“Гүн хэлмэр”-ийн ертөнц биднийг дуудан сэрээхүйн учир


МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ломбын Нямаа
“Урлаг бол зугаа цэнгэл ч биш, чамирхал ч биш харин амин чухал хэрэгцээ мөн. Урлаг байхгүй аваас хүн өөрийн сэтгэл зүрх, оюун ухааныг тарчилгасан асуултанд хариу олж чадахгүй мухардана. Урлаг байхгүй аваас хүн өөрийнхөө тухай, ертөнцийн тухай мэдээгүй юмаа давж чадахгүй. Урлаг бол таньж мэддэг ч, тааж олдог ч, анагааж эдгээдэг ч аугаа их хүч мөн билээ”
В.Ф.Одоевский
Ер гаруй жилийн өмнө Орос-Америкийн нэрд гарсан философич, социологич П.Сорокин “Дэлхий дахиныг хамарсан оюуны соёлын хямрал олон жил үргэлжилж, өөрөөр хэлбэл “соёлын бүтээлч бус чадварын хувхайрал” хүний оюун санааны үнэт зүйлсийг хүчээр булаан авна. Гегель, Бах, Бетховен, Шекспир, Данте, Рембрантын орон зайг зэрэмдэг сэтгэгчид, шоучид эзэлнэ. Тэд хоорондоо мөнгө, алдар нэрийн төлөө өрсөлдөж хүн төрөлхтний оюун санааг мөхөөнө” гэж онцлон хэлжээ. Бид уран сайхны ямархан ертөнцөд аж төрж байна вэ? гэдгээ эрх биш тунгаан бодох цаг мөч ирлээ. Ийнхүү тунгаан бодоход минь залуу судлаач Х.Чойдогжамцын “Гүн хэлмэр” ном тус болж, уран бүтээлч-уншигч үзэгч хэмээх хоёр ертөнцийг сэтгэлгээний далайцаараа холбож уран бүтээлчийн “өөрөө ч таньж олоогүй” нууцыг таны өмнө дэлгэж байна.
Х.Чойдогжамцын эл ном яруу найраг, өгүүллэг, тууж, жүжиг, кино, шүүмж судлал зэрэг уран зохиолын бүхий л төрлийг хамарч уран бүтээлчдийн ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлийн тухай өгүүлснээрээ онцлог юм. Монголын уран зохиолын нэгэн цагийн хөгжлийг түүчээлж явсан С.Дашдооровын “Холын цэнхэр уулс” тууж, “Бууж мордох хорвоо” өгүүллэг, Ж.Бямба “Хөлсний үнэ” тууж, “Сангийн хээр” өгүүллэгийн уран сайхны онцлог, дүр бүтээх эрдмийг орчин цагийн уран зохиол судлалын шинэлэг арга зүйгээр задлан шинжилсэн нь тухайн цагтаа судлаачдын анхаарлыг зөвхөн сайн зохиол гэж дурьдагдаж өнгөрснийг гүнзгийрүүлэн судалж “дахин төрүүлсэн нь” жинхэнэ судлаачийн хийх ажил мөн билээ. Залуу судлаач Х.Чойдогжамцын бүтээлүүдийг уншиж, эргэцүүлэн бодохуй дор зохиол бүтээлд хандахдаа дэлхийн мэргэд З.Фройд, К.Г.Юнг, Ж.П.Сартр, К.Л.Стросс нарын гүн ухаан, сэтгэл судлалын ухааныг дуудан авчирч тухайн зохиолын тухай “үгийг хэлүүлж” байгаа нь олзуурхам байлаа. Аугаа их зураач С.Дали “Хүний сүр хүч сэтгэлгээндээ байдаг” хэмээн учирлан хэлсэн байдаг. Х.Чойдогжамцын “Гүн хэлмэр” судлал-шүүмжлэлийн ном “сэтгэлгээний өргөн далайцтай бүтээл болжээ”. 
Монголын уран сайхны шүүмж судлалын ертөнцөд монголын улс төрийн нэрт зүтгэлтэн П.Жасрай гуайн онож хэлснээр “Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна”. Ийнхүү дэлхийн хэмжээнд сэтгэж монголын урлаг, уран зохиолыг задлан шинжилдэг судлаач олноор төрөөсэй гэж бодном. Уран зохиолын жинхэнэ судлаач, шүүмжлэгчид л урлаг, уран зохиолын хөгжлийг зөв замд хөтөлж, “саарал зохиолын” үерт хаалт тавьж чадна. “Саарал зохиолын”-ын “үерийн ус” орчин цагийг нийгэм сэтгэл зүйн “хүйтрэлд”  хөлдөөж,  ард түмний оюун санаанд “мөсөн уул” болон сүндэрлэж, түүний сүүдэр монголын нийгмийг “зэрлэгшил” рүү дагуулж байгааг бид мэдэрч л байна. Хаана хүртэл дагуулахыг хэн мэдэж ухаарах юм бэ? Уран бүтээлчид аугаа урлагийг мөнгө болгон бялууртал идэж уухаас татгалзаж,  XXI зууны, оюун мандлын эриний хүмүүсийн оюуны хэрэгцээг хангах жинхэнэ урлагийг бүтээхийн төлөө зүтгэхэд Х.Чойдогжамцын “Гүн хэлмэр” ном тус болно. “Гүн хэлмэр”-ийн ертөнц биднийг дуудан сэрээхийн учир ийм буюу. Монголын урлагт нар үгүйлэгдэж байна.
Номын цагаан буян дэлгэртүгэй.


Comments