БАЙГАЛИЙН ШИНЭ ЖАМ УУ? ШИНЭ БАЙГАЛИЙН ЖАМ УУ?


/ ХИРС-Асуулт...Абсурд...Амиа хорлолт-ХҮН /

“...Шат нь элдэв олс, бөс нийлүүлээд уячихсан найдвар муутай эд байх тул нэг л тэнцвэр алдвал орооцолдож орхихоор. Байгалийн цайзанд амьдарч байгаагаас ялгаа юун. Санаа зоволтгүй, тайван амраарай...”
/Кобо Абэ “Элсний хүүхэн”/
 “Хатагтай Бефийн нөхөр Хирс болчихчээ” гэж Беранжег хэлэхэд дотны найз, зөв амьдрах арга ухааныг түүнд үргэлж зөвлөдөг Жан “Харин ч түүнд сайн юм болж. Цаадах чинь нууц амьдралтай байсан юм” гэнэ. (Энэ үед Жан “хирсжиж” эхэлсэн байлаа) Жүжигт хирс болчихсон, болох гэж байгаа хүмүүсийн талаар хэлж, ярилцахаас биш “жинхэнэ хирс” нэг ч удаа гарахгүй. Тайзны голд хирсний эврээр зохиомжлон хийсэн том таваг л байх. Үнэндээ хүмүүс л-хирс болцгоогоод буйг яваандаа ойлгох боловч Беранжегаас(Идэрболд) бусад нь байж бүрэн болох “хирсжилт” хэмээн эмзэглэхээ болино. Ойрхон хүрхрэх дуу, нүсэр хөлийн чимээ үнэмшимээргүй ч бас үнэмшлүүлэх их хүчийг далдлан дуудах шиг...
***
Үүнийг бичигч суут зохиолч Софоклын “Эдип хаан” жүжгийн тухай “Хараачлах үнэний бараа буюу Ч. Түвшиний “Эдип хаан” шүүмж саяхан бичсэн бол судлаачдын хүрээнд үнэ цэнээрээ “Эдип хаан”-тай эн зэрэгцэхүйц бүтээл гэж шагшигддаг Эжен Ионескогийн “Хирснүүд” жүжгийн тухай ярьж буй минь ч абсурд тохиол мэт. С.Мягмар,  н.Амарзаяа нарын найруулсан абсурд жүжиг олон талын эрэлхийлэл, илэрхийлэл сүлэлдсэн ер бусын адармаат тавилттай байв. Английн найруулагч, театрын онолч П.Брук “The empty space”(”Хоосон орон зай” орч. Н.Пүрэвдагва) номдоо бүтээлийнхээ гол агуулыг(хоосон орон зайг) төлөөлөх нэгэн сонирхолтой харьцуулал гаргасан байдаг. “Дайны дараа үеийн Германы театр...Гамбург хотын нэгэн байрны дээврийн хонгилд “Гэмт хэрэг хийгээд шийтгэл”-ийг үзсэн минь тайзны амьдралтай холбоотой мартагдашгүй дурсамж болсон...Уран сайхны шийдэл нь өгүүлэгч дээр төвлөрч байв. Үзэгчдийг нэгэнтээ эргүүлэн харснаа ярьж эхэлсэн. Гамбургийн бүх театр балгас болсон энэ үед дээврийн хөндийд, үзэгчидтэйгээ өвдөг нийлүүлэн суух жүжигчин гэнэт тайван, намуухан дуугаар: “Энэ явдал мянга найман зуун...онд болжээ...идэр залуу Родин Раскольников” гээд ярихад амьд театр биднийг эзэмдэн авсан. Эзэмдсэн. Энэ юу гэсэн үг вэ? Би тайлбарлаж чадахгүй байна. Би ганцхан тэр үед зөөлөн намуухан дуугаар нухацтай нь аргагүй хэлж байсан үгс үзэгч бүрийн төсөөллийн утсыг хөндөж байсныг л мэдэж байна. Бид сонсогчид, шөнө унтахынхаа өмнө үлгэр сонсож байгаа хүүхүүд шиг болохын зэрэгцээ юу болоод байгааг хянан эрэгцүүлэх томчууд хэвээрээ байсан. Төдөлгүй хажуу талын хаалга чахран дуугарсанаа Раскольниковт тоглож байгаа жүжигчин орж ирснээр үзэгчид бид жүжгийн үйл явдалд татагдан орсон. Дараа нь өнөөх хаалга гудамжны гэрэл, мөнгө хүүлэгч авгайн байр руу орох хаалга, залгаад арын өрөөнийх нь үүд болж хувирна. Энэ бүхэн бол хэрэгтэй үед буй болоод тэр дороо үгүй болох дүр зураг хэдий ч бид өрнөж буй үйл явдлыг олуулаа, нэг өрөөнд суун ажиглаж байгаагаа эгшин зуур ч мартаагүй. Хүүрнэн өгүүлэгч энэ зуур хэрэгтэй бүхнийг тодруулж, тайлбарлаж, номлож, бодит үзүүлбэр хийн үзүүлж байснаа бодол-хүүрнэл рүү шилжин хувирч, нэг л жүжигчин үзэгчид рүү нуруугаа харуулсанаа өөр өөр дүр рүү шилжин хувирч, алхам алхамаар Достоевскийн тун ч амаргүй романы ертөнцийг бүтээн цогцлоохыг хичээн зүтгэж байсан”[1] гэж дурсаад “Елизабетагийн үеийн тайз засал Гамбургийн байшингийн хөндийд үзсэнээ дээр бичсэнтэй адилхан байж. Энэ үеийн тайз тал талаас нь орох хэдэн хаалгатай ерийн задгай талбай. Найруулагч үзэгчдийг төвөггүй театр руу оруулж, тасралтгүй урсах мөрөөдөл-эргэцүүллийн, хүсвэл бүх ертөнцийн сонин сайханд умбуулна. Елизабетагийн үеийн тайзны тоноглол гээд тоочвол задгай тайз, том тагт, бага шиг сэхээвч. Хорвоо ертөнцийн талаарх XVI зууны зохиолч, үзэгчдийн төсөөлөл ийм л хүрээнд байх ёстой. Бурхан, эрх баригчид, олон түмэн гэсэн ялгаатай, бас холбоотой гурван түвшний баатар гарна. Ийм л тайз гүн ухааны гайхалтай машин мэт ажиллаж байсан”[2] гэж бичжээ. “Blackbox” театр энэхүү дотогшоо гүн гүнзгий нэвтрэх шугамтай “хоосон орон зай”-г цогцлоосон амьд жүжгийг “Хирснүүд”-ийн тавилтаар харуулж чадлаа.


***
Бүдүүн олсоор даруулсан мөрөвчтэй өмд, С.Далигийн зургийг санагдуулах цаг ташаанаасаа зүүсэн Беранжег хэн ч харсан  “анти баатар” болохыг гэрчилнэ. Түүнд  бүх л биег нь тугалгаар цутгачихсан юм шиг, нуруун дээрээ хэн нэгнийг үүрч яваа юм шиг үргэлжид тээртэй байх тул архи уун мөнөөх тугалгаа хайлуулан өөрийгөө мэдэрдэг нэгэн. Найз Жан нь “Чи өөрийгөө харин ч үгүйсгээд байгаа юм биш үү! Чи өөрийгөө боддог гэх атлаа ерөөсөө логикоор сэтгэхгүй юм. Тиймээс л чамд өөрөө гэж хүн байхгүй ч юм шиг санагдаж, амьсгалах ч тэр, амьдрах ч тэр сонин идэвхгүй мэдрэгдэж байхгүй юү” гэхчилэнгээр зөвлөнө.  Хоёрдугаар үзэгдэл эхлэхээс өмнө үзэгчдийн арын дэлгэцэнд үй олноороо мах, өндөг бэлтгэж буй хүмүүсийн дотор муухайрам “үйлдвэрлэлийн”(өөрсдийгөө ч мөн үйлдвэрлэж буй мэт) бичлэгийг харуулав. Улмаар неон гэрлийн тусгалд цагаан баг, цагаан бээлий өмссөн ажилчид компьтерийн дан гар барин ухаан жолоогүй юм шивнэ. Сонины газар болтой гурван давхар өрөө байх бөгөөд хамгийн дээр дарга, дараа нь Дюдар, тэгээд хатагтай Дези, Ботар нар суун зэрэг зэрэг шивнэ. Ажилчдын яриаг ам барьж шийдсэн нь хиймэл орчныг илтгэхэд тун зохирчээ. Чухамдаа тэд хирс хотод үзэгдсэн эсэх талаар ухамсарт маргаан өрнүүлцгээх боловч ажлын газарт нь хирс орж ирчихээд байхад хүртэл “нэг эвэртэй хирс чинь азийнх уу? африкийнх уу?” гэлцэн логик абсурдын талаар маргасаар л...
Беранже, Жан хоёрын мэтгэлцээн зохиолын түлхүүр утгыг дамжуулдаг.
Жан: -Энэ бүгдэд эмзэглэх хэрэггүй ээ. БАЙГАЛИЙН ЖАМААР бүгд болж байна(Тэр хэдийн хирсжиснийг та мэдэж байгаа)
Беранже : -Соёл иргэншлээ ШИРЭНГИЙН ХУУЛИАР солих хэрэг үү?
Хотын тэн хагасыг хирснүүд эзлээд байхад(А.Камю “Тахал”-ыг санагдуулам) даргын доодох өндөр тушаалтан Дюдар Беранжийнд ирэн дарга өөрийн сонголтоор хирс болсныг дуулгах төдийгүй хүн болгонд байдаг л сонголт гэж хэлдэг. Хариуд нь миний МЭДРЭМЖ энэ бүгдийг хүлээн зөвшөөрөхгүй гэж Беранже зүтгэнэ. Дюдар хүн-хирс болох онол, философийн үүднээс боломжтой зүйл хэмээн ойлгуулахыг хичээж хотын нэртэй философич хүртэл хирсжиснийг цонхоор харна.
Та минь ээ, Жаны ярих байгалийн жам, Дюдарын ярих сонголт гэдэг онол юм уу? практик юм уу? Эсвэл шинэ байгалийн жамыг хэлнэ үү?(Хүмүүс бүгд хутгалдсан, нэг завин дээр цөмөөрөө...) Ширэнгийн хууль гэдэг хуучин зүйл үү? шинэ зүйл үү?(Үүргээ биелүүлж хирснүүдтэй нэгдэн нийлэх ёстой...) Иргэншил гэгч хоёрдогч байгалийн мөн үү?
Ингээд Беранже энэ хотын(дэлхийн) сүүлчийн хүн болно. Хамгийн сүүлд түүнийг сэтгэлт бүсгүй Дези нь “Чи намайг хамгаалж чадахгүй. Бидний хайр сэтгэл хирснүүдийн сүр хүч, чадал барааны дэргэд юу ч биш. ТЭДЭНД харин бүх юм байна” гээд сүрэгтээ нийлсэн ажгуу. Нэгэнт хирс болчихсон хүмүүст туслаж, ойлгуулж чадахгүй. Тэгээд ч хорьж цагдая гэхээр ах дүүс, найз нөхөд нь бий. Өөрийнхөө гажыг мэдсэн түүнд АДИЛХАН болмоор санагдавч эцсээ хүртэл тэмцэх мэдрэмж байсаар... Хирс болохдоо хүмүүс ШИЙДВЭР гаргаж байна уу? үгүй юү? гэдэг АСУУЛТ Беранжийг хамгийн ихээр тарчилагна. ХИРС болоод байгаагаа ДҮРЭЭ Л хувиргаж байна гэж ойлгох түүний мэдрэмж...байсаар...
Жүжгийн төгсгөлд хирснүүдэд шахагдсан Беранже ойр дотны хүмүүсээ дуудан хашгирахад мөнөөх цагаан багаа дагзандаа зүүсэн дарга, философич, Дези, Ботар, Жан зэрэг хүмүүс түүнийг бүчин авна.
ХИРСНҮҮД чинь толгой нь ардаа эргэ(ГД)сэн ХҮМҮҮС Л юм байж уу?...
ШИНЭ БАЙГАЛИЙН ЖАМ ДОР буун дуу цуурайтлаа...





[1] П.Брук “Хоосон орон зай”, УБ., 2014, 109-110 т.х
[2] П.Брук “Хоосон орон зай”, УБ., 2014, 118 т.х

Comments