ЖИРИЙН ГАЙХАМШИГ БУЮУ СОРГОДОГИЙН ЖАРГАЛСАЙХАН

МУИС-ийн багш, зохиолч  Д.БАТЖАРГАЛ 
1980-аад оныхны дундаас үргэлжилсэн үг, жүжиг, киноны зохиолоор уулын үер шиг оволзсон хүчтэй гарч ирсэн хүн бол Соргодогийн Жаргалсайхан. Түүний бичсэн “Их хөвчийн шуугиан”, “Саваагүй амьтан”, “Мааз Дамбий”, “Хүний үр” зэрэг өөрийн “араншин” төрхтэй өвөрмөц дүр дүрслэлтэй өгүүллэгүүд дал, наяад оны зааг дээр  төвийн сонин хэвлэлийн хуудаснаа гарч уран зохиолын хорхойтон хийгээд уншигч олны анхаарлыг зүй ёсоор татаж эхэлсэн бол даанч их удалгүй “Айлын том хүү”, “Уул хүү хоёрын домог”, “Эгч ах дүү бидний тухай”, “Урт өдөр”, “ Хүний тэнгэр”  туужуудыг нь гар нооргоор нь дамжуулан уншсан бидэн билэг авьяасыг нь  гайхан шагшилдаж  уран зохиолын дугуйланд явахыг хүсэж байлаа. Гэтэл Жаргалсайхан “өөрийнхөө дугуйланд” суралцаад  нэр зүсээ олчихсон байжээ.
Дугуйлан гээч нь  эхлэн бичигчид бие биенээсээ болон бусдаас суралцан бичиг зохиолын дөр олоход  хэдий тустай ч  хүний үгэнд оромтгой, дууриамтгай заримыг нь бантан болгочихдог “Гал тогоо” ажээ. Үүнийг тэр мэдэж зөвхөн өөрөө өөртэйгээ хөлсөө чийхартал “ярьж”, амьдралын хурц зөрчил тэмцэлдээнийг эвлэрэнгүй аргаар  зөөлөн шийдсэн санаатай дотроо маргалдан уран сайхны ертөнцийн хаалгыг зөв татжээ. Иймээс ч төрийн соёрхолт зохиолч Сэнгийн Эрдэнэ 1982 оны нээлттэй  хаалганы өдрөөр “Би С.Жаргалсайханы “Айлын том хүү” туужийг уншлаа. Баатруудынхаа зөрчлийг тэдний сэтгэлийн дотоод ертөнцөөс, гарцаагүй болсон нөхцлөөс шийдсэн нь сайхан санагдлаа. Энэ залуу хэний ч энд хүрэх сайн бүтээл туурвих ирээдүй авьяастайг тууж нь харууллаа” хэмээн хэлсэн нь сэтгэлд бууж байна. Үнэхээр хэрэгтэй газраа  хэрэг болж чадаагүй  хүн  тэр үйл ланчгаа эдлэх гэж зовдогийг уг туужийн Дугарын \“Сүүдэр” кинонд жүжигчин Г.Равдан тоглосон\ дүр бидэнд харуулдаг. С.Жаргалсайханы “Жирийн гайхамшиг” хэмээх анхны жүжиг нь тэр үеийн Ардын боловсролын яам, Хүүхдийн төлөө төв фондоос зохиолчдын дунд зарласан уран бүтээлийн уралдааны манлайд “давхиж” Хөвсгөл аймгийн хөгжимт драмын театрт тавигдсанаас хойш жүжиг киноны  олон зохиол туурвижээ. Нэгэн сэдэв санааны эргүүлэгт баригдалгүй  их амьдралын төгсгөлгүй орон зайн хэмжээгээр чөлөөтэй сэтгэж сонирхолтой туурвиж чаддаг уран бүтээлч. Бичсэн жүжиг, кино, тууж, өгүүллэг бүхэн нь сонирхолтой бие биенээ давтаагүй байдаг. Урлаг хэн нэгний амьдралд нөлөөлж түүнийг зааж чиглүүлэхийн төлөөнөө, бусдыг сургаж хүмүүжүүлэхийн тулд бүтэж бий болдоггүй. Гагцхүү хүн хэмээгдэгч сониуч амьтны оюун бодлыг  хөтөлж баймааж нь тэр  сайн болж чаддаг. Жаргалсайхан энэ л талыг барьж бичдэг болохоор түүнтэй хамтарч уран бүтээл хийхэд сонирхолтой урамтай байдаг нь мэдээж.
Зохиолч Жаргалсайхантай хамтарч наяад оны үзэгчид сайн мэдэх “Буцах хаяг” “Халуун газар” жүжиг, “Найрын ширээний ууц” уран сайхны кино бүтээсэн улсын жүжгийн эрдмийн театрын уран сайхны удирдаач Г.Доржсамбуу “Уран бүтээлчийн хувьд гайхагддаг авьяас нь учир шалтгааны логик дарааллыг мэргэн олдогт байгаа юм. Нэг үгээр хэлбэл хэрэгтэй газар нь үгээ онож хэлдэг, санаагаа яг “байранд” нь  шигтгэдэг, нуух ёстой бодлоо нууж чаддагаараа ховорхон, ер нь монголдоо дээгүүр орох хүн. Нэг сайн тал нь цаг үеэсээ түрүүлж “дуугардаг” дандаа шинэ санаа хэлж байдагт байгаа юм. “Буцах хаяг” жүжигт, өнөөгийн залуус чинь бидний буцах хаяг шүү дээ. Тэднийгээ хөөсөн бөмбөлөг дээрх олон цонхоор бус (плакатын зураг нь ийм байгаа) сэтгэлээсээ хайрлах ёстой юм гэсэн  санааг гарган тавьсан. “Халуун газар” жүжгийг хүмүүс халуун соргог хүлээж авсан. Гэхдээ цаг үеийн тухай бүтээхэд тэр цаг үе нь өнгөрөхөөр үнэ цэнэ нь  дагаж буурдаг гэм бий.  Магадгүй, Жаргалсайханы анхны зохиолуудын алдаа гэвэл энэ л байсан байх. Харин “Илүү сартай зун” кино, найруулагч Санчигданы тавьсан “Там” жүжиг гэх мэт бүтээлүүд нь цаг хугацаагүй зохиол” гэж хэлсэн нь нөхрийнхөө бүтээлд зөв хандсан үг мэт  санагдсан.
Үнэхээр  урлаг бол хадаас тэгшлэгч биш учраас цаг үеийн өө сэв болгоныг илэрхийлэгч биш. Хүний дотоод ертөнц. Иймээс бусдад өөрийгөө болоод  өрөөлийг нээж байдаг баян өглөгч ертөнцтөн бол уран бүтээлч хүмүүс. Тэгвэл Жаргалсайханы дотоод ертөнц агуу баян. Хөлгүй охины төлөө хамаг байдаг сайн сайхнаа зориулж явдаг хэзээ ч шударга бус явдалтай эвлэрч чаддаггүй нуурын хотын дамжлага баазын ажилчин залуу (“Илүү сартай зун”  киноны Галбадрах) шуугиант их хөвчдөө шувуу мэт жаргалтай, гүжирмэг бор царай шигээ гүдэс шулуун зангаасаа болж “харын цэргийн” хаалга татчихаад эргэж ирэхдээ дүүгийнхээсээ ой хөвч рүү оргож явдаг сайхан сэтгэлт Жалбуу (“Их хөвчийн шуугиан” өгүүллэг), их зантай Саранд гомдож олон хоногоор хичээл тасалсан Баатарын төлөөнөө багш нарт өөрөө буруутай байсан мэтээр худал ярьж найзыгаа сургуулиас хасуулалгүй авч үлддэг Одмаа (”Жирийн гайхамшиг” жүжиг ) ”МАЗ” машин жолоодох дуртай атал “маз” барих аз тавилангийнх урдуур хуйвалдаан орж зовоогоод болохгүй болохоор нь нөхрийгөө тэрэг барьж түр ч болов “хорхойгоо дарж” яваад  нойтон газар машин нь хүч алдахад том дугуй дор нь ивээс  болж чаддаг Дамбий (“Мааз Дамбий” өгүүллэг)  нарын зэрэг эгэл жирийн атлаа хэрэгтэй цагт эгэлгүй зориг гайхамшигт ухаан гаргаж чаддаг хүмүүсийн тухай Жаргалсайханы олон бүтээлээс харж болно. Соргодогийн Жаргалсайхан хэнтэй ч санаа бодлоо  хуваалцаж дотносож сайхан нөхөрлөж чаддаг зөөлөн дулаан сэтгэлтэй  нэгэн атлаа уран бүтээлийнхээ зөрчил баатруудынхаа  амьдрал хувь заяаны эргүүлгийг үнэний адилаар хатуу ширүүнээр шийдэж гэсгээн цээрлүүлж  чаддаг. Ерөөс түүний зохиолын баатрууд үхэж ч чаддаг, сэхэж ч чаддаг хүмүүс. Мөн үхнэ гээд үхэхгүй зовж шаналж ч чаддаг, амьд явна гээд  зуурдаар  орчлонгоос хальж ч чаддаг хүмүүс. Амьдралд байдаг гэрэл гэгээ, сүүдэр сүжиг зовлон жаргал түүний бүтээлд илүү тод  хурц өнгөөр туссан байдаг. Тиймээс ч Жаргалсайхан уран бүтээлдээ амьдралыг хуулдаггүй  түүний орчин нөхцлийг авч “нэг  шатны” дээгүүр тавьдаг уран бүтээлч байлаа. Урлаг өмч болж шоовдорлогдон  зах зээлийн сүүдэрт “чичирч байсан” цаг дор тэрбээр “Там” жүжгээ Драмын театрт үзэгчдийн хүртээл болгосон.  Найруулагч Санчигдан агсан тэр жүжгийг хийсвэр хоосонгийн хэлбэрээр тавихдаа өнөөгийн хүмүүсийн ухамсарын хэмжээнд бус аль болох урлагийн бүтээл байж, магадгүй 20-30 жилийн дараах хүмүүст \өнөөгийн бидэнд\ “үг хэлэхээр” тавихыг чармайжээ. Тиймээс ч тухайн үед “Үнэн” сонинд нэгэн үзэгчийн “Тамыг үзэж тамлуулав” шүүмж гарсан аж. Бүх хүнд нэгэн зэрэг таалагддаг жүжиг, кино гээч байдаггүй. Урлагийн тогооноос хүн бүхэн өөрийнхөө  оюуны “халбаганы” хэмжээгээр хутгадаг нь үнэн. Сайн уран бүтээлч хүнд байдаг  жаргал зовлон түүнд цөм бий. Магадгүй, илүүтэй ч байж болох юм. Яагаад гэвэл, Жаргалсайханд олны хүртээл болоогүй, он он жилийн бүрсгэр тоосонд дарагдан  буй бүтээл олон бий. Наяад оны эхээр бичсэн “Арван наймтай байхад” туужид нь найз нөхөд \би ч мөн адил\ нь хайртай байдаг, олон уншаад баатарт нь бараг “дурлачихсан” \Чука, Чимээ нарын найз\ гэгээ гэрэлтэй энэ бүтээл бушуухан  хэвлэгдэж олны хүртээл болоосой гэж боддог байлаа. Даанч хэвлэгдсэнгүй. Нэгэн цагт хүү нь хэвлүүлж ч магад. Мөн “Босоо ороолон” хоёр ангит кино зохиол, төрийн шагналт зохиолч Д.Намдагийн “Цаг төрийн үймээн” романаар  бүтээсэн “Төрийн минь сүлд өршөө” телевизийн таван ангит кино, “Хаан түүх” театрын роман, гээд эн чацтай том бүтээл олон бий. Театрын роман “Хаан түүх”-ийн нэгээхэн хэсгийг уншигч танд хүргэе.
...Шархадсан хаан, хүүгийн хамт шөнө дөлөөр хүрэн хясааны дэргэд ирж байна.
...Хаан: -Одоо чи дуугүй намайг сонс. (пауз) Хүү чи  бол хаан болох хүсэлтэйгээс илүү хаан болох эрхтэй хүн. Гэхдээ чи хаан байж үзээгүй болохоор юу ч мэдэхгүй. Аав чинь чамд олон юм хэлэхгүй. Тэртэй тэргүй чамд амьдрал өөрөө заагаад өгнө. (пауз) Хаан хүнд аймшигтай зүйл гэж нэг ч үгүй. Айсан ч түүнээ бүү мэдэгд. Өрөвдсөн ч түүнээ бүү мэдэгд. Уйлсан ч нулимсаа бүү үзүүл. Эргэн тойронд чинь үргэлж нум сум онилоостой  гэж бодож яв. Хэнийг ч бүү итгэ. Итгэл гэдэг сэтгэлийн хулгайч. (пауз) Сайд түшмэдүүдийнхээ хэн нэгийг бусдынх нь дэргэд  дандаа магтаж шагнаж бай. Тэгвэл нөхөд нь атаархана. Хөхүүлэн шагнасан ч их багаар хооронд нь ялгаж бай. Хоорондоо булаалдах юмтай ноход хүн рүү дайрдаггүй юм. Хүү чи үүнийг үргэлж санаж яв. (пауз) Хэрэгтэй бол хамгийн үнэнч нөхрөө ч цаазаар авч сур. Үнэн үг хэлсэн хүн болгон нөхөр биш. Үзэн ядсан болгон ч бас дайсан биш. Хаан хүн хатныхаа үгээр ч үг хийвэл үхэхийн цондон.(пауз) Хатан хүн ухаантай байж болох. Гэвч хаанаас ухаантай байх ёсгүй. (пауз) Тийм ч учраас би чиний ээжийг цаазалсан.(Саргүүн босох гэв. Хаан хорьж суулгав) Намайг буруутгаж болно. Гэвч энэ бол ямар ч болов хааны зарлиг. Чи өөрөө хаан болоод үүнийг ойлгоно. Намайг зөв шийдсэнийг чи ухаарах болно.(пауз) Чи хаан учраас Тэнгэр уулын аймгийн тэр харцын бүсгүйтэй дахиж уулзахгүй.
Саргүүн:- ( тэссэнгүй) Аав минь та надад зөвшөөрсөн биш үү. Сэтгэл чинь мэдэг гээгүй бил үү.
Хаан:- (инээмсэглэв) Хүү чи гэнэн байна. Чи тэр бүсгүйг хэзээ ч олж үзэхгүй.
Саргүүн:- Аав та, дахиад олж үзэхгүй ээ... Та... Сүраазыг яасан... та юу гэнээ.
Хаан:- Хүү чи суу. Бүү бухимд. Хаан хүн ямар ч үед тайван байх ёстой.  Суу.
Саргүүн:- Би тэр бүсгүйд хайртай юм. Та ойлгооч. Би хайртай юм. Аав та Сүраазыг хаашаа аваачсан бэ?
Хаан:-Би чамд хэлсэн. Чи дахиад тэр бүсгүйтэй уулзахгүй. Тэр бүсгүй хэн ч олдоггүй тийм газар очсон.
Саргүүн:- Та түүнийг алжээ. Тийм үү. Та алсан уу. Хэлээч.
Хаан:- Бүү орил. Нусгай хүүхэд шиг нулмис урсган бүү орил. Чи бол хаан хүн. (пауз) Хайртай гэнэ үү. Хаан хүн хэзээ ч хэнийг ч хайрлах ёсгүй.
Саргүүн:- Би таныг үзэн ядаж байна.Юунаас болж тэр гэмгүй бүсгүйг хороов. Хэлээч... Юуны учир. Тэр бүсгүй хэвлийд миний хүүхэд байсан юм. Миний хүүхэд. Хаан таны удам... (Саргүүн бараг муужрав)
Хаан:- Харц хүүхэнээс хааны удам төрдөггүй юм. Хүү чи мэдэж ав.
Саргүүн: -та яах гэж, яах гэж... Түүнийг алав аа. Хэлээч. Миний хаан болоход тэр бүсгүй юунд садаа болов оо. Юунд...
Хаан:-Хаан болоод чи өөрөө ойлгоно. Ядуу хүн аяганы хэмжээгээр сэтгэдэг юм. Баян хүн бэлчээрийхээ хэрээр  сэтгэдэг юм. (Саргүүн бараг солиоров.  Хаан үл тоов. Тэгэж тэгэж Саргүүн тайвширав)  Суу. Хор идсэн оготно шиг битгий чарлаад бай. Дахиж хэзээ ч хэнд ч нулимсаа бүү үзүүл.
Саргүүн:-Жа.
Хаан:-Миний дотор давчдаад байна. Товч тайл энгэр задгайл. (Саргүүн ёсоор болгов. Хаан хэсэг хэвтсэнээ энгэрээ бүр задгайлж цээжээ нүцгэлэв. Саргүүн дуу алдан өндийлөө. Хааны зүүн суганд сумны зэв зоогдож цус урсчээ.) Таньж байна уу? (Саргүүн солиорсон мэт гөлөрөв.) Чамайг эрийн цээнд хүрлээ гэж эрдэнийн чулуу шигтгэн хийж бэлэглэсэн сумны зэв. (пауз) (Саргүүн гэнэт сөхрөн унав.
Саргүүн:-Аав минь. аав минь өршөө. Би таныг оносонгүй гэж бодсон юм. Өршөө, Та намайг...
Хаан:- Хүү чи бүү сандар. Чиний тавьсан сум хүссэн газартаа тусдаг болж. Хүү чамд гомдох, зэмлэх зүйл надад үгүй. Хаан болохын тулд хэрээс хэтэрсэн их хүсэл зориг байх ёстой. Хүү чамд энэ бүхэн байгаад би их баяртай байна. Харин холоос харвасан учраас аз болж би нам үхсэнгүй. Тэгсэн бол бурханы өмнө нүгэл хурааж өөр хүн хардах байлаа. Хаан эцгийн чинь үхэл хүү чиний зэвэнд байж. Энэ хэргийг чи хэн нэгтэй зөвлөсөн бол тэр улсын нэгийг ч амьд бүү үлдээ. Энэ түүх ганцхан салхи чи бид гурвын хооронд үлдэг. Хүү чи сонсож байна уу?... /”Хаан түүх “ театрын романы нэгдүгээр хэсгийн 7 үзэгдлээс/
Судлаач эрдэмтэн Д.Галбаатар “Жүжигт туульсын ба уянгын дүрслэлийн аргыг зохистой хослуулах боловч бүх хэрэг, үйлдэл хөдөлгөөн, хэл яриаг баатрууддаа оноон зохиомжилсон бүтцээрээ ялгарна” \Г-12-149\ гэж тайлбар тольдоо өгүүлсэнчлэн хаан, хүү хоёрын харилцан яриагаар гол зөрчлийг тайлж байна. Хүүгийнхээ хайртай охиныг хөнөөсөнөө хүү нь хаан эцгийгээ нууцаар харвасан тэр мөчид сумыг сумаар, гэмийг гэмээр хариулж байна. Урлаг судлаач Б.Зориг “Жаргалсайханы олон бүтээл манай театрын тайзнаа тавигдсан. Мань эр үйл явдлын сонин өрнөл, огцом эргэлт хийхдээ үнэхээр гарамгай, туршлагатай том уран бүтээлч” гэж дүгнэж байлаа. Хаан түүх огцом эргэлт бүхэндээ үзэгчдийг дуун алдуулж “Одоо яах бол, цаашдаа хэрхэн өрнөх вэ” гэсэн догдлолоор хүмүүсийг цаг, сатаарлыг мартуулан тайзны өмнө “уяж” чаддаг.
Мөн Урлагийн гавьяат зүтгэлтэн, ерөнхий найруулагч Б.Мөнхдорж “Манайд гарч ирсэн ховор төрөл бол “Хаан түүх”. Энэ жүжигт Төр гэж юу юм, төрийг барина гэдэг үе уламжлалаа дээдлэн ирсэн монгол үзэл юу юм гэдгийг айхтар нарийн гаргасан. Улс орноо удирдаж байгаа хүнийхээ хувьд ямар зовлон эдэлдэг юм, Монгол төрийн тогтолцоо, түүний билигт түшээ нар хэн байх ёстой юм бэ? гэдгийг чадамгай хэлж өгсөн” хэмээн өгүүлсэн юм.
С.Жаргалсайхан айлын том хүү. Мөрөн хотын  тоос шороотой муруй тахир гудамж түмэнтээ сүлжсэн үйлчилгээний тэрэгний жолооч эцгийн гэрт, араасаа олон дүү дагуулж төрсөн. Соргодог гуай үг дуу цөөтэй, хааяа дуугарвал часхийтэл үнэн үг хэлчихдэг хүн байсан. Жаргалсайхан эцгээсээ боддог чанарыг нь авсан мэт. Тэрээр олон хоног, сар жилээр бодож шаналж, хааяа нөхөддөө ярьж сэтгэлдээ “бичсээр” яваад нэг л өдөр цаасан дээр “асгана”. Олон жүжиг, киноны зохиолоо хоёр гуравхан хоногийн дотор хар нүд хамхилгүй суусаар байж буулгасныг нь  мэдэх юм. Цаасны ар  өврөөр дүүрэн завсар багатай жирийтэл бичсэн засваргүй шахам гар нооргийг нь үзэхдээ “толгойдоо” бичихийн шидийг биширч билээ.  Ингэж бичдэг зохиолч манайд бишгүй л олон дуулддаг. Бүгдийн “лабораторийг” үзэж  барах ч биш дээ.
Эрхэм үзэгч, уншигч авхай таны урдуур орж  уран бүтээлд нь “онолын” үндэслэлтэй үнэлэлт дүгнэлт өгөхийг эрмэлзсэнгүй, харин нөхрийн бодлоор уран бүтээлчийн бяцхан хөрөг тэрлэсэн нь энэ билээ. Найруулагч Санчигдан “Жаргалсайхан аль ч сэдвээр юу ч хийж чадах хүн . Түүнээс юу ч хүлээж болно“ гэж ам бардам хэлж байсан тэр цагт зохиолч Жаргалсайхан “Надаас юу ч хүлээхгүй байж болно” гэж зоригтой хариулж билээ.
Сайхан нөхөр минь бурхны орноо одож түүнээс юу ч хүлээхгүй болох болсон хэдий ч “Жаргалсайхан судлал”-ыг эхлүүлэх цаг нэгэнт болжээ. Шилжилтийн зааг үеийн хүнд жилүүдэд хүн бүхэн мөнгө зүүдэлж байсан тэр цагт нөхөр маань төв орон нутгийн театруудыг жүжгүүдээрээ “тэжээж”, өөрийгөө хайрлаж, бөөцийлж чадалгүй явсаар хорвоог ид халуун насандаа орхисон юм. Амьдад нь хэлээгүй үгээ араас нь “хашгираад” юу хийнэ хэмээн зарим хүмүүст сануулмаар санагдана.

Улаанбаатар 2012

Comments

Anonymous said…
bi ene huu eh survaljiig ooriin negen shalgaltiin ajild ashiglah bolosnoo duulagyaa