Уран зохиол судлаач, шүүмжлэгч Г.БАТСУУРЬ
|
Ардчилал алдаа ихтэй гэвч үүнээс сайныг хүн төрөлхтөн
олоогүй байгаа юм гэдэг шиг “Болор цом” наадам өчнөөн алдаатай гэвч үүнээс
сайныг манай зохиолчдын байгууллага ололгүй байсаар өдий хүрсэн билээ. Уг
наадам бол үзэгч хэмээх хар массыг яруу найраг уруу алхам дөхүүлж бас ч үгүй
нийтийн анхааралд уран зохиолчид, яруу найрагчдыг оруулж өгдөг тодорхой үр
дүнгээ өгсөн үйл ажиллагаа байдаг билээ. Тэгээд ч яруу найрагчид, шүлэгчдээ нэг
өдөр цуглуулж тайзан дээр шүлгийг нь уншуулаад зарим нь шүүж оноо тавиад дүгнэчихэд
юу нь болохгүй байхав. Лав л гэмт хэрэг биш. Гэвч бүх юм хэмжээтэй, энэ удаа
бол муу муухайгийн хэмжээ арай л хэтрэв бололтой. Тодруулбал 2016 оны 2-р сарын
2-ны өдөр уламжлалт Болор цом-33 наадам болж монголын яруу найрагт гамшиг
тохиолдов.
Гамшиг №1. Шүүгчид
“Болор цом”-33 наадмын ерөнхий шүүгчээр Төрийн шагналт,
Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн, ерөнхий биш шүүгчдээр Соёлын гавьяат
зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар, яруу найрагч, зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал
Г.Мөнхцэцэг, яруу найрагч Б.Галсансүх, яруу найрагч Л.Моломжамц нар ажилласан. Ерөнхий шүүгчийн хэлснээр
шүлгийг тухайн үед нь дүгнэхэд хэцүү боловч урлаг уран зохиолын бага сага
мэдрэмж, мэдлэгтэй хүн тухайн үед уншиж байгаа шүлгүүдийг тухайн үеийн
мэдрэмжээрээ дүгнээд 1-5 хүртэл оноо тавьчихад тийм ч хэцүү биш. Гэтэл юуны
хорлол учирсан нь мэдэгдэхгүйгээр улс төрийн нийтлэл, уриа дуудлага, ухуулга
сурталгаа, реклам, зөвлөгөө уншсан Б.Болорцэрэн, Х.Эрдэнэбаатар, М.Уянсүх,
О.Цэнд-Аюуш, Ц.Эрдэнэбаатар, М.Билэгсайхан мэтийн нөхдийг эхний шатанд тэнцүүлж
сайн шүлэг уншиж магадгүй яруу найрагчдыг субботник хийлгээд явуулав. За яахав
тэгдэг юм байж гэж бодтол хоёрын даваанд бас л энэ байдал давтагдлаа. Сүүлийн
үлдсэн таван найрагчаас сайн шүлэгтэй нь О.Цэнд-Аюуш, Л.Ганзул нар байсан боловч
шүүгч нар бас л «гэнэдэв».
Ерөнхий шүүгч дүн танилцуулах нэрийдлээр бузар булайгаа
дэлгэхдээ: “Үзэгчид яасан гэнэн, хялбар юманд дуртай болоов, яруу найрагчид
яасан гэнэн болоов” гэж хэлснээ “Нондин Төв аймагт Ц.Эрдэнэбаатар өндөр оноо
авсан юм, тэгээд нутагт нь түрүүлүүлээд яахав гээд хойшлуулсан юм” гэж гэнэдэв.
Үүнээс нь үзэгчид Ц.Эрдэнэбаатар түрүүлжээ гэдгийг мэдэж авлаа. Дүнгээ хэлээгүй
байхдаа ийм юм ярьсныг юу гэж үзэх вэ? Хялбар юманд дургүйдээ энэ гэх үү?! Гэнэн биш их
философилог байна гэхүү?
Зохиолчдын хорооны удирдлагуудад зөндөө зовлон байгаа,
Б.Лхагвасүрэн гуайд ачаа үүрүүлж, улаан нүүр үрүүгээ унжуулах шаардлага ч
байгаа, сонгуулийн жил гарлаа, мөнгө төгрөг, ивээн тэтгэгч, маргааш, нөгөөдөр,
ажил албан тушаал гээд асуудал их байгааг ойлгож л байна, гэхдээ л хэтэрнэ,
хэтэрнэ гэхэд арай л хэтэрлээ. Шүүгч нараа цэгнэж үзвэл Б.Лхагвасүрэн гуай,
Ү.Хүрэлбаатар гуай хоёрыг яахав энэ байтугай юм үзсэн өгөр толгойнууд гээд
орхиё, Г.Мөнхцэцэг найрагчийг “Шаварт унасан шарын эзэн” өөрөө үйл лайгаа эдэлж
байгаа тэр гээд цагаатгая, Л.Моломжамцыг “Нөгөө юмыг чинь ярина шүү” гээд
айлгачихаар “Үгэнд сайн орно” гээд мартая, гэтэл очиж очиж өнөөх эгэл бус имиж
бүрдүүлсэн, модернист фронт командлагч Б.Галсансүхийг юу гэх вэ?! Юунд
хорлогдчихов доо!
Та
нар минь! Зүгээр л
гамшиг...
Гамшиг №2 Яруу найрагчид
Энэ жилийн “Болор цом”-ын онцлог нь нийтээрээ муу шүлгүүд
уншсанд оршино. Хууччуул нь муудсан, шинүүд нь тэднээсээ муу, ийм л онцлогтой
наадам болов. Хамгийн их муудсан яруу найрагч бол Хөөдөөгийн Эрдэнэбаатар. Алдарт
“Урианхайн хөх уулс”-ын эзэн энэ тэнгэрлэг найрагч юу унших нь энэ вэ? 9911-тэй
дугаар барьвал яадаг яадаг ч гэнэ үү, унадаг дугуйнаас салдаггүй хүүхэд байснаа
улсын алдарт уяач болчихсон байна одоо яах вэ гэх мэтийн УИХ-ын Өргөдөл гомдлын
байнгын хороонд явуулж баймаар нэн сэжигтэй юмнуудыг наадмын туршид уншлаа.
Наадамд нь тааруулав уу? Найрагчаа байв уу?
Дараагийн муудсан яруу найрагч бол бас л “Болор цом”-ын
эрэмбэтэй найрагч П.Нямлхагва. Бас баахан гоморхол сонстов, шувууд та нарыг
ирэхээр гол минь ширгэчихсэн би юугаа хэлэх вэ? Хаашаа харж үхэх вэ? Одоо яадаг
билээ? гэх мэтийн уйлган гоморхол хөврүүлсээр дуусав. Мөн тэднээс дутуугүй
муудаж суларсан бас нэгэн эрхэм бол монголын яруу найргийн ертөнцөд өөрийн
гэрийг барьсан “Болор цом-ын байтугай эрэмбэтэй, энтэй найрагч М.Уянсүх. Соёлын
гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хуланг Дарханд “Цагаан дарь эх” болдог жил
“Болор цом” өгчихөөгүй хэрнээ шүүгчид түүнийг даажигнах мэт сүүлийн даваануудад
үлдээх нь гаслантай. Мөн нэгэн цагт:
...Үүрд би
Гандах навчис будрах цас
Гадаа хүйтэн болоход
Хайртай байх болно
...Үүрд би
Нуур хөлдөж зэгс шуугиад
Нугас ангирын дуу голын уснаа живэхэд
Гунигтай байх болно... гэх шүлэг нь “Болор цом”-оос хойш хэдэн өдөр санаанаас
гарахгүй зовоож асан яруу найрагч О.Цэнд-Аюуш эхний хоёр даваанд даанч муу
шүлэг уншлаа. Тодруулбал: ...Торго
өмсч тогос зүүгчдээс
Тохой нь цоорсон судар
шүүрдэгч цог жавхлантай
Уулыг нүхэлж усыг
боогчдоос
Урцандаа нар сартай суугч
итгэл үнэмшилтэй... гэх мэтийн Цогтын хадны шүлэг шиг хачин юмнууд уншаад нь
байхад нь хар массын үнэлэмжээс эмээсэндээ үлдээгээд байсан шүүгчдийн буруу,
О.Цэнд-Аюушийг шууд эхний даваанд хасах байсан. Харин сүүлийн даваанд өнөө
хэдээсээ илүү байсан ч илүү байсныхаа шанг хангалттай хүртлээ.
“Болор цом”-ын амсарт уруул нь шүргээд хоцорч буй нандин
найрагч, “... Гоо сайхан гэдэг бол хайр гэдэг үгний өргөмөл охин юм...”
хэмээн дуудагч Л.Ганзул наадмын турш жаран чавганцаасаа дээр шүлгүүд уншсан ч
үзүүр дээр жаахан суусан. Түүнийх нь горийг амсуулах мэт таваар оруулах нь
даажинтай. Дурдахаас аргагүй бас нэгэн эрхэм найрагч Базарсадын Баттулга эхний
даваандаа сайн шүлэгтэй гарсан ч дараагийн даваандаа уруудаж хүүдээ өгөх
зөвлөгөө маягийн юм уншин сунжруулж буруудав. Сүүлийн шүлэгт хэдийгээр
Баттулгынх л байдаг нандин мэдрэмжүүд хөвөрсөн ч тэр байтугайг анзаарах
сөгөөгүй болчихсон байгаа шүүгчдийн манарааг тооцсонгүй. Энэ нь шүүгчдийн хувьд
ихээхэн олз боловч Б.Баттулгын хувьд гамшиг юм. Хэдий тийм боловч Б.Баттулгыг
“Болор цом”-ын эзэн болгочихсон байхад “Паанан” Энхболд агсрахгүй, Батцэнгэл
найрагч адрахгүй л байхсан.
...Зээрийн адил “сүрэглэх” дурандаа их хотод ирж
Зээлийн газрыг олохын донтой хүн сүрэгт нийлэв.
Айраг шуугисан хөхүүрийг минь “дажгүй сав” гэдэг
Андтай болов.
Адуу тургисан нутгийг минь алтны ордтой юу гэж асуудаг
Нөхөдтэй болов... гэх мэтийн гамшгийн юм уншсаар байгаад түрүүлчихэж
байгаа “Болор цом”-ын хөхүүрийн талаар хэлэх ч үг алга, ерөнхий шүүгчтэй нэг
нутаг гэдгээс бусдыг мэдэх ч үгүй.
Гамшиг №3 Элэглэгчид
Уламжлал ёсоор “Болор цом”-33 наадамд элэглэгч хэмээх
эрээгүй нөхдийг гаргаж марзагануулсан нь “Муу дээрээ муухай, муухай дээрээ
улцан” болов. Б.Ойдов гэгч эрхэм:
...Байж ядталаа тачаадсан ч
Байдсан гүү эргүүлдэггүй
Баталгаатай ганц гүүн дээр л гишгэдэг
Бадрангуй хар азарга... (Ай.Төмөр-Очир)
...Тийм л сүрхий цагаач юм бол чи одоо харин
Тив дэлхийг нэгэнтээ орхиод
Тэр чигээрээ ангараг уруу яваарай
Тэнд харлачихаад Монголдоо ирээрэй (Х.Тэргэл)
...Хөлтэй их хотын гудамжинд саяхан
Хэрэг болгоод таны хажуугаар шүргэтэл
Хөдөө биш харин
Хөлс ханхалж байлаа... (Б.Догмид)
...Хилийн цэргийн Бадарч ах Говь Хянганд бол тулалдаагүй ээ!
Хээнцэр хүүхний гуя хонгонд бол тулалдсаан... (П.Бадарч) гэх мэтээр
яруу найргийн тайзан дээрээс хүнийг хөлстэй хиртэй, цагаач энэ тэрээр дуудах нь
яруу найргийн наадмын уур амьсгалыг буруу тийш нь эргүүлэхээр өнгө аяс төрүүлж
байсан бөгөөд инээх багадаж, уурлах ихдээд энэ хоёрын дундуур язайж суусаар завсарлага
дуусгах нь бас л гамшиг. Ш.Гүрбазар, Ж.Сарантуяа болон шог зохиолч И.Цэрэнжамц
нарын үеийн жинхэнэ нөхөрсөг элэглэл үгүйлэгдэж байсан агаад том хүмүүс бие
биенээ элэглэхээр инээд, жижгүүд томчуудыг эв муутай элэглэхээр зэвүү хүргэдэг
бололтой.
“Болор цом” дуусмагц “Болор цом болдгоороо л боллоо”
хэмээх хоржоонтой үгс үргэлжлэн дараа жилийн таамаг яригдаж эхлэв. Болор цом
муу болдог, шударга бус болдог гэвч энэ жилийнх шиг муу болсон нь хэд бол?
Гамшигт хүртэл гайхалтай менежмент хийж болдгийг Bunza Terguun харууллаа.
2016-02-03
Comments