Уран зохиол судлаач, шүүмжлэгч Г.БАТСУУРЬ
Манай орчин үеийн уран зохиолын туурвил зүйд түүхэн
сэдэвтэй туульсын романы бичлэг нэлээд томоохон байртай. Д.Маамын “Газар
шороо”, Ж.Пүрэвийн “Зүрхний хилэн”, “Манан будан”, Ш.Нацагдоржийн “Мандхай
цэцэн хатан”, “Болор толь”, До.Цэнджавын “Цагаагчин гахай жил”.., гээд ихэвчлэн
түрүү үеийнхний бичсэн томоохон бүтээлүүд бий. Сүүлийн жилүүдэд С.Жаргалсайханы
“Чингис хааны нууц түүх”, Д.Жамъянгийн “Чингис хааны мэнгэ”, “Хубилай сэцэн
хаан”, “Өгөдэй хаан”, Б.Сарантуяагийн “Сорхугтани хатан”, “Сайн хаан Бат”,
“Самар хатан”, Б.Шүүдэрцэцэгийн “Үүлэн хээтэй орчлон”.., гээд нэлээд бүтээлүүд
гарсан боловч түүхээ гажуудуулж, түмнээ доромжлохоос хэтрээгүй билээ.
Сая зохиолч Б.Номинчимэдийн “Аугаа эрин” романы тэргүүн
дэвтэр “Хөх илдний очис” хэвлэгдэв. Ата Туркийн эзэнт гүрний түүхийг үзүүлсэн
“Аугаа зуун” хэмээх олон ангит кино телевизээр гарсаар нэлээд удаж буй билээ.
Тэрхүү ганц зуун жил оршин тогтносон Ата Туркийн дэргэд бидний өвөг дээдсийн
түүх хавьгүй өргөн бөгөөд дэлхийг шинээр хувааж цоо шинэ эрин үеийг эхлүүлснийг
зохиолч үзүүлэхийн тулд “Аугаа эрин” хэмээн бүтээлээ нэрлэж буй нь нэн оновчтой
хийгээд бахархам. Уг зохиол нь ХIII
зууны буюу Монголын эзэнт гүрний үеийн түүхэнд хамаарах аж. 500-аад нүүр
бүхий энэхүү том бүтээл нь “Тэнгэрийн илд”, “Айн Жалудын домог”, “Ариун
шүтээний сураг” гэсэн гурван бүлэгтэй. Үйл явдлын он цагийг хөөвөл “Тэнгэрийн
илд” бүлэг нь III
жарны хөхөгчин хонин жил буюу Загалмайтны тооллын 1175 оноос эхэлж байна. Ер
бишийн учралаар тэнгэрийн солир унахыг үзэж түүнийг олж аван илд урласан Хабал
дархан мөн цочирдом тохиолоор ээжийг нь зольж хүүтэй болж буй энэ бүлгийн үйл
явдлын нөгөө шугамд “Монголын нууц товчоо”-ны өгүүлэмж болох Бэгтэр, Бэлгүдэй,
Тэмүжин, Хасар нарын зөрчил болон Өүлэн эх, Сочихэл хатан, Ван хаан болоод нялх
Сэнгүмийн дүр үйл явдлыг үзүүлжээ.
Удаах бүлэг болох “Айн жалудын домог”-т IY жарны
Цагаан бичин жил, Загалмайтны 1260 он, Хижрийн 658 оны үйл явдал буюу Газар
дундын тэнгисийн хөвөө, Газын зурвасын ойр, Израилын Назарет хотын баруун өмнөд
тал, Палестиний хилийн ойролцоох Айн Жалудад Хитбуха жанжин тэргүүтэй монголын
цэрэг лал, загалмайтны цэрэгт ихэд цохигдсон түүхийг үзүүлсэн бол сүүлийн
“Ариун шүтээний сураг” бүлэгт Ертөнцийн эзний шарил гэх ариун шүтээнийг
монголчууд авч явна гэсэн бүдэг сураг дүрслэгдэж байна.
Эхний бүлгийн нэгдүгээр шугам буюу
Хабал дарханы үйл явдал нь Сүбээдэй баатрын төрж буй тухай болов уу гэсэн
таамаглалд хүрч байна. Хоёрдугаар бүлэгт дүрслэгдэж буй Арсун мэргэн мөнөөхөн
илдийг барьж яваагаар зохиомжилсон бололтой. Харин эхний бүлгийн хоёрдугаар
шугам буюу Бэгтэр, Тэмүчин (зохиолд Тэмүчин гэсэн учир дагав) нарын үйл явдал
нь “Монголын нууц товчоо”-ны дүрслэл өгүүлэмжийг баримталжээ. Нууц товчоог
барихдаа ихээхэн уран сайханжуулж Бэгтэрийг л гэхэд Есүхэй баатрын өшөөг аваад
эхэлчихсэн байсан гэж тухайлбал: «...-Таргудай чи сонс. Хэрвээ тэр аюулт
хөвгүүнийг эс хөнөөвөөс өнөө биш ч, маргааш Таргудай чи бидэн хоёрын хоолойг
огтолж, хошийг сугалах нь лавтай буй за. Тэр алуурчин Бэгтэр бага хөвүүний минь
хоолойг хэрчиж байхдаа, дараагийн үнсээр хийсгэх голомт бол Тайчуудын Таргудай
булхайнх болно хэмээн чамайг хэлж ядан байв...» (Номинчимэд.Б.”Аугаа
эрин” Тэргүүн дэвтэр. “Хөх илдний очис” хуудас 113. УБ. 2017. Соёмбо принтинг) гэх буюу «...Эцэг
Есүхэйгээсээ гурвантаа чадалтайн дээр хөгшин чоно мэт хашир болгоомжтой. Төлгөн
насанд нь төвөг багатай дарж эс чадвал тэнгэртэй тэрсэлдэж, газартай гацалдсан
идэр насанд нь чи хэрхэн дийлэх. Гүйцэд
эс хийвээс
Гүзээг
чинь ярах.
Дутуу
дундуур үлдээвээс
Дунд
чөмгийг чинь таших... хэмээгээд цамцаа сөхөн одоо ч цус шүүрсээр
буй сүвээнийхээ
шархыг үзүүлжээ...» (Номинчимэд.Б.”Аугаа
эрин” Тэргүүн дэвтэр. “Хөх илдний очис” хуудас 114. УБ. 2017. Соёмбо принтинг) гэх мэтээр
Есүхэй баатрын том хөвүүн Бэгтэрийг ихээхэн хүч чадалтай, хорсол заналтай
байдлаар дүрсэлсэн байна. Энэ мэтээр түүхэн үнэнийг гажуудуулалгүй уран
сайханжуулж бүтээлээ нэн сонирхолтой агаад үнэмшилтэй болгосон нь зохиолч
Б.Номинчимэдийн ур чадвар хийгээд ургуулан бодохуйн авьяасыг эрхгүй илтгэнэ.
Алив хэрэгт олз байхаас осол бас байдаг нь эхний бүлгийн
хоёр шугам хоорондоо үл авцалдаж тусдаа бие даасан зохиол мэт болсноос харагдах
ажаамуу. Ер нь зохиолын гурван бүлэг тус тусдаа зохиол мэт болсныг зохиолч
өөрөө ч өмнөтгөлд дурдсан агаад бүхэл ертөнцийг эзэлсэн том үйл явдал бүхий уг
романд байж болох адал мэт. Хэдий тийм ч нэг бүлгийн үйл явдлын хоёр шугамыг
ямар нэг шижмээр “энэ явдал болж байх зуурт Бэгтэр, Тэмүчин нар ... ингэж байв”
гэдэг ч юм уу, эсвэл газар нутгийн байршлаар холбох, үгүй бол зохиолд ихээхэн
түлхүү орсон ёр билэг, зүүд зөнгийн тохиолоор уялдуулсан бол төгөлдөржих
байсныг мэргэн ах тунгаана буй.
Түүнчлэн Өүлэн эхийн Есүхэй баатарт
ирсэн ёсыг үзүүлэхдээ: «...Чилэдү хэдий наадаж тоглоход наргиантай,
энх цагт ижилдэн суухуй эвтэй ч хэцүү цагт мөрөөдөж байсан шиг нь эрэмгий
баатар биш байлаа. Саадаг агсан, сум сэрэлзүүлсэн гурван анчин эр сэжигтэйгээр
буцан ирж буйн бараанаар сандран бажгадаад зугатаж билээ...» (Номинчимэд.Б.”Аугаа
эрин” Тэргүүн дэвтэр. “Хөх илдний очис” хуудас 180. УБ. 2017. Соёмбо принтинг) гэх буюу «...-Тэр
гурван хүмүүн хэрхэвч чамайг зүгээр үл орхихыг ухав уу, чи. Аминд чинь хүрч
ядах юмгүй буй.
Амьд бөгөөс
Өлжиг тутамд охид
Харуут тутамд хатад буй.
Мэнд бөгөөс эм хаанаас ч олдъюу. Намайг бүү март. Буулгасан эмээ Өүлэн
хэмээн нэрийдэж, үнэрийг минь хэзээд санаж яв хэмээгээд цамцаа мулталж өгөхөд,
урманд хацарт нь хурууныхаа өндгийг ч хүргэсэнгүй, цамцыг нь шувт татаж аваад,
хурдан хувынхаа гуяыг тувт ороолгосоор Онон өөд талийж билээ...» (Номинчимэд.Б.”Аугаа
эрин” Тэргүүн дэвтэр. “Хөх илдний очис” хуудас 181. УБ. 2017. Соёмбо принтинг) хэмээн
дүрсэлсэн байна. Энд Өүлэн эхийг Есүхэй баатар олзлох бүхүйдээ газарт бууж
шээсэн мөрийг нь шинжээд “-Энэхүү шээгээд одсон эмээс ертөнцийг эзлэх хүү даруй
төрөх” хэмээн мөшгөсөөр гүйцэн, булаасан гэдэг нэгэн хэрмэл домог мэтийг
шигтгэсэн бол нэн зохирох байсныг тэсэлгүй дурдая. Энэ нь тухайн үеийн
монголчуудын мөрийн шинжлэг, цаашилбал ан гөрөөлөгө, аж төрлийн холбоо хамаарал
уруу лавтган хөтлөх юм. Түрэгүүд малчин, монголчууд анчин байсан гэдгийг мал аж
ахуйтай холбоо бүхий үгс түрэг гаралтай, ан гөрөөтэй холбоо бүхий үгс монгол
гаралтай байгаагаар төсөөлж болох мэт билээ. Гэвч энэ хэрийн эндэл байлаа гээд
уг зохиол муудсан нь үгүй. Зохиолын нэр, үйл явдлын хүрээ, бичлэгийн маяг,
дүрслэгээний хандлагаас үзвэл “Аугаа эрин” роман нь олон, даруй таваас зургаан
ч ботиор үргэлжлэх мэт нэн далайцтай бүтээл байгаа тул зохиолч тэр мэтийг
цаашид ботилох дэвтэрүүдэд бодолцоно биз.
Зохиолын хэл найруулгын уран чадварт бишрэлтэй. Хэрэгтэй
газарт нь шүлэглэх, дундад эртний мэт монгол хэлээр энгүүн эрхэмсэг хүүрнэх,
адал явдлыг алдал үгүй барьж дүрслэх, тоймлох, хэсэглэх, хэсэг бүлгийн хэмжээ
багтаамжийг тунлах.., мэт нь нэн чадмаг. Ийм хэлтэй зохиол сүүлийн жилүүдэд
олон гараагүйг онцлон тэмдэглэх ёстой.
Түүхэн зүйн өргөн агаад баримт бүхий мэдээ, мэдээллээр
түрсэн нь зохиолыг жинхэнэ утгаар нь түүхэн роман болгожээ. Тэрхүү баялаг
түүхийн баримтуудыг ёр билэг, зөн совингийн учрал тохиолуудаар сүлэн хачирлаж,
уран сайхны өргөн хийгээд цэгцтэй сэтгэлгээгээр кадржуулан бүтээсэн нь романыг
уран сайхны кино мэт нэн сонирхолтой, уран болгосныг дурдалгүй өнгөрч боломгүй
байна.
Б.Номинчимэд гэдэг нэрийг цахим ертөнцийг холион дундаас
л олж үзэж байсан болохоос урд өмнө ямар зохиол бичиж байсныг нь мэдэхгүй
билээ. Гэвч “Аугаа эрин” хэмээх энэхүү гайхам бүтээл нь түүнийг малчин,
тууварчин, яруу найрагч, оюутан, жуулчин, сэтгүүлч, түүхч, судлаач гээд олон
өнгөөр амьдарч үзсэн болохыг нотлоод зогсохгүй том зохиолч төрдөггүй бий болдог
юм байна гэсэн мэдрэмж үрүү хөтөлж байна.
Зохиолч Б.Номинчимэдийн “Аугаа эрин” роман нь манай уран
зохиолын романы туурвил зүйд шинэ эринийг нээлээ. Социализмын үед түүхийг үзэл
сурталжуулж, зарим хэсгийг нь бичих хориотой байсан монголчууд, ардчилсан
хувьсгалын нөлөөгөөр эрх чөлөөгөө эдэлж зоргоороо бичиж эхэлсэн боловч тулхтай
судалгаа, хуримтлуулсан амьдралын туршлага, аливааг таних ухаан, хөдөөгийн
амьдрал мэдэх, нүүдэлчдийн сэтгэлгээний онцлогийг ухаарах хийгээд дүрслэх ур
чадвар,.., гээд олон зүйл дутмагаас түүхэндээ өнгөц хуумгай хандах,
хэтийдүүлэх, дутуудуулах, чамирхах, сүржигнэх, буруу мөчид тайлан, тайлбарлах
мэтээр ихээхэн алдаа гаргаж нэлээд цаг үрсний эцэст өөрөөр хэлбэл ардчилсан
хувьсгалаас даруй 27 жилийн дараа ийм нэгэн том бүтээлтэй учрав. “Аугаа эрин”
романы дараа дараагийн дэвтэрүүдийг мянга мянган уншигчдын хамтаар чих тавин
хүлээх нь юутай сайхан.
2017-03-20
Comments