙЛАЛ, ТАЙЛБАРТАЙ НЭГТГЭСЭН гаргалгаатай дүйцдэг.
Ингэж хайкү шүлэг уран зохиол шинжлэлийн шинэлэг төдийгүй үндсэн арга болчихоод
байгаа арга зүйтэй туурвил зүйн шугамаараа тэврэлдэн уулзаж буй нь энэхүү бичил
ертөнцийн бяр тэнхээг харуулна. Ишилсү:
Билүүт их шалд
Биегүй биелгээ
биелэнэ
Бийр янтай цуцна[8] хэмээсэн дотогшоо
бахдан чимээлсэн мөр надад Башёгийн “Өдийг хүртэл чи амьдралаас юу сурав?”
гэсэн багшийнхаа асуултад “Борооны дараах хөвд мөн ч ногоон шүү” гэж бороо,
чийг, хөрс, хөвд, өнгө, үнэр, сэтгэл хослуулсан ер бусын торгон атлаа энгүүн
мэдрэмжээр хариулсан үгийг санагдуулсан юм. Элчилгүй их талд биегүй биелгээ
биежих бодот агаад хийсвэр зураглалыг сэрсэн найрагч бийр янтай цуцам хэмээн
үгийн шидийг байгалийн эрхшээл шидийн өмнө сөхрүүлэн танисанд энэ шүлгийн
эрхшээх увидас оршин байна. Ялангуяа Ү.Хүрэлбаатар найрагчийн “Гандирсан/их говийн зэрэглээн дунд/” хэмээх түүвэрт хоосон чанарын
хэлбэржил болсон зэрэглээ хэмээх монгол тэмдэгт үгээр түлхүүрдсэн гурван
мөртүүд үнэхээр сонирхолтой туршиц бол чадсаныг тэмдэглэх нь зүй. Хэзээнээ монголчууд барайж торойж байдаг зэрэглээ нэг
хоосон гэж хэлэлцсээр ирсэн мөртөөн мөнөөх зэрэглээгээ буй гэдэгт бат итгэдэг
билээ. Үүнийг:
Зэрэглээн дунд
Зээрийн хөл
жирэлзэнэ
Аргал уугина[9] гэж буддын гүн ухааны шүтэн барилдах болоод хоосон
чанарын сургаалийг уугих, жирэлзэх гэсэн өвөрмөц хөдөлгөөнөөр нэгтгэн зурсан
байна. Ертөнцийн юмс-үзэгдэл
төдий болохыг зээрийн хөл жирэлзэх зэрэглээнээс аргалын “уугианд” бууруулан
урлажээ.
Дахин ишилсү:
Хэдгэнэ ээрэх
Хэлбэр үгүй
зэрэглээ
Тэнгэр үлгэнэ[10] гэж уншихуй дор
мөнх болоод мөнх бусын тухай цаг хугацааны мэдрэмжийг зэрэглээ, хэлбэр/үзэгдэл/, тэнгэр гэсэн үгсээр дамжуулан
уламжлалт-сэтгэхүйн бүхэллэг
мэдрэхүйгээр илэрхийлжээ. Хэдгэнэд хэлбэр үгүй зэрэглээ ээрэгдэх болов чиг,
хэдгэнэ хэлбэр үгүй зэрэглээг ээрч буй мэт болов чиг чухамдаа хэлбэр үгүй
зэрэглээ харин мөнх тэнгэрийг ээрэн үлгэх нь хэлбэргүй, хөдөлбөргүй үнэн ажгуу.
“Америкийн яруу найрагч, онолч, шүүмжлэгч Ò.Ñ.Ýëèîò “Ìåòàôèçèê ÿðóó íàéðàã÷èä” /1921/ ýññå
á¿òýýëýý îáúåêòèâ èäåàëèñò Ô.Ã.Áðýäëèéí үзэгдлийн áîäоò ÷àíàðûí òóõàé ¿çýë
ñàíààíä òóëãóóðëàí яруу найргийн мэдрэхүйн үүргийн тухай хуучин ойлголтыг
эвдэж, мэдрэхүйн олон хэлбэр /манайд “таван мэдрэхүй”, “зургаа дахь мэдрэхүй” зэргээр ялган ойлгодог хүчин зүйлс/-ийн
холбоо ба тэдгээрийн тусгай шинжүүдийг тайлбарласнаар энэ îéëãîëò шинжлэх
ухаан, урлагийн судлалд бий болжээ. Энэ нь зохиолч ба уншигчийн оюун
ухаан, ухамсарлан бодохуй ба зөн билгээр мэдрэх байгальлаг чадавх, сэтгэл ба
сэрэл хоёрын хоорондын зөрчил ба ялгарлаар дамжин илэрдэг үзэгдлийг ийн
томъёолжээ. Энэ байдлыг Т.С. Элиот “...зохиолч
бодож буй зүйлээ тэр бүр мэдрэх боломжгүй бөгөөд энэ хоёр хоорондоо хутгалдан
оршиж байгаа цагт ямар ч судалгаа “dissociation” /холбоо нэгдэл/- оос ангижран
бодот мэдрэхүй болж чаддаггүй”[11] гэжээ. Энэ нь мэдрэхүйн
бүхэл цогц шинж чанарыг задлах замаар уран сайхны элементүүд, элдэв
тэмдэгтүүдийн хамаарлыг илүү нарийн сурвалжлан судлах боломж нээгдэнэ гэсэн үг
юм. Үүнийг мэдрэхүйн бүхэллэг чанарын задрал гэж томъёолсон байдаг.
Талын зэрэглээнд
Толгод тэнгэрт
дэрвэнэ
Дэвхрэг дэмийрнэ[12]
хэмээх
шүлэг бол дээрх шүлгийн утга санааг мөн л нэг алхам урагшлуулсан болох нь
анзаарагдана. Гэвч ийм сарны доор гэдэг шиг ийм шүлгийн хажуугаар
Дэлт цэн тогоруу
Дэглэсэн бүжгээ
бүжнэ
Дэглээч ажилгүй[13] гэсэн “сулдаа ганхсан” шүлэг ихэрлэн явааг мөн шүүмжлэх л
ёстой. Дахин ишилсү:
Алтан гадас од
Бурхан зүг
аргамжина
Адуу тургина[14] гэсэн шүлгээс
өнгөц харахад нэгжлэн нарийвчилж дүрсэлсэн зүйл үгүй учраас уламжлалт нүүдэлчин
ахуй соёлынхоо хүрээнд л тайлагдахаар асар ерөнхийлөн бичигдсэн байна. Энэхүү
бүтсэн мэдрэхүйн бүхэллэг шинжийг нь задлан үзвэл хараа, чимээний хослолоос
“тургих” гэсэн тал нутгийн амар амгалангийн талбиун мэдрэмжийг гаргаж авсныг би
хувьдаа сэрж байна.
Авжийн хар халтар
Шанх сэвэлзтэл
хатирна
Бодол тунарна[15] гэснээс ч мөн яагаад, яахлаараа, яаж гэсэн угсраа асуултууд урган гарна.
Гэтэл тал, морь, хүн гурвын нийсэлд нь уншихаар талтайгаа, морьтойгоо, бодолтойгоо
нүүн хатирах нүүдэлчин монгол хүний сэтгэлийн чинад ертөнцийн нүүдлийг
өвөрмөцөөр долгиулсан нь дотно аялгуу эгшиглэх шиг давхар мэдрэгдэнэ.
Илжиг бидэн хоёр
Тээрмийн чулуу
тойрно
Арвай соёолно[16]
Энэ шүлгээс хайкү шүлэгт зока хэмээн нэрийддэг учир шалтгаант хүчирхэг эрчим, жам ёс, дэлхий ертөнцийн зохицол,
хувьсан өөрчлөлтийг гүн ухааны
хаялагаар үзүүлдэг арга анзаарагдана. Зокагийн тойрог хүрээнд л бүх зүйл хувьсан өөрчлөгдөж байдгийн зэрэгцээ хэзээ ч төгсөшгүй
гэсэн санааг мөн агуулна. Хүний амьдрал ч мөн зокагийн
тойрогт багтахыг буюу илжиг хүн
нэгэн ялгалгүй хамтаар тээрэмдэн арвай соёолуулах авч илжиг хүмүн хамтаар бас
“тээрэмдүүлэх” бус уу.
Ингээд дүгнэж ярихад яруу найрагч Ү.Хүрэлбаатарын монгол
хайкү шүлгийн эрэлд мордсон гурван дэвтэр түүвэр үндэсний ямар нэгэн хэлбэрийн
бүтээлийг гадаадын ямар нэгэн хэлбэрт чихэн оруулахыг оролддог үзлээс ангид
болжээ. Дүрслэх арга зүйг өөриймшүүлэн эзэмшин бичихийн зэрэгцээ дүрслэх зүйлээ
гол нь үндэснийхээ өв уламжлалын ай саваас шүүрдсэн нь чухал ололт мөн юм. Гэмээнэ харин бид “монголоор” бичсэн гурван мөрт хайкү хэлбэржилтэй шүлгээ
хайкү шүлэг мөн “хамаатуулан” нэрлэх нь хэр оновчтойг санууштай мэт. Жишээ нь
найрагчийн гурван дэвтэр хайкү шүлгийн бүх мөрүүд том үсгээр эхэлж, 17 үеийн
зарчмыг “монголоор” барьчихсан байгаа. Япон хайкүд бол ингэх ёсон үгүй. Мөн монгол хайкү шүлэг бичиж буй уран бүтээлчид үндсэн
арга зүй, дэг жаягийг эзэмшихийн сацуугаар хувь бүтээлчийнхээ арга барилыг
төлөвшүүлэн ялгаруулахад анхаарах нь зүйтэйг тэмдэглэе ээ. Түүнчлэн
төгсгөлд нь нэг ам нээснийх бүтээлийг нь олонхоор төдийлөн мэддэггүй Шаравын
Бадарч яруу найрагчийн тэртээ 1971 онд бичиж байсан “Намрын навчис хийснэ” гэх
гурван мөр шүлгээс иш татья. Говийн тухай ч бас сайн цуврал гурван мөртүүд
бичсэн байдаг.
Хусны үзүүрээс нарны хэлтэрхий шиг
Өнчин навчис тасран хийсч
Усны уйлан дээр намрын тогоруу шиг эргэлдэнэ...
Хэрэм модноос хийлэн нисэхэд
Хэнзхэн навч мөчрөөс хөндийрснөө нар буруу
Хэдэнтээ эргэлдэж, усны ар дээр тэнгэрт хөвөв...
Буга урамдахуй булаг хоржигонож
Будан намраар шувууд эгшиглэхэд
Бороон дусал, цас навчтай холилдон оров...
Мэдрэхүйн бүхэллэг чанар, танихуйн төвлөрөл, байгалийн
мөнх амьсгал, бодгалийн гүн сэрэхүйд суурилсан хайкү хэмээх “хайрхан” монгол
найргийн амин цохилого, язгуур сэтгэлгэд юутай ойр вэ?..
2015.04.18
[1] [1]Ү.Хүрэлбаатар
“Чөдөр гурвалжин/би-дөрвөн
улирал/”,
УБ., 2015, 84 т.х
[2] А.А.Радугин
“Гоо зүй”, УБ., 2013, 132-133
т.х
[3] Ү.Хүрэлбаатар
“Чөдөр гурвалжин/би-дөрвөн
улирал/”,
УБ., 2015, 119 т.х
[4] Г.Аюурзана
“Орчин цагийн аугаа их сэтгэгчид”, УБ., 2010, 113, т.х
[5] Ү.Хүрэлбаатар
“Чөдөр гурвалжин/би-дөрвөн
улирал/”,
УБ., 2015, 73 т.х
[6] Ү.Хүрэлбаатар
“Тархины фитнес”/эмнэлгийн
хайкү/,
УБ., 2015, 95 т.х
[7] С.Амартөвшин
“Уран зохиол шинжлэлийн орчин үеийн арга, үзэл баримтлалууд”, УБ., 2005, 55 т.х
[8] Ү.Хүрэлбаатар
“Гандирсан/их
говийн зэрэглээн дунд/”,
УБ., 2015, 28 т.х
[9] Ү.Хүрэлбаатар
“Чөдөр гурвалжин/би-дөрвөн
улирал/”,
УБ., 2015, 61 т.х
[10] Ү.Хүрэлбаатар
“Гандирсан/их
говийн зэрэглээн дунд/”,
УБ., 2015, 64 т.х
[11] Д.Галбаатар
“Уран зохиол: Онол, түүх, шүүмжлэл” нэвтэрхий толь, УБ., 2012, 232 т.х
[12] Ү.Хүрэлбаатар
“Чөдөр гурвалжин/би-дөрвөн
улирал/”,
УБ., 2015, 60 т.х
[13] Ү.Хүрэлбаатар
“Чөдөр гурвалжин/би-дөрвөн
улирал/”,
УБ., 2015, 60 т.х
[14] Ү.Хүрэлбаатар
“Чөдөр гурвалжин/би-дөрвөн
улирал/”,
УБ., 2015, 97 т.х
[15] Ү.Хүрэлбаатар
“Чөдөр гурвалжин/би-дөрвөн
улирал/”,
УБ., 2015, 79 т.х
[16] Ү.Хүрэлбаатар
“Чөдөр гурвалжин/би-дөрвөн
улирал/”,
УБ., 2015, 37 т.х
Comments