УУЖИМ СЭРҮҮН ДУНДАА...


Х.Чойдогжамц/СУИС/

“...Өвлийн цасыг ханзлан яарч ургаад, өөрөө цэцэг үзэлгүй хагдардаг яргуй намтар түүхийн эхлэл ч биш, төгсгөл ч биш...” гэсэн уужим сэрүүн бодролын талбиун цуурай энэ номд давтажтайгаар чимээлэн “идээшлэн эгшиглэх” нь олзуурхууштай байлаа. Ямартай ч Зохиолч Д.Лхасүрэний “Уужим сэрүүн Алтай”  ном дахь өгүүллэгүүдийг  уншаад “Уужим сэрүүн дундаа...” гэж тодорхойлмоор санагдлаа. Дарвийнхаа зохиолчдын бүтээлээр  “Уужим сэрүүн Сутай” гэж ном эмхэтгэсэнээс гадна өөрт нь ч “Уужим сэрүүн” –(I,II) номууд бий ажээ. Уг номоос “Сумын наадам”, “Нүгэлтэн”, “Дайны хөл”, “Эцгийн нэр”, “Ган тайлагдсаны дараа...”, “Яргуй” зэрэг бусдаасаа онцгой, өвөрмөц урлалтай өгүүллэгүүдийн тухайд товчхон цагаан яриа дэлгэе ээ.
“Дайны хөл” өгүүллэгт гэхэд гурван өөр “дайны хөл”-ийн тухай өгүүлнэ. Цагтаа Халхын голд дарийн утаа үнэрлэж дайны хөлд өртөж явсан өвгөн Оож “нэгэн хөл”, баруун хилээ манан хасгийн дээрэмчидтэй дайтаж байгаа газар алба хаах хүү “нөгөө хөл”. Харин тулгын гурван чулуу лугаа тэтгэх нэг хөл нь Данзан. Оожийн хүү Насанбатыг тулаанд шархдаж, улмаар сураггүй болсон тухай мэдээ дуулсан боловч хэлэлгүй өдий хүргэжээ. Цэрэг халагдаж Насанбатыг ирэх сургаар Данзан намайг асуувал “эрэлд явсан” гээрэй гээд Баян-Өндөр уулынхаа бэлд хараа тавин хоёр хонож байгаа нь өгүүллэгийн хамгийн сонирхолтой хэсэг. Данзан “...Уул усаа дурандаж суугаад өөрийнхөө анзаардаггүй байсан олон зүйл олж харлаа. Эзгүй газрын тарвага дандаа идээд байдаггүй юм байна. Яг цагтаа нарлаж, идшилж нүхэндээ орох юм. Үнэг сүүлээ годгонуулан шинэ мөндлүүдийг солиоруулах шахавч алийг нь зуухаа бас их боддог шигээ, үнэг бас ганцаар биш өвдөл цөвдөл гэж яваа махчин шувуу сахиастай. Хүмүүс бид нэгнээ түшиж амьдардаг шиг, амьтан бас нэгнээ бараадан дэм дэмэндээ оршдог ажээ... ” хэмээн өөрийнхөө үйлдлийн зөв эсэхийг өөрөөсөө давхар эрнэ. Гуравдах хоног дээр морьтой хүмүүс чиглэн ирэхийг сайтар дурандаад “амьд байна” гэж орилон харайна. Данзанг очиход Оож өвгөн “Алив Данзаан дээшээ суу. Насанбат аа, хүү минь чамайг эх орноо хамгаалж явахад энэ хүү биднийг харж хамгаалж өдий хүрлээ. Гишгэх хөл, харах нүд болж явсан ачтай хүү. Эр цэргийн ар талыг сайн манасан гавьяатай хүү” гэж хэлдэг. Тулгын гурван чулуу шиг түшиг нэгэн болж, эцэг үрийг энх уулзуулсан “дайны хөл” гэмээнэ Данзангийн уужим сэтгэлийн тунаа юм.
Зохиолч “Сумын наадам” өгүүллэгийнхээ:
“...Уянга дуу, уухай түрлэг наадмын талбайгаас хангинана. Сайхан хүмүүс хөөр баяраар халгисан наадам найрын хоймор бас гунигийн хяруу хаялан байдаг ажээ.
-Баяр жаргал гэж юу вэ?
-Зовлон
-Зовлон гэж юу вэ?
-Жаргал” гэсэн төсгөл шиг ёстой л уужим сэрүүн дундаа баяр гуниг галгиулан уруудаж, өгсөж яваа сайхан жир дүрүүдийг өгүүлж чаджээ. Жишээ нь дээрх өгүүллэгт сумын наадам дээр учран буй багын гурван найз гарна. Эрийн цээнд хүрсэн хоёр Сүрэнхүүг сэтгэлдээ сэм харамлацгаан элдвийг элдэн санана. Гэтэл Сүрэнхүү тас тас хөхөрсөн хэвээр “...Удахгүй хавханд хөлөө хавчуулсан зээр шиг бүсгүй заяагаа хүнд мануулах би унаган багын найзуудтайгаа л наадаж наргихгүй юм бол, хэнтэй сэтгэлээ онгойлгох юм бэ?..Орой гурвуулаа Хөвхөр голынхоо хөвөөнд очин цэнхэр долгиог нь чагнаархан жаал сууцгаая. Магадгүй бидний заяа төөргийг тэр ариун усны чимээ юу гэж шивнэхийг сонсоцгооё...” гэх нь уярмаар. Буцахдаа Сүрэнхүү “сайхан сэтгэлт найзууд минь” гэнэ. Найзуудад харин энэ үг  “сайн сэтгэлтэй найз, хайртай хүн” хоёр огт өөр шүү гэх шиг сонсогдсон нь харуусалтай ч гэлээ сумын наадмын оройдоо гурван найз унаган усныхаа ариун шивнээнд орчлонгийн урсгалыг азнаан зуурхан нялхарсан биз ээ. Сумын наадмын “жаал явдал” улсын наадмаас ч холдоо дуурьсалтай буюу.
Үүнчлэн “Эцгийн нэр”, “Ган тайлагдсаны дараа...”, “Нүгэлтэн” зэрэг өгүүллэгүүдэд өргөн дэлгэр сэдвийг хамарсан, дүрслэл, өгүүлэмжийн хувьдаа ч бие биенээсээ эрс ялгарсан баялаг дүрүүдийг утга санааны нарийн сэжимд холбогдуулан ардын дуу, домог яриа, ёс заншил, өв уламжлалынхаа язгуур үйл ухаантай хослуулахын зэрэгцээ тайллыг олон талтайгаар гаргахыг эрмэлзжээ. Хамгийн гол нь “Уужим сэрүүн Алтай” номынхоо амьсгалыг нэвт шингээсэн уужим сэрүүн дотортой дотно дүрүүд дуу нулимс, дурсамж дурдатгал, дурлал хайр, гуниг гутрал, энэрэл нөмрөө сэтгэлд уужимланхан зурайнам.         

УУЖИМ СЭРҮҮН ДУНДАА...

Comments