“...Тэр бол өнөөх гэрэл
байсангүй,
харин гэрлийн тухай гэрчлэхээр
ирсэн ажээ...”[1]
Эрхэм
уншигч таныг Р.Л.Стивенсоны “Доктор Жекил болон мистер Хайдын хачирхалтай түүх”
зохиолын тухай В.Набоковын шинжилгээ тайлбарыг уншихийн өмнө эх зохиолыг
бүрнээр нь дахин гярхай уншчихаад ойлголтоос ойлголтыг мэдрүүлсэн энэхүү “амтат
зууш”-тай нөхөрлөхийг урьмаар байна. Уран
сайхны бүтээлийн туурвилын түүхэнд анхны “идеа”-г бодож олон анхлан
илэрхийлсэн байна гэдэг хамгаас чухал үнэлгээ болдог. Р.Л.Стивенсоны тэртээ
1885 онд бичсэн дээрх зохиол бол яг үүний адил сэтгэл судлал, гүн ухаан, хүн
судлал, уран зохиол зэрэг олон салбар ухааны сонирхолтой жишээ тайлалыг өөртөө
дуудах чадалтай сонгодог бүтээлүүдийн нэг мөн юм.
“Хувирал”
нэртэй алдартай зохиол, бүтээл олон байдгийг бид мэднэ. “Доктор Жекил болон
мистер Хайдын хачирхалтай түүх” ч товчхондоо хувирлын тухай. Хувь хүний хүссэн
болоод хүсээгүй жинхэнэ “хувирал”-ыг төсөөлөл, зүүд, зөгнөлөөр үзүүлсэн хожмын төгс
төгөлдөр зохиолуудад нэгэн гишгүүр болж өгсөн гавьяа Р.Л.Стивенсонд ямархан ч
болов оногдох ёстой болов уу. В.Набоков ч мөн энэхүү зохиолыг “багаахан хэмжээний шилдэг шилмэл бүтээл
боловч энд хоёрхон хэмжээс л бий. Харин Гоголь, Кафка хоёрын зохиолд лав тав,
зургаа бий”[2]
хэмээн шударгаар шүүмжилсэн байдаг. Бидний өмнө таньд хүргэсэн дөрвөн
зохиолчийн тухай лекцтэй харьцуулахад дээрх зохиолд харьцуулсан бүтээлч
шүүмжлэл их тусчээ. Сэтгэл булаам сайхан нь уран тансаг хатгамлынх нь ур
чадварт л байгаа юм гэдгийг үнэлээд дутуу “шагласан” бүхнийг утас сүвлэх мэт
ончтой хэлэхийг ээ! Ингээд Р.Л.Стивенсоны зохиолыг
бидний зүүдэнд ч оромгүйгээр гайхалтай “уншиж”, ойлголтоос ойлголтыг мэдрүүлсэн
В.Набоковын тайлбарыг таван хэсэгт товч
ангилан өгүүлбээс,
1.
Тууж хэдэн гол
баатартай вэ?
“Доктор Жекил болон ноён мистер Хайдын хачирхалтай түүх”-ийг Жэкил доктор, түүнээс “ялгарсан” эсрэг тэсрэг Хайд гэсэн
хоёр гол дүр гардаг гэж өнгөц уншицгаах нь элбэг л дээ. Уг нь зохиолд тодорхой
гэгч нь “Би түүнийг “тэр” гэж нэрлэхээс биш “би” гэж нэрлэж чадахгүй байна. Тэр
тамын этгээдэд хүний гэх юм байсангүй”[3] хэмээн бичсэн байх аж. Хайд хэмээх
зохиолын баатрын нэрний утгаас л шинжилгээгээ эхлэсэн В.Набоков дээрх хэсгийг
тун мэргэн “уншжээ”. “Тууж үнэн чанартаа гурван
баатартай. Жекил, Хайд, тэгээд гуравдагч хэн нэгэн буюу Хайд бий болоход
Жекилээс үлдэж буй тэр “юм” гэжээ. Энд психоанализ болон Фрейдийн тухай
нэмж дурьдах илүүц мэт ээ...
2.
Мэс засалчийн гэр
дэх докторын хувирал
Доктор Жекилийн суудаг байшин болон лабараторийн өрөө
урьд мэс засалчийнх байдаг нь хүртэл жигтэй хүүрнэлийг агуулдаг(Ухамсар, мэдрэмжийн хоёрдмол байдал-холбоотой шилтгээн, хонгил). “Сайн муу холилдсон Жекилийн адил түүний
орон байр ч бас нэг мөрийн биш буюу, энэхүү байшин бол тэр болоод Хайд хоёрын
харилцан холбооны яв цав илэрхийлэл бэлгэдэл юм”
3.
Зохиолд эмэгтэй дүр
гардаггүйг та анзаарсан уу?
“Туужид гол болон
туслах дүрүүдэд холбогдох эмэгтэй хүний дүр бараг гардаггүй нь “хий гишгэх”-ээс зайлсхийсэн уран бүтээлчийн хялбар арга, сул тал байх
боломжтой”. В.Набоков үүнийг бүр лавшруулан тухайн цагт Лондонд түгээмэл байсан гомосексуализмын
санаа нуугдаж байж мэдэх юм хэмээн “хатгажээ”.
4.
Хэтэрхий “тайз”-ны хүүрнэл
Өнгөц адал явдал, уран зөгнөл, хөнгөн дүрслэлээс илүү
цаашлуулж нийгмийн бодит асуудлуудтай нягт холбож өгөөгүй. Тэгэхгүй бол илэрхий
“тайз”-ны, гэрэл чимэглэлээр дэглэсэн
мэт зохиомол хүүрнэлийн тодорхойгүй хийсвэр байдлыг үүсгэж буйг тэмдэглэсэн нь
сонирхолтой. Харин зохиолын төгсгөлд нууцын тайлал тайлбар буюу хоорондын
холбоотой хоёр захидлаар бичигдсэн өгүүлэмж оруулсан нь “өгүүллэг доторх
өгүүллэг” мэт уран болсон гэжээ.
5.
Дүрийн өнгөц
тодорхойллын тулгалт
Р.Л.Стивенсоны уран сайхны зөгнөлт хүүрнэлд баатруудаа
зохиолчийн зүгээс ямархан бүдүүлэг буюу хүчээр тулгасан хандлага үүсгэснийг мөн
шударгаар шүүмжилсэн байдаг. (Аттерсон, Энфильд
хоёрын Хайдтай холбогддог хэсгийг хурцатгаж өгөх тухайд)
Аливаа урлагийн бүтээлийн “тайлбар гэдэг бол нэг төрлийн
уран бүтээл мөн бөгөөд шинэ сэргэг санал санаачлага шингэсэн текст, субьектийн
чөлөөт ухамсраар дэмжүүлэн тэтгэгдсэн төгс баримт бичиг”[4] билээ. Уран
бүтээлийн уран бүтээл болсон эдгээр гайхалтай задаргаанууд таньд халуун аазгай
хөдөлгөсөн буурьтай уншигчийн таашаалыг гүн мэдрүүлэх нь дамжиггүй биз ээ.
Х.Чойдогжамц
Comments