Уран зохиол судлаач, шүүмжлэгч Г.БАТСУУРЬ
|
Монголын ард түмэн туульсын арвин баялаг уламжлалтай.
Түүн дотор хамгийн том байртай баатарлаг тууль бол “Жангар”. “Жангар”-ын тууль
нь Монгол улсад төдийгүй Ижил мөрний Халимаг, Харголын Халимаг, Буриад, Тува,
Шинжааны монголчуудын дунд өргөн тархсан ихээхэн цар хүрээтэй, гүн утга
бэлгэдэлтэй тууль билээ. Уг туулийн судалгаа өргөн бөгөөд үе үеийн монгол
судлаачид мөнхүү туулийн талаар олон бүтээл туурвисан бий. Харин уг туулийн
уламжлал хийгээд хайлахуйн учир зүйг уран сайхны зохиолд амилуулан бүтээсэн
нэгэн бүтээл гарсан нь зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын 2014 онд хэвлүүлсэн
“Цагаан хар улаан” роман. Романд зураач Рэнцэнраа өөрийн өссөн Ховдын Булганы
Торгууд түмний дунд цагаан, хар, улаан гурван уул зурахаар очоод, Жангарч
Намаржаантай учирч өөрийн элэнц өвгийн Жангарч байсныг мэдэж, Жангар туулийн
хайлах дэг ёс, учир зүй, хүч чадлыг мэдэрч буйг үзүүлсэн. Ховог Сайрын Жангар
судлаач Өөдрөх, Черногор гаралтай харь бүсгүй Пенелопе, эртний эдлэлийн
наймаачин Мэндээ зэрэг дүрүүд дүрслэгдэх бөгөөд зохиолиос Торгууд хийгээд олон
монгол түмний уусан харьжиж буй эмгэнэл, Жангар хийгээд эртний баатарлаг
туульсаа мартан гээж буй үндэстний мөхөл мэдрэгдэх ба монголыг тонож буй гашуун
үнэнийг үзэж болно.
Монголын уран зохиолын гурван ноён оргилын нэг хэмээгдэгч
мөнхүү “Жангар”-ын туульд: ...Ерэн
нэгэн чавхдастай
Ендэр мөнгөн хуураа
аваад татахаар
Хулсан дундаа өндөглөсөн
Хунгийн дуу гараад,
Нуур
дундаа өндөглөсөн
Нугасны дуу гараад,
Арван хоёр аясаар
хангинаад орхидог... (Жангар. Хэвлэлд бэлтгэн удиртгал бичсэн Т.Баясгалан.
УБ. Соёмбо принтинг. 2015. хуудас 28) хэмээн хайлдаг бол “Цагаан хар улаан”
романд:«-Танай Элэнцэгийн, Сохор агаан нэг л үг намайг Жангарын ертөнц
үрүү хөтөлсөн юм шүү дээ. Намайг Жангарт дуртайг сэм мэдэрсэн ч юм даг уу,
эртний ерөөл ч байсан уу, насан болохынхоо өмнөхөн эцгээр минь надад товшуураа
өгүүлж. Тэгээд “Хүүгээ замын уулзварт чин хар үдшээр товшуур бариулж суулгаад
үз. Хэрэв Жангарч бол, газар ордос аяндаа бууж, хэрхэн товшуурдахыг заана биз”
гэж хэлсэн гэдэг. Дараа нь Сохор агаа бурхан болжээ гэж сонсогдов. Би овоо том
болчихсон байсан. Нэг өдөр товшуурыг нь ганзагалж Ендэрт үрүү гараад, хар
таамгаар сан үүсгэчихээд, бүрэнхий болохыг хүлээн хээр хэвтэж байтал унтчихаж.
Хоёр хөх амьтан ирээд, хоёр мөрөн дээрээс минь шүүрээд явлаа гэж зүүдлээд цочин
сэртэл аль хэдийнээ бүрэнхий болчихож. Зүүдний заралзаан биенээс гардаггүй, нэг
л эвгүй. Зүрх орох санаатай дэмий л товшуураа авч хэд цохитол аяндаа гар эвлээд
ирсэн...» (Аюурзана.Г. Цагаан хар улаан. УБ. Мөнхийн үсэг. 2014. хуудас
101) гэсэн байна. Романы энэ дүрслэлд хоёр сонирхолтой зүйл байна. Эхнийх нь
Жангарт Ендэр мөнгөн хуур гэдэг бол энд Ендэрт гэдэг газрын нэр заасан үг
байна. Булганд ийм газрын нэр байдгийг нь зохиолч ашигласан бололтой. Ендэрт
гэдэг үг нь өндөр тавцан, тагтай газар юм уу, эсвэл еннн.., дэррр хэмээн хуур,
хуучир, товшуурын енгэнэж, дэргэж дуугарах дуу авиа дуурайсан үгнээс үүсэлтэй нэршил
байж магадгүй. Дараагийн нэг зүйл нь үдшийн бүрийгээр замын уулзварт сууж хар
аяндаа өөрөө хуурдах, товшуурдахыг сурах үйл юм. Энэ тухай эрдэмтэн судлаач
С.Дулам: «...Академич Б.Ринчен агсны “Монголчуудын үлгэрч туульч нар”
(“Сказатели и сказочники у монголов”) хэмээх урд хожид хэвлэгдээгүй орос
хэлээрх нэгэн өгүүллийг доктор Б.Сумъяабаатар “Чингисийн алтан ургийн Угийн
бичиг ба Гэрийн үеийн бичмэл” [Улаанбаатар, 2002] номынхоо тэргүүн ботид “хүй
цөглөх” өгүүлэл болгон оруулсан байна. Академич Б.Ринчен 1919 онд Монголын
умард хязгаарын Алтанбулаг гацаанаа тэр цагийнхаа алдарт туульч Өлзийн Лувсан
хуурч буюу Хөнхөр хуурчийн анх хэрхэн хуучирч болсон түүхийг тэмдэглэн авснаа
уран яруу бөгөөд дэлгэрэнгүй өгүүлжээ. Монголчуудын хэлэлцэхээр бол хуур юм уу,
хуучираар сайн аялгуулдаг, жинхэнэ мөрийн хуурч болохын тул саргүй шөнө гурван
замын уулзварт морины хувхай төөлэйг торгон утсаар хазаарлан унаад шөнө дүлийн
цагаар хуурдах ёстой гэнэ. Чингээд энэ шөнө морин төөлэй нь булгин хөсөр
хаячихгүй юм бол ёстой үнэн номын хуурчин болоод хуур юмуу хуучирынхаа эзэн нь
болно...» (Дулам.С. Монгол домог зүйн дүр. УБ. Битпресс. 2009. хуудас
286) гэж Б.Ринчен абугуайн бичсэн өгүүллээс дурдаад мөн өөрийн судалгаанаас: «...Урианхайн
хуурч хөхийн Намжил гуайн яриагаар бол “гурван голаан бэлчирт асган бүрүйлэхлээ
хувхаа моринай толхаа хувхаа дээсээр оосорлож унаад гурван асган дарахлаа
күүтэн гартаа юм даралцаад байдаг гэдэг. Алтаан эзэн элбэлцэж байгаа нь тэр юм”
гэдэг байна. Өөр нэг хувилбарт гурван зуухны (жалгын) аманд хувхай морины
толгой зайдалж унаад хуурдаад байхлаар баруун суган доогуур үстэй ноостой хар
гар орж ирээд, зүүн мөрөн дээгүүр бас нэг үстэй ноостой хар гар орж ирээд гар
хурууг эвлүүлээд өгдөг гэж хэлэлцдэг байна...» (Дулам.С. Монгол домог
зүйн дүр. УБ. Битпресс. 2009. хуудас 285) гэсэн нь нэн сонирхолтой агаад хуурч,
Жангарч болох нь бөө болохын адил зан үйл байсныг дурдсан буй. Энэхүү нэн
эртний зан үйл монголчууд түүний дотор баруун монголчуудын л дунд байдгийг,
туульч болохуйн учир зүйг зохиолч Г.Аюурзана романдаа үзүүлсэн нь өвөрмөц
бөгөөд монголын уламжлалт зан үйл, үндэсний онцлогийг орчин цагийн уран зохиолд
ийнхүү дүрсэлсэн нь манай роман бичлэгт шинэлэг юм.
“Цагаан хар улаан” романд: «...Ийм маягаар хаврын
сар гарч, жаалхүүг ээрсэн аюул овоо өнгөрөв үү гэтэл, хоёр нүдэнд нь үүл
хаячихжээ. Өвгөний эцэг Сохор туульч хэмээх, хоёр нүдэндээ цагаатай, хараагүй
хүн байж л дээ. Зээ хүүдээ удмын тэр үйл наалдах вий гэж үнэн голоосоо айсан
өвөө нь цагаан сар дөнгөж гарч байсан, бас л хүйтэн цагаар тэртээ баруун өмнө
Байтагт өвөлжиж асан Бургасч хэмээх хүнийг залахаар морджээ. Чухам тэр хүнийг
онцлох болсон учир гэвэл, гэвэл Бургасч төрсөн эцгээ огт үзээгүй, эхийнхээ
хэвлийд байхад нь тонуулчин хуйхуй нар эцгийг нь хөнөөчихсөн нэгэн гэнэ.
Бургасч нэг их харанхуй болсон хойно ирээд хүүгийн зовхийг яран чарлуулж
байгаад: Чам муу цагааг байтугай, цагаан ясыг минь бүтээсэн эцгээ ч би үзээгүй
хүн. Надад л лав юу ч харагдахгүй байна мэдэв үү?” хэмээн их дуугаар зандарч,
нүд үрүү нь хэдэнтээ үлээгээд хоножээ. Өглөө нь босмогцоо ахин өнөөх домоо
шившиж үлээчихээд мордсон бөгөөд Рэнцэнраагийн нүдний үүл ч төдхөнөө арилсан
гэдэг...» (Аюурзана.Г. Цагаан хар улаан. УБ. Мөнхийн үсэг. 2014. хуудас
101) гэсэн нь мөн монгол ардын дом
шившлэгийн уламжлалтай гүн холбоотой дүрслэл. Энэ домын талаар мөн профессор
С.Дулам: «...-Эцгээ үзээгүй буюу үеийн өнчин хүнээр хийлгэх дом.
Үүнд, халхчууд “Нүдний цагаа үлээх” гэдэг, баруун
монголчууд “нүдний бог үрэх” гэж нэрлэдэг нэгэн домыг жишээ болгож болох юм.
Энэ домыг эхийнхээ гэдсэнд эцгээсээ өнчирсөн, төрсөн эцгээ үзээгүй хүн л хийдэг
учиртай. Тус домын шившлэгийг хожим мөн тийм өөр шигээ үеийн өнчин хүний чихэнд
шивнэж уламжлуулдаг бөгөөд харин эцгээ үзсэн хүн сонсож болдоггүй учиртай тул
шившлэгийг бүрэн тодорхой мэдээлэх боломжгүй ажээ. Шившлэгийн ерөнхий утгыг дам
дамжиг сонсвол:
Намайг үлээлээ гэж бодохгүй
Бурхан үлээлээ гэж бодоорой
Газрын хаанаас чи
Гай даллаж
Миний хүүгийн нүдэнд оров
Би эцгийгээ үзээгүй, бог чи ...-гээ үзээгүй
Долоон уулын цаагуур
Дов шороон доогуур чамайг би цөллөө
Чамайг байтугай би аавыгаа үзээгүй юм... гэсэн утгатай
үгс байдаг сураг занги байна...» (Дулам.С. Монгол аман
зохиолын онол. УБ. Битпресс. 2007. Хуудас 81-82) гэсэн байдаг нь “Цагаан хар
улаан” романд дүрслэгджээ. Романд ийн ардын уламжлалт үйл үйлдлэгээг дүрслэхийн
зэрэгцээгээр шинэ үеийн хүмүүсийн дүрийг, мөн өөрийн амьдралд тохиолдсон
явдлаас сэдэвлэсэн сонин шинэлэг дүрслэлүүд олон оруулсан нь зохиолын уламжлал
шинэчлэлийн харьцааг тодотгож байна. Тухайлбал “Цагаан хар улаан” романд: «...Хүсч
тэмүүлж байж элссэн сургууль нь ч түүнд дэмий санагдаад ирсэн тэр л өдрүүдийн
нэгэнд өвгөн багш нь:
-Ирэх ням гарагт загасчилахад минь чи хань болохгүй юу?
гэсэн сэн.
-Та ч гарамгай загасчин юм аа гэж Рэнцэнрааг хэлэхэд,
өвгөн хулганын дүрстэй өөшийг дэгээнд бэхлэх зуураа:
-Загас барих, бүсгүй хүний толгой эргүүлэх, урлаг
ойлгохгүй хүмүүсийн хөргийг таталгаж зарах... Бүгд л хууран мэхлэлт шүү дээ.
Амьдрал гэдэг ерөөсөө тийм л зүйл учраас үүнд буруу юм байхгүй. Гэхдээ бид
өөрсдөө ч иймэрхүү загаснууд явжээ гэдгийг мэдэх хүртлээ маш их цагийг дэмий
үрчихсэн байдаг юм даа. Би шууд ярьчихъя. Чамайг архинд дуртай гэж сонслоо. Бүр
халтуурынхаа мөнгийг нийлж үрдэг найзуудтай гэж сонссон шүү. Үнэн юм уу? За,
тэр яахав. Чи архинд дуртай байж болно. Харин өөр шигээ, архийг олуулаа уух
ёстой гэж боддог хүмүүстэй л битгий нийл. Хэрэв зураач болъё л гэж бодож байгаа
бол шүү дээ. Ингэхэд чи зураач болохоо болиё гэж шийдсэн юм биш биз? хэмээжээ.
-Үгүй ээ. Хаанаас даа, Евгений Ароныч.
-За, тэгвэл хоёулаа нэг зүйл тохирчихъё. Архи уумаар
санагдсан үедээ чи над уруу утасдаж бай. Май, энэ манай гэрийн утас. Би хөгшин,
бэлэвсэн хүн. Манай гэрт архи хангалттай бий. Ирээд уухад чинь хэн ч саад
болохгүй.
-Яалаа гэж дээ, Евгений Ароныч...
-Май утасны дугаар ав. Өөр ямар ч яриа байхгүй шүү.
Тохирлоо гэж шууд хэл.
-За, тохирлоо, Евгений Ароныч.
Уудам сэтгэлтэй өвгөн үрүү Рэнцэнраа нэг ч удаа
утасдаагүй. Дэлхийд нэр нь танигдсан алдартай зураачийн гэр үрүү нэг муу тэнэг
оюутан архи уух гэж утасдана гэж үү? Харин ийм яриа болоогүйсэн бол, мань тэнэг
оюутан сургуулиа хэзээ ч төгсч чадахгүй байлаа...» (Аюурзана.Г.
Цагаан хар улаан. УБ. Мөнхийн үсэг. 2014. хуудас 101) гэсэн хэсэг нь зохиолчийн
амьдралд тохиолдсон явдал болохыг нь түүний Горькийн сургуульд сурч байхдаа
архи ууж байгаад больсон тухай дурсамжаас нь үзэж болно.
Романы өвөрмөц дүр болох Жангарч Намаржаан Рэнцэнраагийн
элэнцийн өгсөн товшуурыг элснээс хойш мод цохин Жангараа хайлдаг болсон бөгөөд
романд тууль хайлахын өмнө заавал Алтай, Хангайгаа магтдаг хийгээд хэдийд,
хаана, юуны учир ямар тууль хайлах зэрэг нарийн дэг ёсыг дүрсэлсэн нь
сонирхолтой. Эцэг өвгөдөөс уламжилсан тэрхүү нарийн дэг ёсыг орчин цагийн
бүтээлд ийнхүү идээшүүлэн нэвчүүлж дүрсэлсэн нь зохиолчийн ололт төдийгүй
өөрийн монгол үндэстний өмнө зохиолчийн үүргээ нэр төртэйгээр биелүүлж буй
томоохон баримт нотолгоо болох учиртай. Үүнд л зохиолч Г.Аюурзанын гавьяа
оршино.
Ер нь зохиолч Г.Аюурзанын сүүлийн жилүүдэд хэвлүүлсэн
“Бөөгийн домог”, “Шүгдэн”, “Цагаан хар улаан”, “Судасны чимээ” романуудад
харилцан хамаарал, алсын зөн байгаа нь харагддаг. Нэг талаас нь харвал
зохиомжийн ижилсэл, давтамж ажиглагдана. “Бөөгийн домог” романд Тэнгис
Буриадууд дээр очиж Хагдай зайрантай танилцан Буриад зон хийгээд бөөгийн олон
ёс үйлийг мэдэж, мэдэрч байдаг бол “Шүгдэн” романд Сэржамц мөрдөгч Гүмбум
хийдэд очиж Саманд ламтай танилцан лам нар хийгээд Буддын шашны олон ёс үйлийг
мэдэж, мэдэрч байдаг. Мөн “Цагаан хар улаан” романд Рэнцэнраа зураач Торгууд
түмний дунд очиж Намаржаан Жангарчтай танилцан Торгууд түмэн хийгээд Тууль хайлах
олон ёс үйлийг мэдэж, мэдэрч байна. “Бөөгийн домог” романд Режи гэдэг Канад
хүүхэн, “Шүгдэн” романд Дулмаа гэдэг Төвд хүүхэн, “Цагаан хар улаан” романд
Пенелопе гэдэг Черногор хүүхэн тус тус дүрслэгдэнэ. Иймэрхүү шабломдах маягын
зохиомж нь романуудыг нэг загвартай болгож байгаа бөгөөд нэг талаасаа уйтгартай
ч нөгөө талаасаа зохиолч өөрийн дүрслэлийн өвөрмөц арга, баримт уран сайхныг
хослуулсан өгүүлэмж, эртний домог зүйн баялаг өвд дулдуйдсан хүүрнэл зохиолын
шинэлэг бүтээцүүдээр түрж байгаа нь романуудыг сонирхолтой болгодог. Иймэрхүү
бядан явагчийн шаблом маягын зохиомж “Судасны чимээ” романд ч бий.
Бас нэгэн дурдахгүй өнгөрч боломгүй зүйл бол “Цагаан хар
улаан” романд: «...-Өвөө, би нэг цагаан, нэг час улаан, бас тас хар ийм
гурван уул л зурах санаатай яваа хүн...» (Аюурзана.Г. Цагаан хар улаан.
УБ. Мөнхийн үсэг. 2014. хуудас 16) гэсэн
санаа. Зохиолч өөрийн дотоод ертөнцийг Тэнгис, Сэржамц, Рэнцэнраа нарт
ямар нэгэн хэмжээгээр хувааж дүрсэлсэн гэж үзвэл Цагаан уул нь манай уран
зохиолд “Цагаан хар улаан” роман, Улаан уул нь “Шүгдэн” роман, Хар уул нь
“Бөөгийн домог” роман байх үндэстэй. Энэ бол зохиолчийн дотоод ертөнц, далд
ухамсрын урсгалуудын илрэл, өөрөө мэдэлгүй бүтээсэн зөнгийн гурван уул, гурван
роман. Эдгээр нь яг л Жангарт ендэр мөнгөн хуураа аваад татахаар дуу авиа
гараад явчихдаг шиг, “Цагаан хар улаан” романд Намаржаан жангарч модоо аваад
цохихоор Жангараа хайлаад явчихдаг шиг зохиолч үзгээ аваад суухаар зөн
совингоороо биччихэж байгаа бүтээлүүд биз ээ. Тэгээд ч Г.Аюурзанын бичсэн зохиолын
гол дүр нь Г.Аюурзанаас өөр хэн байх билээ. Хэдийгээр Тэнгис, Сэржамц,
Рэнцэнраа, Насаа гэх дүрүүд байх боловч бүгдийнх нь цаана зохиолч л байгаа нь
эргэлзээгүй.
“Цагаан хар улаан” романтай учир зүйн хийгээд дүрийн
холбоотой дараагийн бүтээл нь зохиолч Г.Аюурзанын удаах бүтээл болох “Судасны
чимээ” роман. “Цагаан хар улаан” романы эртний эдлэлийн наймаачин Мэндээгийн
дүрээр уг хоёр зохиол холбогдох агаад Мэндээ улигт эртний эдлэлийн эрэлдээ
хатаж явсаар Манжийн үеийн Шар зуугийн сүмд очих боловч хайсан зүйлээ ололгүй
харин ч өндөр байшин дээрээс унаж хүнд гэмтэл авна. Түүнийг Шар зуугийн хамба
Хорчины алдарт бариач Алтан-Уулын эмнэлэгт хэвтүүлж эмнүүлжээ...
Мөн “Судасны чимээ” романд Насаа Сэндэр нарын дүрээр хайр
сэтгэл хийгээд хүмүүний дотоод сэтгэлийн ээдрээ, хайрын цөхрөлтгүй орших хүч,
зүүд зөн, уран зохиолын холбоо хамаарлыг үзүүлэхийн зэрэгцээгээр элэг нэгт
Хорчин түмний амьдрал хятадчилагдан уусахын ирмэгт ирснийг нь сануулжээ. Улс
уламжлах хасбуу эрдэнийн тамга, алтан Ганжуур судар, Алтан Махгал бурхан хэмээх
гурван их шүтээнийг хадгалж асан Шар зуугийн сүмийг зөвхөн монгол лам нар л
сахин үе улиран ирсэн түүх ба гурван шүтээнээ алдсан гашуун сургамжийг дурдсан
нь сонирхолтой.
Зохиолоос өмнөх романуудад байдаг монголчуудын элэг нэгт
аль нэг үндэстний мөхлийг Хавт Хасарын хойчис болох Хорчингуудын аж төрөхүйгээр
үзүүлсэн нь эмгэнэлтэй. Зохиолч Г.Аюурзанын сүүлийн романуудад монголчуудын
захаасаа сэмрэн мөхөж буй гашуун түүхийг үзүүлсээр байгаа нь зохиолуудыг цуврал
шинжтэй болгохын зэрэгцээгээр өөрийн үндэстэн Монгол түмэнд сэтгэл зүрхээрээ
хамт байхыг сануулсаар байна.
Түүнчлэн зохиолч Г.Аюурзана өөрийн романууддаа “Монголын
нууц товчоо”, Жангар” зэрэг эртний баатарлаг туульс, Буддын шашны судар
номуудын уламжлалыг гүнзгий судлан тусгаж өнгөрсөн түүх өнөөгийн амьдрал хоёрыг
сонирхолтой хэрнээ маш чадмагаар уялдуулан илэрхийлсээр буй. Италийн сэргэн
мандалтын үеийн алдарт зохиолч А.Дантег “Дундад зуун сэргэн мандалтыг холбосон
гүүр” гэдэгчлэн үзвэл Г.Аюурзанын зохиолуудыг “Эрт эдүгээг холбосон гүүр”
хэмээн нэрлүүштэй.
2016-10-28
Comments