Х.Чойдогжамц/СУИС/
“...Эндээс, газрын судсаар дамжин хүрэх халуун
усны илчинд уулын суурин дулаацдаг байв. “Ер энэ судсаар дамжиж байгаа халуун
илч бол бидний сэтгэлийн илч юм...”
/П.Баярсайхан
“Миний ач хүү” өгүүллэгээс/
Хуудсаас хуудасд татагдан
уншсаар...ойрд бичих гээд түдээд байсан зүйл маань энэ л номоор сүлрэн биеллээ
олох байжээ. Ширхэг ч үг сул өнгөрүүлж болохгүй ийм ном хэзээ сүүлд уншлаа?..
Сайн гэж цэнэсэн хуудсаа нугалж явдаг намайг(уншигчийг) мөр тутмын үг бүр жинлүүрдэнэ. “Зөөсөөр явна”, “Тээж
явна”, “Аваад л явна”, “Хүргэх учиртай” гэх үгнүүд түүний шүлгэнд хичнээн гүн
хүндтэйгээр бахдал, цөхрөл дундуур(найрагч бүр оддын
дотуур тээн явахад гэж бичсэн юм шүү) эзэгнэнхэн хийгээд
“орогнонхон” байгааг мэдрэхэд...мэдрэхэд...хуудас эргүүлэх бүртээн зэм сонсох
мэт сэтгэл туядана. Буриадын нэрт яруу
найрагч Сергей Тумуровын “Хүннү уулын нойрсогч өвс” шилмэл шүлгийн түүвэр оюун
санааны минь ойд орчигч нэгэн сүнсийг сэрээх шиг болов. Монгол угсаатан найрагчийн
зүрхний эрхшээлт цохилт номоос нь дуулдахаар барахгүй дуудлагатай, татлагатай,
шуугиантай, хэлмэртэй, гунигийн цагаан хяруутай “тэлчигнэн” тонгочих сонсогдоно.
Домгийн антоми-Шүлгийн
метафор
“Домгийн тунгалаг аялгуу зөн совингоор минь эгшиглэнэ”
Д.Баттогтох “Бодлын шөнө”
“Тухайн домгийг зохиосон ард түмний хэл болон соёлыг бид
хичнээн муу мэдэж байлаа ч бүх дэлхийн ямар ч уншигч түүнийг шидэт домог
байдлаар л хүлээн авах болно. Хэргийн учир гэвэл шидэт домгийн мөн чанарыг
хүүрнэлийн арга маяг, хэлбэр биш өгүүлбэр зүй биш, харин түүн дотор яригдаж буй
ТҮҮХ бүрдүүлдэг”[1]
хэмээн
философич, угсаатны зүйч К.Л.Стросын бичсэнийг дуу алдан тэмдэглэж авчихаад
гайхам сайхан жишээ олох юмсан гэж удаан бодож явсан юм. “Цаг болж нөхцөл
бүрдэхэд” гэдэг мөр шиг... Тайлбартаа бүтнээр нь дахиж ишилж чадахгүй учраас
доорх хоёр шүлгийн дахин дахин анхааралтай уншихыг хүсье. Эхнийх нь Сергей
Тумуровынх, удаах нь залуу шүлэгч Д.Нямдоржийнх юм.
Морин дэл дээрх өнө мөнх
Монгол
хүмүүс
Дүүрэн
суусан танхимд
Ар
араас нь би шүлгээ уншив.
МОРЬТОН
АРДЫН ОЮУН СҮНС
ЗҮРХНИЙ
МИНЬ ЭХЭР ТАТАЛТ БОЛЖ
Энэ
нутгийн дээгүүр хөшиж тогтов.
Нүүдэлчдийн
ертөнцөд
Яргаж
ургасан чулуу болж
Би
зогсов...
Нүүгүүл
зуунуудын салхинд бууралтсан
Нэгэн
бөө дотор минь амилж
Мөргөл
үйлдэв.
Гэм
зэмгүйхэн орон зайн гүнээс
Морин
дэл дээрх өнө мөнхийг дархалж,
Гэрэлт
цаг хугацааг нэвтлэн
Эзэн
Богд Чингис хаан маань
Ирээдүйгээ
ширтэв.[2]
***
“Хажуу дахь овоон дээр нь шувуу ирж суугаад
хаашаа ч
юм нисэх
хөдөөгийн хуучин замууд бол
хатангир
хөгшний
хөхийж товойсон судсууд юм.
Энэ л судсуудаар эзнийхээ амийг торгоон буй
эрч муутай
зүрхний хэмнэлээр
тасарчхалгүй
урсах
эрэмгий
улаан цус бол
ЭРТНИЙ
ЗАМУУДЫН СҮНС ЮМ”[3]
Яруу найрагч Д.Нямдоржийн
“Хараацай” түүврийг уншаад энэ номын хэл
энэ шүлгэндээ эхлэл бас төгсгөл болон хураагджээ гэж ойлгосон. Дээрх шүлэгт
хүний биеийн антоми, шид домог, зан үйлийн антоми хоёрыг гайхайлтай
адилшаалснаас(метафор) гүн утга дүрсжин цогцоолж байна. Гэхдээ би Адилшаалснаас
уу? Адилшаалагдсанаас уу? гэдэг дээр бас л бяцхан түдээд байна. Ямартай ч
бүтцийнх нь хувьд дараах байдлаар задлалын антоми үүсгэж болох шиг:
ОВОО: Нутаг, орны лус савдгуудын байрлах орон,
тэдэнтэй харьцах боломжийг олгодог гэж үзэх нь тухайн эзэн сахиусыг ч төлөөлдөг
учир “ЗАН ҮЙЛИЙН ЭЗЭН”(ЭХЛЭЛ) архетип дүр мөнөөсөө сөн
ӨВГӨН: “ХҮН ТӨРӨЛХТНИЙ
ЭЗЭН”(ЭЦЭГ), (ЭХЛЭЛ) архетип дүр мөнөөсөө сөн.
ХААШАА Ч ЮМ НИСЭХ
ШУВУУ:
Эрт урьдын цагт гэж буй юм шиг энэ мөрөөс үлгэр домогт өгүүлдэг домгийн анх
цагийг дамжуулж байна. “ЦАГ ХУГАЦААНЫ ЭЗЭН”, (ЭХЛЭЛ) архетип дүр мөнөөсөөн мөн.
А.Рембо “Зүйрлэлийн
тусламжтайгаар ертөнцийг өөрчилж болно”
гэжээ.
Үнэхээр болдгийг энэ шүлгийн урлагийн симбол хэлбэрээр үзэгдэж байгаа дүрслэл,
зүйрлэлээр дамжсан урлал, уугаль сэтгэлгээний(архетип) балрашгүй мөрийн илрэл илтгэлээ. Д.Нацагдоржийн “Миний
нутаг” шүлгийг уншаад Ц.Дамдинсүрэн гуай монгол орноо бүтэн тойроод ирсэн шиг
санагдлаа гэсний адил би энэ шүлгийг уншаад анх, энх, мөнх гурвал цагийг нэгэн
дор эрхшээн харж суух шиг санагдахын учир жинхэнэ шүлэг мөнөөсөө мөн. (Д.Баттогтох найрагчийн “Өвөг аав минь гаансныхаа толгойд
дулаацаж толгодын энгэрт суух” хэмээх мөр эрхгүй орж ирээд байх чинь ямар
сайхан юм бэ дээ?..) Морьтон ардын оюун
сүнс-Эртний замуудын сүнс хоёр,
Зүрхний эхэр таталт- зүрхний
хэмнэлээр тасарчхалгүй урсах эрэмгий улаан цус хоёр ёстой л агаар нэгэн буй
гэдэг шиг хамтын ухамсаргүйгээр зохиороод байгааг хараач. “Архетип гэдэг төрөлх
төсөөлөл бус, харин төсөөллийн төрөлх бололцоо”[4] гэдгийг
л эндээс уудлан уудлан ухаарч болохоор байна. “Хараацай” гэхээр бүр галын соёл
монгол домог зүйн эх соёлд тооцогддог учир “ДОМГИЙН ЭЗЭН”(ЭХ)-ээр нэршээсэн ном
болчих нь ээ. Юутай гоё. Оюун санааны минь ой дундуур өвөг дээдсийн түүх
сүнслэн буйг сэрээсэн дараагийн шүлэг рүү орьё.
“Түүхэн талаасаа “домгоос” өмнө түүнтэй харьцдаг “зан
үйлийн ёслол” байжээ. “Домог бол зан үйлийн ёслолын ярианы хэсэг, түүний
бүрэлдэхүүнд нь багтдаг ӨГҮҮЛЛЭГ юм”[5]
хэмээн
Өрнийн хэлбэр судлаачдын XX зууны эхэнд
тодорхолжээ. К.Л.Стросын түүх гэж
онцлоод байгаа зүйлийг “өгүүллэг” гэжээ.
Үнэндээ ч дээрх хоёр шүлгийн уншихад бууршгүй түүх, буурал оюун санааныхаа
эртний уламжлал, эргэлдэх аварга амин холбооны тухай сонирхолтой үлгэр,
өгүүллэг уншуулсан мэт сэтгэл зүрхийг эзэмдэх нь таашаалтай санагдана. “Морин
дэл дээрх өнө мөнх” шүлгийг структуралист аргаар үргэлжлүүлэн задалвал бадаг
бүрээр нь мөн анх, энх, мөнх цагт буюу онгод(I), улаа(II), түшээ(III) гэсэн бөөгийн мөргөлийн зан үйлтэй
холбогдуулан тайлмаар мэт.
Нүүдэлчдийн ертөнцөд
Яргаж
ургасан чулуу болж
Би
зогсов...
Нүүгүүл
зуунуудын салхинд бууралтсан
Нэгэн
бөө дотор минь амилж
Мөргөл
үйлдэв хэмээхүйд дээрх шүлгийн задлалд дурьдсан лугаа найрагч маань “өндөр их” зан
үйл, уугуул сэтгэлгээ, тогтолцооныхоо нэгээхэн хэсэг-домгийн хүн чулуу болон хувирснаараа эрт эдүгээг
өртөөлөгч үүрэг хүн бүрт байдгийг(оршдгийг) язгуурын хэлээр хамтатган өгүүллээ. Дээрх хоёр
тодорхойлолтоос бас нэг сэжим цухалзах нь мөнх загвар, мөнх үлгэр, мөнх түүх,
мөнх өгүүллэгийн тухай яриа буюу мөнөөх л архетип. Домгийг домог болгож буй шид
энэ л ангид, урьдач, мөнх орших оюун санааны язгуурт(ЭЗЭН, ЭХЛЭЛ...) байна. Иймээс ч
“Домгийн утга нь цаг хугацааны тодорхой эгшинд орон зайтай байсан эдгээр үйл
явдал цаг хугацааны гадна оршин байдаг
гэдэгт байх аж”[6]. Сергей
Тумуров харин шүлэгтээ энэ цаг хугацааны цаглашгүй шинжийг салхинд бууралтсан
бөөгөөр(“ЗАН ҮЙЛ, ЦАГ ХУЦГААНЫ ЭЗЭН”(ЭХЛЭЛ) нэгтгэчихэж байна) төлөөлөгдөн улмаар эх нутгийн дээгүүр хөшиж тогтов-чулуу болж би зогсов-дотор минь амилж
мөргөл үйлдэв хэмээх үгсийн цуваагаар илэржихүй.
“Цасны
роман”
доорх “Луу жилийн үгийн шарх”
Зохиолч,
яруу найрагч Г.Аюурзанын “Цасны роман” бичил туужийг утга зохиолч судлаач,
шүүмжлэгч Ч.Билигсайхан агсан “Социализм
хэмээх нийгмийг аймшигт цасан дор монголчууд яаж, юу хийж байсныг уран сайхны
болзолт дүрслэл хэмээх модерн сэтгэлгээний аргаар Г.Аюурзана ийнхүү гайхалтай
үзүүллээ” гэж онцлон “Цасны роман” нь ердөө хорин хоёрхон тал хуудас. Тэгсэн
мөртөө социализмын эмгэнэлт амьдрал нэн тодорхой, бүрэн бүтэн багтжээ. Энэ
зохиолын үг өгүүлбэр бүр нь тодорхой утгатай. “Цасан дор өвөлжих хаа очиж
дулаахан гэдэг” гэсэн ганц өгүүлбэрт ил байгаа утга нь ерөөсөө үнэнээс гадна
социализмын үед бүх юмыг зээл тусламж, гуйлгаар болгодог байснаас нээрэн л
амьдрал хангалуун халуун дулаан мэт байжээ. Тийм ч учраас өнөөдөр хүмүүс
социализмын үеэ санагалзсаар байна” гэсэн гайхалтай херменевтик хийсэн
байдгийг би “ЦАСАН ТЭНГЭР” дороос “ЖИНХЭНЭ ТЭНГЭР”-ийг харахаар дээш малтаж буй
өрх, түүнд хүрэх 270 шатны тоо монголчуудын үндэсний ухамсар бүрэн сэргээгүй
колончилогдож явсан он жилүүдийн тойм (200+70) мэт санагджихуй гэж яльгүй
ахиулан саяхан бичсэн сэн. Гэтэл эрхэм зохиолчийнхоо орчуулсан "Хүннү
уулын нойрсогч өвс" түүврийг уншихад дээрх
санаа ч элэг нэгт найрагчийн маань "Саравасти Янжмаагийн "Цасны
роман", "Данзанравжаа(1803-1856)-д бараалхахуй", "Хүннү
уулын нойрсогч өвс" шүлгүүдэд биеллээ олохоор барахгүй улам дэлгэрснийг
үзэхэд бахдууштай.
"Саравасти Янжмаагийн "Цасны
роман"
I
Орос хэлт Буриад найрагч
Могойн оюунаар сэтгэл минь дүүрэн-
Сэтгэл минь өвдөж
Хэл минь салаална
Могой мэт салаа хэлтэн үү, би?
Бамбайн дээр минь
Бүргэд халих тэнгэр гэрэлтэж
Барьсан жад минь
Бүрхэг лууны толгойг сүлбэнэ.
Могойн оюунаар сэтгэл минь дүүрэн-
Сэтгэл минь өвдөж
Хэл минь салаална...
II
Луу жилийн цагаан сарын хуучдаар ирланд Жэймс Жойсыг уншингаа монгол яруу
найрагч, зохиолч Г.Аюурзанад зориулан элгэмсүү сэтгэлийн хэдэн бадаг тэрлэв
...Ирланд бол
(өөрийн хөргөөс сэдэл авч хэлэхэд)
"хөх монголчуудын"
цасан шамарганд төөрсөн
хөрст дэлхийн сэтэрхий сормуус юм...
БУДРАХ ЦАСАН ДОР МЭДРЭГДЭХ
ЛУУ ЖИЛИЙН ҮГИЙН ШАРХ БОЛ
буриад хэлний таван аялга,
бухимдсандаа хөндүүр ортол нь атгасан
ирланд нударга юм.
Шүлэг зохиолуудаас чинь би
энэ гарагийн,
таван тивийн,
монгол хэлт найрагчдын
тэнгэрийг олж үзнэм...
Шүд зуусан
"ирланд" эрийн хуруунууд
тэсэшгүй их өвдсөндөө
тэнийж сарвайхыг харнам.
"Цасны роман"-аас
буриадын таван аялга дуулдахад,
цаана нь амилах луугийн үг
зүрхний минь шархнаас ч илүү...
Чилгэр саруул тэнгэртэй
монголчуудын ертөнцөд
тэр луугийн үгс
чиний тэгтлээ сайн мэдэх
буриадуудын таван аялгаар түгэхүйд,
нисэлдэх далавчнаас нь
нимгэхэн цагаан хяруу цацарнам..." /82-83 т.х/
Энд л лав
даг луу гэсэн тэмдэгт(код)үгээс үүдсэн лууны толгой, луу
жилийн үг,
лууны толгойг сүлбэх, луу жилийн үгийн шарх зэрэг бэлгэдэлт адилшаалууд (метафорууд) надад "үндэстний
шарх" гэсэн харсууслыг мэдээлж байна. Шүлгүүдэд нь ер домгийн антоми,
иргэншлийн антоми нэгдсэнээрээ бахдал, бачимдлыг зэрэг оргиох юм.
"Данзанравжаа(1803-1856)-д бараалхахуй"
"...БҮРЭНХИЙ
ДУНД ТУУЛСАН ОН ЖИЛҮҮДИЙН
ХҮНД, НАМХАН ТЭНГЭР
Бүүдийн бороошоод энэ намрын зүг
эрин зууныг нэвтлэн,
Зүрхэнд минь ирж эхэр татаад
Зуны гүнд живлээ..." /49/
ХҮННҮ УУЛЫН
НОЙРСОГЧ ӨВС
Уудам тэнгэрийг чимээгүй бясалган
Уулс дээрээс минь өнгийнө.
Униарт хөтлөөр нь хүннүчүүд довтолгон гарч,
өнгөрсөн үеийн нам дороос биднийг нэвт
өртөөлөн гараад,
цаг хугацааны оргил тийш
давхилдсаар одно...
Эртний бурхадын хамтаар
Ийн чимээгүй замхран буцахад нь
ЭРИН ЗУУНУУДЫН ГҮН РҮҮ ШИДЭГДСЭН ЧУЛУУД
БИДНИЙ ГҮНД БУЙ ТЭНГЭРИЙГ ХАГАЧИНА.
Хэлтэрхий нь хөлийн маань доор
Хэлгий цайвар нойрмог өвсний
цэцэгс болж ургана.
Өмнөх амьдралаас авч гарсан
түр зуурын бүлээн илчээ
Өнөө ч бид цааш зөөсөөр явна.
Өлийн салхитай хүйтэн оргил дээр
ХУУЧ ДОМГИЙН СЭРЖИМ ӨРГӨХДӨӨ
ӨӨРСДӨӨ БИД АХИАД Л ТЭНГЭРТЭЙГЭЭ ЧАЦУУРНА /30/ Оюун санааны минь ойд өндөр хөх
тэнгэр, өвөг дээдсийн түүх сүнслэн
орчсоор байнаа...Яагаад, яагаад, яагаад тэр вэ? гэдгийг доорх шүлгээс сэрнэ үү!
“...Эвий
гуниг минь,
Ширгэсэн
горхины дээгүүр
Шөнийн
дөл мэт асч яваа шувуухай.
Энэ
л шувууны өд
Исгэрэн
дүүлээд өнгөрөхдөө
Эртний
Тахтай бөөгийн удмын
Эрлэгтэй
ч тулах хаттай сэтгэлийг
Элэг
зүрхэнд минь ноцоон сэрээчихлээ”/“Удам”/
[1] К.Л.Строс
“Бүцийн антропологи”, УБ., 2011, 193 т.х
[2] Сергей
Тумуров “Хүннү уулын нойрсогч өвс”, УБ., 2015, 45 т.х
[3] Д.Нямдорж
“Хараацай”, УБ., 2015, 116 т.х
[4] Л.Дамбийням
“Гүн ухаан”, УБ., 2000, 349 т.х
[5] Р.Уэллек,
О.Уоррен “Уран зохиолын онол”, УБ., 1996, 258
т.х
[6] К.Л.Строс
“Бүцийн антропологи”, УБ., 2011, 192 т.х
Comments