Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиолч Доржзовдын Энхболд





















Зохиолын баатар заавал хүн, хүний төлөөлөл байх албагүй ч
тэрхүү зохиомол (төлөөлмөл) баатрын зан төрх, үйл хэрэгт
хүний амьдралын учир утга, жам ёсон хадгалагддаг.

Д.Галбаатар

Надад нэг хүн иймэрхүү зан гаргасан юм. Би бодоо л яваад байсан. Гэтэл нийгэм даяараа тийм юм байна лээ л дээ. Тэгэхээр хэзээ ч нэг тохиол нэг явдал бол зохиол болдоггүй. Олон олон давхцал адилшил байж байж сая зохиол төрнө. “Аалз” өгүүллэгт хүний мөс чанарыг харуулахыг зорьсон. Хүмүүс хэзээ ч бүтэхгүй зүйл  мөрөөдөг. Хийх зүйл нь өмнө нь тодорхой байсаар атал хэзээ ч биелэх зүйлд тэмүүлдэг. Хамгийн энгийн жишээ л гэхэд Сарандаваагийн лекцэнд сууж байгаа 3000 хүн байна.

Д.Энхболд [Яриа 2016, 02]

Зохиолд аалзны хоёр өөр бүлгийн төлөөллүүд дүрслэгдэнэ. Тороо уран гоёмсог нэхэгч аалзнууд, арай чамай, болхи баараг нэхдэг аалзны торыг шоолж мулдаганацгаавч мөнөөх аалз тоохгүй буйгаар эхэлнэ.  Гэвч нэг л өдөр болхи аалзны татсан тор шаардлагад тэнцэхээ больж ялаа шумуул мэтийн амьтас торыг удаа дараа сэтлэн тасдаж  гарсан нь мөнөөх аалзны уурыг ихэд хүргэдэг. Нэгэн удаа тороо нэхэж яваад унтаад нойрондоо бүх бие нь солонгорсон аалз үзэв. Тэр аалзанд орчин тойрных нь аалз идэш тэжээл зөөх агаад түүний гологдмол хүнс тэжээл дээр үлдсэн аалзнууд тэмцэлдэнэ. Нэгэнт тор нэхэх ланчиг үгүй тул шүлс нь хуралдсаар солонгын өнгөт аалз улам л томорч байхад бусад нь атийж жижгэрсээр, том жижгийн ялгаа ихсэх тусам солонгын өнгөт аалзны огт мэдэхгүй холын хорин хөлтэй, хоёр, гурав нь толгойтой аалзнууд нэмэгдэн ирж солонгын өнгөт аалзыг илж таалан нойрсуулж идэш уушийг нь бэлтгэж байна гэж зүүдлээд сэрэхүйд хичээнгүйлэн нэхсэн тор нь мөн л өм сэтэрчээ. Ахиад тор нэхэх өчүүхэн ч хүсэлгүй суугаад солонгын өнгөт аалз гэгч нь өөрөө гэдгийг сэхээрнэ. Тэгээд хоёр ялаа барьсан нэг аалз дээр очоод өөрийгөө солонгын өнгөт аалз хэмээгээд нэг ялаагаа өгөхийг шаардсанд өнөөх аалз учиргүй шоолсонд өөр бусад аалз ч тэднийг харж солонгын өнгөт аалзыг бүгд шоолон чангаар хөхрөлдөхөд тэр аалз ихэд уурсан их инээгчийн нурууг өм хазаж шүлс хуралдах боломжгүй болгоод хоёр ялааг нь цувуулан идэж нойрсоно. Нойрсох бүрдээ солонгын өнгөт аалз зүүдэлж сэрэх бүрдээ түүнтэй адилхан болж байгаагаа анзаарах авч түүнд нуруугүй аалзаас өөр зарцлагдах хэн ч ирсэнгүй. Солонгын өнгөт аалз гэвч итгэж хүлээсээр нуруугүй аалз түүнийг бараадан бялдуучилсаар...  Нуруугүй аалз нэгэн удаа солонгын өнгөт аалзнаас шүлс авч тор нэхэх гээд яаж ч хичээгээд шүлс олоогүй ба нурууг нь өм хазах бодол өвөрлөн суухуйд өөрийнх нь барьсан хоёр ялааны амт бий шүү дээ гэсэн бодол төрж нуруун дээрээс нь бууж аалзыг бүүвэйлж  байгаагаар зохиол төгсөнө.

Үүнээс хүний амьдрал дах улс төрийн шинжийг харж болох юм. Угсаатны зүйч, философийн структуралист чиглэлийг үндэслэгч Лэви-Стросс “Намбикуара овгийн ахлагч” өгүүлэлдээ ингэж үзжээ:

...Янз бүрийн нийгэмд байдаг удирдах тогтолцооны (chieftainship) үндсэн үйл ажиллагаа (Function) бүгд адил байдаг гэсэн санааг дэвшүүлжээ. Түүнээс биш нийгэм бүрт ондоо ондоо “удирдах ажиллагаа (function of chieftainship) байдаг юм биш ерөнхий нэг л зарчим бүхий “үйл ажиллагаа байдаг гэж мэтгэсэн байна. Зүйрлэн хэлбэл, хүн, болоод бусад амьтан, загас гэхчилэн бүгдийг нь харьцуулан үзвэл нэг л адил хоол боловсруулах системтэй байдагтай адил гэжээ (Levi-Strauss 1967.47) нэгэнтээ ийм адил байдаг гэж үзвэл нарийн төвөгтэй томоохон нийгмийн удирдах “үйл ажиллагааг” ойлгохын тулд эхлээд энгийн бүтэц тогтолцоо бүхий багахан нийгэм дэх удирдах байдлыг судлан үзээд түүгээр дамжуулан томоохон нийгмийн удирдах тогтолцоог ухаарвал хялбар юм байна [Бум-Очир 2008, 41][1].

Д.Энхболдын “Аалз” өгүүллэг бол энэ онолын сонгодог жишээ. Эл зохиолыг амьтны амьдрал дахь улс төрийн шинж эсвэл уран сайхны дүр буюу зохиолын баатар хүний төлөөлөл дүр ч бай  уншигчид  улс төр, нийгмийн байдал, тэдгээрийн зарчим, анги давхаргынхны зан төрхийг олж харна.  Хүний амьдрал дахь улс төрийн шинжийг харахын тулд Мишел Фукогийнхүчний онолоор тайлбарлавал илүү дөхөм болох юм. Мишел Фуко хүчний онолын нэгдүгээр лекцэндээ “…хүч гэдэг бол яахын аргагүй хүмүүсийн эсвэл юмны хоорондын харилцан үйлчлэл(discourse) дотор илэрч бий болдог зүйл бөгөөд ямарч харилцаа, харьцаанд байдаг нэгэн түгээмэл хүчин зүйл бол харилцаанд байгаа талуудын “мэдлэгийн” түвшин, зэрэг зиндаа юм. иймээс харилцаанд байгаа талуудын мэдлэгийн зэрэг зиндаа гэдэг бол хүчний мөн чанар, үйл ажиллагааг судалж тодруулахад чухал нэгэн сэдэв болж байна.Фуко “мэдлэг шатлан захирах ёстой байдаг” гээд үүнийг мэдлэгийн хоёр маягийн харьцааны жишээн дээр тайлбарласан. Энэ хоёр нь “даяарчлагдсан онол” (global theory) буюу “тоталитар онол”(totalitarian theory)  болон “орон нутгийн шүүмж” болно. ...Энэ хоёр нь шатлан зохирах харилцаанд орших буюу даяарчлагдан нийт хүн төрөлхтөнд буюу тодруулбал хүн төрөлхтөний олонхид хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэг мэдээлэл, ухамсар сэтгэлгээ бөгөөд энэ нь “мэдлэгийн” нөгөө хэлбэрээ захирч ноёлох байдлаар түүнээс дээр оршиж байдаг ажээ. Учир нь тэр нөгөө “захирагдагч мэдлэг нь” нь орон нутгийн чанартай, цөөн хэдэн хүний дотор, эсвэл нэгэн багахан угсаатны бүлэгт юм уу үнэн байж харин “даяарчлагдсан мэдлэгтэй” эсрэгцэн үл нийцэн оршиж байдаг байна”[Бум-Очир 2008, 41] хэмээжээ.

“Аалз” өгүүллэгт буй “тороо уран гоёмсог нэхэгч аалзнууд” болон “болхи баараг нэхдэг аалз” ньдээрх хоёр хэв маягийн төлөөлөл болохуйц дүрүүд юм. Тороо уян гоё нэхдэг аалзнууд нь нөгөө бүлгийг бодвол тооны хувьд их мөн тэр хүрээнийхэндээ хүлээн зөвшөөрөгдсөн “даяарчлагдсан” мэдлэг, амьдралын хэв маягтай байгаа бол нөгөө бүлгийн аалз нь тооны хувьд цөөн “орон нутгийн мэдлэг” буюу захирагдах ёстой бүлгийн хүмүүсийн төлөөлөл болж байгаа юм. Ингэж төлөөлөл болсоноороо бие биеэнтэйгээ эсрэгцэн бүрэн эрхийн хүчийг бий болгон замуудыг сонгох шаардлагатай тулж байгаа юм.

Бүрэн эрхийн хүчийг бий болгох хоёр зам байдаг. Тэр нэгдмэл  хүчинд нэгдэхийг эсэргүүцэгсдийг устгаж, хороож, шийтгэх байдлаар дарамталж бүрэн эрхийн хүчийг (sovereign power) бий болгож болох бөгөөд харин удаах нь бол хүмүүсийн өөрийнх нь хүсэлтээр сайн дураар элсүүлж бүрэлдүүлэх эл хоёр зам болно.

- Та нар энийг хараач. Солонгийн өнгөт аалз гэж ийм юм байдаг гэнэ  гэж нөгөө аалз чанга хашхиртал бусад аалзнууд нирхийтэл хөхрөлдөв.
- Ха ха ха тороо ч олигтой нэхэж чадахгүй хэвтэж.
- Юу гэнээ. Би солонгын өнгөт аалз энийг хар та нар хэмээн чангаар хашгирч хоёр хөлөө өргөтөл аалзнууд бүр чангаар хөхрөлдөв.
- Наадах чинь юу юм бэ? Хэзээ аалзны хөл ийм үсгүй байсан юм бэ?
-Солонгын өнгөт тэсэлгүй уурлан, их инээгчийн нурууг тас хазав. Тэнд шүлс хуралддаг билээ [Энхболд 2015, 76].

Ийнхүү хүчинд автан “орон нутгийн” бүлгийн төлөөллийг дагаснаар улс төр дэх хүчний онол орвонгоороо эргэж байна. Захирах “эрх мэдэл” байх ёстой хүн нь боолын үүрэг гүйцэтгэж байгаагаар зохиолч тухайн цаг үе, улс төрийн байдалд эмзэглэж дургүйцсэн санаагаа ч ийн илэрхийлжээ.

Шийтгэл дарамтад автан дагасан аалз өөрийн төрөлхийн зан чанар араншингаа орхиж, Өмнөд Африкийн антропологич Жорж Маклай, Хамфри Кнайп нарын ‘өөрийгөө умартах урлаг’ (The Art Of Self-Abondoning) гэж нэрлэсэн өөрийн санаа зориг, хүсэл зоригоо таягдан гээж өөр нэгнийг дагалдан дуурайж, өөрөө өөрөөрөө биш харин өөр хэн нэгэн байхыг хүсэх [Бум-Очир 2008, 132] зан чанартай болсноос гадна “Аалз өөрийн эцэг эхээс зөвхөн найман хөл, тор хэрэх шүлсээр зогсохгүй бас аалзны тор хэрэх аргыг хүртэл удамшин залгамжилдаг” [Акош 1968, 33][2] чанараа алдаж  бараг аалз биш болсон нь ноёлогчийн доорх хүмүүс нуруугүй аалзтай нэгэн адил ‘хүнээ байдаг’ тухай ч хэлж байж мэдэх юм.

14 дүгээр зууны английн нэрт сэтгэгч Томас Хоббес (1588-1679) Левиатаныг бүтээхүй (Greating Leviathan1651) хэмээх зохиолдоо хүний байгалиас заяамал байдаг нэгэн чанарын талаар өгүүлжээ. Тэр нь хүн бүр өөрөө өөрийнхөө үзэл ухамсарт захирагдаж байдаг тул байнга бие биентэйгээ эсрэгцэж зөрчилдөн улмаар өөрийн тайван (peace) байдлаа хамгаалахын төлөө тулалдаж (war) байдаг мөн чанар юм. Хэрвээ ингэж үзвэл хүний амьдрал мөнхөд дайн тулааны байдалтай байдаг гэсэн үг бөгөөд хүн тэр нөхцөлд өөрийгөө хамгаалж байх заяамал эрхтэй төрдөг ажээ... Хүн тэрхүү эрхээ эдэлж энх тайваны төлөө байнга тэмцэж байдаг бөгөөд тэр тэмцэл нь өөр нэгнийг халз тулаанд уриалж байдаг ажээ[Бум-Очир 2008, 98 ].

Гэвч өгүүллэгийн төгсгөлд “…нуруугүй аалз түүний түнтгэр нурууг өм хазчих шахав” [Энхболд 2015, 78]. Энэ үндсэндээ тулаанд ялагдсан ямар ч амьтан ялагчийг шууд хүлээн зөвшөөрч, хүндэтгэхгүй харин түүний оронд  тодорхой хэмжээнд эсэргүүцэн сөргөлцсөөр байдаг нь амьтнаас улбаатай хүнд байдаг чанар. Нөгөө талаар солонгын өнгөт аалз, нуруугүй аалз хоёр нэг зүйлийн хоёр тал. Өөрөөр хэлбэл гадаад ба дотоод тал юм. Бодол үйлдэл хоёр нь зөрдөг хүмүүс л үүний цаана байгаа юм.  Энэ хоёр аалзны амьдрал зохиолчийн “Улаанбаатарт бороотой” өгүүллэгийн “…гаднаасаа Элбэг мөн атлаа дотроо  огт өөр амьтан болж хувирдаг аж. Өөрийгөө мөн гэдэгт итгэхээ болиод яг зургаан сар боллоо. Түүний дотор ханаж цадахыг мэддэггүй ховдог шунахай хуурамч Элбэг бий болж жинхэнэ элбэгийг идээд дуусаж байна [Энхболд 2015, 419] гэсэнтэй санаатай дүйнэ.
Ер нь хүмүүс бид бол нэгнээ барьж идэж, мөлжиж амьдардаг даа.


Мө.Батбаяр

[1]               Д.Бум-Очир. Улс төрийн хүн судлалын онолын үүд. Улаанбаатар хот. 2008 он. 41-р тал.
[2]               К.Акош. Амьтад сэтгэдэг үү. Улаанбаатар хот. 1968 он. 33-р тал.

Comments