Уран зохиол судлаач, шүүмжлэгч Г.БАТСУУРЬ
Аливаа улс үндэстний уран зохиолд туульсын төрөл зүйл
голлодог бол туульсын төрөл зүйл дотор өгүүллэг голлодог гэчихэд нэг их
буруудахгүй болов уу. ХХ зууны монголын уран зохиолд ч Ц.Дамдинсүрэнгийн
“Өчүүхэн дөрвөн үлгэр”-ээс эхлээд Д.Нацагдоржийн “Хуучин хүү”, “Харанхуй
хад”.., гээд үргэлжилж улмаар Ч.Лодойдамба, С.Эрдэнэ, П.Лувсанцэрэн,
С.Дашдооров, П.Пүрэвсүрэн, Ж.Лхагва, Ц.Доржготов, Д.Батбаяр, С.Пүрэв, Д.Норов,
Л.Дашням, П.Баярсайхан, А.Шартолгой, Д.Цэнджав, Д.Энхболд, Гүр.Нямдорж нарын
үеийг үзэж эдүгээ хүрэв.
Д.Нацагдорж хуучин уран зохиолын бичгийн хэлийг орчин үежүүлэхэд гол нөлөө
үзүүлсэн нь түүний өгүүллэгүүдээс тод харагддаг. Энэтхэг болоод Төвд хэлт уран
зохиолын нөлөө тусгал бүхий түүний өгүүллэгүүдийн дүрүүд нь нэлээд тод
дүрслэгддэг байсан боловч зохиолын доторх зөрчил, үйл явдаллаг шинж нь дутмаг
байсан билээ. Тухайлбал “Хуучин хүү” өгүүллэгт л гэхэд тодорхой үйл явдал үгүй
бөгөөд нэгэн морьтой хүн ирээд буцаад явчихаж байгаа л дүрслэл байдаг бол
“Шувуун саарал” өгүүллэг нь бас нэгэн морьтой хүн давхисаар нэгэн бүсгүй дээр л
очиж буй дүрслэл юм. Түүнчлэн “Харанхуй хад” өгүүллэг нь бас нэгэн морьтой хүн
явсаар нэгэн үл мэдэх газарт очиж буй л дүрслэл. Тиймээс зарим судлаачид
Д.Нацагдоржийн нэлээд зохиолуудыг нь өгүүллэг гэж нэрлэлгүй уран эргэцүүлэмж,
эргэцүүлэл зэргээр нэрлэх санал дэвшүүлсэн буй.
Монголын уран зохиолын богино хэлбэрийн зохиолын хөгжил нь Ц.Дамдинсүрэн,
Б.Ринчен нарын үеийг дамжаад С.Эрдэнийн үед бүрэн төлөвшсөн бололтой.
Ц.Дамдинсүрэн хүүрнэл зохиол гэдэг мөн чанарыг барьж байсан бол Б.Ринчен
уламжлалын талыг илүүтэй барьж байсан аж. Харин С.Эрдэнийн үед уран зохиолд
хүний дотоод сэтгэлийг дүрслэх тал дээр алхам хийсэн юм.
1990-ээд он гарсаар өгүүллэгийн дүрслэл, өгүүлэмжид нэлээд өөрчлөлт орсон.
Мөн үеийн хамгийн содон уран бүтээлч гэвэл С.Анударь байсан бөгөөд түүний “4
биш 4” номд орсон хэд хэдэн богино зохиолууд нь Д.Нацагдоржийн үеийг сануулам
тодорхой үйл явдлын дүрслэлгүй байв. Түүний уран бүтээлийн өв туйлын бага.
Д.Нацагдорж орчин үеийн реалист уран зохиолын хөгжлийн эхэн үеийг төлөөлж
байсан бол С.Анударь реалист бус модерн уран зохиолын хөгжлийн эхэн үеийг
төлөөлж байсан билээ. Уг хоёр уран бүтээлч сэтгэл гэхээсээ сэтгэлгээний талд
илүүтэй «тоглолт хийсэн» нь харагддаг. Хүний дотоод сэтгэлийн мөн чанар,
хувирал эргэлт, гомдол цөхрөл, баяр хөөрийг дүрслэх нь уран зохиолын хөгжил
нэлээд төлөвшиж байж хийгддэг зүйл бололтой. Хүний сэтгэлийн хөдлөл,
өөрчлөлтийг дүрслэхэд уран зохиолын төрөл зүйлүүдээс өгүүллэг илүү тохирдог
байж ч магадгүй юм. Жаахан тодруулбал дотоод сэтгэлийг яруу найраг нээдэг бол
сэтгэлийн хөдлөл, түүний үр дүнг өгүүллэгт дүрсэлдэг болов уу. Энэ тал дээр
манай уран зохиол нэлээд амжилт олсон.
2000-аад он гарсаар хүүрнэл зохиолын богино хэлбэрийн бүтээлүүд нэлээд гарч
уран бүтээлчид янз бүрийн эрэл хийж байна. Тэдгээрийн дотроос уламжлал сонгодог
бичгийн хэлний яруу уламжлалыг тууштай барьж орчин цагийн монгол хэлний
шинэчлэлүүдээр баяжуулан уран бүтээлээ туурвиж буй нэгэн бол Баастын Золбаяр
бөлгөө. Тэрбээр “Бүтэн” (2004), “Бүлээн” (2006), “Бүгээн” (2012), “Хүмүүн” (2012) зэрэг номууд хэвлүүлж уншигч олондоо барьжээ.
90-ээд он гарсаар эхэлсэн шинэчлэлтэй холбоотойгоор уран
зохиолд олон шинэлэг өнгө төрх орсны түүчээнд хэлний шинэчлэл байсан билээ. Ер
нь аливаа шинэчлэл ихэвчлэн өнгөн талаасаа эхэлдэг бололтой. Уран зохиолын
хувьд ч тийм байж залуу уран бүтээлчид ялангуяа яруу найрагчид хэлний шинэчлэл,
үгээр наадахуйн эрэлд мордож олохдоо олж алдахдаа алдсан буй.
Шинэ зууны эхний 20 жил өнгөрч хувьсгалын гал намжин аливаад буурьтай
хандах болсноор уран зохиолын хандлага ч мөн төлөвшиж аливаа дуулиан шуугианыг
анзаарахаа больж өөрийн гольдрилоор урсах болов. Түүн дотор зохиолч Б.Золбаярын
өнгө аяс бусдаас өөр.
Түүний “Бүтэн” өгүүллэг нь “...Бүтэн улаан нар шингэж, тал цагаан саран
мандсан өвлийн дунд сарын орой. Гүйлгэн жиргээ салхинд халтар үнэгэн лоовуузны
сахлаг сор умран аясарч, унасан морины зоо бөмбийтөл цантжээ...” (Золбаяр.Б. Бүтэн. УБ. 2006. Хуудас 19) гэж эхэлнэ. Энд буй «Гүйлгэн жиргээ салхи», «сахлаг
сор умран аясарч» зэрэг дүрслэлүүд нь содон. Б.Явуухулангийн «туулайн
гүйдэл салхи», Д.Пүрэвдоржийн «суусрын гүйдэл салхи» гэсэн
дүрслэлүүд манай уран зохиолын хүрээндээ чамгүй алдартай. Тэдгээр нь яруу
найргийн дүрслэлүүд агаад зохиолч Б.Золбаяр хүүрнэл зохиолд ийн зурагласан нь,
бас лоовуузны сорыг «аясарч» гэсэн нь шинэ. Ая, аяс, аяс аясхан гэх мэтийн нэр үгс байдаг
ч түүнийг үйл үг болгон дүрсэлсэн нь хаа. Мөн “Бүтэн” өгүүллэгт шүдлэн тэх
буудан ганзагалж буйг “...Энд нэгэн гунигтай ухаарал төрж, бас
нэгэн цагт ирэх зэмлэлийн зөн зуралзах шиг болов. Нар хүүшилжээ. Налуу ар дээр
уруугаа харж тэрийсэн бага тэхийн хатгаш уруу нь сүлбэж цусыг нь юүлээд өргөж
бөгтрөн ганзагалав. Засаанаасаа дааран турж эхэлсэн цуйдархан тэх хөнгөхөн
ажээ...” (Золбаяр.Б. Бүтэн. УБ. 2006. Хуудас 21) гэж зурсан дүрслэлд буй зуралзах бодол, «цуйдархан»
зэрэг үгс нь наалдацтай. Цуйдархан гэдэг үг зохиолчийн уугуул нутаг Ховд
аймгийнхны аман ярианд байдаг нутгийн аялгууны үг ч байж магадгүй, гэвч суурь
халх аялгуутай утга зохиолын хэлтэнд нимгэвтэр, тарган ч биш туранхай ч биш,
мориор бол бор хомтой гэдэг шиг л ойлгогдож байгаа бөгөөд хачин оносон үг,
дүрслэл болох нь анзаарагдаж байна. Өгүүлэмжийн хувьд “Бүтэн” өгүүллэгт ан хийж
явсан Түдэв нэгэн учир битүүлэг мөр олж хөөснөөр нутгийн хөгшин Найнааг хөлөө
булгалаад, осгож үхэдгийн даваан дээр байхад нь олж, мориндоо мордуулан
хөтөлсөөр гэрт хүргэж байна. Найнаа хөгшин “...Тангараг бүтэн явах сайхан юм
аа хөөе” хэмээн дахин дахин өгүүлэн уйлах бөгөөд түүгээр дамжуулан
өвгөдийн нүнжиг, аливаад хүлээцтэй, хаяа саахалтынхантайгаа гэмгүй явахын
ухааныг номлож байх агаад бүлээн бүтэн харилцаагаа алдалгүй явснаар нэгнийгээ
зөнгөөрөө хээрээс олж амь насыг аврахын учир ерөөл оршин байдгийг үзүүлжээ.
Тангараг гэдэг нь хэн нэгэндээ тусална гэж хэзээ нэгэн цагт тангараг тавьсан
гэсэн хэрэг огт биш, зүгээр л нүүдэлчин монгол хүн төрөхдөө л бие биедээ бүтэн
хандахын тангараг өвөрлөж төрдөг, түүнийгээ эвдэлгүй явбал ийм учир ерөөл
оршдог л гэсэн ухаан билээ. Энэ бол зөвхөн нүүдэлчдэд л байдаг амьдралын
философи, алсын зөн, түүний учир бэлгэдэл болой. Түүнийг ийнхүү тос даасан
монгол хэлээр бүтэн буулгах нь билэг авьяас гэхээс өөр юу гэхэв.
Б.Золбаяр “Манай сумын наадам” гэх нэгэн бүтээл туурвисан нь “Бүтэн” номд
нь орсон буй. Дагнасан үйл явдалгүй наадмын зураглал, дүрслэлүүд нь содон агаад
Д.Нацагдоржийн “Хөдөө талын үзэсгэлэн” буюу “Амазонка” зохиолын адил уран
дүрслэлүүд хөвөрнө. Д.Нацагдорж “Хөндий талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн
дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын хүний нүдэнд яахин даруй
танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхин хүчтэйгээр
үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтагнан холын барааг харж ядна...” (Монголын сонгомол өгүүллэг. Аюурзана.Г. нар. УБ. 2005.
хуудас 22)
гэх мэтээр зурагласан байдаг бол Б.Золбаяр “Урд
голын эргийг эмжиж буусан цагаан гэрүүд үүрийн гэгээнд цолмонтож, айлуудын
гадаах уяан дээр морь манаж хоносон эрсийн эмээлийн дөрөө ханхийж, нойтон цув
чихарна. Эмс хүүхнүүд зэлэн дээр шаламгайлцгааж, хувинтай сүүний хөөсрөө, ивлэж
өегшсөн тугалын тамшаалалтай нийлэн сонсогдоно...” (Золбаяр.Б. Бүтэн. УБ. 2006. хуудас 53) хэмээн дүрсэлсэн бөгөөд зохиол тодорхой зөрчил, үйл
явдалгүй натур дүрслэлүүд, уран өгүүлэмж, ялимгүй хөнгөн эргэцүүлэлүүд нь уг
хоёр зохиолыг ижилсүүлж байна. Д.Нацагдорж хүмүүсийн дүрийг “...Өвгөн
жолооч ухасхийн хийг нэмэхэд дөрвөн хүрд чөлөө завгүй эргэлдэнэ...” (Монголын сонгомол өгүүллэг. Аюурзана.Г. нар. УБ. 2005.
хуудас 22) гэх буюу “...Хөдөөгийн хүмүүс хэд хэдэн зуугаар
хуралдаад эрээн мярааныг өмсөж, ийш тийш зөрөлдөнө...”, (Монголын сонгомол өгүүллэг. Аюурзана.Г. нар. УБ. 2005.
хуудас 22) “...Нэгэн залуу хүүхэн жолоог дугтран
зүтгүүлсээр гарч ирэх нь зэрлэг бугын адил чичрүүлэн догдлуулж, төв эрдэмт
оюутны боловч сүнсийг холбилзуулан татна...” (Монголын сонгомол өгүүллэг. Аюурзана.Г. нар. УБ. 2005.
хуудас 22) гэх мэтээр дүрсэлсэн байдаг бол Б.Золбаяр “...Тахилт
бригадын өндөр Хонгорын хүү Бадарч эрийн цээнд хүрч, бугуйлын суранд дориун
бяршаад наадмын нэгийн даваанд гарах гэж байгаагаа зарлах мэт омголон хар
мориныхоо ангалзуулан татаж тавин, татаж тавин гол уруудан өглөө эрт давхиж
явна...” (Золбаяр.Б. Бүтэн. УБ. 2006. хуудас 53) гэх буюу “...Хар бор ажилд бие бяцарсан налбагар авгай
нь хүдэр эрийнхээ сүвээнээс эв хавгүйхэн базаад хэзээний л өмсдөг бор үйтэн
хуаран дээлийн нь хормой салхинд дэрвэж тантгар цагаан ташаа нь нартай наадна.
Шуудган дээрээ дээлээ өмссөн зааны гуя эхнэрийнхтэйгээ ижилсэн морины бариа
тийш довтолгох морьтнуудын нүдийг хужирлан инээлгэж байхад сундлаатай хос
тэднийг даанч нэг үл ажрах аж...”, (Золбаяр.Б.
Бүтэн. УБ. 2006. хуудас 57-58) гэх мэтээр
зурагласан нь Д.Нацагдоржийн дүрслэлтэй төсөөрөх боловч өөрийн төрхтэй.
Д.Нацагдорж “Хөдөө талын үзэсгэлэн”-дээ саарал морийг дүрсэлсэн бол Б.Золбаяр “...Урьд шөнийн бүх үйл явдлын
гэрч болсон сул хээр морь тэгш дэлтэй урт сайхан хүзүүгээ үл ялиг тонгойлгон
гилбийж шуулттай сүүлний нь жигүүр ертөнцийн зүгтэй аясарна. Төмөр амгайнд
урагдсан амаа амрааж, уралдаж хөшсөн гоо хөлөө сойсон тэр хүлэг дараа жилийн
наадамд ижил өнгийн дээл өмсч, адил зүсний морь унаж ирэх энэ хосод хөтлүүлэн
ирэхийг зөгнөсөн юм шиг чимээгүй зүүрмэглэх ажээ.” (Золбаяр.Б. Бүтэн. УБ. 2006. хуудас 64) гэсэн нь малч, нүүдэлч монгол хүн, морь хоёрын зохиролыг
нээх аж. Зарим судлаачид уран эргэцүүлэмж, уран нийтлэл мэтээр нэрлэж ирсэн
Д.Нацагдоржийн “Хуучин хүү”, Хөдөө талын үзэсгэлэн” зэрэг зохиолуудаас дүр, үйл
явдлын өгүүлэмжээрээ ялгарч өгүүллэг хэмээн бүрнээ нэрлэж болохуйц Б.Золбаярын
уг бүтээлд зөрчил үгүй байгаа нь гоо хийгээд тансаг болгох үндэс нь гэлтэй.
Манай уран зохиолын туршлагад байдаг С.Пүрэвийн “Азын цэнхэр уулс”,
До.Цэнджавын “Хоёрын даваа”, Д.Энхболдын “Бүйлс дахин цэцэглэнэ”.., гээд
тодорхой зөрчилгүй уянгалаг аясаар түрж хийсэн бүтээлүүд нэлээд байдгийг
Б.Золбаяр баяжуулжээ. Гэвч зөвхөн энэ л өнгө аясаар замнана гэвэл учир
дутагдалтай. Тэгээд ч үүний нөгөө талд бүтээлүүдэд нь үйл явдаллаг шинж,
дүрүүдийн хөдөлгөөнт шийдэл, зохиолын зөрчил дутагдаж байгааг бас уран
зохиолоос илүүтэй сэтгүүл зүйн бүтээлүүдэддээ ихээхэн анхаарал хандуулж ирснийг
нь дурдах ёстой.
Түүний уран бүтээлүүд дотор аян замын тэмдэглэл, нийтлэл нэлээдгүй том
байрыг эзэлж буйг нь номуудаас нь үзэж болох ба тэр нь сэтгүүл зүйн замаар
замнасан амьдрал намтартай нь холбогдохыг үл өгүүлэн өгүүлбээс монголын их утга
зохиолын уламжлалт хөдөөх ахуйн дүрслэл, Д.Нацагдоржоос эхтэй дараа дараагийн
үеийнхний тууштай барьж ирсэн сонгодог бичгийн хэлний уран дүрслэл бүхий
уламжлалт аясыг гал таслахгүй ХХI зуунд
үргэлжлүүлэн туурвих нэгэн уран бүтээлч бол Баастын Золбаяр гэх эл эрхэм мөн
буй. Түүнд уран зохиолын төрлөөрөө бага бичсэн учир, томоохон бүтээл туурвихыг
нь хүлээсэн уншигчдын хүлээлт байгааг ч сануулах нь үүрэг.
Зохиолч Б.Золбаярын уран бүтээлүүдээс товойн харагдаж байгаа онцлог нь
түүний өгөөмөр яруу хэл, урсан одох цаг хугацааг цөлх ухаанаар даван үлдэхүйг
номлосон нүүдэлчдийн нүнжиг. Монголын их утга зохиолын тулгын чулуудын дэргэд
бүтэн, бүлээн оршиж бүгээн ирээдүйг хүлээтүгэй.
2015.11.15
Comments