БОДЛЫН ТЭНГИС, СЭТГЭЛИЙН МАНДАЛ

                                                                                                                          
                                                                                                            Х.Чойдогжамц (СУИС)

“Хүмүүс жүжгийг биш, хэрхэн найруулж тавьсныг нь үзэх гэж л театрт очдог. Зохиолыг нь гэртээ уншчихаж болно шүү дээ”[1]
(А.Островский)

Нобелийн шагналт, Америкийн зохиолч Э.Хэмингуэйн “Өвгөн тэнгис хоёр” тууж “Өвгөнд арслангууд зүүдлэгдэх авай” гэж төгсдөг. Зохиолчийн энэ үг магадгүй Сантьяго өвгөнийг нас барсныг өгүүлсэн байх. Тийм байлаа ч, үгүй ч хэдийнэ амьдралыг ялсан бас танисан өвгөнд айдас хийгээд харууслын ул мөр нэгэнт үгүй. Уншигч бид гэтэл зохиолыг, зохиолчийг, өвгөнийг бүрэн танилгүй мөр үлдээх гээд байна. Өвгөнд яагаад арслангууд зүүдлэгдэв гэсэн эргэцүүллийг бид зохиолын төгсгөлийн цэгээс цааш мөн “унших” ёстой ажээ.
***
            "Гэгээн Муза 13" Олон улсын театрын наадмыг “Гэгээн Муза” академи, “Олон улсын театрын институт” хамтран Улаанбаатар хотноо 2016.04.30-05.06-ны хооронд амжилттай зохион байгууллаа. Нийт дөрвөн төрөлд зургаан улсын 20 гаруй бүтээл өрсөлдсөнөөс моно драм буюу нэг хүний жүжгийн төрөл хамгийн сонирхолтой бас онцлогтой нь байв. Грек, Польш, ОХУ, Буриад, Герман улсуудаас оролцсон моно жүжгүүд бүгд бие даасан өвөрмөц шинжтэй утга санаа, хэлбэр найруулгын шинэлэг бүтээлч эрэлхийлэлтэй байв. Э.Хэмингуэйн “Өвгөн тэнгис хоёр” туужаас сэдэвлэсэн Буриадын "Өвгөн тэнгис хоёр", Ф.Достоевскийн “Чөтгөрүүд” зохиолоос сэдэвлэсэн экзистенциалист хэв шинж бүхий Грекийн “Крилов Бурхан”, Монголын “Эр өндөг” абсурд моно жүжгүүд аргагүй ялгарсанаас "Өвгөн тэнгис хоёр" жүжиг шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагналыг хүртсэн нь зохиол гэдэг театрын, ялангуяа нэг хүний жүжгийн төрлийн амин үндэс болохыг давхар гэрчлэх шиг. Буриадын найруулагч Олег Юмовыг манай үзэгчид “Blackbox” театрт тавигдсан “Хүн хүний хайр”, “Ширэнгэд” зэрэг жүжгүүдийн найруулгаар дам таних болов уу.
Тайзан дээр нэг ч загас, тэнгис далай харагдахгүй. Хоёр гартаа цүнх барьж, үүргэвч үүрсэн хижээл өвгөн тайзны голд зассан хоосон мандалыг(Бурханы шашны мандал бүтээх зургийн тиг) жимс, харандаа, хясаа, тоглоом, будаг, зураг чимэглэл зэрэг элдэв ахуйн зүйлээр дүүргэн бүтээж харьцана. Өвгөн, мандал хоёрын үйлдэл, харьцааг тайзны ард дэлгэцээр эгц дээрээс нь план дүрс байдлаар камераар шууд үзүүлнэ. Хэдий үйл явцын яв цав видео хуулбар ч гэлээ жүжиг өрнөж, жүжигчний тоглолт чимбайрах тусам бодол төсөөллийн гүн ертөнцөд үзэгчдийг автуулна. Бурханы шашинд бурхдыг Ядмын бурхад, шүтээний, шашныг хамгаалагч буюу дэлгэрүүлэгч гэж хуваадаг ба дээд тарнийн буюу Ядмын бурхдыг урин дуудаж аврал тусыг бүтээхэд мандал буюу тухайн бурхны орон шүтээнийг дүрслэн бүтээдэг байна...Хот мандал нь тус тусын бурхдыг мөн чанар билэгдлээс шалтгаалан янз бүрээр дүрслэгддэг. Гэхдээ үндсэн хэдэн агуулга бүтэц байх ба ялгаатай бүтэц нь хот мандлыг гол хэсэг буюу суврага, цогчин, орой бурхдын залрах хэсэг юм. Хот мандал нь сансрын хүрдний ёсоор дүрслэгдэх бөгөөд арга билэг, 5 махбодь, зурхайн ёсыг баримтлан бүтээгддэг байна”[2]. Сантьяго өвгөнийг тэнгист загасчлахаар явахад тохиолдож буй амьдрал, хүн хоёрын оршихуйн тэмцэл харьцаа, түүнээс үүдэх санааг жүжигт бодлын тэнгис болгон хувиргаж дорно дахины шашин номын хот мандал бүтээх урлал хийгээд бясалгалын зүдэргээнт гэмээр няхуур ажиллагаатай хослуулан үзүүлсэн нь сэтгэлгээний гүнзий бөгөөд чөлөөт найруулгыг илтгэж байна. Жүжгийн төгсгөлд нум сумаа хугалаад эргэхэд жүжгийн эхнээс бүтээн бүтээж бий болгосон зүйлс нь хормын зуур оюун санааны мандалд үгүй болж, юу ч үгүйг таньж байгааг анхны хоосон мандлын зургийг үзүүлснээр шийдсэн нь өрнө дахины экзситенциализм буюу оршихуйн гүн ухааны гаргалгаа санааг зэрэг илэрхийлж өрнө дорнын урлаг, уран сайхны сэтгэлгээний гайхам цогцолыг нээж чадлаа. Жүжигчин Баста Цыденовын аядуу тайван хэрнээ дотроосоо хүчирхэг дуу хоолой, нууцлаг дохио зангаа, мандал бүтээх цуцашгүй няхуур үйлдэлийн тоглолтын ур чадвар нь Э.Хэмингуйэн “Өвгөн тэнгис хоёр” туужийг уншиж байхад шил даран мэдрэгддэг “Хүнийг алж болно, ялж болохгүй” хэмээх  оршихуйн тэмцэл, цөхрөшгүй итгэл,  түүний тухай гүн эргэцүүллийн уур амьсгалыг тайзнаа илэрхийлсэн юм. Энэхүү өвөрмөц дэглэлт, тоглолтын ур чадвараа жүжигчин, найруулагч хоёр үзэгчдэд “худалдаж чадсан” учраас ч энэ ойлголтоос ойлголтыг зүйрүүлэн мэдрүүлсээр байлаа.
Жүжгийн эхэнд өвгөн жаяг ёсын дагуу мандлын төвд гурван давхар эрээн суваргыг бүтээхийг зорино. Анзаарууштай нэг зүйл бол суваргын оройг төлөөлүүлсэн чандмань хэлбэрийн чулууг өвгөн мандлын дөрвөн өнцгөөс өнхрүүлж үзэх бөгөөд зүг чиггүй үл тогтон өнхөрсөөр байна. Магадгүй барихыг хүссэн том загас болоод өөрийнх нь буултгүй тэмцлийн зүйрлэл байж болох юм. Мөн туужид Сантьяго өвгөн эрэг дээрх арслангуудыг үзсэн тухай идэр залуугийнхаа аялалыг дурсаж, улмаар аварга загас барин тэмцэж явахдаа арслан л зүүдлэхийг хоёр ч удаа хүсч итгэл хүслээ тэтгэж байдгийг энд санууштай мэт.
Мандлын төвд дөрвөн талт гурван давхар эрээн суврагыг цувран барих зарчмын дагуу босгох бөгөөд дөрвөн талд тал бүрээс ёслолын хаалга байх ба давхар бүрт уг хаалга харьцаа хэмжээг үл алдан бүтээгдсэн байна. Уг эрээн суваргын дөрвөн талыг зүгийн бэлгэдэл болон уг бурхдын махбодиос шалтгаалан дөрвөн өнгөөр бэлгэдэн бүтээнэ. Гэхдээ уг өнгө нь таван махбодын өнгөнөөс бүрдсэн байна. Үүнд: цэнхэр, шар, улаан ногоон, цагаан өнгөнүүд орно. Өнгийн бэлгэдэл нь:      Цэнхэр-  зүүн,  ус
 Шар-  өмнө,  шороо      
Улаан-  баруун,  гал
 Ногоон-  хойд,  мод
Цагаан-  төв,  агаар[3] байдаг учиртай юмсанж. Өвгөн дээрх зарчмын дагуу цэнхэр, шар, улаан ногоон, цагаан өнгийн шороон будгуудаар няхуур нямбай гэгч нь мандлыг бүтээж бүрнэ. Гэтэл үүнээс цааших мандлын урлал “утгаа алдсан” гэмээр эмх замбараагүй элдэв ахуйн эд юмсаар бүтээгдэх нь найруулагч бидэнд нэгэн томьёо, код илгээснийх биз ээ. Үүнийг тайлж гэмээнэ сая энэ моно драм бүрэн төгөлдөр уран бүтээл болно. Энэ асуудал харин гагцхүү үзэгчдийн уран сайхны сэтгэлгээ, мэдрэмж таашаалд хамаатах ажаам. 

Хот мандлыг бүтээхдээ лагшин /бие/, тааллын /сэтгэл/, зарлигийн /хэл/ гэсэн гурван янзаар бүтээх ба энэ нь бие, сэтгэл, хэл гурвыг төлөөлдөг. Лагшин буюу биеээр бүтээх гэдэг нь мандлыг бодитоор дүрслэн бүтээх, зурах 2 хэмжээст, барих 3 хэмжээсээр цогцлон дүрслэхийг хэлдэг байна. Тааллын буюу сэтгэлийн гэдэг нь тухайн хот мандлыг сэтгэл оюундаа бясалган бүтээж оюун санаагаа тийш нь залах тухай, зарлигийн буюу хэлээр гэдэг нь тухайн бурхны орныг номын дуу буюу номын хүчээр бүтээж бясалгахыг хэлнэ”[4]. Э.Хэмингуэй ч мөн өөрөө “Жинхэнэ зохиол гурав биш дөрвөн хэмжээст орон зайд бичигдэнэ”[5] гэж хэлсэн байдаг аж. Олег Юмовын энэ найруулга үнэхээр “Өвгөн тэнгис хоёр”-ын дөрвөн хэмжээст үнэмлэхүй утга санаанд хоёр хэмжээст зургийн тиг дээр гурван хэмжээсээр өвөрмөц мандал дүрслэн цогцлоогоод зогсохгүй морин хуурын совинлог аядуу аялгуугаар номын дуу буюу номын хүчний бясалгалыг нөхөн тэтгэж хамтатгаснаараа хүрч чадсаны зэрэгцээ “Гэгээн Муза 13” наадмын гэгээ татуулсан нэгэн чимэг болон гялалзлаа.

***
Эхлэлд хөндсөн асуудлынхаа мөн чанарт эргэн орьё. Уугуул америкчууд буюу эртний Майя индиан нарын библи хэмээгддэг “Чилам Балам” гэдэг судар байдаг гэнэ. Орчуулбаас “Төлөгч ирвэсийн судар” гэсэн утгатай. “Ирвэс тэмдэг Майя нарын төсөөллөөр оюуны өндөр чадвар, захиран эзэрхэхийн илэрхийлэл гэж үздэг...Ер нь Майя нар энэ амьтанд маш хүндэтгэлтэй ханддагийн дээр Балам өөрөөр хэлбэл Ирвэс хэмээх овог дээд язгууртныхны дотор их түгээмэл хэрэглэгддэг”[6] байна. Тэгэхээр Сантьяго өвгөнд яагаад чухам арслангууд зүүдлэгдсэний учиг эндээс тодорхой болчихов оо доо. Сантьяго жирийн нэг өвгөн биш, зүүд нь ч жирийн биш байгаа биз дээ. Харин дээрх жирийн биш моно жүжгийг дахин үзэх хэрэгтэй болох нь ээ...

2016.05.13


[1] Ч.Найдандорж “Миний ертөнцөөр”. УБ., 2016, 128 т.х
[2] М.Уранбэрх  “Хот мандал”, /buteel.surgalt.mn/
[3] М.Уранбэрх  “Хот мандал”, /buteel.surgalt.mn/
[4] М.Уранбэрх  “Хот мандал”, /buteel.surgalt.mn/
[5] Г.Аюурзана “Утга зохиолын тухай яриа”, УБ., 2004, 187 т.х
[6] Дмитрий Зима, Надежда Зима “2012 он Майя нарын зөн билиг”(Орч. Н.Пүрэвдагва, С.Туяа), 60, 79 т.х

Comments