ЯРИЛЦЛАГЫН БААТАР НЬ СЭТГҮҮЛЧИЙН УР ЧАДВАР БОЛОХ ТУХАЙД /Ц.Балдоржийн шагналт сэтгүүл зүйн бүтээлийн жишээн дээр/
Х.Чойдогжамц
Мэдээлэл олж авах
язгуур аргынхаа хувьд ч тэр сэтгүүл зүйн ярилцлага хэмээх төрөл уншигч, судлаачдын хараанд хамгийн хурдан тусч
чаддаг. “Ярилцлагын гол утга учир нь таны баатар үргэлж ярих ёстой”[1]
гэдэгт орших тул ярилцагч хүмүүсээс илүүтэй сайн ярицлагын баатар нь үргэлжлүүлэн
яриулж чадах “торгон” асуултууд
байдаг. Мэдээж асуултын цаана
сэтгүүлчийн мэдрэмж, авьяасын олон тал чадварууд яригдана. Ярилцлагын асуултаас
сэтгүүлчийн байр суурь, сэтгэлгээ, ярилцагчаа татах, уншигчдад шинээр нээж өгөх
ур чадвар нэвт илэрдэг учраас сэтггүл зүйн бусад төрлүүдээс СЭТГҮҮЛЧИЙН УРАН БҮТЭЭЛ гэдэг ойлголтын
тод илэрхийлэл болдог билээ. Иймээс ч доктор Т.Баасансүрэн “Ная, ерээд онд ярилцлагаар
дагнаж бичиж гаршсан нэг сэтгүүлч манайд байсан. Тэр нь У.Амарсайхан.
У.Амарсайхан бол асуулт тавиад хариулт авдаг сэтгүүлч байв. Харин Б.Ганчимэг нь
сэтгүүл зүйн ярилцлага хэмээх төрөл зүйлийг цоо шинэ шатанд өргөн гаргаж,
түүнийг СЭТГЭЛГЭЭНИЙ ИЛЭРХИЙЛЭЛ,
МЭТГЭЛЦЭЭНИЙ НЭГ ШИНЭ ХЭЛБЭР болгон хувиргаж чадсан юм”[2]
гэж хэдий тухайлсан уран бүтээлчдийн тухай яриа боловч ярилцлага хэмээх
төрлийн, яриа үүсгэхийн үнэ цэнийг ончтойгоор тодорхойлсон.
Монголын сэтгүүл
зүйн шилдэг бүтээлийн Ц.Балдорж шагналт ярилцлагуудыг ажиглан үзэхэд дээрх
тодорхойлолтын адил асууж, хариулсан “байцаалт”-аас эсрэгээр буюу
·
Ярианаас асуулт
руу, асуултаас яриа руу сөөлжилж шилжсэн
·
Ярилцлагыг тэр
чигээр нь хариулт байлгахаас зайлхийсэн
·
Мэдрэмжтэй маргаан
үүсгэхийг эрмэлзсэн
·
Өөрөөр нь хэлүүлж,
чин үнэнийг өөрөө нь илрүүлэх зорилгыг барьсан
·
Хаалттай асуулт
тавьж, хариултаа няцаалттайгаар нэхэн авах
·
Этгээд сонин үгээр,
“тэнэг” асуулт тавьж ярилцагчаа хөтлөх
·
Ярилцлагын баатар
болж чадах хүнийг бүхий л салбар, чиглэл, хүмүүсээс эрэлхийлсэн
зэрэг маш олон талт амьд халуун
ярианы уур амьсгал мэдрэгдэж байна. Жишээ нь Б.Ганчимэг сэтгүүлчийн Д.Дагвадорж
аваргатай хийсэн “Асашёорү: “Ээж аав, нутаг ус, эх орон элэг зүрхэнд минь л
эгшиж байдаг юм шүү дээ” ярилцлагаас:
“Гэхдээ би таньд нэг үнэнээ хэлье”, “Би ер нь ингэж хэлж
байгаагүй. Нэгэн бид илэн далангүй ярьж байгаа учраас сэтгэлээ нээлээ шүү”,
“Энийг би нэг нээе”, “Тантай ингээд чин сэтгэлээ онгойтол ярих сайхан байна.
Монгол сэтгүүлчтэй монгол хэлээрээ ингэж яриагүй юм байна... Эх хэлээрээ
сэтгэлийн гоё торгон учиг хөндсөн зүйлсийн тухай ярина гэдэг өөрөө маш гоё
кайф. Би бараг 11 жил тэр хүмүүсийн асуултанд хариулж ирлээ шүү дээ”, “Магадгүй
би өнөөдөр танд өөрийгөө нээж тэсэрч байгаа байж болно шүү дээ” гэсэн удаа
дараагийн өөрийн эрхгүй уулга алдалт, чин сэтгэлийн үг, халуун дулаан хариулт
зөвхөн бэлтгэсэн асуулт, хариултын харилцаанаас хэзээ ч гарахгүй. Санал
зөрөлдөж, солилцож, дүгнэлтээ хамтдаа нэгтгэн ойголцсоны учиг дээрээс яриа
өрнөж байна. Сэтгүүлч ярицлагынхаа явцад
аваргын хариулт өгөх мөчийн сэтгэл зүйг мэдэрснээ өөрийнхөөрөө радиогийн
дүрслэл, яриа шиг зураглаж буулгасан сэтгүүлчийн ур чадвар амьд яриаг бий
болгожээ. Мөн төгсгөлд сэтгүүлч өөрөө, өөрийгөө нэгэнтээ нээж “Сэтгүүлч хүний
хувьд Монголоосоо төрсөн нэгэн цагийн гайхамшиг болсон энэ аваргатай ярилцаж,
уншигчдыгаа уулзуулж, түүний сэтгэл зүрхний хөг аялгууг сонсож, Монголоо гэсэн
хэнтэй ч зүйрлэмгүй агуу их омогшлыг нь мэдэрч чадсандаа баяртай байна. Бас энэ
ажил надад мэргэжлийн асар том кайф авчирлаа. Баярлалаа, аваргаа аа” гэж хэлсэн
нь уншигчдад ч асар их кайфыг өгч, баярлалаа “та хоёрт” гэж хэлмээр эрхгүй
санагдана. Энэ бол ярилцлага “яриагүй яриа” биш болсны хамгийн том баримт
бөгөөд ярицлагын баатар нь сэтгүүлчийн ур чадвар болохыг мэргэжлээрээ
бахархсанаа ний нуугүй хэлж буй сэтгүүлчийн үгнээс тодорхой харагдах мэт.
Сэтгүүлч Д.Заяабатын “А.Цэенпил: Найзыгаа алчихлаа гэж
айхдаа хөвчид дөрвөн жил шахам бүгсэн” хэмээх ярилцлага зохиомжийн хувьд
анхаарал татаж байна. Ярилцлагынхаа урьд нийтлэл хэлбэрээр, бараг зохиол эхэлж
буй мэтээр хачирхалтай үйл явдлын оргил хэсгээс оруулж өгсөн. “Хүү минь чи хар нялхаараа байна, энэ хөвчид
хэдий болтол ингэж амьдрах вэ? Ерөөсөө тэр нутаг ус найзынхаа нэрийг тодорхой
хэлээдэх. Би нутаг руу чинь явж энэ олон жил өнгөрөхөд юу болж вэ гэдгийг
тандаад ирье гэсэн буриад өвгөний үг нойр хулжаав” гэж эхлээд тэрхүү
адармаатай хэргийн болсон түүхийг товчхон уншигчдад хүүрнэж байна. Тэгэхдээ мөн
л зугтааж агуйд орогнох болсон дээрх хэсэг дээр уншигчийг “дурлуулан” авчраад
зогсчихсон. Ингээд А.Цэенпил гуатай ярьсан яриагаа оруулах бөгөөд “Та тэгээд нутаг усаа буриад өвгөнд хэлж
өгөв үү” гэж уншигчдын хүсэн хүлээсэн асуултаар эхэлж байгаа нь тун
сонирхолтой, амттай болсон. Итгэхэд хэцүү адармаатай өнгөрсөн амьдралын түүхийг
уншигчдад шууд л бэлэн хоол шиг угсруулан ярьж өгөхийг, тэгж буулгахыг сэтгүүлч
хүссэнгүй. БИЧЛЭГИЙН ХЭЛБЭРИЙГ ХОСЛУУЛАН
ЧАДВАРЛАГ ЗОХИОМЖИЛСОН НЬ БАРАГ А.ЦЭЕНПИЛ ГУАЙГААС ИЛҮҮТЭЙ ЯРИЛЦЛАГЫН
БААТАР БОЛЖ ХУВИРЧ БАЙНА.
Сэтгүүлч Ж.Нарангэрэлийн хар тамхины наймаанд холбогдсон
монголчуудын талаарх “Бодот амьдралаас сэдэвлэв” цуврал нийтлэлийн бичлэгийн
зохиомж сэтгүүлч өөрийн үгээр буюу ярилцсан яриагаа чадварлаг найруулан нийтлэл
хэлбэрээр бичсэн нь содон байна. Нийтлэлүүдийнхээ төгсгөлд “Энэ бол хар тамхи зөөвөрлөж яваад амьдын тамд унасан монгол бүсгүйн
яриа. Яриа цааш үргэлжилнэ”, “Бүсгүйн яриа ийнхүү өндөрлөв” зэргээр бичсэнээс
ч харахад ийм сэдвийн нийтлэлдээ холимог бичлэгийн зохиомж ашигласан нь
сэтгүүлчийн байр суурь, хэлэх гэсэн санааг илүү оюунлаг болоод шинжилж
дүгнэсэн, алсыг цэгнэсэн, гүн агуулгыг нэвтрүүлж чадсан. Английн судлаач Орианна
Филача, Дэвид Санфорд нар “Ярилцагчийнхаа сэтгэл рүү өнгийж, үнэнийг нээх
зорилтыг дэвшүүлдгээрээ ярилцлага нь мэс заслын сэтгүүл зүй юм” гэсэн байдаг. Эдгээр
жишээнээс дүгнэн, уншигч, судлаачийн үүднээс “мэс засал” хийж үзэхэд сэтгүүл
зүйн ярилцлага хэмээх төрөлд СЭТГҮҮЛЧИЙН
УР ЧАДВАР, ИЛЭРХИЙЛЭХ ХЭЛБЭР, ӨГҮҮЛЭХ МЭДРЭМЖ, ЗОХИОМЖИЙН ШИЙДЭЛ ГОЛ БААТАР
нь байж гэмээнэ жинхэнэ амьд, сайн ярилцлагыг бүтээдэг гэдгийг харж болохоор
байна. Ц.Балдорж шагналт сэтгүүл зүйн бүтээл, тэр дундаа шалгарсан ярилцлагууд үүнд
хангалттай хариултыг өгч чадах чансаатай бүтээлүүд ажээ.
Comments