Х.Чойдогжамц
"Бичвэрийн
нууцалсан утгыг тайлахын тулд хэл найруулгыг төгс эзэмшихээс гадна соёл,
угсаатны зүй, түүх гэх мэт хам сэдвүүдийг ч басхүү төгс эзэмшсэн байх
шаардлагатай байдаг. Үнэхээр тийм тохиолдолд утгын холбоо хамаарал нь хэдий
чинээ бүдэг байна тэрхүү текстийг ойлгоход төдий чинээ хэцүү байх буюу
боломжгүй байх болно" хэмээх Л.С.Дампиловагийн бичсэн "Б.Галсансүхийн "сэтгэл хөдлөлийн өнгө
аястай яруу найраг" шүүмжийн ишлэлийг бүтнээр нь та удахгүй унших болно.
Дээрх үгс мэргэжлийн салбарын судлаачид бус эгэл уншигч таньд хамаатай үг
байхаас "сийхгүй" юм шүү. Зохиолын төгсгөлийн цэгээс цааш
"үргэлжлүүлэн уншиж", төгс утгыг бүрэлдүүлэх ойлголтын нэгэн субьект
болж "оролцон явах" таашаалт үүргийг гүйцэтгэхийг хүсдэггүй уншигч
нэгээхэн бээр ч үгүй болов уу.
"Утга зохиолын судлал, шинжлэл" цувралаараа бид
"Гадаадын утга зохиолын лекцүүд" нэрийн дор эмхэтгэн Нобелийн шагналт
Орос-Америкийн нэрт зохиолч В.Набаковын багшилж ахуйдаа уншсан Жойс, Кафка,
Пруст, Остен, Стивенсон, Флобер, Диккенс, Сервантес нарын бүтээлд хийсэн задлан
шинжилгээний найман цуврал номыг толилуулсаар байгаа билээ. Тэгвэл
"Гадаадын утга зохиолын лекцүүд" цувралаа ес болгон отголож, утга зохиол судлаач,
шүүмжлэгч доктор, профессор С.Энхбаяр орчуулан
түүвэрлэсэн урлаг, уран зохиолын судлал шинжлэлийн олон талт сонирхолтой
өгүүллүүдийг “Гадаадын
утга зохиолын өгүүллүүд” ном
болгон хүргэж байна.
1.
Мэдлэг оюуны үнэмлэхүй дээд “чинад хязгаарын” ухаан
Уншигч та санамсаргүйгээр ч юм уу? эсвэл дүрсгүйтээд “Би хаана төрөө вэ?”
шүлгийн бүх үгийг нэгбүрчилэн тоолж үзсэн үү? Ядаж бадгуудынх нь мөр, үгийн
тоог? Үгүй юү? Мэдээж ингэж дүрсгүйтэх бол ердийн дийлэнх уншигчдад
шаардлагагүй зүйл байх. Хэрвээ та буурьтайхан уншигч
бол таны ширээнээ ойрмогхон гарсан Г.Аким “Туульс хайлдаг
уулс”, С.Дулам “Монгол соёл иргэншлийн утга тайлал”, Д.Батбаяр “Сайхныг бүтээх
нууц
I, II”, Г.Бадамсамбуу
“Туулын Гурван Улхуны дэвсгэр саглагар мод хаана вэ?”, Д.Галбаатар “XX зууны Өрнө, Дорнын уран зохиол”, Л.Нямаа “Миний
амьдардаг ертөнц”, Я.Баатар “Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ?” шүлгийн
судалгаа”, Гадаадын утга зохиолын лекцүүд(I, II), “Ф.Кафка. Хувирал тэргүүт тууж өгүүллэгүүд”, Г.Аюурзана
“Тэнгэрийн судар” зэрэг номууд буй гэдэгт үл эргэлзэнэ. Тэгвэл профессор
С.Энхбаярын орчуулсан “Гадаадын утга зохиолын
өгүүллүүд” хэмээх шинэхэн бүтээл дээрх номуудтай айлсах учир шижим бий
гэдэгт мөн үл эргэлзэнэ. Дээрх номуудын агуулгыг нэгтгэж буй зүйл нь товчхондоо
уншигчийн уран сайхны сэтгэлгээ хийгээд тайлан тайлбарлахуй юм. Нэг номыг л
жишээлээд үзье. Б.Явуухулан “Би хаана төрөө вэ?” шүлэг 365 үгтэй(нэг жилийн хоногийн тоо), 12 бадагтай(сарын тоо), бадаг бүр 30 үгтэй(сарын хоногийн тоо), нэг бадаг 5 шадтай(таван өнгө, таван махбод), нийт 60 шадтай(нэг жаран), “эзэгнэнхэн” хэмээх гол үг нийт 24 удаа давтагдсан(билгийн тооллын 24 улирал, 25 нас). Энэ бол Б.Явуухулан “Би хаана төрөө вэ?” шүлгийг
ажигласан Я.Баатар гуайн нээлт. Итгэмээргүй ч юм шиг энэ баримтыг судалгаа ч
гэмээр юм уу, тайлал ч гэмээр юм уу? Нэгдмэл л арга, зорилготой боловч энд орчин цагийн судлал шинжлэлийн
шинэ хараа, шинэлэг амьсгал байна. Энэ судалгааны тухайд “Яруу найргийн
математик” гэж нийтлэл яруу найрагч, сэтгүүлч О.Содномпил бичсэн бий. Тэгэхээр
дээрх найргийн тоог найрагч өөрөө бодсон уу? Судлаач Я.Баатар эсвэл нууцхан зүй
тогтлыг томьёолоод бодоод олчихов уу? Ийм л гайхширмаар мэдлэг оюуны үнэмлэхүй
дээд “чинад хязгаарын” ухааныг орчин үеийн шүүмж судлалын хэв төлөв, тайлан
тайлбарлахуй илэрхийлж чадаж байна. Тиймээс ч уран зохиолын шүүмж судлалыг
сүнс, сэтгэлийг судалдаг бусад шинжлэх ухааны адилаар тодорхой шинжлэх ухаан
байх боломжгүй ч гэх үзэл бий. “Гадаадын утга зохиолын
өгүүллүүд” номд дээрх нэн шинэ хэв төлөвийг бүрнээ илтгэх, илэрхийлэх “Эх бичвэрүүд дэх төгсгөлийн үг нь-Төв Азийн ард түмнүүдийн бичгийн соёл хэрхэн бүрэлдэн
тогтдог тухай мэдээллийн нэг эх сурвалж мөн”, “Тарас бульба” бол “оргилсон эх
оронч дайчин сэтгэлийн эмгэнэл” мөн”, “Нэн шинэ үеийн модерн болон постмодерн
утга зохиол дахь N+T континуум (цаг хугацаа-орон зайн огторгуй), түүнийг ухамсарлаж ойлгох, задлан шинжлэх, тайлбарах
арга зүй” “Эртний Энэтхэгийн туульсийн зохиолд дүрсэлсэн үхлийн орчин дахь
ухамсрын өөрчлөлтүүдийн тухай төсөөллүүдийг орчин үеийн барууны туршлагатай
харьцуулах нь” тэргүүтэй өгүүллүүд багтжээ. Түүнчлэн Гоголь “Тарас Бульба” туужийнхаа
анхны хэвлэлд засвар хийснээр хүүрнэлийн сонирхолтой байдал хэрхэн алдагдсан
талаарх шүүмжлэлийн баримт шиг эрсхэн шинжилж шүүсэн бүтээлүүд ч байна. Жишээлбэл
Е.В.Хализев “Утга зохиолын эрэмбэ дараалал ба алдар суу” өгүүлэлд “...Утга зохиолын “дундаж” төрлийн иймэрхүү
хөнгөн хэлбэрийн цагаан бүтэээлүүд нь басхүү утга зохиолын “дээд” болон “доод”
түвшинтэй ч нягт холбогдох нь бий. Энэ нь ялангуяа адал явдал, тагнуул, гэмт
хэргийн гэх мэт детектив романууд болон тэрчлэн шинжлэх ухааны уран сэтгэмжийн
зохиолуудад хамаарна. Энэ чиглэлийн зохиол бүтээлүүдийн нэг гол сэдэв нь адал
явдлын романууд байдаг бөгөөд Ч.Диккенс, Ф.М.Достоевский гэх мэт сонгодог
зохиолчдын бүтээлүүдэд ийм шинж тэмдгүүд ихээхэн илэрдэг...” гэсэн уран
зохиолд шимтэгч, судлагч залууст ихийг бодуулах тун ч эргэлзээтэй хэрнэ гүнзгий
шинжилсэн өвөрмөц санаанууд дэвшүүлжээ. Бидний төдийлэн сайн мэдэхгүй Европын
дундад зууны хамгийн алдартай шашны ухаантны нэг Томас Акүйнэсийн гоо зүй, утга
урлагийн үзлийг дэлгэрэнгүй танилцуулсан өгүүлэл ч мэдлэг, мэдээллийн чухал ач
холбогдолтой аж. Зохиолч Константин Симиновын тухай К.Долговын бичсэн яг л
уянгын шилдэг кино шиг эхлэл төгсгөлтэй халуун дурсамж ч сургамжтай, бахдам
олон саналгыг таньд өгнө. Урлаг, утга зохиол шинжлэгч хүнд задлан шинжлэх арга
зүйгээс гадна хувийн мэдрэмж, зөн билиг амин чухал “орц” болдог билээ. Өмнө дурьдсан
яруу найрагч Б.Галсансүхийн тухай Л.С.Дампиловагийн
шүүмжинд “Дэлхийн яруу найргийн газрын зураг болоод угсаатны яруу найргийн
мэдрэхүй хослон танигддаг” гэсэн шиг гялалзсан ажиглалт, нээлтүүдийг номд буй
бүх өгүүллүүд дотроо агуулсан. Мөн
Л.В.Поляковагийн “Хэл зохиолын бүс нутаг судлал буюу нутгархал судлал бол
шинжлэх ухаан мөн” хэмээх өгүүлэлд “...Хэл
зохиолын нутгархал судлалын зорилт бол нэг талаасаа хэл бичгийн ухааны нэг
салбар бөгөөд нөгөө талаасаа зохиолчдын бүтээлч өвөрмөц бодгаль чанарыг ойлгож
ухамсарлан, хэл шинжлэлийн арга хэрэгслүүдийг ашигласны үндсэн дээр тухайн бүс
нутгийн хажуугийн соёлын(субкультуры) үүсэл хөгжил, хувьсал, хэлний
үйл явц болон утга зохиол-уран
сайхны үзэгдлүүдийг тогтолцоотой судалсны үндэн дээр гарч ирдэг түүхийн мэдлэг
юм...” гэснээс бид “жалга
довны” гэж “адалдаг” нутгархаг үзлийнхээ гэгээтэй талыг таньж, нээж болохоор
харагдана.
2. Уншигчдын
уран сайхны сэтгэлгээ хийгээд тайлан тайлбарлахуй
Орчуулагч ерөнхий боловсролын сургуулийн XI, XII ангийн уран зохиолын сурах бичигт орсон орчин үеийн
монгол болон гадаад зохиолчдын бүтэлийг хэрхэн уншиж судлах, задлан шинжлэх,
ойлгож мэдрэх, уран сайхны сэтгэлгээг нь хөгжүүлэх зорилгоор өөрийн бичсэн “Нэн
шинэ үеийн модерн болон постмодерн утга зохиол дахь N+T континуум (цаг хугацаа-орон зайн огторгуй), түүнийг ухамсарлаж ойлгох, задлан шинжлэх, тайлбарах
арга зүй” хэмээх дэлгэрэнгүй жишээ тайлбартай өгүүллийг номынхоо төгсгөлд
дүгнэлт болгон оруулсан нь тун ч нүдээ оножээ.
Уншигчдын боловсрол
хийгээд бясалгахуйн түвшин өндөрсөж нийгэмд элитар хэсгийн байр суурь
мэдэгдэхүйц болж, улмаар уншигч, зохиолч хоёрын байр суурь
зэрэгцэж ирсэн нь уран зохиол, нэгэн бодгаль зохиолын тухай, мөн зохиолчийн
үзэл хандлагын тухай олон олон интерпертаци, тайлал тайлахуйг шаардаж байна. Уран зохиолын шүүмжлэл,
судлалын сэтгэгдлийн үед хэн нэгэн зохиолч, аль нэгэн зохиол бичиж, хэн нэгэн
шүүмжлэгч аль нэгэн шүүмж бичиж түүнийг нь нийтээр хүлээн зөвшөөрдөг байсан нь
эдүгээ ул болжээ. Өөрийн бичсэн зохиолын хэлэх гэсэн санааг зохиолч өөрөө
тайлбарлаж түүнийг нь бас л нийтээр хүлээн зөвшөөрдөг асан тэрхүү бурангуй үе
ард хоцорч тухайн зохиолын тухай олон олон шүүмжүүд, өөр өөр тайлал, тайлбарууд
зэрэгцэн оршиж байж сая үнэ цэнэ нь мэдрэгддэг тийм сонирхолтой хийгээд сайхан
цаг үетэй манай уран зохиол, уран зохиол шинжлэл нүүр учрав.
Зохиолыг зохиолчийн намтар, төлөвшил, сэтгэхүй, сэтгэл зүйтэй холбон цогцоор нь авч үзэх, зохиолчийн оюун санаа, ухамсар хийгээд ухамсаргүй рүү нь нэвтрэх, таамаглах, гүтгэх цаашлаад дүрийг зохиолчлох, зохиолчийг дүрчлэх... зэрэг байдлуудын хэв төлөвт шилжиж, тайлж, томруулж улмаар өөрийн үндэстний уран зохиолоо дэлхийд таниулах, зохиолчдоо хүн төрөлхтний оюун санааны ертөнцөд байх ёстой байранд нь тавих, таниулах шаардлага бодитой болж ирэв.
Зохиолыг зохиолчийн намтар, төлөвшил, сэтгэхүй, сэтгэл зүйтэй холбон цогцоор нь авч үзэх, зохиолчийн оюун санаа, ухамсар хийгээд ухамсаргүй рүү нь нэвтрэх, таамаглах, гүтгэх цаашлаад дүрийг зохиолчлох, зохиолчийг дүрчлэх... зэрэг байдлуудын хэв төлөвт шилжиж, тайлж, томруулж улмаар өөрийн үндэстний уран зохиолоо дэлхийд таниулах, зохиолчдоо хүн төрөлхтний оюун санааны ертөнцөд байх ёстой байранд нь тавих, таниулах шаардлага бодитой болж ирэв.
Чухамхүү
энэхэн цаг дор энэхүү ном таньд очлоо.
Comments