АЙСУЙ

Уран зохиол судлаач, шүүмжлэгч Г.БАТСУУРЬ
Манай орчин үеийн уран зохиолын судлал, шүүмжлэлийн түүх нь мөнхүү уран зохиолынхоо үүсэл хөгжилтэй эн чацуу буй. Хөгжлийн эхэн үедээ уран зохиол нийгмийн холбоо хамааралд ач холбогдол өгөх, нэг үзэл суртлыг дөвийлгөх, уран зохиолыг үүрэгжүүлэхэд гойд анхааран явж ирсэн боловч тухайн үедээ өөрийн үүргийг гүйцэтгэсээр байсан нь өнөө цагийн өндөрлөгөөс харагддаг билээ.
            90-ээд он гарсаар уран зохиолын шүүмжлэл үгүй болсон мэтээр хэлэх, бичих явдал нэлээд гарах болсон тэр цаг үед ч уран зохиолын шүүмжлэл байдгаараа байж өөрийн үүргийг гүйцэтгэсээр ирсэн болох нь эдүгээ цагаан цааснаа хараар бичигдэн үлджээ.
            2000-аад он гарч хувьсгалын шуурга намжин аливаа үзэгдэл, үйл явцууд өөр өөрийн голдрилдоо орж буй энэ үед уран зохиолын шүүмжлэл, судлал ч мөн өөрийн хэв төлөвийг олж байна. Постмодерн, постпостмодерн цаг үе, урлаг утга зохиол, шинжлэхүй ухааны постструктурал хэв байдлын энээхэн цаг хугацаанд баруунд хэдийн төлөвшсөн уран зохиол шинжлэлийн зарим чиг хандлагууд манай уран зохиолд нутагших, зарим төлөв хандлагын суурь тавигдах, магадгүй зарим шинэлэг зүйл ч бий болох ихээхэн сонирхолтой үе ирэв бололтой.
Хүмүүний амьдрал, нийгмийн амьдрахуйг текст хэмээн үзэх, түүн дотор нэгэн хүний амьдрал бол нэг л ишлэл, уран зохиол ч мөн ишлэл, өөрөөр хэлбэл нэг зохиол гэдэг бол хүний амьдралын хэв загварын нэг л ишлэл хэмээн үзэх өнөө үед аливаа зохиолчийн бичсэн аль нэгэн зохиол ганцаар оршоод бүрэн төгс байх боломж нэгэнт үгүй болж буй нь улам бүр мэдрэгдэх болов. Уншигчдын боловсрол хийгээд бясалгахуйн түвшин өндөрсөж ирснээр нийгэмд элитар хэсгийн байр суурь мэдэгдэхүйц болж улмаар уншигч, зохиолч хоёрын байр суурь зэрэгцэж ирсэн нь уран зохиол, нэгэн бодгал зохиолын тухай, мөн зохиолчийн үзэл хандлагын тухай олон олон интерпертаци, тайлал тайлахуйг шаардаж байна. Уран зохиолын шүүмжлэл, судлалын сэтгэгдлийн үед хэн нэгэн зохиолч, аль нэгэн зохиол бичиж, хэн нэгэн шүүмжлэгч аль нэгэн шүүмж бичиж түүнийг нь нийтээр хүлээн зөвшөөрдөг байсан нь эдүгээ ул болжээ. Өөрийн бичсэн зохиолын хэлэх гэсэн санааг зохиолч өөрөө тайлбарлаж түүнийг нь бас л нийтээр хүлээн зөвшөөрдөг асан тэрхүү бурангуй үе ард хоцорч тухайн зохиолын тухай олон олон шүүмжүүд, өөр өөр тайлал, тайлбарууд зэрэгцэн оршиж байж сая үнэ цэнэ нь мэдрэгддэг тийм сонирхолтой хийгээд сайхан цаг үетэй манай уран зохиол, уран зохиол шинжлэл нүүр учрав.

Зохиолыг зохиолчийн намтар, төлөвшил, сэтгэхүй, сэтгэл зүйтэй холбон цогцоор нь авч үзэх, зохиолчийн оюун санаа, ухамсар хийгээд ухамсаргүй үрүү нь нэвтрэх, таамаглах, гүтгэх цаашлаад дүрийг зохиолчлох, зохиолчийг дүрчлэх.., зэрэг байдлуудын хэв төлөвт шилжиж, тайлж, томруулж улмаар өөрийн үндэстний уран зохиолоо дэлхийд таниулах, зохиолчдоо хүн төрөлхтөний оюун санааны ертөнцөд байх ёстой байранд нь тавих, таниулах шаардлага бодитой болж ирлээ.

Уран зохиолын шүүмжлэл нь хүн алдаршуулах, зохиолд үнэлгээ өгөх, шагналын тодорхойлолтын хавсралт болох зэрэг бурангуй байдлаас ангижирч уран зохиол шинжлэл гэдэг нэр томьёондоо зохирох ёстой. Үүний тулд уран зохиол шинжлэл нь уран зохиолоор дамжин мэдрэгдэж байгаа нийгмийн амьдралын мөн чанар, хүмүүний оршихуйн ахуйлаг орчиндоо дарагдсан оюун санааны шок, гаслангийн дуу, иргэнших тусмаа ганцаардахуйн мухардал тэдгээрт байгалиас, (бурханаас) заяасан хүний үзүүлж буй хариу урвалуудыг барин тайлах, уран зохиолыг танихуйн дээд мөн чанарыг үүрэгжүүлэх тэр л замаар замнах хэрэгтэй байна.
Уран зохиол шинжлэлийн гол асуудал нь үл шийдэгдэх мөн чанарт орших бөгөөд аливаад эцсийн хариулт үл өгөх, туйлын тайллыг үл хийх тэр л мөн чанарт үргэлжилнэ. Иргэншил, нийгэмшлийн ороо бусгаад шахагдан бий болсон шизофреникуудын өгөгдөл, урлаг уран зохиол дахь тусгал, тусгацуудын мужуудыг үндэснийтчлэн холбогдуулах, дэлхийн ууган үндэстнүүдийн нэгэн болох монгол хүний танин мэдэхүйн хэв загварт хэрхэн бууж байгааг илэрхийлэх нь манай уран зохиол шинжлэлийн нэгэн гол өнцөг байх болов уу...

2015-12-19

Comments